Aug 15, 2011

Д.Бум-Очир: Хүн байх нь хүсээд байхаар зүйл биш шиг санагддаг


МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч Ph.D Д.Бум-Очиртой ярилцлаа. Энэ хүнтэй уулзсаны дараа миний мэдэх хүмүүс хэн бэ гэдгийг дахин эргэцүүлэх хэрэг гарсан юм даа.

-Хүн судлаачид бидний оршин буй нийгэмд ямар үүрэгтэй хүмүүс вэ?

-Хүмүүс хүн судлаачдыг бодитой зүйл бүтээдэг эсэх шалгуураар буюу хэрэглээний талаас харах тохиодол бий. Ингэж үзвэл барилгачин шиг барьсан зүйл нь ил харагдахаар юм бүтээдэггүй. Харин хүнийг нийгэм, соёлын амьтан гэх талаас нь буюу яаж аж төрж, юу эрхэлж, нийгэмд хэрхэн оршиж байгаа талаас болон нийгэм нь өөрөө хүний бүтээл гэдэг талаас судалдаг. Хүмүүс алхам тутамдаа тодорхой ойлголтуудыг бүтээж байдаг. Жишээ нь, эмэгтэй хүмүүс нийгмийн хоёрдогч анги, энэ бол байгалийн жам гэнэ. Гэтэл хүмүүс физиологийн үүднээс л ялгаатай болохоос биш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх оролцоо нь жам биш юм. Эр хүн гэж хандаж байгаа ухагдахуун л хүнийг эрэгтэй болгож байгаа болохоос эрэгтэй хүнийг чи эмэгтэй хүн юм аа гээд л байвал тэр эмэгтэй л болно. Оюун ухаан, ухамсарынхаа хувьд шүү дээ. Тэгэхээр хүн судлаачид энэ мэт ойлгомжгүй асуудлыг судалдаг. Эрт үеийн өрнө дахинд хүн судлалын салбар хөрш орнуудаа ойлгох ухаан байсан. Үүнийг колончлолын зэвсэг ч гэдэг. Өдгөө хүн судлал колончлолын зэвсэг биш, харин ийм болгож болно. Үүн дээрээ тулбал кока кола ч колончлолын зэвсэг болж болох талтай шүү дээ.

-Өөрийгөө таних хамгийн хэцүү гэдэг. Та хүн судлаачийнхаа хувьд өөрийгөө хэр нээсэн бэ?

-Өөрийгөө мэргэжлийн үүднээс судалж байсан уу гэж асууж байх шиг байна. Мэдээж тийм тохиолдол бий. Би хэн бэ, өнөөдрийн Д.Бум-Очир 10 жилийн өмнө ямар байв, энэ хугацаанд юу өөрчлөгдөж, юуг өөртөө шинээр бий болгосон байна вэ гэхчлэн. Зарим тохиолдолд өөрийгөө ойлгохоо байсан үедээ өөр хүний өнцгөөс харах тохиолдол байлгүй яахав.

-Хэрэв нууц биш бол миний урд сууж байгаа Д.Бум-Очир 10 жилийн өмнө хэн байсан бэ. Эргээд харахад та өөрийнхөө хүссэнээрээ амьдарч чадсан байна уу?

-Миний анхны мэргэжлийн салбар бол монгол хэл уран зохиол буюу хэл бичгийн ухаан байсан. Бөөгийн зан үйл, аман зохиолыг судалж байсан учраас өөрийн эрхгүй хүн судлалыг сонирхох хэрэг гарсан. 10 жилийн өмнө буюу энд магистрантурт сурж байхдаа Монголд докторын зэрэг хамгаалаад Кэмбрижийн их сургуульд дахин магистр, докторын зэрэг хамгаалж, мэргэжлээ дээшлүүлээд, 30 настайдаа эх орондоо ирнэ гэж төлөвлөж байлаа. Монголд нийгэм соёлын хүн судлалын онолын судалгааг дэлгэрүүлэх ёстой юм байна, энэ чиглэлийн боловсон хүчин хэрэгтэй гэж бодсон хэрэг. Одоо эргээд харахад энэ зорилгоо би тодорхой хэмжээгээр биелүүлсэн. Төлөвлөснөөсөө нэг жилийн өмнө буюу 29 настайдаа ирж, МУИС-ийн Угсаатан судлалын тэнхимд ажиллаж эхэлсэн. Яг тухайн үед бодож байсан бүхнээ биелүүлээгүй ч сууриа тавьсан, зарим талаар залуудуу дутуу мөрөөдөж байж дээ гэх бодол ч төрдөг юм.

