Nov 19, 2012

Салхи биднийг хөтөлнө: Төгсгөл

Истанбул, Улаанбаатар хот таван цагийн зөрүүтэй. Харин хөгжлийн хувьд тэд биднээс бараг л хагас зуунаар түрүүлж дээ гэсэн бодол тээсээр нутаг буцлаа. Истанбулыг зорих замд онгоцны зорчигчдын дийлэнх нь монгол хүмүүс байсан бол буцахад бүрэлдэхүүн нь эрс өөрчлөгдсөн байв. “Lonely Planet: Mongolia” гэсэн ном барьсан гадаадынхан л дүүрэн. Хөгжил дэвшилд тэмүүлэх хил хязгааргүй хүсэл тэднийг маань Туркт аргамжин хоцорчээ. Цогтоогийн Туркт албан ёсоор байх 30 хоногийн виз дуусахад яг 13 хоног үлдсэн учраас тэр эмээх зүйлгүйгээр намайг Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудал руу хүргэж өгсөн. Харин түүний гэргий болон Соёмбо өглөө нь надад борцтой шөл хийж өгөөд, салах ёс гүйцэтгэн ажилдаа явцгаасан юм. Тэд өглөө бүр ажилдаа гарахын өмнө арцаар биеэ нар зөв гурав тойруулцгаадаг бөгөөд зам зуур цагдаатай таарахгүй байх дом юм болов уу гэж дотроо бодов. Би ч мөн адил Монгол руу нисэхийн өмнө арцаар биеэ утсан.
ХИЛ, ХЯЗГААРГҮЙ ХҮСЭЛ
Хуримаас тарж ирдэг өдөр гэрт нь цагдаа нар дахин ирж, мөнгө нэхсэн болохоор Соёмбоогийн сэтгэл санаа сайнгүй л байсанд одоо ч миний сэтгэл зовсон хэвээр. Туркийн цагдаа нарт нэг л нүдлэгдчихвэл амар заяа үздэггүй бөгөөд тэр өдөр хөршүүд нь гэрийнх нь үүдэнд цуглаж, Соёмбоог өмөөрсөн хэдий ч дийлээгүй. Тэд 250 лир (190 орчим мянган төгрөг) буюу бараг л долоо хоногийнх нь цалинтай дүйцэх хэмжээний хахуул авч байж салсан юм. Цагдаа нар хэзээ дахин ирэх бол, 30 хоногийн виз нь дуусвал Цогтоо ч мөн адил сарын цалингийнхаа багагүй хувийг цагдаа нартай хуваалцах болно доо гэхээс буцах замд нойр хүрч өгс өнгүй. Гэтэл үл ялигхан илүү цалингийн төлөө ийм их зовлон, бэрхшээлийг туулдаг болохыг гадарлаа ч үгүй яваа Б.Хишигжаргал боломж л олдвол гадаадыг зориход сэтгэл зүйн хувьд бэлэн байгаа. Монголд ирээд түүнтэй дахин уулзахад хичээлийнхээ хажуугаар солонгос хэлний сургалтад суухаар шийдэж, ээж ааваасаа төлбөрийн мөнгө хүссэн тухайгаа ярив. Би гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн тухай өөрийн нүдээр үзсэн болгоныг түүнд хуваалцсан. Гэсэн ч тэр “Хүн болгоны хувь тавилан адилгүй шүү дээ. Магад намайг гадаадад гарвал сайхан ажил таарч, их мөнгө олох аз тохиох ч юм билүү” гэж хариулсан юм.
Соёмбоо, Цогтоо, түүний эхнэр, ер нь гадаадад ажилахаар явж буй хүн бүр л түүн шиг өөдрөгөөр сэтгэж, ахиад нэг л алхвал аз жаргал яг бий гэж боддог байх. Гэвч сугалаа авсан хүн бүрт хонж вор таардаггүй шүү дээ. Шинэ цагийн нүүдлийн жимээр явсан сур валжлагынхаа турш би нийт 6180 км зам туулжээ. Энэ зуур надтай дайралдсан, миний уулзаж ярилцсан хүмүүсийг зугатах хүсэл л нэгтгэж байв. Байгаа газраас нь илүү сайхан амьдрал хаа нэгтээ бий л гэж сонсвол тэд маань хаачихад ч бэлэн. Дэлхий гэх ганцхан эх га зарт амьдарч буй ч улс, үндэстэн болж хуваагд сны хэрэг юу билээ амин хувийн асуудлаа л илүүд үзэх нь мэдээж. Гэтэл Монголоос хүн бүр явахыг хү сэх болж, үүнийгээ ч гүйцэл дүүлж байхыг нүдээр үзсэнээс хойш энэ орны ирээдүй хэний гарт байна вэ гэсэн хоржоотой асуулт намайг шаналгах болов. Өдгөө Монголд уул уурхайн салбар эрчимжиж, бүтээн байгуулалтын ажил дөнгөж л эхэлж байна. Гэтэл Цогтоо шиг, Соёмбоо шиг залуус гадаадад харх мэт харанхуй гудамж бараадан нуугдаж, нугдайж явахыг илүүд үзээд явав. Гэтэл эсрэгээр гадаадын ажилчид Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүд болон барилгын салбарт ажиллахаар, Монгол Улсыг боломж гэж хараад ирж байгаа нь нэгийг хэлэх шиг. Дэлхий нийтээр Монголыг “Азийн шинэ бар” болно хэмээн харж байхад монгол залуус юу хүсэж гадаадыг зорьдог юм бэ.
ҮЛГЭРИЙН ТӨГСГӨЛ
