Oct 28, 2011

Do it like a (Tekist #1)


Тekist artist: James Morrison

Английн хит дуунууд америкийнхаас тэс өөр. Хөнгөн гуниг тээсэн эсвэл сэтгэл хөдлөл тэр бүр “үнэртэхгүй”, хяналтан дорх алга ташилт шиг хоосон мөртлөө цаана нь нэг татах хүч байдаг шиг санагддаг юм. Жэймс Моррисоны дуу ч мөн адил, хамгийн анхны сингл нь болох “You give me something”-ийг сонсоод нэг үзээрэй. Соул, поп рок стилиэр дагнадаг тэр 2006 оноос буюу уран бүтээлээ нэлээн оройтож эхэлсэн ч “Undiscovered, Songs for you, Truths for me, The Awakening” гэх гурван цомог гаргаж амжсан байна. “Undiscovered” нь илүү хүчтэй санагдсан шүү. Саяхан Jessie J-тэй “Up гэх дуу гаргасан. Урьдын танил аялгуу сонсогдоогүй болохоор шоубизнестэй хутгалдаж эхэлж дээ гэж бодов. ГэхдээPlease don’t stop the rain бол зэвүүн л дээ. Ялангуяа гадаа цас нөхцөл байдалтай уялдаж, хайлаагүй энэ үед.
Tekist book: “Албингууд ба сахиусан тэнгэрүүд”

“Да Винчи код”-ын өмнөх боть болох “Албингууд ба сахиусан тэнгэрүүд”-ийг хоёр дахиа эхлүүлчихээд байна. Би сүсэгтэн биш, шинжлэх ухааныг ч итгэл үнэмшилээ болготол мэдэхгүй болохоор энэ хоёрын тэг дундуур аялахад үзэл бодол өөрийн эрхгүй дайвалзсан. Христийн шашин биднээс хөндий эд. Гэхдээ эцэстээ нэг цэгт уулзах салаа замуудын л нэг гэж хүлээн авахаар “тохиров”. “Албингууд ба сахиусан тэнгэрүүд”-ийн эцсийн шалтаг төсөөлж байснаас энгийн байсан ч гэлээ шинжлэх ухаан бол бурхны бүтээсэн бүхнийг батлах “зэвсэг” болохоос биш эсрэг туйл биш юм гэх Леонардо Ветрагийн үзэл бодол илүү ойр санагдсан. Үнэн баримтуудад тулгуурласан гэдэг утгаараа (Антиматери, иллюминат, амбиграм...) сонирхол дээд зэргээр татаж, нойрыг хайр найргүй хулгайлсан даа. Харин би хувьдаа өөрийн эцэг, Пап ламыг хөнөөсөн Карло Вентрэска камерлингог өршөөхөөр шийдсэн юм шүү.

Tekist chart

Michael Buble- All I want for Christmas is you (Christmas album 2011)

“Цэцэг” хамтлаг- Миний ном

Joy Brannon- Soda shop (Short bus soundtrack)

Caro Emerald- Night like this

Dolly Parton- Travelin Thru

Adele- That’s it I quit, I’m moving on

Tekist blog

www.Escapeblog.com Рэйнградын хилээс өөрийг давж үзээгүй би хэзээ нэгэн цагт Францад очих юм. Энэ муу Escape-ээр бол зөндөө аялсан даа. Туршлага, нөхөрсөг зөвлөгөөгөөр дүүрэн болохоор илүү ойр.

Tekist movie: Толгод нүдтэй байдаг юм -1 (The Hills have eyes 2006)

Вэс Кравэний 1977 оны “The Hills have eyes”-ийн шинэчилсэн найруулга бүхий уг киног үзээд салагнатлаа айж билээ. Александр Ажагийн эл киног бодит явдлаас сэдэвлэсэн бүтээсэн гэдэг нь бүр ч сэтгэл хөдөлгөж байв. Ямартай ч R ангилалд оруулсан байх юм. NC-17 багийнхны золгүй үхлийн талаар хүмүүсийн ам яриаг баяжуулан, дүрсжүүлсэн гэх бөгөөд хад чулуу шиг хүмүүсээр дүүрэн, айдсын тун нь бүр их санагдсан. Харин II анги нь амжилттай оролдлого болж чадаагүй ээ. Халлоуины өдөр энийг нэг үзчихвэл ч...
Азтай нь хамгийн түрүүнд үхнэ...