-Өдгөө манайд хүн судлалын салбар нэг л биш хөгжөөд байгааг та анзаардаг уу. Дэлхийн шинжлэх ухааны салбартай холбоо харилцаа муутай, тогоон дотроо л эргэлдээд байгаа юм шиг харагддаг.

-Монголын шинжлэх ухаан дэлхийн шинжлэх ухаантай хөл нийлүүлэх хэрэгтэй байгаа нь үнэн. Бид яг л эзэнгүй арал дээр шинжлэх ухаан бүтээгдээд байгаа юм шиг л байна шүү дээ. Энэ хэвээрээ байвал Робинзон Крузо шиг арал дээр ганцаардаж, хэнд ч мэдэгдэхгүй зүйлийг бүтээнэ гэсэн үг. Энэ бол шинжлэх ухааны бодит эргэлт биш. Миний судалж байгаа сэдвийг өөр хүн судалсан эсэхийг мэдэхгүй байна гэдэг эмгэнэл шүү дээ. Би Монголд бөөгийн зан үйлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалаад Кэмбрижэд очиход энэ сэдвийг аль 50 жилийн тэртээгээс судлаад эхэлчихсэн байсан. Яг бөөгийн зан үйлийг биш ч төстэй судалгаа маш их хийжээ. Гэтэл би үүнийг харж, мэдээгүй байсан нь судлаач хүний хувьд маш ичгэвтэр санагдаж байсан.

-Хүний мэргэжил хүссэн хүсээгүй зан төлөв, үзэл бодолд нь нөлөөгөө тусгаж байдаг. Хүн судлалын салбар таньд юу өгсөн бэ?

-Би Хятадын Баруун хойд хэсэгт амьдардаг Хөх нуурийн дээд монголчуудыг болон бөө судалдаг. Эд миний үзэл бодол, зан төлөвт маш их нөлөөлсөн. Дундад улс дахь монголчуудын өмнө нь би бусдын адил муусайн хужаанууд л гэж боддог байлаа. Одоо бол би хэзээ ч тэгж хэлж чадахгүй. Би Хөх нуурт 18 сарын турш суурин судалгаа хийж, хөдөөний малчин айлд амьдарсан. Тэр айлын нэг гишүүн нь болж, гүнд нь нэвтэрч байж таньж мэднэ шүү дээ. Одоо би тэднийг хүн гэдэг үүднээс хардаг. Хятадын соёл дэлхий дахинд нэвтэрч байгаа энэ үед тэд соёлын шүүлтүүр нь болж байна. Хятадын соёл Монголд шууд нэвтрэхээс урьтаж, тэднээр дамждаг. Нэг ёсондоо эдгээр хүн Монгол соёлыг хадгалан үлдэхийн төлөө өөрсдийгөө зольж байгаа хүмүүс юм шүү дээ. Энэ бол ердөө л жишээ, хүн судлаач мэргэжил надад маш олон зүйлээр нөлөөлсөн.

-Тэгвэл та хүн судлалын шинжлэх ухаан юу өгсөн бэ?

-Дэлхийн хүн судлалын шинжлэх ухаанд өгсөн зүйл гэж ам бардам хэлэх үг одоохондоо алга. Харин үүний салаа мөчир нь болсон Монголын хүн судлалын салбарт би тодорхой хэмжээгээр өгөх зүйлээ өгсөн.

-Хүн судлаачид шинжлэх ухаан, шашин гэх мөнхийн эсрэгцлийн гол дахь алтан дундаж замаар явдаг хүмүүс. Төсөөлөл, итгэл үнэмшлийг тань хуга дарсан шинжлэх ухааны бодит үнэнтэй нүүр тулаад үзэл бодлын хувьд дайвсан тохиолдол бий юү?

-Бөө гэдэг чинь тэр чигтээ сүнсний тухай ойлголт. Тэд хүнд сүнс бий гэдэгт бүрэн итгэдэг. Гэтэл шинжлэх ухаан сүнс байдаг гэдгийг эцсийн байдлаар хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ үүднээс оршихуй, ахуйн үүднээс зөрчилдөх зүйл цөөнгүй бий. Гэхдээ шинжлэх ухаанч бай, шашин ч бай тодорхой хэмжээгээр хүний бүтээл шүү дээ. Тийм учраас төгс биш, алдах онох тохиолдол гарна. Шинжлэх ухаан хөгжлийн явцдаа шашиныг арай өөр өнгцөөс харах үе ирнэ гэдэгт би итгэдэг.

