Jan 10, 2012

Тариачдын нүдээр нүүдэлчид



Этноархеологич Франческа Лүлье: УЛААНБААТАР УЙТГАРТАЙ ХОТ. ХАРИН ХӨДӨӨ НУТАГ МИНИЙ МЭДЭХГҮЙ ГАЙХАМШИГ

Архитектор Грациано Капитини: МОНГОЛ ГЭР ХӨМРӨӨД ТАВЬСАН МАЛГАЙ ШИГ. ГЭХДЭЭ ХАМГИЙН ТӨГС ЗАГВАРТАЙ НЬ

Тэд надаас “Чамд хөдөө амьдрах бодол төрдөг үү” гэж асуухад би “Үгүй” гэж үнэнээ хэлсэн. Харь элгийн хүмүүс хэрнээ энэ хариулт тэднийг гонсойлгож орхив. Нэг гэр бүлийн хоёр болох Франческа Лүлье, Грациано Капитини нар нүүдлийн соёл иргэншлийг судлахаар Монголд найм дахь удаагаа ирээд буй нь энэ. Тариачин соёлтой хүмүүс нүүдэлчдийн ахуй амьдралд дурлан, судлахад бэрхшээл цөөнгүй тохиолдохыг хүлээн зөвшөөрсөн ч гэлээ тэд хүсэлдээ хөтлөгдөн, асуултаар дүүрэн богцоо үүрээд дахиад ч ирнэ гэлээ. Архитектор Грациано Капитини Монгол гэрийн бүтцийг сонирхож байгаа бол түүний гэргий этноархеологич Франческа Лүлье өвөлжөөг судлах зорилготой. Харин тэд хамтдаа Италийн Гадаад хэргийн яам, Археологийн нийгэмлэгийн санхүүжилтээр Монголчуудын суурьшилийг судлахад туслах төсөл хэрэгжүүлж буй аж. Бидэнд хэдийнэ танил зүйлсийг өөр өнцгөөс харахаар тэмүүлж буй тэдэнтэй ийн ярилцлаа.

-Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарт идэр ес эхлэхээс өмнө бид уулзаж байна. Даарч байна уу?

Ф.Л: -Би ийм хүйтнийг өөр хаана ч мэдэрч байсангүй. Гэтэл монголчууд юу ч болоогүй юм шиг алхацгааж байгааг хараад хүйтэн биш ч юм болов уу гэж тээнэгэлзсэн.

-Тэгвэл Италийн өвлийн тухай ярих уу. Тэндхийн өвлийн сайхан, бас Монголынхоос өөр нь юу вэ?

Г.К: -Итали далайн уур амьсгалтай, дулаахан учраас Монголын өвөлтэй харьцуулах боломжгүй. Хамгийн өндөр уулын оройд л ийм хүйтэн байгаа байх. Эртний ромчуудын заншил ёсоор бид шинэ он гарахаас өмнө хуучин оны бүх муу муухайг нь зайлуулахын тулд нэгнийгээ ус руу шиддэг. Зарим нь далайн хүйтэн усанд сэлнэ. Тэгэхээр Италийн өвөл ямар вэ гэдэг ойлгомжтой байгаа биз.

-Бид нүүдэлчдийн байгуулсан хотод уулзаж байна. Улаанбаатар хот 360 гаруй жилийн түүхтэй ч яг орчин үеийн хот хэлбэрээ олоод удаагүй. Өнөө хэр хотын соёл бүрэн нэвтэрч чадаагүй ч гэх нь бий. Тэгэхээр нүүдэлчдийн хотын тухай ямар бодолтой байна вэ?

