May 30, 2013

Энд, одоо!


Энд, одоо... “Kush & Oyuka” жааз хамтлагийнхан бэлтгэлээ хийж байна. Хөгжимчид болон дуучин нотны тавиур дээрхээ чухалчлан харна. Куш хоолойгоо, хөгжимчид тус бүрийн хэрэгслээ дуугарган сууна. Бүгд тус тусдаа чихэвчтэй байх бөгөөд надад ч бас нэгийг өглөө. Эхний дуу Жейми Каллумын “Just one of those things”.

Жааз, поп урсгалаар дуулдаг Жейми Каллум нь анхны цомгоороо л Жааз хөгжмийн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн, “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж байсан, Их Британийн жаазын залуу үеийн гол төлөөлөл юм. Дуугаа өөрөө зохиож, хөгжимдөж, бас дуулдаг. Жааз урсгалын уран бүтээлчдэд нэгнийхээ дууг коверлох нь бараг л жам болсон үйл явц. Энэ дундаас түүний бүтээлүүд нэлээд ярвигтайд тооцогддог юм билээ.
Гэвч “Kush & Oyuka” жааз хамтлагийнхан түүний “Just one of those things” дууг удахгүй болох тоглолтдоо коверлож (бусад уран бүтээлчийн дууг шинэчлэн дуулах) дуулахаар бэлдэж байна. Монголын өнөө цагийн жааз хөгжмийн урсгалын нэр, нүүр болж яваа залуу хамтлагийнхан “Say it now” гэх анхны цомгоо удахгүй худалдаанд гаргах гэж буйнхаа зэрэгцээ, энэ цомгийнхоо нэрээр нэрлэсэн тоглолтоо зохион байгуулах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Уг тог лолтод тэд өөрсдийн шинэ дуунаас гадна Жейми Каллум, Майкл Бубле нарын бүтээлээс толилуулах юм.
“Бид тоглолтоо зориулж хэд хэдэн шинэ дуу коверлож, бэлдэж байна. Дуулах, хөгжимдөхөд хэцүү байх тусмаа бидний тоглох хүслийг өдөөдөг юм. Тиймээс энэ тоглолтод Жейми Каллумын хэд хэдэн дууг сонгосон” гэж хамтлагийн гишүүн, төгөлдөр хуурч Оюука ярьсан. “Jubilee” мюзиклд зориулж 1935 онд Коул Портер зохиосон ч сүүлд Жейми Каллумын дуулсан хувилбар нь ихээхэн алдаршсан уг дууны талаар тэрбээр “Свинг талдаа, их түргэн хэмнэлтэй дуу. Бүтэн оркестр, “big band” хамтлаг тоглодог учраас бид өөрсдөдөө зориулж зарим хэсгийг нь өөрчилсөн” гэлээ. Дуучнаас бол чөлөөтэй байдал, хүчтэй хоолойг шаарддаг нь Кушийн “эрх ашиг”-т гойд нийцэж байсан. Кушээс хоолойны дасгалаа хэрхэн хийдэг вэ гэж асуухад iPad-наасаа надад “Practice tools” гэх аудио дасгалын программ үзүүлсэн. Техник, технологи хөгжиж, тэр хэрээр дуулах процесст хүртэл нөлөөлж буйн нэг илрэл нь энэ ажээ. Бэлтгэл хийх дуугаа сонгомогц, нэг эмэгтэй (автомат, “аудио багш”) гамм уншуулж эхлэх бөгөөд би ямар ойлгох биш, цааш нь сонссонгүй. Бэлтгэл үргэлжилсээр, “I get a kick out of you”, “Love”, “Wonderful tonight”-ыг ар араас нь угсрууллаа. 
“Say it now” цомгийнх нь эхний хоёр сингл хэдийнэ олны хүртээл болсон. “Say it now”, “Бүх юм зүгээр” дууг нь та

 хэдийнэ сонссон байх. Цомгийн нээлт болон тоглолтын дараа албан ёсоор олны хүртээл болгохоор зэхсэн гурав дахь сингл нь “Чиний нэр дээр” хэмээх нэртэй. Хөгжмийг Оюука, харин дууны үгийг хоёул хамтран бичсэн гэнэ. “Энэ дуу саяхан гаргасан “Бүх юм зүгээр”-ийг бодвол илүү удаан хэмнэлтэй. “Чиний нэр дээр” дурлалын шаналлаас үүдэж, төрсөн дуу бөгөөд бидний хэн хэний маань сэтгэл, зүрхтэй холбоотой” гэж Оюука хэллээ. Урт, урт ноттой, амьсгаа их шаардсан дуу боловч дууныхаа дотоодыг хэн хэн нь мэдэрч, мэдэх болохоор хэцүү зүйлгүй гэж Куш ярьсан. Сэтгэлээ, мэдрэмжээ үгээр болон хөгжмөөр илэрхийлж чаддагт нь Оюукад атаархах шиг ч болов. Тоглолтод арав гаруй хөгжимчин оролцох бөгөөд энэ удаагийн бэлтгэл дээр аргил гитарчин, төгөлдөр хуурч, бөмбөрчин иржээ. Тоглолт дөхөөд ирэхээр бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэлээ хийж эхлэхээр төлөвлөж байгаа аж.
-Коверлож дуулах дуугаа сонгох доо та хоёр хэний “эрх ашиг”- ийг илүүтэй хүндэтгэн үздэг вэ?
Куш: -Дуунуудыг ихэвчлэн Оюука санал болгодог. Түүний сонгосон дуунуудыг харж байгаад бид сонголтоо хийдэг юм.
Оюука: - Цөөнгүй жил хамтарсан болохоор Кушийн хоолойг, бас сонголтыг сайн мэддэг. Тиймээс Кушийн хоолойд тааруулан дуугаа сонгодог. Түрүүн ярьсанчлан, дуулах, хөгжимдөхөд аль болох хэцүү тусмаа л би татагддаг.
-Тоглолтгүй үед ч гэсэн та хоёр бэлтгэл байнга хийдэг үү?
Куш: Тоглолт төлөвлөөгүй үед хааяа л бэлтгэл хийдэг. Тоглолттой үед бол эртнээс бэлдэж, тогтмол бэлд дэг. Жишээ нь, өмнөх гурван тоглолтод бид бараг 50 орчим дууг бэлдэж, өөрийн болгож коверлосон. Шинэ тоглолт бүртээ бид шинэ шинэ дууг коверлохыг зорьдог.
-Нэг дууг өөрийн болгоход ер нь хэр уддаг вэ?
-Монголоос гадаадын жааз дууны бэлэн нот, хөгжмийн задаргаа олох хэцүү. Тиймээс бид бүхнийг өөрсдөө хийх хэрэгтэй болдог юм. Хугацааны хувьд тухайн дуунаасаа л болно. Ер нь нэг дууг коверлох гэж дунджаар долоо хоног бэлддэг. Жеймигийн “I get a kick out of you”-г бэлдэх гэж харин жаахан удсан гэв.
Эсперанза Сполдинг, Жейми Каллум гэхчлэн өөрсдөө хөгжмөө тоглохын сацуу дуугаа дуулдаг жааз уран бүтээлчид олон. Харин Кушээс хэзээ нэгэн цагт өөрөө төгөлдөр хуур тоглож, дуулах тухай бодож байсан уу гэж асуухад “Эхэндээ тэгж боддог л байлаа. Харин одоо тэр бодлоо гээсэн” гэлээ. Тэгсэн Оюука гайхсан байртай “Яагаад” гэж асуухад, Куш “Оюука маань байгаа юм чинь” гэсэн юм.
“Say it now” тоглолт нь ирэх сарын 8, 9-нд “iLoft”-д болох гэж буй. Энэ зуны, энэ жилийн анхны жааз тоглолт учраас энэ урсгалыг шимтэн сонсдог хүмүүсийн анхаарлын төвд хэдийнэ ороод байгаа. Нэг хэсэг бүр сураг ажиггүй, нам жим болоод байсан манай жааз хөгжмийн ертөнцөд замаа гаргаж, өөрсдөө суралцахын сацуу Монголынхоо жааз урсгалын хөгжилд хувь нэмрээ оруулж буй тэдний тоглолтод та заавал очоорой. Монголын жааз хөгжим, “Kush & Oyuka” хоёул цоо шинэхнээрээ байна шүү дээ. Яг энд, яг одоо...!

