Apr 29, 2012

Бороог хүлээх нь

Анхны бороо. Сэтгэл ариусган, бодол угааж, шинэ өнгө, шинэ хонгор мэдрэмж төрүүлдэг анхны бороо хаачив. Өчигдөр даанч их хүлээв. Борооны өмнөх шороо босоод л. Гэхдээ нийслэлчүүд бороо дуудах шороо гэцгээн битүүхэн хүлээлт дунд нэг өдрийг өнгөрөөв. Байсангүй, харин орой цас л оров. “Бороо, бороо ороорой, Оросын маамуу ирээрэй”, хүүхэд насны танил аялгуу өөрийн эрхгүй сэтгэл гижигдэнэ. 
Кино 

Кинон дахь сэтгэл гэгэлзүүлэм бороотой хэсгүүд 

IMDB буюу “Internet movie database” цахим хуудас бороо бүхий шилдэг дүрслэл, сэтгэл гэгэлзүүлэм хэсгүүдтэй кинонуудыг нэрлэжээ. 

“Бороон дунд дуулнам” (Singing in the rain)

1952 оны дуулиант мюзикл “Бороон дунд дуулнам”-ыг ихэнх үзэгч зөвхөн нэг л хэсгээр нь дурсдаг. Дон Локвүүд (Gene Kelly) бороон дунд шүхэр барин, бүжиглэх хэсгийг хэн мартаж чадах билээ. Хайр ундарсан гайхамшигт үдшийн дараа хайртай бүсгүй Кэйти Шелдон (Debbie Reynolds)-ыг гэрт нь хүргэж өгөөд тэр ердөө “Баяртай” л гэж хэлж амжсан. Харин Кэйти хаалгаа хаамагц дотор нь багтаж ядаж тэлчилж, зүрх булгилуулсан сэтгэл хөдлөлөө Дон бороо мэт асгасан. Яг л хэзээ ч бороо үзээгүй хүн, анхны дуслыг нь хүртэж байгаа мэт л. Харин хожмоо энэ нь бүх цаг үеийн хамгийн шилдэг борооны дүрслэл бүхий киноны хэсгээр тодорсон юм.



“Шоушенкээс оргосон нь” (Shawshank redemption)

Франк Дарабонтын 1994 оны бүтээл “Шоушенкээс оргосон нь” бүх цаг үеийн дэлгэцийн шилдэг бүтээлийн тоонд толгой цохидог. Харин энэ киноны бороотой хэсэг үзэгчдийн сэтгэлийг одоо ч гэгэлзүүлдэг. Энди Дюфрэс (Тим Роббинс) хараал идсэн шоронгийн ханыг сэмлэж, бохирын хоолойгоор дамжин оргож, борооны дусал бүрийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, гараа алдлан зогсох хэсгийг та мартаагүй биз? Борооны ширхэг бүр түүнд эрх чөлөөний амт болон шингэж байсан гэлтэй. Зөвхөн эл хэсгийг харахын тулд “Шоушенкээс оргосон нь” киног дахин дахин үзэхэд бэлэн хэдэн сая үзэгч бий. 



“Форрест Гамп” (Forrest Gump)
“Форрест Гамп” бол кино урлагийн хамгийн содон гайхамшгуудын нэг. “Амьдрал бол яг л хайрцаг дүүрэн шоколад шиг...” гэхчилэн хайрламаар, сэтгэл хөдөлмөөр хэсгүүд олон. Гэвч яг одоогийн сэтгэл хөдлөлтэй хамгийн төгс нийцэх нь нэг хэсэг бий. Гамп (Том Хэнкс) Вьетнамын дайнд тулалдаж байхдаа “Бороо нэг л өдөр цутгаж эхэлсэн. Гэхдээ энэ бороо дөрвөн сарын турш ер татраагүй юм. Бяцхан, хоржин борооны дуслууд...том, хуучин дуслууд. Энэ бороо эхэлсэн шигээ гэнэт л нэг өдөр зогссон юм” хэмээн дурсдаг. 



Хүн аалз (Spiderman)

“Хүн аалз”-ын гайхамшигт түүх адал явдалт, уран зөгнөлт кино сонирхогчдын цусыг хөөргөж байв. Гэвч тэр нэгэн романтик хэсгийг бид хэзээ ч мартахгүй биз. Мэри Жэйн аюулд өртөж, хайрынхаа төлөө Хүн аалз тэмцэж, бас өөрийгөө илчилнэ. Энэ бүхний дараа мэдээж халуухан үнсэлт... 
Урвуу харсан толгойг Жэйний ялдам гар тэвэрч, үнсэх тэр мөчид яг бороо орж таарна. Богино цамцтай Жэйн (Кристен Данст) хэчнээн тачаангуй харагдаж байсан гээч. 



Хөгжим

“Guys 666” – “Бороо”
“Бороо чи оролгүй их удлаа даа, сэтгэл гандан удаан хүлээлээ. Нартайд солонгорон зөөлөн дуслаач...” Бүхнийг ариусгах, бүхний дотрыг цэлмээх тэр зөөлөн дуслуудын тухай эл дуу Монголын хөгжмийн урлагийн хамгийн романтик хийцтэй нь байж мэднэ. “Guys”-ийн ид мандаж байх үеийн эл алдарт дуу өдгөө ч олон зүрхийг анхны хайр, анхны бороо тийш хөтөлсөөр байна. 
Сормуус нэвчин норон норон урсах бороо зөөлөн асгарав уу
Тэгтлээ их хүсэх бороо нь надад нулимстай нүдийг сануулав уу. 