Г.К: -Монголын тухайд магтах надад зүйл олон бий. Харин үнэнийг хэлэхэд Улаанбаатар хот надад ямар ч дулаан мэдрэмж, сайхан сэтгэгдэл төрүүлээгүй. Агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг дэлхийн бусад хотынхтой адил асуудлууд байдаг учраас шинэ юм ердөө байхгүй. Монгол Улс ийм өргөн, уудам нутагтай атал яагаад хүн амынх нь гуравны хоёр нь Улаанбаатарт байдаг, үлдсэн хэд нь энд ирэх тэмүүлэлтэй болохыг би ойлгоогүй. Харин Улаанбаатар хотоос гарч, хөдөө очиход бүх юм өөр, сайхан. Жинхэнэ эрх чөлөө, амар амгаланг тэнд л би мэдэрсэн.

Ф.Л: -Монголын хөдөө, нийслэл хоёр яг л өөр өөр улсад очсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Улаанбаатар мэдээж уйтгартай, харин хөдөө бол бидний мэдэхгүй өөр, гайхалтай ертөнц байдаг төдийгүй Монгол уламжлал тэнд илүү их хадгалагдаж үлдсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд бүгд хотруу тэмүүлэх болсноор монгол уламжлал, соёл өөрчлөгдөж байгаа нь харамсалтай.
-Монгол соёлтой анх яаж танилцаж, чухам юу нь сонирхлыг тань татаад дахин дахин ирэх болов ?
Ф.Л: -Монголын нүүдэлчдийг эртнээс сонирхож эхэлсэн. Энэ орны талаар унших, сонсох бүрт нүдээр үзэх хүсэл төрж, үүндээ хөтлөгдсөн гэх үү дээ. Анх Италийн археологийн нийгэмлэг, Гадаад хэргийн яамны санхүүжилтээр нүүдэлчдийн соёлыг судлах төсөл хэрэгжүүлэх зорилгоор Монголд хөл тавьсан.

Г.К: -Бидний тариачин соёлоос тэс өөр нийгэм, соёл иргэншил энд байдаг. Ялангуяа Монголын байгаль болоод нүүдэлчин ахуй сонирхол татсан.

-Соёлыг судлахын тулд эд эс нь болсон хүнийг таних хэрэг гарна. Монголчууд бусад үндэстнээс юугаараа ялгаатай вэ?

Г.К: -Би хувьдаа монгол залуусыг гайхдаг. Тэд европ залуусыг бодвол илүү бие даасан, ирээдүйн зорилготой, түүндээ хүрэхийн тулд бүхнийг маш эрт эхэлдэг. 25 нас хүрээгүй хэрнээ асар их зүйлийг амжуулчихсан, чадварлаг залуу хүн цөөнгүй харсан. Болдог бол европ, тэр дундаа залхуу итали залуусыг энд авчирч, амьдралын зорилготой, эрч хүчтэй болгомоор санагдсан шүү. Хоёрдугаарт, малчин айлд анх хоносон тэр өдөр миний амьдралыг болоод бусад хүний тухай төсөөллийг орвонгоор нь эргүүлсэн. Монголын нүүдэлчин ард түмэн үнэхээр зочломтгой, өгөөмөр. Харахад тийм ч баян биш хэрнээ байгаа бүхнээ дайлж, цайлна. Бүр өөрт нь ганцхан үлдсэн зүйлээ хэрэг гарсан хэн нэгэнд өгөхдөө ч харамсдаггүй тэр сэтгэл намайг гайхашруулсан. Би нэг удаа маш эвгүй байдалд орж билээ. Малчин айлд хэдэн өдөр хоноод, дайлуулж цайлуулсныхаа дараа би төлбөрийг нь төлөх ёстой гэж бодоод “Хэдийг өгөх вэ?” гэхэд тэр айлынхан ихэд гайхаж, сүүлдээ нь дургүй нь хүрч байсан. Энэ ердөө л зочломтгой зангийн илрэл байсан гэдгийг ойлгосон. Гэтэл бусад орныхон ийм найрсаг биш шүү дээ.