May 15, 2013

Дуучнаас би зөвхөн дуу л хүснэм

    
Барилга байшин юу ч үгүй нүүгэлтсэн их тал, зөвхөн хүн, байгаль хоёр л хүртэлцэн, шүргэлцэж болох хөх униарт хөдөө нутгийн тухай төсөөлөл европчуудад байхгүй. Сул газрыг зөвхөн хундаам гэж хардаг тэдний сэтгэхүйг ч бид ойлгож цөхдөг нь ийм учиртай. Гэвч уртын дуу, Өвөрмонголоос гаралтай дуучин Цахар Тугчийн Урнаа хоёр тэдэнд мэдэж, мэдрэхгүй тэр л гайхамшгийг хүргэж яваа. Оо энгэсэг, гялгяр хувцас, гоё чамин юу ч үгүй тайзнаа гарахад биед нь ахадмаар уужим талын цуурай танхимд бүрнээ түгж, тэгээд түүний хоолойгоор уянга болон хүрдэгт сонсогчид нь дуртай. Уулын бяцхан горхи шиг, тагийн танхил цэцэг шиг, агаар мэт, үүл мэт цэвэр тунгалаг байдагт нь биширмээр. Дуучнаас би зөвхөн дуу л хүснэм... 
     Саяхан Тувагийн алдарт дуучин Сайнхо Намчылак Монголд ирээд, “Mother earth, father sky” тоглолтоо хийгээд буцлаа. Тун удахгүй Цахар Тугчийн Урнаа энд ирж, ээлжит тоглолтоо толилуулахаар зэхэж байна. Өнөө жил эх нутгийн маань хавар ийм хоёр гайхалтай эгшигтэй хамт ирж буй нь юутай сайхан хэрэг вэ. Оросын хөгжмийн нэгэн шүүмжлэгч “Урна, Сайнхо хоёр бол Азийн дива юм” гэж хэлснийг санахаар, тэд хоёул элэг санаж Монголд оронд ойрхон зайтай ирж байгааг бодохоор... энэ зун ч хөл хөөртэй болох нь ээ дээ.
     “Түүний хоолой хүрхрээ мэт хүчирхэг эсвэл эрвээхэй далавчаа дэвэх мэт зөөлөнд хөрвөж чаддаг. Яагаад түүний сонсогчид, хөгжмийн шүүмжлэгчид хоолойг нь бүхэлдээ нэг оркестртой дүйхүйц гэж хэлдгийн хариу нь энэ” хэмээн Томас Авенариус “The Voice of new Nomads” шүүмж өгүүлэлдээ бичсэн байж билээ. Монголын урлагийг дэлхийд таниулж яваа энэ бүсгүй Ордос нутгаас гаралтай боловч одоо Германы иргэн болсон. “Өөрт олдож болох бүхий л боломжийг ашиглахын тулд” гэж тайлбарлаж байсан. Үнэхээр ч тэр Европт гарч, алдарт нэрд хүрсэн төдийгүй, 24 оронд тоглож, одоо Монголд ирэх гэж байгаа нь энэ. 1968 оны хонь жил, Цагаан сарын урд өдөр төрсөн тэрбээр эмэг эхийнхээ хайр халамж дунд хүн болжээ. Бусад монгол хүний л адилаар эмээ нь дууч хүн байсан төдийгүй шөнө бүр үлгэр хэлдгийн ачаар Урнаа монгол ахуйтай ойр өсөж, өнөө хэр элэг зүрхэндээ тээж, дээдэлдэг шигээ эх урлагаа буй чигээр нь түгээж яваа нь ч үүнтэй холбоотой байх. Түүнд багш гэж байсангүйн дээр өөрөө ч хэн нэгний заавар, тушаалаар явахыг хүсээгүй. Харин “Аав ээж, нутаг ус, айл аймаг, нагац ээж маань миний багш” гэж хэлдэг. Урнаагийн дуу бүрээс “элэг үнэртэж” байдгийн учир нь энэ байх.
      Энэ бүсгүй Монголын тухай их гэгээн, дотно сэтгэлтэй болохыг нь энд, тэнд өгсөн ярилцлага бүрээс нь харагддаг. Монголд урьд хэд хэдэн удаа тоглолт хийсэн, чөлөө зав гарвал нь наашаа амрах гэж, найз нөхөдтэйгээ уулзах гэж гүйдэг юм билээ. Нэг удаа, 2005 онд билүү дээ, Монголд тоглолт хийхээр ирсэн үед нь “Ардын эрх” сонины сэтгүүлч ярилцлага авч л дээ. Тэгэхдээ “Таныг би Монгол гэж ярихаар нэг л сэтгэлд бууж өгөхгүй байна” гэж их л хүнийрхүү, бүдүүлэг ч гэмээр асуулт асуухад, Урнаа “Заавал ар, өвөр гэж ялгах хэрэг байна уу. Манай өвөрмонголчуудад цорын ганц л мөрөөдөл байдаг. Тэр нь ар Монголд ганц удаа ч болов очиж үзэх юмсан гэх мөрөөдөл. Өвөө, эмээ, аав, ээж маань, бас би. Магадгүй миний хүүхэд ч ийм мөрөөдөлтэй өсөж, өндийх байх. Тоглолт хийсний дараа үзэгчид “Та ямар үндэстэн бэ” гэж асуудаг. Тэгэхэд нь би “Монгол хүн. Манай аав, ээж Өвөрмонголд амьдардаг” гэвэл  “Өө тэгвэл та чинь хятад хүн юм байна шүү дээ” л гэнэ. Энэ үгийг сонсоод зүрх зүсэгдэх шиг л болдог” гэсэн байсан. Бас өөр нэг ярилцлагадаа тэр “Би халх Монгол, Өвөрмонгол хоёрыг илүү ойр дотно яваасай гэж дандаа хүсдэг” хэмээсэн байж билээ. Хамгийн сүүлд тэрбээр “Cosmopolitan” сэтгүүлийн Монгол дахь салбарын нээлтийн тоглолтод оролцсныг та санаж байгаа биз ээ. Удсан ч үгүй тэр ахиад л ирж буй нь энэ.
     Урнаа “Тал нутаг” (1995), Хөдөөд (1999), “Амилал” (2004), “Тэнгэрийн шувуу” (2012) зэрэг долоон цомог гаргаж, энэ зуур мөн “Эзэн богдын хоёр загал” кинонд тоглож амжсан. Одоо Монголд хийх гэж буй ээлжит тоглолтоо “Тэнгэрийн шувуу” гэж нэрлэжээ. Урнаагийн Монгол дахь тоглолт бүрийн ард “Tseren tours” гэх нэр байнга дагалддаг. Учир нь тус компанийн захирал Э.Цэрэндолгор бол Урнаагийн үнэнч шүтэн бишрэгчдийн нэг юм. Саяхан тэрбээр өөрийн Фэйсбүүк хуудастаа ийн бичсэн байв. “Би яагаад Урнааг сонсдог вэ гэж үү? Би янз бүрийн хөгжим сонсдог, таашаадаг. Гэхдээ Урнаагийн хоолойн цэвэр өнгө, өнгө будаггүй өөрөөрөө байхын үлгэр, улам бүр биднээс холдон буй монгол ахуйг хүүрнэдэг нь, салахын аргагүй уянгалаг хоолой, хөгжмийн давтагдашгүй хэмнэл зэрэг нь намайг өөрийн ертөнцдөө орж, өөрийнхөөрөө байхад минь тусалдаг. Надад урьд ямар ч дуучин энэ хэмжээнд хүрч нөлөөлж байгаагүй” гэжээ. Хөгжим ойлгож, мэдэрдэг хүмүүс Урнаад унаж, тусдаг олон зуун шалтгааны ердөө нэг хэсэг нь л энэ юм.
Уруулаа улаанаар будаж, үсээ годойтол нь янзлаад, урт даашинз намируулан тайзнаа гарч ирдэг дуучднаас Урнаа хэлбэрийн болоод агуулгын хувьд тэс өөр. Тэр тайзнаа дээлтэйгээ л гарна. Тэгэхэд хүмүүс өмсгөл зүүлтэд нь сатаарах юмгүй, харин өөрт нь, улмаар өөрийнх нь дуунд уусаж, жинхэнэ тоглолт, жинхэнэ дуучин, жинхэнэ дууны нэгдэл бүрддэг юм. 2009 онд Улаан-Үд болсон тоглолтынх нь бичлэгийн “Youtube”-ээр хараад энд хэрэв дахиад ирвэл анаж байгаад үзэх юм шүү гэж бодсоны хэргийг гаргаж, удахгүй тэр ирэх гэж байгаа нь юутай сайхан хэрэг вэ. Тэр зөвхөн ар Монгол гэхгүй, монголчууд аж төрдөг газар оронд их очдог юм билээ. Улаан-Үдэд хийсэн мөнөөх тоглолтынхоо үеэр “Анх удаа Улаан Үд хотод ирж, буриад садан нартайгаа уулзаж байна. Төрсөн нутагтаа би хайртай, түмэн олон та нартаа танилцуулж өгөхдөө дуртай” гэж хэлээд “Санждорж” хэмээх дуугаа дуулах үед нь тэнд биеэр байгаагүй ч тэр танхимд цугласан хүмүүсийн халуун дотныг мэдэрч дөнгөсөн билээ. “Бүүвэй”, “Хөдөө” гээд түүний олон дуу зүрх сэтгэлд бууриа засаад үдэлжээ. Тэр яг л хэзээ ч юм, хаа нэгтээ уулзаж байсан дотно танил шиг, эсвэл элэнц өвгөд, эмгэдийн амьд халуун дүр ч юм шиг элгэмсүү, түүний дуу нь эмээгийн маань орой бүр ярьж өгдөг үлгэр шиг ойр сонсогддог. Урнаагийн бүхий л уран бүтээл нь эх хэлээр байх учир мэдэж, мэдэрч цөхөхийн зовлонгүй. Тэр өөрийнх нь доторх монголоо хөглөж байхын тулд бидний дуу, хөгжмийг ч бас сонсдог гэсэн. Тэр дундаа Норовбанзад агсны хэд хэдэн цомгоос гадна Адарсүрэн агсны дуунуудыг ч шимтэн сонсдог юм билээ. Энэ тухай “Тал нутаг шигээ уужим сайхан аялгууг сонсохоор хэн ч уярахгүй байхын аргагүй шүү дээ” гэж хэлсэн байсан.
Монгол аялгууг дэлхий нийтэд танилцуулж, дуу дуулахаа болих хүртлээ эх нутагтаа суурих суухгүй гэж шийдсэн тэрбээр “Энэ зам маань даанч хол. Уг нь гэртээ хариад энгийн сайхан амьдрах юмсан. Гэсэн ч дуулах хүсэл минь дийлэх юм” гэж ярьсан байж билээ. Хорьж дийлддэггүй дуулах хүсэл нь, хорвоод хосгүй монголын хөгжим, дуу хуурыг дэлхийтэй танилцуулах гэсэн аяллынх нь нэгэн буудал нь болж, тэр энэ сарын 29-нд ганцхан удаа тоглоно. Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа даруухан монгол бүсгүй Урнаа хүсэл мөрөөдлөө дуулна.
Сартай шөнө дэнгээ унтраагаад нойртоо орсон хойно
Салхин хүргэж ирэх уужим талын хонхон дуугаар
Сочин сэрээд лавлаж сонсохоор чихээ талбин чагнавал
Сондор хонхон сэм нэг ойртоод, сэм нэг холдоод байх нь ... (Тэмээний явдал дууны хэсгээс. Энэ дууны шүлгийг тэр өөрөө бичжээ)
Хүрхрээ мэт, хөөрхөн эрвээхэйн зөөлөн дэвэлт мэт, хөдөө нутгийн салхин лугаа аялгууг нь сонсохоор заавал очъё. Дуучнаас би дуу л хүснэ, өөр юу ч хэрэггүй.

