Jan 31, 2011

Габриелле биш Aделе


Duffy, “Jonas brothers”, “Lady Antebellum”… тухайн жилийн (2009) жинхэнэ тэсрэлтүүд “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос ганзага хоосон буцаж, Брикстоны байдаг л нэг охин Аделе хоёрын хоёр эгшигт хайрцаг тэврэн харихад америкчууд ёстой гайхаж хоцорсон. Английн жижиг хотын 19-хөн настай охины жазз, блюз хэрнээ бага зэрэг поп хольцтой хоолой 2.4 сая хувь дуу татагдах, “19” цомог худалдаанд гарах энгийн шалтгаан болсныг … (“Make you feel my love”-ийг та яг одоо сонсвол ч) Брикстоны охин одоо дэлхийн хүн болсон. Хүний нүдэнд хэвийн бус жинтэй харагддагийнхаа гайгаар хүүхэд нас нь таатай өнгөрөө- гүй ч алаг нүдтэй, бондгор охин “Destiny’s child”, “Spice girls”-ийн дууг дуулж л бусдын бодлыг өөрчлөх оролдлого хийдэг байж. Нүдэнд дулаахан царайнаасаа тэс өөр, ер бусын хүчтэй эсвэл ертөнцийн хаанаас ч олж сонсоогүй шинэлэг өнгө гаргадгаас нь болж түүнийг Габриеллетэй зүйрлэдэг. 2008 онд “Хагас сайны үдшийн шууд нэвтрүүлэг”-ээр “Chasing pavements”-ийг дуулснаас нь хойш хэн ч, хэнтэй ч зүйрлээгүйд нь тэр хамгийн их баярладаг тухайгаа “Биллбоард” сэтгүүлийнхэнд хуучилсан байна лээ. “Над шиг байдаг л нэг хүмүүс од болох, тэр дундаа Брикстоноос өндийх гэдэг мянгад л нэг олдох завшаан” гэж бас хэлж байсан. Яг тэр үеийн Брикстоны гудамжин дахь Аделегийн бодолд 10 сая хувь цомог борлуулах, Холливудын нэгдүгээр зэрэглэлийн продюссерүүд болох Рик Рубин, Рэйн Теддертай ажиллах тухай төсөөлөл ч байгаагүй. Харин тэрбээр өвөрмөц хоолойг нь “урлагийн бүтээл” гэж мэдрэх хэн нэгэн ирнэ гэдэгт найддаг байж. Аделег хэн анх олсон гээч, Рик Крим… Аделегийн 16 настайдаа зохиосон “Hometown Glory” дууг ангийнх нь хүүхдүүдээс өөр хэн ч сонсоогүй байсан ч гурван жилийн тэвчээрийн дараа энэ дуу “Грэмми”-д нэр дэвших хүртлээ үнэд орсон байна. Хачин шүү. 19-тэйдээ “19”, 21-тэйдээ “21” нэртэй цомог гаргасныг эс тооцвол уран бүтээлийнх нь авдар тийм ч дүүрэн биш. Гэхдээ л тансаг гэх тодорхойлолтод хамгийн дөхсөн жазз, блюз, попын холимог хоолойноос таашаал авдаг хүмүүст Аделегээс уйдах шалтаг одоо хэр олддоггүй. Их Британийн “UK чарт”-ын шилдэг 40 дууны дотор Аделийн “автор”-тай гурван ч дуу багтаж байгаагаас “Make you feel my love” нь 43 долоо хоногийн турш энд “өнжсөн” юм. Англидаа бол түүхэн амжилт юм шүү. “Rolling in the deep”-ийг та зав гаргаад нэг сонсоорой. Залхуурахгүй бол клипийг нь ч үзэхийг хичээгээрэй. Зөвхөн Аделе л (зөвхөн минийхээр) сандал дээрээ суугаа чигээрээ тэгж “галзуурч” чадна. Шалан дээр жигд өрсөн устай хундаганууд бөмбөрийн чимээгээр доргиод л, сүртэй гэж жигтэйхэн. Шатны доорх самбар руу шидэж буй аягануудаас хэмнэлтэй “хашгираан”-ыг та олно. Аделе “Твиттер”-ээр жиргэдэггүй, “Фэйсбүүк”- ээр шагайдаггүй нь фэнүүдийнх нь хувьд цээрлэл шиг санагддагийн тайлбарыг “Би бичих дургүй ээ” гэх үгээрээ эвтэйхэн аргалчихаж байна билээ. Харин тэр аялах дуртай. Зүгээр нэг сэлгүүцэхийн оронд Африкийн хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, борчуудын хорооллын авьяастнуудыг тэтгэхийг илүүд үзнэ. Аделийн хавар их л завгүй өнгөрөх төлөвтэй. Норвеги, Швед, Дани, Герман, Испани, Голланд гээд буурал тивийг байлдан дагуулахаар зэхсэн байна лээ. Хэзээ тэр Монголд ирээд,
There’s a fire starting in my heart,
Reaching a fever pitch and it’s bringing me out the dark… (гэж мөрөөдөх сайхаан).
Аделе Лаури Блю Эдкинсийн “Биллбоард” сэтгүүл, “Xclusives” радио, “Клэшмюзик”-т өгсөн ярилцлагуудаас сонирхолтой хэсгүүдийг нь дор дэлгэлээ.
“Худал хуурмагт бүү итгэ. Хэвлэл ч битгий унш. Дурсамжаа сэргээ, бусдын юу гэхийг бүү сонс. Би зөвхөн өөрийнхөө хэвлэлийг л (өдрийн тэмдэглэл нь) уншдаг, энэ нь өөрийгөө үзэн ядах үзэл рүү бага зэрэг хөтөлнө л дөө (инээв)…”
“Шинэ цомгийн (21) дуунууд бүгд өөр өөр “орны иргэд”. Америк, Англи, Африкаар аялж явахдаа зохиосон дуунууддаа би хайртай. Миний гэр зөвхөн Брикс тоных биш. Найзындаа, хамаат ныдаа, на майг огт танихгүй хүн, эсвэл цайны газрыг ч би төрсөн гэр шигээ санаж болно…”
“Нас насны онцлог, сэтгэл хөдлөл өөр. Тиймээс би цомгуудаа тухайн үеийн насаараа нэрлэдэг. 21 нас эмэгтэй хүний хувьд хамгийн хариуцлагатай, чухал үе учраас “21” цомгоос яг л ийм Аделийг олж харна. Магадгүй, ирээдүйд гарах “37”, “45” цомгоос та залуухан Аделе биш, хат суусан, хашир Аделийг харах биз…”
“12 настайдаа “Брит” сургуулийн урлагийн үзлэгт дуулсан нь миний анхны тайз байсан. Гэтэл дөрвөн настайгаасаа хойш дуулсан би сандрах гэдгийг огт төсөөлөөгүйгээс тэр үдэш жинхэнэ гамшиг болсон. Түүнээс хойш машиндаа ч, шүршүүрт орж, гудамжаар алхаж явахдаа ч дуулдаг болж билээ…”

