Dec 31, 2011

2012.01.01

Оргилуун дарс ууж байсан хундага хоосон. Бялууны хайрцаг хогийн савны хажууд заларч, түрүүхэн өнгө өнгөөр солонгорч асан тэнгэр өнөөх л хуучин хэвэндээ. Өнө мөнхийн хар дээвэр. Өнгөрсөн он алдаа, оноо баяр хөөр бүхэнтэйгээ дурсамж болон үлдэж, удахгүй замхрах учир битүүлэг цаг хугацааны эргүүлэгт шилжинэ. Хүсэлд л амилах танил биш шинэ онд ямар учрал хүлээж байгаа нь ч таамаг мэт. Он солигдох мөчийн 00.00 цаг орчлонгийн хамгийн хоосон мөч байдаг.
Өвлийн өвгөнөөс бэлэг хүлээдэг хүүхэд нас холын холд үлджээ. Өвлийн өвгөн гэж байдаггүйг одоо би мэдсэн. Гэвч жаахан дүүгийнхээ мөрөөдлийг нугачихгүйн тулд гацуур модны дор тавих бэлэг бэлдэнэ. “Өвлийн өвгөнөөс...”. Худал үйл үйлдэхгүйгээр туйлын үнэн амьдрах боломжгүй гэдгийг өөртөө баталж буй минь энэ. Хүсэл биелүүлэгч бурхан байдаггүйг мэдэх хэрнээ оргилуун дарс тулгасны дараа нүдээ анин мөрөөдөж эхэлнэ. Өөрөөсөө эрэх аврал минь тэр юм болов уу даа. Маргааш өглөө нь хүслээс өөр юу ч үгүй, өнгөрсөн жилийн дурсамжаасаа хагацсан “нүцгэн” би сэрнэ.
Өнө мөнхөд ийм л байсан өглөө намайг угтах ч шинэ оны эхний нар, энэ цоо шинэ гэдэгт итгэхийг хүснэ. Биелээгүй, магадгүй хэзээ ч биелэхгүй мөрөөдлөө төсөөлөл дотроо жагсаасан хуучин өдөр. Өнгөрсөн жилийн энэ өдөр би юу хүсэж байлаа, түүнээс хэд нь биелсэн бол? Би юу алдаж, юуг шинээр нээсэн бэ? Гацуур модоо хураах цаг болжээ. Мөнхөд ногоон байх боломжгүй, энэ мод ч бас над шиг хиймэл юм чинь. Тийм ээ, цаг хугацаа гэж байдаггүй, над шиг л махан биеийн бодож олсон тэнэглэл биз. Нэг өдөр л үргэлж, дандаа, өнө мөнхөд давтагдаж байна. Тэр хуучин биш, шинэ ч бас биш. Зүгээр л нэг агшин аж. Азгүй өдөр, бүтэлгүй агшин, хүлээсэн, хоцорсон хором мөчүүд гэж байдаггүй. Энэ үргэлж давтагдаж байдаг, огтхон ч шинэ бөгөөд хуучин агшин биш учраас түүнд элдвийг нялзаах нь утгагүй хэрэг. Хэзээ эхэлснийг нь мэдэхгүй, хэзээ ч дуусахгүй цаг хугацаанд шинэ он, шинэ жил гэж байхгүй. Саяхан дүүрэн байсан оргилуун дарсны хоосон лонхыг хар даа.

Dec 28, 2011

Do it like a Tekist #2 (Christmas)


I’m dreaming of a white Christmas”-Home alone soundtrack
Уугуул нэр нь “White Christmas” бөгөөд алдарт дуучин Bing Crosby 1942 онд анх дуулсан бөгөөд түүний хувилбар бүх цаг үеийн хамгийн их борлогдсон шинэ жилийн дуугаар тодорч, “Гиннес”-ийн номонд бүртгэгджээ. Дэлхий даяар нийт 50 хувь борлогдсон учраас арга ч үгүй биз. Харин Тэкист би бээр Chris Columbus-ийн 1990 онд найруулсан “Гэртээ ганцаараа” киноны Drifters-ийн хувилбарыг онцолж байна. Хүүхэд насны дурсамжинд илүү ойр эл киноны дуунууд “Байз, би дуулж байна” гэж байгаа юм шиг л дээрэнгүй хэрнээ сэтгэл хөдөлгөж чаддаг юм даа. Парис явах гэр бүлийн аяллаас хоцорч үлдсэн Macaulay Culkin эл дүрээрээ “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж, бүх цаг үеийн хамгийн залуу нэр дэвшигчийн тоонд (11 нас)-ийн тоонд багтаж байв. Зөвхөн “I’m dreaming of a white Christmas” ч гэлтгүй “Run run Rudolph”, “It’s beginning to look alot like Christmas” ч бас супер.

Baby it’s cold outside”- Norah Jones
Lady Antebellum”, “She and him”, Norah JonesGlee(цуврал) гэхчлэн цөөнгүй уран бүтээлч энэ дууг амилуулсан ч Frank Loesser-ийн хувилбарыг гүйцэхгүй л болов уу. Учир нь энэ дууны үг, аялгуу түүний зүрхний угаас урсан гарсан юм шүү дээ. Тэрбээр 1944 онд гэртээ найзуудтайгаа үдэшлэг зохиох үед эл дууг эхнэр Lynn Garland-тайгаа хамтран дуулж, тэр үдэшжин хөөрцөглөжээ. Хожим уг бүтээл дэлхий даяар түгэж, Frank-т “Оскар”-ын шагнал авчирч байв. Энэ дууны аль ч хувилбарт сээтэгнэл их тунгаар шингэсэн байдаг. “Хонгор минь гадаа хүйтэн байна, хоноод явах уу?”

