Feb 7, 2013

Стивен Хокинг


Онолын физикийн салбарын өнөө цагийн хамгийн чухаг эрдэмтэн Стивен Хокинг тэргэнцэрт сууж, дундаж өндөртэй хүний бүсэлхийн дайтай зайнаас одон орныг судалж, хар нүхний тухай, их тэсрэлтийн нууцыг эрэлхийлж яваа. “Цаг хугацааны товч түүх” (Brief History of time) номоороо шуугиан тарьсан тэрбээр Альберт Эйнштейний нэрэмжит шагнал, Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон гардсан юм. Тэрбээр амьдралдаа цөөн хэдхэн удаа ярилцлага өгч байсан бөгөөд 1992 онд ВВС радиогийн “Desert island disc нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.  
-Энгийн физикчийн амьдралаа золиосолж, олны хэмнэлээс ангижраад, ганцаардал дунд та цөөнгүй жилийг өнгөрүүлжээ. Ганцаардал гэгч таныхаар юу вэ?

-Би өөрийгөө нийгмээс тусгаарлагдаж, ганцаардал дундаа өтөлж яваа хүн гэж хэлэхгүй. Бас эрэмдэг амьтан ч биш. Зарим хүн өнгө ялгаж чаддаггүйтэй адил зарим нэг мэдрэлийн эс нь ажиллахаа больсон л хүн, би.
Түүний гаргасан
алдартай номуудаас 
-Тийм байтал та элдэв томъёо, шинжлэх ухааны нээлт хийхэд ухамсарт бүхий л амьдралаа зориулсан байна шүү дээ. Энэ нь шинжлэх ухаанд тоймтой их нөлөө үзүүлж байгаа боловч хувь хүний амьдралыг тань үрэн таран болгож байгаа биш үү.
-Ер нь би төрөлхийн дотогшоо хүн. Бусадтай харилцах нь миний хувьд хэзээд ч түвэгтэй байдаг. Азаар би хар багын сайн ярьж, бусдыг итгүүлэхдээ гаргуун. Ямар нэг сэдвээр маргаан, мэтгэлцээн хийж байвал би бүгдийг, бүр эсрэг талаа ч итгэтэл сэнхрүүлэх чадвартай. Үүнийгээ би их үнэлдэг юм. Миний нээлт, санаанууд үнэхээр гойд байлаа ч бусдад хүргэж, илэрхийлж чадахгүй бол юу ч биш болоод л дуусна.
-Физикч хүний мэргэжлээсээ авах таашаал сайхан л байх. Гэхдээ энэ нь энгийн амьдралын өдөр тутмын процессоос авах мэдрэмжийг гүйцэхгүй байх даа гэж би боддог юм. Та санал нийлэх үү?
-Физикийн шинжлэх ухааны гүн рүү орох сайхан, гэвч хүйтэн. Хүйтэн гэдэг нь ямар ч сэтгэл хөдлөлгүй бодис, материудтай харилцдагийг нь хэлж байна. Хэрэв би физикт улайрвал хувийн амьдралыг мартах хэрэгтэй. Хэрэв хувийн амьдралын элдэв асуудалд сатаарвал хэзээ ч гайхалтай нээлт хийж чадахгүй. Эгзэгтэй сонголт байгаа биз. Гэхдээ би эхнийхийг нь сонгосон. Харин азаар.., энэ үгийг би хоёр дахь удаагаа хэрэглэж байна шүү. Азаар бие эрхтний гажигийг минь үл хэрэгсэж, намайг үнэнчээр хайрлаж, халуун дулаан энерги өгдөг хүмүүс эргэн тойронд маань бишгүй. Харин физикээс өөр гэвэл би хөгжим сонсох дуртай.
- Хөгжим, физик хоёрын аль нь танд илүү сэтгэл ханамж өгдөг вэ?
-Салгаж, дэнслэхэд хэцүү л дээ. Судалгаагаа түр хойшлуулж, амсхийх үедээ би хөгжим сонсдог. Харин тоогүй нь амсхийх зав надад тун бага гардаг юм.
-Цуутай физикчийн дуртай хөгжмийг мэдмээр байх чинь?
-Пуленкийн “Gloria”. Тэр жил Колорадогийн Аспенд болсон физикчдийн уулзалтын үеэр анх сонссон. Тэгэхэд хурал болсон газраас холгүйхэн бэсрэг хөгжмийн наадам болж байв аа. Хэрэв хар нүх алга болбол яах вэ гэх чухал сэдвийг бид авч хэлэлцэх ёстой байдаг, өнөөх сайхан дууг сонсмоор байдаг. Би хурал руугаа орсон л доо. Гэхдээ би туслахаараа тэр дууны нэрийг бичүүлж авсан.
-Одоогоос долоон жилийн та ярьж чадахаа больсон. Тэгэхэд чухам юу болсон юм бэ?
-Женевт Европын цөмийн шинжилгээний төв (CERN)-д эгэл бөөмийн хурдасгуурт судалгаа хийж байгаад хэсэг амсхийж, Германы Байрот руу явж, Вагнерийн “Бөгж” дуурийг үзэх санаатай байсан. Гэтэл гэнэт уушигний үрэвсэл маань сэдэрч, Женевийн эмнэлэгт хүргэгдэж, улмаар Камбрижийн эмнэлэг рүү очиж хагалгаа хийлгэхээр болсон. Рожер Грей эмч миний амийг аварсан ч, би ярьж чадахгүй болсон байсан. Судалгаа хийхэд угаас ярих шаардлагагүй. Харин хуралд оролцох, илтгэл тавих зэрэгт л тун хэцүү. Хүмүүс аманд маань чихээ нааж байж л миний яриаг бүдэг бадаг ойлгохоор тийм дордсон. Энэ үед би ярих зүйлээ цааснаа хэвлэж тараагаад, бас хэлмэрч ашигладаг байсан.
-Дараа нь нэгэн компьютерийн инженер тань руу тусгай яригч аппарат илгээсэн гэдэг. Тэр нь яаж ажилладаг юм бэ?
-Уолт Волтос. Хадам ээж нь миний нэгэн адил ярьж чадахаа байгаад, тэр түүнд зоиулж шинэ программ зохиосон юм билээ. Ярих үгээ текст болгон бичээд программд оруулмагц тэдгээрийг нь дуу цацруулагч руу дамжуулж, автомат машин яриа болгон хөрвүүлнэ гэсэн үг.
-Аав, ээж тань хоёл биологич байсан. Харин ааваас чинь илүү ээж чинь таныг физикч болоход их нөлөөлсөн гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-Үгүй байх аа, харин ч аав маань надад илүү их нөлөөлсөн. Тэр илүү шинжлэх ухаанч суурьтай. Багадаа аавыг дагаж Африкийн ширэнгэн ой руу ч юм уу, цөөнгүй газраар явж байгалийн судалгаа хийсэн. Ургамлыг эмчилгээнд хэрэглэх тухайд ч багаасаа оролцсон. Гэхдээ эмчилгээ болон биологийн салбар хоёул цалгар, нэг тийм ерөнхий шинжтэй мэт санагддаг юм. Харин би аливаад илүү ул суурьтай хандахыг илүүд үздэг. Магадгүй энэ шалтгаанаар би физик сонирхож эхэлсэн байх.
-Ээж тань таныг багын л сониуч, ялихгүй зүйлд ч сэтгэл нь хөдөлдөг хүүхэд байсан гэсэн. Тэр бүр таныг анх оддыг хараад уулга алдсныг тань ч ярьж байсан шүү.
-Багадаа, Лондон дахь гэр рүүгээ оройтосхийгээд харьж явтал гэнэт гудамжны гэрлүүд унтарчихсан. Хотын удирдлага эдийн засгийн хэмнэлт гаргаж, оройн цагаар гудамжны гэрлүүдийг унтраах шийдвэр гаргаад байсан үе. Тэгээд л дээшээ шөнийн тэнгэрийг хартал, ээ бурхан минь. Одод гялбалзаад л, сүүн зам зурайгаад л. Ер нь энэ хотод гудамжны гэрэлтүүлгийн хэрэг байгаа ч юм уу гэж бодож байснаа санаж байна. Тэгж л од руу, огторгуй руу тэмүүлэх хүсэл маань өдөөгдсөн байх.
-Оксфордод оюутан байх хугацаанд та одоогийнхтой харьцуулбал илүү танхай байсан юм билээ. Ядаж л шар айраг ууж, үеийн залуустай янз бүрийн тоглоом тоглохоос буцдаггүй байсан тухай уншсан. Бүр өдөрт нэг цагийг л хичээл хийхэд зарцуулдаг байсан гэсэн байх аа.