Oct 24, 2011

Абсурд Улаанбаатар. Ганцаардсан Бодио



Ж.Бодьбаатрын амьдралыг кино урлагаас салгаж ойлгох боломжгүй. Харин кино нь урлагийн төрөл мөн эсэх талаарх бодлоо тэр ийн хэлсэн юм. “Киног хэрвээ урлагийн нэг төрөл гэж үзэх юм бол тэр нь хүнд чухал хэрэгтэй эд биш. Баяжихгүй, аз жаргал хүлээгээд бүр нэмэргүй. Кино бол зүгээр л шаардлага. Энэ утгаараа кино надад юу ч өгөөгүй. Матераллаг талаасаа тэр. Мэдээж миний үзэл бодол, оюун санаанд нөлөө тусгалаа оруулсан байх. Гэхдээ энэ нь сайн, сайхан зүйл байсан гэдэгт би эргэлздэг”.
Тэрбээр Монголын кино урлагийн амьд домог болсон Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн дунд хүү. Эрхэлдэг ажил нь Соёл урлагийн хорооны Кино, дүрслэх урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн. Мөн тэр хагассайн өдөр бүр “Занаду арт” галерейд “Мөрөөдөгчдийн өдөр” кино өдөрлөгт оролцдог. Энэ цөөн шалтгаан л түүнийг киноноос ангид бус амьдралтай гэдгийг нотлох биз ээ.
-Жигжидсүрэн найруулагчийн хүү нь болж төрсөн гэх шалтгаан урлаг, тэр дундаа кинотой холбогдох хувилбаргүй сонголт байсан уу?
-Аав маань намайг урлагийн хүн болно гэхэд дургүй байсан. Надад зөвлөж, заримдаа бүр ятгахыг оролдоно. Харин нэг л мэдэхэд би урлагтай холбоо, хамааралтай болчихсон байсан. Ямар нэгэн шахалт, дэмжлэггүй, бас өөрөө ч нэг их зорьж тэмүүлсэн зүйл байсангүй. Харин ах, дүү хоёр маань урлагаас ангид мэргэжилтэй хүмүүс болсон. Аав одоо ч намайг урлагтай холбогдсонд таашаахгүй байгаа. Урлаг хэцүү гэдэг. Учир нь урлаг хүнд юу ч өгөхгүй гэдгийг аав мэддэг учраас намайг энэ зам руу оруулахыг хүсээгүй байх гэж боддог юм гэв.
Харин тэр одоо өөрийн сонгосон замаараа урагшилж байна. Тэрбээр Анкарагийн их сургуулийг урлагийн түүхч мэргэжлээр төгссөн. Түүний амьдралын сонирхолтой хуудсын гэрч байсан хотынхоо тухай Ж.Бодьбаатар ийн өгүүлэв. “Анкара миний амьдралд нэлээдгүй өөрчлөлт авчирсан. Зөвхөн урлаг судлах талаараа биш шүү. Анкара дүнсгэр, уйтгартай хот. Улаанбаатартай ихэнх талаараа төстэй. Надад ганцаардах, өөрийгөө эргэцүүлэх боломж олгосон. Туркийн алдарт яруу найрагч Жемал Сюреа Анкараг “Сайхан сэтгэлтэй хойд ээж”-тэй зүйрлэсэн байдаг нь надад их дотно санагддаг юм. Бид аливааг хүлээдэг, энэ магадгүй амьдрал байдаг. Тэрийг нь бид мэддэггүй. Тиймээс Анкарагийн уйтгарт, дүнсгэр байдал надад хүлээх боломж олгосон юм” гэлээ. Харин Улаанбаатар хот түүнд абсурд санагддаг аж. “Абсурд кино гэж байдаггүй. Хэрвээ байдаг бол Улаанбаатарын хэмнэлтэй яг дүйх байсан даа. Бүх юм нь холилдсон, инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг хот” гэсэн юм даа.