Winter wonderland”- Jason Mraz
Мөн л нэн эртний дуу болох “Winter wonderland”-ийг Andy Williams, Aretha Franklin, Bob Dylan, Connie Talbot, Diana Ross, Elvis Presley, Frank Sinatra, Michael Buble зэрэг олны танил 150 гаруй уран бүтээлч өөрсдийн хувилбараар дуулсан мэдээ бий. Гэвч энэ дундаас Tekist миний сонирхлыг Jason Mraz-ийн хувилбар илүүтэй татлаа. Өвлийн тайгад өглөө болоод үлгэрт гардаг шувуу, буганууд амь орж дуулж байгаа мэтээр сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь шидчихээд буулгаж мэдэхгүй “эвгүй” байдалд оруулж мэднэ, энэ дуу.

Jingle Bells –Michael Buble
Талархлын баярын сүлд дуу байсан хэрнээ Сhristmas-тай хутгалдсан “Jingle bells” 1822 онд анх бүтсэн түүхтэй. Хожим 1857 онд “One horse open sleigh нэртэйгээр нийтэд түгсэн ч хожим “Jingle bells” хэвээр үлджээ. Сонирхолтой нь энэ дуу сансарт цацсан анхны шинэ жилийн дуу болж байв. 1965 оны арванхоёрдугаар сарын 16-нд “Gemini-6” хөлгийн нисгэгчид эл дууг сансрын уудамд цацаж байсан гэнэ. “Jingle Bells”-ийг мөн л шороон түмэн одод дуулсан ч жазз дуучин Мichael Buble-гийн 2011 онд гаргасан, өдгөө Billboard-ийн шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж буй “Christmas” цомогт багтсан хувилбар нь илүү догь хэмнэлтэй. Түүнтэй “Puppini sisters хамтарч, хөг нэмжээ.

Happy Christmas (War is over)- John Lennon, Yoko Ono
Хамгийн их шуугиан, эсэргүүцэл, алга ташилт дагуулсан эл дуу 1971 оны арванхоёрдугаар сард хүртээл болж байв. Вьетнамын дайнд ид дундаа орж байхад “Beatles” хамтлагийн дуучин Жон Леннон гэргий Йоко Оногийн хамт эгшигт тэмцэл хийсэн нь энэ. Эл дуу нэлээд хожуу буюу 1980 оны арванхоёрдугаар сарын 20-нд Англид худалдаанд гарсан бөгөөд харамсалтай нь үүнээс 12 өдрийн өмнө алдарт дуучин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байлаа. Леннон уг дууны үгийг 1969 онд бичиж дууссан бөгөөд анхандаа War is over (If you want it) нэртэй байжээ. Мөн хосууд энэ дуугаа хүүхдүүддээ зориулан тусгайлан бичүүлж Йокогийн дуулсан хувиалбар “Happy Xmas, Kyoko”, Леннонынх “Happy Xmas, Julian хэмээн нэрлэж байсан удаатай.

The Christmas song- “She and Him
Америкийн инди поп жанраар уран бүтээлээ туурвидаг “She and him” хамтлагт “Зуны 500 өдөр” киноны Zooey Deschanel болон түүний “найз” М.Ward нар бий. 2006 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж байгаа тэд энэ жил “A Very She and him Christmas” цомгоо гаргаж, багагүй шуугиан тариад байна. Шинэ жилийн сэдэвтэй 12 дуунаас бүрдэх уг цомгоос “The Christmas”-ийг онцлохоор шийдэв. Эл дууг хамгийн анх 1944 онд Bob Wells амилуулж байсан түүхтэй. Хожим Nat King Cole-ийн хувилбар илүү тархсан ч “She and Him”-ийнх Тэкист надад тун ч их таалагдсан юм шүү.

Dec 24, 2011

Гудамжин дахь баллада



“Улаанбаатар абсурд хот. Сэтгэл дурлах юм нэг ч үгүй хэрнээ зүрхний гүнд хайрламаар нандин дурсамж дүүрэн. Бүх юм нь холилдсон инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг...” өвлийн хотын гудамжнаа танил үгс амилна. Нээрээ ч абсурд хот гэдэг нь үнэн юм болов уу даа. Эргэн тойрон хөмсөг зангидсан ууртай хүмүүс, ороолт малгай сэлтээр өөрийгөө далдын далд нуучихна. Замаар нэг эгнэсэн машинууд амь орж, “шүгэлдэх” нь рок цуглаан болов уу гэлтэй.

Улаанбаатарын өвөл ийм гунигтай, саарал байгаагүй юм гэнэ лээ. Харин өдгөө төгөлдөр хуурын дан хар товчлуураар тоглосон аялгуу мэт түгшүүртэй бөгөөд гаслантай үзэгдэл нүдний өмнө хөврөнө. Гэвч утаан саарал хөшиг л хамаг сайхныг халхалчихсан болохоос биш хайрламаар сайхан учралаар дүүрэн яруу өвөл сайхан үзэгдлээ биднээс харамлах учиргүйсэн.

Гудамж бол нэн сонирхолтой орчин. Зарим нэгэн хэлбэрдэгч “гудамжны сэтгэл зүй” нь тухайн орны толь байдаг ч гэх. Жинхэнэ абсурд гэх тодорхойлолтод багтах жир бишийн үзэгдэл энд өрнөнө. Алхан өнгөрөх хүний хэтэвчний хэр зузааныг тэмтрэх шаардлагагүй, амьд тайз. Согтуу нэгэн дугхийж, хажуугаар нь хашаанаас зугатсан эзэнгүй ноход тэнүүчилж, энд хүн төрнө, энд хүн бөхнө. Гэвч гайхмаар сайхан үзэгдлүүдийг нь мартаж боломгүй.