Социализм, коммунизмын үлгэрийн сүүлчийн он жилүүд дуусаж, “Зах зээлийн ний гэмд л шилжчихвэл бүх юм өөгүй сайхан бол чихно” гэсэн хүрэх газар, онох байтай байсан бол одоо бидэнд юу ч алга. Ийм жингүйдэл хэр удаан үргэлжилж, өнөөгийн монголчуу дын нүүдэл хаана хүрээд зогсох бол. Энэ асуултын хариуг бидний хэн маань ч үл мэднэ. Гэтэл төр, засгийн эрхмүүд 20 жилийн да раа Монгол Улс хөгжлөөрөө дэлхийд тэрг үүлж, нэг хүнд ног дох ДНБ-ий хэмжээгээр барууны орнуудынх тай ижилхэн болно хэмээн сурталдаж байгаа нь бодит амьдралын хил шугамаас хэтэрхий хол давхисан мөрөөдөл гэдгийг очсон газар бүртээ мэдэрч байв. Өндөр шилэн барилгууд хөшилдөх Улаанбаатараас гармагц орхигдсон сумд, хөгжил хүлээж цөхсөн уйтай саарал байшингууд дайралдна. Сумын төвийн амьдрал бусад тай харьцуулбал удаан, энд ер нь хүн амьдардаг юм уу гэмээр нам жим.
Хотын дугаартай машин явбал хөдөөгийн хүүхдүүд дагаад гүйдэг нь ч хэвээр. Энэ хэсэг газар 20 жилийн дараа барууны хот, суурин лугаа хөгжинө гэж итгэхэд бэрх. Улаанбаатарын хүүхдүүд хичээлдээ таксигаар ирж, үнэтэй брэндийн сүүлийн үеийн загварын хувцас өмсөж, дэвтэр биш зөөв рийн компьютер дээрээ хичээлээ хийж байхад эндээс 720 км-ийн зайд байх сумын төвийн хүүхдүүд өвлийн хүйтэнд хацраа хайруулан байж сур гуульдаа ирээд, жижүүр сурагч нь галаа түлж ангиа дулаацуулсны дараа хичээлээ эхэлдэг. Тэд даарахгүйн тулд хичээл дээрээ хөвөн тэй тэрлэг тэй сууна. Нэг улсын, ижил насны хүүхдүүдийн хоёр өөр амьдралын төрх, эрс тэс ялгаа өнөөдөр ч хэвээр байгааг эндээс харж болно. 20 жилийн дараа тэд ямар хүмүүс болцгоох бол.
Амьдралын түвшин, үзэж харсан бүхнээр адилхан байж чадах болов уу. Сумын төвийн айлуудын цонхноо хаашаа ч юм тууштай ширтэж, гансарсан царай олныг харж байв. Хотын хүмүүс цонхоороо яаран алхах хүн урсгал, замаар нисэлдэх машины цуваа гэхчлэн завгүй хэмнэл, хөдөлгөөнийг тольд дог бол хөдөөгийн иргэд дүнсгэр байшин, уйтгартай гэгч жирийсэн банзан хашаанууд, эсвэл зүгээр л юу ч үгүй нүцгэн тал руу хараа сунгадаг. Тэд ийн суухдаа чухам юу бодож, юу хүлээдэг бол оо гэдгийг би үргэлж мэдэхийг хүсдэг байв. Магадгүй тэд ямар нэг өөрчлөлтийг л хүлээж суудаг болов уу даа. Амьдралын нөхцөл нь тэнгэр газар мэт ялгаатай байхад бид тэднийг хөдөөнөө амьдар гэж ятгах нь зөв үү. Эсвэл тэднийг нийслэлд ир ээ гэж уриалах уу. Америкт, эсвэл Туркт амьдралын түвшин Мон голын сумаас ч, нийслэлээс ч дөнгүүр байдаг. Тэгвэл хамтдаа тийшээ нүүх юм уу.
ЭЦЭСТ НЬ
Сурвалжлагын маань баатрууд бүгд л хүсэл, мөрөөдлийнхөө төлөө нэг алхам хийжээ. Матад суманд малтай, орон гэртэй, өмчлөх газартай байсан гэрээ орхиж Б.Хишигжа ргал Улаанбаатарт ирээд “Долоон буудал”-д түрээсийн байшинд амьдарч буй. Хотын иргэн шил аваагүй тэрбээр оюутан нэртэй сул иргэн болов. Хотыг завхруулж буй гэж бидний адладаг хөдөөгийн хүмүүсийн тоог л нэгээр нэмэв. Харин Улаанбаатарт таван ханатай гэртэй, “Mark II” машинтай, тогтсон ажилтай, эхнэр хүүхдийн хамт халуун дулаан амьдарч байсан Цогтоо энэ бүхнээ орхин Туркийг зорьсон. Гэвч тэнд халаалтгүй умгар өрөөний хүйтэн плитан ша лан дээр унтаж, хүн амьтанд харагдахг үй дальд чин амьдрах тохиол түүнийг угтсан. Одоо тэгээд яах вэ? Энэ асуултыг би хоёуланд нь тавив. Б.Хишигжаргал солонгос хэл сураад, яадаг ч байсан Өмнөд Солонгос руу гарч амьдарна гэж хариулсан бол Цогтоо буцахад хэдийнэ оройтсон учраас эндээ ажиллаж, хангалттай мөнгө цуглуулсан үедээ Монгол руугаа явна гэлээ. Тэд хоёул энэ хариултдаа туйлын итгэлтэй байсан юм.
Хотод ирсэн хойноо Цогтоотой интернэтээр дахин холбогдоход визний хүчинтэй хугацаа нь дууссан тухай дуулгасан. Түүний байгаа газрыг цагдаагийнхан хэдийнэ нүдэлсэн учраас өөр газар руу нүүхээр шийдсэн гэнэ. Нийтлэлийнхээ төгсгөлд өөрсдийнхөө амьдралын тухай үнэн төрхийг, үзэл бодлоо цааргалалгүй илэрхийлж, цаг гаргаж байсан ярилцагчиддаа талархаж буйгаа илэрхийлье. Хөгжлийн салхи та бүхнийг хүссэн амьдралд тань хөтлөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсье.