 -Зөвхөн би гэлтгүй дээ. 1960-аад оны сүүлээр залуус бүгд л амьдралаас уйдсан, залхсан маягтай байсан. Байгаа орчин нь уйтай, гэтэл үүнээс дээрдэх гэрэл гэгээ хонгилийн үзүүрт харагдахгүй шинжтэй. Консервативчууд сонгуульд гурав дахиа ялалт байгуулахдаа “Амьдрал хэзээ ч ийм сайхан байсангүй” гэх маягийн уриа дэвшүүлсэн нь бидний итгэлийг бүр ч унтраасан хэрэг. Дээр нь Оксфордод заадаг хичээлүүдэд хэтэрхий амархан зүйлийг дэндүү олон цаг тайлбарлаж ярьсаар биднийг залхаана. Би жишээ нь, лекценд ер суудаггүй, хааяа нэг давтлагад очвол очно. Чи бүх тооны хариуг гаргаж цаг алдах хэрэггүй, ердөө гол томъёог нь л цээжилчих гэсэн афоризм өөртөө дэвшүүлээд, түүндээ итгэж явлаа.
-Дараа нь та судалгааны ажилд идэвхтэй орсон. Гэхдээ харамсалтай нь та мэдрэл, булчингийн дистрофи өвчтэй болохоо мэдсэн гэдэг. Өнөөг хүртэл та физикийн салбарт ажиллаж, бүх зүйлийг ялж гарчээ. Харин тухайн үед, өвчний тухай анх мэдэхэд танд юу бодогдож байсан бэ?
-Оксфордод байхдаа би шатнаас нэлээд хүчтэй уначихсан юм. Тархи маань гэмтсэн байх вий гэж санаа зовоод сургуулийнхаа эмчид үзүүлтэл тэр бүх зүйл зүгээр, харин шар айраг бага уугаарай л гэж зөвлөсөн. Гэтэл сургууль төгсөх үед миний биеийн байдал эрс муудсан. Залуу байсан болоод ч тэр үү, тухайн үед нэг их тоогоогүй юм аа. Кэмбрижийн их сургуульд ороод удаагүй байхдаа 1962 билүү 1963 оны нэг их хүйтэн өвөл Зул сарын баяраар мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр гулгаж байгаад дахин хүчтэй унасан. Бие маань хөдөлж болохгүй байснаас ээж маань ямар нэг зүйл буруу болсныг гадарлаад гэр бүлийн эмчийг дуудлаа. Удалгүй, Бартсын эмнэлэгт хэвтэхээр болов. Миний бие үнэхээр муу байтал эмч нар надад тодорхой юу ч хэлээгүй. Гэхдээ надад яагаад ч юм муу совин татаж байсан учраас тэднээс юу ч тодруулж асуугаагүй. Насгүй болж дээ гэж бодож байсан ч, би нэг их харамсаагүй. Харин үлдсэн амьдрал маань докторын ажлаа дуусгахад хүрэлцэх болов уу гэдэгт л эргэлзэж байлаа. Эмчилгээ хийсний дүнд амь насаар холуур өнгөрсөн ч суумгай, гажиг нэгэн болно гэдгээ бол мэдсэн. Тэгмэгц шаналж хэвтэхийн оронд миний цаг хугацаа зогстол судалгаагаа хийе гэж шийдсэн. Учир нь, хар нүх цацраг ялгаруулдаг эсэх, цаг хугацаагаар аялах боломж бий юү гэх асуултын хариуг мэдэх нь надад бүхнээс илүү санагдаж байсан л даа.
Бас намайг түлхсэн нэг хүчин зүйл нь үхэлтэй ойрхон тулсан үеийн мэдрэмж. Амьдралыг маань илүү үнэ цэнэтэй гэдгийг ойлгуулсан гэвэл онох байх.
-Хэрэв та энэ бүхэнтэй нүүр тулаагүй бол одоогийнхоос илүү амжилтад хүрэх байсан гэж бодож байв уу?
-Үгүй, харин ч намайг түлхсэн. Нөхцөл байдал хумигдах тусам хүн илүү ихийг өөрөөсөө шаардаж, үхэл ойртох бүрийд хүсэл, мөрөөдлөө биелүүлэхэд яардаг байх.
-Таны мөрөөдөл өдгөө биелсэн байх шүү. Кэмбрижийн их сургуулийн профессор болж Исаак Ньютонтой мөр зэргэцсэн. “Цаг хугацааны товч түүх” ном тань бестселлер болсон гээд л...
-“Цаг хугацааны товч түүх”-ийг хэвлүүлэхдээ бестселлер болж, маш их мөнгө над руу цутгах тухай бодоогүй. Хүмүүс шинжлэх ухааны номыг ингэтэл сонирхоно гэж ч төсөөлөөгүй. Нэгд энэ номыг бичих нь миний зорилго, хоёрт, надад зугаатай санагдсан. 25 жил судалж, учрыг нь арайхийн ойлгосон зүйлээ бусадтай хуваалцахыг хүссэндээ л энэ номыг хэвлүүлсэн юм аа.
-“Цаг хугацааны товч түүх” ном “New York times”-ийн бестселлийн жагсаалтад 237 долоо хоног багтаж, “Гиннесийн дээд амжилт”-ын номд бичигдсэн. Надад нэг асуулт байна. Хүмүүс энэ номыг уншаад ойлгох уу?
-Хэрэв тэд залхууралгүйгээр 29 дэх хуудас хүртэл уншвал цааш заавал уншиж дуусгах байх. 29 дэх хуудасыг давж, номыг маань дуустал уншсан хүмүүс надтай уулзаж, баяр хүргэсээр л байгаа. Заавал тэд энэ номыг дуустал уншиж, бүгдийг үг бүрчлэн ойлгох хэрэггүй. Харин орчлон өөрөө бүрэлдэн бий болсон, тийм болохоор хүсвэл чи өөрөө дэлхийг өөрчилж чадна гэдгийг ухаарах нь чухал. Гал асаахад, алхахад, инээхэд ямар ч бурхан биш чи өөрөө л өөртөө тусладаг гэдгийг л ойлгочих.
-Та одон орон судалж, хар нүхний нууцын хойноос хөөгчийн хувьд “Оддын дайн” киноны ямар нэг ангийг үзсэн үү. “Хар нүх рүү унасан юу ч  буцаж гарч ирэхгүй...” гээд л.
-Физик, одон орон гэх үгс хүмүүсийн сонирхлыг татдаг ч, хэтэрхий хүнд санагдаад цааргалдаг байх. Тиймээс би өөрийн номыг хөнгөн, хүмүүс ойлгоход хялбар байхын дээр тэдний сонирхлыг татах байдлаар бичих гэж хичээсэн. Гэхдээ хөнгөн гээд “Оддын дайн” шиг зохиомол байж болохгүй. Учир нь миний ном шинжлэх ухааны, үнэн бодит судалгаа болохоос биш ашгийн хойноос хөөсөн энгийн нэг утгагүйдэл биш шүү дээ.
-Хар нүх цацраг ялгаруулдаг гэх онолыг та гаргаж тавьсан. Энэ нь нэг хэрэг. Гэхдээ хэрэв бид хар нүх руу уналаа гэж төсөөлбөл бидэнд чухам юу тохиолдох вэ?
-Асар их татах хүч бүхий эл урхинд гэрэл хүртэл баригдаж, орон зай мурийж, цаг хугацаа гажууддаг. Бид хар нүхний гадна оршиж байгаа ч огторгуйн бол дотор нь байна. Тэгэхээр хэзээ нэгэн цагт хар нүхтэй дайралдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Таны асуултын хувьд хэрэв хар нүх рүү унавал та үүрд алга болох уу, эсвэл тэс өөр ертөнцөд очих уу. Энэ асуултын хариу л миний сонирхлыг татаад байгаа юм. Гэхдээ яаж сонирхсон байлаа, хэрэв би сансар огторгуйд аялж, хар нүхтэй дайралдлаа гэхэд тийш үсэрч орох тэнэг зориг лав надад байхгүй.
-Бас нэг маргаантай сэдэв. Та их тэсрэлтийн онолыг судалсан хүн. Их тэсрэлтээс үүдэж огторгуй аяндаа өөрөө өөрийгөө бүтээсэн, огторгуй цаг тоололд эхлэл ч, төгсгөл ч гэж байхгүй гэдэгт та итгэдэг. Хэрэв таны онол гарцаагүй үнэн бол бурхан гэж байхгүй бол таарах нь ээ?