-Өнөөдрөө тодорхой танихын тулд өнгөрснийг заавал эргэн харах шаардлага гарна. Таныхаар хүн төрөлхтний түүхийн хамгийн сайхан цаг үе хэзээ байсан бэ?

-Энэ бол түвэгтэй асуудал. Би түүхч хүн биш учраас ташаа ярьж байж мэднэ. Гэхдээ хүн төрөлхтний түүх гэдэг бол дайн байлдааны л түүх байдаг шүү дээ. Монголын түүхийн хамгийн оргил үе гэдэг XIII зууны тухай “Монголын нууц товчоо”-нд бичихдээ “Орондоо орох завгүй олзлолдон, булаалдаж байлаа” гэдэг. Үүнтэй харьцуулбал өнөө цаг харьцангуй тайван амгалан юм биш үү. Нөгөө талаас нь харвал өнөө цагийн хүмүүс материаллаг зүйлд шүтэж амьдрах болсон нь эмгэнэлтэй. Тэгэхээр миний хувьд хүсээд байхаар сайхан үе харагдаж өгөхгүй л байна. Яг үнэндээ хүний мөн чанар хөөрхийлөлтэй, өрөвдөлтэй, хүсээд байхаар зүйл биш шиг санагддаг.

-Бид хүн байх, хүн чанартай байхыг туйлын зорилгоо болгож, бусдыг ийм л шалгуураар хардаг. Таныхаар жинхэнэ хүн гэж хэн бэ?

-Хүн чанартай байна гэдэг ёс зүйн хэм хэмжээ төдий зүйл. Миний ёс зүйн хэмжээ, чинийхтэй адилхан байх албагүй. Аливаа зүйлд зөв сэтгэлтэй, үнэнч шударга, худал хуурмаггүй амьдардаг хүнийг л хүн гэх байх даа. Гэхдээ нөгөө талаас нь харвал худал хэлж байгаа нь ч хүн юм. Хүн байгаа нь л тэр. Хүний мөн чанарт худлаа ярихыг ч, үнэн ярихыг ч заяасан учраас буруушааж арга байхгүй.

-Дээр хэлсэн ёс зүйн хэм хэмжүүрт тань дөхөх “жинхэнэ” хүнтэй таарч байв уу, та?

-Хорвоо дээр тийм хүн байдаг юм уу. Би лав таарч байсангүй. Харин хэн хамгийн ойрхон бэ гэж харж болно байх. Гэхдээ үүнийг хэмжих хэмжүүр байхгүй шүү дээ. Миний сайн гэж боддог хүнийг бусад нь муу гэж харж болно. Үүний адил миний танилуудын зарим нь намайг сайн хүн гэж хүлээж авдаг байхад, энэ ч муу хүн шүү гэх нь байгаа л байх. Жинхэнэ сайн хүний хэмжүүр гаргасны дараа л энэ асуултад хариулъя.

-Хоёр хүний хоорондын харилцаанд гуравдагчийн байр суурь хамаатай юм гэж үү?

-Хамгийн их хамаатай. Судлаач хүн тухайн зүйлийг хэдэн янзын өнцгөөс харж чаддаг байх ёстой. Жишээ нь, миний өмнө сууж буй Ж.Тэгшжаргалийг би зөвхөн өөрийн нүдээр харвал хязгаарлагдмал байдлаар сэтгэнэ. Тэгэхээр чамайг бүрэн танихын тулд бусад хүмүүс яаж харж байна вэ гэдгийг мэдэх хэрэгтэй биз дээ. Тэгж байж Ж.Тэгшжаргалын тухай цогц ойлголт гарч ирнэ.

-Хүн мөн чанар хөөрхийлөлтэй, хүн байх хүсээд байхаар зүйл биш шүү дээ гэж та хэлсэн. Хүнийг нээгээд л байвал өнөөх хөөрхийлөллтэй чанарууднь бүр илүү тодрох юм биш үү?

-Үгүй, хүнийг нээх тусам миний хараагүй сайн сайхан чанар харагдаж болно. Хүн амьд орчил хөдөлгөөнд оршдог. Миний өмнө суугаа чи л зөвхөн чи биш. Чи гэртээ, ажил дээрээ, найзуудынхаа дунд миний мэдэхээс тэс өөр хүн болно. Үүнийг л би мэдэж байж чамайг жинхэнэ утгаараа таних юм.

