Nov 26, 2011

Бамбар хэзээ бар болох вэ?



Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд 17 хувь, Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн таамаглалаар 20 хувьд хүрнэ хэмээж байна. Энэ онд дэлхийн аль ч улсад эдийн засгийн өсөлт ийм өндөр хувьд хүрээгүй ч эл таамагт монголчууд итгэсэнгүй, бас баярласан ч үгүй. Төсөв томорч, эдийн засаг өсөж, гаднын хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж нэмэгдэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд залхтал нийтэлж байгаа ч монголчууд мөнөөх л хуучин янзаар. Иргэдийн амьдрал энэ сүржин сураг мэтээр дээшилж өгөхгүй, цалин хангамж нь өсөхгүй, бараа, бүтээгдэхүүний үнэ дуу аван нэмэгдэж байгаа учраас л итгэл төрөхгүй байгаа юм шүү дээ. Гэвч цаг өөрчлөгдөнө. “Хүн болж төрнө гэдэг олдохгүй хувь заяа. Харин хэн байх вэ гэдэг өөр хэрэг” гэх үг Жан Поль Сартрын “Үг” номонд бий. Уул уурхайн түүхий эдийн нөөцөөр дэлхийд эхний аравт орж буй нь дэлхийн зах зээлд Монгол гэх “бамбар” мэндэлсэн гэдгийг сануулж байна. Харин бамбар бар болон торниж чадах болов уу?
Ази тив өдгөө дэлхийн зах зээлийн өнгө толь нь болсон АНУ, Европын орнуудаас гойд сонирхолтой цэг болон хувирлаа. Энд бар мэт, луу мэт, заан мэт хөгжилтэй орнууд бий. Эдийн засаг нь туулай мэт хурдан тэлж эхлэв. Харин Монгол Улсын Азийн тавцанд хэн болж чадах вэ гэдэг л сонирхол татаж байна. Луу мэт, заан мэт хөгжил биднээс тэс өөр. Тиймээс биднийг бар болон хөгжиж чадах уу хэмээн “Reuters”, “Telegraph”, “Eurasia net”, “Голос Россий” зэрэг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд бичиж байна.
Б.Батзаяа Хөдөө аж ахуйн их сургуулийн Бизнесийн удирдлагын ... дамжаанд сурдаг. Тэрбээр Монголын эдийн засгийн хөгжлийн талаар “Өдгөө манай улс эдийн засгийн хувьд сул дорой байгаа нь үнэн. Гэхдээ төр, засаг руу хамаг бурууг чихэхгүйгээр хүн бүр хичээвэл бид уул уурхайн баялгаа зөв хуваарилж, баян чинээлэг улс болох боломжтой. Би хувьдаа Монгол Азийн бар улс болж чадна гэж итгэдэг. Гэхдээ үүнд багагүй хугацаа орно байх” гэв. Харин Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг үүнийг өөр өнцгөөс харж байна. Тэрбээр тоон үзүүлэлт шийдвэрлэх гаргалгаа биш хэмээв. “Эдийн засгийн өсөлт, ДНБ-ий хэмжээ, инфляц зэрэг эдийн засгийн хэмжүүр улсын хөгжил иргэндээ хэр нөлөөлж байгааг харуулж байгаа юм. 10 жилийн өмнө Монголын ядуурлын төвшин 32 хувьтай байсан. Өдгөө энэ хувь 38-д хүрчээ. Гэтэл энэ хугацаанд эдийн засаг яаж өссөн билээ. Тиймээс би цаасан дээрх эдийн засгийн өсөлтөд итгэхгүй байна” гэсэн юм. Үнэхээр ч эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, дэд бүтцийн салбар эдийн засгийн өсөлттэй ижил байдлаар хөгжөөгүй байгаа нь энэ бүх сайхан үгс гал унтраах төдий үзүүлэлт байсан юм биш гэх таамагт хөтөлж байна.