“...Чамтай минь учруулсан хайрын гэгээн бороо минь

Чанх дээрээс минь алган дээр буулаа...”. Дүнсгэр өвөл сэтгэлд нь бороо дусалсан хэн нэгэн байх, хачин юм аа. “Тэнгис” кинотеартын ойролцоох автобусны буудал дээр өвлийн жаврыг ч үл хайхран нэгэн залуу дуулж зогсдогийг та харсан л байх. Урдаа алимны хуучин цаасан хайрцаг тавиад, гар, хөлөө эвлэгхэн хөдөлгөн дуулж гарна. Халаасаа уудлахаас ч залхуурсан, бээрэнхий хүмүүс түүнийг төдийлэн анзаарахгүй, мань эр ч тэднийг харуулдах сөхөөгүй. “Дуулах сайхан. Би залуудаа эдийн засагч мэргэжилтэй байлаа. ОХУ-д сургууль төгсөөд барууны цөөнгүй улсаар аялаж байсан дурсамж бий. Уул нь би орос ардын дуунд дуртай, гэхдээ монгол хүн учраас монгол дуу л дуулдаг даа” хэмээв. Улаанбаатарын уйтай саарал гудамжинд хөг нэмэх тэрбээр дулаан цагт дуулах дургүй гэж байна. “Дулаарахаар хүмүүс хүссэн хүсээгүй баяр хөөртэй, инээх нь хүртэл олшироод ирдэг. Харин өвөл тийм биш. Ер нь би хөмсөг зангидсан хүн харах дургүй”.

Улаанбаатарын утаатай өвөл хүн чанарыг маань хөлдөөсөн гэдэг үнэн байх шүү. Гудамжинд хэн нэгэн хэвтэж байвал “Согтоод л унаа биз” хэмээн тоохгүй өнгөрнө. Өвдөөд уначихсан бол үхэлтэй бүр ойртоно. Учир нь гараа сунгах хүсэл, сайхан сэтгэл хөлдчихсөн. Харамсалтай нь үнэн энэ. Гудамжинд дуу дуулж зогсох хүмүүсийн тухай бидний бодол өөр, муухай. Гуйлгачин аятай хандаж, мөнгө өгөхгүй мөртлөө хажуугаар нь шоолж өнгөрөхөө бас мартахгүй. Гэвч гудамжны дуучид бидэнд мөнгөөр үл хэмжигдэх сэтгэл зүрхний нандин харилцаа илгээж байгааг ойлгох сөхөө алга даа. Тэр нэрийг нь битгий бичээрэй гэж гуйсан. Учир нь танил хүмүүстээ шоолуулахыг тэр хүсээгүй. Харин би түүнийг “хүн” гэж нэрлэе. ХҮН, элдэв цол гуншин дагалдаагүй хамгийн үнэн тодотгол юм шүү.

Тэр хүнд өвлийн тухай гайхмаар сайхан дурсамж бий. “Жаахан байхад өвлийн улирал мандариний үнэртэй юм шиг санагддаг байсан. Дунд сургуульд байхад нэг удаа өвлийн өвгөнөөс бэлэг авлаа. Мэдээж цаасан уутан дотор хэдэн чихэр, нэг ширхэг мандиранаас өөр юм байхгүй шүү дээ. Тэр шинэ жилээ би анх удаа олны өмнө дуулсан. “Цалин мөнгөн тэнгэртээ” гээд л авч өгсөн шүү дээ. Дуулж байх зуур дээлийн энгэртээ хийсэн мандаринаас өөр юм бодогдохгүй. Дуусаад л сургуулийнхаа ариун цэврийн өрөө рүү чавхадчихсан. Гэтэл дээлийн энгэрт мандарин маань байдаггүй...” Гадаа дуулсаар байгаад түүний хоолой сөөчихөж. Бас байн байн нусаа татна. Ханиад хүрсэн бололтой. Гэвч гэгэлгэн дурсамжаа эргэн санаад дуу нь бүр ч хөгжимлөг болж ирлээ. Юун ханиад. Түүнийг өрөвдөх хэрэггүй ээ, таны л нэг адил хүн гэдгээр нь хүлээж аваарай.

Түүнд мандаринтай өвөл ахиж ирэхгүй. Харин өөрийгөө ч танихаа байхад хөтлөх утаан хөшиг сунайсаар. Тэнд, гудамжинд зөрж өнгөрөх хүн бүрт зориулж сэтгэлийнхээ хөгийг хуваалцаж байхад хүлээж авдаг зүрх хэр олон байдаг бол? Ай даа, Улаанбаатарын өвөл улам л уйтгартай болоод хүмүүс бид нэгнээсээ улам л төөрөөд байх шиг.

“Бороонд норсон бүхэн үзэсгэлэнтэй харагддаг. Яагаад ч юм хүний жинхэнэ гоо үзэсгэлэн тэнд... будаггүй, баггүй, нойтон. Харин цас бүхнийг ариусгадаг гэдэгт би итгэдэг. Бүхнийг цагаан өнгөөр будчихдаг болохоор тэр биз. Тайван амгалан, даарах нь хүртэл зовлонтой биш. Том том цасан ширхэгүүд тэнгэрээс будраад л, бороон дусал шиг яарч биш, ер бишийн тайван. Удахгүй шинэ жил болно доо гэж бодох нь нэг л гоё, чамин мэдрэмж төрүүлнэ. Яг тэр үед их хотын хөл хөдөлгөөн саарч, сэтгэлдээ байх бүхий л сайхнаа эргэцүүлэх, аз жаргал бэлгэлэх хүн хоорондын хамгийн нандин харилцаа цастай өвөл л өрнөнө. Яг одоо цас орвол, яг одоо гараад гүймээр... Гэвч энэ зун...” өнгөрсөн зун өөрийн блогтоо ийн бичиж байв, би. Гэвч миний мөрөөдөж дурласан өвөл энэ биш байна. Өнөөх л танил, уйтай мэдрэмж. Төгөлдөр хуурын дан хар товчлуураар тоглосон саарал аялгуу.

“Бөмбөгөр”-ийн баруун урд байрлах “Genex зочид буудлын гадаа нэгэн хүү дуулж суухыг олон удаа харсан. Өмнөх хүн ихэвчлэн зохиолын дуу дуулдаг бол энэ жаал хүүхдийн дуу л мэддэг.

“...Цагаан баавгайн бамбарууш тоглон наадаж байна

Цэгээн Туулын мөсөн дээр бөмбөг битгий хаяарай...”. Хүн хөгширдөггүй, хүүхэд нас нь л мөнхөд үргэлжилдэг бол сайхнаа. Хүүхдийн дууны үгэнд улс төр, хүнд суртал, нийгмийн хар бараан сүүдэр байхгүй. Тийм болоод ч тэр үү нийгмийн гаралтай шалтгаанаар нулимс унагах шалтгаан байдаггүй. Гэгээн байгаа биз.