Ф.Л: -Монголчууд хэн нэгнийг шашин, хүйс, үзэл бодлоор ялгаварладаггүйг хараад гайхсан. Хөдөө явж байхад “Гадаад хүн байна, оруулахгүй” гээд хаалгаа хаасан тохиолдол байгаагүй. Харин ч илүү хүндэтгэлтэй харьцдаг. Гэхдээ би одоо хүртэл нэг асуултын хариуг олоогүй л байна. Үргэлж эелдэг, хүндэтгэлтэй харьцаж байгаа нь сайхан зангийн илрэл үү, эсвэл өөр зүйл гэхээр чин сэтгэлээс нь гарч байдаг. Гэсэн хэрнээ монгол хүн яг ямар юм бэ гээд дотор руу нь өнгийх гэхээр болдоггүй. Тэдний баярлах, уурлах зэрэг сэтгэлийн хөдөлгөөн нь ил хэрнээ цаанаа л нэг халдашгүй дархан байдаг.

-Нүүдэлчдийн гэрт амьдарч үзсэн гэж дуулсан. Бүтцийн талаасаа монгол гэр ямар санагдсан бэ?

Г.К: -Би архитектор хүн учраас монгол гэрийг сонирхон судалж байгаа. Яг л хөмрөөд тавьчихсан малгай шиг. Гэхдээ хамгийн төгс зохицсон загвар нь (инээв). Хамгийн гол нь гэр халуунд сэрүүн, хүйтэнд дулаахан байдгийн дээр агаарын солилцоо маш сайн явагддаг нь сонин. Миний тооцоолсноор монгол гэр салхины 140 м/секунд хурдад тэсвэртэй байсан. Мөн байшинг бодвол жижиг, дугуй хэлбэртэйн дээр өнцөг байдагүй нь соёл, ахуйтайгаа холбоотойгийн илрэл юм. Энэ үнэхээр гайхалтай, төгс шийдэл.

-Улаанбаатарыг нүүдэлчдийн хот гэж үзэх хүмүүс байдаг. Энд маш олон гэр байдгийн дээр хотын гудамжинд дээлтэй хүмүүс цөөнгүй харж болно. Гэтэл энэ нь орчин үеийн бусад хот шиг хөгжөөгүйгээ хаацайлах шалтаг болдог юм биш биз?

Ф.Л: -Жинхэнэ нүүдэлчдийг би хөдөө харсан. Бид Улаанбаатарт орж ирээд удаагүй байгаа хөдөөгийн хүмүүстэй уулзсан. Тэд хотын иргэн гэдгээ мэдэхгүй, зарим нь ер бэлтгэлгүй байсан. Гэтэл гэрээ тойруулаад хашаа хатгасан л бол, хотод ороод ирсэн л бол тэд хотын иргэд. Нүүдэлчин биш боллоо гэсэн үг. Жишээ нь нүүдэлчин айлын ноход гинжгүй, гэрээ орхиод явчих боломжтой байдаг ч тэд хотноосоо холддоггүй. Гэтэл хотын айлын ноход хашаандаа гинжтэй байдаг шүү дээ. Тэгэхээр нүүдэлчин ноход ч бас хотын соёлд зохицоод гинжлэгдэж байна. Хотод ирсэн нүүдэлчдээс “Та нар эргээд хөдөө амьдрах уу” гэж асуухад ихэнх нь “Үгүй” гэж хариулсан. Үүнийг сонсоод надад харамсах сэтгэл төрж байлаа.

-Хотод ирсэн ч гэсэн нүүдэлчин дархлаа тэднээс тийм ч амар салахгүй. Шууд хотын иргэн болчихгүй шүү дээ. Энэ нь хотын соёлд шууд бусаар нөлөөлж байгаа хэрэг юм биш үү?