-Тийм ээ, энгийнээр бол тийм. Би огторгуй их тэсрэлтийн улмаас үүсэж бий болсон гэдэгт итгэдэг. Өөрийн судалгаагаар ч үүнийг батлахыг хичээж буй. Ямартай ч огторгуй физикийн хуулиар бий болсон бөгөөд үүнд эхлэл, бас төгсгөл гэж байхгүй. Хэн нэг бурхан дураараа бүхнийг бүтээгээд, хоосон дунд гариг, эрхсийг шидээд, тогтоочихоогүй гэсэн үг. Гэхдээ энэ нь бурхан байдаг, эсвэл үгүй гэдэгтэй огт хамаагүй. Тэр байдаг ч байж болно, гол нь огторгуй лав түүний оролцоогүйгээр өөрөө өөрийгөө бүтээсэн гэдэг нь л чухал.
-Тэгвэл физикийн хуулиас гадуур зүйлс хаанаас бий болсон байх вэ. Жишээ нь хайр, итгэл, хүний сэтгэл хөдлөлийн үүслийг бас л физикийн хуулийн дагуу тайлбарлах уу?
-Хайр, итгэл, ёс суртахуун гэдэг нь физикийн өөр салбарт хамаарах зүйл. Физикийн хуулиар хүнд хайр, итгэл, ёс суртахуун гэгч нь бий болсон гэх дүгнэлт гаргаж болохгүй. Гэхдээ хэн нэгний зан араншан бүрэлдэн бий болж, тогтоход физикийн хууль нөлөөлсөн, хөтөлсөн гэвэл зохино.
-Гэхдээ л энэ бүхнийг бурхан л бидэнд өгсөн гэж итгэдэг хүмүүс маш олон шүү дээ. Та үүнийг няцааах гэж үү?
-Миний бүх судалгааны ажлын эцсийн зорилго бол огторгуй бурхан гэж өөрийгөө нэрлэсэн дураараа авирлагчийн хүсэл сонирхлоор бүтсэн гэдэгт битгий итгээсэй гэдэгт л чиглэж байгаа. Гэсэн ч та надад эргэлзсээр, нэг асуултаа л дахин дахин асуугаад байх юм. Тэгвэл хэрэв бурхан гэж байдаг юм бол, байдагт нь та итгэдэг бол яагаад энэ асуултаа надаас биш түүнээс асууж болохгүй гэж?
-Зул сарын баярыг та юу гэж хүлээж авдаг вэ?
-Малын саравчинд мэндэлсэн хэн нэг хүүхдийн төрсөн өдөр гэхээсээ илүү өнгөрсөн оны алдаа дутагдлаа эргэцүүлж, угтан ирэх шинэ онд юу хийж, бүтээх тухайгаа эргүүцэл өдөр. Бас гэр бүлээрээ хамт байж, талархсан сэтгэлээ илэрхийлэх гэдэг утгаар л хүлээж авдаг.

Feb 5, 2013

Тарбозавр батаарын БААТАР болсон түүх

             “New Yorker” сэтгүүлийн 2013 оны нэгдүгээр сарын дугаарт тоймч Пэйж Уильямс “Хэрүүлийн алим” (‘Bones of contention’) нэртэй нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.

АНУ-ын иргэн, 37 настай
Эрик Прокопи
Америкт түүх дурсгалын гайхалтай чухал олдворуудын дуудлага худалдаа жилд тав зургаан удаа л болдгийн нэг нь өнгөрсөн тавдугаар сард Челсигийн (Нью-Йорк)Dia Center for the Arts”-т тохиов. Чулуужсан мод, зааны хос соёо болон жаран хөлт, аалз, хилэнц хорхойн хатаамал, бас үлэг гүрвэлийн ясыг дээрх дуудлага худалдааны үеэр арилжсан юм. Миний санаж буйгаар бол энэ өдөр Мароккогоос олдсон үлэг гүрвэлийн хөл, болон сарвуу ердөө 630 ам.долларын үнэ хүрсэн. Харин Тиранозаврын 26.2 см-ийн урттай том шүд 40 мянга орчим ам.доллараар зарагдав.
      “Dia Center for the Arts” төвийн дуудлага худалдаанд зориулсан талбайн голд томоо хаалтын цаана Тарбозавр батаарын сүрлэг том араг ясыг залсан нь тэнд ирсэн хүн бүрийн сонирхлыг соронзон адил татаж байлаа. 70 сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан 2.4 метр өндөр, 7.2 метр урт энэхүү үлэг гүрвэлийн ясыг Монголын говиос олсон гэнэ.
Германаас олдсон далайн сараана (маш ховор)-ын ясыг 40 мянган ам.доллараар худалдсаны дараа “Heritage auction (уг дуудлага худалдааг зохион байгуулагч)-ы ерөнхийлөгч Грег Рохан нэгэн чухал олдворыг хүмүүст танилцуулахаар сэтгэл нь ихэд хөдөлсөн нь илт. Тэр үүнийг “түлхүүр олдвор” гэдгийг онцлоод 75 хувь нь бүрэн олдсон маш ховор, үнэ цэнэтэй үлэг гүрвэлийн ясыг олонд танилцуулав. Тарбозавр батаарыг 875 мянган ам.доллараас эхлэн дуудах гэнэ. Энэ үед гартаа “BlackBerry” утас барьсан Хьюстоны өмгөөлөгч Роберт Пэйнтер хэдийнэ ирчихсэн байсан бөгөөд дуудлага худалдааг хууль бус гэдгийг гадарласан байжээ. Гэхдээ тэр энэ удаад арга хэмжээг тасалдуулахыг хүссэнгүй. Учир нь дуудлага худалдаа болохоос нэг хоногийн өмнө Техасын шүүгч Карлос Кортез “Heritage auction” компани руу дуудлага худалдааг хойшлуул гэсэн албан бичиг явуулсан бөгөөд дуудлага худалдааны гол олдвор болох Тарбозавр батаарыг Монголоос хууль бусаар хил давуулсан гэж сэрдэж буй тухай мэдэгдсэн байна. 
Нью-Йорк амьдардаг
Монголын палеонтологич М.Болорцэцэг
Дуудлага худалдаа болохоос өмнө Монголын Засгийн газар хууль бус наймааны талаар мэдээлэл авсан байсан нь Нью-Йоркд амьдардаг Монголын палеонтологич М.Болорцэцэгийн ач байв. Тэрбээр Монголын нутгаас хулгайлсан үлэг гүрвэлийн ясыг дуудлагаар худалдах гэж байгаа тухай мэдээ зурагтаар үзжээ. Дараа нь тэр “Heritage auction”-ы цахим хуудсаар ороход дуудлагаар худалдах эд өлгийн зүйлсийн жагсаалтад Тарбозавр батаарын араг яс буйг харсан байна. Уг цахим хуудаст үлэг гүрвэлийн ясыг Монголын говиос олсон гэж бичсэн байсан аж.
    М.Болорцэцэг дээрх мэдээллийг харсан даруйд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх Ц.Оюунгэрэл рүү и-мэйл бичжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуудлага худалдаа болохоос ердөө хоёр хоногийн өмнө өргөдөл гаргасан ч хожимдсон байлаа. Дуудлага худалдаа болдгоороо болохоор болов. Энэ зуур М.Болорцэцэг зүгээр суусангүй, Монголоос олддог үлэг гүрвэлийн яс судлалын талаар сайн мэдэх АНУ-ын Байгалийн түүхийн музейн палеонтологич Марк Норелл, Албамагийн их сургуулийн палеонтологич Пил Карри нартай яаралтай холбоо тогтоов. М.Норелл “Энэ олдвор бол монголчуудын өв хөрөнгө. Үлэг гүрвэлийн яс Монголын музейд л байх ёстой” гэж түүнд хэлсэн нь бага ч атугай урам зориг төрүүлэв. Түүний энэ санал цахим хуудсаар тарж палеонтологичид, геологичид, оюутнууд болон монголчуудын дэмжлэгийг авч, дуудлага худалдааг эсэргүүцэгчид “Үлэг гүрвэлийн яс Монголын музейд байршиж, хүмүүс эрт цагийн гайхамшигт олдворыг ойроос харах хэрэгтэй. Тэрнээс биш Уолл Стрийтийн том, тарган баячуудын хувийн өмч болох ёсгүй... Монголын үлэг гүрвэлийн яс бол түүхийн үнэт олдвор, яг л Мона Лиза шиг үнэ цэнэтэй эд” хэмээн эсэргүүцлийн комментууд тарааж эхлэв. Дараа нь, М.Болорцэцэг “Heritage Auction” компани руу захидал бичсэн бөгөөд үүнд, “...Тарбазавр Батаар яг хаанаас олдсон олдвор вэ, үүнийг та бүхэн хууль ёсны дагуу авчирсан уу” гэж асуусан байв. Удсан ч үгүй түүнд тус компаниас “...Таны санаа зовж байгааг бид сайн ойлгож байна. Гэхдээ бидний бичиг баримтад хууль ёсноос гадуурх нэг ч зүйл байхгүй. Тарбозавр батаар 70 сая жилийн өмнө амьдарч байсан. Харин Монгол Улс ердөө 1921 онд тусгаар тогтнолоо олсон шүү дээ” гэж илтэд сөргөсөн хариу илгээсэн байлаа.
