May 25, 2011

“Үхэгсэдийн хөөрөлдөөн”




“Кираго: Миний эзэмшил бол жад болоод чарлах дуун, элсэн цөл, Бурханд мартагдсан хязгаар нутаг, хэнд ч дуулдаагүй ялалтууд байсан юм. Би Барранка Яако хэмээх газар илд агсаж, морь унасан бүлэг хүмүүст алуулсан учраас л хүмүүсийн нандин дурсамж дотор амьдарч байгаа, хойшид ч тэндээ олон жил үлдэх болно...
Росас: Чи ч хөөрүү хүн юм аа. Өөрийн үеийнхний бахдалаас илүүтэй хойч үеийнхний худал магтаал үнэтэй байна гэж үү. Тэр чинь ямар ч үнэгүй. Хэдхэн задгай зоосны л хэмжээнд хүрвэл дээд гэж хоржоонтойгоор өгүүлэв...
-Магадгүй би талийгаач байж зохихгүй хүн байж мэдэх юм. Гэлээ ч надад энэ газар, энэ яриа яг л зүүд шиг санагдаад байна. Гэхдээ энэ бол миний зүүд биш. Өөр хэн нэгэнд, хараахан төрөөгүй байгаа хэн нэгэнд л зүүдлэгдэж байгааа зүүдтэй илүү адилхан юм даа.
Тэдний хөөрөлдөөн үргэлжилсэнгүй, учир нь яг энэ үед Хэн нэгэн тэднийг дуудсан юм...”
Үнэмлэхүй сайн хэзээ ч байдаггүйтэй адил үнэмлэхүй муу ч гэж бас үгүй. Ядаж хүчээр хэн нэгийг нь үзэн ядах шалтгаан өгөөгүй учраас л энэ харилцан яриаг иш татаж балайрах вэ дээ. Үхэгсэдийн хөөрөлдөөнийг амьд ахуйдаа шүүн тунгаах нь утгагүйн адил Борхес бээр ч бас бурханд итгэдэг юм байна даа гэдгийг ойлгох гунигтай юм. Бурхан байлаа ч гэсэн хүнийг өөрөөс нь өөр хэн ч аврахгүй гээгүй бил үү? Хэн нэгэн байхдаа ч яахав. Гэхдээ хамгийн чухал нь энэ биш (миний хувьд), хэнд ч дуулдаагүй ялалтууд... Хэнд ч дуулдаагүй ялалтууд... хэнд ч дуулдаагүй ялалтууд. Нийт даяар шагшин магтаж, үеийн үед дурсан, хөшөө багана босгон хүндэтгэл үзүүлдгээс тэс өөр, цөөн хүмүүс мэдэх, бүр хэнд ч анзаарагдаагүй, бүтээгчээсээ ч нууцгай ялалт бидний дунд бишгүй л байдаг хойно. Нийтийн зүрхийг догдлуулсан ялалтын амтнаас нууцгай, аминч ялалт үнэ цэнэтэй байдаг ч юм билүү, хэн мэдлээ. Гэхдээ бас үнэмлэхүй ялалт байдаг эсэх нь эргэлзээтэй. Ялагдлын амт хэдий чинээ гашуун тусам ялалтын үнэ цэнэ тэр чинээгээр дайвалздаг биш үү?

May 24, 2011

Америкийн еврей хөрөг Ричард Аведон





Түүний үхэл америкчуудын гашуудлын өдөр болсноос үзвэл Ричард Аведон гэх эрхэм зөвхөн гэрэл зургийн ертөнцөд амьдраагүй бололтой. “The New York times сонины 2004 оны аравдугаар сарын 2-ны дугаарт “Түүний загварын болон хөрөг гэрэл зургууд сүүлийн хагас зуунд Америк гоо сайхан, соёлын хамгийн чухаг тусгал байсан юм” хэмээжээ. Орос цагаачийн гэрт еврэйн хатуу хүмүүжил дунд өссөн Ричард Девитт Клинотны ахлах сургуулийг дүүргэмэгц Мерчант Маринэст гэрэл зурагчнаар ажиллаж эхлэв. Энэ бол 1942 оны түүх. Аавынхаа бэлэглэсэн “Rolleiflex аппаратны хэргийг хоёр жил гаргаж, Алексей Бродовичийн гэрэл зургийн дэлгүүрт давхар ажиллах болов.