Jan 26, 2011

Чихэвч


...Хүрээллийнхээ цөөн бус этгээдийг чихэвчгүйгээр төсөөлөх нь шал утгагүй юм байна гэдгийг саяхнаас мэдэв. Уулзахдаа чихэвчтэй, салахдаа ч чихэвчтэй, (өглөө сэрэхдээ чихэвчтэй сэрсэн нь тодорхой). Массад зориулсан дуу чимээг сонсох хүсэлгүй, тэнхэлгүй их л аминчхан хүмүүсээр хүрээллүүлдэг юм даа, би. Гэхдээ ертөнцийн хаана, ямархуу дүртэй эсэхийг нь ч мэдэхгүй байж бурханд сүсэглэж тайвшралыг олохоос илүү утасныхаа ч юм уу ipod-ныхоо нүх рүү чихэвчнийхээ үзүүрийг шургуулж, тэр зүгээс урсах дуу чимээний зохицлыг хайр найргүй мэдрэх нь миний л мэдэх олон хүний хувьд хамгийн дээд таашаал. Ингэж таашаал авагсдад автобусны жолоочын сонгосон “...Уулын буга нь урамдах цагаар...” их л тээртэй сонсогддог юм даг (өөрийн биеэр мэдэрсэн). Тэрний оронд жолоочид ч, өөртөө ч тээргүйгээр Adele ч юм уу, Train, The Script-ээ сонсож зогсох бол... хүний эрх чөлөөнд халдахгүй, өөрийнхийгөө ч нухчихгүй байх хамгийн зөв шийдэл юм шүү дээ. Хоёр сар гаруй эрх чөлөөг хамт мэдэрсэн чихивч дээрээ хайр найргүй гишгэж орхиод... хөлд минь зэрэмдэглүүлсэн түүний хөөрхийлөлтлэй биеийг алган дээрээ тавиад...
Өчигдөр шинэхэн “амраг”-тай учирсааааан...