     Монголын Засгийн газар дээрх хэрэг явдлаас үүдэж, Хьюстоны өмгөөлөгч Роберт  Пэйнтерийг өмгөөлөгчөөр хөлслөв. Яг дуудлага худалдаа болдог өдөр Р.Пэйнтер өөрийн “BlackBerry” гар утсандаа бүхий л яриаг хуулж амжжээ. Зохион байгуулагчид түүнийг анзаарсан боловч болиулж чадсангүй. “Heritage auction”-ын ерөнхийлөгч Рохан завсарлагааны үеэр танхимын үүдэнд Р.Пэйнтертэй мэндэлсэн бөгөөд, тэд гар гараасаа атгалцаад л өнгөрчээ. Удалгүй Пэйнтер нэрээ нууцалсан нэгэн этгээд үлэг гүрвэлийн ясыг нэг сая ам.доллараар худалдан авсан болохыг олж мэдэв.
        Tарбозавр батаарын ясыг 37 настай, Флоридад амьдардаг “ясны ангууч” Эрик Прокопи гэгч зарсан болох нь удалгүй ил болов. Флорида бол үлэг гүрвэлийн ясны ангуучдын “ариун газар” бөгөөд 50 сая жилийн өмнө энд олон төрлийн динозавр бэлчиж байсан юм. Э.Прокопи багаасаа л үүнд мэргэшжээ. Флоридагийн Тампа хэмээх жижиг тосгонд хөгжмийн багш эцэг, гэрийн үйлчлэгч эхийн гэр бүлд өссөн Э.Прокопи багадаа аварга загасны шүд цуглуулж, худалддаг байсан аж. Тухайн үед аварга загасны шүд мянга орчим ам.долларын үнэ хүрдэг байж. Тэр анхныхаа аварга загасны шүдийг долоон настайдаа олж, арван настайдаа усанд шумбагчийн үнэмлэхтэй болсон байна. Хүүхэд насны адал явдлууд нь түүнийг палеонтологийн номонд дурлахад хөтөлж, улмаар тэр өөрийн эрэл хайгуулаа өөр чигт чиглүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгов. Эртний амьтдын чулуужсан яс!!!
        1990-ээд оноос эхлэн тэр чулуужсан ясны наймаанд эргэлт буцалтгүй орж, анхны дуудлага худалдаагаар 800 орчим ам.доллар олж ихэд урамшжээ. Туршлагатай “анчид”-тай ч холбоо тогтоов. Эртний амьтдын ясыг хаанаас олох, түүнийгээ хэрхэн тээвэрлэж авчрах, дуудлагаар яаж худалдах вэ зэрэг бүхий л асуултын хариуг тэднээс суралцсан аж. Зарим оронд эртний амьтдын арга ясны худалдааны тухай ямар ч ойлголт байдаггүй нь ясны анчдад том өгөөш болдог. Өсвөр насны хөвгүүн Э.Прокопи үүнийг ой ухаандаа гүн бат суулгаж авчээ. Түүний 16 насны төрсөн өдрийн өмнөхөн АНУ-д үлэг гүрвэлийн ястай холбоотой томоохон дуулиан дэгдсэн нь Өмнөд Дакотагийн Файт хэмээх газраас олсон Тарбозавр Рексийн гайхалтай олдвортой холбоотой байв. “Black Hills” геологийн судалгааны нийгэмлэгийн судлаач, хувны ангууч Сью Хэндриксоноор удирдуулсан баг мөнөөх үлэг гүрвэлийн ясыг олж, “Тарбозавр Рекс Сью” хэмээн нэрийджээ. Гэвч удсан ч үгүй тэрбээр шүүхийн хаалга татсан юм. Учир тэр энэхүү олдворыг Сиугийн фермерийн эзний мэдлийн талбайгаас олсон учраас үлэг гүрвэлийн яс фермийн эзний мэдлийнх болох ёстой гэж заргалджээ. Энэ үед “Юрий Галавын цэцэрлэг” кино ч дэлгэцнээ гарч, хүмүүс үлэг гүрвэлийн тухай ид сонирхож байсан болохоор ч тэр үү, Тарбозавр Рекстэй холбоотой хэрэг АНУ даяар шуугиан тарьсан сэдэв боллоо.Улмаар фермийн эзэн шүүхэд ялж, Тарбозавр Рексийг өөрийн мэдлийн болгомогц, 1997 оны аравдугаар сарын 4-нд “Sotheby”-гийн дуудлага худалдаагаар худалдаж, үүнийг нь Чикагогийн Байгалийн түүхийн музей 8.4 сая ам.доллараар (Walt Disney”болон “McDonald’s”-ийн хандиваархудалдан авчээ. Энэ хэрэг ясны ангуучдад томоохон сургамж болоод дуусав. Өсвөрийн “ангууч” Э.Прокопи ч мөн ялгаагүй энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг эхнээс нь эцэс хүртэл нь ажиглажээ.
Америкт бол үлэг гүрвэлийн яс Баруун хэсгээс, мөн Канад, Шинэ Зеландтай хиллэх цэг орчмоос ихэвчлэн олддог байна. Тус улсад өдгөө мөрдөгдөж буй хуулиар бол судлаач, хайгуулчид зөвхөн өөрийн эзэмшлийн газраас олдсон үлэг гүрвэлийг ясыг л худалдаж болно. Хэрэв өөрийнх нь эзэмшил газраас олдсон л бол эзэмшигч нь худалдах, экспортлох бүх эрх нь хуулийн дагуу. Харин өөр хүний эзэмшлийн талбайгаас олсон бол тэр нь тухайн эзнийх болох учиртай. Чухам энэ үндэслэлээр Тарбозавр Рекс фермийн эзнийх болж хувирсан юм л даа. Энэ хуулиас үүдэж Америкийн палеонтологичид маш их мөнгө зарсан томоохон олдворуудаа алдаж байсан бараан түүх бишгүй.
            Э.Прокопи араг ясны бизнесээ дунд сургуульдаа ч, коллежид байхдаа ч үргэлжлүүлсээр байв. Тэр Гейнсвилл дахь Флоридагийн их сургуульд суралцах тэтгэлэгт шалгарч, их сургуулийнхаа усанд сэлэлтийн багт элсэж, инженерийн мэргэжил эзэмшив. Сургуулиа төгсөөд Э.Прокопи Гейнсвиллд үлдэж, ясны ангуучдын талаар судлахад өдрийн ихэнх цагийг зарцуулж байв. Тэр өөрийгөө “арилжааны палентологич” гэж тодорхойлоод зогсохгүй энэ төрлийн бизнес эрхлэх компани байгуулж, түүнийгээ “Florida Fossils” гэж нэрлэв. Залуухан арилжааны палентологич Э.Прокопи 28 насандаа усан гахай сургагч Аманда Грахамтай гэрлэв. Удалгүй Аманда нөхрийнхөө бизнест хүчин зүтгэж, Тусон болон Денверийн шоунд оролцоход нь бүх талаар туслах болжээ.