Кино урлагийн талаар судлах, багшлах, шийдвэр гаргах төвшинд ажиллах эсвэл жирийн үзэгчийн байхын аль түүнд таалагддаг талаар тэрбээр ийн ярилаа. “Үзэгч байх үедээ л би өөрөөрөө байдаг. Бусад нь ямар нэг албан тушаал, сэтэртэй холбоотой учраас шахалттай тулна. Заавал давхар баг зүүх хэрэг гардаг. Тиймээс жирийн үзэгч байх нь л хамгийн зугаатай ажил”. Түүнд судлаач, шүүмжлэгч гэх сэтэр асар хүнд дарамт шиг санагддаг байна. Харин Ж.Бодьбаатар өөрийгөө “кино зөвлөгч” хэмээн танилцуулсан. Учир нь кино судлах, шүүмжлэх уйтгартай ажлаас бусдад кино зөвлөх, санал болгох нь түүнд хамгийн ойр бөгөөд өөрт нь тааламжтай байдаг аж.
“Кино шүүмжлэгчдийн бичсэнийг уншихаар заримдаа уйтгартай, нэг хэв загварт баригдсан байх шиг санагддаг. Заавал нэг ном, онолтой холбох ч юм уу, эсвэл ойлголттой тулгаж тайлбарлах гэнэ. Гэтэл тэр дунд өөрийн бодож таньсан зүйл, сэрэл мэдрэмж нь алга болох тохиолдол бий” хэмээсэн.
Бид өнгөрсөн долоо хоногт “Занаду арт”-д Стив Маккүиний “Өлсгөлөн” кино үзэх үеэр таарсан юм. Кино зөвлөгч хэмээн өөрийгөө нэрлэсэн түүнд “Өлсгөлөн” кино “Хүний амьдралын оршихуй нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байгаа сонирхолтой заагийг харуулсан кино. “Өлсгөлөн” түүхэн, улс төрийн сэдэвтэй ч гэсэн хэцүү сонголтыг маш намуухнаар үзэгчдэд хүргэж чадсан. Улс төрийн мессеж болгож болох хувилбартай байсан ч Маккүйн тэгээгүй. Үзэгчдэд өөрсдөө эргэцүүлэх боломж олгосон” гэж санагджээ. Ж.Бодьбаатар удаан хүүрнэлтэй киног таашаадаг. “Ойлгох ойлголтоо удаан барих тусам бидний таньж мэдэх хүрээ онгойно. Гэтэл хүмүүс аливаад үргэлж яарч амьдрах юм. Энэ нь мэдрэхүйн хамаг сайхан бүхнээ гээж буй үзэгдэл” хэмээх тайлбартай тэр санал нийлдэг юм билээ.
