Jun 29, 2011

Элснээс чинагш


Вавилоны эзэнт гүрний үед Сахарт дэлхийн хамгийн зартай шорон байсан гэдэг. Бүх насаараа хоригдох ял авсан хүмүүст л тийш явах “тийз” өгдөг бөгөөд харамсалтай нь Сахарыг зорьсон хоригдлуудын бүх нас гээч нь ердөө арав хүрэхгүй хоног байдаг аж. Тэнд эрээлжилсэн төмөр хана, ширүүн харцтай шоронгийн хуяг, гав, гинж байдаггүйн дээр эвдэх хаалга, авирах шат, алхаагаараа хэмжих эх адаггүй эргэлтүүд байхгүй. Зөвхөн л элс. Элсэн цөл дэх “эрх чөлөө”-нөөс өөр хэрцгий шорон хаана байх билээ дээ. “National Geographic сэтгүүл Сахарын цөлийг хэн бүхэнд нээлттэй хэрнээ, хэний ч очиж зүрхэлдэггүй газар хэмээн тодотгосон удаатай. Гэвч энэ нь өнөө цагийн экстрим аялагчдад залуураа өөр тийш залах хэмжээний аймшигтай мэдээ биш болсон бололтой. Жилд хагас сая гаруй хүн “үхэлтэй ойрхон аялал”-ын жимээр явдаг аж. Элснээс чинагш чухам юу байдаг юм бэ?
Сахар нь Антрактидийн дараа орох хамгийн том эзэнгүй газар. 9.4 сая ам км зайг эзэлсэн уг цөл Европ тивээс ч том газар нутгийг эзэлнэ. Алжир, Чад, Египт зэрэг Хойд Африкийн 13 улсыг дамнасан Сахарын элсэн цөл дээгүүр хүн үүсэхээс өмнө Атлантын далай оршиж байсан гэдэг. Тиймдээ ч эндхийн элсэн толгодын өндөр 180 метр хүрдэг аж. Энд элснээс өөр эзэнгүй байдаггүй хэмээн ихэнх хүн ойлгодог ч сүүлчийн мөстлөгөөс хойш буюу хэдэн сая жилийн тэртээгээс оршиж ирсэн 30000 гаруй төрлийн амьд бие бий.
Цас орсон цөл
5000 жилийн өмнөөс энд хүн амьдарч эхэлсэн гэж үздэг бөгөөд Сахар гэдэг нь араб хэлээр “их цөл” гэсэн утгатай үг. Гэхдээ энэ нь элснээс өөр юмгүй гэсэн үг биш. Сахарын цөлөөр Нил, Сенегал мөрөн дайрахын дээр Эйр, Ахагар, Сахар Атлас зэрэг уулс бий. Эндхийн элсэн дороос үлэг гүрвэл үй олон араг яс, түүхийн олдворууд олсноос гадна газрын тос, байгалийн хийн асар их нөөц байгааг тогтоосон. Сахарын цөл нь дэлхийн хамгийн хуурай цэг бөгөөд жилд дунджаар 100-150 мм хур тунадас ордог. Гэвч эрдэмтэд дэлхийн дулаарлаас үүдэж, Сахарын цөл ногоорч байгааг тогтоосон байна. Хурын зохицуулалт алдагдсан нь эцэсгүй энэ элсэн цөлд эерэгээр нөлөөлж байгаа нь тэр. Эрдэмтэд Сахарыг гурван сая жилийн тэртээ үүссэн гэж ярьдаг бөгөөд дэлхий дээрх хамгийн бага судлагдсан хэсэг гэж үздэг. Уг цөл МЭӨ 13000 жилийн тэртээгээс л элсээр бүрэн хучигдсан болохоос биш түүнээс өмнө олон зүйлийн өвс, ургамал ургадаг байж. Одоо энд оливийн мод л элбэг. Сахарын элсэн цөл тогтосноос хойш ганцхан удаа цас орсон нь 1979 оны хоёрдугаар сарын 18-нд тохиосон бөгөөд Алжирийн нутаг дэвсгэр дэх хэсэгт хүчтэй цасан шуурга болж байсан удаатай.
Сахарын цөл нэг бөхтэй тэмээний Караван аяллаар алдартай бөгөөд өнөө хэр эндхийн тээврийн гол хэрэгсэл болдог. Уг цөл дайран өнгөрдөг 13 улс хамтарч караван аялал зохион байгуулдаг ч элсэн цөл дэх “шорон” руу тэмүүлдэг аялагчдын тоо тийм ч олон биш.
“Мөнхийн хоригдол”
Энд хилэнц, тэмээ, цөлийн гүрвэл могой, аалз элбэг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаагаар энд 250 үчимбэр буюу улаан ирвэс тоологдсон бөгөөд сүүлийн жилүүдэд амьтдынх нь тоо толгой өсөж байгаа аж. Мөн гурван төрлийн үнэг амьдардаг бөгөөд эндхийн хүйтэн цуст амьтад элснээсээ ялгагдахааргүй өнгөтэй байдаг тул аялагчид санамсаргүйгээр могой, гүрвэлд хатгуулах тохиолдол цөөнгүй. Тийм учраас Сахарын тийз гардсан аялагчдыг заавал түргэн тусламж үзүүлэх чадвартай хүн дагалдахыг шаарддаг аж. Энд 500 төрлийн ургамал байдаг бөгөөд эрдэмтийн судалгаагаар 2080 он гэхэд Сахар нь ногоон тал болж хувирах магадлалтай аж. Мөн хурын хэмжээ жилд хоёр мм-ээр нэмэгдэж байгаа юм байна.
Сахарын цөлд цөөнгүй үндэстэн аж төрдөг бөгөөд хамгийн анхны оршин суугчид нь бэрбэрчүүд байсан гэдэг. Тэднийг түргүүд залгасан бөгөөд МЭӨ 6000 оны үед буюу Египтийн эзэнт гүрэн мандах хүртэл ноёрхол нь үргэлжилжээ. Гэвч өнөөг хүртэл Сахарын цөлийг бүрнээр нь эзэмшиж, суурьшсан нэг ч үндэстэн байхгүй гэдэг. Өмнөх эзэнт гүрэн, үндэстнүүд Сахарын цөл дайран өнгөрдөг улсуудыг л эрхшээж байсан болохоос цөл хэсэгт хэзээ ч хүрч байгаагүй аж. Харин МЭӨ 500 жилийн тэртээгээс цөлд суурин иргэншил тогтох үзэгдэл гарч эхэлсэн юм. Өдгөө Сахарын цөл хэсгийн баян бүрдүүдийг дагаж хоёр сая бэрбэр, түрэг болон, бэяа үндэстэн суурьшдаг бөгөөд тэд дээр дурдсан 13 улсын алины ч харьяанд багтдаггүй тусгаар аж төрдөг нь сонирхолтой.
“Сахарын нүд”
Уг цөл ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд эндхийн жижиг толгодууд дээр эртний сүг зургууд элбэг. Эндээс Мөстлөгийн дараа үед хамаарах анааш агнаж буй дүрслэлтэй сүг зураг олдсон нь шуугиан тарьж байсан юм. Дээр хэлсэнчлэн Сахарын цөл нь дэлхийн хамгийн бага судлагдсан газрын нэг учраас аялагчид санамсаргүй байдлаар нээлт хийх нь элбэг. Энэ цөлийн Мавритан улсаар дайрах хэсэгт “Сахарын нүд” хэмээх өвөрмөц тогтоцтой газар бий. Рикат Структур хэмээн нэрлэдэг уг газар дээрээс яг нүд шиг харагддаг бөгөөд 50 км диаметртэй усан тойруулга байдаг аж. Энэ мэтчилэн эрдэмтэд Сахарын нууцыг тайлсаар байгаа ч энэ элсэн цөлийн нэг хүрэхгүй хувийг л хүн төрөлхтөн таньж мэдсэн гэдэг. Элснээс чинагш чухам юу байдаг нь өнөө хэр тайлагдашгүй хэвээр.