Nov 11, 2012

“Гамлет”




            Улсын драмын эрдмийн театр үзвэрийн 81 дэх жилийн нээлтийн хөшгөө өргөхөөс хоёр цагийн өмнө урьтаж очив. Нэвсийсэн их цасан дундах театрын барилга галзуурсан бухыг хилэнд хөтлөх гал улаан өнгөөр “асах” нь айдас, бас бишрэл төрүүлнэ. Харин үүдэнд надтай зөрсөн УДЭТ-ын ерөнхий найруулагч, энэ үдшийн гол хүн болох Н.Наранбаатарт галзуу матадор лугаа шинж ер харагдсангүй. Гадаах хүйтэнд сэтгэл хөдлөл нь царцаа юу гэмээр тайван алхаж өнгөрөв. У.Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг 33 жилийн дараа их театртаа дахин залах түүний зориг өнөөдөр намайг энд хөтөлж буй юм.
Театр дотор эл хуль оргино. Хүрэн улаан суудлууд нь хүний мөрөөсөл болсон мэт уйтай эгнэжээ. Нүүрээ жимбийтэл будаад, үсэндээ пигүж ороож, тайзны хувцас доогуураа жинсэн өмд өмссөн жүжигчид хонгилоор яаран алхах нь хоёр ертөнцийн заагт буй мэт сэтгэгдэл төрүүлж байв. УДЭТ-ийн хойд хаалгаар орж, тайзны арын өрөө рүү нууцаар шагайвал жүжигчдийн хувцасыг нямбайчлан өлгөсний хажууд Гамлетийн сэлэм, Офелиягийн цэцгэн сүлжээс тэргүүтэн харагдана. Офелиягийн дүрийг бүтээх залуу жүжигчин А.Ганчимэг цагаан, цэнхэр даашинзаа өмсөж, зэхээд нүдээ анин нааш цааш холхих нь хэзээ ч бодитоор амьдраагүй хэрнээ цаасан дээр хагас мянган жил оршсон бүсгүйн сүнстэй бие, сэтгэлээрээ холбогдохыг хичээж буй мэт санагдаж байлаа. Офелия бол У.Шекспирийн зохиолуудаас хамгийн их маргаан, мэтгэлцээн өдөөсөн эмэгтэй дүр. XX зууны эхэн үед Элейн Шоуолтер тэргүүтэй феминист үзэлтнүүд Офелия, Гертруда нарын дүрийн тухайд цоо шинэ санаа дэвшүүлж, шуугиан дэгдээсэн. Офелия охин аав, ах, бас Гамлет гэх гурван хүчирхэг эрийн дунд байснаа гэнэт л хэн ч үгүй хоцорч, улмаар галзуурсан. Ах Лаэрт Франц руу явж, эцэг Полоний нь амь үрэгдэж, Гамлет орхин оддог. Энэ нь цаанаа эм хүн эр хүнгүй бол хэн ч биш гэсэн санааг илтгэж байна хэмээн үздэг байсан юм. Харин Элейн үүний яг эсрэг санааг дэвшүүлсэн байдаг юм. Ялангуяа Офелия охины галзуурдаг хэсэг нь жүжигчний авъяасыг шууд харуулах үзэгдэл  хэмээн мэргэжилтнүүд ярьдаг юм билээ. “Галзуу гэж өвчний нэр томъёо байдаггүй юм билээ. Шинжлэх ухаанд бол солио туссан гэж нэрийддэг. Чухам энэ хэсгийг яаж гаргах вэ гэдэгт би ихэд анхаарсан. “Шархад”-ны эмнэлэгээр ч орж, солио өвчин туссан хүмүүсийг ажигласан” хэмээн А.Ганчимэг өмнө нь ярьж байсан. Энэ тухай сүүлд өгүүлье.
Жүжиг эхлэхэд 30 минут үлдлээ. Театрын үүдэнд улаан хивс дэлгэж, үе үеийн жүжигчид, уран бүтээлчид үүгээр алхан үзвэрийн 81 дэх жилийн нээлт эхэлж буйг албан ёсоор илтгэх хуваарьтай байсан ч даарсан үзэгчид машин дотроо бүгцгээжээ. Харин театрын төв хаалгаар дотогш орвол хийл хөгжимчид эгнэн суугаад алдарт Бетховений сонгодог аязуудыг “урлана”. Энэхэн зуур үзэгчид даарснаа ч умартан яг л XVII зууны Английн хааны ордонд буй мэт ихэмсэг энэ хэмнэлд уусан шингэж байлаа. УДЭТ-ын театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан У.Шекспирийн “Гамлет” жүжгийн нээлт товлосон цагаасаа үл ялиг хоцрон эхэллээ. Тус театрын дэд захирал, Ардын жүжигчин, Монголын анхны Офелия Н.Сувд “Одоогоос яг 33 жилийн өмнө би энэ сүрлэг хөшигний цаана сүрдэн зогсож байлаа. Харин одоо манай театрын залуу уран бүтээлчдийн гардсан хоёр дахь тавилтын хөшигний өмнө сэтгэл догдлон зогсож байна, би. Энэ хөшигний наана, цаана буй жүжигчин, үзэгч хоёрын амьсгаа нэгэн цул болж гэмээнэ жүжиг бүтдэг юм аа” хэмээсний дараа их театр сүрлэг хөшгөө нээлээ.
Эльсинор шилтгээний танхим. Ван, хатан, Гамлет, Полоний, Лаэрт, Корнелий болон ордны бараа бологчид байх аж. Данийн вангийн үхлийн дараа уй гашууд авсан Гамлет, уй гашууд автсан болж харагдах гэсэн Клавдий, ямар сэтгэл хөдлөл илэрхийлэхээ тааж ядах Гертруда яг л номын хуудаснаас амь ороод гарч ирсэн мэт үнэмшиж болохоор харагдаж, энэ гэхийн зуургүй тайз руу биднийг татан оруулав аа. Тэр өдөр жүжиг үзэхээр цугласан хүмүүсийн ихэнх нь “Гамлет” жүжгийг анх удаа үзэж буй нь энэ. Өмнө нь номын хуудаснаас уншиж, өөр өөрийн дотор ургуулан бодож байсан бүхэн нь өнөөдөр Н.Наранбаатар найруулагчийн санаагаар амилж буй болохоор догдлох нь аргагүй. Харин 1979 онд анх тоглосныг нь үзэж байсан ахмадууд мартсанаа санагалзаж, бас өөр өөрийн дотор харьцуулалт хийж суусан биз ээ.