Adele – Set fire to the rain
Энэ бол өөр бороо, ондоо сэтгэл хөдлөл. Аделийн “21” цомгийн гурав дахь сингл “Set fire to the rain” нь дэлхийн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, “Биллбоард”-ын жагсаалтыг хоёр долоо хоногийн турш тэргүүлсэн. Хайраас үүдэлтэй гүн шарх энэ дууны үг бүрийг амилуулах хүч байсан хэмээн Адель өөрөө дурссан байдаг. 



Guns N’Roses – “November rain”
Энэ бол “Guns N’Roses” хамгийн урт, бас хамгийн уянгалаг дуунуудын нэг юм. Анх 1992 онд гаргасан эл дууг хамтлагийн дуучин Axl Rose зохиожээ. Ерээд оны хамгийн алдартай дуунуудын нэг болох “November rain”-ийн клип нь дуунаасаа ч дутахгүй шуугиан тарьж байсан. Мартагдашгүй арваннэгдүгээр сарын бороо. 



“Харанга” – “Москвагийн бороо” 
“Харанга” хамтлагийн 2000 онд гаргасан “Бодлын тэнгис” цомгийн хамгийн алдартай дуунуудын нэг нь “Москвагийн бороо”. Эл цомогт нь “Замд гаръя”, “Дүрсгүй жаалууд”, “Үгүйлэн санана” зэрэг шуугиант бүтээлүүд байсан ч хаврын энэ цагт “Москвагийн бороо” л шиврээд байдаг юм. 
Олон намрын бороо тэртээд үлджээ
Одоо харин сэтгэлд минь хоосон 
Он цаг улиран халиран одлоо ч 
Онгон зүрхний хайрыг мартаж би чадсангүй
Москвагийн бороо зүүдэнд алсаас шивэрнэ... 



Уран зураг 

Рэнойр - Шүхэрнүүд (1883) 
Францын импрессионист зураачдын манлай болсон Пиэр Августе Рэнойр “Шүхэр” зургаа 1883 онд зуржээ. Бороотой өдөр, зэмсэг нь болсон шүхэр, бүсгүйн үзэсгэлэн гурвыг нэг цэгт огтолцуулж зурсан эл хөрөг өдгөө ч алдраа мандуулдаг бөгөөд Лондоны үндэсний галерейд хадгалагдаж байна. 


Винсент Ван Гог - Бороот гүүр (1887)
Германы импрессионист зураач Винсент Ван Гогын “Japanesery” буюу Японы уран зургийн нөлөөн дор туурвисан бүтээлүүдийнх нь нэг нь “Бороот гүүр” юм. Тэрбээр 1880-аад оны үед цөөнгүй зургаа Японы уран зургийн нөлөө, хэв маягийн тусгаж зурсан байдаг. Эл зурагт Япон тариачдын ажил амьдралын нэгэн гүүрэнд тусгаж өгүүлснээрээ онцлог хэмээн шүүмжлэгчид үнэлдэг юм билээ. 


Уран зохиол

Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд 
Нүд, уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ 
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн 
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална...
Л.Өлзийтөгс, Харанхуйн бороо

...Хүн төрөлхтөнд заналхийлсэн олон гамшиг дундаас “Дахиж хэзээ ч бороо орохгүй. Энэ өглөө ертөнцөд сүүлчийн бороо орно” гэсэн цаг агаарын мэдээ бүгдийг хирдхийлгэв. Нар дахин мандахгүй гэхэд эвлэрч мэдэх байсан хүн төрөлхтөн харин “Бороо дахин орохгүй” гэсэн үгийг зүрхнийхээ угт хашгиран хүлээж авсан юм. 
Х.Болор-Эрдэнэ, “Сүүлчийн бороо” өгүүллэгийн хэсгээс 

...Усанд шумбагч багийнхан олон удаа шумбаж байж муу найзыг минь олж гаргасан юм. Хөөрхий дөө муу найз минь үхэлтэй усан дотор л уулзах учиртай байж дээ. Талийгаачийг хөдөөлүүлснээс хойш яг долоо хоногийн дараа тэр миний зүүдэнд орж ирсэн юм. Тэгээд марсайтал инээснээ:
-Бороо шаагиж эхлэхэд надад гэрээсээ зугтаж гарах боломж байсаан. Даанч хүсэл байгаагүй. Чи бид хоёр дандаа л усны инээх сайхан дуу чимээг сонсож байснаас уурлах, архирах дууг нь сонсож байгаагүй биз дээ. Би зөвхөн үерийн усны дууг л сонсож, мэдрэх гэсэн юм. Үнэхээр гайхалтай, бүр гайхалтай, бүр аймшигтай юм билээ гээд усанд норсон халимгаа арагш нь илээд...
П.Батхуяг, “Долоо хоногийн бороо” өгүүллэгийн хэсгээс 

Бороонд нууцлаг бүхнийг нээгч чанар, 
бодлогошронгуй зүүрмэглэх өнө эртний амт буй, 
зохиогдоогүй, өөрөө төрсөн дуу түүнтэй хамт сэрж, 
зоргоор унтах байгалийн нойрмог сэтгэл чичирнэм. 
Хөх номин үнсэлтэд газар дэлхий мансуурч, 
хүй эртний домог амилж, ахин сэргэнэм. 
Тэнгэр, газар хоёр анх болзох мэт гирэвшиж, 
тэдний ичимхий учрал үдшийг нэвт асгарнам... 
Федерико Лорка, “Бороо” шүлгийн хэсгээс (Г.Аюурзанын орчуулга)

Аадар шаагиад л. 
Би урьдынхаараа 
Нөгөө л өтөл царс... 
Башё Мацуогийн хайку (Г.Аюурзанын орчуулга)

Apr 23, 2012

Эрчүүд мянга, түм наслаг!