-Бум-Очир гэдэг хувь хүн үзэл санааны хувьд төлөвшихөд хамгийн чухал нөлөө үзүүлсэн хүн хэн бэ?

-Миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн бол миний аав С.Дулам. Одоогийн Д.Бум-Очир хувь хүний хувьд болон судлаачийн хувьд төлөвшихөд аав маань хамгийн их нөлөө үзүүлсэн. Би огт ухамсаргүйгээр Монголын соёлыг судалж, судлаачийн мөр хөөсөн юм биш, аавынхаа нөлөө, тусгалын дор л явсан.

-Сайн, муу аль нь ч бай хүн байгаа нь л тэр гэж та дээр хэлсэн. Тэгвэл судлаач хүнд байж болохгүй хамгийн муу чанар юу вэ?

-Хүн судлаач юмыг өнгөцхөн харж болохгүй. Аливаа зүйлийг ул суурьтай бас олон талаас нь харж байж эцсийн дүгнэлт гаргах ёстой. Бас судалгаа хийж олон газраар явах учраас цамаан байж болохгүй л дээ. Айл байгаа аягандаа, байгаа цайгаа л таньд барина. Тэгэхээр өнгөц зүйлд хууртахгүй, бүхнийг гүн гүнзгийгээр харах ёстой гэж би боддог.

-Нийгмийн бүхий л зүйлд гүн гүнзгий орох байтугай харахаас нүд хальтрам олон саарал үзэгдэл дунд бид амьдарч байна. Зарим зүйлийг харин ч өнгөцхөн хараад өнгөрөх нь зөв юм биш үү?

-Харин ч эсрэгээр нь бүх зүйлийн учрыг гүн гүнзгийгээр орж, ойлгохыг хичээх хэрэгтэй гэж би боддог. Хэдэн жилийн өмнө би биеэ үнэлэгчдийг судалж байсан. Биеэ үнэлэгч бол хүн, тэдэнд тодорхой хэмжээгээр биеэ үнэлэх шалтгаан байгаа. Бидний нийгэм тэдэнд биеэ үнэлэхэд нөлөөлсөн байна. Ер нь судалж байгаа зүйлээ сөрөг байр сууринд тавиад, зөвхөн тэр дурангаар харвал сөрөг л юм харагдана. Энэ муу юм аа, гээд судлахгүй орхиж болохгүй. Түүний сөрөг, муу байгаад заавал нэг шалтгаан бий. Үүнийг л нээх гэж хичээдэг юм даа.

-Судлаачийн хувьд тийм байх л даа. Харин ажлаас гадуур амьдралдаа ийн хандах нь өрөөсгөл юм биш үү гэдэг талаас нь асууж байна.

-Мэдээж би гэртээ судлаач шиг байдаггүй. Байнга ажлаа хийнэ гэдэг түвэгтэй. Гэхдээ мэргэжлийн өвчин гэдэг зүйл яах аргагүй байна. Хүссэн хүсээгүй аливаа зүйлийг судлаачийнхаа өнцгөөс хардаг болчихдог. Олон жил судалгаа хийхэд оюун ухаан маань судлаачийнхаар л ажилладаг болчихно. Гэртээ байна уу, хоолоо идэж байна уу гэдгээс үл хамааран судлаачийн тархи чинь ажиллаад л байна. Гэхдээ энэ бүхэнд амархан дасна шүү дээ.

-Түүхийн бүхий л үе өөрийн гэсэн онцлог, дурсах зүйлээ бүтээж байдаг. Таны бодлоор бидний амьдарч буй энэ үеийг та хожим юугаар нь дурсах вэ. Гэгээн, сайхан зүйл энд байна уу?

-Өнөөдөр судлаач болно уу, сэтгүүлч болох уу гэдэг хувь хүний сонголт болсон. Үүнд нийгмийн зүгээс нөлөөлөх, хорих зүйл байхгүй болж. Социализмийн үед хүний унших номыг хүртэл хязгаарладаг байсан гэдэг. Үүнтэй харьцуулбал боломжоор дүүрэн нийгэмд амьдарч байгаа нь сайн хэрэг.