Jun 23, 2011

СоЛИотОй




Өөрийг нь олон янзын камер байнга дагалдаж, үйл хөдлөл бүрийг нь бичиж байдаг гэх солиотын яриа надад солиомоор үнэмшилтэй санагдаж байв. Нэг удаа өрөөнд нь ортол “Чишш” хэмээгээд, чимээгүй байх дохио өгөн бичиглэж гарлаа. “Наад камерууддаа намайг битгий бичээд бай гэж хэлээд өгөөч...” гэнэ. Мэдээж би хэлээгүй, учир нь надад ямар ч камер харагдаагүй юм чинь. Хэлбэл би өөрөө жинхэнэ солиотнуудын эгнээнд шилжчих гээд байхаар нь чимээгүй л гараад явсан. Хамгийн солиотой нь түүний хэтэрхий үнэмшилтэйгээр үзүүлсэн тэр үйлдэл, яриа одоо хэр санаанаас огт гардаггүй шүү. Солиотнуудын ертөнцөөр, солиотой нүдний шилээр хорвоо дэлхийг харвал яах бол гэсэн бодол төв мэдрэлийн минь хамгийн мэдрэмтгий цэгт хүрч, тархи арзагнуулаад л...
Солиотнуудад хүрч болохгүйн хана туурга хэзээ ч байдаггүйн дээр эрүүл нэгний хүсэж мөрөөдөхөөсөө хүртэл эмээдэг бүхнийг ердийн үзэгдэл мэт хялбаршуулдаг нь гайхалтай. Тэд нүв нүцгэн биеэрээ бусдын нүдийг мялаахаасаа эмээдэггүй, тэнгэрт нисэж, усан дор ухаан алдаж унатлаа шумбахаас хэзээ ч айддаггүй. Төөрмөөр ойлгомжгүй бодлоо бусдад энгийнээс энгийн тайлбарлаж, дургүйлхэх сэтгэл хөдлөлийг нь ч үл тоон ярьсаар л байдаг. Гэвч бид тэдэнтэй, тэд бидэнтэй амьдрах, нэг агаараас амьсгалах зохьдоггүй. Яагаад гэвэл бидний аль нэг нь галзуу. Гэхдээ солиотой гэгддэг нь солиотой юу, солиогүй гэдэг нь солиотой юу гэдгийг мэдэх юм алга. Лав солиотнуудын нүдний шилээр цоо эрүүл бид солиотой харагддаг гэдгийг л баталж чадна. Гэхдээ би цоо эрүүл гэдэгтээ эргэлздэг. Галзуугийн эмнэлгийн дөрвөн цагаан хана дунд, цагаан халад, дэвсгэрийн даавуутайгаа орооцолож амьдардаггүй болохоор эрүүл ч юм шиг. Зөвхөн мансуурч, яриа дэлгэхийн тулд архи, тамхи хэрэглэж, өдөр бүр бусдад таалагдахын тулд жүжиглэдэгээ бодохоор төгс хэлбэрийн солио илэрдэгтээ итгэх ёстой ч юм шиг.
Макондод солио өвчний шинж тэмдэг илэрч, Санта Софи де ла Педагаас халдан, Ребека, Урсулагаар дамжсан уг өвчин тосгоноор нэг халдварлаж, бүгд бага насны дурсамжаа гээн, бүхнээ мартаж эхэлдгийг санаж байна уу. Эхлээд нойргүйтэж, үүнийгээ юман чинээ тоохгүй байсаар сарын дотор амжуулах ёстой бүхнээ хийчихээд хэзээ ч дуусдаггүй үлгэр хэлэлцэн суудаг дүрслэл санаанаас одоо ч гардаггүй, солиотой. Мартах өвчин гүнзгийрч, бүхий л эд хэрэглэл дээрээ тайлбар сэлт бичиж, “Энэ бол үнээ. Үнээнээс сүү хэмээх цагаан шингэн гаргаж, үүгээр бид кофе найруулж уудаг. Кофе бол үрлэн хар идээ бөгөөд...” Мартах өвчин туйлдаа хүрч, тосгон даяар солиорч байх үед Мелькиадэс ирдэг дээ. Түүнд тэр хүү бяцхан солиотнуудын ертөнц ямар санагдсан бол. Урьд соронз сэлтээр мангартуулж явсан танилууд нь үнээ гэж юу болохыг, бүр өөрийг нь ч ор тас мартсан болохыг мэдэх түүнд ямар мэдрэмж төрүүлсэн бол. Габриэл Гарсиа Маркес зохиолынхоо энэ хэсгийн өрнөлийг эрс өөрчлөөд, солитой хэвээр нь үлдээчихсэн бол яах вэ? Жинхэнэ солиотой зохиол гарна даа. Бодъё. Мелькиадэс ч мөн солиорох нь тодорхой. Ганц ч эрүүл хүнгүй, гэхдээ хэн ч өөрийгөө солиотой гэж бодохгүйгээр амьдрал өрнөвөл ямар вэ? Хэн ч тэднийг цагдахгүй, галзуугийн эмнэлэг байгуулж, тусгаарлах санаа хэнд ч төрөхгүй солиотой амьдрал өрнөж таарна. Маркест солиортлоо төсөөлөх солиотой чанар байгаагүй учраас шидэт ус гаргаж ирсэн биз.
Өмнөх яриандаа буцаад оръё. Дэлхийн хүмүүсийг солиотой, эрүүл хэмээн хоёрхон хуваагаад заагалчихсан. Хэн хэндээ тээр дараа болохгүй амьдарахын тулд бодож олсон зүйл нь ердөө л тусгаарлалт. Хүн солиорохоороо яадгийг, эрүүл байх яагаад сайн зүйл болохыг хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл бид солиотнуудаас тусгаарлагдсан, тэдний ертөнцөд нэвтрэх хэмжээний солиотой үйлдэл гаргаж чадахгүй учраас, гаргавал эрүүл ухаанаа алдах болохоор ийм оролдлого хийх нь өөрөө солиотой зүйл. Галзуугийн эмнэлгээс эрүүлжиж гарсан хүн гэж та лав дуулаагүй ээ, би ч мөн адил. Нэгэнт л болохгүй, бүтэхгүйгээ тусгаарлах ёстой юм бол энэ олон архичин, тамхичин, бэлгийн гаж донтонууд, биеэ үнэлэгчид яагаад бидэнтэй нэг агаар амьсгалж байна вэ. Бойжиж буй дэгдээхэй шарж идэж өл залгаж, баавгайн доньд хэрэглэн эрүүлжиж, хулгай хийж, худал ярьдаг хүмүүс солиотнуудаас юугаараа дээр гэж. Солиотнуудаас ч дор үйлдэл хийж, түвэг уддаг хүмүүс бидний дунд байж л байдаг болохоор эхлээд эрүүл хүмүүсийн дунд амьдарч байгаа гэдэгтээ, дараа нь өөрийгөө үнэхээр эрүүл хүн мөн эсэхдээ эргэлзэх сэтгэл төрдөг. Харин ч галзуугийн эмнэлгийн байшингийн гадуур л хамгийн галзуу үйлдлүүд өрнөдөг юм биш үү. Эсвэл би солиороод байна уу?