Миний мэдэх өндөр настнууд дотор эмээ нар олон. Энэ нь угтаа эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдгийг илтгэсэн биологийн үзэгдлийн тодорхой жишээ юм уу даа. Гэвч Лондоны эрдэмтэд саяхан нэгэн сонирхолтой мэдээлэл дэлгэж, эр хүйстнүүдийн цусыг хөөргөөтөхөв. Их Британийн Үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцоогоор 2030 он гэхэд дэлхийн эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхтэй дүйж очих ажээ. Браво!
Профессор Les Mayhew 1970-аад оны үед эр, эм хүйстний дундаж наслалтын зөрүү зургаан жил байсан болохыг тогтоожээ. Харин эл цаг үеэс хойш эрчүүдийн дундаж наслалт хурдацтай өсөж, харин эмэгтэйчүүдийнх зогсонги байдалд орсон аж. Касс бизнесийн сургуулийн профессор Mayhew хүний наслалтыг судлах үйлсэд ухамсарт амьдралаа зориулж буй нэгэн. Тэрбээр эрчүүд яагаад боломжит наслалтаас эрт нүд аньдагийн учрыг тайлж, улмаар цаашид эл хэмнэл өөрчлөгдөнө гэдгийг урьдчилан тооцоолсон бөгөөд эр, эм хүйсийн дундаж наслалт 2030 онд 87 болохыг тогтоожээ.  


Эрчүүд эрүүл амьдралын хэв маягт илүүтэй зохиоцож эхэлсэн болохыг олон судалгаа нотолж байна. “Эрчүүдийн урт насалдаггүйн гол шалтгаануудын нэг нь тамхи. 1920-иод оны үед дэлхий дээрх нийт эрчүүдийн 80 хувь нь тамхи татдаг байсан” хэмээн Mayhew ярив. Түүнийхээр өдгөө эр, эм хүйстнүүдийн дундаж наслалтын зөрүү 5.7 жил болон ойртсон аж.
Эрчүүд үйлдвэрлэлийн салбарын хамаг л хүнд, хүчир ажлыг хийж ирсэн. Ялангуяа уул уурхайн эрчимтэй хөгжиж буй сүүлийн 50 жилд далд уурхайн ажилчдын ихэнх нь, бараг л бүгд эр хүйстэн байсныг судалгаанаас харж болно. Үүнээс болоод эрчүүд зүрхний шигдээсээр өвчлөх нь нэмэгдэж, боломжит наслалтаас эрт нүд аньцгаадаг болж. Тамхи + Зүрхний шигдээс. Яалт ч үгүй байсан байгаа биз. Харин дараах мэдээлэл баярламаар үзүүлэлт биш л дээ. Гэхдээ сүүлийн үед эмэгтэй тамхичдын тоо эрс өсөж байгаа юм. Архаг тамхичдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь ч нэмэгдсээр байна. 
Охин, хөвгүүн хоёр нэг өдөр мэндэллээ ч тэд нийгмийн маш өөр нөлөө дунд өсөж, торницгоодог байв. Хөвгүүд амьдралынхаа эхлэл шат буюу 30 нас хүртлээ гэнэтийн тохиолдлоор үхэх нь охидынхтой харьцуулбал элбэг. Жишээ нь, аюултай спортоор хичээллэх, гэмт хэрэгт орооцолдох эрсдэл охидод тэр бүр тохиохгүй шүү дээ. “Охидыг анхнаас нь л “диваажин” буюу эрчүүдийнхтэй харьцуулбал тун чиг амар амгалан орчин угтан авдаг” хэмээн Лондоны Эрүүл ахуй судлалын сургуулийн профессор Дэвид Леон ярьжээ.
Харин энд өөр нэг баримт байна. Дундаж наслалт угаас доогуур байдаг Африкийн орнуудад эр, эм хүйсийн наслалтад шальтай зөрүү гардаггүй аж. Үүний шалтгааныг эрдэмтэд “Африкийн орнуудад эр, эм хүйсийн аль аль нь эрх танхи биш, ижилхэн тэмцэлтэй оршдог” хэмээн тайлбарлажээ. Эр хүн анд явж, эмэгтэй нь хоолоо хийгээд гэртээ суух гэсэн ойлголт энэ бүс нутагт байдаггүй, адилхан л жадаа бариад анд мордоцгоодог гэсэн үг. Харин үүний яг эсрэг нь буюу, хүйсийн ялгаа хамгийн их гардаг бүс нутгаар аж үйлдвэржсэн Зүүн Европын нэрлэсэн байна. 1990-ээд оны үед хүйс хоорондын дундаж наслалтын зөрүү Орост 13 жил байсан бөгөөд профессор Леон үүнийг “жендерийн ялгаа хамгийн их гардаг бүс нутаг” хэмээн нэрийдэж байв. 
Гэвч өдгөө дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүдийн оролцоо улстөрд болоод үйлдвэр, албан байгууллага, уурхайд ихсэв. Ерөнхийдөө хүйсийн ялгаа арилж байгаа нь эрчүүдийн ажил хөдөлмөрийг хөнгөвчилж, эсрэгээр эмэгтэйчүүдэд илүү хүнд ачаа үүрүүлж байгаа хэрэг. Үүний үр дүнд эмэгтэйчүүдийн дундаж наслалт буурч, эрчүүдийнх огцом хурдаар дээшилж эхэллээ. Мөн эмэгтэйчүүд улстөрд орон тоогоо, эрх мэдлээ нэмэгдүүлэхийг хүсэж байгаа шигээр архи, тамхи хэрэглэх явдал нь ч ихсэж байгаа нь наслалтад нөлөөлөх болжээ. 