May 14, 2013

Каннд ийм явдал болно


     Тавдугаар сарын 15-ны үдэш бусад бүхий л ёслолын арга хэмжээний нэгэн адилаар улаан хивсэн дээгүүр алдартай жүжигчид, кино найруулагчид алхан орсноор 66 дахь удаагийн Каннын кино наадам албан ёсоор эхэлнэ. Ёслолын тайзны голд албан ёсны постерийг харуулах бөгөөд тэнд нь Пол Ньюмен, Жоанн Вудворд нарын гол дүрд нь тоглосон “Шинэ маягийн хайр” (1963) киноны зурагт хуудсыг дүрсэлсэн байгаа. Өөд, уруугаа харан үнсэлцэж буй хосын эл зургаар постерийг чимсэн шалтгаан нь  2008 онд нас барсан Оскар болон Каннын кино наадмын шагналт жүжигчин Пол Ньюмений дурсгалыг хүндэтгэж буй хэрэг гэдгийг тайлбарлах юм. Танхимд хүмүүс цуглармагц хөшиг нээгдэн, “Amelie” киногоор танил болсон Францын жүжигчин Одри Тоту баяр ёслолын байдалтайгаар гарч ирээд, цугласан хүмүүст мэнд мэдэхийн сацуу багахан илтгэл тавих болно. Үгээ хэлж дуусмагцаа 66 дахь удаагийн Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулна. Тэр дундаас нэг хүнийг онцгойлон танилцуулах учиртай бөгөөд түүнийг хэчнээн агуу найруулагч, уран бүтээлч, суут хүн болох тухайд хэдэн үг хэлнэ. Тэр бол Стивен Спилберг.
       Өдгөө 66 настай энэ эр 1974 онд “Sugarland express” киногоор Каннын өндөр босгыг алхаж, 1982 онд “E.T” бүтээлээрээ шилдэг эх зохиолын шагнал гардсаны сацуу 11 удаа Оскарт нэр дэвшиж, “Шиндлерийн бүртгэл” (1993), “Цэрэг Райныг аварсан нь” (1998) бүтээлээрээ шилдэг найруулагч болсон бахдам түүхээс цухас дурдана. Мөн түүний сор болсон бүтээлүүд болох “Индиан Жонес”, цуврал, “Нил ягаан өнгө”, “Шиндлерийн бүртгэл”, “Юрий галавын цэцэрлэг”, “Хиймэл оюун ухаан”, “Чадвал намайг бариарай”, “Дайны морь”, “Тинтиний адал явдал” зэргийн зураглалаас товчхон харуулна. “Каннд олон орны киног танилцуулдаг болохоор найруулагчийн хувьд оюун бодлоо тэлэх, өөр орны соёлоос суралцах завшаан болдог” гэж хэлсэн үгнээс ч бас ишлэх магадлалтай. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулсны дараа нэгэн онцгой зар түгээхээр зэхнэ. Энэтхэг улс энэ удаагийн наадмын онцгой зочин улсаар сонгогдож буйг зарлах бөгөөд урьд Египт, Бразил хоёр л ийм статустайгаар оролцож байсныг зарлана. Каннын кино наадмыг угтан кино урлагийн зуу гаруй жилийн түүхт энэ оронд олон арга хэмжээ зохион байгуулсан тухайгаа болон энэ наадамд оролцох нь хэчнээн их нэр хүндтэй, эрхэм хэрэг болох тухай Энэтхэгийн Соёлын сайд үг хэлэх юм.
      66 дахь удаагийн Каннын кино наадмын нээлт, хаалтын киноны нэрс хэдийнэ тодорхой болсон учраас энд бичиж болохоор байна. Одри Тоту дахин гарч ирж, Австралий найруулагч Баз Лурманнын “Гайхамшигт Гэтсби” киногоор Каннын кино наадам өндөр хөшгөө нээж буйг зарлах учиртай. Скотт Фицжеральдын ижил нэртэй зохиолоос (1925) сэдэвлэн бүтээсэн романтик жанрын 3D эл бүтээлийн гол дүрд тоглосон Леонардо Ди Каприо, Кэри Маллиган нар энэ үед Гранд театрт олна алга ташилтад бялууран сууцгаана. Леонардо 2007 онд “The 11th Hour” киногоо танилцуулах гэж Каннд ирснээс хойш анх удаагаа энэ ёслолд оролцож буйгаа ярих тун магадтай ба найруулагч нь болох Баз Лурманн Каннын кино наадмыг нээж буй хоёр дахь 3D бүтээл болж байгаа тухай өгүүлэх нь гарцаагүй. 2009 онд Пите Доктерийн “UP” 3D бүтээл Канныг нээж байсан түүхийг энэ үед хүмүүс дахин санагалзах юм.
     Нэгэнт нээлтийн киног хэлснээс хойш хаалтын киног бас зарлана. Тэр нь Францын найруулагч Жером Саллийн “Zulu” нэртэй кино байх бөгөөд тавдугаар сарын 26-нд олонд толилуулна. ӨАБНУ-ын нийслэлд зураг авалтыг хийсэн энэ кинонд Орландо Блүүм, Форест Витакер нар тоглосон бөгөөд Ф.Витакер 1988 онд Клинт Иствудын “Bird” киноны дүрээр Каннын шилдэг эрэгтэй жүжигчин болсон тухай дурсахаас өөр аргагүй.
   Дундуур болох үйл явдлаас заримыг дэлгэвэл богино хэмжээний киноны төрөлд оролцох бүтээлүүдийн нэрс хэдийнэ гарчихсан байгаа. Энэ жил 132 оны 3500 гаруй богино хэмжээний бүтээл хүлээж авснаас есөн кино шилдгийн төлөө өрсөлдөхөөр болсныг олонд танилцуулна. Үүнд Ираны “Bishtar az do Saat”, Палестиний “Condom lead”, Исланд, Данийн уран бүтээлчдийн хамтын бүтээл болох “Whale valley”, Японы “Inseki to impotence, Бельгийн “Mont Blanc”, Польшийн “Olena”, Францын “Ophelia”, БНСУ-ын “Safe”, Францын “37’4 S” гэсэн бүтээл багтсан бөгөөд цөмийг нь театрт үзүүлэх юм. Энэ төрөлд анх удаа Палестин кино өрсөлдөж байгаа нь хэчнээн чухал, онцлогтой болох талаар бас хэдэн үг хэлнэ.
    Одоо бидэнд мэдэгдэж буйгаар ирэх тавдугаар сарын 15-26-ны хооронд нэг иймэрхүү үйл явдал болж өнгөрөх төлөвтэй байна. 

66 дахь удаагийн Каннын кино наадамд өрсөлдөх кинонуудын нэрс.

Only god forgives” – Николас Рэфн (Франц, Дани)
Venus in Fur – Роман Поланский (Франц)
Inside Llewyn Davis” – Ах, дүү Коэн (АНУ)
Borgman” – Алекс Ван Уордермен (Голланд)
The Great Beauty” – Паоло Соррентино (Итали, Франц)
Behind the Candelabra” – Стивен Содерберг (АНУ)
Nebraska” – Александр Пэйне (АНУ)
Jeune and Jolie – Франсуа Озон (Франц)
La Vie d’Adele – Абдельлатифом Кешиче (Франц)
Wara no Tate” – Такаши Мийке (Япон)
Like father, like son” – Хироказү Корида (Япон)
Tian Zhu Ding” – Зя Жанкэ (БНХАУ)
Grisgris – Махамат Салэ Хароун (Чад)
The Immigrant” – Жэймс Грей (АНУ)
Heli” – Амат Эскаланте (Мексик)
The Past” – Ашхар Фаради (Франц)
Jimmy P.”- Арно Деплешан (Франц)
Michael Kohlhaas”- Арно де Паллирес (Франц, Герман)
Un Chateau en Italie”- Валери Бруни Тедески  (Франц)

May 12, 2013

Луугийн атган дахь цаасан шувуу: Нэг алхмын зай


            Аяндаа мэнд л явсан уу даа, нутгийн салхи сураггүй ээ
Ар л нутагтаа сууна уу даа, хэзээ л ирхийн бол доо хө...

Ар, Өвөр Монголын газар нутаг, хүн амыг нийлүүлж үзвэл...
Эргээд бодоход энгийн л нэг мөрүүдэд эгээ бидний түүх бүрэн бүтнээрээ багтсан мэт санагдана. Өөрийнх нь утсан дээрх олон зуун дуунуудаасаа Тэнэгэр надад энийг онцолж сонсгов. Өвгөн болсон аав нь дуулж суугаа бичлэгээс энэ л мөрүүд л зүрхэнд үлджээ. Тунирхал ч үгүй, нулимс ч үгүй дуулах нь... цагийн цааз гэгч үл дийлдэх хүчний нөлөө байлгүй.
Дэлхийн түүх гэдэг дайны л түүх байдаг. Эзэлж эзлэгдэх, салж нийлэхийн орчилд элэг холдох, эргэж хэзээ ч нийлэхгүйгээр одох, эс бөгөөс газрын хөрснөөс бүрмөсөн арчигдсан эх адаггүй түүхийн нугачаанд эцэс төгсгөл гэж байх биш. Хоёр Солонгос өөр хоорондоо хүйтэн зэвсэг агсаж хүнийрхэж байхад, хоёр Судан салан тусгаарлахыг илүүд үзээд, хүсэл ёсоор нь болж хөөрцөглөж суухад, хорвоогийн бөөрөнд хөрс нь нийлсэн ч, хилийн зураасаар хоёр талд хуваагдсан хоёр Монгол хэл ч үгүй, тэмцэл ч үгүй чимээгүйхэн дүнсийх юм. Дээр хөхрөх тэнгэрт, дотор цохилох зүрхэнд, элэг санах сэтгэлд л хил байдаггүй нь яамай.
Хэлж болохгүй үг гэж байдаг. Хэдий иймийн учрыг мэдэх байтал хэлэхгүй бол болохгүй үе ч гэж бас бийсэн. Тэнд байхдаа сонссон дуу бүрийг эргээд бодоход тэсэлгүй тэд дуундаа л үгээ шингээдэг юм уу даа гэж бодов.

Өндөр өндөр уулан дээр гарвал эзэн хаанаа санана
Яагаад саналаа гэвэл, эзэлж явснаа санана...

Хувь тохиол ч юм шиг, бас хувь тавилангийн эз ч юм шиг, Тэнэгэрийн нутаг болох Баруун Сүнэд Ар Монголтой хил залгаа байдаг. Монголын үнэртэй салхи гэдэг дууны үг мэт тэднхийн хүмүүс энэ нутагт суудагтаа таатай. “Намайг багад ийм явдал болж билээ. Нутгийн ах маань эхнэртэйгээ муудалцсандаа бачуураад бага зэрэг гашуун юм амсаад хойшоо чиглээд алхчихаж. Тэгсэн өөрөө ч мэдэлгүй Монголын хил даваад, цэргүүдэд баригдан хоёр сар хэртэй шоронд суусан юм. Манай радиогоор мал хуй л хил давсан гэж сонсогддог болохоос биш хүн гараад явчихсан гэж ёстой дуулддаггүй байсан үе болохоор манайхан гаднаа шоолон тохуурхаж байсан боловч дотроо атаархаж байсан ч байж магадгүй. Тэр жил, 1980-аад оны дундуур танай нутагт нэг их зуд болоод, баахан зээр манай нутаг руу ороод ирдэг юм байна. Амьтад хэл, хил гэж мэдэхгүй болохоор Монголын нутагтаа ороод ирлээ гээд аав маань бэлгэшээж байсан юм. Тэгтэл манайхан учиргүй хядаад дуусгадаг байгаа. Би бага жаахан байсан учраас уйлаад л байснаа санадаг юм” гэж Тэнэгэр хууч дэлгэлээ. Тэгснээ, “Ганцхан алхам”... гээд тэр санаа алдав. Ганцхан алхам. Зээр хүртэл хэл үггүй даваад гарчихаж болдог тэр хэцийг Тэнэгэр хэрэв давбал шоронд суухаа мэднэ. Уудам дэлхийд түүнд гишгэх газар мундахгүй ч хүсэлд нь хөтөлж, хүлээсээс нь салгах тэр алхмыг хууль, хил хоёр зааглаж байдаг нь тоогүй.
Урьд уул, ус нь тэгширсэн сайхан нутаг байсан Өвөрмонголын талд одоо өндөр өндөр барилгууд өөр өөрөөсөө өрсөн сүндэрлэж, энэ газар урьд Монголын нутаг байсан гэдгийг балтлах бүхэн утсаар л байна. Бага сургуулиудад нь дөрөвдүгээр анги хүртэл босоо монгол бичиг заадаг байсан нь байж, цөм хятад хэл дээр байх болсон гэнэ. Тийм болохоор бага хүүхдүүд эх хэлээрээ ярих нь багасаж, хятад монголоо хольж хэрэглэх болсны жишээг хаа сайгүй л харсан билээ. Бидний үеийн залуусынх нь зарим яриаг ойлгоход бэрх байсан нь ч үүнтэй холбоотой. Удахгүй түүхийн номон дээр нь байдаг Монголын талаар хоёрхон хуудас мэдээллээс өөр юм үлдэхгүй юм биш биз гэсэн харуусал төрснийг нуух юун. Гэсэн ч цаг хугацаа биднийг дөрвөн зуун жил заагласан ч гэлээ том нуурын жижиг загас болсон цөөхөн хэдэн өвөрмонголчууд эх түүхээ санагалзах юм бүхнийг үлдээх гэж их л чармайж буйг үгүйсгэх аргагүй. Энд төрийн байгууллагаас эхлээд дунд сургуулийн хичээлийн эрхлэгч нь хүртэл хятад хүн байдаг. Толгой албан тушаалд өвөрмонгол хүн суулгах нь нүдний гэм. Тийм байтал өнөө хэр Чингис хааны тайлга, тахилгыг алдалгүй хийж, туурга тусгаар бид хүртэл бусдын соёлд уусаж байхад дөрвөн зуун жил Хятадын элгэнд амьдарсан тэд босоо монгол бичгээ хэрэглэсээр ямартай ч шинэ мянганы босго давсан нь чухал юм. Харин цааш хэрхэхийг бид ч, тэд ч тааж мэдэж чадахгүй.

