Apr 18, 2013

"Time": Нөлөө бүхий 100 хүн

"Time" сэтгүүл уламжлал ёсоор нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг өнөөдөр нийтэлжээ. Энэ жил уг жагсаалтыг гаргаж эхэлснээс хойших 10 дахь удаагийнх нь тохиож буй учраас редакцийнхан их хөдөлмөр зарцуулсан нь илт. Нөлөө бүхий хүнээр тодорсон алдартнуудын тухай алдартнууд өмнөтгөл бичсэн нь бүр ч сонирхолтой байлаа. Тухайлбал, алдарт жүжигчин Жоди Фостер Женнифер Лоуренсийн тухай бичсэн бол, Жэй Зигийн талаар Нью-Йорк хотын амбан захирагч Майкл Блүүмберг, Б.Обамагийн талаар Хиллари Клинтони бичжээ. 

Титанууд
Жэи Зи
Уран бүтээлч, бизнесмен, 42

By Майкл Блүүмберг (Нью-Йоркийн амбан захирагч)
   Жэй Зи “Нью Йорк, Нью-Йорк” дууг шинэчлэн дуулснаасаа ч илүү ихээр энэ хотыг төлөөлж байгаа бэлгэ тэмдэг. Захын дүүрэгт эгэл айлд өссөн түүний эргэн тойронд мууд уруу татах олон зүйлс байсан ч хүүгийн мөрөөдлийг сарниулж дөнгөөгүй. Тэр мууд авталгүй, мөрөөдлөө алдалгүй зүтгэсэн. Эхэн үед хэн ч түүнтэй дуу бичлэгийн гэрээ хийхийг хүсээгүй учраас Жэй Зи өөрийн нэрийн дуу бичлэгийн студийг байгуулж, хөгжмийн нэгэн хүчирхэг хаант улсыг бий болгосон юм. XXI зууны Америкийн соёл болон бизнесийн нөлөө бүхий хүн болох Жэй Зи хувцас загвар, спорт, цэнгээний газрын бизнест хөл тавьж нөлөөлөө улам бүр тэлж буй. Тэр хаанаас ирснээ хэзээ ч мартдаггүй. Манай хотын тухай “Empire State of Mind” гэх гайхалтай дуу бүтээж, “Brooklyn Nets” сагсан бөмбөгийн багийг удирдаж буйгаар нь жишээлж болохоор. Тэр өөрийн чадах бүхий л салбарт зүтгэж, тэр болгоноо амжилт болгож чаддаг. Түүний хийж байгаа бүхнээс би нэг л зүйл мэдэрдэг. Америк мөрөөдөл бөхөөгүй юм байна.

Удирдагчид
Барак Обама
АНУ-ын Ерөнхийлөгч, 51 настай

By Хиллари Клинтон (АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан)
   
Рангуны гудамжинд хүмүүс бужигнаж байна. Хүүхдүүд Америкийн далбааг намируулна гүйлдэнэ. Эцэг эхчүүд нь хүсдэг ч биелэх боломжгүй гэж боддог олон зүйлсийн талаар бодож санааширна. Ийм үед АНУ-ын Ерөнхийлөгч Бирмд очоод тэдэнд итгэл найдвар, эрх чөлөө, боломжуудыг өгөв. Энэ  бол АНУ-ын тэргүүлэл шилдэг нь болохыг харуулсан мөч байлаа.
Барак Обама анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдоход дэлхий нийтээр Америк мөрөөдлийн биелэлийг харсан. Өнөөдөр, тэд харин Америк мөрөөдөл түүнээр дамжин хэрхэн дэлхий нийтэд хүрч буйг хараад зогсохгүй Иракийн дайн намжиж, Ираны зөрүүд хүч аажмаар сулран тавирч байгааг мэдэрч байна. Харин АНУ-д, түүний эх оронд эдийн засаг эргээд хөл дээрээ бат зогсож, ажилгүйдэл буурч, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж байгааг бид харж байна.
    Тэр бол бидний ирээдүйн төлөө хамгийн сайн тоосгыг нямбайчлан өрж буй барилгачин юм.

Пак Кын Хе
БНСУ-ын Ерөнхийлөгч, 61 настай

By Ийнглак Чиннават (Тайландын Ерөнхий сайд)
       БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр хатагтай Пак Кын Хе сонгогдож, тэр дэлхийн эмэгтэйчүүдэд өмнө нь хөндөлсөж байдаг ханыг нурааж, хүйсийн ялгааны тухай авч хэлэлцэхгүйгээр, бид ч бас улс орноо удирдаж чаддаг гэдгийн бодит жишээ болсон. Түүний тангараг өргөх ёслолын үеэр бид анх уулзсан юм. Өмнөх Ерөнхийлөгчийн охин тэрбээр Хан мөрний эрэгт хоёр дахь гайхамшгийн цогцлоох хүчтэй хүн. Эмэгтэй удирдагчид эрэгтэй удирдагчдад тулгардагаас илүү олон саадтай нүүр тулах хэрэг гардаг. Харин Пак энэ бүхэнд няцахгүйн дээр Солонгосын хойгт аз жаргал, итгэл найдвар авчирч чадна гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Одоо ч мөн адил.

Ким Жөн Ун
БНАСАУ-ын удирдагч, 30 настай

By Барбара Дэмик (“Атаархах зүйл үгүй” номын зохиогч, сэтгүүлч)
     Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун бол дэлхийн хамгийн залуу төрийн тэргүүн. Ааш авираас нь ч энэ нь харагддаг. 1.2 сая армийн цэргийг коммандлаж, зөвхөн хоббигоо л хөөж дэлхийн оддыг авчирч чаддаг,  Б.Обамагийн үл тоон, өдөр бүр ичгүүргүй заналхийлэл өдөөдөг “жаал”.  Хойд Солонгосчууд түүнийг өөрийн аавтай ижил хүн гэж найддаг. Тэр зарим талаараа төстэй. Хүмүүс нь өлсгөлөндөө дасаж, живж байхад цөмийн зэвсэгт л анхаарал хандуулдаг, элдэв этгээд самуун өдөөхдөө гаргуун гэхчлэн төстэй шинжүүд бас байна.

Пап Франциск
Ромын пап, 76 настай

By Хамба Тимоти Долан
   
Систин дуганы оройн яндангаас цагаан утаа суунаглаж, дэлхийн 1.2 тэрбум католик шашинтан 266 дахь паптай болсноо мэдэх үед Гэгээн Питерийн талбайд мянга мянган хүн цуглаад, уухайлж байв. Тэд поп Францискийн төлөө уухайлсан юм. “Ах, дүү нараа, үдшийн мэнд” хэмээн Хорхе Марио Бергоглио хэлээд, “Таны нэгэн ах тань ажлаа хүлээн авахад бэлэн боллоо” гэж хэлснээр энэ бүхэн баталгаажсан. Энэ явдлаас зургаа хоногийн хойно тэр олон нийтийн өмнө анхны айлдвараа хэлэхдээ “Хайрлахаасаа битгий эмээ, туслахаасаа ч мөн адил бүү цааргал” гэж хэлсэн нь өнөө бидний оюун бодолд дохио мэт үргэлж хангинах болжээ. “Тэр яг л Есүс шиг ярьдаг” гэж олон хүний хэлж байхыг би сонссон. Есүс ч тэр, Франциск ч тэр бидний л адил эгэл хүн. Түүнийг бас бусдыгаа хайрлахаас бүү эмээ!