Алексей дэлхийн загварын алдарт сэтгүүл “Harper’s Bazaar”-ын урлагийн редактор байсан нь Аведонд онцгой завшаан болж, жил хүрэхгүй хугацаанд тэр “Vogue, Life” сэтгүүлийг дамжиж амжсан байна. Гэвч Аведон хожим түүний гэр, орон болсон “Harper’s Bazaar”-ын ахлах гэрэл зурагчин болж, 20 жилийн амьдралаа тэнд зориулжээ. Тэр гэрэл зургийн ертөнцөд ноёрхож асан бүхий л дэг ёсыг зөрчиж, зөвхөн өөрийн дүрмээр ажилладаг байсан нь “Harper’s Bazaar”-ын ерөнхий өнгө төрхөд ч тусгалаа олсон юм. Аведон загварын гэрэл зургаар мэргэшиж, ингэхдээ моделуудын уйтгарт төрхийг эвдэж, сэтгэл хөдлөлөө харамгүй гаргахыг зарлигддаг байв. Хэтэрхий зарчимч, бас дэндүү гэмээр дураар зан нь “Harper’s Bazaar”-ынханд тааламжгүй санагдаж, Аведон буцаад “Vogue”-д иржээ. Энд тэрбээр хөрөг зураг тал руу мэргэшиж, ингэхдээ тухайн үед зөвхөн “Play boy”-оос л харж болох увайгүй секс дүрслэлтэй кадрууд дарж эхлэв. Гэхдээ тэр “Vogue”-ийг эротик сэтгүүл биш гэдгийг мэдэх учир өөрийнх нь хэлдгээр “нүцгэн урлаг”-ийг л бүтээж байсан юм.

Түүний кадрууд тухайн үедээ жинхэнэ тэсрэлт, өөр хэв маягийн илэрхийлэл байсан учраас тэр давхар сурталчилгааны гэрэл зураг дарж эхэлжээ. Мэдээж түүний нэр хүнд “Vogue”, “Harper’s Bazaar гэх мундаг шошгуудтай хамаатай болсон учраас дэлхийн алдартай компаниудын урилгыг л хүлээн авдаг байв. Жанни Версаче, Кэлвин Клэйн нартай тэр нэлээдгүй хугацаанд хамтарсан юм. Энэ зуур “Рэвлон”, “Колгэйт” брэндүүдийн сурталчилгаанд оролцож байсан. Аведоны дураараар зан хэрээс хэтэрч хожим түүний нэртэй хайр сэтгэлийг шижмээр холбон ярих болсон супер модель Брүүкийн зургийг л дарна хэмээн зөрүүдэлж байсан удаатай. Брүүк Шиэлдс тэр үед ердөө 15 настай байв.
Загварын гэрэл зургаар мэргэшсэн Аведон 1967 оноос хөрөг зураг дарах сонирхлоо хөөж, “Beatles”-тэй хамтран ажилласан нь нас хэвийсэн түүнд яг тохирох ажил байжээ. Тэр өөрөө ийн хэлсэн юм шүү. Оддын кадраас залхсан тэрбээр эгэл амьдрал руу өнгийж, мэргэжлийн гэрэл зурагчны замналаар хэсэг хугацаанд амьдарсан. Америкийн хөдөө, тосгонуудаар аялаж, эгэл хүмүүсийн хөрөг зураг дарж, үүнийгээ эмхэтгэн “Баруун Америкт” хэмээх ном хэвлүүлсэн нь гэрэл зургийн ертөнцийн хамгийн чухаг бүтээлүүдийн тоонд хэдийнэ багтжээ. Зарим шүүмжлэгчдийн “XX зууны хөрөг гэрэл зургийн нэвтэрхий толь” хэмээн үнэлсэн дээрх номонд уурхайчид, ковбой эрс, гэрийн эзэгтэй нар буусан нь ахуйн гэрэл зургийн томоохон өнцөг нээсэн тохиолдол байв.
Аведоны хожим дурссанаар тэр загварын ертөнцийн гял цял, тансаг зургуудаасаа илүү “Баруун Америк”-ийн кадруудаа их үнэлдэг. Америкийн томоохон мужуудад хийсэн цуврал үзэсгэлэндээ тэр эдгээр зургуудаа л онцгойлж байсан юм. Удалгүй тэр улс төр, алдартнуудын хөрөг зурагтай нөхөрлөж байгаад 1992 онд “The New Yorker” сэтгүүлд ирж, үйл явдлын гэрэл зургийн кадрууд дарж эхлэв. Энэ салбарт тэр харин төдийлэн онцгой гавьяа байгуулсангүй. Гэвч тэр амьдралынхаа сүүлийн жилүүдэд гэрэл зургийн салбарын бүхий л алдартай шагналуудыг хүртсний дотор Олон улсын гэрэл зурагчдын нийгэмлэгийг 1993 оны тэргүүн шагнал, Дэлхийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн 150 жилийн ойн медалиуд чухал байр эзэлнэ.
Загварын хүрээнийхэнтэй ажилладаг байсных, шалиг завхай гэх нэр хочийг зүүж явсан ч түүний амьдралд хоёрхон эмэгтэй байв. Эхнийх нь 1944 онд гэрлэж, таван жил хамт амьдарсан загвар өмсөгч Доркас Ноуэлл, нөгөө нь 1951 оноос хойш хамт амьдарсан Эвелин Франклин. Аведон, Эвелин хоёул 2004 онд, ердөө долоохон сарын зайтай тэнгэрийн оронд оджээ.
<!--[if gte mso 9]> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