Эхний үзэгдлийн монолог хэсгүүдэд С.Болд-Эрдэнэ тийм ч сайн байсангүй. Үгээ наана, цаана зөрүүлж бага зэрэг сандарч байгаа нь илт. Харин хоёр дахь үзэгдэл, Эльсинор шилтгээний өмнөх чөлөөнд Хорацио, Бернардо нартай харилцан яриа эхлэх хэсгээс тэр чангарсан. Яван явсаар ордны хоёр офицерийг тандан ярилцах, Лаэрттэй тулалдах хэсэгт ёстой л тэсэрсэн. Өнөө цагт Гамлетийн дүрийг танхим цугларсан үзэгчдийн сэтгэл зүрхэнд бат нот уяж чадсан гэдэгт би л хувьдаа итгэлтэй байна. “Гамлет” жүжгийг тайзнаа тоглох тухай яриа гарч эхэлмэгц хүмүүс дор бүрнээ л Ардын жүжигчин Л.Жамсранжав агсантай харьцуулж эхэлсэн. Учир нь тэр Монголын анхны, бас төгс Гамлет байсан гэдэг. Найруулагч нь Н.Наранбаатар, Гамлет нь С.Болд-Эрдэнэ бас Офелия нь А.Ганчимэг. Бүгд л залуус, уран бүтээлийнхээ гарааг эхэлж яваа “балчир”-ууд. Үнэндээ нас залуу гэх шалтгаанаар тэднийг хэн, хүнгүй дотроо голж байсан. Харин энэ тухайд Н.Сувд гуай ярихдаа 1979 оны “Гамлет”-д ажиллаж байсан найруулагч, зураачаас гадна оролцож тоглосон миний хувьд бүгд ЗХУ-д мэргэжил эзэмшсэн хүмүүс байжээ. Дээр нь манай алтан үеийнхэн маань тоглож байлаа. Манай алтан үеийн жүжигчид ч орос сургалтаар бэлтгэгдэж гарсан уран бүтээлчид шүү дээ. Харин одоогийн “Гамлет”-ыг бүтээж байгаа уран бүтээлчид цэвэр Монгол үндэсний сургалтаар боловсрол эзэмшсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл, бүгд үндэсний “бүтээгдэхүүн” гэж хэлж болно” хэмээн театрынхаа залуусыг өмөөрч байв. Итгэл хөсөрдөөгүй байх аа.
У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тавих төсөл эхнээсээ л өрсөлдөөн ихтэй байсан. Найруулагч болон гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалт ч асар их “тэмцэл” дунд өрнөсөн юм билээ. Харин энэ бүхний эцэст жүжиг тайзнаа тавигдахад гол дүрээс туслах дүр хүртлээ жүжигчдийн баг атгасан гар шиг нягт, хүчтэй байсныг онцлох хэрэгтэй. Энэ нь сайн, тэр муу гэх хорон үг шидлэх хий гаргаагүй гэж хэлж болно. Монголын тайзнаа хоёр дахь удаагаа тавигдсан “Гамлет” жүжигт онцолж хэлэх хэд хэдэн зүйл байлаа. Жүжгийн тайз засал тун өвөрмөц байсан бол үзэгчид жүжигчдийн хувцасыг шагшин магтаж байлаа. Хөгжим гайхалтай, бүжигийн тавилт нь шинэлэг. Бас Гамлетийн хүүхэд насанд хувилсан 11 настай Б.Хангай хүүг онцлох хэрэгтэй. Офелиягийн солиорсон хэсгийг А.Ганчимэг үнэхээр сайн гаргаж чадсан тухай “Фэйсбүүк”, “Твиттер”-ээр хүмүүс өдгөө ч шагшицгааж байна.
 Жүжгийн төгсгөлд хүн бүр босож зогсоод хүндэтгэл үзүүлэн, удтал алга нижигнүүлэн байсан Н.Наранбаатарын баг үзэгчдээс ямар үнэлгээ авсныг илтгэнэ. Ялангуяа Гамлетийн дүрийг бүтээсэн С.Болд-Эрдэнэ ёслоход алга таших чимээний эрчим бүр ихэссэн нь ч бас нэгийг хэлнэ. Энэ бүхний дараа Ардын жүжигчин Д.Мэндбаяртай уулзаж сэтгэгдлийг нь сонсов. Тэрбээр 33 жилийн өмнө уг жүжигт олны хэсэгт тоглож байсан бөгөөд “Сонгодог жүжиг гэдэг үнэхээр л сонгодог байдаг юм байна. Жүжгийн хэлэх санаа өнөө цагт хуучраагүй, үнэ цэнэ нь ч буураагүйг харлаа. Бас манай театрын залуус үнэхээр сайн, бүр маш сайн байлаа. Бид тэднээс хуучнаа нэхэхгүй ээ. Шинэ үеийн үзэгчдэд, шинэ тавилттай “Гамлет”-ийг тэд үнэхээр сайн хүргэж чаджээ” хэмээв. Шекспирийн алдарт бүтээл “Гамлет” жүжиг өдгөө ч дэлхийн театруудад “шалгалт” болж тоглогдсон хэвээр л. Зигмунд Фрэйд Гамлетийн дүрийг “Эдипийн комплекс” буюу эхдээ сэтгэл алдрах гэх томъёондоо багтаасан байдаг. Нэгэн зууны өмнөх энэ задлан шинжлэлтийг өдгөө ч бид харьцуулан дүгнэж болохоор байгаа нь Н.Наранбаатарын баг уламжлалыг алдалгүй, шинэчлэлээс хоцроогүйг харуулсан.
Жүжгийн тухайд дэлгэрэнгүй өгүүлээгүйг маань та анзаарсан байх. Учир нь Монголын тайзнаа эргэн ирсэн “Гамлет” жүжгийн тухай шагшин ярилцхыг та хэдийнэ сонсож, өөрийн биеэр очиж үзэхээр шийдсэн гэж найдсан учраас л тэр  юм шүү. 