Г.К: -Тийм. Хөдөөгийн иргэдийн ихэнх нь хотод ирж амьдрахыг хүсэж байна. Энд л сайхан амьдрах боломжтой гэж маш ихээр сурталдсан. Тэд хотод ороод ирлээ, эхлээд дээлээ тайлах хэрэг гарна. Энэ бол нийгмийн шаардлагаар тэдэн тулгарч буй анхны бэрхшээл. Насаараа дээл өмссөн настай хүмүүст үүнийгээ тайлах хэрэг гарахгүй, сонирхол ч байхгүй. Харин залуу хүмүүс хотод дээлтэй явбал хөдөөнийх гэдгээ мэдэгдэж, шоолуулдаг. Тэгэхээр тэд дээлтэй явна гэдэг чинь тэнэг юм байна гэж бодон эхэлнэ. Энэ бол маш харамсалтай зүйл л дээ. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байгаа нь нүүдэллэн амьдрах ёсонд ч нөлөөлж эхэллээ. Хөдөөгийн айлууд зурагттай, сансрын антеньтай болсон байгаа нь яах аргагүй хөгжил мөн.

Гэхдээ хэдий тэд нийгмийн шаардлагаар өөрчлөгдөж, хөгжиж байгаа ч гэсэн монгол ахуй соёлоо битгий алдаасай гэж би хүсдэг. Учир нь дэлхийд жинхэнэ соёл, уламжлалаа өвлөж үлдсэн хүмүүс цөөхөн байна шүү дээ.

-Мэдээж нүүдэлчид үргэлж энэ хэвээр орших боломжгүй. Хүссэн хүсээгүй нийгмийн энэ айхавтар давалгаа тэднийг дайрч, соёл, уламлжлалд эерэг сөргөөр нөлөөлж л таарна. Монгол соёлыг судалж байгаагийн хувьд хөгжил, дэвшлийн давалгаан дунд монголчууд энийгээ л аваад үлдчихээсэй гэж харамладаг зүйл байдаг уу, танд?

Г.К: -Дэлхийн II дайны дараа бидэнд ч ийм асуудал тохиолдож байсан. Италичууд бол тариачин соёлтой ард түмэн. Бидний соёл тэр үед одоогийнхоос тэс өөр, түүхтэйгээ илүү ойр байлаа. Гэтэл Дэлхийн II дайны дараа америкийн нөлөө гарч, итали хүн бүр Америк шиг оронд амьдрахыг хүссэн. Энэ ч биеллээ олж тариачид үйлдвэрийн ажилтан болцгоосон. Харин одоо эргээд харахад тариачин соёлоос минь бидэнд юу үлдэж вэ гэхээр хоосон. Энэ бол эмгэнэл. Монголд өдгөө яг ийм үе ирж байна. Та бүхэнд бидний муу жишээ байгаа учраас соёл, уламжлалаа алдахгүй байгаасай гэж хүснэ.

Ф.Л: -Монголчууд шиг байгальтайгаа ойр харилцдаг үндэстэн дэлхийд өөр хаана ч байхгүй. Тэнгэр, ан амьтны араншингаар цаг агаараа шинждэг, өөрсдөд нь албан ёсоор өмчлүүлж өгөөгүй ч уул, усаа хайрладаг. Нүүдэлчдийн цөөнгүй хэсэг нь хотын иргэн болсон ч гэсэн үүнийгээ битгий алдаасай гэж хүсдэг. Гэвч хотын соёл илүү аминчхан, харгис байхыг шаарддаг учраас энэ уламжлалаа алдах гээд байна. Хаалгаа түгжээд, буруу хараад суучихдаг өрнийн аминчхан хүмүүсээс монголчууд тэс өөр шүү дээ.

-“Зүлгэн дээр гэрээ зүгээр нэг амьдрах сайхан” гэх монгол шүлгийн мөр бий. Үүн шиг та хоёр хэзээ нэгэн цагт зүлгэн дээр гэрээ бариад, монголд амьдрах талаар бодож байв уу?