Apr 22, 2012

Итгэлээс ангид


ХҮН. Гуравхан үсгэндээ дааж ядах, ахадсан их ачаа тээсэн үг. Баярлахдаа оюун ухаант хэмээн сайрхаж, жигшихдээ, уурлахдаа, тачаадахдаа араатан шинжээ мэдэрдэг амьд бие. Угтаа өвс, шувуу, хүн гурвын дунд тийм ч том ялгаа байхгүй сэн. Аль аль нь өөрт оногдсон тавилангаа үүрч, үхтлээ амьдрах зараалаар ирсэн нэгэн зүйл. Өвсийг бид амьгүй гэж зүхлээ ч, өнөө хожид хөрс нь болох тавилан бий гэхээр ялгаагүйн тухай бид илүү сайн ойлгох байх. Биднийг хэн илгээсэн, бид яагаад ирснээ мэдэхгүй байх нь хүчгүйг, юу ч бишийг, ялгаагүйг бүр ч мэдрүүлнэ. Тэгэхээр өвсний тухай, шувууны тухай, харандааны тухай бид арай өөрөөр харах шаардлага гарч ирж мэдэх нь.
Аллахын тааллаар бол хүн нисэж огтоос болохгүй аж. Бүр нисэх тухай бодох, үйлдэх ч ёсгүй юм. Бас хүн мэргэлүүлэх, хувь тавилангаа засах гэж далдын хүч ашиглах, ид шид, илбэ жатганд итгэх ёсгүй. Хүн бурханаас юуг ч хүсэх эрхгүй хийгээд ёсгүй. Учир нь Аллах хүнд байх ёстой бүхнийг өгсөн аж. Харин хүн үүнээс илүүг хүсэх эрхгүй юм. Аллах хүн нисэх ёсгүй гэж бодсон учраас далавч өгөөгүй. Хүн өөрөөсөө өөр хэнд ч итгэж болохгүй гэсэн учраас ид шид, увидас заяагаагүй. Хүн бурхнаас авч болох бүхнийг харамгүй авсан учраас Аллахаас гуйх зүйл түүнд байхгүй. Тэгэхээр лалын шашины эл ёсоор бол “хүн тохиолдохдоо л аль хэдийнэ тодорхойлогдсон байдаг” аж. Харьцангуй үнэний ортой эл тайлбарын өмнө оршихуйн философи тэр чигтээ нуран унах магадлалтай юм.
Үнэхээр л бурхан гэж байдаг бол, тэр хүнийг бүтээсэн юм бол боломжит бүхнийг яагаад бүрэн тунгаар өгсөнгүй вэ. Христ яагаад хүн төрөлхтөнд анхны нүгэлийг үйлдэх боломж олгов. Хүний орчлонгийн саарал бүхнээс зугатахыг тулгаж, гэгээрлийг номлодог Будда биднийг эхнээс нь л гэгээрсэн орчинд амьдруулж яагаад болсонгүй вэ. Зөвхөн үхэж байж бурхантай уулзах, энэ амьдралын бараан бүхнийг туучиж, мэдэрч, хүлээн зөвшөөрч, улмаар ангижирч байж гэгээрэлд хүрэх зэрэг нь хэтэрхий эрээ цээргүй хэрэг биш үү. Нэгэнт өгөөгүй зүйлээ биднээс нэхэж, таалалд нь нийцээгүйг тамд шатаана хэмээн сүрдүүлэх нь Бурханы араншин байж таарах уу? Үзэн ядахыг, атаа хорсолыг, муу зүйл үйлдэх нь битгий хэл бодохыг цээрлэдэг бурхан там бий шүү гэж сүрдүүлэх нь хэр зохистой бол? Ингэж бодвол “Би чамд байж болох бүхнийг өгсөн, надаас хүсэх өөр зүйл үлдээгүй шүү” гэж буй Аллах илүү шударга санагдаж байна. Гэхдээ байгаа эсэхийг нь бат нот мэдэхгүй бурханы өөдөөс хараал, зүхэл тавих нь утгагүй л юм даа.  
Хүн ер нь яагаад өөртөө итгэдэггүй юм бол? 12 жилийн, 12 ордын, тэрбайтугай секс зурхай ч гэж бий. Зурхайг ихэнх маань бурхантай л холбож ойлгодог. Одон орон, сар, нарны хөдөлгөөн хэн нэгний сексийн хандлагыг илэрхийлж үл чадах нь тодорхой. Тэгэхээр хэн байх уу? Бурхан л биз. Гээд үзэхээр бурхан хэн нэгнээр үг дайгаад, “За нумын ордныхонд маргааш хүнтэй унтаад хэрэггүй гээд хэлчих” гэх нь юу л бол. Бүр цааш нь ухвал, дэлхийн долоон тэрбум хүнийг ордоор нь, эсвэл жилээр нь 12 хуваагаад тэд яг ижил захиасаар амьдарна гэдэг үлгэр. Гэсэн ч бидний заримд зурхайд итгэх, улмаар үүнийг бурханы захиас, сануулга учраас биелүүлэх ёстой гэж итгэх хэрэгцээ байна. Энэ өөртөө итгэлгүй нь, аврал эрэх нь, улмаар эцсийн цэгтээ бурханыг сэтгэлдээ амилуулах нь нэг төрлийн зугталт юм. Өөрийгөө хүчгүй гэж бодсон хүн сонингийн булан дээрх зурхайд итгэхийг илүүд үзнэ. Бурханд шүтэхийн золиос нь магадгүй энэ байх. Бидэнд өөрөө өөртөө итгэх, түр ч атугай бурханы захиасыг умартаж болох шалтгаан бий.
12 ордын ерөнхий ааш араншин, сэтгэл хөдлөлийг бичиглэсэн зурхайнаас бид өөрт оногдох ордынхыг, жишээ нь би нумын ордынхыг л хардаг. Тэгэх бүрт яалт ч үгүй л таараад байдаг нь сонин. Нэг удаа саваагүйтээд, хумхын ордынхыг уншлаа. Гэтэл миний зан чанартай мөн л таарч байх юм гээч. “Хумхын ордныхон бусдыг дагах дургүй учраас ганцаардах нь элбэг. Хүнээс маш их зүйлийг шаарддаг. Гэнэт муухай догшин авир гаргадаг, дургүйцлээ шууд илэрхийлдэг...” гэнэ. Би даврахаар шийдлээ. Арслангийн ордыг уншив. “Арслан хүмүүсийг сайн таньж чаддаггүй, таних ч шаардлагагүй гэж үздэг. Биеэ тоодог тул тэднийг зусар, магтаалаар сэтгэлийг нь татаж болно. Бэртэгчин зантай, дарангуйлагч хандлагатай” гэнэ. Үнэн. Надад үнэхээр ийм араншин бий. Тэгэхээр эцсийн дүндээ юу болоод таарчихав. Арслан, хумх, нумын ордны шинж тэмдэгүүд бүгд надад байгааг юу гэж тайлбарлах уу? Би өөрийгөө бусдаас онцгой, гаж амьтан гэж бодохгүй байна.
Харин хүн бүрт хүнд байдаг бүхий л зан чанар бий гэдэгт би итгэдэг. Жишээ нь, аминд тулбал би алуурчин болж болно. Шөвөгдөөд байвал түргэн уурлаж, сэтгэлд нийцвэл юунаас ч хөнгөн таашаал авч чадна. Би уйлна, уурлана, инээнэ, дотроо зэвүүцнэ, үзэн ядна, тачаадна, галзуурна, хор найруулна, хулгай хийнэ, заль гаргана, дарангуйлна, гөлөлзөнө, амиа бодно, бусдыг бодно. Аль аль нь надад бий. Харин тухайн агшинд алийг нь хэрэглэх нь л сонин байх. Тийм учраас зурхай гэдэг ердөө бизнес гэж би боддог. Хэрэв та одоо ч итгэхгүй байгаа бол, өөрөөсөө бусад ордын зурхайг өөрт минь бий гэж итгээд уншаад үзээрэй. Энэ бүхний эцэс нь зурхай хуурмаг гэдгийг илчлэх биш, харин хүн өөртөө ер итгэдэггүй гэдгийг л нээх гэсэн юм.
Бурхан байдаг гэдгийг батлах маш олон туршилтууд байдаг. Зарим нь хүний оюун ухаан далдын агуу их хүчний өмнө ямар ч хүч чадалгүй учраас бурхан оршин байгааг батлах ямар ч шаардлагагүй гэнэ. Зарим нь хүрээлэн байгаа орчин маш ухаалаг зүй тогтолтой гэдгээр түрий барьж, бурхан байдаг болохыг тойруу аргаар батлах гэнэ. Бас хүн бүр мөнхийн сайн сайхны тухай бодлогошрохдоо энэ бүхний цаана далдын хүч байгаа хэмээн үздэг учраас бурхан байдгийг баталж болно гэдэг. Гэвч оршихуйн философичдын бадрангуй үзлийг няцаасандаа хүлцэл өчөөд, тэдний нэг саналыг хүлээн зөвшөөрөхыг хүсэж байна. “Бурхан байлаа гээд хүнийг өөрөөс нь өөр хэн ч аврахгүй”. Учир “тэр” байлаа гэсэн ч, түүнээс авч болох бүхнээ хэдийнэ авчихсан шүү дээ бид.