“Барын чихмэлийг хараад бар байна гэж хөөрцөглөж болохгүй шүү” хэмээн Ө.Ганзориг хэлсэн. Тэгвэл Оросын улс төр судлаач Владимир Родионов бүр ч өөр байр суурьтай байна. “Монгол Улс нь Азийн бусад “бар” болон “луу”-наас ялгаатай нь далайд гарцгүй. Энэ нь тэд хөрш ОХУ, БНХАУ-тай худалдаа хийх юм уу, үүгээр дамжин бусад зах зээлд гарна гэсэн үг. Мөн тэд нийгэм, эдийн засгийн шилжилтээ даваад удаагүй байгаа. Тус улс дахь Зөвлөлтийн хараат байдал нуран унах үед зүүн өмнөд Азийн орнуудын нийгэм эдийн засгийн хөгжлийн төвшин ерөнхийдөө доогуур байсан бөгөөд зах зээлийн шилжилтийн эхний үед хүмүүст алдах зүйл байгаагүй нь харин ч амжилтын үндэс болсон” хэмээжээ.
Үнэхээр ч манай улс хөгжиж байгаа бусад оронтой нэг л адилгүй. Далайд гарцгүй хэрнээ байгалийн асар их баялагтай. Энэ нь муу мэдээ юм шиг хэрнээ дэлхийн тэргүүлэгч эдийн засаг бүхий ОХУ, БНХАУ-ын хөрш гэдэг утгаараа давуу тал болж хувирна. Дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн хэрэгцээ үлэмж ихэссэн үед үүцээ задалсан нь биднийг “гэнэт баяжигч” болгож орхисон. Үнэндээ ийм зүйл болно гэдэгт итгэж байсан хүн цөөн. Монгол Улс Азийн шинэ бар болох нь бүү хэл бамбар болж “бойжих” талаар ч өмнө ярьж, төсөөлж байсангүй. Харин одоо салхи эргэжээ. Оюутолгой, Тавантолгой гэх дэлхийд алт, зэс, нүүрсний нөөцөөр тэргүүлэх ордуудын олборлолт эхлээгүй, хараахан жигдрээгүй байгаа ч их мөнгөний сураг хэдийнэ үнэртэж эхэлсэн. Хүссэн ч, хүсээгүй ч зэс, нүүрс манай улсын эдийн засгийн ойрдын хэдэн жилд торохгүй тэтгэж, мөнгөөр “услах” болно. Харин үүнийг хэрхэн зарцуулах, иргэддээ яаж тэгш хуваарилах вэ гэдгээс л бамбар бар болж чадах эсэх нь хамаарна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Нью-Йорк хотноо аравдугаар сарын 28-нд болсон Азийн нийгэмлэгийн (Asia Society) форумд оролцох үеэрээ Монголын Засгийн газар байгалийн баялагтай бусад орны туршлагыг сайтар судалж байгаа тухай ярьсан байна билээ. “Байгалийн баялагтай орнуудыг балласан голланд өвчин тусахгүйн тулд бид цоо шинэ юм сэтгээгүй. Манайхан Норвеги, Австрали, Канад улсын туршлагыг судалж байна” хэмээжээ. Тэрбээр ард түмнээ боловсрол, байр сууц, нийгмийн халамжийг үйлчилгээгээр бүрэн хангахыг хүсэж байгаагаа илэрхийлээд эдийн засгийн хямрал тохиолдох үед хэрэглэх Тогтвортой байдлын сан байгуулснаа ч дуулгажээ. Монголын Засгийн газар Азийн нийгэмлэгийн форумд оролцогчдод хэлснээ ажил хэрэг болгож чадвал бар болж хөгжинө гэдэг тийм ч бүтэшгүй зүйл биш. Гэвч бодит байдал гэвэл өнөөдөр инфляцын хэмжээ 12 хувьд хүрч, цаашлаад 20 хувь болж мэдэх таамаг бий. Ядуурлын төвшин сүүлийн жилд огт буурсангүй. Арилжааны банкууд зээлээ хумьж, эдийн засаг нэг л биш хэмнэлээр яваад байгааг бид харж байна. Энэ бүх сөрөг үзүүлэлтүүд монголчуудыг маргаашдаа итгэх итгэлийг нугачин даржээ. 50 жилийн өмнө жирийн хятад иргэн улс нь дэлхийн тэргүүлэх эдийн засагтай болно гэдэгт итгээгүй. БНСУ-ын жишээг бид мэднэ. Гэтэд өдгөө эдгээр улсын эдийн засаг хэдхэн жилийн дотор яаж өөрчлөгдснийг хар даа. Бид чадахгүй гэж үү. Байгалийн асар их баялагтай “бамбар” бар болж дөнгөхгүй юү?