Aug 12, 2011

Гэмгүй гэмтэн

Г.Галилей Загалмайтны шүүхийн танхимаас гарч явахдаа “Дэлхий эргэдэг л юм даа” хэмээснийхээ төлөө хорих ялаар шийтгүүлж байсан гэнэ билээ. Тухайн үед Ерөнхийлөгчийг орлож асан хамба лам XVII зууны агуу нээлт болох дэлхий эргэдэг гэх Г.Галилейн онолыг эсэргүүцэж, хүмүүсийн толгойг угааж, бүтээгчийн онол буюу Христийн шашиныг доромжилсон гэх зүйл ангиар түүнийг шийтгэсэн нь энэ. Хожим түүний онолыг үнэн хэмээн шинжлэх ухаан баталсан ч хоёр жилийг шоронд өнгөрүүлсэн Г.Галилейн хохирлыг барагдуулсангүй. Хожим XVIII зуунд шашин, шинжлэх ухаан хоёр халз тулж, нэг талаас Загалмайтны сүмийн хамба Самуэль Уйлберпорс, нөгөө талаас Ч.Дарвиний “Зүйлийн үүсэл” номыг барьсан П.Хьюкслей нар мэтгэлцжээ. Гэвч “Өөрийгөө сармагчнаас гаралтай гэж буй энэ хүн өвөг эцгийнхээ талаас уу, эсвэл эмэг эхийнхээ талаас ингэж хэлж байгаа юм болов уу” гэх Самуэль хамбын хоржин үгээр уг маргааныг шийдвэрлэж байв. Гэвч П.Хьюкслейн зөв байсныг мөн л хожим баталсан ч шинжлэх ухааны карьертаа цэг тавьсан түүний ялагдал цагаадсангүй. Түүхийн бүхий л цаг үед улс төрийн болон шинжлэх ухааны, ер нь бүхний алдааг “цагаатгав” гэх төгсгөлтэй өгүүлбэрээр хаацайлж ирэв. Гэвч хөгжөөгүй шинжлэх ухаан, чадваргүй шүүх, худлын өмнө хүчин мөхөсдсөн ялагдлууд орон зайг туулах машин бүтээж чадаагүй өнөө цагийн эрдэмтдийн буруугаас жинхэнэ утгаараа цагаатаж байсан удаагүй.
Бүр ойртуулах гээд үзье. Саяхан импортлогч компаниуд шатахууны үнийг 90 төгрөгөөр нэмэв. Удалгүй “Өө, арай хэтрүүлчихэж, 30 төгрөгөөр буулгах нь зөв юм байна” гэлээ. Шатахууны үнээ үндэслэлгүй нэмсэн хэрэг цагаадав. Байз, гурав хоног 30 төгрөгийн илүүгээр худалдаж авсан шатахууны зөрүүг хэн надад өгөх вэ? Үнээ үндэслэлгүй нэмсэн гэдгийг илрүүлэлцэж чадаагүй би гэмгүй гэмтэн болохоос яахав. Монгол Улс АНУ-аас ядуу, зам засвартайн улмаас ажилдаа хоцорсон, түргэний машин ирээгүйн улмаас эндсэн хүүхдийн амь, нефть боловсруулах үйлдвэргүйн улмаас өндөр үнээр импортолж буй шатахууны зөрүүг хэн надад буцааж өгөх вэ? Хариулах хүн байна уу? Алга шиг байна. Нэг нь нийтийн төлөө гээд гэмтэн болох ёстой юм байлгүй. Уул нь би гэмгүй хүн юм ш дээ.