Apr 16, 2012

Цамцаа тайл!



Арьс хоорондын харилцан яриа л хамгийн үнэн. Учир нь нүцгэн хүмүүс улс төр ярьдаггүй, нүүрээ будаг, биеэ хувцас сэлтээр хучдаггүй учраас түүний сэтгэл хөдлөлийг бэлхнээ танихад амар. Яагаад биесээ таних нь бүр хэцүү болоод, бид нэгнээсээ улам л холдоод байгаа хэрэг вэ? Ер нь хүнтэй хамт бий болоогүй, төрөлхийн бус өгөгдлүүд тухайн хүнийг илтгэх гол хүчин зүйл болсон учраас ойлголцлын тухай, сэтгэл зүрхний харилцааны тухай мартах хэрэг гарч байна. Хүн бий болдог, тохиолддог. Бид яаж л тохиолдоно тэр өгөгдлүүдээ тээгээд насан эцэслэх хүртлээ нэг ёсондоо үхтлээ амьдарна л гэсэн үг. Гэтэл өнөө цагт тохиолдсон биеэсээ урвахыг, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд эвдэхийг хүсэх болсон учраас л гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон дизайнерууд хамгийн үнэ цэнэтэй, баян хүмүүс болсон аж. Гэвч төрөхдөө бид нүцгэн байв, тэгэхээр үнэн байж. Үхэхдээ бид нүцгэн байна, тэгэхээр үнэн аж. Харин төрөхөөс үхэх хүртэл...хууралтаас хууралт л оршино.
Нудизм буюу зарим тохиолдолд натурализм хэмээн нэрлэгдэх үзэл бол ердөө л хүнийг хүн чигээр нь таних, дээрх бүх багийг хуу татан, жинхэнэ өөрийг тань мэдэхийг, өөрт тань өөрийг тань мэдрүүлэхийг хүсэх үзэл юм. Нудистуудын наран шарлагын газар, нүцгэн парад, хувцасгүй оффис гэхчлэн нудизмийг илтгэсэн арга хэмжээ, үйл хэрэг цөөнгүй. Харин ихэнх хүн үүнийг шалиг завхай хэмээн түвэгшээх нь бий. Нүцгэн төрхөөсөө нуугдсан тэдгээр хүмүүст ийн санагдах нь зүйн хэрэг. Тэгэхээр цамцаа тайлах уу?
Германы нүцгэн биеийн соёлын нийгэмлэг
Уг байгууллага нь 1949 онд Германы Ханновер хотод байгуулагдсан бөгөөд натуристууд байгуулжээ. Германы нүцгэн биеийн соёлын нийгэмлэгт есөн бүсийн 160 натурист клубын 50000 орчим хүн харьяалагддаг байна. Тэд нүцгэн спортын төрлөөр хичээллэх бөгөөд Германы олимпийн спортын нийгэмлэг, Олон улсын натуристуудын холбооны хамгийн үнэ цэнэтэй гишүүд нь аж.
Нудистуудын наран шарлагын газар
Энэ нь өнөө цагт хамгийн ихэд дэлгэрсэн соёл бөгөөд анх 1950 онд Францад үүсэж, улмаар Дани, Норвегээр дамжин дэлхий нийтэд түгсэн байна. Ийм төрлийн ихэнх наран шарлагын газрууд гишүүнчлэлийн эрхтэй байхаас гадна, энгийн наран шарлагын газраас тусгаарлах зурвастай байх нь элбэг. Ихэнх нь чармай нүцгэн байхыг тулгадаг бол Миами, Флорида дахь нудистуудын наран шарлагын газарт биеийн тодорхой хэсгийг нүцгэн үлдээж, бусдыг далдлахыг зөвшөөрдөг. Ийм төрлийн газрууд АНУ, Испани, Франц, Бразил, Дани, Норвегт элбэг бий.
Дэлхийн нүцгэн дугуйчдын парад