Jun 22, 2011

Гэрлэх ёстой юу




Амиа хорлох үзэгдэл сүүлийн үед ихэссэнийг эрдэмтэд янз бүрээр тайлбарлаж байна. АНУ-ын сэтгэл судлаач Жонн Барренс ардчилсан нийгмийг буруушааж, үхэл хувь хүний сонголт болтлоо эрх чөлөөтэй болсон нь амиа хорлолтод нөлөөлж байна гэж үзсэн бол Английн сэтгэл судлаач, доктор Стив Ларс олонхийн шийдвэр хувь хүний харилцаанд нөлөөлж эхэлснийг гол болгож, ганц биечүүдэд учрах нийгмийн дарамттай холбож тайлбарлав. Түүний судалгаагаар амиа хорлогсдын 53 хувь нь ганц бие байсан бөгөөд гэр бүлийн амьдрал зохиож чадаагүйтэй холбоотой сэтгэл санааны дарамт хүмүүсийг үхлийн олс руу толгойгоо шургуулах гол шалтаг болж буйг тогтоожээ. Аливаа асуудалд ардчилсан байдлаар хандах нь өнөөгийн нийгэмд тохирсон хандалга гэдэг ч олонхийн байр суурь давамгайлах болсон нь цөөнхийн эрх ашигт сөргөөр нөлөөлж буйг үгүйсгэх аргагүй. Аль ч нийгмэд ганц бие хүмүүс хүчирхийллийн гол бай болж байсан нь биеийн гэхээсээ илүү сэтгэл зүйд нөлөөлөх байдлаар илэрдэг.
Амьдрах загвар буюу 20 насны “бэлэг”
20 насны босго давахтай зэргэцэн гэр бүлтэй болох ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилж, 30 нас ойртох тусам ган биечүүдийг гадуурхах таагүй хандлагатай халз тулдаг жишиг бий. Хүн гэр бүл зохиож, үр удмаа үлдээх ёстой гэсэн үүргийг хүчээр тулгахдаа хувь хүний эрх чөлөөнд халдаж байгаа нь ардчилсан нийгмийн асуудал болж, үхлийн дайтай хор уршиг тарьж буй нь үнэн. Хувь хүн хаана төрөх, ямар гэр бүлд харьяалагдахаа өөрөө шийддэггүй ч ганц олдох насаа хэрхэн, яаж өнгөрүүлэх эрхээ ядаж өөрийн дураар эдлэх ёстой байлтай. Гэвч хүн анх бий болсон цагаас буй болсон амьдрах хэлбэрийг хүчээр тулгаж, өнөө цагт цэцэрлэг, дунд сургуулиар дамжиж, мэргэжил эзэмших, улмаар гэр бүлийн амьдрал зохиож, үр удмаа үлдээгээд одох гэсэн загвар бий болсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийгмийн эрх чөлөө хувь хүнийхээс эхэлдэг хэмээн тунхагладаг ч энэ хандлага бодит амьдралын тусгалаас холын холд байсан хэвээр.
Нийгмийн үүрэг хувь хүнийхээс хүчтэй юү
Хүн анх бий болсон цагаасаа л бие физиологийн болон сэтгэх чадварын хувьд өөрчлөгдсөөр ирснийг нийтээр хүлээн зөвшөөрдөг ч гэлээ энэ зуур амьдралын хэв маяг, хүмүүсийн харилцаа ч мөн хувьсаж буйг орхигдуулаад байх шиг. Өнгөрсөн зуунаас улбаатай феминистүүдийн тэмцлийн үр дүн өнөө цагт биеллээ олж, энэ зуур эрэгтэйчүүдийн байр суурь ч өөрчлөгдснийг судлаачид тогтоосон. Түүхийн бүхий л цаг үед баатар, шулуухан хэлбэл бие хамгаалагчийн үүрэгтэй байсан эрчүүд өдгөө энэ үүргээсээ хэдийнэ хальж, жентельмен хэв маягийн буюу ёс суртахуун, нийгмийн үнэт зүйлсийг өөртөө шингээсэн, илүү соёлжингуй шинж рүү хэлбийх болов. Өөрөөр хэлбэл нэг нэг рүүгээ тэмүүлэх хандлагатай байсан хүйс хоорондын харьцаанд өөрчлөлт орж, хувь хүний давуу эрхийг дээдэлсэн салангид хэлбэрийн харилцаа өрнөж эхэллээ. Үүний нөлөө гэр бүлийн харилцаанд хамгийн хүчтэй илэрч буйг гэр бүл салах үзэгдэл ихсэж, ганц бие хүмүүсийн тоо олширсонтой холбож болов.