Уран бүтээлчид

Женнифер Лоуренс
Жүжигчин, 22 настай

By Жоди Фостер
    Түүний тоглосон “Winter’s Bone” кино үзмэгц би нэг юмны тухай бодсон. Энэ охин жүжиглэж чаддаг юм байна гэж. Тэр үүнээс ч ихийг харуулж чадах болно гэж. Тэр тарчиг хөрснөөс ургасан нь зарим талаар өөрийгөө түлхэж, үеийнхнээсээ хол илүү тасрахад нөлөөлдөг байх гэж би таасан. Жүжиглэнэ гэдэг түүний хувьд арьс болон бие цогцосын нийлэмж адил бодитой, бас үнэмшилтэй эд. Тэр бол Холливудад ирсэн бяцхан үнэт эрдэнэ. Гэхдээ тэр томорч, үнэлэгдэшгүй цэнэтэй алмааз болтлоо дэвжиж чадна.

Стивен Спилберг
Найруулагч, 66 настай

By Том Брокав (зохиолч)
      Стивенийг залууд нь “Jaws”-ийг найруулсан Питер Бенчлейтэй уулзуулахад  “Энэ хүү кино найруулагч болно гэж үү, би тэгж бодохгүй байна” гэж илтэд үл тоосон юм. Гэвч энэ бол Стивен Спилбергийн хэн нэгэн үл тоосон сүүлийн тохиолдол байсан. Түүнээс хойш тэр кино урлагийн агуу мастер болж, хүн төрөлхтөнд LincolnSchindler’s List  Saving Private Ryan  E.T. Close Encounters of the Third Kind  гэхчлэн гайхалтай бүтээлүүдийг бэлэглэсэн. АНУ-ын Ерөнхийлөгч агсаны тухай бүтээл болох Lincoln нь түүхий үнэтэй гэрч болоод зогсохгүй, 19 дүгээр зуунд биднийг аваачиж чадсан. Энэ бол түүний чадвар. Түүний агуу байдлын ердөө нэг хэсэг нь.

Кристина Агилера
Дуучин, 32 настай

By Селин Дион
     Кристина Агилерагийн дуулахын анх сонсоод би шууд л хөөрсөн, дараа нь гайхсан, тэгээд атаархсан. Түүний хоолой цэвэр, хүчирхэг бас тэр их дотортой дуулдаг. Үзэсгэлэнтэй залуу хатагтай, гайхалтай хоолой, бүжигчний чадвар гээд түүнд бүх юм байна. Бас тэр маш олон төрөлд хувирч чадна. Түүний хүчирхэг хоолой поп ч тэр, soul, R&B, каунтри гээд л алинд нь ч зохино. Аль нь байлаа ч биднийг алмайруулж дөнгөнө.
     Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр, тэр бол миний мэдэх хамгийн авьяаслаг хүчирхэг дуучин мөн та бидний олон жилийн турш гайхашруулсан хэвээр байх болно гэдгийг хэлж чадахаар байна, би.

Бэлгэ тэмдэг

Бейонсе
Дива, 31 настай

Баз Лурманн (Great Gatsby” киноны найруулагч)
     
Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа дуулснаас хойш л би түүний анхааралтай анаж, дараа нь зүрхшээн байж “Great Gatsby” киноны маань дууг дуулж өгөөч ээ гэж хүсэлт тавьсан юм. Ажлын соёл гэдгийг түүнээс анх мэдэрсэн би анх уулзснаас хойш түүнийг харах бүртээ, дууг нь сонсох болгондоо ажилла, ажилла бас дахин ажилла гэсэн эрч хүчийг авдаг юм. Тэр студийн ажлаа дуусгачихад дараачийн тоглолтын бэлтгэл рүү ямар ч ядарсан шинжгүйгээр инээмсэгэн гүйж одсон нь намайг алмайруулсан. Хэн ч түүн шиг дуулж хүчрэхгүй, хэн ч түүн шиг хөдөлж чадахгүй, хэн ч түүн шиг үзэгчдийг өөртөө татаж, байлдан дагуулж дөнгөхгүй. Дуучин, уран бүтээлч бас ээж хүн хэдий ч алинд нь ч тэр түүртээгүй, алийг нь гээгээгүй яваа нь бас нэг гайхам чанар нь. Тэр болон түүний нөхөр Жэй Зи бол соёлын нэг томоохон хэсэг, тэр өөрөө Хатан зөгий нь. Алдартай дуучин гэдэг нь түүний ердөө өчүүхэн шошго бөгөөд Бейонсе бүхэлдээ поп соёлын маш том бэлгэ тэмдэг. Бейонсе цомог гаргавал, тэр дуулбал, тэр ямар нэг зүйл эхлүүлбэл энэ ажил байдаггүй. Энэ ёслол төгөлдөр, төгс зүйл болдог. Тэр бол АНУ-ын дива, үндэсний дуу хоолой билээ.

Малала Йосафзай
Тэмцэгч, 15 настай 

By Челсиа Клинтон (Билл Клинтоны охин)
       Эр зоригтой хүмүүс үргэлж л ямар нэг хүчирхийлэлтэй нүүр тулдаг жам бий. Энэ жишиг 15 настай, бяцхан охин Малалаг ч тойроогүй бөгөөд харин тэр үлгэрт гардаг баатруудын л адил энэ бүх саадыг эрэлхэгээр давж чадсан билээ. Сургууль руугаа явах замд нь Талибаны зэвсэгт этгүүдүүд түүнд халдаж, охин хүүхэд сургуульд сурч болохгүй гэсэн шалтгаар толгой руу нь буудсан. Малала 11 настайгаасаа BBC-д блог хөтөлдөг байсан бөгөөд охидын боловсролын тухай, эмэгтэйчүүдийн эрхийн талаар маш олон гайхалтай нийтлэл бичсэнийг бид бэлхнээ мэдэх юм. Мөн тэр эмч болохыг мөрөөдөж, Талибанчуудаас айдаг ч энэ бүх айдас хэзээ нэгэн цагт арилах болно гэдэгт итгэдэг тухайгаа бичдэг. Одоо тэр эмнэлгээс гарч эрүүл саруул болсон бөгөөд ганц л зүйлийг, сургууль руугаа буцаж очихыг хүсэж байгаа. Түүний бичвэрүүд бол дэлхий даяарх сургууль сурах боломжгүй 61 сая хүүхдийн дуу хоолой юм. Тэр удахгүй номоо гаргахаа та маш олон түүхийг мэдэх нь лав. Малала охин ч бас тэмцлээ он удаан жил эрэлхэгээр үргэлжлүүлэхэ нь мэдээж. 