Найрлаж суугаад салсан найзаа битгий мартаарай
Насан багадаа хагацсан намайгаа битгий мартаарай...

Тэд урьд өөрийн, одоо бол хүнийх болсон нутагтаа юуг ч юм хүлээж л суудаг. Хэдэн зуунаар элсэн сунайсан урт цаг хугацаа тэднийг хатуужуулсан болохоор хүлээж суухдаа түвдэггүй, хариу нь ирэх хүртэл яарахгүй. Ирэхгүй байсандаа ч гэмгүй ч, ядаж л хүлээж суугаа нь сэтгэлийг нь цатгадаг болохоор тэр. Нэр усаа дурьдалгүй, бас зориг гаргаж хийсэн мөнөөх өвөрмонгол залуугийн мэдэгдэлд (өмнөх дугаарт бүрэн эхээр нь оруулсан) “Өчигдрийн өвөрмонголчуудын үзсэн туулсан зовлон өнөөдөр Монгол Улсыг дайрч болохгүй. Монгол хүний гал голомт эрүүл оршиж, монгол хүний мэлмий ухаан саруул цэлмэг байх болтугай” гэсэн өгүүлбэр байсныг та санаж байгаа биз ээ. Өнөө тэдний туулж буй зовлонгоор бид даажин хийх эрхгүй, өмнө зүгт элгэн садан маань байгааг мартаж бүр ч болохгүй. Өвөрмонголчуудын хэл яриаг дооглон тохуу хийж, өөр хоорондоо бид шоглоом болгодог нь нууц биш. Яг л тэр залуугийн хэлсэн шиг Монголын үндэстэн ястнууд өөр өөрсдийн соёл, аялга дуудлагаараа монгол хэмээх агуу соёлыг чимэн оршиж буй энэ шүү дээ.
Эндээс гарахад урт ч юм шиг санагдаж байсан өдөр хоногууд нүд ирмэхийн зуур улирч, эргээд эх орон руугаа буцах хугацаа ч болов. Тэнэгэр энэ өдөр ажлаа орхиж, намайг суулгаж өгнө гэсээр нисэх онгоцны буудал руу хамтдаа явлаа. “Чи энд ахиж ирнэ үү” гэж асуухад нь “Тэгнэ ээ” гэж ам өглөө. “Дараа ирэхэд чинь чамайг Сүнэд нутгаараа дагуулж явна аа. Харин чи намайг хэзээ нэгэн цагт Монголд очвол хөдөө нутгаар хэрэг гарган дагуулж явна шүү”. Хэзээ нэгэн цагт... Хэзээ нэгэн цагт бид дахиад уулзана, харин тэгэхэд бүр олуулаа байвал, бүх монгол нэгдэж, бүрэн мэнд болбол сайхан аа. Нэг алхмын зай, нэг л алхам...

Аяндаа мэнд л явсан уу даа, нутгийн салхи сураггүй ээ
Ар л нутагтаа сууна уу даа, хэзээ л ирхийн бол доо хө...(Өвөрмонгол ардын дууны хэсгээс...)

Энэ сурвалжлагыг бичихэд тусалсан хүмүүст чин сэтгэлийн гүнээс талархаж буйгаа илэрхийлье. Тэндхийн өвөрмонголчуудтай холбож өгсөн Өвөрмонголын их сургуулийн оюутнууд болон өөрсдийн амьдралын тухай үнэн төрхийг, үзэл бодлоо цааргалалгүй илэрхийлж, цаг гаргаж байсан ярилцагчиддаа баярлалаа. Тэр дундаа хэдий хожим ямар нэгэн эрсдэл үүсэж магадгүй гэдгийг бидний хэн хэн маань мэдэж байсан ч сэтгэлийн үгээ нээхээс эмээгээгүй, сурвалжлагын турш хамт байж тусалж, дэмжиж байсан Тэнэгэр танд талархаж буйгаа хэлье. Салхи биднийг хөтөлж байдаг болохоор удахгүй энд мэнд уулзаж, чиний мөрөөддөг, чиний төсөөлдөг, чиний зүрх хамт байдаг Монгол эх орноор хамтдаа аялаж, элгэн садантайгаа уулзах өдөр удахгүй гэдэгт итгэнэм.

May 10, 2013

Луугийн атган дахь цаасан шувуу: Чингис хааны тайлгад оролцсон нь


Өвөрмонголын их сургуулийн багш Мөчирийн албан тасалгаанд Чингис хааны зурагтай 2006 оны хуанли байв. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг энд нижгэр тэмдэглээгүй ч, үлдэж хоцорсон эд нь энэ. Хуанлийн тоо өөрчлөгдсөн ч утга санаа нь бол хэвээр гэдгийг илтгэж байгаа юм аа гэж тайлбарласан. Эндхийн бусад өвөрмонгол хүний нэгэн адилаар тэр үгэндээ их харам. Харин удахгүй Ордост байдаг Чингис хааны онгонд Эзэн хааны тайлга тахилга болно, тийшээ очоод үзээрэй гэж зөвлөсөн. Ер нь тэнд таарсан өвөрмонгол хүмүүс болзоот энэ өдрийн тухай л яриад байсан нь сонирхол татаж, Тэнэгэрийг дагаад Ордос хот руу зам шулуудлаа.
 Ордост Их эзэн Чингис хааны тайлгыг жилд дөрвөн удаа хийдгийн нэг болох Цагаан сүргийн тайлга гээчийг хаврын сүүл сард хийдэг бөгөөд 99 цагаан гүүний сүүгээр цацал өргөдөг уламжлалтай аж. Уг тайлгад бэлтгэх гэж ёс төгөлдөр юм болдог бөгөөд урьд Цагаан сүргийн тайлга сар гаруй үргэлжилдэг байсан тухай мэдээ ч бий. Тайлга 09.00 цагт болно гэсэн учраас бид яг цагтаа очтол тэнд хэн ч байсангүй. Ганц нэгхэн жуулчин холхиж байхаас биш, тэрх үү том цогцолбор бүхэлдээ эзэнгүй шахам байсанд гайхаж, хүнээс учрыг асуутал мөнөөх тайлга Чингис хааны “жинхэнэ” онгонд болж байгаа, та буруу газар иржээ гэв. Энд хоорондоо км хүрэхгүй газар хоёр ч том цогцолбор байдаг багаад Чингисийн хуурамч ба жинхэнэ онгон гэж тайлбарласан нь жигтэй санагдлаа. Цагаасаа нэгэнт хоцорсон бид яаран “жинхэнэ” онгон руу очиход өвөрмонголчууд бүгд энд нүүгээд ирчихэв үү гэлтэй шороон түмэн хүн цугласан байхыг олж үзэв. Чингис хааны онгон байрладаг гэх ордны үүдэнд хүмүүс хоёр тал болон гудамлан зогссон байх бөгөөд зарим нь алгаа дээш харуулан, өвдөг бохирон сууцгаажээ. Тэдний дунд хятад хүмүүс ч байсан бөгөөд “Манайд Чингис хаантай холбоотой арга хэмжээ бүрд хятад хүмүүс мэр сэр явдаг юм. Тагнуул хийдэг юм байлгүй” гэж Тэнэгэр надад ярив.