Jan 24, 2011

Хэлмутын Kristallnacht



Сартай шөнө, буун дуу, “Ээж ээ...”, хагарсан цонхны тансаг чимээ, гялгар гэхдээ хорлонтой “дусал”-ууд... 1938.11.09 Түүхэнд Kristallnacht буюу “Болор шөнө” гэх тансаг нэрээр үлдсэн энэ үдэш олон сая еврей дутуу нойртой, цочсон зүрхтэйгээр (үхлийн сум өөрсдийг нь чиглэжээ гэдгийг гадарлаа ч үгүй) сэрж... Америк эхийн хэвлийд бүрэлдсэн Еврей хүүгийн эцэг байдал бишдсэнийг гадарлан... Ньютоны гэр бүл Чилид дүрвэн иржээ. Шилжилтийн насны шавилхан бандийн сэтгэлд дайны сүүдэр бага суугаасай гэсэндээ эцэг Ньютоны сэдсэн арга ердөө л зургийн аппарат худалдан авах байв. 12 настайд нь бэлэглсэн аппарат Kristallnacht-тай хамт үүрд булшлагдсан болохоор тэр. Манай гаригийн хамгийн алдартай гэрэл зурагчин Хэлмут Ньютоны түүх ингэж л эхэлжээ. Яг одоо таны сонирхлыг бушуухан уншиж дуусгаад, Google.com руу орж, энэ эрхэмийн зургийг хайх гэсэн “адын” хүсэл татаж байгаа байх. Та юу олно гээч... “Тэд ирж явна...”
Удалгүй Ньютоных Сингапур руу нүүв. Тэр “Straits Timesсэтгүүлд хөрөг гэрэл зурагчнаар ажиллах болсон нь хорьхон настай залуугийн мэргэжлийн чадвар бүрэлдэхэд ёстой л Kristallnacht (үгийн үндсэн утгаараа шүү дээ) болж. Гэхдээ тэр энд нэг жил ч бололгүй бөгөөд 1940 оны есдүгээр сарын 27-нд “Queen Mary онгоцны тавцан дээр Австрали улсыг сэтгэлдээ зураглан зогсоод эцэг, эх Ньютон руу гараа даллаж зогсов. Тэр Викториа хотод суурьшиж, гурван жил Австралийн армид хүнд машины жолоочоор ажиллаж байж Австралийн иргэн болсон юм. 1946 оноос эхлэн мэргэжлийн замналдаа орж, “Флиндерс Лайне” сэтгүүлийн загварын зурагчин болж, 1957 оны тэр нэг гайхалтай учрал болтол тэндээ ажиллав. “Гэрэл зурагчдын зөн” үзэсгэлэнд оролцсон Хэлмут Ньютон Хэнри Талботтой танилцаж, “Хэлмут Ньютон ба Хэнри Талбот” гэрэл зургийн студи байгуулах тал дээр санал нэгджээ. Тухайн үедээ тэд гар нийлж, ёстой балласаан. Дэлхийд алдартай загварын сэтгүүл “Vogue”-ийн тансаг зургуудыг энэ хоёр л авдаг байж шүү дээ. Нөхөрлөл удаан үргэлжлээгүй, Франц, Германы алдартай сэтгүүлүүд тэднийг булаацалдаж авав. Хэлмут 1958 онд Австралийн “Vogue”-руу нүүх хүртлээ тэнд ажиллажээ.
1981 он түүхэнд юугаараа чухал гээч. Олон шалтгаан байж болох ч Дэлхийг өөрчилсөн арван гэрэл зургийн нэг болох “Тэд ирж явна” зургийн кадрыг тэр энэ онд авчээ. Өндөр өсгийт дээр гунхсан дөрвөн нүцгэн бүсгүй...(харцыг нь сайн ажиглаарай) Хэлмутын энэ зурагтаа гоо сайхныг, нүцгэн биеийг тэс өөрөөр, бидний төсөөллөөс огт өөрөөр харсан нь түүнийг дэлхийн хүн болгосон юм. Хүмүүс түүний зургийг л харах гэж үзэсгэлэнгийн гадаа зургаан цаг дугаарладаг байж шүү дээ.
-Өдрийн хамгийн сайхан мөч юу вэ?
-Харанхуй, гэрэл хоёрын заагт ажиллах.
-Та ямар хувцас өмсөхөөс хамгийн түрүүнд татгалзах вэ?
-Хутгаар зүйж хийсэн дотуур хувцас. (инээв)
-Хэрвээ та буцаад хүүхэд насруугаа очвол, гэрэл зурагчны замналыг хөөх шийдвэрээ өөрчлөх байсан уу?
- Яалаа гэж, харин хөрөг зураг биш, папарацци тал руугаа илүү хөгжихийг хичээх байсан. Би уйдаж байна шүү дээ.
-Таныг алдарт хүргэсэн зургууд гэхээр ихэвчлэн нүцгэн хүүхний зураг байдаг. Гэсэн хэрнээ хүмүүс таныг хөрөг зурагчин, абстракт, загварын гэхчлэн олон ангилалд хуваадаг. Хэзээ нэгэн цагт та порно сэтгүүд ажиллаж байв уу?
-Үүнийг уншиж буй хүмүүс эротик, порно хоёрыг салгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ тэгж үзвэл би хэзээ ч порно зураг авч байгаагүй. “Playboy” сэтгүүлд ажиллаж байхдаа эротик зураг олныг авсан.
2004 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр түүхэн дэх аугаа еврейчүүдийн нэг, манай гаригийн хамгийн алдартай гэрэл зурагчин Хэлмут Ньютоны цогцосыг машин дотроос нь олжээ.
“Бурханд нүцгэлэх хэрэг гарч...” (Vogue” сэтгүүлд түүний үхлийн талаарх бичсэн нийтлэлийн хэсэгт ийн бичсэн байв)

