Jul 30, 2011

Эгшиглэн-э

Ширээн дээрээ чихээ наа даа. Тэгээд сонс. Ер бусын эрчимлэг, исэж шуугисан, бачимдсан эс бөгөөс байж ядсан сэтгэлийн эрчим тэндээс дуулдана. Үүнийг хэний хүүрнэсэн эгшиг гэх вэ. Ширээнийх үү, модных уу? Ширээгээ тогш, маажиж бас үз. Ердийн чимээ хэрхэн ер бусын болж буйг сонсож байна уу. Эгшиг, аялгуу гэгч чухам хэзээ үүссэн юм бүү мэд, ямартаа ч балар эртний хүмүүст уй гунигаа нуух, сэтгэл хөөрлөө хязгаарт нь хүргэх дэм байсан л байж таараа. Тэд байгальтайгаа илүү ойртож, хүрхрээний ойролцоо суух эсвэл ой гүнд шувуудын найрлыг сонсож тайтгардаг байсан болов уу даа. Ямартаа ч тэд аялгуу, эгшигийн сайхныг мэдэрч таньдаг байсан учраас өнөө цагт уламжлаа биз.
Төрөлхийн сонсголгүй хэн нэгэн голын хөвөөнөө чимээ чагнан сууж байгаатай таарсан зарим нэгэн юу хийж суугааг нь дохио зангаагаар асууж л дээ. “Би аялгуу сонсож байна”. “Яаж чи,...”. “Хоосон, хоосныг чагнаж байна”. Хоосноос аялгуу гардаг гэж үү? Огт чимээгүй эгшиг хүүрнэж болдог юм уу? Үнэндээ үнэхээрийн сайхан дуу зарим үед ямар ч эгшиггүй, хоосон зөвхөн дуу л дуугараад байдгийн учир энэ байх л даа. Үгүй ч байж мэднэ. Эгшиг хүнийг хүн хэвээр нь үлдээх хамгийн чухал зэвсэг. Тэнгэрт дүүлж, тэрнээс цаана юу байдгийг мэдэх хүслийг өдөөж, сэтгэл хөдлөлийг бүр дээш нь авч оддог хэрнээ зарим үед шархалсан зүрхийг бүр илүү, бүр хэрцгийгээр нухчин дарж, зориг итгэлийг мохоож орхино. Тэгснээ маргааш нь, нөгөөдөр нь ахиад л өөр сэдэл төрүүлнэ. Эгшиг өөрчлөгдөнө гэж үгүй байх. Харин үүнийг хүлээн авах зүрх сэтгэл л хуурамч, хувьсамтгай, хэврэг байдаг биш үү. Мэдрэмж ч бас хуурамч.
Өнөөдөр сонссон дуу хэзээ нэг өдөр үзэн ядалтын хар эгшиг хүүрнэнэ. Тэгснээ бүр дараа, хэзээ хойно нь өнөөх л анхны, эхний романтик өгөгдлүүдтэйгээ буцаад ирнэ. Яг л насаараа хайрласан, үгүй ядаж нэг, хоёр удаа зүрхэнд хүрч догдлуулсан хэн нэгнийг хожим нь байдаг л нэг, ер бусдаас ялгарахааргүй болохыг нь таньдаг шиг. Тэгснээ тэр энгийндээ өөрөө ч дасаж эхлээд, түүнгүйгээр хорвоо ертөнц тогтох учиргүй гэдэгт бат итгээд хорвоо дэлхийг хөдөлгөж, амь оруулж байгаа торгон цэгийг биесээ хэмээн найдна. Хэний ч тоглож чадахааргүй тийм эгшиг...
Хоёр аяга чихэндээ наагаад сонсдоо. Юу мэдэрсэн бэ? Эх газраас халиад тэнгэрт нисэж, үүлэнд умбан алдах мөчид л ийм чимээ сонстож, тэр үед чи дэлхийн дээр эсвэл дэлхий чиний дээр эсэхийн үл тоон хөөрөөд хөөрөөд л баймаар. Эгшиг хүчтэй. Гарт баригдаж, нүдэнд харагдахгүй хэрнээ хамгийн эмзэг, хамгийн хүчирхэг, хамгийн ойлгомжгүй “эрхтэн” болох сэтгэл, зүрхтэй учраа олчихно. Алив хамт нэг сайхан эгшиг мэдрэе, аль дуртайгаа л тавьчих.
Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэх үгийн үнэн худлыг дуу сонсож байгаа хүнийг хараад мэдэрч болно. Нүдээ анина, эс бөгөөс нүд нь энд биш, хаа хол миний мэдэхгүй, зөвхөн тэр хүний л мэдэрч таних газар тэнүүчилж байхыг харна. Зарим нь уйлна. Сэтгэл урсана...
Эргэн тойрон тэр чигтээ аялгуу. Өндөр өсгийтийн товших чимээ, сэнс эргэлдэх, дэвтрийн хуудас салхинд нэгэн хэмнэлээр хийсэх, шувууд нисэн өнгөрөх, keyboard-оо дарах, хатуу цаасан дээр харандаагаар бичих... энэ бүгд өөрийн өнгө нотоор, өөр хэмнэлээр эгшиглэнэ. Зарим нь анзаарна, зарим нь үл ойшооно. Амь бодьгүй л гэнэ, тийм байтлаа... Эгшиглэн-э.
Одоо хоосныг мэдрэх цаг ирлээ. Чимээ гаргаж болох бүхний амыг хамхиад эсвэл дуу намсгагч чихэндээ хийгээд нүдээ анья. Нээлттэй байж болно. Гол нь мэдрэх. Тэндээс хоосны эгшиг эгшиглэн-э. Хоосон эгшиглэн-э. Хоосон... Эгшиглэн-э...