Цагаан сүргийн тайлга бол эсгий туургатны хамгийн том найр, наадам гэдгийг Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн нэрээ нууцлахыг хүссэн багш хэлсэн. Чингис хаан 50 насны хутгийн баяраар бага зэрэг чилээрхээд хоёр сар гаруй болж сайн эдгэсэнд наян нэгэн хоногийн муу ёр төгсөв хэмээн буман сүргийн бат зэлээ татаж, 99 цагаан гүүний сүүгээр дээд 99 тэнгэрт сацал өргөж, хурмаст тэнгэрийн онгон хүлэг, өндгөн цагаан морио тасамдаж мялааснаас үүдэж, жил бүрийн хавар ийм ёслол хийдэг болсон юм байна. Ер нь Өвөрмонголын ихэнх нутагт мал аж ахуй эрхлэх нь багасаж, хөдөөгийн хүмүүс нь хот суурин газар бараадах болсноор 99 цагаан гүүний сүү олох л бэрх асуудал байдгаас биш бусдаар энэ найр наадам уламжлалт хэв шинжээ ер алдаагүй гэнэ.
Тэгж байтал монгол баатар эрийн өмсгөл агссан эр “Чингис хааны цагаан сүргийн тайлга” гэж хятад, босоо монголоор бичсэн дарцаг барьж, араас нь чанасан ууц бүхий цар өргөсөн хүмүүс мөнөөх ордон руу явж орлоо. Дотор зураг авч болохгүй хэмээж камер сэлтийг маань хурааж авав. Нууцаар зураг авах завшаан гарч юун магад гээд гар утсаа сэм халааслаад явж орлоо. Туяа гэж өөрийгөө танилцуулсан тайлбарлагч бүсгүй энэ өдөр их л завгүй яваа харагдана. Арваас илүүгүй хүнтэй бүлэг аялагчдыг дагуулан тайлбарлахдаа хүн тус бүрээс 50 юань аваад үнэн, эсвэл зохиомол нь үл мэдэгдэх түүхийг урсгаж гарна. Чингис хааны эдэлж, хэрэглэж байсан зүйлс гэж дуулга, аяга сэлтийг заахад нь тэр өөрөө ярьж буйдаа зүйлдээ итгэдэг болов уу гэж бодов. Ордны төвд Чингис хааны алтадсан баримал байх бөгөөд үүгээр орсон хүн бүр сөхөрч мөргөөд, хүж асаагаад явах ёстой гэж тэр хэллээ. Хятад, монгол гэлтгүй хүн бүр л хүж асаагаад цааш явах.
Танхимын ханыг Чингисийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимсэн байх бөгөөд зарим нь их л хятаджуу төрхтэй харагдсан нь хаана байгааг минь дахин нэг сануулсан. Чингис хааны онгон Өвөрмонголд байдагт манайхны ихэнх нь дургүйлхдэг нь нууц биш билээ. Бидний ойлгодгоор онгон гэдэг нь хүнийг нутагшуулсан газар гэсэн утга заана. Харин тайлбарлагч бүсгүй хэлэхдээ “Чингис хаан аян дайнаа үргэлжлүүлж явах зуураа энэ газар ирээд нас барсан хойно намайг энд нутагшуулаарай гэж байсан тухай түүхэнд бичсэн байдаг. Дараа дахин Ордост ирэхэд нь ташуур нь уначихсанд “Тэнгэрийн таалал буюу. Намайг энд үлд гэлээ” гэж хэлжээ. Тийм учраас өвөрмонгол ард маань энэ газрыг Чингис хааны сүнс нь оршсон газар гэсний учиртай” гэлээ. Онгон нь бус сүнс нь хоргодсон газар болж таарлаа. Ер нь хятад хүмүүс үгээр тоглохдоо гаргууд гэдгийг бараа, бүтээгдэхүүн сэлтээс нь ч бид бэлхнээ мэдэх билээ.
1930-аад оны үед Хятадын газар нутгийн ихэнх нь япон цэргүүдэд эзлэгдэх үед Чингисийн онгон эвдэрч, сүйдэхдээ тулсан тухай Тэнэгэр надад ярьсан бөгөөд хожим Хэрээд Шаралдай гэж өвөрмонгол эрдэмтний бичсэн “Чингис хааны онгон шүтээний тайлга, тахилга” номноос бүрэн түүхийг нь олж авлаа. Тэрхүү номд бичсэнээр Японы цэргүүд тэр үед Эзэн шүтээнийг авч явъя гэсэнд дархдууд эрс эсэргүүцэж, дайн самуун дуустал Хятадын умард хэсэгт түр шилжүүлсэн түүх байдаг аж. Энэ бүхэнд Хятадын Засгийн газар ихээхэн дэмжлэг үзүүлсэн бөгөөд тухайн үед гаргасан тушаалд нь “Эзэн шүтээнийг хаана аваачсан ч зохих тооны сахиж хамгаалах дархад хүмүүс дагалдан явна. Үүнийг огт хориглож болохгүй. Шүтээн хаана ч очсон тайлга тахилгыг осолдолгүй хийлгэж, аливаа зардлыг Засгийн газраас ханган олгох хэрэгтэй. Нүүлгэж шилжүүлэхдээ монгол зан заншлаар бэлэг ёсыг бүр гүйцээж, зам тутам олон монголчуудын тайж тахих, мөргөх шүтэхийг харгалзаж, хүндэтгэх ёстой” гэж бичсэн байв. Энэхүү нүүлгэх явцыг нүдээр харсан хүмүүсийн бичсэнийг тухайн үеийн “Аянчин” сэтгүүлд бичихдээ Чингис хааны онгон шүтээнийг олон монголчуудын нулимсан далай дундуур Эзэн хороон дахь ариун голомтоос нь салган авч явсан билээ” гэжээ. Одоо бол энэ газар жуулчдын болон өвөрмонгол хүмүүсийн бөөнөөрөө цугладаг нэг газар болсны дээр жилдээ дөрвөн сая гаруй хүн ирдэг гэж Туяа маань хэлэв.
Энд монгол хүмүүсийг үнэгүй, харин хятад болон гадаадын жуулчдыг 100 юанийн тасалбар олгож, оруулдаг юм байна. Очсон даруйд өвөрмонгол хүн бүрийн зааж, хэлээд байсан мөнөөх Чингис хааны цагаан сүргийн тайлга нь 99 цагаан гүүний сүүг тэнгэрт өргөж, ордны өмнө зэхсэн овоог гурвантаа тойрсноор өндөрлөв. Сүүлд бодоход энэ ёслол нь олон аймаг монголчуудыг нэг дор цуглуулахад үнэ цэн нь оршдог бололтой. “Энд ирсэн ар монгол хүмүүс их сонин хачин юм асуудаг. Гэтэл бид салан одохоос урьд энэ газар Монгол гүрний л нэг хэсэг байсан шүү дээ. Юунд хүрэн бөөртэй мэт загнацгаадгийн учрыг би ойлгож дийлдэггүй” гэж Туяа хэлсэн. Тэр энд таван жил ажиллаж байгаа бөгөөд өвөрмонголчууд голцуу ирдэг энэ газарт ажилладгаа бэлгэ ерөөл гэж боддог юм билээ. Өвөрмонголд Чингисийн онгоноос гадна Хөх хотод Чингис хааны нэрэмжит авто зам, мөн “Чингисийн сүм” гэх газрууд бий. Чингисийн сүм хэмээсэн тэрхүү газар биднийг очиход түр засвартай байсан бөгөөд монгол гэрийг дуурайлгасан бөөрөнхий барилгыг бүхэлд нь Чингис хааны хэлсэн үгсийг босоо монгол бичгээр таталган сийлж чимжээ. Тэрх үү бичгүүдийн дунд “Эвдрэх учирт нь эвийн зүйг эр, алалдах дайсан дор арга мэхийг хэрэглэ” гэсэн үг байв.
Үргэлжлэл бий