May 18, 2011

Антихрист






Найруулагч: Ларс вон Триер
Продюсер: Мета Луйс Фолдагер

Гол дүрд: Уильям Дефо

Шарлотте Гэйнсбур
Нээлтээ хийсэн он: 2009
Үргэлжлэх хугацаа: 103 минут
Box office-ийн орлого: 11 сая доллар

“Дэлхийг бурхан бус чөтгөр бүтээсэн юм шүү дээ” гэх үзэл уг киноны гол ноён нуруу болсон юм. Гэхдээ өнгөц харвал “Антихрист”-ээс шашинлаг үнэр ханхлахгүй. Ларс вон Триер Библийг ягштал цээжилсэн болон антихрист үзлийн анхны шатны мэдэгдэхүүнтэй үзэгч ч киноны гүн санаанд нэвтэрч чадахааргүй тэр л хэмжээнд ерөнхий агуулгаа нууж чадсанд “Антихрист”-ийн үнэ цэнэ оршино. 103 минутын турш аллага, хүчирхийлэл, сексийн увайгүй дүрслэлүүдээр таны нүдийг мялаах энэ кино нээлтээ хийхээсээ өмнө л шуугиан тарьж байв. 2005 онд кино хэдийнэ бэлэн болсон, зохиол нь түүнээс ч өмнө амилсан хэдий ч тэрслүү Ларс уг бүтээлээ дөрвөн жил хав дарсан юм.