Гэвч нийгмийн өмнө үүрэг хүлээх сэтгэл зүй хүмүүсийн сэтгэхүйд өнөө хэр хүчирхэг хэвээр байгаа нь харилцаанд өрнөж буй дээрх процесстойгоо авцалдаж өгөхгүй нь. Хүн эрхээ эдэлж, үүргээ хүлээх ёстой хэмээн тулгадаг ч хувь хүний эрх, үүргийг юман чинээ тоодоггүй байдал одоо ч ноёрхох хандлагатай байсаар. Олонхийн эрх ашгийг түр хойш тавиад хувь хүний эрх чөлөөнд анхаарлаа хандуулбал, гэрлэх эсэх нь тухайн хүний л сонголт. Хүн хамтын амьдрал зохиогоогүй, гэр бүлтэй болоогүй нь огтхон гаж үйлдэл биш. Үр удмаа үлдээж, дэлхийн хүн амын тоог нэмэх эсэх нь ч үүнд хамаагүй байлтай.
“Чи одоо болтол хүнтэй яагаад суудаггүй юм бэ”
Энд гэр бүлийн аз жаргал, хамтын амьдралын үнэт зүйлсийг уландаа гишгих гэсэнгүй, гэр бүлгүй, ганц бие хүмүүст хандах нийгмийн хандлагыг л эргэж харах цаг болсныг сануулах гэсэн юм. Гэвч энэ бүхнийг зохицуулахын тулд төр, засгийн хүчин чармайлт, хууль тогтоомж огтхон ч нөлөө үзүүлэхгүй, нөгөө л хувь хүнээр дамжуулан олонхийн сэтгэл зүйг өөрчлөх асуудал учраас ярвигтай. Бидний эргэн тойронд ганц бие хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд “Чи одоо болтол хүнтэй яагаад суудаггүй юм бэ”, “40 нас гарвал чамайг хэн ч тоохгүй шүү, түргэн хүнтэй гэрлэ”, “Нас чинь яваад байна” гэх тулган шаардалтаас эхлээд нийтээрээ “санаа тавьж”, бэлгийн чиг хандлагад нь асуудал байна гэх эрс дүгнэлтүүд ч гаргах нь элбэг. Хүнтэй танилцуулах гэж утасны дугаарыг нь чатаар тарааж, сохор болзоонд зуучлах тохиолдол ч цөөнгүй. Гэтэл гэр бүлтэй болох ёстой гэж тулгадаг шиг ганц бие амьдрах нь тухайн хүнд тааламжтай байдаг бол яах вэ? Ингэж үзвэл дээрх “санаа тавигчид” хувь хүний эрх, үүрэгт аймшигтайгаар халдаж буй хэрэг байгаа биз. Энэ бүх тулган шаардалтууд амиа хорлох шийдвэр гаргатал нь хүний залхаадаг болохыг олонх яагаад ойлгодоггүй хэрэг вэ?
Дэлхий аль ч оронд хүн заавал гэр бүлийн амьдрал зохиох ёстой гэсэн хуулийн заалттай байдаггүй юм билээ. Гэвч энэ хандлага яг л архи, тамхийг хориглосон хэлбэрийн төдий хууль шиг биелэгдэшгүй мөрөөдөл бөгөөд ганц биечүүдийг гадуурхах үзэл хуулиас ч хүчтэй мөрдөгдөж байна. Эрдэмтэд хүний гэр бүл болох хамгийн тохиромжтой насыг 25 хэмээн тодорхойлсон байдаг. Энэ үед ихэнх хүн нийгэмд тодорхой байр сууриа эзэлж, хамтын амьдрал зохиох бэлтгэлтэй болдог аж. Гэлээ ч энэ нь заавал хүнтэй гэрэл гэсэн үг ерөөсөө биш. 40 хүртлээ ганц бие яваад 50-тайдаа хүнтэй сууж яагаад болохгүй гэж. Гэхдээ энэ хүртэл нас талийж одсон байх учраас хүнтэй гэрлэх боломж тэр хэрээр буурдаг нь л асуудлын гол болох нь бий.
Хамтран амьдрагч буюу харилцааны шинэ хэлбэр
XX зууны сүүл үеэс хамтран амьдрагч гэх гэр бүлийн харилцааны шинэ хэлбэр үүссэн. Европоос үүдэлтэй энэ хандлага нь гэрлэхээс зайлсхийж, бусдын болон нийгмийн өмнө хариуцлага хүлээхээс татгалзсан хүмүүсийн сонголт юм. Стив Ларсын тодорхойлсноор энэ нь ганц бие амьдралд татагддаг ч үр удмаа үлдээх хүсэлтэй хүмүүсийн хувьд төгс шийдвэр болдог аж.
Есүс, Буддагаас эхлээд дэлхийн ихэнх шашны бурхан ганц бие байдаг. Бүр тэдний үзлийг түгээн сахигч санваартан, лам, ромын тэргүүн хамба нар бүгд л ганц бие амьдралаар замнадаг. Тэд бурхан шашны хүмүүс шүү дээ гэж булзайруулах хэрэгтэй юү, эсвэл ганц бие хүмүүсийг гаж донтоны дайтай үздэг сэтгэлгээ эргэж харах уу?