May 8, 2013

ӨВӨРМОНГОЛ ЗАЛУУСААС МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ ХАНДСАН МЭДЭГДЭЛД ӨГҮҮЛЭХ НЬ

“Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандаж дараах мэдэгдлийг хийж байна”. (мэдэгдлийг бүрэн эхээр нь буулгав)
НЭГ: СОЁЛЫН ӨВИЙН ТУХАЙ.
Сүүлийн хэдэн жил Хятадын Засгийн газраас зохион бай гуулалттайгаар монгол үндэстний соёлын биет болоод биет бус өвийг сэргээн засварлах, хамгаалах гэсэн нэрээр Хятадын соёлын өв болгон дэлхийн соёлын өвд бүртгүүлэх нь ихэслээ. Үүний далд санаа нь Монгол Улсын иргэд ба өвөрмонголчуудын дунд яс хаях, үл ойлголцох, үзэн ядах үзэл, сэт гэлгээг дэврээх санаа агуулж байна гэж бид үзэж байна. Өвөр монголчууд бид хэзээд Монгол Улсдаа ээлтэйн дээр хэзээ ч соёл, түүх, шашны үнэт өвийг Хятадын гарт атгуулах са наагүй. Хятадын Засгийн газраас өөрийн ноёрхол дор бай гаа өвөрмонгол, уйгар, төвд зэрэг үндэстнүүдийн соё- лын үнэт өвийг албадлагаар Хятад улсын соёлын биет ба биет бус өвд татан оруулсаар байна. Одоогийн байдлаар Төвд өөс арван тав, Уйгараас арван дөрөв, Өвөр монголоос арван долоон төрлийн биет бус соёлын өвийг Хятад улсын соёлын өвд хүчээр оруулсан. Улмаар олон улсын хэмжээнд хятадууд НҮБ-ын биет бус соёлын өвийн жагсаалтад 2008 онд Өвөрмонголоос уртын дууг, 2009 онд Төвдийн цамыг Хятад улсын нэрийн өмнөөс бүрт гүүлээд зогсохгүйн дээр хамгийн ичгүүр сонжуургүй нь 2009 онд монгол хөөмийг өвөрмонголчуудын нэрийг өмн өө барин Хятадын нэрийн дор НҮБ-ын биет бус соёлын өвд бүртгүүлсэн байна. Энэ бол нанхиад хүмүүсийн жинхэнэ хорт санаа, Хятад улсын ичгүүргүй бузар үйлдэл юм. Монголчууд бидний дунд яс хаяж, хагалан бутаргах зорилготой энэхүү үйлдлийг монгол хүний саруул ухаандаа тунгааж болгоомжлогтун, монголчууд аа. Иймд тусгаар Монгол Улсын эрх чөлөөт иргэн та бүхэн сонор сэргэг байж, түүх соёлын үнэт өвөө нандигнан хамгаалж, яаралтайгаар олон улсын байгууллагуудаар баталгаажуулж авна уу...”
Өвөрмонгол залуу 2013.05.01-нд дээрх дүрс бичлэгийг хийсэн байна. Өөрийн нэр усыг хэлэлгүй, харин “Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандсан мэдэгдэл” гэж ерөнхийлжээ.
Ийм нэгэн мэдэгдлийг энэ сарын 1-нд “Youtube” цахим хуудаснаа тавьсан байна. Үүнийг Өвөрмонголынхоо далбааны өмнө зогсоод, монгол хувцас сэлтээ өвч бүрэн өмссөн нэгэн эр өвөрмонголоор дуудан уншиж, бичлэг хийсэн байх бөгөөд өөрийн нэр усыг хэлэлгүй, харин “Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандсан мэдэгдэл” гэж ерөнхийлжээ. Дээр сийрүүлсэн нь мөнөөх мэдэгдлийн эхний хэсэг. Энэхүү бичлэгийг үзсэн нэгэн найз минь “Хойд ээж дээрээ байгаа хүүхэд төрсөн аавдаа захидал бичиж байгаа мэт...” гээд санаа алдав. Хэдийгээр дэлхий даяаршиж, интернэт ертөнц дэлхийг төвөггүйхэн нэгтгэж, хавтгай болгож буйн жишээг бид өдөр бүр хардаг ч хил гэх хэцэлсэн төмөр торны цаана аж төрж буй элэг нэгт монголчуудынхаа амьдралыг хэр зэрэг мэдэх вэ. Ер нь элэг санаж тэдний тухай сэтгэл зовнидогсон бил үү?!
Хоёр Солонгос дайтахаас наагуур болж, бужигнаж бай гаа тухай манай хэвлэл мэ дээл лээр ойрд бишгүй мэдээл сэн. Бид ч хоорондоо санал, сэт гэгдлээ хуваалцан, хэ лэл цээд байгаа. Харин үнэн начиртаа бид тэдэнтэй хувь заяаны ижилхэн эргүүлэгт бий биш үү. Солонгос улс хойд, өмнөд гэж хуваагдсан шиг бид хэдэн зууны өмнөөс Ар, Өвөр Монгол болж, хилийн хоёр талд амьдарч байна. Солонгосчуудаас ялгаатай нь хоорондоо дайсагналцан, хүйтэн зэвсэг өрөхдөө тулж өсөрхдөггүй, бид. Нэг нь тусгаар тогтнож, ардчилал, эрх чөлөөт байдлаараа Азидаа төдийгүй дэлхийд манлайлж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж, хурлыг нь нутагтаа зохион байгуулж суухад нөгөө нь хойд эхийн хүүхэд мэт дуугүйхэн, хүний эрхэнд нунж дорой оршсон хэвээр. Хэлье гэвэл их л юм байдаг байх, гэвч тэд гомдож, туньсан үгсээ ил хэлдэггүй. Харин энэхүү сурвалжлагаа бэлдэх зуур санамсаргүй танилцсан Тэнэгэр маань хоёр дахь удаагаа надтай уулзахдаа санал, бодлоо нуулгүй ярихаар шийдэн, надтай уулзахыг зөвшөөрсөн билээ.
Ам халах гэж эхлээд бид юу эсийг ярив. Тэнэгэр багаасаа л рок хөгжим сонсож өссөн гэнэ. Уугуул нутаг нь Өвөрмонголын Баруун Сүнэд. Долоон настайдаа нутгаасаа гарч, дотуур байр, айл амьтны хажуу бөөрөнд амьдарсан боло хоор хөдөөгийн аж байдлын тухай нэг их мэд дэггүй гэсэн. Харин долоон настай хүүг рок хөгжимд чухам юу дурлуулсныг асуухад,
“Рок бол энэ дэлхийн хамгийн сайхан хөгжим. Хүнийг төлөвшүүлж, үзэл бодлыг нь ч хурцалдаг. Хөгжим гэдэг зөвхөн чихээр сонсож, түрхэн зуур хөгж өөд өнгөрөх юм бус. Дууны сонголтод нийгэм хүртэл нөлөөлдөг. Тануус хүнд рокийг тэр бүр сонсдоггүй байх. Харин эндхийн залуус маш их таалдаг. Яагаад гээч, бидний нийгэм адилгүй. Өвөрмонголчууд бидэнд хятадуудад дургүйлхэх үе дэндүү олон байна шүү дээ” гэж хэлээд тэр хэсэг чимээгүй болов. Дотор нь бугшсан уур хилэнг рок хөгжим хөглөж, бас үхүүл дэггүй амьдруулаад байдаг гэж тайлбарлалаа. Тэрбээр “Хурд”, “Никитон”, “Харанга”- ын дууг сонсдог, сүүлд гаргасан хэд хэдэн цом гийг нь татаад авчихаж. Хип хопыг ч бас дурлан сонсдог юм байна. Хөгжмийн тухай ярьж байснаа тэр нэг сонин мэдээ дуулгалаа. Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн зохион байгуулсан “Хамаг Монгол” тоглолтод Өвөрмонголоос Баяс галан гэдэг залуу ирж дуулс ныг та мэдэх байх. Түүнийг энд ирээд, ийм тоглолтод оролцсоныг орон нутгийн удирдлагууд нь мэдээд ихэд дургүйцсэн гэнэ. Баясгалан Өвөр монголдоо эргэж очоод л нам жим болчихсон аж.
Зүүн гар талаас хоёр дахь нь Баясаа
“Баясааг хорьчихсон гэж хүнээс дуулсан. Үнэн байх. Хоёр жилийн өмнө хип хоп дуулдаг хэдэн за луу өвөрмонголчуудаа өмөөр сөн дуу дуулснаас болж шо ронд хориг доод саяхан сул лагд сан” гэж тэр хэллээ. Энэ хүү тоглолтын талаарх сур валж лага зурагтаар цацагдаж, Хятадын цахим хуудсуудад тавигдсан боловч, Баясааг нутагтаа харьсны дараа, түүний ярьсан хэсгийг ор тас хассан байсныг Тэнэгэр олж үзжээ. Хэлэх үг байтугай дуу хуур, сонсох хөгжмийг нь хүртэл цагдаж, хорьдог ийм газар амьдрах нь түүний хувьд ял, шийтгэл шиг санагддаг гэлээ ч явъя гээд хаачихаа тэр мэдэхгүй. Багадаа бол хоёр Монгол нэгдээсэй гэж хүсэж, чөлөөтэй, эрх дураараа байж болдог Ар Монгол руу очих юмсан гэж боддог байснаа нуусангүй. Одоо бол тэр ийм үлгэрт итгэдэггүй.
“Тэнэг хүмүүс л ийм юм ярьж, өөрсдөө итгэнэ. Аль дээр үеэс нэгдэж болоогүй юм чинь одоо яаж тийм юм болох вэ. Цаг хугацаа гэж нэг юм бий шүү дээ. Хэдэн зуунаар цусыг маань угаачихсан. Өвөрмонголд 13 ястан байдаг. Тэд хоорондоо эвдрэлцэж байхад Ар, Өвөр Монгол нэгдэж дийлэхгүй. Хятад соёл биднийг хэдэн зуун жил эзэмдчихсэн, танууст бол Оросын нөлөө их байдаг гэж би сонссон. Хэл нь ч өөр, соёл нь ч өөр болчихсон байхад яах юм. Ухаантай хүмүүс бол ийм юманд хөдлөхгүй. Тэнэгүүд л харин саваагүй юм ярьж, хэдэн монголчуудыгаа хөөргөөд л байдаг” гэж ихэд дургүйлэхсэн байртай хэллээ. Тэгснээ бас л хэдэн хором огт юм ярьсангүй. “Би хоёр Монгол нэгдэнэ гэдэгт итгэдэггүй. Харин өвөр монголчууд бид багахан ч гэсэн эрх чөлөөтэй болооосой л гэж хүсдэг” гэлээ.
“Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандаж дараах мэдэгдлийг хийж байна.
ХОЁР: ХЭЛ АЯЛГА