Гудамж тэр чигтээ хөгжим юм. Тэнд жааз хөгжимийн намуухан хэмнэл шиг хайр дурлал өрнөж, хип хип дууны үг шиг үнэ амьдрал хөвөрч, Улаанбаатар бүхэлдээ сонгодог хөгжмийг намуун аянд бүүвэйлэгдэнэ. Түүнийг хөглөх нь би, бас та. Өнөө мөнхийн настай хэрнээ өнөөдөр яг анхных юм шиг сэдэл төрүүлэх цас бударч л байна. Тэгэхээр хүн чанар хаврын цас шиг хайлж дууссан гэдэгт битгий эвлэр. Харин сэтгэлээ уудал, нандин сайхнаа юунд зориулж хадгалах билээ, одоо л мэдэр.

Яг одоо цас орж байна. Сэтгэл доторх дурсамжийн орон зайд цасаар шуурч, жавар тачигнасан өвөл ирж, бага нас маань цонхны цаана цагаахан ертөнцийг ширтэн зогсоно. Цас ороод л, ороод л, орсоор л байна гэнэ ээ. Өвөл бүхэн дандаа урт, өнгөрсөн хойно нь л богинохон санагддаг хойно.

Dec 21, 2011

Монгол мөрөөдлийн эрэлд




“Time” сэтгүүлийн өнгөрсөн сарын дугаарт “Chindian century” буюу “Энэтхэг, Хятадын эрин зуун” нэртэй нийтлэл гарчээ. Европ тив эдийн засгийн сүйрлээ хүлээн зөвшөөрөөгүй байгаа үед энэ “мэдэгдэл” арай эртэдсэн байж мэднэ. Гэхдээ л зайлшгүй зүйлээс бултах арга байхгүй. Тун удахгүй дэлхийн эдийн засгийн бодлого Ази тивээс салшгүй холбоотой болох бөгөөд чухам энэ үед тогоон дотроо хэн нь толгой байх вэ гэдэг асуултын хариултыг хайсан нь энэ. Саяхан “Forbes” сэтгүүл нэгэн сонирхолтой мэдээлэл нийтэлсэн нь анх удаа АНУ, Англиас өөр бүс дэлхийн санхүүгийн төвөөр тодорсон явдал байв. Тэр нь Азийн бар Хонконг. Энэ дохио бидэнд төдийлэн хамаатай мэтээр буухгүй байгаа ч дараачийн өгүүлбэр таны бодлыг өөрчилж дөнгөнө гэдэг итгэлтэй байна. Энэтхэгийн бизнесийн салбарын магнат Ратан Тата ийн хэлэв. “БНХАУ дэлхийн үйлдвэрлэлийн төв болсон. Энэтхэг улс технологийн бааз болон торниж байна. Хэрэв Монгол Улс одоогийн потенциалаа зөв залж чадвал эрдэс баялгийн “сан” болж мэдэх юм”.