“Аюурзана юуны тулд өөрийгөө зовоодог байна аа”



Хүмүүс намайг ажлаа л хийж суугаа гэж бодож байгаа даа. Гэтэл би энд “Rolling in the deep-ээс таашаал авах гээд ядаж байдаг. Дөрвөлжин дэлгэцний ард амьдрал өрнөж байна шүү дээ. Adele ч ёстой (алж өгч байна аа). “...chamaas iluu utga zoxioliig bi medne ok zgr l .........................yavj bai ok kke lol...”. Аюурзанын номын хавтасны өнгийг буруу хэлснийх нь төлөө хэн нэгэнд, яг ингэж хэлвэл ямар бол. Би л хувьдаа зүрхлэхгүй байх. Төсөөлөхөд лав таашаалтай л байна. Бүр “утга зохиол”-ыг шүү. Хэрвээ уран зохиол гэгч иймхэн юманд багтах хямдхан зүйл байсан юм бол Борхес, Маркес, Аюурзана юуны тулд өөрийгөө зовоодог байна аа. “Адгын муу” би хүртэл нойроо хасан байж ... хайран юм.
“... medlegeer olj avdagguin medremjeeree togtoodog zuil ugaasaa uran zoxiol medremjees uusdiin...” юм гэнэ билээ. Уран зохиолыг үл мэдэгчийн суу алдар бадарсугай! (хулгайн үг гэдгийг нь мэдэж байгааг тань мэдэж байна)
...Finally, I can see you crystal clear,
Go ahead and sell me out and I'll lay your shit bare,
See how I'll leave with every piece of you,
Don't underestimate the things that I will do... (Adele ч ёстой алж өгч байна даа)