Та бүхний сайн мэдэж буй гаар Хянганы нуруунаас Ал тайн нуруу хүртэлх өргөн уудам нутагт буриад, хорчин, хар чин, үзэмчин, цахар, ордос, ойрад гэх мэт монгол үндэсний ястнууд өөр өөрсдийн соёл, аялга дуудлагаараа монгол хэмээх агуу соёлыг чи мэн оршсоор ирсэн билээ. Өвөрмонголчууд бид босоо монгол бичгээ хадгалж, олон ялгаатай монгол хэлээр хоорондоо харилцдаг. Түүхэндээ монголчууд ийм л бай сан, ийм ч байсаар байх бол но. Хэл аялга бол тухайн үндэст ний гарал үүсэл, байгаль орон, хэл бичгийн язгуур нэршлийг зөв хадгалан үлдэх соёлын чухал өв юм. Энэ талаар дэлхийн тэргүүлэх ардчилалтай Норвег, Швед, Дани зэрэг улс онцгой анхааран дэмжиж хамгаалдаг. Гэтэл монгол үндэстний дунд энэ нутгийн аялгыг ихэд шоолон гадуурхах нэгэн хэвшил, төв аялга руу шахах бодлого эрчимжиж байна. Энэ бол Монгол шиг их газар нутагтай, агуу түүх, соёлтой үндэстний хувьд байж боломгүй буруу асуудал юм. Бид соёлын хувьд тэлж, дархлаажуулж байх ёстой болохоос биш хямгадаж явцуу байж болохгүй. Өвөрмонголд 1990 оноос хойш монгол бага сургуулиудыг хятадууд төрийн хүчээр хааж, монгол хүүхдүүдийг хятад сургуульд хүчээр элсүүлж байна. Энэ бол өвөрмонголчууд бидний дунд маш их аюул болж, монгол хүүхдүүд эх хэлээрээ ярьж бичих нь илтдээ багасаж, аюулын дохио болж байна. Үүнийг ажигласан Өвөрмонголын сэхээтн үүд идэвхийлэн санаа санаачилга гаргах боловч тэр бүртээ Хятадын цагдаа, хүчнийхэнд баригдаж байна. Иймд үнэн бодит нөхцөлийг Монгол Улсын ах дүү нар үнэн бодитоор хүлээн авч, уужуу хол ухаан, халуун сэтгэлээр бидэнд тусална уу. Монгол Улсын сэхээтнүүд, боловсролын мэргэжлийн байгууллагууд монгол хэл, аялга, эх сэтгэхүйгээ хамгаалахын төлөө өвөрмонголчууд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Иймд, эзэн богд Чингис хааны “Даян дэлхийг төвшитг өн засъя гэхүл даяар олон иргэдийг хураан эетүүлэх тун. Дэлхийн хүн болгоныг эетүүлэх бол далай их сэтгэл итгэлийг олохтун” гэсэн агуу сургаалыг санахтун...”
Тэнэгэр Монголд очиж үзэх гэж их боддог, чадвал хоёр жилийн дараа явахаар төлөвлөж байгаа гэсэн. Улаанбаатарт бол өөрт нь үзэх юм байхгүй, харин хөдөө нутгаар нь явж, шавайгаа ханатал тэнэхсэн гэсэн бодолтой гэнэ. Саяхнаас хувийн бизнес эрхлэх болсон учраас санхүүгийн хувьд бэрхшээл байна гэж учирласан. Энд ирсэн монгол оюутнуудтай ойр харилцдаг болохоор Монголд очиж амарвал газардахгүй, бас ч гэж хэдэн өвөрмонгол найз нь байдаг учраас санаа зовохгүй байгаа аж. Энхээ гэж найз нь саяхан аавыгаа хагалгаанд оруулах гээд Монгол руу явсан, түүнд тамхи сэлтээс эхлүүлээд ойр зуурын монгол хүнс, бараа захисан тухайгаа ч ярив. Хятадын анагаах ухаан, эрүүл мэндийн салбар сайн хөгжсөн атал яагаад заавал Монгол руу явж байгаа юм бэ гэж асуувал “Манай найзын хоёр ч садан нь Бээжингийн эмч нарт алуулсан юм аа” гэж шуудхан хариулав. Түүний хятад хүмүүст дургүй, хятад хүнс, бараа хэрэглэхээс цааргалдаг бас нэг шалтгаан нь энэ юм билээ.
-Хятадын дуучин Гуа Шунь Сан гэх нөхрийг хараасан пост та өчигдөр “WeChat”-даа бичсэн байна лээ. Ямар учиртай юм?
-“Монголчуудад ямар ч урлагийн мэдрэмж байдаггүй. Бээжин хотыг соёлгүй, бүдүүлэг хүмүүс их ургүй байгуулсан” гэж тэр нөхөр ярьсан байна лээ. Бээжин хотыг манай Хубилай хаан байгуулсан биш юм уу. Бид нар их эгдүүцэж, манайхны зарим нь тэр хүнтэй уулзаж, хатуухан ярина гээд л сагсуураад байгаа. Утас, машиных нь дугаарыг олчихсон, гэрийнх нь хаягийг ч мэдэж авсан байна лээ. Харин саяхан анх удаа хятад хүн өөрийн улсаа харааж ярьсан нэвтрүүлэг би үзсэн. Тэр ярихдаа, “Хятадын урлаг гэж юм байгаагүй, бидний өөрийн гэж өмчлөөд байгаа бүхний ихэнх нь нутгийн захаас, жижиг үндэстнүүдээс авсан юм” гэсэн. Тийм шударга хятад хүнийг би урьд нь хараагүй. Мөн тэр хүн хятадууд яг жоом шиг, хаа явсан газраа хүмүүст доромжлуулж, ад шоо болдог гэсэн байсан.
-Овоо зоригтой хүн юм гээч.
-Гэтэл одоо хятадууд ч биднийг соёлгүй гэж доромжилж байна. Ёстой нэг тоглож байгаа юм шүү, “Fuck!”. Хятадууд гэхдээ хулчгар. Залуучууд нь монголчуудыг хараад шээсгүй болтлоо айдаг шиг засаг нь монголчуудыг нэгдэхээс үхтлээ эмээдэг. Нэгдвэл Хятадыг байтугай дэлхийг самарна гэдгийг мэддэг болохоор тэр байх. Даанч одоо тийм юм байхгүй биз дээ. Намайг оюутан байхад оюутны хотхонд өвөрмонгол найман оюутан суудаг ганцхан дотуур байртай, бусад нь бүгд хятадууд мөртлөө биднээс үхтрээ айдаг байсан. Бид нар руу төв сайхан харцаар харахгүй бол зодуулна, нэг юань өг арван юанийн юм захичихаад, хариулт нь авчраарай гэхэд хятад оюутнууд юу ч хэлэхгүй аваад л ирдэг. Гоё байлаа. Одоо харин тийм юм байхгүй болсон шиг байна. Нэг удаа манай дотуур байранд цагдаагийнхан, “Одон” телевизийн сурвалжлагчид ирээд, бөөн юм болсон. Монголчууд даварч байна гээд л... Бид хэдий цөөхүүлээ ч гэсэн монгол хүн бүрийн дотор оргилсон их омголон чанар байдаг. Тэрийг бид бий болгоогүй, цуснаасаа заяасан юм. Гэвч монгол хүний уг сүнс нь алга болсон шиг санагддаг. Ар, өвөр ялгаагүй.
-Таныг монголчуудтай ойр байдаг, цахим хуудсаар дамжуулан үндсэрхэг юм ярьдаг гээд цагдаа, цэргийнхэн мөрд өж, хавчдаг уу?
-Би тэрнээс айдаггүй ээ. Харин ганц л юмнаас айдаг. Тэрийг гэхдээ хэлчихвэл би Ар Монголд очиж чадахгүй болчихно. Миний өөр бас юунаас айж байгааг чи мэднэ үү. Хүүхэдтэй болчихвол ийм нийгэмд, энэ газар яаж түүнийгээ өсгөнө дөө гэж. Би ойрд энийг л бодож байна, хариу нь даанч олдохгүй юм. Өвөрмонголд төрсөн нь нэг талаар миний хохь гэлээ ч би үхэж бас болохгүй. Энэ газрыг, хятадуудыг үзэн яддаг ч гэлээ энд амьдраад байдгийн маань учир ийм...Fuck!
“Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандаж дараах мэдэгдлийг хийж байна.
ГУРАВ: БАЙГАЛЬ ОРЧИН БА НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ
Өнөөдөр Өвөрмонголын 4.5 сая монголчуудаас 1.1 сая нь мал маллаж, монгол ахуйгаар амьдарч байна. Гэвч тэдний амьдарч байгаа орчинд, малын бэлчээрт хятадууд ихээр халдаж, тариалангийн талбай болгон, суурин газар руу шахах зэргээр өдрөөс өдөрт дарамталж байна. Хятадууд Өвөрмонголын газар нутгийг бүрэн судалж, дэлхийд нэр бүртгэгдсэн 140 гаруй нэр төрлийн ашигт малтмалаас 100 гаруй зүйлийнх нь байршил байрлал, нөөцийг тогтоож, богино хугацаанд ухаж, дээрэмдэх гэж улайран шунаж байна. Өвөрмонголд 13 газарт газрын тос, байгалийн хий олборлож, 860 гаруй уурхай ашиглаж, газрын ховор элемент, алт, төмрийн хүдэр, зэс, мөнгө зэргийг олборлож, тэр хэмжээгээр байгаль, бэлчээр, газар нутгийг урьд өмнө байгаагүйгээр устгаж байна. Үүнийг дагаад Өвөрмонголын олон газар химийн болон хүнд үйлдвэр, цахилгаан станцууд олноор баригдаж, агаарын бохирдол, ундны ус хөрсний бохирдол, цөлжилт, хятад иргэдийн шилжин суурьших нь гамшгийн хэмжээнд хүрч байна. Хятадын цагаачдын тоо 30 сая хол давсан. Цаашид Өвөрмонголын 100 гаруй км талбайгаас 200 тэрбум тонн нүүрс олборлоно гэж шуналтаж байна. Энэ хэмжээгээр монгол соёл ахуй, удмын сан бохирдож, монгол хүн монгол нутагтаа тайван, эрүүл суух боломжгүй болж байна. Энэ гамшгийг монгол нутгийн ард түмэн минь бүү давтаарай. Хятадуудын шуналаас болгоомжлохтун. Уул уурхай, ус мөрнөө ухаалгаар ашиглаж, байгаль орчин, монгол ахуйгаа хайрлан болгоомжтой байгаарай. Өчигдрийн өвөрмонголчуудын үзсэн туулсан зовлон өнөөдөр Монгол Улсыг дайрч болохгүй. Монгол хүний гал голомт эрүүл оршиж, монгол хүний мэлмий ухаан саруул цэлмэг байх болтугай. Монгол Улс нь нийт монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, тусгаар тогтнолыг монгол цусаараа даллан дуудаж, итгэл сэтгэл, зүтгэлийг үзүүрлэн ирлэж, монгол түмнээ нэгтгэн нэгдүүлэх болтугай.
2013 оны тавдугаар сарын 1.
Үргэлжлэл бий.