Nov 23, 2011

Яаж үхэхэд хамаг учир бий!

Есүс Христ эхнэртэй, тэр нь түүхэнд биеэ үнэлэгч гэдгээс гойд сэтэргүй Магдалена гэх эмэгтэй байсан тухай ой гутам үнэнийг сонсоод олон мянган санваартан сүмийн шалан дээр нөмрөгөө тайлж шидээд, насан туршдаа хэнээс ч аврал хүлээхгүй амьдарч буй тухай бишгүй яриа бий. Гэхдээ үлдсэн хэсэг нь цагаан биш хар жигүүртэй, ариун саваа бус цуст хадуур барьсан Азраелийг уучилж дөнгөдөг нь хачин. Яаж үхэхэд хамаг учир бий гэдэг. Бурхнаас бусад нь мөнх биш, гэхдээ бурхан яаж мөнхийн хутаг олсон нь тодорхой биш энэ амьдралд үхлийн баруун мутар Азраел бээр бидний дуусах цагийн хүрдийг атган зогсдог гэнэ. Манай тоолол эхлээд 2000 илүү жилийг ардаа орхив. Үхлээс бусдын учир явдлыг таньж, ялж чадсан, бид. Азраел хийгээд түүний ариун бус үйл л үлдлээ. Яаж үхэхэд хамаг учир бий гэнэ.
Хамгийн эрхэм долоон сахиусан тэнгэр дотор Азраел шиг хүндтэй нь үгүй. Гол нь үхлийн сахиусан тэнгэр хэмээн нэрлэгдсэн тэрбээр Еврей, Ислам, Христийн шашинд нэг дүртэй оршдог. Коран сударт түүнийг “Малах” хэмээн нэрийднэ. Энэ танил нэрийг та Дэн Брауны “Мартагдсан бэлгэ тэмдэг” (Lost Symbol) зохиолоос уншсан биз. Түүний танил үгсийг ч тааж олсон гэж найдъя. Олонд танил болсон төрхөөр тэр дөрвөн янзын царайтай, дөрвөн мянган өд бүхий далавчтай эртний ном зохиолд дурдснаар хамгийн сүүлд үхэх бурхан хийгээд хүн болой.

Иудын шашины ариун судар Зохарт түүний тухай “Азраелийг хүн төрөхлтөн сонгосон. Тэр там, диваажингийн завсарт байх бөгөөд замыг заагч. Тэр бүх сахиусан тэнгэрүүдийн удирдагч мөн” хэмээсэн нь бий. Ихэнх христийн шашинтнууд түүнийг ариун бусаар сэтгэж, үзэн ядах нь их боловч түүний гарт диваажинд хүргэх тийз бий учраас харах өнцгөө өөрчлөх ёстой мэт. Христийн шашинд Азраелийг үхлийг шүүгч Хүн санваартан Эзратай холбоотой гэж үздэг. Зохиолч Ж.Э.Ханауэрийн “Диваажингийн тухай заншил: Муслым, Христ, Иуда” номонд Азраелийг цэрэг болохоос татгалзсан хэмээдэг бөгөөд учир нь Есүсийн цэргүүд үхснийхээ дараа заавал диваажинд очдог аж. Харин Азраел диваажинд очихоос татгалзаж, үхлийн сахиусан тэнгэр болохыг илүүд үзэж, түүндээ ч хүрсэн тухай уг номонд гардаг.

Сих шашинд Азраел зөвхөн нүгэл хилэнц үйлдсэн хүмүүстэй тооцоо боддог төдийгүй хадуураараа толгойг нь цавчиж, нүгэлт биеэс нь ариун сүнсийг сулладаг тухай өгүүлэмж бий. Үүний дараа тэрбээр сүнсийг там руу илгээж, Вахагуругийн хуулийн дагуу ял шийтгэлээ үүрсэн тохиолдолд сулладаг аж. Энэ бол зөвхөн Сих шашины ариун номонд гардаг үзэгдэл. Харин Коран сударт өөр өгүүлэмж бий. Азраел сүнс суллагч бөгөөд, үүнийг бурханд хүргэгч төдий. Түүнд шүүх, сүнс сонгох ямарваа нэгэн эрх мэдэл олгоогүйгээрээ исламын шашины Азраел өөр аж. Яаж үхэхэд хамаг учир бий гэнэ.