Aug 3, 2011

Эхлэлгүй, төгсгөлгүй

Ертөнц гэж юу вэ. Онолын элдэв тайлбаруудыг мартаад зүгээр л төсөөлье, таамаглая. Хамгийн түрүүнд цаг хугацааны хувьд эхлэлгүй, төгсгөлгүй гэдэг нь санаанд бууж байгаа биз. Ахиад төсөөлье, орон зайн хувьд ертөнц хаана эхлээд хаана дуусдаг вэ? Бас л эхлэлгүй, төгсгөлгүй. Тэгэхээр ертөнц гэгч ирээдүйтэй ч тэр, өнгөрсөнтэй ч тэр холбогдолгүй болж таарч байгаа юм бол одоо цагт л хамаатах хэрэг үү? Чөтгөр бүү мэд, бурхан ч бас.
Бурхан гэснээс шашины үүднээс, хамгийн сонгодог болох Ертөнцийн эзэн долоо хоногийн дотор ертөнц, дэлхийг бүтээгээд дараа нь эр хүнийг, түүний хавирганы ясаар эм хүнийг бүтээжээ гэх жишээг авч үзье. Тэгвэл Ертөнцийн эзнийг хэн бүтээв? гэж асууя. Ертөнцийн эзнийг бүтээсэн этгээд бас бурхан байх уу, эсвэл тэр өөрөө бүрэлдсэн байж таарав уу? Тэр өөрөө бүрэлдэн бий болсон гэж үзвэл түүний бүрэлдэн бий болох процесс, эх үүтгэл нь юу байсан юм бэ? Тэгэхээр бурхан ч бас эхлээгүй, төгсөөгүй нэгэн болж таарах нь (Тийм байж магадгүй гэе).
Шинжлэх ухааны хамгийн энгийн ойлголтоор их тэсрэлтээс үүдэж ертөнц бүрэлдэн бий болсон гэдэг. Тэгээд халуун лавын буцлалтаас агаар бий болж улмаар ус, түүнээс эс, тэгээд хөхтөн амьтан, жигүүртэн, сармагчин, хүн... Энэ бүхний эхлэл рүү эргээд очьё. Тэсэрч байгаа тэр зүйлийн эхлэл юу байв, тэсрэгсдийг хэн бүтээв гэж асууя. Тэгэхээр шинжлэх ухааны үүднээс тайлбарлалаа ч ертөнц гээч нь эхлэлгүй бас төгсгөлгүй эд болж таарах нь (миний ядмагхан дүгнэлтээр шүү!).
Эхлэлгүй, төгсгөлгүй зүйл үүгээр дуусахгүй нь. Цаг хугацаанд ч бас эхлэл, төгсгөл гэж байхгүй. Үл мэдэгдэх, эсвэл огт байгаагүй тэр үеэс цаг явж эхэлсэн. Эсвэл цаг эхлээгүй мөртлөө явсаар л байгаа аж. Бас төгсөхгүй. Ертөнц, дэлхий сүйрээд, амьд биес мөхөж дууслаа гэх хамгийн ёозгүй таамгаар бодлоо гэхэд цаг хугацаа явсаар л байна. Учир нь түүний хөдөлгөөнд амьд биес, бүр амьгүй, бодьгүй нь ч хамаагүй.
Орон зай болон биет бүхэнд эхлэл байхгүй, төгсгөл ч бас үгүй. Сандал мөнх биш, түүнийг анх үйлдвэрлэсэн огноо болон эвдэрч гүйцсэний ул мөр байх л болно. Харин сандлын түүхий эд болох мод хэзээ анх ургасныг мэдэхгүй ч, ургах эхлэлийг тавьсан тэр нэг хүчин зүйл бас л эхлээгүй, төгсөөгүйгээс улбаатай болж таарах нь. Тэгэхээр сандал мөнх.
Зураас мөнх биш, дэвтэр аль эсвэл ямар нэг өртөж байгаа зүйл дээр харандаагаар 10 см урт шулуун зураас зурлаа гэж үзье. Хаанаас эхлээд хаа хүртэл үргэлжилсэн нь товоос тодорхой. Биет хэлбэр нь л тэр болохоос биш зураас дэвтэрт буухаас өмнө оюун ухаанд, тархинд зурагдсан. Тэгвэл оюун ухаан гэгч гэнэт бий болоогүйн дээр амьд бие үүссэн тэр цагаас, улмаар амьд бие үүсэх болсон тэр шалтгаан нөхцөлөөс үүдсэн болж таарах биз. Тэгэхээр оюун ухаан болон, зураасанд ч эхлэл, төгсгөл гэж байхгүй (гэе).
Амьд биес мөнх гэж тооцъё. Дарвиний онолын дагуу сармагчингаас хүн үүслээ, улмаар сармагчин бүр дээр дурдсан уснаас зугатсан эснээс, эс нь их тэсрэлтийн буцлам лавнаас, тэр нь тэсрүүлэгчээс гээд хөөвөл бас л эх адаг нь ойлгогдохын аргагүй юм. Үүнийг, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг гаж бодлоо буулгаж байгаад минь ч эхлэл төгсгөл байхгүй. Хэзээ нэгэн цагт бий болоогүй, бас дуусахгүй тэр нэг хүчин зүйлээс үүдэж, одоо цагт л би үүнийг бичиглэж байгаагаа мэдэрч сууна. Таны толгой магадгүй эргэсэн байх. Минийх ч бас мөн ижил байдалд байгаа учраас дуусгая. Нээрээ энэ ч бас дуусахгүй биз дээ, ээ бурхан минь (Биш ээ, эхлээгүй, төгсөөгүй тэр нэгэн бодь минь гэе).
Эцэст нь нэг асуулт байна. Би мөнх, тийм үү?