Jul 21, 2011

Өвөл өнө мөнх



Зуны уйламхай, уйдамхай өдөр өвлийн тухай бодож сууна. Тэр өвөл, өнгөрсөн өвөл жаварт хацраа хайруулан, чихээ даран гүйж байхдаа зуны яг ийм нартай, бас бороотой ялдам өдрүүдийг тэсгэлгүй хүлээж байснаа санав. Харин одоо хүлээлттэйгээ нүүр тулж, хурц нар ээсэн, бороон дуслуудтай зуныг харамгүй мэдэрч байгаа хэрнээ юу бодож сууна вэ, давруу ч бол доо.
Зун цас ордоггүй, бие, сэтгэлийн дулаанаа бие биедээ харамгүй өгөхгүй. Хайр сэтгэл ч байдаггүй, халамж бүр ч хүлээлтгүй. “Хонгор минь гадаа хүйтэн байна, хоноод явах уу”... Зун цонх цантдаггүй. Халуун кофетэй аяганд алгаа дулаацуулан, хацар улайн суудаггүй. Цонхны цасыг ханцуйгаараа арчиж, тэр завсраар цагаан дэлхийг харах зуур цонх дахиад л цантчихна, үлээж үзнэ, аягатай кофегоо ахиад нэг балгана...
Гадаа + 29. Харин миний сэтгэл зүрх хасах хэм рүү тэмүүлэх юм. Өвлийн тухай улигт бодол зун л хүчтэйгээр сэдрэнэ. Цасгүйд цасны тухай бодох нь л хамгийн таашаалтай бололтой. Учир нь ирэх өвөл зуны танхил өдрүүдийг дурсана. Мэдрэмж ийм хуурамч, хувирамтгай.
Улаанбаатарын өвөл өвөл биш, цас нь ч цас биш болсон. Гэхдээ зуны өдрийн бодолд утаа, саарал цас алга. Гацуур модонд тогтсон цасны нандин ширхэгүүд, цаадхан талд нь цантсан цонхтой модон байшин, бүдэг шар гэрэл. Шинэхэн орсон цасан дээр гуталны хээ тогтсон байх вий, хэн нэгэн тэнд байна... Шатам халуунд сэнсээ залгачихаад, хүйтэн кола шимих зуур иймэрхүү л дүрслэл толгойд буух юм, зун л бид өвлийг эд эсээрээ мэдрэх юм даа. Яг л хайр дууссаны дараа бүхий л сайхныг нь мэдэрдэг шиг.
Бороонд норсон бүхэн үзэсгэлэнтэй харагддаг. Яагаад ч юм хүний жинхэнэ гоо үзэсгэлэн тэнд... будаггүй, баггүй, нойтон. Харин цас бүхнийг ариусгадаг гэдэгт би итгэдэг. Бүхнийг цагаан өнгөөр будчихдаг болохоор тэр биз. Тайван амгалан, даарах нь хүртэл зовлонтой биш. Том том цасан ширхэгүүд тэнгэрээс будраад л, бороон дусал шиг яарч биш, ер бишийн тайван. Удахгүй шинэ жил болно доо гэж бодох нь нэг л гоё, чамин мэдрэмж төрүүлнэ. Яг тэр үед их хотын хөл хөдөлгөөн саарч, сэтгэлдээ байх бүхий л сайхнаа эргэцүүлэх, аз жаргал бэлгэлэх хүн хоорондын хамгийн нандин харилцаа цастай өвөл л өрнөнө. Яг одоо цас орвол, яг одоо гараад гүймээр... Гэвч энэ зун.
Амьдралдаа цас, өвөл ямар байдгийг мэдэхгүй нэгнийг бодвол надад дурсамж, хүлээлт, итгэл бий. Дэлхий жилээс жилд дулаарч, цастай өдрийн тоо багасаж байгаа л гэх. Азаар бидэнд өвөл сайхан дурсамжаа харамгүй өгсөн. Хөгжил дэвшилийн оргил үед амьдрах ирээдүйгээс дурсамжаараа бид ялгарна. Тэр хөгжлөөс нь холын хол ч гэлээ бид байгальтайгаа илүү ойрхон аж төрж байна. Зун дуусна, өвөлтэй учрахын тулд уйтгарт намраар дайрна. Гэвч өвөл бөмбөрцгийн хаа нэгтээ л яваа, мөдгүй ирнэ. Энд зун, тэнд өвөл.
Эх дэлхийн анхны цас хэзээ хаана ороод, эцсийн бас хэзээ, хэрхэхийг бид мэдэхгүй. Гэвч үхтлээ амьдрах эх газарт өвөл хэзээ ч дуусахгүй.
Яг одоо цас орж байна. Сэтгэл доторх дурсамжийн орон зайд цасаар шуурч, жавар тачигнасан өвөл, бага нас маань цонхны цаана цагаахан ертөнцийг ширтэн зогсоно. Цас ороод л, ороод л, орсоор л байна гэнэ ээ. Өвөл бүхэн дандаа урт, өнгөрсөн хойно нь л богинохон санагддаг хойно.