ЭРДЭНЭСИЙН САН
Одоо дээрх өгүүл бэрүүд танд ямар нэг сэдлээр ойр дөт санагдахгүй байгаа бол Монгол мө рөөдөл тархинд тань соёолж ам жаагүй байна аа гэсэн үг. Эрдэс баялгийн нөөцөөр дэлхийд эх ний аравт орж байгаа Монгол Улсын ир гэдийн ирээдүйн талаарх таамаглал Улаанбаатарын утаа шиг саарал хэвээр байгаа нь даанч харамсалтай. Польш улсад эдийн засагч мэр гэж лээр ажилладаг Д.Баттулга “Мон голын эдийн засаг ойрын 20 жилд Азид нөлөөлж чадахуйц болно гэдэгт би хувьдаа итгэхгүй байна” гэв. Монгол мөнг өтэй болсон, болох ч болно. Гэвч үрэлгэн зан нь арилахгүй гэж тэр боддог аж. “Монгол дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадахгүй байна” хэмээн “Аpple” компанид инженерээр ажилладаг Д.Энх-Амгалан ярьжээ.
Монголын ирээдүйн талаарх за луу сын үнэн бодол энэ. Үнэхээр ч бид “бар” болж дөнгөхгүй нь болол той, тийм үү? Гэхдээ сэтгэлээр унахад эрт байна. Дэлхийн II дайны дараа АНУ эдийн засгийн хувьд доройтолд орж, орон гэргүй хүмүүс болон шархадсан цэрэг, өнчирсөн хүүхдүүдээр дүүрчээ. Гэвч тэдэнд “Аме рик мөрөөдөл” байсан. Америк хүн бүр өнөөдрөөс сайхан маргааш ирнэ гэдэгт итгэдэг, үүгээрээ гол зо гоосоор өд гөө дэл хийн тэргүүлэх эдийн засаг бүхий орон болж чаджээ. Яа хав, одоо сан хүүгийн хоёр дахь хям ралын сүү дэр тэднийг ганхуулж байгаа ч өнөөх л “Америк мөрөөдөл” унт рах болоогүй байна. Тэгвэл би дэнд “Монгол мөрөөдөл” бий юү.
АЗИД МОНГОЛ ХЭН БАЙХ ВЭ?
“Wealth daily” сэтгүүлийн шинжээч Кристиан ДеХамер Монголыг Төв Азийн Саудын Араб болно хэмээжээ. Алтны нөөцөөр дэлхийд тэргүүлж, нүүрснийхээр дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа нь бидэнд том боломж байгааг харуулж байна. Олон улсын валютын сан гийнхан Монголын эдийн засаг ойрын таван жилд дэлхийд өөр хаана ч байхгүйгээр хувирч, ДНБ үлэмж хэмжээгээр өснө хэмээн таамагласан. Харин үүнд итгэх эсэх нь өнөөх л “Монгол мөрөөдөл”- тэй холбоотой юм шүү. БНХАУ гэх дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг бүхий үйлдвэрлэгч орон бидний хөрш. Гол нь Ази, тэр дундаа БНХАУ улам хүчирхэгжиж байна. Тэд нийг үзэн ядах сэтгэлээ түр хойш нь тавиад боломж гэж харъя. Ой рын арван жилдээ бид түүхий эдүүдээ боловсруулан дэлхийн зах зээлд нийлүүлж хараахан амжихгүй.
Санхүүгийн боломж ч бүрдээгүй байна. Тиймээс боловсруулаагүй түүхий эдийн экспорт ойрын жилүүдэд хөгжлийн хамгийн боломжит хувилбар болохыг хү лээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн эдийн засагчид хэлдэг. Үнэхээр ч үндсэрхэг үзэл гаргаад алт, зэс, нүүрсээ хадгалаад суувал Монгол энэ хэвээрээ л үлдэнэ. Бамбар болж бойжсон хэрнээ бар болох тухай мартах хэрэгтэй гэ сэн үг. Хэрэв уул уурхайн нөөцөө зөв ашиглаж, болом жийн үнээр экспор толж чадвал ойрын таван жилд Монголын ДНБ 15 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой хэмээх гаргалгааг Крис тиан ДеХамер дэвш үүлсэн байна билээ. Далайд гарцгүй, дээр нь хоёр их гүрний дунд халиуны зулзага шиг хавчуулагдсан байдаг нь хөгжлийн том саад хэмээн зарим нь үздэг.
Харин өөр өнцгөөс харвал ОХУ, БНХАУ бидний хувьд далай юм. БНХАУ өдгөө алт, зэс, нүүрсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна. Дотооддоо багагүй хэмжээний нөөцтэй ч хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа бол Монголд эдгээр түүхий эдийн үлэмж нөөц бий. Гэвч ийм байлаа гээд бүхнээ гаргаад туучихна гэсэн үг биш. Тонн түүхий нүүрс 70 ам.доллараар экспортолсноос дотооддоо боловсруулаад 150 ам.доллараар зарах нь мэдээж ашигтай. Гэхдээ Монголд нүүрс боловсруулах технологи хараахан хөгжөөгүй байгаа учраас эхлээд экспорт, дараа нь боловсруулах хувилбар бидэнд илүү дөхөм. Хэрэв энэ нөөц, бас боломжоо зөв ашиглаж чадвал Монгол Улс Саудын Араб шиг цалгисан их мөнгөнд умбахгүй юм аа гэхэд хамгийн өөдрөг хувилбараар тооцвол Сингапур, Хонконгийн адил бар болох боломжтой.
БУРУУ ЭРГЭЛТ
Гэвч санахад илүүдэхгүй сургамж бий нь мөрөөдөл бүхэн биелдэггүй. Африкийн орнууд шиг гаднын хө- рөнгө оруулагч нэртэй мангасуудад бүхнээ цөлмүүлээд хогон дээр суусан гуйлгачин болж үлдэхгүй гэх баталгаа байхгүй. Хэдэн жилийн өмнө тэд ч мөн дээрх шиг сүржин төсөөлөлд умбаад бодит эрсдэлийг харах сөхөөгүй байв. Иракийн эдийн засаг 1970- аад оны үед нэлээд өсөлттэй байжээ. Тухайн үед нефть, хийн орлого асар их байсан ч эрх баригчид нь бүх хөрөнгөө дайнд зарцуулсаар юу ч үгүй хоцорсон байна. “Бид ийм баян юм чинь” хэмээн бардаж, байгаа мөнгөнөөсөө гадна байхг үйгээ зээлж өрөнд оржээ. Най ман жил үргэлжилсэн Иран, Иракийн дайны үеэр иракчууд 80 тэрбум гаруй доллар зарлагадсан гэх тооцоо ч бий. Уг нь 112 тэрбум баррель нефтийн батлагдсан нөөцөөрөө Ирак нь дэлхийд хоёрдугаарт ордог байв.
Ойрын 10 жилд нэг монгол хүнд ногдох орлогын хэмжээ дөрөв дахин өсөх таамаглал байгааг Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Стивен Барнетт Улаанбаатарт ирэх үеэр тэмдэглэсэн. Гэхдээ эрдэс баялгийн нөөц аливаа орны хөгжих баталгаа болдоггүйг ч тэрбээр мөн сануулсан юм. “Хүний хөгжлийн сан”-гаас иргэн бүрт сар бүр 21000 төгрөг тарааж байгааг бид мөн ч их хараав. Уул уурхайгаас олж буй мөнгөө дэмий зүйлд үрээд дууслаа гэх мөртлөө энэ мөнгийг аваагүй хүн цөөхөн. Монголчуудын 80 хувь нь дээрх мөнгийг сар бүр авдаг гэх баримт бий. Мэдээж шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүс хэрхэхээс бидний амьдрал, ирээдүй шалтгаална. Гэхдээ би, бас та Монголын нэгэн эд эс шүү гэдгээ мартаж болохгүй.
БӨХӨӨГҮЙ МОНГОЛ МӨРӨӨДӨЛ
Монгол Улс өнгөрсөн зуунд улс төрийн нэг намтай, үүнийгээ да гаад бүгд нэг мөрөөдөлтэй байв. Эдийн засгийн хувьд ч мөн ялгаагүй. Мэдээж, үүний алдаа оноо их, бага тунгаар бий ч эх орноо гэх сэтгэл жинхэнэ “Монгол мөрөөдөл” байсан гэдэгт эргэлздэггүй. Америкт дөнгөж ахлах сургуулиа төгссөн хүүхэд өөрийнхөө санааг хэрэгжүүлээд, ком пани босгоод явахад ямар ч саад байх гүй. Үүнийгээ тэд америк мө- рөө дөл хэмээдэг. Харин өдгөө Монгол Улс Азийн бар болж чадна, бид ийм болгохын төлөө зүтгэнэ гэсэн “Монгол мөрөөдөл” хэний зүрхэнд цохиолж байна вэ? Дэлхийн эдийн засгийн төв болж буй Ази тивд бар мэт, луу мэт, заан мэт хөгжилтэй орнууд бий. Эдийн засаг нь туулай мэт хурдан тэлж эхлэв. Харин Монгол Улс Азийн тавцанд хэн болж чадах вэ гэх асуултын хариу магадгүй таны зүрхэн дотор цохилж байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.