Хоёрдугаар хэсэг
      Хэрэв та Э.Прокопийн хэрэн хэсүүчилсэн газрын зургийг харвал Флоридагаас эхэлж, Алабама, Техас, БНХАУ, Япон, Перу, Морокко, Аргентин, Казахстанаар дайрсан урт аяныг харах болно. Энэ зуур тэр юу эсийг худалдаж явав. Залхуут баавгайн савар, заан болон чонын соёо, үлэг гүрвэлийн хавирга... Эднийг тэр сайндаа л 10-50 ам.доллараар  худалдан авч, цааш өндөр үнээр борлуулдаг. Харин Э.Прокопи үлэг гүрвэлийн ясны бизнест эргэлт буцалтгүй хөлт тавьснаар түүний байгуулсан “Florida Fossil” компани гурван оронтой тоонд эргэлдэх бизнест шилжлээ. 2011 оны намар Монголоос олсон Овирапторын хоёр зулзганы ясыг тус бүрд нь 350 ам.доллар, Тиранозаврын шүдийг 350 ам.доллар, тринавзрын сүүлний нугалмайг 410 ам.доллараар зарав. Энэ бол муугүй эхлэл байлаа. “Florida Fossil” компанийн “eBay” дэх рэйтинг 99.7 хувьд хүрч байсан нь тэр ямар их амжилт олсныг харуулж байгаа юм.
         Тэр шинэ газар эрэлхийлж эхэллээ. Удсан ч үгүй, түүнийгээ олов. ОХУ, БНХАУ-ын дунд орших Монгол Улс нь Техасаас хоёр дахин том газар нутагтай бөгөөд гурван сая хүнийх нь 30 хувь нь Улаанбаатар хотдоо амьдардаг, шинээр хөгжиж буй зах зээл юм. Үлэг гүрвэлийн ясны ангуучид Монголын говь дахь Нэмэгт хэмээх газрын сайн мэднэ. Канадын палентологич Пил Карригийн хэлж буйгаар “Яг одоо бол Нэмэгт нь дэлхийн дээрх хамгийн том үлэг гүрвэлийн өлгийн нутгийн нэг” аж.
Махчин, хоёр хөлтэй Тарбозавр батаар 70 сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан бөгөөд ОХУ, Монголын эрдэмтэд 1946 онд Нэмэгтэд явуулсан судалгааны ажлын хүрээнд анх олж илрүүлжээ. Уг үлэг гүрвэл Тарбозавр Рекстэй нэг цаг үед амьдарч байсан ч биеэр харьцангуй жижиг, бидэнд мэдэгдэж буй хамгийн том нь л гэхэд дөнгөж дөрвөн метрийн өндөртэй байдаг юм. Тарбозавр Рексийн арга яс зөвхөн Хойд Америкаас л олддог шиг Тарбозавр Батаарын арга ясыг Монголоос өөр газраас олох аргагүй юм. 
        Зөвхөн АНУ ч гэлтгүй үлэг гүрвэлийн өлгий нутаг болох Аргентин, Канад, БНХАУ зэрэг улсад олдворыг дотоод зах зээлдээ л борлуулах хууль эрх зүйн орчин бий. Гэтэл Монгол Улс 1924 оноос эхэлж хууль бус ясны ангуучдын хараанд өртсөн бөгөөд тухайн үед болон одоо ч тэр үлэг гүрвэлийн ясыг хамгаалах эрх зүйн орчин хангалттай сайн биш. Энэ нь Э.Прокопи шиг арилжааны палентологичдод том өгөөш, алтан боломж болдог байна. “Монголын говь цөлөгдөж дуусах нь” хэмээн Байгалийн түүхийн музейн палентологич Марк Норелл харамсангуй ярьж байлаа. Үлэг гүрвэлийн яс овор ихтэй байдаг ч Монголын гаальчид ясны ангуучдын хөнгөхөн заль, багахан мөнгөнд л хууртдаг болохоор арилжааны палеонтологичид Монголд ажиллахдаа дуртай. Тэд шүд, соёо зэрэг тээвэрлэхэд амархан хэсгүүдийг эхэнд нь явуулна. Харин сээр нуруу болон эх биеийн хэсгийг нүүрс тээвэрлэдэг машины ачаан дунд нууж гаргадаг гэсэн. Мэдээж үүнд гаалийн ажилчид болон хууль бусаар хил давуулагчид голлох үүрэг гүйцэтгэдэг.
            Яг л үүнтэй төстэй замаар Тарбозавр Батаарын яс 2010 оны гуравдугаар сарын 27-нд АНУ-ын хилийг “давж” орж иржээ. Энэ ажиллагаанд Э.Прокопи АНУ-ын хамгийн алдартай ясны наймаачин болох Крис Мурыг татан оролцуулж, түүнээс дэмжлэг авчээ. Ясыг Их Британиас усан онгоцоор тээвэрлэн АНУ-д авчрах замын нийт зардал нь 15 мянга орчим ам.доллар болсон гэдэг. Э.Прокопи хулгайн ясыг нэг их асуудал тарилгүй АНУ-ын хил давуулсандаа урамшив. Улмаар бүтэн нэг жилийг тэр Тарбозавр Батаарын арга ясыг цэвэрлэхэд зарцуулжээ. Мөн дутуу хэсгүүдийг орлуулан гүйцээхээр музейн мэргэжилтнүүдтэй холбоо тогтоож амжив. Эхэн үед тэр үлэг гүрвэлийн ясны хэсгүүдийг галт тогооны өрөө, гарааждаа цэвэрлэж байгаад 2011 оны тавдугаар сард том хэмжээний байгууламж барьжээ. Тарбозавр Батаарын яс сая ам.доллар ч хүрч болзошгүй болохоор “хүндэтгэлтэй” харьцах хэрэгтэй.
2012 оны эхэн гэхэд үлэг гүрвэлийн ясыг цэвэрлэх ажил дууслаа. Тэрбээр эхнэр Амандагийнхаа фэйсбүүк дэх хуудаст үлэг гүрвэлийн ясны хэсгүүдийн зургийг оруулж, зарим нэг мэдээллийг хавсаргасан нь худалдан авагчдын анхаарлыг татаж эхэлсэн. Бүх зүйл Э.Прокопийн санаснаар өрнөж байна. Түүний дараачийн төлөвлөгөө нь Тусоны шоунд оролцох. Жил бүрийн хоёрдугаар сард болдог Тусоны шоу бол үлэг гүрвэлийн яс, үнэт эдлэл, эртний олдворуудыг олонд дэлгэн үзүүлдэг дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ юм. Энд л тэр худалдан авагчидтай холбоо тогтоох боломжтой. Э.Прокопи сайтар хөөцөлдсөний эцэст уг шоуны үеэр анх удаа Тарбозавр батаарын зургийг олон нийтэд дэлгэн харуулжээ. Худалдан авагчид ихэд сонирхож байв. Тэр цаг алдахыг үл хүсэж, нэн яаралтай дуудлага худалдаа зохион байгуулагч компаниуд руу (M. Chait, Heritageauction, Sotheby’s,Bonhams) захидал бичлээ. Эдгээрээс зөвхөн “Heritage Auction” л зөвшөөрсөн хариулт ирсэн бөгөөд хаврын дуудлага худалдаанд зориулж үндсэн катологт Тарбозавр батаарын тухай мэдээллийг оруулж амжив. Э.Прокопи Тарбозавр батаарын ясыг Техас руу зөөж авчрууллаа. Энд өөр хэд хэдэн үлэг гүрвэлийн яс ч хамт байв. 
Монголын талын өмгөөлөгч
Роберт Пэйнтер
Heritage Auction” дуудлага худалдааны үндсэн катологт бичихдээ “Бид энэ удаад арав орчим үлэг гүрвэлийн ясыг үнэ хаялцуулахын дотор бидэнд мэдэгдээд буй хамгийн бүрэн (75 хувь) олдсон Тарбозавр батаарын яс бий” хэмээн тодотгожээ. Бас эдгээрийг 150-200 мянган ам.доллараас эхэлж дуудна гэсэн мэдээлэл байлаа. Гэтэл хоёр долоо хоногийн дараа бүх зүйл буруугаар эргэж, Монголын Засгийн газар шүүхдэхээр болсон тухай мэдээ гарах болов. Энэ мэдээллээс болж  ихэнх худалдан авагч татгалзсан хэдий ч нэрээ нууцалсан эрхэм тус компанийнхантай утсаар холбогдож, Тарбозавр батаарын худалдан авах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэрбээр Тарбозавр батаарыг 1.052.500 ам.доллараар өөрийн болгов. Гэвч үүссэн хэрэг явдлаас үүдэж үлэг гүрвэлийн арга ясыг Күинс дэх урлагийн үнэт олдворийг түр хадгалах газарт шилжүүлсэн бөгөөд хэрэв Э.Прокопи шүүх хуралд ялбал нэрээ нууцалсан эрхэм рүү шилжүүлэх болзол тохирцгоожээ. Дуудлага худалдаа болсны дараа буюу, зургадугаар сарын 5-нд М.Болорцэцэг, Фил Карри, Ц.Хишигжав нарын эрдэмтэд уулзаж, зөвлөлджээ.