Ф.Л: -Энэ шүлэг нүүдэлчин байгаад хотод ирсэн хүмүүсийн сэтгэл зүйг харуулсан үнэн үгтэй санагдлаа. Бид Монголд амьдрах талаар олон удаа бодсон. Гэвч ганц л зүйлийг бид тэвчиж чадахгүй. Тэр нь өвлийн хүйтэн. Монголын хөдөө бол эрх чөлөө, амар амгаланг мэдрэх хамгийн гайхалтай орчин мөн ч гэсэн өвөл болно гэхээр л бид чичирч эхэлнэ. Энэ л асуудал болж байна даа.

Г.К: -Харин бид төслийнхөө шугамаар зуны дэлгэр цагт Монголд тусдаа гэр бариад, хэсэг хугацаанд амьдрах сонирхол бий шүү.

-Та хоёр Монгол үг сурсан уу?

Г.К: -Итали хүмүүст монгол дуудлага хэцүү. Би “баярлалаа”, “баяртай” гэж хэлж сурсан.

Ф.Л: -Монгол хэл хахир хатуу сонсогддог хэрнээ хэлж байгаа хүмүүсийг өнгө аясыг харахад яг л шүлэг уншиж байгаа мэт санагддаг. Хоорондоо илүү хүндэтгэлтэй харилцдаг юм болов уу гэж бодсон.

-Монгол хүний дотор руу өнгийх гэж хичээж байгаа тухайгаа түрүүн хэлсэн. Тэгвэл монгол эрчүүдийн зан чанараас нөхөртөө юуг нь суулгачихмаар санагдаж байсан бэ?

Ф.Л: -Би ажлаа хийж яваа учраас монгол эрчүүдийг өөр нүдээр харж байсангүй ээ (инээв). Ер нь ажиглахад монгол эрчүүд хэтэрхий эрх санагдсан. Хөдөө, хотод ялгаагүй эмэгтэйчүүд илүү их ачаа үүрдэг юм билээ. Эрчүүдээс биш харин монгол эмэгтэйчүүдийн дайчин, зоримог зан чанарыг өөртөө суулгах юмсан гэж бодсон.

-Та бүхэн Монголд найман дахь удаагаа ирсэн гэж хэллээ. Энэ хугацаанд өнөө хэр хариултыг нь олоогүй яваа зүйл хэр олон бэ?

Г.К: -Найман удаа гэхээр хугацааны хувьд олон санагдаж мэднэ. Харин тухайн улсын соёлыг судалж байгаа тохиолдолд энэ юу ч биш. Бидэнд энэ тухай ер нь сайн мэдлээ шүү гэж шууд хэлэх зүйл алга. Харин ч ирэх болгондоо асуултаар дүүрэн байдаг шүү.

Ф.Л: -Монгол нүүдэлчдийг судлая гэвэл энд амьдраад, тэдний нэг эд эс болох хэрэгтэй. Одоо бол бид судалгааныхаа дагуу таамаглал дэвшүүлээд, түүнийгээ батлаж, ойлгож явна. Соёлын судалгаа гэдэг археологитой ижилхэн зүйл. Жижиг газар олоод 50, магадгүй түүнээс ч олон жил зөвхөн түүнийгээ судалдаг, нотлох баримт, тайлбар их шаарддаг. Тэр дундаа Монголын энэ нууцлаг соёл иргэншлийг судлахад бидний нас хүрэлцэхгүй болов уу гэж харамсдаг.

-Италид байгаа найз нөхөд, гэр бүлийнхэндээ Монголоос ямар бэлэг авч очих вэ?

Ф.Л: -Ноолууран хувцас, бээлий, бас монгол гуталны оймс сонгосон. Гутлан дотуураа өмсөөд завсраар нь утас, хэтэвч зэргээ хийгээд явбал амар бөгөөд стильтэй харагдаж байсан (инээв).

-Хэрэв танд Италид Монголын талаар уран баримал хийгээчээ гэж хүсвэл та юу дүрслэх байсан бэ?