Энэ өдрийг анх германчууд санаачилж, канад, испаничуудын дэмжлэгтэйгээр 2004 оны зургадугаар сард дэлхийн 28 хотод зэрэг зохион байгуулагдаж байв. Харин 2010 он гэхэд оролцогч хотуудын тоо 17 орны 74 хот болж өсчээ. Уг парадад оролцогчид “Өөрийнхөө чадахаар л нүцгэл” гэх уриатай бөгөөд биеийнхээ тодорхой хэсгийг далдлахыг зөвшөөрдөг юм. Тэд энэ үеэр бие дээрээ элдэв бичиг, зураг зуруулж үүгээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, нуугдмал багныхаа араас нэг өдөр ч болтугай гарч, хорвоо ертөнцийг бодитоор харахыг уриалдаг юм.
Freedom to be Yourself
Уг хөдөлгөөнийг 1999 онд Винсент Ветел санаачилсан бөгөөд нийгэм, улс төрийн элдэв тэмцлийг нүцгэн биеэрээ илэрхийлдэг хэсэг юм. Тэрбээр 2001 онд амьтдыг туршилтад оруулж, хороох явдлыг эсэргүүцэж Лондоны шүүхийн танхимын өмнө нүцгэн тэмцэл эхлүүлсэн хэдий ч “нийгмийн хэв журмыг эвдсэн” гэх үндэслэлээр Брикстоны шоронд таван сарыг өнгөрүүлжээ. Гэвч энэ хөдөлгөөнийг дэмжигчид АНУ болон Европын холбооны орнуудад олширсоор байна. Харамсалтай нь Ази тивд уг хөдөлгөөнийг дагагчид тун цөөн байдаг аж.
Стивен Коу
Түүнийг зарим нь нүцгэн алхагч гэдгээр нь танина. Учир нь Стивен Коу 2003-2004 онуудын хооронд Жон ОГроатын төгсгөлийн цэгээс Их Британи нөгөө хязгаар хүртэл нүцгэн алхсан зоригтон юм. Тэрбээр алхах үедээ оймс, гутал, зарим үед малгай, шүхэр барихаас биш цаг агаарын ямар ч нөхцөлийг үл хамааран нүцгэн аяллаа дуусгажээ. Хожим түүний найз бүсгүй Мелани цуг алхдаг болсон бөгөөд тэд хамтдаа долоон удаа баривчлагдаж нийт 657 өдөр шоронд хоригдсон байна. Гэвч тэр шоронгоос гармагц л тэнхэрч аваад дахин алхаж эхэлдэг бөгөөд өдгөө ч тэр дэлхийн хаа нэгтээ нүцгэн алхаж яваа ч байж мэднэ.
Спенсер Туник
“Хүн яг л эхээс төрснөөрөө амь, амьсгал, судсаар нь гүйх цусыг юу ч халхлаагүйгээр урлаг бүтээх нь хамгаас гайхалтай. Урлаг хаа ч тааралдаж болно, амьдралын нэг хоромыг хэрхэн өнгөрүүлж байгаа нь ч өөрөө урлаг мөн. Тиймээс л би урлаг цуглуулж яваа юм...” хэмээн Спенсер Туник өөрийгөө өмөөрсөн. Тэрбээр манай гаригийн хамгийн олон нүцгэн бие харсан хүн мөн бөгөөд дэлхийн улсуудаар аялаж нүцгэн хүмүүсийн зураг авдагаараа алдартай. Мехикогийн Закола хэмээх газар 18000 нүцгэн хүн цуглуулсан нь түүний хувьд дээд амжилт байсан бол Антарктидийн мөсөн дээр нүцгэн хүмүүс зогсоож авсан зураг хамгийн дуулиантай нь байсан. Амстердамд 2000, Барселонад 7000, Каракасын Саймон Боливарт 1557, Веннийн Ернст Хаппел цэнгэлдэхэд 2008 хүн, Сиднейн дуурийн театрийн өмнө Лэди Гага тэргүүтэй 5200 хүн сайн дураараа “санаа” болж зогсож байжээ.