Фил Карригаар ахлуулсан эрдэмтдийн баг Тарбозавр Батаарын арга ясыг Монголынх гэдгийг батлахын тулд хэдэн хоног нарийвчлан шинжилж, хэсэг хэсгээр нь сайтар судлан үзжээ. Улмаар ясны өнгө болон бусад шинж нь таарч, уг үлэг гүрвэл бол гарцаагүй Монголынх болохыг хөдлөшгүй баримтуудаар нотолж чадав. Энэхүү хэрэг явдал даамжирсаар Э.Прокопийн мэдлээс хэтэрч АНУ-ын нэр хүнд олон улсын тавцанд сэвтэж эхлэв. Зургадугаар сарын 22-нд үлэг гүрвэлийн ясыг Күйнс рүү хураан татлаа. М.Болорцэцэг, Р.Пэйнтер нарын санаа бага зэрэг амрав. АНУ болон Монголын эрдэмтэд, хууль сахиулагчдын ачаар ойрын хэдэн жил гараагүй үлэг гүрвэлийн ястай холбоотой томоохон гэмт хэргийн нууц ажиллагаа олны өмнө ил боллоо. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэхүү хэргийн тухай мэдээ хэсэгтээ л хөвөрсөн.  Гэвч үлэг гүрвэлийн ясыг Монголынх гэдгийг баталсан байхад ч Э.Прокопи хэргээ хүлээхгүй, гүрийж байлаа. Тэр Нью-Йоркийн хуульч Майкл Маккалоу, Вашингтоны хуульч Питер Томпа нарыг өмгөөлөгчөөр хөлсөлж, Монголын Засгийн газрын эсрэг дахин шүүхдэхээр болсон байна. Учир нь Э.Прокопийн өмнө хоёр л сонголт байсан нь нэг нь хэргээ хүлээх, нөгөө нь эцсээ хүртэл мэлзэх. Тэр хоёр дахийг нь сонголоо.

Гуравдугаар хэсэг


Эрик Прокопи шүүхийн өмнө өөрийгөө буруугүй гэдгийг нотлохоор янз янзын аргаар хичээж байлаа. “Би гэр бүлээ тэжээх гэж хичээж буй жирийн л нэг хүн. Тэрнээс биш олон улсыг хэрсэн ясны хулгайчдын нэг биш” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв. Мөн “Хэрэв энэ нь хууль бус би бол яалаа гэж онлайнаар, олон хүний өмнө ил худалдах билээ дээ? Энэ худалдааг цуцалсан нь миний гэр бүлийг санхүүгийн дарамтад оруулж байна. Үүний цаана олон хүний ажлын байр болон миний эхнэр, хоёр хүүхэд минь бий” гэж хүртэл ярьсан байна. Гэвч тэр үлэг гүрвэлийн ясыг яаж олж авсан, үүнийг АНУ руу авчрахаас өмнө Англид хэрхэн хүргэсэн тухайгаа нэг ч үг ганхийгээгүй юм.
Би томилолт өвөртлөөд, наймдугаар сарын нэгэн лхагва гаригт Гейнсвиллийн Серенола хэмээх эдлэнг зорив. 1935 онд барьсан энэхүү тансаг байшинд Эрик Прокопи эхнэр, хоёр хүүхдийн хамтардаг амьдардаг. Өндөр биетэй, хар үстэй, гүн бор арьстай, усанд сэлдэг байсныг нь гэрчлэх өргөн мөртэй, поло цамц, богино өмд, сандал жийсэн эр намайг угтлаа. Тэр надтай уулзахдаа татгалзаагүй ч, эхэндээ нэг их юм ярьсангүй. Түүний таван настай хүү нь гартаа хэд хэдэн үлэг гүрвэлийн хэлбэртэй тоглоом бариад, нааш цааш гүйнэ. Тэр гартаа барьсан үлэг гүрвэлийн тоглоомнуудыг алдалгүй нэрлэсэн бөгөөд өөрийгөө надад “бяцхан судлаач” гэж танилцуулсан юм.
 Намайг тэдний гэрт ирэхээс гурван долоо хоногийн өмнө Э.Прокопи шүүхээс зарлан дуудах хуудас хүлээж авсан байлаа. Хэрэв тэр шүүх хуралд ялбал Тарбозавр Батаарын хууль ёсны эзэмшигч болно. Эс бөгөөс бүхнээ алдана. Энэ хэцүү сонголт түүнийг шаналгаж байх зуур палентологийн салбарт ойр байдаг хүмүүс хоорондоо энэ тухай хачирхан ярилцацгааж байсан юм. Тэд бүгд л “Эрик яаж эднийг Монголын хилээр гаргаж чадав аа?” гэсэн асуултыг тавьж, өөр өөрийн талаас хариулт өгцгөөж байв. Зарим палентологичийн таамаглаж буйгаар Эрик эднийг нүүрс тээвэрлэсэн машинд нууцаар авч гарсан байх магадлалтай аж. Гэвч Э. Прокопи үүнийг няцаалаа. Харин надад үнэн хариуг хэлсэнгүй. Өмгөөлөгч нь түүнд ийн зөвлөсөн байлаа.
 Э.Прокопийг Монголд очиж, Тарбозавр Батаар болон бусад үлэг гүрвэлийн ясны малталгад оролцсон гэх ямар ч нотолгоо байдаггүй. Тэр яг л шүүх дээр анх хэлж байсан шиг ээ “Би Монголд нэг ч удаа очоогүй” гэж надад хэлсэн. “Бид бүрэн биш хэсгүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс худалдаж авдаг. Дараа нь цэвэрлэж, эвлүүлж байж дуудлага худалдаанд оруулдаг. Энэ нь их мөнгөтэй холбоотой бас их ажиллагаатай бизнес. Үлэг гүрвэлийн яс бол маш сайн наймаа. Үүнийг хэдэн доллараар ч худалдаж авсан байлаа гээд жинхэнэ үнэ цэнээсээ ямагт л дор байх болно. Учир нь үлэг гүрвэлийн яс бол яг л Мона Лизагийн хөрөг зураг шиг өдөр, хоног улирах тусам үнэ цэн нь нэмэгдэж байдаг эд” гэж Эрик Прокопи надад ярилаа. Эхнэр Аманда нь удтал дуугүй суусаны эцэст бидний ярианд оролцов. Нөхрийг нь хууль бус наймаанд сэрдэж байгаад тэр гомдолтой байгаа хүний нэг. “Та байшин худалдаж аваад, түүнийгээ маш их мөнгөөр тордож засчээ гэж бодъё. Гэтэл хуучин байшинг цэмцийтэл нь зассаны дараа хаанаас ч юм Засгийн газар гарч ирээд таны байшинг хурааж авна гэвэл яах вэ? Үүнтэй л ижилхэн” хэмээн шулуухан хэлэв. Эрик надад тодорхой мэдээлэл өгч болохгүй гэсэн зөвөлгөөг өмгөөлөгчөөсөө авсан учраас онц мэдээлэл авч чадсангүйгээр тэднийхээс явлаа.
Энэ хэргийн бас нэг хохирогч, бас нэг хамсаатан бол “Heritage Auction” компани болоод байгаа. Уг компанийг хэдэн ангууч нийлж, 1976 онд Далласт байгуулсан байна. Анх чулуужсан ясны дуудлага худалдаа зохион байгуулах зорилгоор байгуулагдсан ч хожим комик, кино, постер, үнэт эдлэл, ном, дарс болон бусад бизнест хөл тавьжээ. Өнгөрсөн жил л гэхэд тус компани 800 сая ам.долларын борлуулалт хийсэн байна. Өдгөө байгалийн түүхийн олдворууд бизнесийнх нь өчүүхэн хэсгийг л эзэлж байгаа тухай тус компанийн ерөнхийлөгч Грег Рохан надад хэлэв.
Би Роханаас  “Heritage Auction” компани Тарбозавр батаарын дуудлага худалдааг зохион байгуулахад яагаад оролцсон юм бэ? гэж асуухад тэр “Эрик Прокопи маш “цэвэрхэн” байсан. Өмнө нь хууль бус наймаа хийсэн гэх хар толбо байхгүй, бас түүний явуулж буй бичиг баримт, мэдээллүүд албан ёсны зөвшөөрөлтэй гэж тэр бидэнд итгүүлсэн. Түүнд эргэлзэх боломжийг тэр бидэнд олгоогүй. Гэвч одоо үүнээс үүдэж бид их хэмжээний татвар төлөхөөр болчихоод байна” гэлээ.