Nov 4, 2012

Хамгийн сайхан баасан гариг хийгээд хар шилтэй бүсгүй



            “Central Tower”-ийн гуравдугаар давхарт байрлах “Georges”-т баасан гаригийн үдэш бүр амьд хөгжмийн тоглолт болдог тухай сонслоо. PSY, Жастин Бибер, “One Direction”, “The Wanted”... Жинхэнэ урлагаас хол хөндий, хиймэл дуунуудаас уйдаад байхтай яг таарсан болохоор хэрэг гарган тийш зорив. “Central tower”-ийн шатаар дээш өгсөх тусам танил аялгуу хаа нэгтээс тодрон тодорсоор. Тийм ээ, “The Carpenters” хамтлагийн “Yesterday once more” яг мөн байна. 1970-аад оны залуусыг байлдан дагуулсан поп, софт рок чиглэлээр уран бүтээл туурвидаг гайхамшигт хамтлагийн, гайхалтай дуутай ингэж би таардаг байжээ. “Georges”-т явж ороход жижигхэн тайзны голд хар нүдний шил, мөн өнгийн даашинз өмссөн дуучин Daisy гитараа бариад дуулж байна. Өнөөх ялдам эгшиг эндээс оргилж байсан ажээ. Дараачийн дуу, “Fugees” хамтлагийн “Killing me softly”. Daisy гитараа тавиад, төгөлдөр хуурын айзамтай хоршино. Тэнд цугларсан хүмүүс илбэ жатгад автсан мэт бүгд л нүдээ анин, толгойгоо зугуухан хөдөлгөн,
               “Strumming my pain with his fingers,
               Singing my life with his words
               Killing me softly with his song
             Killing me softly with his song… хэмээн түрлэг нэмнэ. Ийм тансаг орчин, ийм дотно, ийм ойрхон мэдрэмжийн төв цэг болж буй Daisy харин дуу эхлэснээс дуусах хүртэл нүдээ аньсан хэвээр. Дуутайгаа уусан шингэж, нэгэн цул болох нь энэ ажээ. “Feeling good”, “Fever”... жааз дуунд дурлагсдын диваажинд ирсэн юм биш биз, би? Бүтэн цаг гаруй үргэлжилсэн амьд тоглолтын дараа түүнтэй уулзах завшаан тохиов. Daisy дөнгөж ширээнээ суумагц л “Зөрлөг киноны дуугаа дахиад дуулаач ээ” гэж булангийн ширээний эр хашгирна. Ийм танхай, гэхдээ  ийм нээлттэй, халуун уур амьсгал биднийг хүрээлнэ. “Тайз ба үзэгчдийн хоорондын зай ойрхон, ирсэн хүмүүс нь урьдаас төлөвлөөгүй ийм орчинд би дуулах дуртай. Анх дуулж байхад сандрал нь том тайзнаас ч их байдаг байсан ч одоо би дассан” хэмээн ярих энэ бүсгүйг бид “Зөрлөг” киноны саундтрак “Дурлал юу хүснэ вэ” дуугаар нь сайн мэднэ. Бүхэл бүтэн арван жил дуулсан хэрнээ тэр ердөө ганцхан цомог гаргажээ. 2010 онд худалдаанд гаргасан “Daisy” нэртэй эл цомогт нь түүний арван жилийн хөдөлмөр нь шингэсэн. “Хүмүүс надаас асуудаг юм. Арван жил дуулчихаад яагаад ганцхан цомог л гаргав аа гэж. Өнөө цагт нэг жил байтугай хэдхэн сарын дотор цомог гаргаад, тоглолт хийгээд явж болдог болжээ. Энэ хугацаанд би 5-6 цомог элбэг гаргачих хэмжээний дуу зохиож, дуулсан байна. Гэвч би өөрийгөө хуурахыг хүсээгүй. Надад таалагдсан дуунуудаа сонгож, одоо боллоо гэсэн үед л би анхны цомгоо гаргаж байлаа” хэмээн тэр дурссан. “Georges”-т PSY-ийн “Gangnam style” дуу эгшиглэнэ. Жинхэнэ амьд хөгжим сонссоны дараа PSY-ын эл уран бүтээлийг сонсоход дуу гэж нэрлэхээс ой гутах шиг болов. Дуучны хоолой л хамгийн чухал байх ёстой атал бүжгийн хөдөлгөөн, салбадайнх шиг аяг эсвэл, гаж хувцаслалт сонсогчдыг татах болж, хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн гунигтай үе ирж дээ гэж бодов. Ямар азаар Адель, Эмили Санде, “Coldplay”, “U2” бидэнтэй