2009 оны Каннын кино наадмыг үзэхээр ирсэн бас ч гэж кино урлагийг ойлгодог, элдэв гаж санаанд дасал болсон мянга мянган үзэгчийг алмайруулж, дэлхий даяар шуугиан тарьсан уг бүтээлд кино шүүмжлэгчид харьцангуй үнэлгээ өгч байв. Хүрч болох хамгийн өндөр онооноос ч илүүг өргөх хүсэлтэй зарим нь байхад эргэлзээгүй хасах үнэлгээ өгч зүрхэлсэн шүүжлэгчид байсан. Гэвч кино урлагийн хамгийн этгээд төлөөлөл, ер бишийн гаж найруулагч Ларсд оноо сэлт төдийлэн чухаг байгаагүй агаад тэр удаан хүлээсэн шуугианаа нэр төртэйгээр тарьж чадсан л түүний хувьд үнэ цэнийн хэмжүүр байжээ.
Өөр өнцөг гэх үзэл киноны эд эс бүхэнд шингэсэн бөгөөд уянгын симфонын аян дахь галзуу секс дүрслэлээр эхэлнэ. Ер бишийн намуухан шөнө эгэл биш хөнгөн цас хаялж, дөнгөж хөлд орсон Ник (тэдний хүү) цэлийтэл нээсэн цонхноо бүжих цас барих гэнэ. Никийг унтаж байгаа эсэхийг ч үл анзааран галзуу сексийн амтыг мэдэрч буй хосод цонхны тавцан дээр юу болж буйг анзаарах тэнхэл байсангүй. Бяцхан гараараа цас атган алдах Никийн хамгийн сүүлд хийсэн алхам цонхны тавцангаас холдох байж, өнөөх л ер бишийн намуухан аянд бяцхан хүүгийн унах нь хүртэл эгэл биш тайван. Хамгийн галзуу шөнийн дараа байж болох хамгийн эмгэнэлт явдалд цочирдсон бүсгүй, гашуудлын хар хувцастайгаа тогтож ядан алхана. Диваажан хэмээн нэрлэсэн эдлэнд Никтэй хамт үдсэн дурсамж бүхэн түүнд харуусал, уй гашуугаас өөрийг өгсөнгүй.
Гэр бүлдээ өчүүхэн төдий анхаарал хандуулдаггүй сэтгэлзүйч эрийн шинэхэн өвчтөн эхнэр нь болов. Арав шахам жилийн хамтын амьдрал тэдэнд хэн хэнийгээ таних бололцоо олгоогүй аж. Боломж. Мэдээж тэдний эмчилгээ хийх орчин эмнэлгийн зэврүүн өрөө биш “диваажин”. Кино урлагаас сайн сайхан, өнгө гэгээ хайгч үзэгчийн хамгийн тэвчишгүй үйлдлүүдийн өрнөх цэг, “диваажин”. Хаанаас, юу илэрхийлэх гэж буй нь үл мэдэгдэх үнэг, буга... дээвэр мөргөн унах боргоцойн чимээ хүртэл түгшүүртэй. Бүсгүйн амьдралдаа хэзээ ч хүсэшгүй газар болох айдсаар дүүрэн модон гүүр, үнэгний үүр эмчилгээний гол объект болох юм гэж хэн санах билээ. Гэвч бүсгүйн айдсаа давсан, харамсалтай нь энэ сэтгэлзүйн эмчилгээний гайхалтай үр байгаагүй юм. Энэ бүх утгагүй үйлдлийн үр дүнд тэр чөтгөр, хэзээ ч номхрошгүй сексийн хуял тачаалтан болж хувирна. Зүрхнийх нь гүнд нуугдсан адгуус сэрсэн байж ч мэднэ. Сексийн хөдөлгөөн, байрлал, өрнөх газар хүртэл хүний төсөөллөөс хальж эхлэнэ. Ямар л эрүүл эзэгтэйн толгойд нөхрийнхөө бэлгэ эрхтнээс цус шүүрэхийг харж, шилбэнд нь гантил эргэдэх санаа төрөө аж. Хуял тачаал нь сүүлдээ хүчирхийлэл, гар хангалга, аллага болж хувирна. Сексийн гал халуун эрчимд автсан нөхрийнхөө дор тачаадан хөдлөх бүсгүй хүүгийнхээ үхлийн алхмын эхлэл, өрнөл, төгсгөл бүрийг нүдээрээ харсан нууц тайлагдана. Тэр чөтгөр болсон юм биш угаасаа тийм байж. Энэ бүхний эцэст...
“Антихрист” киноны гол дүрийг бүтээсэн францын жүжигчин Шарлотте Гэйнсбур Каннын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм. “Кино зураг авалтын турш дахь элдэв сэтгэл хөдлөлөөс илүү Дефотой сексдэх хэсэг л хамгийн хэцүү нь байсан” хэмээн тэр хожим ярьсан. Ларс вон Триерийн эл бүтээл дэлхийн хүн бүрт зориулагдаагүй. Азийн төдийгүй Европын орнуудын нэртэй кинотеатрууд хүртэл “Антихрист”-ийг толилуулах сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан юм. Энэ үйлдэл хүртэл Ларсын бах тавыг хангаж байв. Зураг авалтаа ердөө 40 хоногт амжуулсан уг бүтээл аймшгийн кино фанатуудын сэтгэлээс үхтэл нь салахгүй гэдэг л түүний хувьд гайхамшиг.
Шоу ертөнцтэй хутгалдсан “Оскар”-ын наадмыг эс тоочвол дэлхийн бүхий л нэр хүндтэй кино наадмуудын бүхий л шагналыг хамсан Ларс вон Триерийн уг бүтээл триллер төрлийн кино ертөнцийн шинэ хуудсыг нээж, энэ төрлийн кино сонирхогчдын заавал үзэх чухаг бүтээлийн тоонд багтсан юм. Магадгүй дэлхийг бурхан бус чөтгөр бүтээж, биднийг үй түмэн жил тарчлаан бах таваа хангаж байгаа ч юм билүү, чөтгөр бүү мэд. Үзээд л алд.
<!--[if gte mso 9]> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE

May 16, 2011

Ялгаръя




Аливаад бүх нийтээрээ анхаарал хандуулж, даган дуурайж эхлэх үед тухайн зүйлийн үнэ цэнэ хэдийнэ алдагдсан байдаг. Үнэ цэнэгүй л бол тэр хэнд хэрэг болоо аж. Дэлхийн жишиг гэх холбоо үг бидний амьдралд хэтэрхий байр суурь эзлэх болов. Америк гоё байна, тэдэн шиг л болох юмсан. Франц зүгээр ч юм уу, италичууд их сайхан ард түмэн юм, солонгосчууд ч бас муугүй. Яадаг юм, дуурайж л орхие.
Гэтэл үр дүн нь юу байв? Эцсийн гаргалгаа хийхэд Монгол Улс Америкийг, Солонгосыг хэр сайн дуурайж вэ гэх асуулт ер хөндөгдөхгүй, энэ ард түмэн өөрсдөө юу бүтээсэн юм бэ гэдэг л шийдвэрлэх хүчин зүйл байх болно. Ирээдүйд Монгол орноо бидний хойч үе юугаар нь дурсах вэ, дахиад Чингис хаан л биш шүү. Техник, технологийн хүчинд найдан, хэдэн зуунд түчээлсэн Европ зүгийнхний нийгэм сонирхолгүй болж гэнэ. Тэдний өндөр хөгжил байгалийн, бодит амьдралын тусгалаас хэт хол юм. Өндөр барилга, сүрт гэрлэн чимэглэл, технологижсон, роботжсон нийгмээс тэд ямар ч гэнэтийн бэлэг хүлээгээд нэмэргүй. Бүхэн нь автомат юм чинь. Харин дорно зүг рүү анхаарлаа хандуул даа. “Тэд ямар гоё амьдардаг юм бэ, өнөөг хүртэл тэд уламжлалт амьдралын хэв маягаа хадгалж, байгалтайгаа ойр үлдэж шүү дээ” хэмээн буржгар үс, цэнхэр нүдтэнгүүд эргэцүүлж байна. Аялагчдын цуваа Ази руу чиглэх болсны нууц нь энэ.
Хотын соёл тунхаглаж, хөдөөгийнхнөө бид муучлах болсоор удлаа. Шалтгаан нь өнөөх дэлхийн жишиг. Гэвч Монгол гэдэг улсын, соёлын эд, эс тэнд л бий биш үү. Бидний хэдийнэ дургүй болсон нүүдэлчин амьдралын хэв маягийг тэд хэдэн зууны турш буухиалж ирсэн. Өдгөө ч тэд тэнгэр харж цаг агаараа баримжаалж, газраа шүтэн амьдарсаар л байна. Үнэн чанартаа хотын иргэн хэмээн цээжээ дэлдээд байгаа эрхмүүдийн угсаа гарвал их холдож л гурван үеийн өмнөх хөдөөнийхөн бий. Хотын иргэд л дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байна гэх авч үнэндээ өөрсдийнхөө түүх соёлоос хамгийн хурдацтай холдож байгаа нь тэд байх. Нүүдэлчин хэв маягаасаа ялгаран, холдох гээд байгаа нь энэ юм уу даа.
Уул уурхайн их баялаг бидний араншинг эвдэж байх шиг. Ирээдүйн тухай төсөөлөл бүрт дээрх холбоо үг хамаатаж, ямар ч зорилго, тэмүүлэлгүй байлаа ч энэ их баялаг биднийг хоосон хонуулахгүй гэж бодох нь олширч. Мэдээж уул уурхайгаас бид төсөөлөшгүй их орлого олно. Харин энэ мөнгөөр бид юу бүтээх вэ? Америк, солонгос, итали мөрөөдлөө биелүүлэх үү? Үгүй дээ, Монголоороо л үлдэе. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах сайхан. Монголоороо л ялгаръя.