Азраел гэгч үнэн бодитоор байдаг гэдэгт байгалиас хэт холдсон хүн төрөлхтний итгэл хүрэхгүй. Гэвч энэ насанд үйлдсэн нүгэл хилэнц бүхнээ сэгсэрч орхиод шинэ амьдрал сонгоно гэдэг хамгийн үнэмшилгүй магадлал. Бурхан байдаг эсэх тухай маргаан өнөө хэр явж л байна. Харин эрт цагийн хүмүүс бурхан байдаггүй байлаа ч энэ насны амьдралаа үнэ цэнэтэй, хариуцлагатай өнгөрөөх хэрэгтэй гэдгийг сануулах гэж Азраелийг оюун санаандаа “бүтээсэн” ч юм билүү. Хэрэв үхлийн сахиусан тэнгэр, там, эрлэгийн элч гэж огт байдаггүй гэдгийг шинжлэх ухаанаар баталгаажуулаад авбал, нэг олдсон насандаа нүгэл хилэнцийг үйлдэхгүй өнгөрөх утгагүй хэмээн бодох ухвар мөчид хүмүүний тоо олон. Энэ насны амьдралын үнэ цэнийг мэдрэхийн тулд энэний дараа хүлээж буй айдсын тухай дам ярианы тунг бага зэрэг нэмэх ч илүүдэхгүй. Яаж үхэхэд хамаг учир бий гэнэ.

Нэгэнт үхэхгүй байх сонголт бидэнд байхгүй. Үхлийн дараа хэнтэй уулзаж, хаана очих нь ч тодорхойгүй. Ариун үхэх, нүгэл хилэнц үүрээд одох нь л бидний сонголт. Яаж үхэхэд л хамаг учир бий.

Nov 7, 2011

Нойрсож буй гоо үзэсгэлэн


Хэзээ би том хүн болсноо санадаггүй. Нэг л мэдэхэд эргэн тойрны хүмүүс том хүн мэтээр хүлээн авах болсныг л мэддэг юм. Одоо тэдгээр “том хүмүүс”-ийн нэгэн адилаар хүүхэд насанд хүргэж өгөх галт тэрэг хэрвээ байдаг бол хэмээн бодож сууна. Өнгөрсөн цаг хугацаа ахиж хэзээ ч ирэхгүй учраас алдааг нь бид уучилж дөнгөдөг. Ирээдүй таамаг мэт учраас итгэж чаддаг. Үхэж л би хүүхэд насандаа эргээд очно гэж бодохоор сайхан юм шиг хэрнээ, үнэхээр л энэ бодол санаагаа тэврээд очиж чадахгүй учраас мэдэрч амжаагүй байхад л нисээд одно. Ахиад л галт тэрэг ирэхийг хүлээнэ. Гэвч дурсамж бөхдөггүй аж. Ээжийгээ ажилд нь явуулахгүй гэж цүнхийг нь шүүгээний ард нуучихаад, өдөржин хайлгаж дөнгөсөн хүүхэд нас минь ахиж надад ирэхгүй. Тийм зориг ч одоо гарахгүй. Том хүний амьдрал надад тохирохгүйг мэддэг хэрнээ хүүхэд мэт байж бас чадахгүй нь. Өтөл мэт төрөөд эхлэл мэт жаргасан Бенжамин Баттон бээр шиг өнгөрсөн амьдралынхаа сүүлийн мөчид хүүхэд хэвээр үлдэх сэн. Гэвч энэ амьдралд сонголт байхгүй нь хөөрхийлэлтэй. Тархин дахь “том хүний” оюун санааг буланд шахаад, зөвхөн мөрөөдлийн орон зайг үлдээхдээ би хүүхэд насандаа очно. Том хүний амьдралдаа түүртэж ядрахдаа, зүүдэндээ би хүүхэд мэт байж чадна. Тийм ээ, унтъя. Эргээд хүүхэд болсон цагтаа л сэрье.