Apr 14, 2013

Гурвалаас гарсан урвал

Хийл, төгөлдөр хуур, морин хийлийн гурвалаас энэ дэлхий дээр хүний гараар бүтэж болох гайхамшигт нэгэн яруу хөг ундрах учиртай. Д.Галбадрах, Б.Оюу, Ц.Бэхбат гурав нэгдэж гэмээнэ Монголын сонгодог урлагийн ертөнцөд нэг содон үзэгдэл бий болох ёстой. Манайд бол аль аль нь шинэ, сонин, үзүүштэй, сонсууштай хэрэг явдал. Яг ийн бодож, бидний хэдэн нөхөд пүрэв гаригийн үдэш ДБЭТ-ыг зорив. Гурвалын найруулсан урвалаас юу бүтэх нь аль эртнээс аазгай хөдөлгөөд байсан болохоор тэр. Монголын тайзнаас анх удаа эгшиглэх гэж буй Л.Бетховений “Гурвалд зориулсан бүтээл”, Ф.Мендельсоны “Гурвал №1”-ийг урьтаж олж сонсов. Юугаараа онцгой юм гэсэн хэгжүүн асуултад ч хариулт олох гэж үзлээ.
      Энэ тоглолтын оркестрыг дохихоор ирсэн АНУ-ын удирдаач Брэд Коиэр ийн ярьсан. Гурвалд зориулж бүтээл хийнэ гэдэг маш хэцүү. Хөгжмийн зохиолчид нэг гоцлоочид зориулаад оркестртой хамтарсан зохиол бичих нь л том шалгуур болдог. Зарим нь чаддаг ч үгүй. Нэг бол гоцлооч нь тодроод, оркестр нь хаягдах ч юм уу, яг балансыг нь олох амаргүй байдаг болохоор тэр. Харин Л.Бетховен энэ хөгжмийг бичснээр маш том зүйлийн ард гарч, сонгодог урлагт нэгэн үнэ цэнэтэй бүтээл үлдээсэн” гэлээ. Гурвын гурван гоцлол хөгжимчин байхын дээр хоорондох уялдааг л нь соргог мэдэрч, найруулан бичих гэдэг амаргүй аж. Л.Бетховен “Гурвалд зориулсан концерт”-тойгоо зэргэцэн тухайн жилээ III, V симфонио бичиж дуусгасан байдаг. Тэр үед тэрбээр бид одоо мэддэг болсон шиг агуу хөгжимчинд “хувилж” байсан учраас өөрийгөө шинээр нээж, шинийг эрэлхийлж байсан юм билээ. Ингэж дэлхийн сонгодог хөгжмийн ертөнцөд Л.Бетховений нэрийг алтаар сийлэх шалтгааны нэг нь болсон “Гурвалд зориулсан концерт” нь бүтсэн юм байна. “Classical trio concert” тоглолтын төгсгөлд энэ бүтээлийг оркестртой хамтран тоглосон. Хөгжимчдийн чансааж сорьж, шалгадаг зартай бүтээл гэсэн. Гэвч манай гурвал хөгжимчин ерөөсөө шалтгалт өгч байна гэж бодсон юмгүй харагдсан. Залуу хөгжимчид хэдий ч үзүүлээд өгье гэсэн шиг эрэмгий байснаас үүдэж сонсож суугаа бидэнд хүртэл цочир сонин байсангүй, энэ эгшиг аялгуутай зугуу зугуухнаар уусан шингэж нэн таатай байлаа. Ер нь Ц.Бэхбат, Б.Оюу, Д.Галбадрах гурав энэ хөгжмийг энд, одоо тоглох л гэж бэлтгэгдсэн юм шиг санагдсан. Хөгжим нь ч гэсэн эрчимлэг, асар их чадвар шаардсан гэдэг нь илт.
      Энэ тоглолтын эхлэл болсон Ф.Мендельсоны “Гурвал №1” бүхэлдээ яруу сайхны дуулал адил хөнгөн хөнгөн “товшоотой”. Төгөлдөр хуурын тоглолт үндсэн суурь болох ч хийл, морин хийлийн найрлагатай гойд уялдаатай. XIX зууны үеийн романтизмын бас нэг сонгодог, сонирхолтой илрэл гэдгийг Б.Оюу ярьж байлаа. Тэр бүр “Ф.Мендельсоны трио дөрвөн ангитай. Хоёрдугаар ангийг нь энэ хорвоогийн хамгийн сайхан үгээр магтмаар байгаа ч үг эвлэхгүй юм. Тэр хэсгийг тоглож байхдаа мэдэрч байгаа аз жаргал, таашаалыг юутай ч зүйрлэх аргагүй” гэж тоглолт болохоос хэдхэн хоногийн өмнө ярилцлага өгөх үеэрээ хэлсэн нь санаанд орж байлаа. Энэ бүтээлийн дүрэлзсэн их тэмүүллийг нь тэд буй чигээр нь дэлгэн сонирхуулсанд нь талархаад баршгүй. Манай гурвал урьд нь гадаадад хамтарч, гоцлож хэд хэдэн удаа тоглолт тавьсан туршлагатай юм билээ. Сонгодог хөгжмийн хөгжил, өв уламжлалаар баян Швед, Испанийн тайзнаа гараад амжиж. Тухайлбал, Д.Галбадрах Нью-Йоркийн алдарт “Карнеги Холл”-д “World Milal choir”-той хамтран тоглолт хийсэн бол, Ц.Бэхбат Испанийн Бенаске хотод болдог “Beyond the music” олон улсын фестивальд гурван ч удаа оролцож, харин Б.Оюу Испанийн гурван хотод, дөрвөн удаа тоглолт зохион байгуулж амжсан. Бэхээ, Галаа хоёр хэсэг зуур Европод “үзэлцэж” байгаад эх орондоо эргэн ирсэн нь энэ. Харин Б.Оюу “Grand evening of Piano” нэртэй бие даасан тоглолтоо эх орондоо хэд хэдэн удаа тоглосныг бид бэлхнээ мэдэх билээ. Энэ удаа тэд  нэг тайзнаа нэгдэхдээ ёстой л гурвалын хүчийг мэдрүүлье гэсэн шиг байгаа юм.
    Хийл, морин хийл, төгөлдөр хуур гурав, Л.Бетховен, Ф.Мендельсон, Ж.Верди гурав, энэ нийтлэлийн гол болох манай гурвал хөгжимчний нийлэмжээс гайхалтай урвал явагдсэн учраас үзсэн бид ч хэсэгтээ хөхин баясаж явахын үүтгэл нь ийм. Энэ тоглолтод Ж.Вердийн “Хувь заяаны хүч” дуурийн удиртгал хөгжмийг тоглоход оркестрийг удирдсан, Л.Бетховений “Гурвалд зориулсан концерт”-ийг тоглох үед мөн дохисон, АНУ-ын удирдаа Брэд Коиэр Санкт-Петербургт олон жил ажиллаж байгаад Монголд бол анх удаа ирж буй нь энэ. Түүний ирсэнд нэг бэлгэшээлтэй зүйл байсан нь Ж.Верди дээрх дуурийг анх Санкт-Петербургт нээсэн юм билээ. Тэр бүр олон газраар явж дууриа нээдэггүй тэр, найзуудынхаа хүсэлтээр ОХУ-д очиж, энэ бүтээлээ анхлан толилуусан юм байна. Үүний нэг адилаар Брэд Коиэр ч гэсэн гурвалын тоглолт болох гэж буйг мэдээд, найзаараа дамжуулан уран бүтээлчидтэй холбоо тогтоож, сая ирсэн юм. “Залуу удирдаачид бэлэн оркестр олдох нь ховор. Бид бэлэн оркестр хүлээхгүй өөрсдөө эрж хайгаад л явдаг. Магадгүй зарим нь ингэхийн тулд маш хол зам туулж, өөрийгөө таниулах хэрэгтэй болно” гэж тэр ярьсан. Хол замынхаа турш Монголд нэг удаа буудаллаж, “Classical trio concert”-д оролцсон нь аль аль талдаа завшаантай хэрэг болсон юм.
     Ингэж цоо шинэ гурвал, хэдийгээр аль эрт зохиогдсон ч бидний хувьд мөн л шинэ болох хөгжмүүдээр үзэгчдийн сонорыг мялаасан “Classical trio concert” ямар гээч уур амьсгалтай байж, үнэ цэнэ нь чухам юундаа байсныг уншигч та бэлхнээ мэдсэн гэдэгт найдъя. Хүн угаасаа давруу хойно, сонгодог хөгжмийн шинэлэг тоглолтууд бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байгаа болохоор ч тэр үү дараачийн тоглолт хэзээ болох болоо гэсэн горь тэгээд ДБЭТ-ын хаалгыг хаасан юм.