Jul 20, 2011

Өс хонзонгийн гарын авлага



Би хоёр дүүтэй. Нэг нь гурван настай, нөгөө нь дөнгөж ой гарч яваа дүү охидтойгоо наадмын өдрүүдэд хамт байж, хүүхдийн ертөнцөөр хэд хоног аялах үүрэг гүйцэтгэв. Ер бишийн дураараа, санаж бодох юмгүй, хөргөгчөө хоосолж, амттанд бялуурч, хамт тоглож, хүүхэлдэйн кино үзэх зуураа хэд хэдэн “нээлт” хийлээ. Харамсалтай нь энэ сайн мэдээ биш. Үнэндээ тоглоомыг нь өрөөд, зурагтын өмнө уячихдаг тэд маань юу үзэж, юу туршиж байгааг хараад эмзэглэхгүй байж чадсангүй ээ. Хүүхэд гэдэг цэвэрхэн цаас. Тэр цаасан дээр бид сайн сайхан бүхнийг л зурж үлдээхийг хүсдэг ч энэ нийгмийн бараан сүүдэр хүүхдийн ертөнцтэй харин ч үлэмж тунгаар хутгалдаж байгаа юм бишүү. Тэд барбигаа үе мөчөөр нь салгаж, хооронд нь зодолдуулж байгаа мэтээр наадаж, хамгийн эмгэнэлтэй нь үүнийгээ тэд өөрсөд дээрээ туршиж байгааг хүүхэд насанд тохох аргагүй. Тэд өөрсдөө үүнийг сэдсэн юм биш үздэг хүүхэлдэйн кино нь зааж өгдөг. Монголын телевизүүд нэг үеэ бодвол хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кинонд зориулах цаг нь ихэссэн нь сайшаалтай. Харин тэдгээр нь үнэхээр хүүхдэд зориулсан, тэдний нас сэтгэхүйд тохирсон байдаг уу гэдэг л эргэлзээтэй.
“Би чамайг буудна”
“Хөгжилтэй бөмбөлөгүүд”, “Маша, баавгай хоёр”, “Луут бөмбөг Z”, “Наруто” “Спонж Боб” зэрэг цуврал болон “Кун фу панда”, “Тоглоомын түүх”, “Алвин ба жирхнүүд”, “Wall E”, “Найман галзуу шөнө” зурагтаар хамгийн их гардаг хүүхэлдэйн кинонууд. Таны хүүхдүүдэд хамгийн ойр “багш” нь эд. Гэвч ихэнх нь хүүхдийн нас сэтгэхүйгээс хэтэрсэн, аллага хүчирхийлэл бүхий дүрслэлээр баялаг байдаг. “Наруто” зэргийг бол зүрх муутай том хүн үзэхэд ч эвгүй юм. Үүнээс болж хүүхдүүд “Наруто”-гийнх шиг сэлэм, зэвсэг нэхэж, үүгээрээ үзсэн харсан бүхнээ найздаа эсвэл дүүдээ турших болов. Асуудлын гол нь үүнд биш, хүүхэлдэйн кино үздэг хүүхдүүд туйлдашгүй өш хонзон авагч болон хүмүүжиж байна. “Би чамайг буудна”, “Надтай тоглохгүй бол чамайг ална шүү”, “Найзаа хоёулаа буудалцаж тоглох уу”... хүүхдийн өрөө рүүгээ шагайвал тэд ийм л харилцан яриа өрнүүлж суугаа даа.
“Өш хонзонгийн гарын авлага”
Саяхан Германы судлаачид хамгийн алдартай хүүхэлдэйн киноны нэг болох “Астерикс Обеликс хоёр” цувралын зөвхөн нэг ангид эрүүгийн гэмт хэрэгт хамаарах 704 үйлдэл гарч буйг тогтоожээ. Тэр дундаа Обеликсийн толгой руу Гаул 400 удаа цохидог аж. Тиймээс Германы хүүхдийн нийгэмлэг дээрх хүүхэлдэйн кино болон “Том Жерри”, “Скүүби Дүү”-г хүүхдэд үзүүлэхгүй байх санал гаргажээ. Кино шүүмжлэгч Томас Турнерийн хэлж буйгаар дээрх кинонууд буруу зүйл хийсэн хүнээс өшөөгөө авах, тэгэхдээ бүр хэрцгийгээр, болж өгвөл алах ёстой гэсэн мессежийг хүүхдэд өгч байгаа гэж үзжээ. Муу хүүхэд гэж байдаггүй, муу хүмүүжүүлэгч л гэж бий гэдэг. “Кун фу панда” хүүхэлдэйн кинонд багшийнхаа өөдөөс тэрсэлсэн ирвэсийг бүх насаар нь шоронд хорьж, улмаар түүнийг хороосноор амар сайхандаа жаргаж байх жишээтэй. Ирвэсийг алсан баатар По панда хүүхдүүдийн шүтээн болж байгаа гээд бод доо. Бас л тулаанч баатар, сайн үйлийн төлөө цус аллагууд үйлддэг Наруто Монголын хүүхдүүдийн дунд “од” болж байсан цаг саяхан.