Келлей Райден өхөөрдөм хүүхэд нас руу дурангаа чиглүүлдэг болохоор Гэгээн Аннетэй төстэй. Тэдний үлгэрийн ертөнцдөө хүрсэн хойно нь л хөөцөлдөх дуртай, тэр. Өглөө бүр намайг инээмсэглэн угтах гурван “нар” хажуул байгааг мэдэрч сэрэх. Тийм ээ, би энэ дэлхийн хамгийн жаргалтай ээж. Би гурван хүүхэдтэй, бас гэрэл зураг дарах ажилтай. Хананд минь минийх гэх ертөнцийн аз жаргалтай хором мөчүүд өлгөөстэй байдаг учраас өнгөрсөн бүх сайхныг аргамжиж үлдсэн чадсан юм даа ”. Тэрбээр 2003 оноос гэрэл зураг дарж эхэлжээ. Мэдээж сүүдэр хөөцөлдөх шороон түмэн зурагчдаас өөрийн өнцгөөр шүүдэр хайх амаргүй даваа байж л дээ. Харин ханандаа өлгөсөн аз жаргалуудаасаа тэр гайхалтай санаа шүүрч чадсан нь хожим биелэж, 2005 оноос эхлэн Келлей Райден шинэ төрсөн хүүхдүүдийн нойрсож буй хөрөг дарж эхэлжээ. “Карьераа дөнгөж эхэлж байхдаа ажил минь намайг хөтөлдөг байлаа. Байгаль, уран зураг, үйл явдал... Гэвч бүхний туучаад өнгөрсөн тоостой жимээр явах нь надад ял шиг л санагддаг байлаа. Харин өнцгөө өөрчилж, өөрийн гэсэн замаар явж, гэгээн хүүхэд наснаас барьж авах үед ажлаа би залуурдах болсон юм даа”. Хүүхэд бол цэв цэвэрхэн цаас. Ямар ч өнгийн бэх элдвийг сараачиж зүрхлээгүй, хорвоогийн саарал бүхэнд хутгалдаагүй ариухан ертөнц түүний ажлын талбар болохоор атаархахаас өөр яах билээ. “Хүүхэд бол хүүхэд. Баян ядуугийн хууль тэдэнд үйлчилдэггүй, яг жинхэнээрээ”. Хүн болно гэж байдаггүй байх аа. Бид анх төрөхдөө л хүн байсан, харин үхэхийн цагт хүн хэвээрээ эрлэгийн хаалгыг татдаг нь л хэр олон байдаг юм бол доо. Хүнээ “эвдэх” гэж л бид бүх насаа зольдог юм болов уу даа. Келлей Райден өөрийн эгч Трэйситэй хамтарч “Нойрсож буй гоо үзэсгэлэн: Мөрөөдлийн ертөнц дэх хүүхдүүд” номоо хэвлүүлсэн нь үнэндээ Дэн Брауны ном шиг бестселлер болоогүй. Хүүхэд наснаасаа холын холд одоод, том хүний амьдрал гэх зохиомол жүжигтээ итгэгсдийн ертөнцөд мөн адил “жүжиг” л моодонд ордог аж. Гэвч Келлейд энэ зогсох шалтгаан биш. Учир нь “Ажил, аз жаргал, амьдрал гурав минь нэг шижмээр холбоотой, тэр нь баяр баясгалангаар дүүрэн учраас салж яахин чадах билээ”.

Хэчнээн ядарч байлаа ч сэрмээргүй зүүд гэж байх юм. Хүн хэвээр байхад минь өнгөрч одсон цаг хугацаанаас зуурч, үзэгдэл бүрт тэмүүлэх сэтгэл хөдлөл “том хүн”-д зохихгүй. Учир нь би хүүхэд биш.