Apr 9, 2013

Брэд Коиэр: Эрэл маань намайг энд авчирлаа


Маргааш онцгой орой байх болно. Учир нь алдарт Л.Бетховен, Ф.Мендельсоны гурвалд зориулсан сонгодог бүтээлүүд Монголын ДБЭТ-ын тайзнаа анх удаа эгшиглэнэ. Хийлч Ц.Галбадрах, морин хийлч Ц.Бэхбат, төгөлдөр хуурч Б.Оюу нарын "Classic Trio" концерт энэ үдэш ганцхан удаа тоглогдох гэж байна. Бид АНУ-ын удирдаач Брэд Коиэртой тоглолтын бэлтгэлийн үеэр нь уулзаж, ярилцлаа.     
         -Хавар ирсэн ч гэлээ Монголд хүйтэн хэвээрээ байна. Та энд ирээд даарав уу? 
     -Харин ч надад сайхан санагдаж байна. Сүүлийн хэдэн жил Санкт-Петербург ажиллаж, амьдарсан. Тэндхийн цаг агаар чийглэг, хүйтэн байдаг нь бараг эндхээс илүү "хорлонтой". Хэдийгээр Монголын хүйтэн цаг агаар, салхины хурдаас болж нислэг маань хойшилсон ч гэлээ намайг сэргээж байна. 
         -Тухайн өдрийн тоглолтод цаг агаарын байдал нөлөөлдөг үү? 
   -Хөгжимд баяр, гуниг, эрч хүч, намуун зөөлөн гээд сэтгэлийн маш оло нхөдлөл илэрхийлэгддэг салхин, шуурга, цас, бороо гээд байгалийн элдэв үзэгдэлтэй төстэй. Тухайн өдөр цаг агаар ямар ч байлаа гэсэн бидний тоглолтод сайн нөлөө үзүүлэх нь их. 
-Та найман настайдаа хоорт зосгож, дараа нь төгөлдөр хуураар хэсэг зуур хичээллэсэн юм байна. Одоо харин удирдаач. Багын тэр бүх хичээл зүтгэл удирдаач болоход өөрийгөө бэлдэх үйл явц байв уу, эсвэл тухайн үед үнэхээр төгөлдөр хуурч болъё гэж бодсон юм уу?
-Манай гэр бүлд сонгодог урлагаар замнасан хүн байгаагүй. Би анхных нь. Эхэндээ миний дотор удирдаачийн совин байгаа эсэхийг мэдэх нь битгий хэл ийм мэргэжил байдаг эсэхийг ч мэдэхгүй явсан. Багадаа дуулах дуртай байсан учраас л хоорт зогсож, дараа нь найз маань төгөлдөр хуураар хичээллээд байхаар нь дагачихсан. Харин дараа нь онцгой нэгэн тохиолдлоор анх удаа удирдаачийг ойроос харж, мэдрэхэд надад их сайхан санагдаж билээ. Тэр хүн хөгжимтэй хэрхэн холбогдож, мэдэрч, түүнийгээ бусдад хэлмэрчилж, тэднийг удирдаж байгаа нь их өвөрмөу байсан л даа. Тэгж л би удирдаач болвол ямар гэж бодсон. Миний харсан тэр бүхний цаана чухам юу байгаа юм гэдгий нээхийг хүссэн нь одоо мэргэжил маань болсон байна.
-Ихэнх удирдаач 40-45 насандаа оркестр удирдаж эхэлсэн байдаг. Хөгжмийг мэдэрч, мэргэшснийхээ дараа л тайзнаа гардаг, их хожуу боловсордог мэргэжил шүү дээ. Харин та бол гуч гарч яваа залуухан удирдаач. Нас залуу байхын зовлон хэр мэдрэгддэг вэ?
-Тийм ээ, таны хэлсэн шиг гоцлоочид, оркесторт суудаг ч хөгжимчид ч юм уу, олон жил ажилласныхаа дараа л туршлага сууж, удирдаач болдог. Урьдын жишиг ч  ийм. Гэтэл өнөө цагт бүх юм хувьсаж байна. Бүтээлүүд хүмүүст амархан хүрч, жишээ нь, өмнө нэг өдөр нэг л концерт үзэж, сонордох боломжтой байдаг байсан бол одоо гэртээ суугаад л арав, хорин концерт үзэж болдог болжээ. Судлах зүйл, материаллаг бааз ч түгээмэл, элбэг байна. Тэгэхээр залуу хүмүүс өөрийгөө хурдан чадваржуулж, удирчаад болоход үгүй гэх газаргүй. Харин нөгөө талд, хэдийгээр бүхнийг гүйцэд сурсан байлаа ч залуу удирдаачид бэлэн оркестр олдох нь ховор. Бид бэлэн оркестр хүлээлхгүй, өөрсдөө эрж хайгаад л явж байна. Магадгүй ингэхийн тулд маш хол зам туулж, өөрийгөө таниулах, хэрэгтэй болдог. Энэ амаргүй ч, бидний хувьд бас л нэг том хичээл болж өгдөг юм.
-Магадгүй та үүнийг л хайж Монголд ирсэн байж болох. Хаа байсан Америкаас Монголд ирж, эдгээр уран бүтээлчтэй хамтран тоглолт тавих саналыг зөвшөөрсөн хамгийн гол шалтгаан тань юу байв?
-Бэхээ, Галаа нартай найзаараа дамжуулан танилцсан. Монгол орноор аялахын зуур, ийм тоглолтод оролцох боломж байна гэж надад хэлэхэд нь бэлэг шиг л сайхан санагдсан. Хаа нэгтээг зорьж оркестр удирдахыг, чадвараа дээшлүүлэхийн сацуу өөрийгөө нээж харуулах ийм л зүйлийг би хүсэж, хүлээж байлаа. Энэ бол харилцан бие биедээ тусалж буй үйл явц. Бас эдгээр гурван хөгжимчний хоёр нь гадаадад байж байгаад эх орондоо буцаж ирээд тоглолт тавихаар зэхэж байгаа гэж сонссон. Би ч бас ОХУ-д хэдэн жил ажиллаж байгаад, саяхан эх орондоо (АНУ) ирээд өөрийгөө таниулах гэж хичээж байгаа учраас тэднийг ойлгож, бас чадлаараа дэмжихийг хүссэн учраас би энд ирээд байна.
-Л.Бетховен, Ф.Мендельсон, Ж.Вердийн гурвалд зориулсан хөгжмүүдийг бид анх удаагаа эх орныхоо тайзнаас сонордох гэж байна. Энэ бүтээлүүдийн агуу нь чухам юундаа байдаг юм бэ?