Гурван настай Т.Одончимэг маань дүү нь өөрийнх нь тоглоомыг булаасныг надад ирж мэдэгдэв. Асуудлыг зохицуулахын тулд би түүнд тоглоом булаах хэчнээн муу тухай лекц уншиж, ахиж тэгэж болохгүй гэдгийг хатуухан ойлгуулахын тулд загнаж үзэв. Хоёр талд уйлалдаж, дүүг нь загнасны дараа Т.Одноо сая нэг тайвширч, өрөө рүүгээ орж байна. Энэ ноцтой зүйл биш л дээ, хүүхдүүдийн хооронд байдаг л харилцаа. Гэхдээ үүний цаана өнөөх л өш хонзонгийн сэтгэл, дайсныг дарахын тулд юу ч хийсэн болно гэх “багш”-ийн зөвлөмж явж байгаа юм даа.
+25
Лалын шашинт орнууд, тэр дундаа Пакистан улс шашины агуулгатайгаас бусад хүүхэлдэйн кино гаргахыг хориглосон байдаг. Энэ нь хүүхдийн эрхэд халдаж байгаа хэрэг боловч үнэхээр л өнөө цагийн хүчирхийлэл дүүрэн хүүхэлдэйн кинонуудыг үзээгүй нь дээр ч юм шиг. Хүүхэлдэйн киноны дэлхийн томоохон суваг болох “Cartoon network” өнгөрсөн онд нэлээдгүй шүүмжлэлтэй тулгарсан. Эцэг эхчүүд энэ сувгийн нэвтрүүлдэг хүүхэлдэйн киног +25 ангилалд багтааж, хүүхдүүдэд булай бүхнийг харуулж байгааг эсэргүүцэж байв. Гэвч асуудал шийдэгдээгүйн улмаас эцэг эхчүүд хүүхдийн үзэж буй кинонд шалгалт явуулж, кабелиар дамжуулан хянах болсон. Харин манайд энэ асуудлыг зохицуулах газар байдаг уу. Хүүхэлдэйн киног ангилах байтугай, зурагтаар нэвтрүүлж байгаа садар самуун нэвтрүүлэг, аллага хүчирхийлэл бүхий киног хүүхэд үзэж болох, болохгүйг заасан тэмдэглэгээ байдаггүй. Өнгөрсөн жилээс л зарим суваг бөмбөлөгөөр ялгадаг болсон байна лээ. Гэхдээ энэ төгс шийдэл биш. Өнөөгийн хүүхэлдэйн киног хүүхдэд биш, +18 ангилалд оруулах зүйтэй бололтой.
Амар сайхандаа жаргахаас өмнө
Монголд хүүхэлдэйн кино хөгжөөгүй нь яамай даа гэж баярлах ёстой юм шиг. Гэсэн ч гаднын кинонууд Монголд чөлөөтэй нэвтэрч байгаа учраас ялгаа алга. Саяхан “Монгол ардын үлгэр” гэх хүүхэлдэйн киног дүү нартайгаа үзэв. “Долоон бор оготно”, “Үнэг, шаазгай хоёр” зэрэг үлгэрүүдийг дүрсжүүлэн бүтээсэн байна. Гэвч энд ч мөн сайхан зүйл алга. “Шар тос хулгайлсан дүүгээ зургаан ах нь зодсоор байгаад алчихжээ...”, “...дайснаа дарж амар сайхандаа жаргажээ” л гэнэ. Дүү нар маань эндээс чихэр булаасан нэгнийгээ алдаггүй юм аа гэхэд зодох ёстой юм байна гэдгээс өөр юу ухаарах вэ дээ. Ашиг олохын төлөө хэн ч юу ч хийж болно, үүнийг бид харин ирээдүйгээсээ нуух ёстой биш үү. Хүүхэд бол цав цагаан цаас. Харин тэр цаасан дээр бид юу бичих вэ?