Nov 5, 2011

Амгалан доторх амгалан


Сэтгэлийн ур ядмаг хэрнээ гарын өчүүхэн ураа ихэд тоосон зураачийн инсталляци шиг нүд хужирлах юмгүй” хэмээн тодорхойлсон Улаанбаатарын гудамжаар тэр алхан, саарал байшингийн гурван давхарт ирлээ. “Хотын уур амьсгал миний амьдралд нэг их чухал үүрэг гүйцэтгэдэггүй. Эрүүл сэтгэлгээний хэм нь алдагдсан хүний хэт гутрал, хэт хөөрлийн савчаатай адил энэ хотын нүргээн дунд би өөрөө хүсвэл ороод хамт савдаг, хүсэхгүй бол тойргоос нь гарчихдаг. Энэ дэлхийн хаана амьдрах нь надад сонин биш, харин мөн чанар минь хэвээрээ юү гэдэг л миний асуудал байх” хэмээн ярих энэ сэхүүн эмэгтэйг өмнө нь “Гоодаль” сэтгүүлийн хуудаснаас имэрдэг байв. “Би ер нь ярьдаг хүн биш юм шиг байна. Унших, бичих нь л надад илүү дөхөм санагддаг. Дотор шатаж байгаа бүхнээ өмнө нь хааяахан зургаар юүлдэг байсан ч яг сэтгэлээ нээж зуралгүй дэндүү уджээ. Харин өдрийн тэмдэглэл бичих үедээ би намайг шаналгаад байгаа тэр зүйлийнхээ гаргалгааг олж харж, яах вэ гэж бичиж эхэлсэн бол яагаадыг би оллоо гэж дуусгаж чаддаг” хэмээсэн энэ эмэгтэй саяхан “Үхэл үгүй”, “Үхлийн сурах бичиг” гэх номыг орчуулж, хагацлын зовлонд хахаж, хайрын дэмээр цангасан олон хүний сэтгэлийг дэвтээсэн билээ.
Time” сэтгүүлээс нэрлэсэн XX зууны 100 суут сэтгэгчийн тоонд багтсан Элизабет Кюблер-Россын “Үхэл үгүй”, “Үхлийн сурах бичиг” номыг орчуулсан тухайгаа тэр “Чи том болоод ямар хүн болох вэ” гэхээр бид нисгэгч, жүжигчин, зохиолч болно л гэдэг. Тэгээд болдог. Харин хүний арьсыг нөмөрчихөөд дотор нь хүн болж амжилгүй байсаар дэлхийд зорчих визний хугацаа дуусч, нэг л мэдэхэд “Явах цаг боллоо” гэдэг. Нийгэм гэдэг аймшигтай махны машинд хэрхэн тасчуулчихалгүй бүрэн бүтэн гарахыг л бид үр хойчдоо заахаас биш жинхэнэ хүнийг бэлдэхгүй байна. Огт мэдэхгүй хэрнээ үхлээс айдаг, үүнд бэлэн биш байдаг нь мунхаг харанхуйн шинж төдийгүй ойр дотныхныхоо өмнө арчаагүй, хариуцлагагүй байгаагийн тэмдэг. Тиймээс үхлийн тухай ойлголтыг минь өөрчилж, оюун санааны амар амгалан бэлэглэсэн энэ номыг би орчуулж, миний л адил хайртай, дотны хүнээ алдаж, сэтгэлээр үхэж байгаа хүмүүст туслахыг хүссэн. Би нэг их энэрэнгүй болоод нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө зориулж байгаа юм биш, ердөө л би үүнийг хийхгүй бол тайвширч чадахгүй байсан хэрэг” хэмээн тайлбарласан. Бямба гаригийн үдэш үхлийн тухай унших хэр тааламжтай сайхан болохыг би мэдэхгүй.