Jan 23, 2011

Өөр


Энни Лейбовиц сонирхолтой эмэгтэй биш. Өөрийнх нь хэлснээр “эмэгтэй хүн” гэдэг талаас нь түүнийг сонжвол юу ч олж харахгүй. Гэвч түүний бүтээлүүд хэний ч, бүр урлагийн мэдрэмж огт байхгүй хөдөөний залуугийн ч сэтгэлийн хөвсөлзүүлэх чадалтай. Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөрөг гэрэл зурагчин эмэгтэй гэх алдрын туг түүний ширээн дээр намирдаг ч, түүний хувьд энэ сэтгэл хөдөлгөм зүйл биш. Америкийн нисэх хүчний дэд хурандаа аавынхаа “ачаар” тэр нэг газар тогтвор суурьшилтай байдаггүй нь зан суртахуун, уран бүтээлд нь ч нөлөөлсөн гэдэг. Жонн Леннон түүний өмнө нүцгэлж, Английн хатан хаан Элизабета зөвхөн түүнээс л болж ариун цэврийн өрөөнд хагас цаг саатаж, Вүүпий Голдберг сүүгээр дүүргэсэн ваннинд шоколадан бор биеэрээ булхаж байсан юм. “Миний зургуудад авч байгаа хүмүүстээ дурлахаас айдаггүй нь харагдана” гэж хэлэх дуртай гэрэл зургийн ертөнцийн тод гэрэл Энни Лейбовиц. Тэр бол “энгийн” гэх тодотголд хамгийн ойртсон эмэгтэй.
-Би ичимхий. Ер нь миний мэдэх бүх хүнд угын ичимхий зан чанар нуугдаж байдгийн би мэдэрсэн. Ичих нь чимээгүй “хаалга”-ны түлхүүр. Тэр хаалгыг онгойлговол... Миний гэрэл зургийн орчинд чимээгүй байдал ноёлдог. Чухам ийм л нөхцөлд би “галзуурч” чадна. Ийм л галзуурлаас жинхэнэ зураг амилдаг. Гэрэл зурагчид мэдээллийг шууд дамжуулдаггүй гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Би үүнтэй эвлэрэхийг хүсдэггүй. Зурагчны зовж авсан тэр агшиныг хэн нэгэн хялбархан ойлгож, үнэлэхэд би дургүй. Галзуурахын тулд хэчнээн зовдогийг та мэдэх үү?
-Би өөрийнхөө хэзээ ч хийж чадахгүй байсан зүйлсийг зургийн аппараттай хамт хийсэн. Тэнгисийн зогсоол дахь загасчдаас намайг хамт авч явахыг гуйдаг байснаа санадаг юм. Учир нь тэдний очих газарт эрх чөлөө бий гэж боддог байлаа. Хэрвээ камер байгаагүй бол би хэзээ ч үүнийг хийж чадахгүй байсан. Зургийн аппарат бол миний найз. Яг л дотнын хүнтэйгээ хамт аялаж байгаа шиг мэдрэмжийг аппаратнаасаа мэдэрдэг. Зургийн аппарат намайг үргэлж зөв зүгт зална. Мартсныг чинь сануулахгүй ч, хэзээ ч харж чадахгүй зүйлсийг өмнө минь нээж өгдөг. Бүх зүйл өөрчлөгддөг шүү дээ. Харин түүнийг өөрчлөгдөхөөс нь өмнө зуурч хоцрох чадал гэрэл зурагчинд л бий.
-Миний зураг болгоноос гүн утга хайх хэрэггүй. Бидний л мэдэх энгийн амьдрал, будаггүй нүүр, нүд, хамар, амнаас таашаал авч болно. Хар бараан дүрслэл, гуниг миний мэдрэмж биш. Харин хар цагаан дүрслэлээс амьдрал үнэртэх шиг санагддаг. 1980-аад оноос хойш би хар цагаан зураг авахаа больсон. Бодвол миний бүтээлүүд “амьдралгүй” болж байгаа юм байлгүй. Өнгөлөг эсвэл тас хар. Энэ хоёрыг зохицуулах хамгаас хэцүү. Гол нь мэдрэмж чухал. Мэдрэмж доогуур байгаа үедээ би юу ч хийдэггүй.