Jul 8, 2011

Зургаан дусал эгшиг



Цонх цантчихаж. Шалтгаан нь цас биш, борооны ялдам дуслууд. Урсаад л... Бороонд норох яагаад шүршүүрийн дор зогсохоос ялгаатай байдаг, зуны танхил өдрүүдийг хүсэх тачаал бороон дуслаас үүдэлтэй болохыг, тэгэхдээ бүр өвөлжин хүлээсэн цэлмэг тэнгэр, нарны тусгалыг ор тас мартаад бүрхэг саарал тэнгэрээс дуслах эгшиг чимээг сонсох... Элдэв эрсдэлийг хойш тавиад аадар бороонд шүхэргүй гүйх галзуу хүнд л тохирох үйлдлийг турших ямар вэ?
Гол нь үнэр. Бороонд норсон шорооны үнэр... би галзуураагүй ээ, тэр хамгийн гоё таашаал. Хамгийн гоё... Таашаал!

Singing in the rain- Жен Кэлли
1929 оны шуугиант бүтээл “The Hollywood music boz revenue мюзиклийн гол дүр Дорис Травис энэ дууг анх амилуулж, Аннет Хэншоу, Норма Ширер, Жон Серри нарын ам дамжсан ч гэлээ 1952 оны “Singing in the rain кинонд Жен Кэлли сэтгэл хөдөлгөм дуулсны дараа л дэлхий нийтийн хүртээл болсон юм. Зарим нь борооны сүлд дуу ч гэдэг. Дурласан залуугийн сэтгэл хөдлөлтэй сүлэлдсэн борооны эгшиг ямар романтик болохыг Жен Келлид атаархсан сая сая залуугийн зүрхний цохилтоос мэдэрч болно. Өнөө цагийн үзэгчдэд түүний хөдөлгөөн солиотой харагдаж мэднэ л дээ. Гэхдээ 1952 оны дурлалын сэтгэл хөдлөл үүнд буруугүй. Артур Фрийд, Херб Браун нарын бүтээл бүх цаг үеийн хамгийн шилдэг дууны жагсаалтад гуравдугаарт бичигдэж байв. Энэ гол биш, бороо!
Let ir rain”- Трэйси Чэпмэн
Хит биш шүү. Гэхдээ борооны эгшигт дурлагсдын архивын үнэ цэнэтэй сонголт байж мэднэ. Грэммийн дөрвөн удаагийн шагналт, блюз ноёнтон Трэйси Чэпмэнийн зургаа дахь цомог “Let it rain”-д багтсан энэ дуу 2002 онд мэндэлсэн ч хөгжмийн чартуудад амжилт олоогүй. Өөрийнх нь хэлснээр энэ “нийтийн дуу” биш л дээ. Гитарын зөөлөн хэмнэл, аргадах мэт намуухан хэмнэлээс та тэртээ холд гээсэн итгэлээ тэмтчих санал тавина. Хайр дурлалыг түр мартаад, зүрхээ мэдэр. Эзэнгүй хот, эл хул гудамж, саарал төрх... март аа, бороон дуслыг чагна.