Ж.Бодьбаатар найруулагч биш ч шаардлага тулбал удаан хүүрнэлтэй кино хийхийг хүсдэг. Цөөхөн бөгөөд мэргэжлийн биш жүжигчдийг сонгоно гэсэн. Бодит амьдралд илүү ойр кино бүтээх тухай бодож байгаа нь цаанаа нэг шалтгаантай. Түүнийхээр сүүлийн үеийн кинонууд амьдралаас хэт тасарсан, хүнд юм бодуулахыг ор тас мартсан аж. Гэхдээ урлагт, тэр дундаа кинонд ямар ч үүрэг байхгүй гэж тэр хэлсэн. “Кино анх үүсэхдээ л мөнгөтэй холбоотой байв. Олон талын нөлөө ордог, хамтын бүтээл гэдэг утгаараа тухайн найруулагч өөрийн үзэл бодлоо бүрэн гаргахад хүндрэлтэй. Зохиолч, зураачид бол хамгийн амар, өөрийн бодлоо бусдын ятгалаггүйгээр гүйцэлдүүлж чадна” гэв.
Ж.Бодьбаатар 19 нас хүртлээ сагс тоглохоос өөр зүйл хийгээгүй. Харин тэр үеэс номонд дурлаж, улмаар кино үзэхдээ сонголттой болж эхэлсэн байна. Энэ нь түүний хэлснээр гэнэтийн процесс байжээ. “А.Тарковскийн киног анх үзэхэд миний урьд өмнө үзсэн бүхнээс тэс өөр байсан. Ийм кино байж болдог юм уу гэж бодсон доо. Одоо ч би А.Тарковскийн киног үзэхийг хүсдэг. Ялангуяа “Сталкер”-ээс нь бол хэзээ ч уйдахгүй” аж.
Тэр хамгийн сүүлд аавтайгаа хэзээ хамт кино үзсэнээ бодоод олсонгүй. Ямар ч байсан ойрын хугацаанд лав үгүй гэнэ. Урьд нь аав, хүү хоёр биендээ кино санал болгоод хамт суугаад үздэг байж. Бидний яриа явсаар телевизээр гарч буй киноны сонголтын тухайд хүрлээ. Телевиз бол кино үзэхэд тохиромжтой орчин огт биш гэж тэр боддог юм байна. Дундуур нь реклам гарна, тэр тоогоор үзэгч сатаарна. Энэ нь зах зээлийн хууль учраас бид хорьж чадахгүй. Харин кино үзэх хамгийн тааламжтай орчин бол кинотеатр юм аа гэдэгт бид санал нийлэв. Ж.Бодьбаатар “Dreamers day”-ийг эс тооцвол Монголын кинотеатруудаар тэр бүр ордоггүй. Түүний хүссэн, ядаж сонирхол татах кино гардаггүй болохоор тэр. Хамгийн сүүлд найруулагч С.Бямбын “Хүсэл, шунал”-ыг кинотеатрт зорьж үзсэн, ажлын шаардлагаар бол “Цогт тайж”-ын нэмж засварласан хувилбартай танилцсан байна.
Дүнсгэр Анкарад дурладаг, абсурд Улаанбаатарт амьдардаг, олон хүн цугласан газарт дургүй, “би ичимхий хүн шүү” гэх тайлбар нь нийлээд Ж.Бодьбаатарын ганцаардлыг өмнө минь дэлгэх шиг санагдсан. Гэхдээ энэ нь зөв, буруу хэмээн дэнслэх шалтгаан биш. Бидний яриа даарх асуулт, хариултаар өндөрлөсөн юм.
-Та энэ ертөнцөд юуны тулд ирсэн юм бэ. Хэрэв та үгүй боллоо гэхэд таныг дурсах шалтгааныг бүтээж чадсан уу?
-Үгүй. Чадах эсэхдээ ч эргэлздэг.
Киноны тухай яриагаар эхэлсэн бидний уулзалт кино ярьж төгсөхөөс өмнө кино зөвлөгч Ж.Бодьбаатараас би нэг зөвлөгөө хүссэн юм.
“Энэ хагассайнд (өнөөдөр) Ираны найруулагч Сохраб Шахидийн 1974 оны бүтээл “Still life”-ийг үзэхэд илүүдэхгүй л байх”.