-Гурвалд зориулж бүтээл хийнэ гэдэг маш хэцүү. Хөгжмийн зохиолчид нэг гоцлоочид зориулаад оркестртой хамтарсан зохиол бичих нь л том шалгуур болдог. Зарим нь чаддаг ч үгүй. Нэг бол гоцлооч нь тодроод, оркестр нь хаягдах ч юм уу, яг балансыг нь олох амаргүй байдаг болохоор тэр. Харин Л.Бетховен энэ хөгжмийг бичснээр маш том зүйлийн ард гарч, сонгодог урлагт нэгэн үнэ цэнэтэй бүтээл үлдээсэн. Гурван гурван гоцлооч хөгжимчин байхын дээр тэдгээрийн хоорондох уялдааг л олно гэдэг амаргүй. Л.Бетховен “Гурвалд зориулсан концерт”-тойгоо зэргэцэн тухайн жилээ III, V симфонио бичиж дуусгасан байдаг. Тэр үед тэрбээр бид одоо мэддэг болсон шиг агуу хөгжимчинд “хувилж” байсан учраас өөрийгөө шинээр нээж, шинийг эрэлхийлж байсан нь харагддаг.
Харин Ж.Верди “La Forza del destino” бүтээлээ миний сурч, ажиллаж байгаад ирсэн ОХУ-ын Санкт-Питербургт нээж байсан нь надад онцгой санагддаг. Учир нь Ж.Верди тэр бүр олон газар дуурийн нээлт хийж яваад байдаггүй юм. Тухайн үед түүнд найзууд нь санал тавьж, тэр ОХУ-д ирсэн шиг би мөн адил найзуудаараа дамжуулан Монголд ирээд, дээрх бүтээлийг удирдах гэж байгаа нь надад сайхан санагдаж байгаа.
-Хоолойн чадал шаардсан бүтээл гэж байдаг. Тэгвэл удирдаач нарын хувьд  гарын техник шаардсан бүтээл байх уу?
-Удирдаачийг оркестрийн урд гаргаад ямархуу чансаатай этгээд вэ гэдгийг нь шалгахаар бол И.Ф.Стравинскийн хөгжмийг дохиулдаг юм. Түүний хөгжмүүд маш шалгуур болж өгдөг. Гэхдээ бүхий л хөгжимд өөрийн гэсэн үнэ цэнэ, шалгуур бий шүү дээ. Тухайн хүн хэр авьяастай юм, дотоод хөгжмөө хэрхэн мэдэрч, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ гэдгийг бүх л хөгжим шалгаж байдаг.
-Зөвхөн гарын техникийг эзэмшихийн тулд та хэр олон жилийг зарцуулсан бэ?
-Анхлан суралцаж байхдаа хэдэн долоо хоногийн турш хөгжимгүйгээр, зөвхөн биеийн хөдөлгөөнөө хянах, өөрийнхөө биеийг хэрхэн хөдөлж байгааг анзаарах, үүнд анхаарал тавих дасгал хийдэг байсан. Дараа нь ОХУ-д очиход багш маань тогтвортой байхыг хамгийн чухалд үзэж, сургасан. Сурах явцдаа гарын техникээ улам хөгжүүлж байснаас биш одоо би үүнийг өөрийн болгож, эзэмшиж чадлаа гэж хэзээ ч бодож байгаагүй. Ер нь тэр цэгт хүрэх ч үгүй байх. Өөрийнхөө хөдөлгөөн бүрийг хянана гэдэг бидний хувьд их чухал л даа. Хоёр гараараа зэрэг, эсвэл ондоо ондоо хөдөлгөөн илэрхийлэхэд хяналттай байх нь маш их хэрэгтэй. Хөгжимдөө хэтэрхий уусаад, гарын хөдөлгөөнөө мартчихвал бүх юм дуусаа л гэсэн үг. Бас гарын техникийг зөв сурахгүй бол хожим гэмтэх, өвчтэй болгох эрсдэл их.
-Өдөр бүр хөдөлж, түүнийгээ хянаж, сургуулилж байдаг болохоор биеийн тамирын дасгал хийх ч хэрэггүй юм шиг байна, тийм үү?
-Тийм ээ (инээв).
-Төгөлдөр хуурчидтай адилаар та нар ч бас гараа хайрлаж, гамнаж байх ёстой болдог байх тийм үү?
-Зөвхөн гараа ч биш үргэлж хөдөлж байдаг болохоор бугуй, тохой, мөр, нуруугаа бас хамгаалах, гамнах хэрэг гарна. Үүнээс гадна тайзан дээр удирдаачдын зогсдог индэр дээр ажиллаж сурахын тулд маш их цагийг зарцуулдаг. Тэнд яаж байрлах, хөдөлгөөнөө, зогсолтоо өөрчлөхөд яах вэ гэдгийг сурдаг зэргээс харвал удирдаач хүн биеэ хэрхэн гамнах ёстой байдаг нь харагдаж байгаа биз. Нэг хөдөлгөөнөө олон удаа давтдаг болохоор удирдаачид мөрөндөө гэмтэл авах тохиолдол элбэг. Хэрэв биедээ гамтай байхгүй бол нэг л өдөр гар нь хөдлөхөө байчихна. Тайзнаас бууж ч амжилгүй нас барсан цөөнгүй удирдаач байдаг. Зөвхөн биеийн гэлтгүй сэтгэл зүйн хувьд ч өндөр ачаалалтай байдаг. Зүрх хурдан хурдан цохилно, бүтэн оркестрийн дунд ганцаарханаа зогсоод хөгжмийг мэдэрч, хөгжимчдийг удирдахын тулд харцнаас эхлээд чихний сонор хүртэл өндөр байх хэрэгтэй.
Уг нь би хөлбөмбөгт дуртай. Тэгсэн дунд сургуульд байхдаа тоглолтоос долоо хоногийн өмнө найзуудтайгаа тоглож байгаад ядам хуруугаа гэмтээж, оркестроо удирдаж чадаагүй. Тийм болохоор өөрийгөө дуртай зүйлээсээ хүртэл чөлөөлсөн.
-Та Монголд ирсэн даруйдаа тоглолтын бэлтгэлд оролцож байгаа гэдгийг сонссон. Маргааш болох тоглолт ер нь ямархуу болох мэдрэмж төрж байна вэ?
-Энд оролцож байгаа хүмүүст нэг ижил тал байна. Тэд бүгдээрээ шинийг эрэлхийлж, маш их хичээл зүтгэл гаргаж, хөгжимд өөрийгөө зориулж буй нь надад мэдрэгдсэн. Хүнд аливаад өөрийгөө зориулаад, түүгээр дамжуулан бусдад ямар нэг юм өгөхийг хүсэж байгаа гэдэг нь маш эрхэм чухал зүйл. Тиймээс би энэ тоглолтын нэг хэсэг нь болж байгаадаа баяртай байна. Үзэгчид ч гэсэн энэ сэтгэлийг мэдрээд, ямар нэг зүйлийг олоод буцна гэдэгт би итгэлтэй байгаа.