нэгэн цаг үед амьдарч, жинхэнэ дуу, жинхэнэ амьд хөгжимд үнэнчээр үлдсэн юм бэ. Ямар азаар “Харанга”-ын Лхагваа, “Madness”, “Нисванис” өнөө хэр уран бүтээлээ туурвиж, “A Sound”, “Lemons”, “Kush and Oyuka” бас Daisy тэдний залгамж халаа болж байна вэ. Daisy ийн ярив. “Шоу бизнес хөгжлийнхөө оргил үед ирж, жинхэнэ урлагийг шороотой хутгах ажиллагаа явуулж байна. Хамтлаг, дуучдыг гаргаж ирэхдээ хоолойн чадал бус царай зүс, бие хаа, хувцаслалт зэргийг нь нэн түрүүнд хардаг болж. Продюссер гэх хүмүүс уран бүтээлчдээс ч илүү чухал болсон байна. Энэ бол сүйрэл. Гэхдээ энэ үзэгдэл цаг зуурынх байж хүмүүс жинхэнэ амьд хоолойг, жинхэнэ уран бүтээлчийг эрэхийлэх үе удахгүй ирээсэй гэж хүлээдэг”. 
            Одоогоос арван жилийн өмнө Daisy Madness” хамтлагт дуулахаар анх шалгуулсан гэдэг. Тэд түүнийг дуугаа бэлдээд, маргааш ирж уулзаарай гээд явуулж. Гэтэл... “Миний хувьд том боломж, том хариуцлага байсан. Замаараа хөгжмийн дэлгүүр орж их гоё хар гитар худалдаж аваад, гэртээ очоод л дуугаа бэлдэж эхэлсэн. Интернэтээс өөрт таалагдсан хэдэн дууныхаа нот, үгийг нь олж аваад л өөрийгөө бэлэн болтол бүтэн нэг жил хагас бэлтгэл хийсэн. Тэгээд нэг өдөр за боллоо гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, “Madness”-ийнхэн дээр явж очив оо. Гэтэл тэд гайхаад, “Маргааш ирнэ гэсэн хүн жил хагасын дараа юу хийж яваа юм” гэлээ. Би ч үнэн учраа хэлтэл, тэр оройноо л “River Sounds”-ын тайзнаа хамт тоглохоор болсон. Анхны тайз... Ээ бурхан минь, юу болж эхлээд, яаж дууссаныг нь ч мэдээгүй. Цаг хугацааны эргүүлэгт орсон юм шиг. Нэг мэдэхэд л тайзны ард гараад уртаар амьсгаа аваад зогсож байсан. Гэхдээ хэдий сандарсан ч гэсэн өөрийгөө би муу дуулсан гэж бодоогүй. Яагаад ч юм сэтгэлд нэг л өег байсан” гэлээ. Дуучин хүн өөртөө, улмаар урлагт үнэнч үлдэнэ гэдэг энэ байх. Өөрийгөө бэлдэхийн тулд тэр бүтэн жил хагасыг зарцуулж, хожим “Madness”-тэй цөөнгүй жил хамтран дуулах тийз атгажээ, тэр. Одоо тэр шинэ цомгоо гаргахаар төлөвлөж байгаагаа хэлэв. Анхны цомгоос нь гурван жилийн дараа гарах энэ цомогтоо өөрийгөө шинээр нээж, хоолойн чадлаа сорих бодолтой байгаа аж. “Гурван жилийн дотор 10 гаруй цомог гаргачихсан уран бүтээлчид цаашаа явдаггүй. Тэд хоромхон зуур бүхнээ дэлгэчихсэн учраас хүмүүс тэднээс шинэ юм хүлээхээ больчихно. Улмаар гаж хувцаслалт, этгээд бүжгийн хөдөлгөөнөөр хүмүүсийн анхаарлыг татах гэж үзнэ. Хэсэг хугацаа өнгөрмөгц ахиад л хуучирна. Конец. Би тэдгээр уран бүтээлч шиг хямдхан байхыг хүсдэггүй. Би яг л байгалийн баялаг өөрт байгаа үнэт зүйлээ он удаан жил хадгалж, аажим аажмаар нээж яваа” хэмээн Daisy ярив.
            Дуулах үедээ нүдээ аниад тэр өөрийнхөө дотоод ертөнцөд “нисдэг” гэж надад хэлсэн. Тэнд нь мөрөөдөмтгий бяцхан охин амьдардаг бөгөөд хорвоо дэлхийн тухай гайхамшигт бүхнийг төсөөлөлд нь амилуулж, түүгээр хөглөгдсөн Daisy-гээс ер бишийн хүчирхэг хоолой эгшиглэнэ. “The Carpenters”-ийн “Close to you”, бас Daisy-гийн хамгийн хайртай уран бүтээлч болох Жони Митчелийн “Both Sides now”, бас “Дурлал юу хүснэ вэ”... Хамгийн сайхан баасан гариг хийгээд хар шилтэй Daisy-тэй зөвхөн энэ үдэш л өглөө битгий болоосой.  