Oct 22, 2011

Намайг янаглан хорлоорой



Ийм амьдрал дунд ийм удаан тэсчихээд ганцхан удаа амилах, бас үхэх хайран юм. Төсөөлшгүй олон гоо үзэсгэлэн зөрж өнгөрч байхад нэг зүрхээр нэг л хүн хайрлах хэцүү юм. Модноос тасрах навч шиг мөнхийн юм шиг үхээд үүрдийн мэт сэрэх юмсан. Даанч хязгааргүй ертөнцөд хязгаартай нь бий юмсан. Гэвч миний бодол хязгааргүй юм. Мэдрэмж бүр ч төгсгөлгүй юмсан.

“Есөн аялгуу”- Майкл Уинтерботтом

C’mon, c’mon”. Ичмээр сайхан учралын дараа хагацаж болдог юм уу? Инээдтэй ч бол доо. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес... Есөн удаа. Есөн аялгуу, есөн учрал. Гэр бүлтэй хүмүүс “солгой” нүдэнд минь хөөрхийлэлтэй харагдаж байх чинь. Аз жаргалын, зовлонгийн, хагацал, гунигийн, тааламжийн ганцхан сувагтай. Хаха, ес биш ганц шүү дээ. Ганц бие хүмүүсийн нүдэнд хос биеийн уур амьсгал нь хэчнээн зэвүүн харагддаг билээ дээ, хаха.

“Чам шиг хэн нэгэн” – Аделе

Авч чадаагүй хэн нэгнийг алдах шиг хэцүү учрал байдаг гэж үү? Хараад л, бодоод л, мөрөөдөх бүрт илээд авмаар ойрхон хэрнээ, хүршгүй холын холд оршино. Хэрэв амссан бол, ядаж нэг удаа мэдэрсэн бол алдах надад хайран биш ээ. Харин хэзээ ч минийх байгаагүй чамайг хэн нэгнийх болохыг харах амаргүй юм. Миний амсаж чадахгүй жимс, миний хүрч чадахгүй гэрэл. Чам шиг хэн нэгнийг би хаанаас ч олохгүй нь дээ.

Абсурд

Хэзээ эхэлсэн нь мэдэгдэхгүй цаг хугацааны эргүүлэгт хэзээ орсноо та мэддэг үү? Тэр он тоолол чинь шал дэмий эд. Чам шиг махан бие л бодож олсон тэнэглэл шүү дээ. Харин ертөнцийн цаг тоолол хэний ч мэдэхгүй хэвээрээ эргэж л байгаа. Хэзээ ч бид мэдэж чадахгүй. Тиймээс л бид үзэн ядан хайрласаар байгаа юм, энэ амьдралыг. Булш руу нохой сарихийг харах таньд инээдэмтэй байдаг уу? Аль эсвэл бурхан байдаг гэдэгт одоо хүртэл итгэж яваа нь хөөрхийлэлтэй санагддаг уу?

“Хашгираан” – Эдвард Мунк

Ертөнцөөс зөөлнийг хайгаад олдох уу? 1893 онд нэг удаа. 1910 онд бас нэг удаа. Хайр дурлалд үнэн юм байдаггүй гэсэн. Зүгээр л тоглоом. Учирснаас цаг эхэлж, үхэх хүртлээ дуусдаггүй уйтгартай тоглоом. Гэхдээ хэн бүхний дайрч л өнгөрөх ёстой тоглоом юм гэсэн. Зарим нь нэг зэрэг хоёр тоглоно. Чаддаг нь бүр гурав удаа. Харин нэг ч удаа тоглоогүй тэр л жинхэнэ хүнээрээ байх. Яагаад гэвэл тэр тоглоомын дүрмийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Түүнд бусдын зүгээс ирэх хайр, үзэн ядалт байхгүй юм чинь цаас шиг цагаан ирсэн мөн хэвээрээ л буцна.

Криптекс

Нууцаа алдаж байсан уу? Үгүй биз. Үгийн сүлжээ тааж дууссаны дараа ирэх тайтгарал хамгийн үнэн. Ёстой хөгжилтэй үнэн. Ингэхэд чиний үнэн төрхийг таньж мэдэх миний мэдэх хамгийн хэцүү криптекс байсан шүү. Гэхдээ би тайлсан л даа. Даанч дотор нь юу ч байгаагүй. Яг чам шиг хоосон гээч. Тамхи татах шиг хоосон байсан. Чамд юу ч байхгүй гэдгээ эрт хэлж болоогүй юм уу. Нууцлах хүсээд байх юм биш ш дээ, нуугдтал нь нууж чадаагүй л бол. Нууц амрагууд баригдах шиг л хөгийн үзэгдэл.