Г.К: -Миний ажигласнаар Монголын аймаг, сум бүрт таван хошуу малын хөшөө байсан. Тэгэхээр тэдний нэгийг сонгох. Монголчууд морийг дээдэлдэг учраас морины хөшөө босговол зүгээр байх аа.

-Архитектор хүний хувьд Улаанбаатар хотын барилга, ерөнхий төрх ямар харагддаг вэ?

Г.К: -Сая ирээд харамсах сэтгэл төрсөн. Өмнө ирж байхад Монгол нийслэл түүхийн төв гэдэг утгаараа үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Засгийн газрын ордныхоо өмнө том талбайтай, эргэн тойрон хуучны төрхөө хадгалсан барилгуудтай. Гэтэл саяхан урд нь том шилэн барилга баригдаад, хажуугаас нь бас нэг нь шахаад илүү хавчигдвал болсон байсан. Энэ надад сайхан санагдаагүй. Монголчуудын хувьд гоё барилга баригдсан нь таатай санагдаж магадгүй л дээ, гэхдээ нийслэл хот гэдэг түүхийнхээ төв нь болдог. Надад Занабазарын музейн барилга их таалагддаг. Гэхдээ үүнээс сонирхолтой нь хотын захаас харахад уул энгэр дээр гэрүүд ярайсан байдаг нь гоё мэдрэмж төрүүлдэг.

-Бид харин ч орчин үеийн хотод гэр байх нь зохимжгүй гэж адладаг шүү дээ?

Ф.Л: -Минийхээр харин ч эсрэгээрээ гэрүүд хотын өнгө үзэмжийг сайхнаар чимнэ. Энэ бол Монгол Улсын нийслэл. Дэлхийн бүх үндэстэн өндөр байшинд амьдраад эхэлбэл юу нь сайхан байх билээ. Харин бохирын асуудал болоод дулааныг нь шийдэх хэрэгтэй.

Г.К: -Монгол гэрийг орчин үеийнх болгон тохижуулсан байхыг харсан. Улаанбаатарт олон цагаан гэр байвал хэчнээн сайхан харагдана гээч. Харин агаарын бохирдол арай дэндүү санагдсан. Халаалт, бохир усны асуудлыг шийдвэл монгол гэр хотын чимэх болно.

-Монгол соёлыг судлах явцад тохиолдсон хөгжилтэй явдлуудаасаа хуваалцаач?

Ф.Л: -Нэг удаа орчуулагчийн алдаанаас болж эвгүй байдалд орсон. Малчин хүнтэй уулзаад “Малын хулгай хэр их гардаг вэ. Тэднийг яаж шийтгэдэг юм” гэж асуусан. Гэтэл “Шууд барьж аваад, арьсыг нь хүүлээд, гэдэс дотрыг нь янзалдаг” гэж орчуулагч маань хэлэхэд дотроо их айсан. Өмнө нь италийн нэгэн зохиолч “Монголчуудын амьдрал” номондоо “...Тэд хүний мах иддэг...” гэж бичсэн байсанд үнэмшсэн. Гэтэл орчуулагч маань бидний асуултыг буруу ойлгоод тэр малчинаас “Хулгайлсан малаа тэд яадаг вэ” гэж асуугаад бидэнд ийн хэлсэн юм билээ.
-Хэрэв Монгол Улс бүхэлдээ нэг уран зураг гэвэл таньд ямраар төсөөлөгдөж байна вэ?

Ф.Л: -Би дорнын цөөнгүй орноор аялаж байсан. Гэтэл Монгол Азийн орон хэрнээ соёл болоод амьдралын хэв маяг нь тэс өөр. Яг ямар зураг болж буухыг хэлж мэдэхгүй ч их л өвөрмөц, содон сайхан зураг байна байх.