Мөн “Чулуужсан яс бол дуудлага худалдаагаар зарах хамгийн төгс бараа. Учир нь үүнийг хүн өдөр болгон дэлгүүрийн лангуун дээрээс харахгүй шүү дээ” гэж надад хэлсэн. Үлэг гүрвэлийн яс музейд очих хүртлээ дуудлага худалдааны зах зээлд хэсэгтээ л эргэлддэг гэнэ. Учир нь хүмүүсийн гэрт үлэг гүрвэлийн арга ясыг багтаачих зай байхгүй. Тэгвэл Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг хэн, ямар зорилгоор худалдаж авав аа?
Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн арга ясанд нэг сая ам.доллар төлөхөөр бэлдсэн хүн бол Манхаттений үл хөдлөх хөрөнгийн худалдаачин, хуульч 70 настай Колеман Бёрк байсан юм. Бид Нью-Йоркт байрладаг “Waterfront NY” компаниар нь очив.
Түүний ажлын өрөөний ханаар цөлжилтөд өртсөн байгалийн зураг, Өмнөд Америкийн эртний газрын зургууд, “Олборлогчдын клуб”-ын сертификат зэргийг өлгөжээ. Мөн Giganotosaurus carolinii нэртэй үлэг гүрвэлийн гавлын ясны зураг байсан бөгөөд тэр үүнийг надад онцлон үзүүлэв.
“Би мэргэжлийн бус хүн” гэж тэр хэлсэн хэтэрхий даруухан тодорхойлолт байлаа. Учир нь арван жилийн өмнө Бёркоор ахлуулсан багийнхан Аргентинаас үлэг гүрвэлийн нэгэн шинэ төрөл зүйл олж илрүүлсэн бөгөөд хамгийн эртний махчин үлэг гүрвэлийн нэгд тооцогдож байсан нь анхаарал татам байжээ. Тэрхүү шинэ төрлийн үлэг гүрвэлийг хожим Бёркийн нэрийг оролцуулан “Orkoraptor burkei хэмээн нэрлэсэн. Улмаар Хайгуулчдын клубээс түүнд тусгайлан хүндэтгэлийн сертификат гардуулсан нь энэ аж.
Хэдийгээр тэр цөөнгүй үлэг гүрвэл олж, илрүүлж байсан ч тэдгээрийн аль нь ч өөрийнх нь өмч болж байсангүй. Харин өнгөрсөн тавдугаар сард тэр нэгэн өдөр тутмын сонин дээрээс удахгүй болох дуудлага худалдаагаар Тарбозавр Батаар нэртэй Монголоос олдсон үлэг гүрвэлийн ясыг үнэ хаялцуулах гэж байгаа тухай мэдээлэл уншжээ. Танилцуулах уулзалтад очсон Бёрк үлэг гүрвэлийн зургийг хармагц, худалдаж авахаар шийдсэн байна. Тэр бүр үүнийг хаана байрлуулахаа ч олсон байж. Тарбозавр Батаарын ясыг худалдаж авбал, хэсэг хугацаанд оффисийнхоо доод давхарт байрлуулж байгаад дараа нь музейд зарчихаж болно гэж тооцоолсон тухайгаа ярьсан. Уг арга яс түүний сонирхлыг ихэд татсан болохоор тэр үүнийг хаанаас, яаж ирсэнийг бодох сөхөө байгаагүй, анзаараагүй гэдгээ нуусангүй. “Би ердөө ч анхаараагүй. Учир нь энэ бол сайтар бэлтгэгдсэн эд зүйл байсан болохоор би найдчихсан юм. Тэд үүнийг 75-80 хувь бүрэн гэж надад хэлсэн. Би танд баталж ч чадна. Дараа нь танил экспертүүдээ дуудаж, арга ясыг нэг бүрчлэн шалгаж үзэхэд нээрэн л 75-80 хувь бүрэн байсан” гэлээ. Дуудлага худалдаа болдог өдөр тэрбээр Westchester County дахь байшингаасаа утсаар холбогдож, үнийн саналаа явуулсан аж. Тэр дуудлага худалдаанд ялсан ч, Тарбозавр Батаарыг авах аз дутав.
Тарбозавр батаартай холбоотой хэрэг есдүгээр сард дахин Манхаттений шүүхийн хаалга татсан бөгөөд шүүгч Кэвин Кастел шүүх хурлыг даргалжээ. Тэр өмнө нь зартай дээрэмчин (Жон Готти), реппер (Кэни Уэст) нартай холбоотой хэргийг шүүж байсан ч хэзээ ч Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн ясыг “шүүж” байсангүй. Тэр өдөр Э.Прокопи шүүх хуралд оролцсонгүй. Шүүгч К.Кастел түүний өмгөөлөгчтэй ярилцав.
-Тэр яаж үүнийг олж авсан юм?
-Тэр худалдаж авсан
-Хаанаас худалдаж авсан гэж?
-Хэд хэдэн эх сурвалжаас
-Ямар эх сурвалж?
-Үлэг гүрвэлийн арга ясыг хэсэглэн зардаг худалдаачнаас
-Тэд хаанахын хүмүүс юм?
-Зарим нь Япон. Бусад нь хаанахаас гаралтайг би сайн мэдэхгүй гэж өмгөөлөгч нь хариулав. Прокопогийн өмгөөлөгч Тарбозавр Батаарын арга ясыг гурван өөр газраас авчирж, эвлүүлсэн гэж мэлзжээ.
-Тэгэхээр эдгээр ясыг өөр өөр газраас авчирсан гэж чи хэлж байна уу?
-Тийм ээ, яг л “Франкенштэйн” шиг зүймэл эд гэж өмгөөлөгч нь хариуллаа. Харин заргалдагч тал энэ хариултыг эсэргүүцэж байлаа. Өөр өөр газар амьдарч байсан үлэг гүрвэлийн яснуудыг эвлүүлэн босгосон гэдэг нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй гэж үзэв. Шүүх хурал дахиад л хойшиллоо.
Дөрөвдүгээр хэсэг
Үүнээс хэдэн долоо хоногийн дараа Денверт болсон байгалийн түүхийн олдворын шоунд ирсэн хүн бүр Т.батаарын хэргийн тухай ярьцгааж байлаа. Ясны ангуучид Эрикийн өдүүлсэн энэ драм АНУ-ын арилжааны палентологичдодшинэ цуурга үүсгэж, хуулийн заалтууд чангарах вий гэдгээс эмээцгээсэн хэрэг. Харин жинхэнэ палентологичид энэ хэрэг явдал эрдэмтэд болон худалдаачдын хоорон дахь заагийг цэгцлэх байх гэж хүлээж байлаа. Би палеонтологич Жонсоны хамтаар Денверийн шоунд дэлгэсэн олдворуудыг үзэж явав.
Нэг лангуун дээр Хятадаас авчирсан гурван Рапторын тухай мэдээлэл байв. Яс, хошуу, эвэр зэргийг нарийн урласан эскизийг, улаан хүрэн элсэрхэг шороон дээр товойлгон дүрсэлсэн байлаа. Худалдагч эдгээрийг арван жилийн өмнө, Хятадад ясны наймаа хууль ёсны дагуу байх үед авчирсан гэв. (“Сонгодог худал хариулт” гэж Жонсон хэлэв). Өөр нэг лангуун дээр, Аргентинаас авчирсан чулуужсан нарсны боргоцой байлаа (Эдгээр нь бүгд хууль бус). Мөн бид сэлмэн шүдэт барын гавлын ястай таарсан боловч Жонсон үүнийг хятадын дуураймал гэдгийг надад хэлсэн. Хууль ёсны болон хууль бус зүйлс энд хамтдаа дэлгэгдсэн байв.
Энэ зуур Эрик Прокопитой холбоотой нэг шуугиан дэгдэв. Тэр хэзээ ч Монголд очиж байгаагүй гэдэг нь худал болж, түүнийг тус улсад очсоныг гэрчлэх гэрэл зураг олджээ. Мөн уг хэрэгт оролцсон гэж хэргээ хүлээсэн Монголын нэгэн палеонтологич цагдаад мэдүүлэг өгөх үедээ Эрик Прокопи түүнийг өдрийн 50 ам.доллараар хөлсөлж, долоо хоног говьд малтлага хийсэн гэжээ. Гаалийн мэдүүлэг болон зочид буудлын баримт зэргээс харахад Эрик Прокопи 2008, 2011 онуудад тус бүр нэг удаа Монголд ирээд буцсан нь тодорхой боллоо. Өөр нэгэн эх сурвалжийн баталж буйгаар Эриктай хамт Крис Мур бас Монголд ирсэн аж (Гэвч шүүх дээр Мур энэ баримтыг няцааж байсан).