Dec 17, 2011

Баяртай Эми, сайн уу Аделе. “Чамайг даа” Муррей


“Биллбоард” сэтгүүлээс нэрлэсэн хөгжмийн ертөнцийн оны онцлох 20 үйл явдал.

Лэди Гагагийн 1000 дахь түрүү

“Биллбоард” сэтгүүл шилдэг дууны жагсаалт гаргаж эхэлснээс хойш 52 жил болжээ. Тэгвэл дуучин Лэди Гагагийн “Born this way” дуу 1000 дахь долоо хоногийн №1 дуугаар тодорч, түүхэн амжилтын эзэн боллоо. “Үүнийг миний карьер дахь хамгийн хүндэтгэлтэй, эрхэм зүйл гэж хэлэхгүй бол магадгүй би тэнэг болох байх” хэмээн Лэди Гага сэтгэгдлээ илэрхийлжээ. Энэ дууны видео клипийг ганцхан долоо хоногийн дотор 85 сая хүн үзсэн байна.

Гайхамшиг! Адель

Хэрэв хөгжмийн ертөнцийн долоон гайхамшгийг нэрлэх бол Английн поп дуучин Адель гарцаагүй хамгийн агуу нь болох байсан биз ээ. Үгүй ч байж болно. Ямартай ч 2011 он түүнийх байлаа. Тэрбээр “21” цомгоо хоёрдугаар сарын 22-нд Англид худалдаанд гаргаж, долоо хоногийн АНУ-д нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл тэр хэнд ч гүйцэгдсэнгүй. Шархалсан зүрхний шаналан, хайр, будаггүй үнэн мянга мянган зүрх сэтгэлийг эзэмдэж орхижээ. Түүний “21” цомог 13 долоо хоногийн турш Биллбоардыг тэргүүлсэн бол “Rolling in the deep” дуу нь найм, “Someone like you” нь таван долоо хоног шилдгийн жагсаалтын тэргүүнд бичигдсэн билээ. “21” цомогт багтсан “Set fire to the rain” дуу нь өнгөрсөн долоо хоногт уг жагсаалтын 21-т бичигдсэн бөгөөд Биллбоардын тэргүүлэх магадлал өндөр байгаа аж. “21” цомог дэлхий даяар нийт 13 сая хувь борлогджээ.

Мянганы хатагтай Queen B

Тавдугаар сарын 22-нд 7.9 сая үзэгчийн өмнө дуучин Бэйонсе ээжийнхээ гараас Биллбоардын Мянганы шилдэг уран бүтээлч шагнал гардав. Тэрбээр энэ үеэр “4” цомгийнхоо анхны сингль “Run the world (girls)” дуугаа тайзнаа амилуулсан бөгөөд дүрс бичлэгтэй уралдан бүжиглэж, олныг алмайруулсан билээ.

Дахиад л Лэди Гага

Тэрбээр ганцхан долоо хоногийн дотор нэг сая хувь цомог борлуулсан цорын ганц уран бүтээлч болов. Цомог анх худалдаанд гарсан өдрөө Амазон цахим худалдаагаар ердөө 99 центээр зарагдсан бөгөөд гайхалтай маркетинг байсан хэмээн шүүмжлэгчид ярьжээ.

The Voicevs American idol

Хөгжмийн ертөнцөд реалити шоу амилсан жил байлаа. Алдарт “American idol” нэвтрүүлэг Саймон, Паула, Рэнди нартайгаа салах ёс гүйцэтгэж Кара, Стивен Тэйлор, Женнифер Лопез нарын шинэхэн шүүгчидтэйгээр эргэн ирсэн ч урьдын амжилтандаа хүрч чадсангүй. Харин сул орон зайд Cee Lo Green, Кристина Агилера, Блэйк Шелтон, Адам Лэвинэ нарын харьцангуй залууд оддыг эгнээндээ нэгтгэсэн “Voice шоу эзэгнэв. Гэвч Саймоны “X Factor USA” нэвтрүүлэг NBC телевизээр цацагдаж эхэлмэгц дээрх хоёрт гэнэтийн бэлэг барьсан билээ.

J.Lo and Marc: Баяртай!

Холливудын үлгэр жишээ хосууд гэгддэг Марк Энтони, Женнифер Лопез нар долоон жилийн хамтын амьдралдаа цэг тавьж буйгаа зарласан нь хамгийн том дуулиан байлаа. Ийнхүү тэдний гурван настай Эмми, Макс нэртэй ихрүүд гэр бүлийн аз жаргалыг дутуу амсах болов.

“Клуб 27” + Эми Уайнхаус

Өөрийнхөөрөө өөрийгөө нээсэн, Английн дуучин Эми Уайнхаус 27 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж Жими Хэндрикс нартай хамт “Клуб 27”-д “элсэв”. Архи, хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан түүний цогцосыг зургадугаар сарын 23-нд Лондон дахь гэрээс нь олжээ. Энэ явдлын дараа түүний “Back to black” цомог нь хөгжмийн чартуудад эргэн ирж, эцэг Уайнхаус нь түүний нэрэмжит буяны сан байгуулсан билээ. Сонирхуулахад, түүний олны хүртээл болж амжаагүй дуунуудыг багтаасан “Lioness: Hidden Treasures” шинэ цомог өнгөрсөн долоо хоногт Англид худалдаалагдаж эхэлсэн.

U2: “360” аялан тоглолт

Алдарт U2 хамтлагийн “360” аялан тоглолтын тасалбар дэлхий даяар 7 сая хувь худалдаалагдаж, нийт 736 сая ам.долларын ашиг олсон нь супер амжилт байлаа.