Jun 16, 2011

The Dreamers


Далайн хөвөө, айдастай ч гэлээ хэн нэгэнтэй хамт байхыг хүсэхгүй. Модон байшин, шалнаасаа тааз хүрсэн том шилэн цонхнууд, далайн тэртээ улбар туяа татахыг харахгүй байж чадахгүй. Пянз тоглуулагч, “La mer”. Дүүжин ор, яг л хязгааргүй тэнгис дэх хяналтгүй тулааны гэрч болсон тэр өвгөнийх шиг... Энэ миний мөрөөдөл. Үзэл суртал, ёс суртахууны хатуу цензурийг таягдаж хаяад ардчилсан гэх шошготой ч эрх чөлөө гээч нь холын холд орших энэ нийгэмд тааваараа мөрөөдөх шиг эрх чөлөө хаа билээ. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй л гэдэг, гэвч мөнгөөр хэмжиж үл болох эрх чөлөөгөө худалдаад авч болох хамгийн дээд таашаалыг мэдэрдэг биш билүү бид.
Хүүхэд насны галт тэрэг хэзээ ч ирэхгүй мэддэг ч гэлээ мөрөөдсөн шиг мөрөөддөг, бас ч гэж хэзээ ч биелэхгүй хийсвэр хана босгочихолгүй, зайрмаг сэлтхэнээр зүүдээ арилждаг бага насандаа эргээд нэг очихыг хүсэхгүй хэн байхав. Хүүхэд нас гээч чухам хэзээ дуусдаг юм бол оо? Мэдэх юм алга. Гагц мөрөөдөл дууссан цагт, эс бөгөөс мөрөөдлөө хүртэл хянаж цагдах эрээ цээргүй авиртай нүүр тулсан тэр цагаас л тэр цагаанхан ертөнцөөс явдаг биз. Гэвч би мөнхөд хүүхдээрээ үлдсэн, мөрөөдөж чаддаг хоёр эрхмийг лав мэднэ. Тэд бидэнтэй нэг тэнгэр дор, нэг агаар амьсгалаагүй ч гэлээ мөрөөдлийн үнэ цэнийг, гайхалтай амтыг амтлуулчихаад л сураг тасарсан. Бидний хэзээ ч хүрч чадахгүй, гагц мөрөөдөлдөө үзэх тэр ертөнцөд тэд одоо ч бий сэн.
2003 онд нээлтээ хийсэн “The Dreamers” буюу “Мөрөөдөгчид” кино box office-т төдийлэн амжилт олоогүй. 15 сая долларын төсвөөр бүтсэн уг кино ердөө 15.1 сая доллар л халаасласан. Гэлээ ч энэ Бернардо Бертолуччиг бодолд автуулах хангалттай шалтаг биш байх. Жинхэнэ мөрөөдөгч л мөрөөдлийн амтыг үүн шиг гайхалтай мэдрүүлэх болохоор ядаж тэр box office-ийн босго даваагүй киногоо үзэгчийн сэтгэлд үхтэл нь хадагдах байлгүй гэж мөрөөдөө байлгүй дээ.
Франц, Итали, Их Британи кино компаниудын хамтын бүтээлд сексийн тухай увайгүй дүрслэл хэт их хэмээн шүүмжлүүлж, зарим оронд гарах эрхийг нь хасаж, үлдсэн зарим нь өнөөх хэсгүүдийг хасаж байж, кино театрын босго давуулж байв. Цахим ертөнцийн хөгжлийг тэд дутуу үнэлсэн бололтой, Бернардо Бертолуччигийн уг бүтээл цахим худалдаанд хамгийн удаан оршиж байгаа киноны тоонд багтаж байна. 17-гоос дээш насныханд л нээлттэй эл кино жинхэнэ мөрөөдөгчдөд хэтэрхий хүндэдсэн контенттой учраас насанд хүрэгчдийнх гэх ангилалд багтав. Англи хэл уг киноны турш гол нурууг даах мөртлөө кино хорхойтнуудын зүрхэнд утга үл тодорхой ч бай, франц хэллэгүүд л хамгийн тод үлдсэн байх.