“Үхэл бол амьдрал дахь цорын ганц жинхэнэ толь юм байна. Ойр дотны хэн нэгнээ алдах үед мөнөөх толь өмнөөс минь харах үед ямар хөөрхийлэлтэй, өчүүхэн болохоо олж үздэг болохоор л бид энэ толиноос айдаг. Ээжийгээ бурхан болоход л би өөрийгөө даанч мунхаг, тэнэг болохыг мэдэрсэн юм.Тэр сүрхий дизайнер, урлаг судлаач, мундаг сэтгүүлийн эрхлэгч, ербусын уран сэтгэмжтэй Амгалан намайг авраагүй ээ. Харин нэгэн бөмбөрцөг дээр нэгэн цагт амьдарч байсан ч нэг агаараар амьсгалж байсныгаа “гэр лүүгээ” явсных нь дараа тээр хожуу мэдсэн Элизабет Кюблер-Росс хэмээх агуу хүн л намайг аварсан. Энэ хүн өөрийгөө шашингүй үзэлтэн гэх боловч Бурханы сургаалийг л энгийн үгээр батлаад байх шиг байдаг. Хүн гагцхүү нөхцөлгүй хайрлаж сурах гэж л энэ хорвоод ирдэг. Суран суртлаа л дахин дахин төрсөөр байх болно гэх Элизабетийн үзэл “Сэтгэлээ ариусган бүрмөсөн гэрэлтүүлэх хүртлээ үхэх төрөхийн хорвоод төрөл авсаар байна” гэдэг буддын гүн ухаантай нэг цэгт огтлолцоод л байгаа юм. Үнэхээр ч бид үхэлд ер бэлтгэлгүй юм. Юу болохыг нь мэдэхгүй хэрнээ үхлээс айдаг, маргааш миний амьдралын эцсийн өдөр хэмээн мэдрэхэд л бидний ихэнх нь сэтгэл дотроо үхэж, барьц алдаж эхэлнэ. Гэвч үхэл гээч нь илүү сайхныг нээх хаалга байдаг ч юм билүү”.

Ц.Амгалан гэх хүнийг үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход хамгийн чухаг нөлөө үзүүлсэн хүн хэн бол? “Хүүхдүүд минь одоо миний тэвчээрийг маш ихээр барж байна л даа. Гэхдээ энэ нь намайг тэвчээрт, хүлээцтэй байхад сургаж байгаа гэж бодохоор тэд маань харин ч надад багшилж, бас үзэл санаанд минь нөлөөлж байна шүү дээ. Тэгэхээр онцгой нэгнийг нэрлэх хэцүү. Гудамжинд согтуу хэвтэж байгаа нэгэн ч надад багшилж, зааж сургаж буй нь үнэн. Хэрвээ бид тэндээс ухаарал олж харвал шүү дээ. Гэхдээ бид юмыг яагаад заавал ийм сувгаар таньж, ухаарах ёстой болохыг би ойлгохгүй байна” гэсэн юм. Тэр их өөрчлөгдсөн бололтой. Нээрээ ч “Гоодаль”-ийн хуудаснаас цогтой, заримдаа галзуу гэмээр бодол санааг нь тэмтэрч байсан тэр хүн, өмнө минь суугаад үйлийн үрийн тухай, үхлийн тухай ийм гэгээнээр бодож явдаг нь миний л хувьд шинэ нээлт болсон юм. Бусдыг ч би энэ мэтээр нээж яагаад болохгүй гэж?

“Хэрэв та өвлийн өвгөн байсан бол шинэ жилээр хэнд бэлэг өгөхгүй байх вэ” гэж асуухад тэр их гайхаж, бухимдаж байгаа нь илт байв. “Яагаад өвлийн өвгөнөөс бэлэг авах эрхгүй хэн нэгэн байх ёстой гэж. Бурхан хүртэл хэнийг ч шүүж ялладаггүй байтал би нэг өвлийн өвгөн төдий болчихоод амьтныг ялгах гэж үү. Ер нь зөв, буруу, сайн, муугийн дэнс гэж юу юм бэ”. Харин өнөөгийн нийгэм тийм ч хүсээд байхаар сайхан эд биш, дарангуйлал дундах гоёмсог шорон гэдэгтэй бид санал нэгдсэн юм. Харин сөрөх үү, дагах уу гэх сонголтын аль нь чухам зөв бол?