Jay Z, Канье Уэст: “Watch the Throne

Тэдний хамтын бүтээл “Watch the Throne” цомог хип хопын ертөнцөд цахиур хагалж, Биллбоардын жагсаалтыг тэргүүлсэн. Уг цомогт багтсан “Otis”, “Niggas in Paris” зэрэг дуу нь ч дэлхий даяар олон сая хувь борлогдсон юм. Тэд тун удахгүй аялан тоглолт хийхээ мэдэгдсэн.

Sugarland”-ын үхэл дагуулсан тоглолт

Өнгөрсөн наймдугаар сарын 13-нд Индианаполист болсон Sugarland, Sara Bareilles нарын тоглолтын үеэр тайз нурж, долоон хүн амиа алдаж, 43 хүн бэртсэн нь хөгжмийн ертөнцийн хар толбо болон түүхэнд үлдлээ.

Кэти Пэрри Майклтай цуг

Дуучин Кэти Пэрригийн Missy Elliott-той хамтарсан “Last Friday night” дуу Биллбоардын жагсаалтыг тэргүүлсэн түүнийг түүхэн амжилтад хөтөллөө. Кэти Пэрригийн “Teenage dream” цомгийн тав дахь дуу уг жагсаалтыг тэргүүлсэн нь эмэгтэй уран бүтээлчдийн урьд тогтоогоогүй амжилт бөгөөд тэрбээр Michael Jackson-ий “Thriller” цомгийн амжилттай зэргэцэв. “Шүдний сойзоор микрофон хийгээд есөн настайдаа дуулдаг байснаа санаж байна. Энэ бол миний мөрөөдөж ч зүрхлэхгүй том амжилт байлаа” хэмээн Кэти Пэрри ярьжээ. Өдгөө түүний “One that got away” дуу нь Биллбоардын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байгаа бөгөөд энэ дуу шилдгээр шалгарвал Майклын амжилтыг эвдэх юм.

Бэйонсегийн хэвлий дэх “Jay Z

Тэрбээр 2011 оны MTV Video music awards-ийн үеэр жирэмсэн болсноо зарлаж, шуугиан тарилаа. Уг тоглолтын үеэр Жэй Z-д зориулсан “Love on top дуугаа сонирхуулсны дараа уг мэдээ нэгэнт тодорхой болсон юм. “Хэвлийд минь бойжиж буй хайртай үрээ мэдрэх хамгийн сайхан завшаан” хэмээн ярьжээ.

Tyler, the Creator: “Welcome to F***ing future

Дуучин Tyler МТV VMA шагнал гардуулах ёслолоос Шилдэг шинэ залуу уран бүтээлчээр тодорсныхоо дараа ийн хэлсэн юм. “Welcome to Fucking future”.

Баяртай Стив

Хөгжмийн үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан Стив Жобсийн үхэл гэнэтийн бөгөөд итгэмээргүй мэдээ байлаа. “Apple” компанийг үндэслэгч энэ эрхэм технологийн ертөнцөд хувьсгал хийсэн төдийгүй хөгжмийн ертөнцөд ч нөлөө тусгалаа үзүүлсэн билээ.

Жастин Бибер аав “болсон” нь

Канадын поп од Жастин Бибер хараал зүхэл, алдар нэрийн оргилд зэрэг авирлаа. Mariah Yeater хэмээх эмэгтэй түүнээс хүүхэдтэй болсноо зарлаж, Жастинийг шүүхэд дуудсан юм. Хэрэв энэ мэдээ үнэн бол Жастин Бибер гурван сартай хүүгийн эцэг аж. Гэвч энэ нь батлагдаагүй бөгөөд дуучин Жастин Селена Гомез нарын хайрын романс үргэлжилж, уран бүтээлүүд нь ч дэлхий нийтийг байлдан дагуулсан хэвээрээ байгаа билээ.

“Чамайг даа” Муррей

Попын хаан Майкл Жексонд “үхлийн тийз” гардуулсан эмч Конрад Муррей дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлэв. Гэвч Майкл амьд байгаад, дэлхий ертөнцөд өгөх байсан гайхамшигтай харьцуулбал энэ юу ч биш хэмээн үзсэн шүтэн бишрэгчид нь эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн.



Төрийн дууллаа мартаж болохгүй

O say can you...” өнгөрсөн хоёрдугаар сард болсон Super Bowl тэмцээн дуучин Кристина Агилера АНУ-ын төрийн дууллыг дуулснаар эхлэх байв. Тэр дуулсан. Гэхдээ үгээ мартсан. Алдарт дуучны хувьд төдийгүй америкийн иргэн хүний хувьд тун ичгэвтэр байдалд орсон тэрбээр маргааш нь шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүссэн билээ.

Цахим од Ребека Блэйк

Kreayshawn, Lana Del Rey зэрэг Өмнөд Калифорнийн өсвөр насныхан хөгжмийн ертөнцөд цахиур хагалав. Гэвч хамгийн супер нь 14 настай, цахим од Ребека Блэйк байлаа.

Arcade Fire, Эсперанса Спалдин: “Юун Бибер?”

53 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол Эминем, Жастин Бибер нарынх болно хэмээн цөөнгүй хүн таамаглаж байлаа. Гэвч гол номинациудад тэдний горьдлого талаар болов. Эминем “Recovery” тодрох нь тодорхой гэж байсан Оны шилдэг цомгийн шагналыг ч “Arcade Fire”-ийн “Suburb” булаав. Тэгвэл шилдэг шинэ залуу дуучны шагнал Биберийнх гэж таамаглаж байсан ч эгшигт хайрцаг жааз дуучин Эсперанса Спалдины гарт очив. Жааз уран бүтээлч анх удаагаа энэ шагналын эзэн болсон нь энэ.