Apr 6, 2013

Бохир бүжиг



Большой театрын бүжигчин, уран сайхны удирдаач Сергей Филин 

     Оросын түүхийн зузаан зузаан номууд бүхэлдээ дайн тулаан, атаа хорсолоор улбаалсан гэмт хэргээр дүүрэнсэн. Ер нь л дэлхийн түүх гэгч чигтээ л дайны тулааны түүх байдаг хойно. Урлагийн түүх ч ялгаагүй. Зэвсэг барин тулалдахаас илүү боловсон, бас хорон. Яг ийм хорон бас боловсон өшөө авалт дэлхийд алдартай Большой театрын дотроос гарч, тус театрын балетийн уран сайхны удирдаач Сергей Филин өдгөө дахин хараа орох эсэх нь эргэлзээтэй гэсэн оноштойгоор Германы эмнэлгийн орон дээр өдөр хоногийг өнгөрөөж буй билээ.
    Түүнийг Оросын балетийн ханхүү гэцгээдэг. Таван жараны түүхтэй Большой театрт гоцлож, улмаар уран сайхны удирдаач болтлоо дэвшинэ гэдэг дэлхийн балетийн урлагийн оргил өөд гарсантай ялгаа юун. Долоон настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн Сергей Филин хоёр жилийн дараа Москвагийн Балетийн академид суралцах урилга гардсан нь том завшаан байв. 18 насандаа тэр “Большой балет компани”-д элсэх хүртлээ чадваржжээ. Хоёр жилийн хойно Сергей Филин хэдийнэ алдрыг олж, бүхий л томоохон балетад гоцлож, шуугиулаад авсан гэдэг. “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Ромео Жулиет хоёр”, “Жизель”, “Сүүлчийн танго”, “Кихот ноён”, “Үнсгэлжин” зэрэг балетад гоцлож, XX зууны сүүл үеийн Оросын балетийн урлагийн өнгө төрх нь болж явав. Тухайн үед бол алдарт Галина Степаненко, Светлана Ланкина нартай л хоршиж байж шүү дээ. 2004 онд “Зөрүүд охин” охин бүжгэн жүжигт гоцлож байх үедээ хөлдөө бэртэл авч, тухайн жилдээ зодог тайлсан юм. Хэсэг зуур амсхийсний дараа 2011 онд Большой театрын балетийн уран сайхны удирдаач болсноор их театрын босгыг дахин алхжээ. Олон улсын театрын наадмаас “Алтан маск” шагнал хүртсэн шинэ эриний анхны орос хүн болсон түүнд энэ зэргийн хүндэтгэл үзүүлэх нь зүй ёсных байв. Гэвч өдгөө Сергей Филиний төрх алтан маск гэгдэх нь битгий хэл бүхэлдээ эрэмдэг болсоны дээр хоёр нүд нь дахин хараа орох магадлал ч бага. Учир нь тоглолтоо тарчихаад гэртээ харих замд нь баг зүүсэн үл таних этгээд нүүр рүү нь хүчил цацаад зугатаачихсан гэдэг. Энэ гунигт явдал түүхийн номонд хараахан орж амжаагүй байна. Дээрх хэрэг тун саяхан, бүр тодруулбал 2013 оны нэгдүгээр сарын 21-нд болсон юм.
Хүчилд цацуулсны дараа 
     Нүд нь хавдаж, нүүрээ бүхэлд нь бинтээр ороолгуулсан түүнийг нэгэн цагт Большой театрын тайзнаа мандаж явсан балетчин гэхэд итгэх хүн цөөн. “Эрэмдэг болсон царайгаа харж чадахгүй байгаа нь нэг бодлын амар юм даа” гэж Сергей Филин “Newsweek” сэтгүүлд ярилцлага өгөх үедээ хэлж. Уйтгартай ч юм, гунигтай ч юм. Одоо түүнд хагалгаа амжилттай болоосой гэж хүсэх л үлдсэн. Энэ нь эхний бөгөөд эцсийн оролдлого учраас тэр. Түүнийг ийн шаналах зуур дэлхийн хэвлэлүүд шуугиж, энэхүү хэрэг явдлын цаана хэн байв, ямар зорилгоор ингэх болов гэдгийг мөшгиж эхлээд байна. Большой театрын хэвлэлийн төлөөлөгч Екатрина Новикова “Сергейг суудлаас нь буулгах гэсэн оролдлого байснаас зайлахгүй. Театрын дотроос л хэн нэгэн энэхүү ичгүүртэй хэргийг өдөөсөн байх. Учир нь Сергей ажилдаа төгс мэргэшсэн нэгэн учраас түүнийг зайлуулах цорын ганц арга л энэ” хэмээн ярьжээ. Сергей Филин ч мөн ийн бодож буй. Тэрбээр “New York Times”-д өгсөн ярилцлагадаа энэ хэргийн цаана хэн буйг мэдэж байгаа гэдгээ хэлсэн ч, нэрийг нь дурдахаас зайлсхийсэн байна. “Учир нь тэр өөрөө гэмээ хүлээгээсэй гэж би найдаж, бас хүсэж байна. Ийм хэрэг үйлдсэн тэр хүнд энэ зэргийн зориг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна”.
Германы эмнэлгийг зорихоос өмнө