“Энэ амьдралыг би цор ганцаараа цогцлоон бүтээгээгүй. Бас хүн бүр хүн төрөлтөн хэмээх нэгэн цулын эд эс нь учраас бүгдээрээ нэг нэгнийхээ амьдралын номыг бичилцэж байдаг. Тэр нь заавал сайн сайхан байх ч албагүй. Гэхдээ энэ тогтолцоог сөрөөд утгагүй. Үг сүггүй бууж өгөөд, сөхрөх ч ёсгүй. Тэвчих л юм даа. Бүх зүйл цаг зуурынх, аз жаргал ч зовлон ч мөн адил” аж. Ц.Амгалан өөрийгөө хүнд хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үздэг кино, унших ном нь хүртэл хүнд, мөн энэ “хүнд”-ийг ойлгох хүмүүстэй л ярилцах дуртай аж. Харин дараачийн өгүүлбэрийг сонсоод бидний хэн хэн маань инээдээ барьж чадсангүй. “Заримдаа тэр хүндийг өргөж чулуудчихаад нисээд явчихмаар. Миний "хүнд" дотор орших хөнгөн хэсэг илүү хүчтэй”. Бямба гаригийн үдэш манай уншигчдад та ямар ном зөвлөх вэ гэхэд тэр “Би бусдад зөвлөгөө өгөх эрхтэй хүн биш” гэж байна. Би ч нэлээн тулгалаа, тэр ч бодлоо. Би хагас сайны орой ямар унших байсан юм бол гэж өөрөөсөө асууж байна.

“Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын эмхэтгэсэн “Монголын сонгомол өгүүллэгүүд” зүгээр байх аа. П.Лувсанцэрэнгийн “Нурамтын өвөрт”, “Ус шиг цэнхэр” гэх хоёр ч өгүүллэг нь багтсан байдаг. Аугаа тансаг монгол хэлний охь шимийг уух шиг унших үед л би өөрийгөө монгол хүн гэдгээ мэдэрдэг. Багадаа дурласан “Монголын шилдэг өгүүллэг” түүвэрт их хайртай. П.Лувсанцэрэнд бүр илүү хайртай. Гэрээсээ түүний түүврийг хоёр удаа алдсан. Одоо хааяа их ядарсан үедээ “Ус шиг цэнхэр”-ээ л уншдаг” гэлээ. Асаж дүрэлзсэн үзэл санааг нь сэтгүүлийн хуудаснаас л тэмтэрч байсны хувьд Ц.Амгалангийн дотор ийм яруу төрх бий гэдгийг мэдрэх сонирхолтой байсан шүү.

Тэрбээр сэтгүүлийн ажлаа завсарласан ч гэлээ өөртөө бичсэн хэвээр гэнэ. Эдгэршгүй өвчтэй хүмүүс, тэдний гэр бүлд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх “ГЭГЭЭН АСАР” сангаа байгуулсныг нь сонирхвол “Хүмүүс намайг чи арван цагаан буяны ажил хийж байна л гэдэг юм. Гэхдээ буян хийж байна гэж өөрөө бодох үед тэр хэдийнэ нүгэл болсон байдагт би итгэдэг.. Юмны сэдэл л их чухал. Хорт ургамал тарьсан бол хэчнээн ариун усаар услаад ч хорт ургамал л ургана шүү дээ” гэж байна. Нэгэнт бохирдсон саванд сүү хийвэл тэр нь бохир саван дахь сүү л болохоос биш...

-Таны хамгийн сүүлд сонссон баяртай мэдээ юу байв?

-Хүүгээ би өнөөдөр нэг багштай уулзуулсан юм. Тэр өрөөнд нь сайн хүүхдийн чанар, муу хүүхдийн чанарыг жагсаасан самбар байж л дээ. Манай хүүд муу хүүхдийн чанараас цөөнгүй байсныг үнэнээр нь багшдаа хэлсэн байна лээ. Энэ л өнөөдөр (өчигдөр) сонссон хамгийн сайхан мэдээ байлаа. Гэхдээ амьдарч буй хором мөч бүхэн минь, амьсгал бүр сайн мэдээ гэдгийг би мэднэ. Нар мандах, солонго татах, салхи, бороо, хүүхдийн харц, ижийн тухай бодол, наминчлал...Энэ бүхэн бүгдээрээ үггүй сайн мэдээ юм шүү.

Тийм ээ, энэ сайн мэдээ. Нэгэнт өнгөрсөн хүний хувьд хүсээд ч олдохгүй хормыг бид ийн ярилцаж өнгөрүүллээ. Энэ ч бас сайн мэдээ, тийм үү?