Dec 5, 2011

Төрсөн өдрөөс төрсөн бодол


Цаг хугацаа гэж байдаггүй, мань шиг л махан биеийн бодож олсон тэнэглэл шүү дээ гэх. Магадгүй цаг хугацаа урсдаггүй, урьд царцаж орхисныг нь бид мартаад доог хийж суудаг ч юм билүү. Энэ амьдрал дунд 21 жил тэснэ гэдэг амаргүй юм аа. Төгсгөл нь тодорхойгүй, гэхдээ хэзээ нэгэн цагт төгсөх нь тодорхой тоон хүрд эргэх бүрт жилийн яг энэ өдөр л яг хуучнаараа, тогтсон найруулгаар өнгөрдөгт дасжээ. Үргэлж л даваа гариг байдаг, энэ өдөр л байнга давтагдаж байдгийг нээснийхээ төлөө туулайн бөөр модонд хүлүүлсэн Хосе Аркадио нэг иймэрхүү юм мэдэрсэн тухай тайлал байдаг даа.
Төрсөн өдрийн хамгийн эхний мэндчилгээ “...Uheld neg jiler oirtoj bgad ni bayar hurgey… гэж эхэлж байна. Гарцаагүй үнэнээс бултах аргагүй, эерүүллээ ч эцсийн цэг нь үнэний дэнсэнд хамаатай болохоор яах ч билээ. Гэхдээ энэ нь гуньж гутрах, шалдаа бууж сөхрөх шалтаг биш шүү. Өнөөдрийн эхлэл хамгийн сайхан, ёстой үргэлж давтагдахыг хүсмээр сайхан байлаа. Ээж минь төрсөн өдрийн мэнд хүргээд, үнсэж сэрээлээ, намайг. “Миний хүү 20.00 цагийн үед төрсөн шүү” гэж байна. Миний ээж 21 дарь эхийг шүтдэг, сонин дээр хэвлэгдсэн зургийг хүртэл жаазлаад ханандаа хаддаг, дэвтэртээ наадаг жир бишийн сүсэгтэйг нь хааяа шоолдог юм. Тийм болоод ч тэр үү миний 21 насны төрсөн өдөр ээжийн хувьд хувь заяаны гайхалтай тохироо болж буй нь илт. Гэхдээ ээж минь нэг их нялуун хүн биш учраас үнсчихээд л яваад өгнө лээ. Харин би гэртээ аавтайгаа үлдлээ. Аав минь тэнгэрийн оронд байгаа ч бурхны тавиур дээр заларсан зураг нь амьтай, тэгээд биднийг үргэлж харж, ивээж тэтгэж байдаг гэх мухар сүсэг надад бий.
Аав бид хоёр тав хоногийн зөрүүтэй төрсөн, би гэрийнхээ ганц эрхийн тэнэг нь учраас хоёр төрсөн өдөр тэмдэглэдэг байсан дурсамж тодорч байна. Аавын найзууд гэрт ирэхдээ “эрх шар”-д гар хоосон ирдэггүй. Зургаан настайдаа аавынхаа төрсөн өдрөөр анх удаа бэлэг бэлдэж, аав, ээж бас өөрийгөө зурснаа санадаг юм. Аавыг ээжээс өндөр зурж, хоёр ахыгаа ор тас мартсан учраас ээж учиргүй шүүмжилж билээ. Дурсамж эргэн санахад сайхан ч гэлээ давтагддаггүй, ахиж ирдэггүй нь тоогүй. Бас өнгөрсөн цагт.
Өглөө гэрээс гарахын өмнө бурхны өмнөх хүрдийг эргүүлж, бас аавынхаа хөргийн өмнө хэсэг саатлаа. Аавынхаа зургийг аваад би хацартаа наасан. Аав минь байсан бол намайг үнсэх л байсан учраас би энэ эрхийг өөртөө олгосон юм. Хүний ургуулан бодох, хүссэнээ төсөөлөх төрөлх зангаар аавын минь зураг нээрээ ч над руу инээмсэглэж байна гэж харсан. Аавгүй гэж хэлүүлэх дургүй шалтгаан минь энэ. Бие нь л байхгүй болохоос хүссэн үедээ би аавыгаа бодол дотроо харж, төсөөлж, ярьж чаддаг болохоор энэ байхгүй гэсэн үг биш.
Энэ өдөр л би найзуудынхаа дунд ямар чухал хүн болохоо мэдэрдэг. Гэхдээ бусад үед нь хэн ч биш гэсэн шалтгаан бас биш. Хүн хамгийн дотнын хүндээ сэтгэлийн үгээ хамгийн бага хэлдэг гэдэг дээ. Уулзах бүртээ “Чи миний нэг хэсэг шүү” гэж хэлж зүрхлэхгүй, дотроо бодно, бодохгүйгээр цаанаа л нэг дохио солилцоод байх нь бий. Харин энэ өдөр бид дотор үргэлж байх тэр мэдрэмжээ үг болгон солилцдог юм. Энэ дэлхийн зургаан тэрбум хүнээс ингэж таарах нь жирийн тохиолдох биш л байх.
20 насны төрсөн өдрөөс хойш би нэлээдгүй өөрчлөгджээ. 365-хан хоног шүү дээ. Гэхдээ хүсвэл хэдхэн хором ч амьдралыг минь тэр чигт нь өөрчилж чадахтай харьцуулбал багагүй хугацаа. Эсвэл би өөрчлөгдөөгүй байх, өөрийгөө өөрөөр харж, жав ёсны нэмэгдлүүддээ дассан байх л даа. Өнгөрсөн жилийн энэ өдөр ээж минь нэг нууц задалж билээ. Би энэ ертөнцөд мэндлэхгүй ч байж магадгүй байсан гэсэн. Хачин юм шүү, одоо би энд. Гэхдээ ээж, аав хоёр минь эцсийн шийдвэртээ хожим эргэлзээгүй гэдгээ хэлсээн. Хэрэв буруугаар эргэсэн бол... яаж ч бодсон боломжгүй юм даа. Сэтгэл дотор минь үргэлж байдаг ч санах тоолондоо уудалдаггүй, нандин үгээ хэлье. Ээж ээ, намайг төрүүлсэнд баярлалаа. Эрх шар хүүтэй байхын жаргал, зовлонг мэдрүүлж яваа хүүгээс чинь. Аав минь өнөөдөр намайг, бас таныг үнсэнэ дээ. Яг бидний мэдэх тэр дурсамж амилна.