1960-аад оны Франц орон бол мөрөөдөгчдийн мөрөөдлийн орон байв. Тэнд, Парист, Изабелла, Тео хоёр шалгар үст, дур булаам, доль цохисон америк эр Мэтьютэй таарна. Тэд яг тохирох гурвал мөн гэдгээ анхны харц тулгаралтаар л мэдэрч, яг тэр оройноо франц хэл горилсон америк эр Парис соёлтой нүүр тулж буйгаар кино эхэлнэ. Хэзээний эрх чөлөөтэй, эцэг эхийнхээ дэргэд тамхи сорж, элдвийн хараал урсгахаа юман чинээ тоохоо больсон тэднийг хараад Мэтьюгийн төрөлх америк хүмүүжил ёстой л тархин дотроо галзуурах шахсан даа. Гэрэл унтарлаа, мөрөөдөгчид ажилдаа орох нь тэр. Цахилгаан гэрэл биш, лааны гэрэлд түүх ярих зуур галзуу Франц эмэгтэй Изабелла Мэтьюгийн ёсорхуу америк хүмүүжлийг таягдан хаях тачааллын үнсэлтээ түүнд бэлэглэв. Энэ мөчөөс л киноны хорхойтой мөнхийн жаалууд тэнэг, увайгүй, зөвхөн мөрөөдөлд л амилах бүхнийг бодит ертөнцөд буулгах оролдлогуудаа эхэлнэ дээ. Гэхдээ бүгд баргийн хүн хүсэх байтугай харж тэвчихээр эд биш. Ахынх нь дэргэд дүүтэй нь тачаал үйлдэж, аавынхаа цуглуулга дахь бүхий л хуучны, тансаг дарсны бөглөөг мулталж, гудамжнаас хог түүж, олсон гадилаа хувааж идэх, угаалтуур руу хөнгөрч, түүнд “дүрсэн” сойзоор амаа цэвэрлэх, ёстой мөрөөдөж л болох зүйлс.
Гэртээ майхан засаж (мэдээж дэсвгэрийн даавуу сэлтээр), төөрмөөр олон кино таалцаж, ялагдагсад ханатай хамт гар хангалга хийх зэргээр хүний ухаан санаанд багтах хийгээд үл багтах бүхэнтэй тулгарна. Америк хүмүүжил холын холд гээгдсэн. Түүхэнд үлдсэн, франц залуусын цуст тэмцлийн хүрд эргэх хүртэл буюу 1968 оны тэр нэг өдрийг хүртэл тэдний мөрөөдлийн амьдрал үргэлжилнэ. Эцэст нь сонголт. Засаг солигдох үед чөлөөтэй мөрөөдөхийг хүссэн хоёр франц тэмцлийн жагсаалд хоолой нэмнэ. Мэдээж Мэтью дагаастай. Үнэндээ ганц цагдаа нарын өөдөөс биш новшийн социалист дэглэмийн хана руу чулуудах галт лонхыг ноцоох үүргээ нэр төртэйгээр биелүүлэх гэсэн Тео Мэтьюд анх удаагаа галзуу туйлшрагч мэтээр харагдсан. Сэтгэлийн жолоог нь хэдийн алдуулсан франц бүсгүй, түүний зургийн дотоожиндоо нандигнан хадгалж, хожим халуунхан улайлттай нүүр тулгарсан Мэтью хоёр эцсийн сонголтын цэгт хамтдаа зогсоно. Гэвч Изабелла мөрөөдөлдөө үлдэхийг илүүд үзсэн юм. Ахынхаа гараас атгаад цуст тэмцлийн фронт руу галт лонхоо тэврэн одно. Мэтью харин... Мэтьюд мөрөөдөхөд хэтэрхий муу санаатай америк эр байснаа илчилнэ. The End.
Мэдээж энэ киноны амтыг тэр чигт нь буулгах амар даваа биш, надад. Харин та хэзээ нэгэн цагт мөнхийн мөрөөдөгчдийн зогсоолд 115 минут саатаарай. Үүрд үлдэх ч юм билүү, хэн мэдлээ!