<iframe width="420" height="315" src="http://www.youtube.com/embed/vPWQ0rKY5es" frameborder="0" allowfullscreen></iframe>

Nov 3, 2012

Ажил, амьдралын алтан зааг


Хэрэв та хоёр утастай байгаад, тэдгээр рүү нэгэн зэрэг ажил болон гэрээс тань залгавал алийг нь түрүүлж авах вэ. Энэхүү эгзэгтэй сонголтоос бүх зүйл эхэлж байна. Бидний олонх нь (бараг бүгд ч байж мэднэ) ажлыг нэгд, гэр бүлийг хоёрдугаарт тавих нь гарцаагүй. Өглөө ажлаасаа хоцрох эсвэл, гэртээ оройтож харих хоёрын алинд та илүү гэмшдэг вэ. Ахиад л ажлыг нэгд, гэр бүлээ хоёрдугаарт тавьчихав уу. Ичих хэрэггүй дээ, бид бүгдээрээ л ийм сонголт хийж байгаа хойно. Хэрэв ажлын үүдэнд байх хурууны хээ бүртгэгчийн товчлуур дээр өглөө тогтсон цагт дарахгүй л бол танд мөнгөн торгууль ногдуулж, удаа дараа ийм үйлдэл гаргавал байгууллагын хурлаар хэлэлцүүлэхдээ тулж ч мэднэ. Харин гэрт хэн ч таны цагийг минут, секундээр бүртгэхгүй. Сар чанх орой дээр хөөрсөн үед гэрийнхээ хаалгыг тогшвол эхнэр, эсвэл хүүхдүүд тань тунирхлын үг л шидэхээс биш мөнгөн торгууль ногдуулж хатуурхахгүй. Хэрэв аашлаад болохгүй бол “Би завгүй байсан” гэх гуравхан үгээр өөрийгөө зөвтгөж дөнгөнө. Тэд маань ч, бид ч ажил дандаа амин чухал байдагт дасчихаж дээ.
Нар мандахаас жаргах хүртэлх хорвоогийн хамгийн гэгээн агшнийг бид улигт ажил дээрээ өнгөрөөнө. Сүүдэр гэтэж, харанхуй бүрхэх үест л гэрийн зүг алхана. Өдөржин чилийтэл сууж ядарсан болохоор бид гэртээ ороод унтаж, амрахыг л чухалд тооцохоос биш гэрийнхэнтэй тухтай ярилцаж, хөгжилдөх зав гарахгүй (гаргахгүй). Ингэхэд энэ хэмнэлд та зочид буудлын үйлчлүүлэгч болсон мэт санагдаж байв уу. Гэртээ бол унтаж идэхээс гавихгүйгээр хоног төөрүүлсэн ч болно. Харин ажилдаа бол унтаж, идэхээ умартан зүтгэж мэднэ. Долоо хоногт таван өдөр ажиллаж, ердөө хоёр өдрийг гэр бүлдээ зарцуулж, бүтэн өдрийн талаас илүүг нь ажил дээрээ өнгөрөөж, үлдсэн хугацаанд нь унтах цаг өөртөө гаргана.  Ажил, гэр, ажил гэр... Аль нь чухам эрхэм юм бэ?
Техник технологи хэтэрхий хурдан хөгжиж буйн харгайгаар байгууллагын дарга нар ажилчдаа робот мэт үзэн шаардлага тависаар удлаа. Бүх зүйл цагтаа, бүх зүйл өөгүй тэгш байлгахыг шаардана. Буруу биш ч энэ зуур бидний амьдралын хамгийн эрхэм нандин байх учиртай гэр бүлийн харилцаанд сэв сууж эхэлснийг ямар ч сэтгэлзүйчийн нотолгоогүйгээр бид бэлхнээ мэдэх хойно.
 “Сургамжит өгүүллэг” номонд ийм нэг хэсэг бий. Хүү ааваасаа нэг цагт хэдэн төгрөг олдгийг нь асууж л дээ. Аав нь ажлаасаа дөнгөж орж ирсэн учраас залхсан, уцаарласан байртайгаар 20000 төгрөг гэчихээд л яваад өгч. Тэр хэсэг байзанснаа яагаад ийн асуусан болохыг нь мэдэхээр өрөөнд нь ортол хүү нь бутархай мөнгөнүүд хоёр гардан бариад “Аав аа, надад 20000 төгрөг байна. Би таны нэг цагийг худалдаж авч болох уу” гэж асуусан гэдэг.
Байгууллагууд өглөө хоцорсон ажилтнаа дунджаар 10000 орчим төгрөгөөр торгодог болсон гэнэ. Тэгвэл дээрх хэмжээний мөнгөөр бүтэн өдрийг гэрийнхэнтэйгээ өнгөрүүлэх эрх “худалдаж авах” зоригтон бидний дунд хэд байгаа бол oo?

Nov 1, 2012

Ж.Гэрэлийн далд амьдрал, ил мэдрэмж

  