      Золгүй явдал болох үед Сергей Филин “Сүмийн бүжигч” (La Baydere) бүжгийн уран сайхны найруулга дээр ажиллаж байсан бөгөөд энэ зуур эзэн нэргүй заналхийлсэн захидал хүлээж авсан гэдэг. Энэхүү захидалд чухам юу дурдагдсаныг Сергей Филин нийтэд дэлгэхээс цааргалаж буй ч, “өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өг” хэмээсэн боловсон ятгалга байсан юм билээ. Их театрын удирдах албан тушаалын төлөөх далд дайн хэзээнээс л улбаатай аж. Сергей Филиний хүлээж авсан энэхүү албыг өмнө нь Геннадий Янин хашиж байсан ч, түүний зүй бус, садар бичлэг интернэтээр тархасны дараа ажлаа өгсөн байна. Тус театрын зарим балетчиний баталж буйгаар уг нь Г.Яниныг гочлооч Николай Цискаридзе орлох байсан ч, Большой театрын удирдлагууд С.Филинийг сонгосон ажээ. Мэдээж, энэ хэрэгт хамгийн түрүүнд Н.Цискаридзег сэрдэж буй ч, хэд хэдэн байцаалтын дараа ч тэр дээрх явдалд холбоогүй гэдгээ баталсаар байгаа юм. Большой театрыг тойрсон улигт асуудал үүгээр дууссангүй тус театрын өнөө цагийн шилдэг гоцлоочид болох Иван Васильев, Наталья Осипова нар ажлаасаа халагдах хүсэлтээ өгч шуугиан тарив. Тэд өөрсдийн өргөдөлдөө “Мөнхийн дарамт шахалт, атаа хорслоор дүүрсэн энэ тайзнаа дахин тоглоно гэхээс эмээж байна” гэж бичсэн байна. Үүнээс болж Большой театр 247 дахь үзвэрийн жилийнхээ хөтөлбөрт өөрчлөлт оруулж, зарим нэг тоглолтыг цуцлах хүртэл арга хэмжээ авч эхэлжээ.
   Өдгөө Большой театр 100 рублийн дэвсгэрт дээрх хөрөг шигээ сүрдэм бөгөөд амгалан налайхаа байв. Театрын үе үеийн уран бүтээлчид ч тэр, хэвлэл мэдээллийнхэн ч тэр ээлж ээлжээр театрын доторх бузар булайг нь дэлгэцгээж байна. Бэлгийн дарамт, бүжигчдийн хоорондох хорон өшөө авалтууд энд бол хэвийн үзэгдэл бөгөөд бүр театрын удирдлагууд Оросын мафитай сүлбээтэй гэдэг нь хүртэл ил болов. Зургаан жил үргэлжилсэн театрын сэргээн босгох их засварт 668 сая ам.долларын хөрөнгө зарсаны цаана томоохон нууц бий гэж итгэсэн цагдаагийн ажилтнууд хэдийнэ мөрдөн байцаах ажилаа эхлүүлээд байгаа аж.
Гэвч дэлхийд цуутай уг театрыг дотроос нь ч, гаднаас ч мэрцгээж буй энэ үед их театр эдгээр дуулиан шуугианыг сүрлэг барилгынхаа гадна үлдээж, улаан хамбан хөшгөөр халхалсан тайзныхаа ард ээлжит сургуулилтаа явуулж, хөтөлбөрт арга хэмжээ бүрээ ээлж дараалан явуулсаар л байна. 300 шахам жилийн түүхтэй их театр уран сайхны удирдаачаа, хоёр ч гоцлол бүжигчнээ алдсан ч үл ганхаж, барьц алдахгүй байгаа нь сүржин бөгөөд хүчирхэг санагдана. Магад Сергей Филин 2004 онд тоглолтын үеэр хөлдөө гэмтэл авсан ч дуусан дуустал нь торох юмгүй бүжиж, зангирсан их өвдөлтийг тэвчин, алга нижигнүүлэх үзэгчдийн өмнөө хоёр гараа дээш өргөн мишээж байхдаа ийм л байсан болов уу. Дуулиан тарьсан хэрэг явдлууд ар араасаа хөвөрч, театрын бүжигчдийг түгшээж байгаа ч тэд энэ сарын 15-нд тоглох “Нойрсож буй гүнж” бүжгэн жүжгийн бэлтгэлээ хийсээр л байгаа тухай “New York Times”-д бичжээ. Большой театрын цахим хуудаст нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Сергей Филиний албан тушаалыг театрын экс гоцлооч Галина Степаненко түр хугацаанд хашихаар болсон гэнэ (бүр ч байж мэдэх л юм). Харин уг цахим хуудаст Сергей Филинтэй холбоотой хэргийн талаар нэгээхэн ч үг, өгүүлбэр байсангүй.
Сергей Филиний нүүрний хавдар бүрэн буусан бөгөөд тэр Москвагийн төв эмнэлгээс гарч, Германд эмчлүүлэхээр шийджээ. “Би нэг л зүйл мэдэж байна, энэ хэргийн цаана ганц хүн биш бүхэл бүтэн бүлэг бий. Би нэг л зүйлд итгэж байна. Нүд минь хараа орвол би тайзнаа дахин ирнэ. Тэгээд жинхэнэ уран бүтээлч хүн хэрхэн өшөө авдагийг уран бүтээлээрээ харуулна, би”.   
           