Jun 14, 2011

Хүчирхийллээр дүүрсэн хүүхэлдэйн кино буюу Anti cartoonism





Хүчирхийлэл, садар самуунаар дүүрсэн энэ нийгэмд хүүхдэд байтугай эрийн цээнд хүрсэн нэгэн ч хиртхиймээр олон саарал үзэгдэл дунд бид амьдарч байна. Зөвхөн кинон дээрээс л хардаг байсан элдэв самуунтай халз тулах нь хэвийн үзэгдэл болтлоо идээшиж, аллага, хууран мэхлэлтээр дүүрч, ёс суртахуун гээчийг холын холд булшилж орхисон энэ нийгмийн бурангуйн сүүдэр хүүхдэд л бүү тусаасай гэсэндээ хүүхэлдэйн кино, үлгэрийн ертөнцөд нь орхиод тайван амьдрах нь зөв шийдэл бололтой. Гэвч зурагтын өмнө тэднийг үнэхээр үлгэрийн сайхан ертөнц угтдаг уу?


“Happy tree friend” буюу “гоё” аллага

“Happy tree friends” хүүхэлдэйн киноны Флэки, Гигглэс, Хэнди зэрэг өхөөрдөм баатрууд дэлгэцийн өмнө чухам ямар үзүүлбэр үзүүлдгийг та мэдэх үү. “Мөстэй нүдний ундаа” гэх анги нь эрт урьдын цагийн тайван сайхнаар эхэлж, Гиглес, Петуниа нар зуны халуун өдөр мөстэй ундаа найруулж, эгдүүтэй гэгч нь инээж суугаагаар өрнөнө. Гэнэт ширээний дээрх самбар унаж, Петуниагийн нүүрний талыг хуу хамж, цус нөжтэй нь холих бөгөөд удалгүй Гиглесийн дээрээс ч мөн унаж, хоёр нүдийг нь бүлтэлж орхино. Петуниа нүүрээ даавуугаар битүү ороосон тул лемон хэмээн андууран Гиглесийн нүдтэй ундаа найруулна... Эрээ цээргүйгээр дүрсэллээ хэмээн бүү ундууц, таны хүүхдийн үлгэрийн ертөнц ийм л зүйлээр дүүрсэн байгаа нь эмгэнэл. Зөвхөн Youtube цахим хуудсаар дээрх бичлэгийг 32 сая хүн үзсэний 74 хувь нь хүүхдүүд байсныг АНУ-ын Хүүхэлдэйн кино бүтээгчдийн холбооныхон тогтоосон хэдий ч арга хэмжээ авч зүрхэлсэнгүй. 10-аас дээш насныханд зориулсан гэх үгээр кино бүтээгчид тэдний амыг тагласан аж. Хэрэв үнэхээр тийм бол, хүүхдүүд 10 нас хүрээд л хүчирхийлэл, аллагад бэлтгэгдэх нь зүй ёсны хэрэг болох биш үү. Хамгийн эмгэнэлтэй нь юу гээч, хүүхдүүд ийм дүрслэлд ер цочирдохоо больсон.