-Хөрөг зураг авах дуртай минь цаг хугацааг зогсоох, өчүүхэн ч гэсэн хэсгийг зуурч хоцрох хүсэлтэй минь холбоотой. Хөрөг зургаар үзэсгэлэн гаргахдаа үргэлж жижиг хэвлэдэгт хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Харин би жижиг байх тусмаа ихийг өгүүлж, хүнийг бодуулахад хүргэдэг гэж боддог юм.
-Би багаасаа л хараагүй болохоос хамгийн их айддаг байлаа. Юу ч харахгүй байх шийтгэл гэж байхгүй. Би харанхуйгаас айх эмгэгтэй. Харанхуй гэдэг бол тав тухгүй байдлыг үүсгэдэг. Зураг авах орчинд тав тух хамгийн чухал. Гэхдээ... зургийнхаа баатарт тав тухыг нь зохиомлоор бэлдээд өгчихвөл тэд өөрсдийнхөөрөө байж чаддаггүй юм. Тэгэхээр миний баатрууд тав тухыг өөрсдөө бүтээх болдог. Дүр бүтээнэ гэдэг тэнэг хэрэг л дээ. Гэхдээ өөрийнхөөрөө байх нь үргэлж зөв байдаггүй.
-80-аад онд бүх зүйл хориотой, зураг авах газрууд хаалттай байсан. Одоо бодоход энэ үед л би жинхэнэ эрч чөлөөтэй байж. Шаргуу, уйгагүй Эннигийн дүр зураг тэр үедээ л өнгөрч. Харамсалтай нь нэг ч гэрэл зураг тэр төрхийг минь хадгалж хоцроогүй... хаха. Гэрэл зураг авахын тулд би бүхнээс түрүүнд алхах ёстойгоо мэддэг. Хожимдвол... тэр хэнд хэрэггүй.
-Энгийн байдал бол миний хэв маяг. Хатан хааныг энгийн нэг эмэгтэй гэдгээр нь хүмүүст харуулж чадсандаа би өөртөө баярладаг. Миний хамгийн дуртай хөргүүдийн нэг бол Жосеф Бродскийгийнх. Түүний зохиолыг уншихдаа яаж “тарчилдаг” байсан шигээ гэрэл зургийг нь авахдаа хамгийн ихээр хичээсэн. Түүнийг баяр баясалтай байгааг би хэзээ ч харж байгаагүй нь сонирхлыг минь хамгийн их татсан. Жосефд би ердөө л зургаан кадр зарцуулсан.
Би настай хүмүүсийн хөрөг зураг дарах дуртай. Хүмүүс зурагчдад байгаагаасаа залуу харагдах захиалга өгөх нь элбэг гэдгийг би мэднэ л дээ. Гэвч би байгаа зүйлийг яг тэр цаг хугацаанд л буулгах дуртай.
-Би Диане Арбуст хайртай. Түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй ч хэнээс ч илүү түүнийг мэднэ. 1970-аад онд Нью-Йоркт ирэхэд гэрэл зургийн салбарт Дианегийн нэр л гардаг байлаа. Тэр хүмүүсийн амьдралыг сайн мэддэг учраас нийгмийн сэдэвтэй олон зураг нь бодит, тухайн цаг үедээ тэсрэлт болж чадсан. Тэр бол бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй гэрэл зурагчин гэж би үнэлдэг. Гэвч тэр амиа хорлосон. Түүний үхлийн тухай Патрисиа Воссын номыг уншаагүй, үнэндээ хүсдэг ч үгүй. Учир нь би өөрийн шүтээнээ амиа хорлосон гэдэгт итгэхийг хүсдэггүй.
Нью-Йоркт нүүж ирэх болсон минь зөвхөн түүнтэй л холбоотой байсныг хэн ч мэдэхгүй л дээ.
-Гэрэл зургийг компьютероор янзалахад би дургүй. Фотошопыг бүр үзэн яддаг гээч. Тэр мөчид миний зураг үнэгүйддэг. Зурагчин хүн зураг авахаар кадр дарах тэр мөчид л зураг авах бүхий л ажиллагаа дуусаж байна гэж ойлгох ёстой.
-Би гэрэл зурагчин. Би хүнийг, машиныг бус цаг хугацааг л авч байна гэж ойлгодог. Зураг бол яг л сувинер. Би цулгүй газар, байгаль авч чадахгүй юм билээ. Ямар ч хүнгүй зураг гэдэг амьгүй, сэтгэл хөдлөлгүй, хов хоосон. Тэр зүгээр л газар. Хэн нэгэн ирэхийг хүлээж байгаа элс шороо гэдэг гэрэл зургийн сэдэв биш.