Apr 9, 2012

Тэнгэрийн орноос хүүгээ сайн явааг хараад тэсгэл алдахдаа буугаад ирж мэдэх миний аав

Тэнгэрийн оронд та минь хэрэгтэй болоод явчихсан. Тэгэхдээ эргэж ирэхгүй гэдгийг нь би мэдсээн. Бие нь хол ч сэтгэлд үргэлж ойр. Би ч гэсэн таниас холдохыг хүсээгүй. Амьдралын хүнд бартаан дунд торойтол орхиод явчихаагүйг нь тань мэдэх болохоор сэтгэлдээ таны гэх орон зайг дүүрэн үлдээсэн.Та ч бас намайг мартаагүй гэж итгэсэн. Тэнгэрийн орноос хүүгээ сайн явааг хараад, тэсгэл алдахдаа буугаад ирж мэдэх аав минь…
Би оргилдоо мөнгөн хяруутай, одонд шүргэн алдсан Алтайн хөх хайрханы бэлээс нь урган өндийсөн жижигхэн шар толгод билээ. Хөрстийн дээвэр, тэнгэрийн багана болсон тэр хайрхан намайг цас бороонд жиндүүлэхгүй, хүйтэнд дааруулж, халуунд халаахгүй ер л хорвоогийн түмэн зовлон бэрхшээлээс нөмөрлөн хамгаалж, би эрх дураараа айх аюулгүй жаргалын оронд байгаа юм шиг л байдагсан. Хоног өдөр өнгөрөх тусам би хайрханы бэлээс хад асгатай, өнгө өнгийн цэцэгстэй уул болон өсөж байлаа ч тэрхүү хайрханы хажууд үргэлж толгод хэвээрээ торойн харагдана. Би аав шигээ сүрлэг Алтайн хөх хайрхан болохыг хүснэ.
Хоног өдрүүд харвасан сум шиг өнгөрсөөр, би ч өндийсөөр. Ойроос аавын минь өндөр оргилд хэсэг бүдэгхэн цагаан хяруу татах болов. Тэр цагаан хяруу бага багаар нэмэгдэх агаад аавыг минь улам сүрлэг, ханхар уужуу харагдуулна. Ингээд би аав шигээ өндөр хайрхан болох хүсэл дээрээ ихээ цагаан хярууг бас нэмэв.
Сүүлийн хэдэн шөнө бороо тасралтгүй шаагилаа. Тэнгэр нэг л таагүй, загнах мэт том том бараан үүлс хөшилдөж, нудрага мэт том дуслууд дээрээс асгарна. Мэдээж би аавынхаа сүрлэг ханхар биед нөмөрлөгдсөн болохоор юунд ч санаа зоволтгүй тайвуухан нойрсоно. Үе үе аавын минь биеэс тасарсан хэсэг хэсэг чулуу дээрээс унан нойрыг минь сэрээх боловч хэзээний уужуу тайван аавын минь тэргүүн дээрх мөнгөн хяруу нүднээ тусаж, би ч мөрөөдөлдөө бүүвэйлэгдэн унтсаар.
Гэнэт нэг их сүрхий чимээ гарах үест би сэрлээ. Нөгөө сүрлэг өндөр хайрхан догширон тонгочиж, хад чулуу нь хэдэн зүгт үсчин бутарч, тэнгэр хурмаст догширон хилэгнэв үү гэлтэй аянгын гялбаа, галт сум мөндөр шиг нижигнэн тэр гэхийн завдалгүй өнөө сүрлэг хайрхан нурж одох нь тэр.
Үүр цайж байсан ч нар алга. Харин бороо, бороо л шуналтайгаар асгаран орж тэр сүрлэг хайрханы нурж унасан эрэмдэг биеийг нэг мөсөн арилган одох нь гэлтэй заналтайгаар шаагина. Тэр өдрөөс хойш бүх зүйлс өөрчлөгдсөн. Бороо ямар жихүүн, салхи ямар ширүүн, цас ямар хүйтэн байдгийг би биеэрээ мэдрэв. Хором мөч бүхэнд аавын минь нөмөр, дэм надад үгүйлэгдэж байлаа. Одоо би энэ бүгдэд хэдийнэ дассан.
Тулж ирэх хэцүү хүнд бүхэнд хөл алдалгүй яг л аав шигээ тайвуухан, тэгээд сүрлэг, ханхар байдаг болсон. Би чинь аав шигээ сүрлэг Алтайн хөх уулсын үргэлжлэл шүү дээ.
2009 оны намар.