“Зуун жилийн ганцаардал”- Габриэль Гарсия Маркес

Гахай сүүлтэй хүүхэд төрөөгүй учраас гай зовлон тэднийг дарсан юм болов уу? Нэгэнт тодорхой нөхцөл байдлыг өөрчилж хэн ч чадахгүй. Төрнө, үхнэ, хайрлана, уйдна. Ахиад л хайна. Дараа нь хайхаасаа ч уйдна. Нар мандах нь үнэн, гэхдээ маргаашийн нарыг харна гэдэгтээ итгэлтэй биш. Нэг хором нэгэн зуун мэт санагдах үед нэг л хүнийг хайрлаж яваадаа харамсах ч юм билүү. Ганцаараа л байсан бол би ганцаардлыг огт мэдрэхгүйсэн. Олуулаа байгаад л учир байна. “Надад мөн чанар бий аваас, тэр нь хүн чанар”.

Ийм л болохоор би энэ биендээ ганцхан хүн оршдог гэдэгт итгэж чаддаггүй юм даа. Түм бумын бөөгнөрөл болсон ганц бие. “Оюун санааны дур тавилт” гэж онож хэлж шүү, тэр. Тийм ээ, яг чи. Намайг янаглан хорлоорой.

Oct 16, 2011

Улаанбаатарын блюз



Хатсан навчисын шаргал чимээ хаалга тогшилгүй орж ирэх. Хашгирах уу, болих уу?, Ганихрах уу, тайтгарах уу? Мөчирнөөс газарт, газраас салхинд, салхинаас цонхонд, тэндээс надад... Улаанбаатар ийм байгаагүй гэсэн. Ийм болгосон хүмүүс нь бид аж. Утаатай, хог шороотой гэж адална, хүмүүс нь ууртай гэнэ. Гэвч энэ саарал хот л оршин буйг минь мэдрүүлж, биднийг амьд байлгадаг биш үү. Гудамжинд шүлсээ хаяхыг юман чинээ боддоггүй хөмсөг зангидсан хүмүүс, юунд ч юм яаран, нэг нэгнээсээ өрсөн давхих жолооч нар, хаа дуртай газраа барьсан барилгуудыг хараад заримдаа зугтмаар санагддаг ч явлаа гээд бид хаа холдох билээ. Сэтгэл зүрхний минь нийслэл энд буй хойно.

Чойжин ламын музейн ганжирын цаанаас “Sky tower”-ын шилэн барилга гэрэлтэнэ. III, IV хорооллын хүн-урсгал”-ыг сэтлэн гарч ирэхэд Гандангийн дэнжийн тоос манарсан гудамж угтана. Замын хажуугаар морин тэрэгтэй өвгөн өнгөрч үзэгдэх. Улаанбаатары блюз энэ.

Улаанбаатарыг барууны нэгэн сэтгүүлд “экзотик хот” хэмээн тодорхойлсон нь бий. Хүн амынх нь дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг. Уламжлалт гэр, хятад маягийн шавар сууц, соц үеийн байшин хороололтой зэрэгцэн орчин цагийн шилэн барилгууд энд сүндэрлэнэ. Чөлөөт цаг өнгөрөөх газар хомс гэдэг ч амарч тухлах, хөгжилдөх газар ч цөөнгүй бий. Өнөөдөр амралтын өдөр. Амьдрал буцалдаг их хот нэг л нам гүм байх чинь... Урт цагааны гудамжны баруун үзүүр дэх “Занаду” арт галерейд хотын залуусын цөөнгүй хэсэг нь саатжээ.

“Мөрөөдөгчдийн өдөр”

Бернардо Бертолуччигийн “The Dreamers буюу “Мөрөөдөгчид” бүтээл 1960-аад оны Парисын дүр зургийг харуулдаг. Тодруулбал өдрийн тэн хагасыг кино үзэж өнгөрүүлэх ах дүү хоёр, нэг америк залуугийн түүх. Хүүхэд насны гэнэн мөрөөдөлдөө хэзээд үнэнч тэд урлагаар тархиа тэжээдэг. Тэгвэл Монголын “Мөрөөдөгчид” бямба гариг бүр “Занаду”-д цуглардаг юм. Цонхны хөшгийг буулгаад проектороо асаахад “Мөрөөдөгчдийн өдөр” эхэлж, тэд аялалдаа гарна. Тэдний энэ удаагийн өртөө нь Стив МакКуйны “Өлсгөлөн”. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж шоронд хоригдсон Ирландын тэмцэгч, өлсгөлөн зарлагчдын удирдагч Боб Сандсын амьдралын сүүлийн хэдэн өдрийг уг кинонд дүрсэлжээ. Түүнд эхнэр, бяцхан хүү, аав ээж байсан. Гэвч Бобод хувийн амьдралаас нь илүү Ирландын ард түмний эрх чөлөө үнэ цэнэтэй. Зургаан сар өлсгөлөн зарласны эцэст амь үрэгдсэн ч түүний амь ирландчуудад зориг, итгэл, эрх чөлөө өгсөн юм.