Rain- Битлз
Ливерпулийн дөрвөлийн даруухан бүтээлүүдийн нэг. 1966 оны зургадугаар сард Леннон, Пол хоёрын мэдрэмжээр бүтсэн энэ дууны клип сонирхолтой. Яг үнэндээ хүлэмж дамжин алхах тэдний үйл хөдлөл сонирхол татам биш л дээ. Тэгэхээр сонирхол татахгүй байгаа нь л сонирхолтой хэрэг биш үү. “Бид энэ дууг үүрийн 04.00-05.00 цагийн хооронд бүтээсэн. Амархан бүтээл гэх байх л даа. Гэхдээ тэр нэг цагийг бид хэрхэн өнгөрүүлснийг мэдэхгүй учраас ийн дүгнэх нь амар биз. Магадгүй зөв ч байх” хэмээн Леннон ярьсан байдаг. 1960-аад оны “рок бороо” хожим кино болсон түүхтэй.

Purple rain- Принц
Бороо ямар өнгөтэй байдаг юм, бүү мэд. 1984 онд харин ягаан бороо орсон гэнэ билээ. Өнөө ч хаа нэгтээ орсоор л байдаг гэх. Принцийн “Purple rain” цомогт багтсан энэ дуу 1990-ээд оны хамгийн алдартай “бороо” байв. Рок, поп, госпел, оркестрал жанрын холимог энэ дууны үг, аяын Принц өөрөө бичсэн юм. 8:41 минут эгшиглэх “Ягаан бороо”-ноос тайван амгаланг эвдэх ер бишийн догшин шинжтэй. Гэхдээ хэмнэлтэй хилэн. Принцийн “Purple rain цомогт хөгжмийн шүүмжлэгчид өнөө ч алга ташдаг. “Тime” сэтгүүлийн бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгийн жагсаалтад багтсаж байв. “Ягаан бороо”-нд норох таалагдсан юм байлгүй дээ.

Fira and rain”- Жэймс Тэйлор
Тэр бороо бас гал харсан. Би бороо, бас гал сонссон. Нэг нь дээш, нөгөө нь доош дүрэлздэг. Ялгаа юу байна. Энэ ардын дууны стильтэй хольсон рок уран бүтээл. Сонирхолтой. Жэймс Тэйлорын 1970 оны “Хонгор Жэймс” цомогт багтсан эл дуу 1970-аад оны залуучуудыг байлдан дагуулж, болзооны сүлд дуулал хэмээн нэрлэгдэж байв. Жэймсийн үг, аяар бүтсэн “Fire and Rain”-ээс бидэнд танил биш үнэр, амт мэдрэгдэнэ. Тэртээ хол хязгаарт гарцаагүй ганцаараа, нар мандахыг харах хүслийг бороон дусал, аялгуу бүдгэрүүлнэ, орлоно.

It’s raining men”- Марта Уош, РуПаул
Яагаад ч юм борооны тухай дуунд эр хоолой тохирдог юм шиг. Энэ магадгүй хайр дурлалын уламжлалт зохион байгуулалттай холбоотой байх. Гэвч “Weather girls” киноны энэ дуу бүсгүй хоолойгоор бүтэж, ганцхан сарын дотор зургаан сая хувь борлогдон, шуугиан тарьж байв. Зарим нь ижил хүйстнүүдийн сүлд дуу гэж ярьдаг л юм. 1982 оны бүтээл болох эл дуу хожим Диана Росс, Жэри Хэлливэлл, Донна Саммер, Шер нарын хоолой дамжсан юм. Гэлээ ч эх хувилбар нь сонгодог хэвээр үлдэж, өнөө хэр эрчүүдийн чихнээ “дусалж” байгаа. Хөгжим судлаачид пост диско, бүжгийн хэмнэлтэй хэмээн оношилсон ч ер бишийн намуун, тайван аяс цаана нь нуугдаж байдаг юм даа.