Г.К: -Би энд ирэхээсээ өмнө Монгол тухай уран зураг олныг харсан. Тэдгээрт ихэвчлэн хөдөөгийн гоё байгаль дүрслэгдсэн байхыг хараад дотроо бодитоор ийм биш байх даа гэж боддог байлаа. Гэтэл энд ирээд нүдээр харахад тэдгээр зураг өмнө минь амилахыг хараад гайхсан. Тэгэхээр монголыг уран зураг гэж харвал дуусашгүй их тал, эрх чөлөө, амар амгалан санаанд бууж байна.

-Маргааш ес эхэлнэ (арванхоёрдугаар сарын 22). Монголын өвлийн идэр есийн хүйтнийг үзчихээд явахгүй юм уу?

Ф.Л: -Магадгүй бид хулчгар санагдаж мэднэ. Бид үнэхээр ес эхэлж байгаа тухай мэдэлгүйгээр буцах хуваариа гаргасан. Ес эхлэхээр энд яаж хүйтэрдгийг мэдрэхийг хүсэж байгаа ч айдас маань дийлээд байна (инээв).

Jan 6, 2012

Melancholia



Найруулагч: Ларс фон Триер
Зохиолч: Ларс фон Триер
Зураглаач: Мануэл Альберто Кларо
Гол дүрд: Кристен Данст, Шарлотте Гэйнсбур, Кифер Сазерленд
Хугацаа: 130 минут
Киноны нийт төсөв: 9.4 сая ам.доллар
Ашиг: 15.3 сая ам.доллар
Өөрөөсөө ч нуудаг үнэнийг ичгүүр сонжуургүйгээр өмнө минь дэлгэдэгт тэрслүү Ларс фон Триерт мэхийн ёслоё. Уйгагүй христчингүүдийг ойг гутаасан “Антихрист”-ийн дараа кино сонирхогчдод барих гайхалтай бэлэг энэ байлаа. Холливудын хамгийн уйтгартай жүжигчдээр зэвсэг хийсэн Ларсын ээлжит дайралт харин ч хүмүүнлэг байсныг дурдах хэрэгтэй. Самюэл Беккетийн “Годог хүлээх зуур”-ыг уншсан, үзсэн нэгэнд “Melancholia”-гийн өмнө алга ташилт ч багадахаар байсан биз. Хэзээ ч ирэхгүй Годог хүлээх Эстрагон, Владимир болоод хэзээ мөдгүй ирэх Меланхолияг угтах Жюстин, Клэйр нарын сэтгэл зүй эсрэг тэсрэгийн заагт уулзсан л бол болох нь тэр. Хүлээнэ гэдэг ер нь утгагүй хэрэг. Амьдрал өнгөрсөнд ч биш, ирээдүйд ч биш гагцхүү одоо цагт л өрнөдөг биш билүү?
Нүцгэн урцан дор гар гараасаа барин суугаа жаал хүү, мөнөөх Жюстин, Клэйр нар гарцаагүй ирэх үхэлтэй өөрсдийнхөөрөө нүүр тулж буй нь киноны хамгийн өөдрөг дүрслэл бүхий хэсэг байв. Жан Поль Сартр бээр нэгэнтээ хэлсэн дээ. “Бурхан байлаа ч гэсэн хүнийг өөрөөс нь өөр хэн ч аврахгүй” гэж. Гэвч тэр нэг зүйлийг мартсан бололтой. Тулсан үхлийн өмнө өөрөө өөрийгөө аварна гэдэг ч байж боломгүй хэрэг аж. Хүн эхлээд тохиолддог, дараа нь тодорхойлогддог хэмээх экзистенциалистуудын бадрангуй үзэл ч нурлаа. Эцсийн цэгт үр дүн нэг л байдаг гэдгийг тэрслүү Ларс хэлэх гээд байна.
“Жюстин”