           

Apr 2, 2013

Хавар, дахиад л хавар

БНСУ-ын найруулагч Ким Ки Дук 
Венецийн кино наадмаас “Алтан арслан” шагнал гардах мөчид нь Есүсийн цогцосыг тэвэрсэн ариун Мариагийн хөрөг зургийн далд утгаар оролдсон зэн буддист, дорно эр чухам юу гэж хэлэхийг танхимд цуглагсад хүлээж байлаа. Тэгтэл ёрог ханбугтай, гутлынхаа хойд дээр нүцгэн хөлөөрөө хээв нэг гишгэсэн мөнөөх эр шагналаа хүлээж аваад тийм ч эвлэг биш хоолойгоор “Ариранг” нэртэй дуу дуулчихаад тайзнаас буув. Дараа нь тэр тайлбар хийхдээ “Солонгосчууд бид энэ дууг ганцаардаж, гуньсан үедээ дуулдаг юм аа” гэж билээ. Найруулагч Ким Ки Дук ийнхүү “Пьета” киногоороо Канн, Венец, Берлин гэх дэлхийн гурван том кино наадмын нэгнийх нь дээд шагналыг өөрийн болгосон анхны солонгос хүн болсон юм. Өр нэхэгч чанд эр Канг До, түүнийг багад нь орхиод явсан ээж хоёрын жир биш харилцааг харуулсан энэ кино Кимийн хамгийн бараан бүтээл гэлцдэг. Ээж нь хүүдээ гар хангалга хийхэд нь тусалж, хүү нь эхийнхээ нууц эрхтэн рүү гараа оруулаад “Би эндээс гарсан гэл үү, буцаад орж болох уу?” гэж асуудгаас нь болоод секс хүчирхийлэл харуулсан увайгүй дүрслэлтэй хэмээн зарим шүүмжлэгч үл таалахад нь Ким Ки Дук “Та нар ийм хулчгар байсан хэрэг үү” гэж асууж байсан. Төгсгөлд нь кино урлаг дахь хамгийн “гоёмсог”, хамгийн бахдам үхэл гардаг. Хэрэв гарцаагүй ирэх үхэлд зэгсэн бэлддэг байсан бол бидний ихэнх маань өнгөрүүлсэн амьдралаа түүн шиг л цэглэхийг хүсэх байсан болов уу. М.Ханакегийн “Amour”-оос бол хавь илүү, Ю.Мишимагийн “Эх оронч үзэл”-тэй л дүйхүйц хүчирхэг үхэл! Хүлцэнгүй хохирогчоо өөрийн нь мэдэлгүй алуурчин болгочихоод, ачааны тэрэгний дор чирэгдэн яваад л, яваад л, яваад л байдаг тансаг үхэл. “Пьета”-г бүтээснийхээ дараа Ким Ки Дук “Hollywood Reporter”-т ярилцлага өгөхдөө “Энэ киног үзсэн хүмүүс миний бүтээлүүдийг илүү объектив болоо юу даа гэж хэлсэн. Харин би найруулагын шинэ хэлбэрийг эрэлхийлж байгаа. Урьд миний бүтээлүүд дорно руу чиглэж байсан бол одоо би өрнө рүү харахыг хүсэж байна” гэж хэлсэн байсан. Анг Ли шиг бүрнээ уусчихгүй болов уу гэж бид найдах хэрэгтэй байх л даа. 
"Pieta" киноны баг, Венецийн кино наадам
    “Пьета” түүний 18 дахь бүрэн хэмжээний кино байсан ч өнөө хэр тэр унаагүй л байгаа. Үгүй ядаж өөрийгөө давтлаа ч гэж зэмлүүлээгүй. Энэ бол баргийн найруулагчийн туулахгүй бардам зам. Харин тэр өөрийнхөө тухайд “Уран бүтээлч хүн үргэлж агуу байж чадахгүй. 2004 он, “Samaritan girl, 3 Iron ”-ийг хийж байсан нь миний карьерийн оргил үе гэж би боддог. Тэгээд хэсэг “унтсан”. Харин “Пьета” намайг дахин оргил руу гаргалаа” гэж ярьсан билээ. Эхэн үеийн кинонуудынхаа тухай, жишээ нь,
Венецийн кино наадмын улаан хивсний ёслолд
Crocodile, The Isle”-ийгээ бол аз туршсан хэрнээ хүчтэй бүтээлүүд болсон гэж үнэлдэг. Өөрийнх нь дэбют кино “Crocodile(1996) олны хүртээл болохоос урьд тэр кино зохиолчоор хэсэг зуур ажилласан байдаг. Үүнээс өмнө 1993 он хүртэл гурван жилийг Парист сурахад зориулсан. Уг нь тэр зураач байсан юм билээ. “Би байгалийн зураглалд дуртай. Яаж ч сайн зурлаа гээд байгалийг байгаа шиг нь үзэсгэлэнтэй буулгах боломжгүй. Тийм болохоор би уран зургийг орхиж, камертай харицахыг илүүд үзсэн”. Шуугиант хотын зүрхээр урсах голын эрэгт амьдардаг, гүүрнээс үсэрч амиа хорлогчдыг авардаг тэнүүлч эрийн тухай өгүүлсэн “Crocodile” нь тухайн жилээ Солонгосын кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, нэг сайн арт хаус чиглэлийн найруулагч төрж буйг илтгэж байлаа. Эхлээд “Crocodile”-ийг, дараа нь “Pieta”-г үзэх юм бол Ким Ки Дук эхнээсээ л чадварлаг байсныг, үндсэн чиг нуруугаа өнөө хэр алдаагүй болохыг харьцуулж мэдэх боломжтой юм.
"Хавар, зун, намар, өвөл, дахиад л хавар"
     Ким Ки Дукийн бас нэг дархлагдсан бүтээл нь “Хавар, зун, намар, өвөл...дахиад л хавар” (2003). Нуурын гол дахь бяцхан сүмд өссөн бяцхан ламхайн өтөл нас хүртэлх түүхийг харуулах энэ кинонд хүний ааш араншин, төлөв янзын цагийн улиралтай уялдах цэгийг гайхалтай мэдэрч, яг хэвээр нь дүрслэн харуулсан энэ кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Нуурын мандал дээр өрнөх амьдрал, өсөлт, хайр дурлал, итгэл, атаа хорсол, үзэн ядалт, байгаль болон түүний нууцлаг шүтэлцээ энд байдаг. Бяцхан сүмийн доторх хийгээд нуурын гаднах хана хэрмээр тушигдаагүй хаалга бол зөвхөн дорнын хүмүүс л ойлгож чадах хүрээтэй. Энэ кино нь “Chicago Sun times сонины шүүмжлэгч Рожер Эбертийн “Агуу кинонууд” түүвэрт нь багтсан бараг л цорын ганц азийн арт хаус кино болсон. “Бидний мартсан, эсвэл бидэнд хэзээ ч байгаагүй суртахууныг тэр нээж, харуулдаг” гэж Рожер Эберт   өрнөдийнхөнд мань эрийг танилцуулж байсан билээ. “Хавар, зун, намар, өвөл...дахиад л хавар” кинонд нь жаал хүү загасны аманд жижиг чулуу хийн, могой болон мэлхийнээс томоо чулуу уяж тарчлааж буй дүрслэл гардаг. Мөн “The Isle” кинонд нь арьсгүй хэрнээ амьд буй мэлхий, эрэмдэглэгдсэн загасыг харуулдагаас нь үүдэж Их Британи болон АНУ-д дээрх киног гаргахаас татгалзаж байв. Харин энэ бүхний хариуд Ким хэлэхдээ “Энэ буруу зүйл гэдгийг би мэднэ. Тийм ч учраас би ядаж л тэдгээрийн төлөө дотроо залбирдаг. Харин та нар загасыг шараад түүнийгээ амтархан зооглож буй дүрс кинондоо зөндөө л ашигладаг. Америкчууд та нар үхэр, гахайн мах иддэг. Ингэхийн тулд бүгдийг нь алдаг. Тийм үү? Би эндээс ямар ч ялгаа олж харахгүй байна” гэж хэлэн, маргааныг таслаж байлаа.
"Пьета" киноны постер
            Аль болох бага хүүрнэл, эсвэл бүр огтоос харилцан яриагүй байх нь Кимийн трэйдмарк. Үггүйгээр харилцан ярилцахыг тэр кинондоо ч бодит амьдрал дээрээ ч эрхэмлэн үздэг. “Өнөө цагт хүмүүс хэтэрхий их ярьдаг болсон болохоор бие биетэйгээ ер ойлголцож чадахаа больж байна. Уг нь чимээгүй байхдаа хүмүүс хамгийн их мэдрэлцдэг юмсан”. Дээр нь кино харилцан яриа багатай байх нь үзэгч тухтай эргэцүүлж, ургуулан бодоход нь саад болдоггүй сайн гэж тэр боддог. Кимийн киноны дүрүүд ганцаардал гэсэн ганц цэгт огтолцдог. Тийм болохоор түүний кинонууд цөөхөн дүртэй. Кимийн хүүхнүүд хүлцэнгүй харагддагийнхаа цаана хүчээ нуусан байдаг. Яг л дорно шиг ээ.