Apr 5, 2012

Нөхөрлөл: Үзэл санааны гэрлэлт



Эсрэг хүйсийн хэн нэгнийг сонгоод амьдралынхаа тоосго бүрийг түүний хамтаар өрж, дурлах асаах зориг гаргаж, эрсдэл хүлээх нь хайраас үүдэлтэй гэрлэлт болой. Зохист амьдралын жор ёсоор бол энэ сонголт цорын ганц байх ёстой бөгөөд хоёр зүрх хоорондын аминчхан харилцаа эхлүүлнэ. Харин үзэл санааны гэрлэлтийн хүрээ үүнээс хэд дахин илүү эрх чөлөөг танаас шаардана. Хүн амьдралдаа цорын ганц хайрыг л эхлэлээс эцэс хүртэл нь эд эс бүрийг нь мэдрэх завшаантай байдаг бол үзэл санааны хувьд хэчнээн хүнтэй “гэрлэх” нь таны таалал хийгээд сэтгэлд нийцэх үйл явц юм. Эцэг эх, ах дүү, элгэн саднаа би сонгож төрөөгүй, зүгээр л энд тохиолдсон учраас тэд намайг бүрнээ илтгэж чадахгүй. Үр хүүхдээ ч би сонгох боломж байгаагүй учраас тэд намайг бүрнээ илтгэх боломжгүй. Харин хайр дурлалын болоод үзэл санааны гэрлэлтэд миний сэтгэл зүрх голлож, сонголт хийх эрх чөлөө бий учраас найзаар минь намайг дүгнэхийг хувьдаа илүүд үзнэ, би.
Үзэл санааны ханиа сонгохдоо махан биеийн гоо үзэсгэлэн, насны зөрүү, хэтэвчний хэмжээ, уг гаралыг үл тоож болдог учраас байж болох хамгийн эрх чөлөөтэй, эгэл харилцаа бий болох вий. Бидний дундаас бас махан бие, нэгэн “би” биш харин үзэл санаа, хандлага урган гарах учраас үр дүнгийн хувьд ч өөр. Нэг биш нэг дор хэдэн ч хүнтэй үзэл санааны хувьд “гэрлэж” болох учраас насан туршийн, үүрдийн, мөнхийн хугацалд зарим талаар хүлээс ч байж болох гэр бүлийн аминчхан харилцаанаас чөлөөлөгдөж болох учраас нөхөрлөлд илүү зоригтой хандана. Гэтэл гэр бүлийн харилцаанд зүрх, сэтгэлээ дагах чухам хэрэгтэй учраас үзэл санаа, оюун бодлыг холын холд таягдах хэрэгцээнд тулдаг. Харин жинхэнэ нөхөрт хэзээ ч анхны харцаар “дурлахгүй”. Тэгэхээр хайр сэтгэлийн сул тал энд гарч ирж байгаа биз.
Зүрх сэтгэлээ өгдөггүй мөртлөө нөхөрлөлөөс бид ямагт хамгаалал хүсдэг нь нууц биш. Найзаа бид өөрт хэрэгтэй үед нударга, хэтэвч, бирд мэтээр төсөөлөх гээд байдаг. Найз гэдэг нь миний хоёр дахь би учраас зоргоор байх юм шиг боддог. Гэтэл найз гэдэг “миний хоёр дахь би” байж яагаад ч таарахгүй. Уйлахад минь хамт уйлж, баярлахад минь мөн адил сэтгэл хөдлөл илэрхийлэх сүүдэр хэнд ч хэрэггүй. Учир нь бид зүрх сэтгэлээр биш үзэл санаагаар нэгдсэн болохоор тэр. Харин хамгийн уйтгартай нь нөхөрлөлд ч бас хүсэл тачаалаас үүдсэн эрх ашиг бий. Хүйс хоорондын харилцаанд биеэ үнэлэлт, араар тавилт, нууцаар амраглах, хаяан одох зэрэг үзэгдэл байдагчлан нөхөрлөлд ч мөн ийм хууралт бишгүй бий. Зөвхөн өөрийн амин хэрэгт тулсан үедээ нууц амраг мэтээр нөхөрлөхийг илүүд үздэг нэгэн байхад нүүрэн дээрээ инээвч араар тань хутгалах “тавилт”-ын хэлбэрүүд ч илрэн гарч болно. Цаг зуурын үерхэлд салалт, цуцлалт бишгүй. Гэвч харилцаа үзэл санаан дээр босдог учраас эрсдлүүд нь хууль ёсны гэрлэлтээс бага байдаг байх л даа.
Итгэлцлийн бус хосууд “хайр”-аа гэх үгийг ам нээх тоолондоо хэлж сул талаа нээдэг шиг “хуурамч” нөхдүүд “анд”-аа гэдгийг үг бүртээ хавчуулна. Та сана даа, жинхэнэ үзэл санааны найзууд тань “Найз” гэдэг үгийг хэр их хэрэглэдэг бол. Харин одоо энэ үгийг хамгийн их хэрэглэдэг хүмүүсийн тухай бод доо? Магадгүй ховор тохиолдолд алдаж болох ч найз тань хөндлөнгөөс дайсан шиг харагдавч, “жинхэнэ” сэтгэл нь гүндээ нуугдсан байх вий. “Анд”-ууд хэзээ ч таны тухай таагүй үг хэлж, нүүр улайлгахгүй харин ч магтаалын үгээр булна. Энэ харин үзэл санааны хань, нөхөрт үнэн үгийг эрээ цээргүйгээр нүүрэн дээр тань хэлэх итгэлцэл бий. Ялгаа нь энэ учраас андаа гэх үгнээс ихэнх нь жийрхдэг. Олон жил ханилсан хүмүүс “хайртай” гэдэг үгийг огт хэрэглэхгүйгээр хайрлалцаад байдгийн учиг нь магадгүй энд бий байх. Найзыг анхны харцаар сонгодоггүй, эхлэхдээ удаж, эцэслэтлээ ч бас хэврэг биш байдаг нь мөнөөх л үзэл санаатай холбоотой биз.
“Хүн бүхний найз бол хэний ч найз биш” гэх мундаг үг бий. Эрх чөлөөтэй гээд үзэл санааны хувьд мянган хүнтэй “гэрлэх” боломжгүй. Нөхөрлөл хоорондын биеэ үнэлэлт, араар тавилт, хууралтаас торж үлдсэн үзэл санааны хань тун ховор гэх. Харин тэдэнтэй холбосон гинж хайр дурлалынхаас ч бат бөх. Хайр сэтгэлээс үүдсэн гэрлэлт, хамтын амьдрал алхам бүртээ хөрсөөр, уйдсаар тэвчээрийн хязгаарт тулж хүлээн зөвшөөрөх, дасах, сонголтгүйн мухарт тулдаг бол найзын холбоо үзэгдэл бүртээ баяжиж, тэтгэгдсээр хүчирхэг нэгэн цул болох нь бий. Учир нь мөнөөх л үзэл санаа. Магадгүй та эл үгнээс хэдийнэ уйдаж эхэлсэн байж мэдэх ч дахиад хэлье “ҮЗЭЛ САНАА”.
Шинэ харилцаа эхлэх бүрийд зүрхээ дагах уу, тархиа дагах уу хэмээн ээрч байдаг, бид. Эцэстээ хайр сэтгэлд зүрхийг, нөхөрлөлд тархийг тушаадаг. Харин таны зүрх үнэн үү, тархи үнэн үү сонгоорой.