Бодь хүний шинж чанараас гажуу нэгэн бидний дунд бишгүй л олон. Анх харахад, ярилцах төдийд л яавч манай гаригийнх байж таарамгүй, хачин зэлүүд үзэл бодлоороо илт ялгардаг тэдэнд харь газрын илбэ жатга үйлчлээд байна уу гэж санагдах үе ч байдаг. Жишээ нь, зураач Жиндийн Гэрэл. МУЭ-ийн харьяа уран бүтээлчдийн “Б” урланд түүнтэй анх уулзах үед (одоогоос яг жилийн өмнө) тэр өрөө нь хүчтэй соронзон долгионы үелзлийн төв цэг мэт, тэр өөрөө үзэхээс ихийг үзэж, туулаад энэ амьдрал өөрийнх нь хувьд ердөө л эл дол юмсын чуулган адил болохоор бийрийн хүчээр хүсэмжит орчноо зураглан, түүндээ аж төрдөг юм уу даа гэсэн бодол төрж байв.
Монголын уран зургийн ертөнцөд тэр харьцангуй бага судлагдсан атлаа бүтээлүүдийнх нь тухай яриа хилийн чанадад ч хөвөрч байдаг. Ж.Гэрэл 1998 онд Нидерландын Уран зургийн академийг төгссөн жилээ Амстердамд болсон олон улсын уран зургийн үзэсгэлэнд бүтээлүүдээрээ оролцож байж. Монгол зураачийн өнцөг, дээр нь өөрийнх нь шидийн санаа, идийн гүйцэтгэл нь тухайн үед шуугиан тарьж байсан гэдэг. Амстердамын Орчин үеийн урлагийн музейд ажиллаж байгаад 2002 онд эх орондоо ирээд “Найзууд” анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Харин үүнээс яг арван жилийн дараа “Далд амьдрал-2” нэртэй бие даасан үзэсгэлэнгийнх нь урилга надад ирлээ. “Цагаан Дариум” галерейд нээгдэх “Далд амьдрал-2” уран бүтээлийн үзэсгэлэнд хүрэлцэн ирж, миний ертөнцтэй танилцана уу. Хүндэтгэсэн Жиндийн Гэрэл” гэх даруухан үгсээр дэврүүн бүтээлүүдийнхээ “газрын зураг”-ийг халхалжээ. Бүтээлийн тоо, үзэсгэлэнгийн олонд хошуурдаггүй, ухамсарт бүхий л амьдралаа уран зурагт зориулж яваа түүний дөнгөж гурав дахь бие даасан үзэсгэлэн нь энэ. Тэгэхээр урилга гардсан бүх л хүн гойд өвөрмөц ертөнцөд хүрэх тийз авлаа гэж бодож байгаа болов уу. Учир нь тэр бол Ж.Гэрэл.
Нью-Йоркт төвтэй “The Brooklyn rail” урлаг шүүмжлэгчдийн сэтгүүлийн 2009 оны дугаарт урлаг шүүмжлэгч Эллен Пөрлмений бичсэн “Улаанбаатараас ирсэн захидал” (Letter from Ulaanbaatar) өгүүлэлд “Тэр бол Монголын өнөө цагийн уран зургийн ертөнцийн ГЭРЭЛ” хэмээн Ж.Гэрэлийг тодотгожээ. Мөн эл өгүүлэлд “Ж.Гэрэл урлагийг нэгдүгээрт тавьж, хувийн амьдралаа хойш тавьсан нэгэн. Тэр хоёр жилийн өмнө (2007 он) 32 кг жинтэй, ходоодны хорт хавдартай болсон, нэг их удахгүй дээ гэсэн оноштойгоор эх орондоо ирээд “Газар дэрлэж бөх унтаад тэнгэрт очиж сэрнэ” нэртэй инстолляц хийжээ. Газарт өөрийн биеийн хэмжээтэй хоёр булшний нүх ухаад, нэгийг нь чулуугаар дүүргэж, нөгөөд нь нүцгэнээрээ хэвтэв. Хоёр ертөнцийн зааг дахь өвөрмөц эл дүрслэл хэн хүний санаанд багтамгүй, гэхдээ үнэхээр өвөрмөц шийдэл юм. Удалгүй тэрбээр эцсийн найдлага өвөртлөн хагалгаанд орсон бөгөөд ингэхдээ эмчээс хагалгааны туршид бүхий л процессийг камераар дүрсжүүлэхийг хүсчээ. Үүнийг нь Боб Фланаган гэгч эр баримтат кино болгох санал тавьж байсан удаатай. Хагалгаа амжилттай болж, удалгүй тэр аав болсон” гэх түүхийг дурджээ. Түүний уран бүтээлчийн замнал нь ч, уран бүтээл нь ч хүчирхэг бөгөөд өөр билээ.
2011 оны эхээр гарсан найруулагч Б.Чингүүний “Гэрэл” богино хэмжээний кинонд хэтэрхий үнэмшилтэй тоглосноос нь үүдэж, зураач Ж.Гэрэлийг тэр бүтээлд гардаг шиг, зургуудыг нь дандаа л хар, цагаан байдаг мэтээр өнөө хэр төсөөлж буй хүн олон. Гэтэл түүний зургуудад харин ч галзуу бухыг хилэнд хөтлөх гал улаан өнгө голлодог бөгөөд энэ нь түүнийг бийр барьсан матадор гэж нэрлэхэд хүргэсэн байж ч магадгүй. Жилийн өмнө уулзахдаа энэ тухайд асуухад Тэр кинонд би тоглоогүй, дүр ч бүтээгээгүй шүү дээ. “Гэрэл” кино миний амьдралын нэг сонирхолтой хуудас байсан. Найруулагч надаас жүжиглэлт шаардаагүй, та зохиолтой танилцаад зөвхөн өөрийнхөөрөө л байгаарай гэсэн. Учир нь түүнээс зураачийн амьдрал, араншин, сэтгэл хөдлөл харагдах ёстой. Харин “амьдралд хоёрхон өнгө бий. Хар, цагаан” гэж хэлсэн хэсэг бол зохиол дахь гол зангилаа болсон хэсэг. Гэхдээ энэ үнэн, бас нөгөө талаар худал. Би хувьдаа цээнийн ягаан өнгөнд дуртайгэж хариулж байсан.  
“Тэр бол өвөрмөц, тэс өөр ертөнц. Эрэгтэй зураач хэрнээ их зөөлөн өнгөтэй” хэмээн түүний дотны найз, “Цэрэн Турс” компанийн захирал Э.Цэрэн надад ярьсан. “Цэрэн Турс” компани түүний эл үзэсгэлэн ивээн тэтгэж байгаа юм. “Далд амьдрал-2” үзэсгэлэнд Ж.Гэрэлийн 22 уран зураг, инстолляц, баримал дэлгэгдэнэ. Бас түүний тухай гурван минутын дүрс бичлэг үзүүлэхээр бэлтгэсэн байгаа. Эл үзэсгэлэн Монголд урьд гарч байгаагүй шинэлэг зүйлүүдтэйг нь нууц болгон үлдээе” хэмээн Э.Цэрэн хорхой хөдөлгөв. “Ж.Гэрэл сэдэвт баригддаггүй. Хязгааргүй цэлгэр ертөнц учраас тэр ямар ч гэнэтийн бэлэг бидэнд барьж мэднэ” гэж түүнийг сайн мэдэх цөөнгүй хүний амнаас сонсож байлаа. Харин тэр өөрийгөө Би омголон, эрх чөлөөтэй, бас зөрүүд хүн. Эрх чөлөөгүй нөхцөлд урлаг, уран бүтээл төрөх хэцүү гэж хэлсэн юм.
 Жилийн өмнө тэрбээр “2041 он” нэртэй өөрийн болон охиныхоо хөрөг зургийг зурсан бөгөөд энэ бүтээл төрөх агшиныг магадгүй та манай сониноор дамжуулан үзсэн нь лав. 30 жилийн дараах өөрийгөө болон охиноо төсөөлөн зурах, “Гэрэлт зул” төсөл хэрэгжүүлэн, модны хулгайчдын сэглэж орхисон хожуулыг бүжин болгон сийлж, Дауны синдромтой хүмүүсийг далд ертөнц рүү өнгийж, газартай гүн бат холбогдож, үхлийн өөдөөс аймшиггүйгээр тэрсэлсэн “Газар дэрлэн бөх унтаад, тэнгэрт очиж сэрнэ” инстолляц туурвисан түүний “Далд ертөнц”-д чухам юу байгааг мэдэхийг хүснэ. Иймийн тулд арваннэгдүгээр сарын 2-ны 17.00 цагаас би “Цагаан Дариум” арт галерейг зорино. Харин та нэгдэх үү?