“Надад итгэл үнэмшил бий. Энэ бол миний үнэт зүйл. Би амьдралд хайртай. Эрх чөлөө бол миний амьдрал”. Өлсгөлөн зарлахаасаа өмнө номлогчтой ярилцдаг энэ хэсэг киноны тайлал төдийгүй эрх чөлөө, итгэл үнэмшил, амьдралын үнэ цэнийн тухай эргэцүүлэл рүү хөтлөх мэт. Тэднийг “Мөрөөдөл”-ийн нь ертөнцөд түр үлдээгээд хотын гудамжаар алхъя.

Их сургуулийн гудамж: 3.5 давхар

Галзуу мөрөөдөл амилдаг, хөвөрдөг, залуу насны эрч хүч, цог золбоо халгин цалгин байдаг энэ хэсэг газар нам гүмхэн байна. Яг л ууртай багшийн лекц эхэлсэн юм шиг. Маргааш, нөгөөдөр “хонх дуугарахад” энэ гудамж амь орно, гоё уу? Амралтын өдөр л энэ гудамж амьсгаа авдаг юм уу даа. Навчис хөглөрсөн их сургуулийн гудамжаар Нора Жонсийн “Sunrise сонссон шиг ээ алхах тааламжтай байх чинь. Хаяа даран сүндэрлэсэн их сургуулийн сүрлэг байшингуудын цонх харанхуй, яг л маш том нууц тээн, маш чимээгүй орших эртний сүм шиг сүрдмээр. Дотогш орвол харуулаас өөр хүн алга. Шатаар алхах хөлийн чимээ цуурайтах нь “Энд та хоёроос өөр хүн алга шүү” гэдгийг илтгэнэ. Өдөр бүрийн хэмнэлдээ халгин, цалгин байдаг МУИС-ийн хичээлийн II байранд нэгэн “нууцат газар” бий. Зүүн жигүүрийн 3.5 давхар. Заримдаа гитар хөгжмийн эвлэг хэмнэл эгшиглэнэ, хааяа хэн нэг нь уйлах, хязгааргүй баярлах, эсвэл сэтгэл зүрхээ уудалж суугаа дотно яриа урсана. Залуу нас, 3.5 давхар энэ содон өнгөөрөө ижилхэн юм. Харин одоо нам гүм байна. Нам гүмийн доторх намгүмхэн. Баруун талд нь “Б+Ц+Я+Н+Н+Г= Үүрд найзууд. 3.5 давхар, 2011.09.13” гэж цагаан ханан дээр балын харандаагаар бичжээ. Ийм л ер бусын бүхнээр дүүрэн, жир биш газар даа.

“Адессо”

Бид энд ирлээ. Эспрессо+ Лимонтой “moose”+ Интернэт+ “Гоодаль” + Мөхөөлдөс+ шатар= Энэ бол архи, тамхигүй орчин. Бүдүүлэг яриа, жир бишийн чимээтэй уулзалт энд байхгүй. Кофе ууж, шатар нүүж суугаа хүмүүс хоорондоо хов ярьдаггүй. Сэтгүүл үзэнгээ улс төрийн тухай цэцэрхдэггүй аж. Кофе ууна гэдэг соёл. Гэхдээ нэг их гангалсан хүмүүс, биеэ цэгнэн, шомбойж суудаг гэж эндүүрүүзэй.