Тэднийг тус улсад очих бүрт нэгэн монгол хөтөч тусалж байсан бөгөөд түүнийг хэн болохыг тогтоохоор хэд хэдэн палеонтологичоос мэдүүлэг авчээ. Харамсалтай нь тэрхүү хөтөч одоогоос хоёр жилийн өмнө өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдсон байна. Гэвч мөрдөн байцаагчид түүний гэрт нэгжлэг явуулж, хувийн компьютероос нь 2008 онд Япон дахь ясны наймаачинтай харилцаж байсан и-мэйл олжээ. Захидлыг “Батт-д” гэж хаягласан бөгөөд үлэг гүрвэлийн хэд хэдэн ясны үнийн саналыг явуулсан байжээ.
Тухайлбал, Велокирапторын толгой 40000 ам.доллар, Тарбозавр Батаарын толгой 40000 ам.доллар, сарвуу 5000 ам.доллар гэсэн байв. Дараа нь захидал хүлээн авагч Батт нь түүн рүү 37600 ам.доллар шилжүүлсэн бөгөөд барааг хүлээж авсаны дараа үлдсэн мөнгийг өгөхөөр тохиролцжээ. Энэхүү ясыг хил давуулахад оролцсон хүн бол Японд амьдардаг Холлис Батт гэж хүн аж. Тэр үлэг гүрвэлийн ясыг Японд хүлээж аваад, Монголоос ирсэн гэх шошгыг нь Япон болгон өөрчлөөд, Их Британи руу явуулсан байж. Үүнээс цааших мэдээлэл одоогоор нууц байгаа бөгөөд Эрик Прокопи ч хэргийн тухай үнэн мэдээллийг өгөөгүй байгаа билээ.
Би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх Ц.Оюунгэрэлтэй “Skype”-аар харилцлаа. Өнгөрсөн зун тэрбээр УИХ-ын сонгуульд өрсөлдөж, ялсан бөгөөд өдгөө Соёл, спорт, аялал жуулчлалын сайд болсон гэнэ. Тэрбээр Тарбозавр Батаарт зориулж үлэг гүрвэлийн музей байгуулахаар шийдэж, хуучин Лениний музейг засаж тохижуулахаар болсон гэв. “Монголын говьд уул уурхайн олон төсөл хэрэгжиж байна. Газар дор эрдэс баялаг ч бий, бас үлэг гүрвэлийн арга яс, түүхийн үнэт өв бий. Бид түүхийн дурсгал, эрдэс баялгийн хооронд тэнцвэртэй бодлого барих хэрэгтэй” гэж Ц.Оюунгэрэл хэллээ.
Монголчууд үлэг гүрвэлийн өлгий нутаг хэрнээ палентологийн салбарт нэг их анхаарал хандуулдаггүй. Улаанбаатар хотод байгалийн түүхийн ердөө нэг л музей байдаг бөгөөд Зөвлөлтийн үед илрүүлсэн хэдхэн яс л тэнд байдаг юм билээ. Харин Нью-Йорк дахь монголын палентологич М.Болорцэцэг надад хэлэхдээ Тарбозавр Батаар Монголын палентологийн салбарын хөгжлийн цоо шинэ эрин үеийг эхлүүлэхэд тус болно гэж итгэж буйгаа хэлсэн. “Тарбозвар Батаарыг Монголд аваачсанаар бид үлэг гүрвэлийн музейтэй болж, залуу үеийн сонирхлыг татаж, палентологичдын шинэ давалгаа бий болно” гэлээ.
2012 оны аравдугаар сарын 17-ны өглөө эрт АНУ-ын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд Серенолад ирж, Прокопийг түр саатууллаа. Мөн агентууд түүний гэрт хэдэн өдөр нэгжлэг явуулахад баглаатай хэд хэдэн үлэг гүрвэлийн яс байжээ. Агентууд бүгдийг нь хураан авлаа. Үдээс хойш нь Эрик Прокопи гэртээ ирж, бичиг баримтаа авсан бөгөөд ням гаригийн орой тэр Нью-Йорк руу нисчээ. Учир нь тэр шүүх хуралд оролцох ёстой.
Шүүх хуралд эхлэхэд Эрик Прокопитой хамт өмгөөлөгч Жорж Ледерман байлцав. Гэвч шүүх хурал тодорхойгүй шалтгаанаар дахин хойшилсон бөгөөд Ерөнхий шүүгч Эрик Прокопийг Флоридагаас өөр тийш явахгүй байх тогтоол гаргалаа. Үүнээс хоёр сарын дараа буюу арванхоёрдугаар сарын 27-нд Нью-Йоркт шүүх хурал дахин явагдаж, Э.Прокопи гэм буруугаа хүлээлээ. Шүүхээс түүнд 17 жилийн ял төлөвлөжээ. Тарбозавр Батаараас гадна өөр хэд хэдэн үлэг гүрвэлийн яс түүнтэй холбоотой болох нь тогтоогдов. Үүнд нугасан хошуут үлэг гүрвэл, хоёр Овираптор багтсан. Хэдийгээр Эрик Прокопи шүүх дээр гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч эдгээр арга ясыг Монголоос яаж гаргаж, улмаар хэрхэн тээвэрлэж, АНУ-д авчирсан тухай ганц ч үг ганхийсэнгүй. Шүүгч шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сар хүртэл хойшлууллаа. Уг шүүх хурлаар түүнд ял оноох бөгөөд хэрэв үнэнээ хэлбэл 17 жилийн ялыг бууруулна гэж шүүгч хэлсэн юм.
Төгсгөл хэсэг
2013 он гармагц, зөвхөн eBay-ээр л гэхэд 4000 гаруй үлэг гүрвэлийн яс, чулуу, эрдэс баялаг дуудлага худалдааны жагсаалтад багтсан байлаа. “Heritage Auction”-ы захирал Грег Рохан үлэг гүрвэлийн ясны дуудлага худалдаанд дахин оролцохоор төлөвлөж байгаа ч цаашид илүү хашир үзэж, зөвхөн баталгаатай тоглоомд л оролцох болно гэдгээ хэллээ.  
Харин Эрик, Аманда хоёр өнгөрсөн арванхоёрдугаар сард, Серенола дахь эдлэнгээ 835 мянган ам.доллараар зарсан байна. Тэд Амандагийн “Lexus SUV” маркийн машин болон гэрийнхээ тавилгуудыг хүртэл худалдаж, Виржиниа дахь Амандагийн ээжийнх рүү нүүжээ. Торгуулийн мөнгөнд бүхнээ шавхаж буй тэд дансандаа юу ч үгүй хоцорцгоов.
Виржиниад ирээд Аманда интерьор заслын ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэн гэнэ. Харин Эрик өөрийн арга ясны бизнесийн орхих бодолгүй байгаа бөгөөд харин ч шинэ төсөл хэрэгжүүлэхээр судалгаа явуулж эхэлсэн байна. “Хүмүүс бидний тухай мэдээллийг интернэтээс олж уншаад шоолж, доромжилцгоож байгаа. Гэвч энэ бол бидний амьдрал. Би шантрахгүй. Бизнесээ дахин эхлүүлнэ” гэж Эрик Прокопи ярьсан. Тэрбээр энэ хоёрдугаар сард болох Тусоны шоунд анаашийн арга яс оролцуулахаар бэлдэж байгаа гэнэ. Мөн тэр уг шоуны үеэр Тарбозавр Батаарын дуураймал скизийг худалдахаар бүртгүүлжээ. Тэрбээр үүнийг 30 мянган ам.доллар хүрчихнэ гэж найдаж байгаа.
Харин жинхэнэ Тарбозавр батаар ирэх хавар нутагтаа буцна. Монголын Засгийн газар Ленины музейг үлэг гүрвэлийнх болгож өөрчлөхөөр шийдсэн байна. Мөн тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сарын 18-ныг үндэсний Монгол батаарын өдөр болгон тэмдэглэх зарлиг гаргажээ.
Эрик Прокопи Тарбозавр Батаарт “Ту.” хэмээх хоч өгсөн байжээ. Харин одоо бол энэхүү үлэг гүрвэлийг дэлхий нийтээр “Монгол баатар” хэмээн дуурсацгаах болно.