Кино хоёр хэсэгтэй. Киноны гол дүр Жюстиний нэрээр нэрлэгдсэн эл хэсэг эхлэл шигээ бадрангуй төгссөнгүй. Хуримын цайллагын үеэр хадам ээждээ доромжлуулахаас өмнө сүйт бүсгүй Жюстин Антарес хэмээх одыг анхлан харжээ. Энэ улаан өнгөт эрхэс манай глактикийн арван зургаа дахь тод харагддаг од юм. Гэвч тэр энэ удаа дэлхий рүү айсуй ажээ. Эхлэлээсээ л итгэл төрүүлээгүй тэдний хурим хадам ээжийн шорвог үг, хуримын шөнөө өөр эрийн энгэрт эрхэлсэн Жюстиний увайгүй үйлдэл ёсоор бүтэлгүйтэв. Магадгүй Меланхолияг хүлээхэд сүйт залуу Майклийн хэрэг үгүй байсан болоод л ингэж өрнөсөн байлгүй. Хүлээлтийн өмнөх салалт. Уйтгартай гэж хэлсэн дээ. Жюстиний, Клэйрийн мөн адил Жонын баяр хөөр нь хүртэл цаанаа анхаарлын тэмдэгтэй, айдастай байх бөгөөд бяцхан хүү Леогийн инээмсэглэл нь ч түгшүүртэй. Гэхдээ хуурамч биш. Галзуурч, сэтгэл мэдрэлийн өөрчлөлтөд орсон Жюстиний нүднээс Антарес ч алга болов. Учир нь дэлхий рүү үхэл үнэртүүлэн довтлох хүчирхэг эрхэс Мелахолия түүнийг хиртүүлсэн байжээ.
“Клэйр”
Үхлийн бүжигт огт бэлтгэлгүй Клэйр киноны эхний хэсэгт Леог тэврэн, газран цөмлөн алхаж байгаа хэсгийг мартаж болохгүй. Эхлэлээс төгсгөл шууд залгасан өрнөлгүй хуримын золиос Жюстинийг явуулж зүрхлээгүй Клэйрт дөтөлж буй Меланхолияд итгэх нь хүртэл айдас. Тэрбээр төсөөлөл хийгээд айдасаа таньж мэдэхийг эрмэлзэх ч энэ бүхэн утгагүй хэрэг байв. Түрүүн хэлсэн дээ нэгэнт тодорхой нөхцөл байдалд ямар ч бэлтгэл тусыг хүртээхгүй. Антаресийн нууцыг Жюстинд нээсэн, ойртож байгааг нь ч мэдсан Жонын цогцосыг Клэйр морины жүчээнээс олов. Тэр ч бас Меланхолияд бэлтгэлгүй байсан бололтой. Ийнхүү үхэлтэй нүүр тулах ариун үүрэг аймхай Клэйр, сэтгэцийн өвчтэй Жюстин, бяцхан хүү Леод оногдов. Типий маягийн модон урцанд тэд цугаллаа. Үхлийн бүжгийн гойд үзүүлбэр эхэндээ байсан юм шүү дээ.
Эл кино шүүмжлэгчдийн зүгээс харьцангуй эерэг үнэлэлт хүртэв. “Melancholia”-гийн гол дүрд тоглосон Кристен Данст 64 дэх удаагийн “Канн”-ын кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал хүртэж, Холливудаас илүү эрхэм зиндаад хүрсэн. Мөн уг кино “Европын кино наадам”-аас Шилдэг кино, шилдэг зураглаач болон шилдэг хувцас дезайнер төрөлд шалгарсан.
Ричард Вагнерийн галзуу операд хөтлүүлэн, Шведийн үзэсгэлэнт байгаль дунд Меланхолиягийн гүнд хүрээрэй. Тэндээс та увайгүй үнэнтэй нүүр тулах вий. Харин надад нэг санаа байна. Үхлийн бүжгийн төгсгөлд “Set fire to the rain”-ийг сонсоод үзээрэй. Та солиорно, нээрээ шүү. Та солиорно.
Бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл:
http://fun.now.mn/watch/movie/2096.html