Зөөлөн буйдан дээр зүрхэн хөөстэй латте уугаа хосуудын хажууханд суулаа. Яриа чагнах гээгүй л дээ, тэндээс ямар эрчим ялгарахыг мэдрэх гэсэн юм. Буталж буй кофе, буцалж буй сүүтэй нийлэх тэр содон үнэр өрөөгөөр нэг. Микагийн “Happy ending” эгшиглээд л уусмаар гайхалтай орчин юм. Кофе, “Адессо”... Явуу, яруу, явах уу?

Явуугийн цэцэрлэгт хүрээлэнд

“Хөндүүр зүрхээ тэврээд, хүний чимээнээс хол”... Явуугийн цэцэрлэгт хүрээлэнг зорих шалтгаан энэ. Ил захидал шил эл дол болсон газар биш, дөрвөлжин байшингууд дунд, эх адаггүй эрчимлэг алхаа, их хотын нүргээнт чимээнээс ангид, Явуугийн цэцэрлэгт хүрээлэн. Сандал бүр эзэнтэй, ирээд л буцаад л байдаг. Явуугийн дээр сар манджээ, энд хайр дүүрэн. Тэргүүнээ дээш өргөн, дээр мандах сарыг ажаад яруу сайхан үгс мэтгэн суугаа мэт Б.Явуухулангийн сүрлэг хөшөө байх. Дэргэдүүр нь ролыктой хүүхдүүд сүлжилдээд л, энэ үлгэрийн орчныг амилуулж байна. Намрын сэрүүүн шөнөөр шүү дээ. Хот нойрсдоггүй аж. Яг л хуучин пянз тоглуулагчнаа Эсперанса Спалдиний жааз хөгжим эгшиглэх мэт.

“Хөгжилтэй гуниг”

Хаа нэгтээгээс гунигт хөгжим сонсогдоно. Сонсоод, сонсоод л баймаар тэр хөгжмийг “амтат” гунигийн аялгуу гэж нэрлэе. Эсвэл “хөгжилтэй” гуниг ч юмуу. Энх тайвны гудамж дахь “River sounds” клубээс мөнөөх аялгуу эгшиглэж байж. “Их талын жааз” наадмын энэ жилийн сүүлийн тоглолт тэнд болж буй. Үлгэр мэт эхэлж, баатарлаг туульс мэт үргэлжлэх “In the country”-гийн хөгжим, хайртай тэмээндээ зориулж дуу бичсэн “Mark Brenken and Jean Yevs Braun quartet”, хөтлөгчийн хэлснээр “Мөнхийн залуу, сэтгэл татам” Боб Белоу, бүтэлгүй хайрыг магтан дуулах Дебра Расмуссен. Гадаадын шилдэг жааз хөгжимчдөөс монголчууд огт дутахгүй гэдгийг “Арга билэг”, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, эвэр бүрээч Х.Чинбат нар харууллаа. Жаазыг зөвхөн саксафоноор бус ардын хөгжмийн зэмсгээр ч тоглож болохыг тэд баталсан. Ийм сайхан өдөр, ийм орчинд саатах аз хүн бүрт тохионо гэж үү?

Чшш...Үзэгчид тэр аяараа жааз хөгжмийн хэмнэлд илбэдүүлчихэж.

Сэтгэл зүрхний минь нийслэлд шөнийн сар, нам гүм хоёр айлчилжээ. Гэвч хэмнэл унтрахгүй. Хэзээ мөдгүй ирэх зочноо хүлээж ядах шиг гэрлийн шонгууд зам даган анивчина. Цонхнууд гэрэлтэй, зарим нь онгорхой. Өвлийн утаанаас өрсөж амьсгалах гээ юм болов уу даа. 00.00 цаг. Сүхбаатарын талбайн дунд зогсоод 00.00 цагийг зарлах хонхны дуу цуурайтах, хажуугаар хосууд хөтлөлцөн алхах, усан дуслууд оргилохыг харах, хажуугаар зөрөх машинаас Эрик Клэптоны “Cream эгшиглэхийг сонсох... энэ мөчийг юутай зүйрлэх вэ?
With Б.Эгшиглэн