Хорвоо дэлхийн хатуу үнэнтэй нүүр тулаагүй тэд үзэж, харснаараа л төсөөлөх нь аргагүй ч лав дээрхийн адил төгс хүчирхийлэл, “хөгжилтэй” гэмт хэргийн ертөнцөөр тархи цэнэглэж байгааг хэрхэн тайлбарлах ёстой юм бэ?
Тоглоомын хувьсал
1980-аад оныг хүртэл хүүхэлдэйн кино үзэл суртлын чухал зэвсэг байсан. Гэвч үүний буруу гэж байсангүй, эв хамтач байх, сургуульд сурах нь хэчнээн чухал болох, аав ээжийгээ хайрлах, нөхрийнхөө төлөө зориг гаргаж, чин сэтгэлээсээ тусалдаг байхыг сургаж, социалист орнууд хүүхэлдэйн киног үзэл суртлын болон ёс суртахууны нарийн шүүлтүүрээр шүүдэг байв. Мэдээж энэ дунд нэг хүнийг тахин шүтэх үзэл, схематизм (зөрчилгүйн онол) гээч нь жинхэнэ утгаараа биеллээ олдог байсан ч сайханд тэмүүлэх үзэл нэвт шингэсэн байдаг. Бүх цаг үеийн сонгодог жишээ, эсрэг тэсрэгийн туйл хэдий ч “Том, Жерри хоёр”, “Ну Погоди”-гийн баатрууд хэцүү цагт биедээ тусалдаг, муу бурангуйг нь илчилдэг, засаж залруулдаг байсан нь хүүхдийн сэтгэхүйд эерэг туяа цацруулж байсан үнэн. Гэвч 1980-аад оны дундаас харь гаригийн үй олон, тулаанч баатрууд хүүхдийн ертөнцтэй нүүр тулсан. Бэтмэн, супермэн гэхчлэн үнэмлэхүй төгс баатрууд хүн ардыг амар тайван байлгахад зүтгэдэг ч үй олон цуст ялалтууд, аллага, хүчирхийлэл хүүхдийн ертөнцийн хаалгыг хэмх өшиглөн орж ирсэн. Сайн үйлийн төлөө л зорьж байвал хэчнээн хүн алах нь хамаагүйн дээр аллагыг илүү нарийвчлан дүрслэхийг шаардах болтол нь хүүхдүүдийг дасгажээ. Үр дүнд нь эцэг эхээсээ тэжээвэр амьтан, тоглоомон машин, дугуй хүсдэг байсан хүүхдүүд Бэтмэн, Супермэний тоглоом, буу шийдэм, сэлэм зэвсэг нэхэх болсноор илрэв. Хүүхэлдэйн киноны ёс суртахууны нөлөөллийг судалдаг эрдэмтэн Жонн Кэш “Алуурчин улаан лооль”, “Муу бөмбөлгүүд”, “Жинхэнэ мангас” зэрэг хүүхэлдэйн киног хүүхдийн киноны жагсаалтаас хасах санал гаргасан ч тодорхой шийдэлд хүрсэнгүй. Хүүхдийн киноны ёс зүйн код гээчийг гаргуулснаар түүний тэмцэл эцэслэсэн ч гэлээ цахим ертөнцтэй нүүр тулсан өнөөгийн нийгэмд хэн юу үзэж байгаад анхаарал хандуулах завтай хүн алга болж, эрх чөлөө гэх холбоо үгээр л асуудлыг шийдсэн юм.
Насанд хүрэгчдэд зориулав
2004 онд судлаач Расиз Борсон хүүхэлдэйн киноны нөлөөллийн талаар нэгэн бүтээл дэлгэсэн нь жинхэнэ шуугиан тарьсан юм. “Насанд хүрэгчдэд зориулав” гэх уг бүтээлд садар самуун агуулга хүүхэлдэйн кино ертөнцтэй холбогдсныг илчилсэн нь олон мянган эцэг, эхийг цочирдуулсан мэдээ байв. 2000 оноос үлгэрийн баатруудыг оролцуулсан “хүүхэлдэйн порно” кино гарч эхэлсэн бөгөөд Том, Жерри, Үнсгэлжингээс эхлээд Цасан гуа ба долоо одой ч оролцжээ. Хэдийгээр эдгээр киног насанд хүрэгчдэд зориулсан гэх боловч цахим хуудсанд огт ангилан ялгалгүйгээр байрлуулж байгаа нь хүүхдүүдийг садар самуунд уруу татаж байгаа гэмт хэрэг мөн хэмээн тэр бичсэн юм. Гэвч энэ асуудал ч мөн шийдэлд хүрээгүй бөгөөд 10 настай хүүхэд хайртай үлгэрийн баатрынхаа зурагтай кино хуудсыг харж, өнөөх цочирдом бүхнийг нүүрний хувиралгүй үзэх “эрх чөлөө”-тэй болсон.
Удалгүй “хүүхэлдэйн порно” анхны тохиолдол байгаагүйг илчилж, Роберт Земекисийн “Молтогчин Рожерийг хэн молигодоод байна вэ” хүүхэлдэйн киноны гол дүр Жэссика Раббитыг хүүхэлдэйн кино ертөнцийн садар самуун дүр хэмээн цоллов. Түүнийг “People” сэтгүүл XX зууны секс симболуудын тоонд багтаасны дараа эцэг эхчүүд чухам ямар хүүхэлдэйн киногоор хүүхдүүдээ зугаацуулж байгаадаа дүгнэлт хийх хэрэг гарсан юм.
“Муу хүн үхэх л ёстой”
1940 онд найруулагч Жорж Швиммерийн тодорхойлсноор хүүхэлдэйн киноны баатрууд заавал эсрэгцэх ёстой байв. Энэ томъёо өнөө хэр хүчинтэй оршиж байгаа хэдий ч ихэнх хүүхэлдэйн киноны төгсгөлд эсрэг талын баатрууд зөвхөн үхэж дуусдаг хэв шинжийг бий болгосон. Үүний нөлөө нь хүүхдийн сэтгэхүйд өш хонзонгийн туйлдашгүй үзэл болон соёолж, муудалцсан найзыгаа хашраах, ядаж л нэг цохиж байж тайвшрах, эцэг эхдээ ховлох зэргээр ер түүний мууг үзэж байж л сэтгэл амрах мохошгүй тэмцэгч болон хүмүүжүүлж байна. Шрек өөртэй нь эгээ л нэг зорилготой байсан өрсөлдөгчөө устгаж байж амар сайхандаа жаргаж, Рапунзел өөрийг нь 16 жил тэжээсэн өргөмөл эхээ (хэдий хорон санаатай ч) хөнөөж, Бэтмэний хүчирхэг тэмцлийн дунд хэчнээн байшин барилга сүйрч, эвдэрч, гэмгүй хүмүүс өртөж байлаа даа. Гэлээ ч энэ бүхэн хүүхдийн сэтгэхүйд сайн үйл л хийж байвал хүн алах нь ердийн үзэгдэл мэтээр бууж буй нь эмгэнэлтэй.
“The end”
Дэлхийн кино бүтээгчид болон судлаачид хүүхэлдэйн кино жинхэнэ үүргээсээ хэдийнэ ангижирч, нийгмийн харанхуй, бурангуйтай үй зайгүй холбогдсоныг илчилсэн хэдий ч шийдвэрлэх гарц өнөө хэр олоогүй байна. Өнөө цагт ихэнх хүүхэлдэйн кино элдэв янзын баатар бүтээхэд л анхаарахаас бус түүнд хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга байгаа эсэхэд огтхон ч анхаарахаа больсон. Том, Жерри нар хамтдаа тамхилж, Бэтти тасартлаа согтож, Гиглес нүдтэй ундаа ууж, Фионагийн хүн алж байгаа дүрслэл хүүхдүүдийг хиртхийлгэхээ огт больсон. Таван настай хүүхэд ч ийм зүйлд дасал болсон ирээдүйгээс бид ямар хүн хүлээх вэ?