May 7, 2013

Луугийн атган дахь цаасан шувуу: Сүнстэй хотоос улбаатай юм


Үргэлжлэл... 
      Монголын эзэнт гүрний, тэр дундаа Чингис хааны байлдан дагуулалт, түүх соёлтой холбоотой хөшөө, дурсгал энд бишгүй. Өөд өөдөөсөө харсан хоёр том морины баримал хотын яг зүрхэнд нь байх бөгөөд найман шарга морь, дайтахаар мордож буй баатар эрс, Алунгоо эхийн ачлалыг харуулсан хөшөөг тойроод тоолшгүй олон барилга сүндэрлэжээ. Өнөө мөн барилгын ажил ид үргэлжилж, эргэн тойрон хүчит машины дуу хадсан хэвээр л. Гэвч өдрөөс өдөрт өнгө засаж буй энэ буйд газар нэг л юм дутуу байлаа. Тэр нь оршин суугчид нь. Ер нь эндхийн хүмүүс хааччихсан хэрэг вэ?
     Энэ бол Ордос, “Сүнсний хот” гэдгээр нь хүмүүс сайн мэдэх газар. Эндхийн сүржин, өндөр барилгууд нь нэг бол эзэнгүй хоосон, нэг бол баригдаж дуусаагүй байсан нь анхаарал татмаар. Өвөрмонголын энэ хэсэг газар зөвхөн Хятаддаа төдийгүй дэлхийд нүүрсний нөөцөөр шуугиулж асан 20 жилийн хугацаанд Ордос хот зэгсэн хөлжиж амжсан бөгөөд энэ нь БНХАУ-ын барилгын салбарын хөөс цахрах үетэй яг таарсан болохоор хэнд ч юм зориулж хэчнээн олон барилга барьсныг нь тоолох аргагүй. “Тариаланчид эзэмшил газраа уул уурхай, барилгын компаниудад зарж, түргэн хугацаанд маш их хөрөнгөжсөн. Ажлын байр хэдэн мянгаараа бий болж, орхигдож, мартагсан Ордос гэнэт л баячуудын эгнээнд шилжсэн” гэж Тэнэгэр надад ярив. Ордос явах замд тэр “Өвөрмонгол охид ордос хүнтэй суухыг мөрөөддөг” гэж хэлж байсны учрыг сая л ойлгож билээ.
    Нэгэнт түргэн хугацаанд бэлтэй болсон болохоор байгалийн баялаг гэдэг шавхагддаг эд болохыг мэдэх учраас орон нутгийн удирдлага нь түрхэн зуурын мөнгөний их урсгалыг тогтоон барих гэсэндээ эхлээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дараа нь барилга, орон сууц барихад хөрөнгө зарцуулахаар шийдсэний илрэл энэ аж. Хорин жилийн дараа эргээд харахад энд эзэнгүй шилэн харшууд, худалдан авагчгүй дэлгүүр, хоосон оффисын барилга бүхий гял цял, цоо шинэ хот сүндэрлэн боссон байна. Эндхийн иргэд гэгдэх цөөн хүмүүс хотынхоо хөгжлөөр учиргүй бахдан баясдаг бол эдийн засгийн шинжээчид Ордосыг Хятадын барилгын салбарын хөөсрөлтийн тод жишээ болгон ярьдаг болжээ. Одоогоос ердөө 25 жилийн өмнө л Хятадын Засгийн газар иргэдээ хувийн орон сууц, байшин барилгаа наймаалцаж болохыг хуульчилсан болохоор ч тэр үү, нүүж суух “соёл”-д тэд хараахан дасаагүй байгаа нь илт. “Бид гэнэт баяжсан шигээ гэнэт л ядуурах нь. Энд хэн ч ирэхгүй байна шүү дээ” гэж тансаг зэрэглэлийн орон сууц барихад нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулсан Хуан Ли гэх бизнесмэн BBC-д ярилцлага өгсөн байсныг энд ирсэн хойноо олж үзэв.
      Хятадын нүүрсний нийт олборлолтын зургааны нэгийг дангаар эзэлдэг Ордосын ДНБ нь 49.83 тэрбум ам.доллар буюу Монголынхоос бараг тав дахин их. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр улсдаа Бээжингийн дараа хоёрдугаарт жагсдаг. Уг үзүүлэлт 25239 ам.долларт хүрсэн нь Өмнөд Солонгос, ОХУ, Саудын Араб, Туркийнхээс ч илүү гарсан гэсэн үг. Нэгэнт энэ талаар хөндсөнийх, Өвөрмонголын Ордос хотыг өөрийн улсын Өмнөговь аймагтай харьцуулбал сонирхолтой байж мэднэ гээд тооцоо гаргаж үзлээ. Өмнөговь (101.3 тэрбум тонн), Ордос (149.6 тэрбум тонн) хоёрын нүүрсний нөөц  хоорондоо тийм ч их зөрүүтэй биш. Өмнөговийн нүүрсний нөөц цаашдаа нэмэгдэх боломжтой ч гэж үздэг. Хоёул харьяа улсдаа төдийгүй дэлхийд нүүрсний нөөцөөр зуузай холбон, тэргүүнд бичигддэг хэдий ч хөгжлийн хувьд эрс тэс ялгаатай. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс энэ онд гаргасан “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-д бичсэнээр Өмнөговийн ДНБ 283 сая ам.доллар буюу Ордосынхоос 176 дахин бага, нэг хүнд ногдох ДНБ нь 3232 ам.доллар буюу найм дахин дор байх жишээтэй.
   Сүүлийн арван жилд Ордос бараг дангаар шахуу Өвөрмонголын эдийн засгийг өөд татсан бөгөөд 2001 оноос өнөөдрийг хүртэл тус өөртөө засах орны эдийн засгийн өсөлтийн хурд дунджаар 17 хувьтай байсан нь Хятадын өөр ямар ч муж, хотод гүйцэгдэхгүй өндөр үзүүлэлт юм. 2009 онд Өвөрмонголын нүүрсний үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч, уг түүхий эдийн олборлолтоор улсдаа тэргүүлсэн. Одоо бол тус улсын нүүрсний нийт олборлолтын 27.8 хувийг Өвөрмонгол дангаараа хангах болсон гэж  “The Economist” сэтгүүлд бичсэн байсан. Зөвхөн нүүрс гэхгүй, газрын ховор элементийн нэг болох германийгийн дэлхийн нийт нөөцийн 38 хувь нь энд бий. Энэ бүх тоон үзүүлэлтүүд хамжсаар Өвөрмонголыг ДНБ-ий хэмжээгээр Хятаддаа 15 дугаарт, нэг хүнд ногдох үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдэхэд дэм болсон байх юм.
     Хөх хот, Ордос хотууд нь Хятаддаа нэлээн өндөр эрэмбэтэй болж ирсэн учраас яг л манай Улаанбаатар хотын нэгэн адилаар хүн амын бөөгнөрөл илтэд мэдрэгдэх болжээ. Хамгийн сүүлийн тооцоогоор л гэхэд Хөх хот, Ордост нийлээд Өвөрмонголын хүн амын тэн хагас нь аж төрж байгаа юм байна. Малчид, тариаланчид газраа уурхай, барилгын компаниудад худалдаж, бүгд л томоохон хотууд руу нүүдэллэн ирэх болсон аж.
      Хүнс бараа төдийгүй цахим хуудсууд нь хүртэл эх орны бүтээл байдаг нь эдийн засгийн хувьд томоохон давуу тал болдог. Жишээ нь, энд “Google”-ийн оронд “Weibo”, Фэйсбүүкийн оронд “WeChat”-ийг хэрэглэдэг. Хятадын “Tencent holding” компанийн бүтээсэн “WeChat”-ын ажиллах горим Фэйсбүүктэй тун төстэй бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар нийт 300 сая хүн ухаалаг гар утасны уг апп-ийг ашиглаж байгаагийн дийлэнх нь хятадууд хэмээн “Forbes” сэтгүүлд бичсэн байв.
     Хөх хотод сурдаг оюутан найзынхаа “WeChat”-аас Тэнэгэр хэмээх өвөрмонгол залуугийн тухай би анх олж мэдсэн бөгөөд Чингис хаан, Монголын тухай өдөр бүр мэдээлэл оруулдаг түүнийг найз маань “Их үндсэрхэг хүн байна лээ. Чи уулзах юм бол илүү их юм мэдэж авна даа” гэсэн юм. Хамгийн сүүлд л гэхэд тэр “WeChat”-даа “...Бид хэдийгээр Хятадын нутагт амьдарч байгаа боловч сүүлийн жилүүдэд манай монгол залуус босоо бичгээ хэрэглэхээ байж, эх хэлээрээ ярихаас төвөгшөөх янзтай болжээ. Ингэж болохгүй. Бид эх хэлээрээ ярьж, бичиж байх хэрэгтэй...” гэж ханз үсгээр бичсэн пост оруулсан бөгөөд түүнийг нь гуч гаруй хүн “like” дарж, нэлээд нь санал нийлсэн сэтгэгдэл үлдээжээ. Цахим хуудас битгий хэл албан ёсны бүртгэл, эмнэлгийн шинжилгээний маягт сэлтээс эхлээд бүхий л зүйл хятадаар бичигдсэн байдаг болохоор аргагүй байх. Гэхдээ тэр үе тэнгийн өвөрмонгол залуусаа бодвол крилл үсэг гадарлах учраас Монголтой холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч дөнгөөд байдаг ажээ.
       Сурвалжлагын маань эхнээс л нэр нь дурдагдсан, Өвөрмонголд байхад маань олон талаар тус дэм үзүүлсэн Тэнэгэр гэх залуутай Хөх хотын төв талбайн ойролцоох нэгэн кофе шопт анх уулзахаар тохирох үед миний Монголоос авч явсан тамхи дууссан болохоор замаасаа цагаан хайрцагтай, “Nine” гэсэн бичигтэй хятад тамхи аваад дотогш орон хүлээж байлаа. Тэгтэл үсээ  мөлчийтөл нь хусаж, баруун гараа чигт нь готик маягийн шивээсээр хулдсан, харваас монголжуу царайтай, ширүүн харцтай эр орж ирлээ. Дөнгөж мэндэлснээ тэр ширээн дээрх тамхи руу маань зааж, “Чи тэндээс ирсэн мөртлөө хятад тамхитай, би энд байгаа хэрнээ Монгол газрын янжууртай” гээд шоолонгуй инээснээ халааснаасаа “Marlboro гаргаж, намайг дайлсан юм. Үнэхээр ч тэр тамхин дээр нь “Монгол Улсад худалдахыг зөвшөөрөв” гэсэн бичиг байхыг олж харав. Тамхи, цай болон зарим хүнсний зүйлийг тэр Эрээнд байдаг танилуудаараа дамжуулан захиж авдаг аж. Ер нь л тэр хятад хүнс, бараа хэрэглэх дургүй, тэдэнтэй нэг их харилцдаггүй, хятад хүмүүсийн ажиллуулдаг газраар ч үйлчлүүлдэггүй хэгжүүн нэгэн юм байх. Бидний уулзсан кофе шопийг өвөрмонгол хүмүүс ажиллуулдаг болохыг гарахдаа л би мэдэв. Ганцхан тэр биш, миний уулзсан хэд хэдэн өвөрмонгол залуус бага сургуульд байхаасаа эхлээд л хятадуудтай тааламжгүй харилцсаар ирсэн гэж байлаа. Өвөрмонголын их сургуулийн оюутан Үзэм (мөн нэрийг нь өөрчлөв) дотуур байранд нэг монгол, дөрвөн хятад охинтой хамт байдаг боловч хоорондоо мэндэлдэг ч үгүй гэж хэлсэн юм.
      Чухам энэ тухай, улмаар орчин цагийн өвөрмонгол залуусын амьдрал, хятадуудтай хэрхэн харилцдаг талаар болон бусад сэдвээр ярилцлага хийх санал тавихад тэр эрс эсэргүүцсэн. Зүгээр суугаад ярилцаж болно, гэхдээ ярилцлага болгон сониндоо нийтэлж болохгүй гээд байв. Өмнөх нийтлэлд дурдсанчлан, Ар, Өврийг нэгтгэн нийлүүлэх гэсэн сүүлчийн тэмцлийн тухай шалгааснаас болоод бид эхний уулзалтаа зогсоохдоо хүртэл тулсан билээ. Тэр оройноо “WeChat”-аар нь дамжуулан учирлаж, хэрэндээ баахан ятгасны эцэст тэр маргааш нь надтай дахин уулзахаар болсон юм. Ярилцлага өгөхийг зөвшөөрч юуны магад гэсэн горьдлого тээгээд маргаашийн үдээс хойш мөнөөх кофе шопд болзсон цагаасаа эртлэн ирээд хүлээлээ. 
Үргэлжлэл бий. 

Луугийн атган дахь ЦААСАН ШУВУУ


Хөх хот. Эндхийн тэнгэр эрт хэзээ нэгэн цагт хөхрөн тунарч байсныг, энэ газар тэгэхэд Их Монгол гүрний нэг хэсэг байсныг гэрчилж байг гэсэн шиг уугуул нэрээ ер хөндөлгүй явсаар өнөөдөртэй золгосон Өвөрмонголын өөртөө засах орны нийслэлийн төв талбайг тойрсон өндөр саарал байшингуудын оройгоор тааж үл мэдэх танил биш хан зууд ярайжээ. Тэр дороос юунд ч юм яаран зөрөх хүн урсгалыг сэтлэн, өөд өнгийвөл өнгө өнгийн цаасан шувуу тэнгэр эмжин нисэлдэх нь үзэгдэв. Эдийн засаг нь өндрөөс өндөрт дүүлэн нисэж буй Өвөрмонголын өөртөө засах орны үсрэнгүй хөгжлийг энэ дүр зургаас харж болмоор. Өрсөн хасаа шиг, асар том эвлүүлдэг тоглоом шиг энэ хотод өндөр өндөр барилгууд нь цаасан шувууны нисээд хүрэх газрыг хэмжин, өөр өөрөөсөө өрсөн ургасаар л байна. Гэвч энэ бол Өөртөө засах орон, энэ бол их гүрэн Хятадын нэг хэсэг шүү гэдгийг илтгэх шиг цаасан шувуу бүрийн үзүүр хэн нэгний гарт атгаастай байв. Хэр хүртэл өндөрт нисгэх нь өнөөх “хэн нэгний” л мэдэх хэрэг ажгуу.
Одоогоос яг нэгэн зууны өмнө буюу 1913 онд Богдын Засгийн газар Дундад улсын цэргийг Өвөрмонголоос үлдэн хөөхөөр цэрэг илгээсэн нь нэгэн цусны тасархайг нэгтгэх гэсэн эцсийн томоохон оролдлого байсан. Тэмдэглэлт ой ч биш, тэмцээд бүтсэн ч биш, энэ өдрийн тухай хөндөн яриа дэлгэхийг тэнд миний уулзсан хүмүүсийн хэн нь ч хүсээгүй. 27 настай Тэнэгэр (хожим элдэв асуудал үүсэх вий гэж түүний нэрийг өөрчлөв. Тэнэгэр гэдэг нь эндхийн эрчүүдийн түгээмэл нэрийн нэг) энэ тухай яриа дэлгэхээс бүр ч дургүйлхэнэ. Чухам энэ сэдвээр яриа өдөх гэснээс болж бидний эхний уулзалт хоёр цаг ч бололгүй өндөрлөсөн. Арайхийн дахин уулзахаар ятгаж дөнгөхөд тэр хэд хэдэн дүрэм тогтоох хэрэгтэй гэдгийг надад сануулан зөвлөв. Тэдгээрийн нэг нь өөрийг нь болон бусад угсаа нэгтнийг нь Өвөрмонгол гэж дуудахгүй байх! Албан ёсны бичиг болон босоо монголоор бичсэн албан газрын хаяг сэлтэд Өвөрмонгол гэж бичсэн байх боловч энд тэд өөрсдийгөө монголчууд л гэдэг. Хятадууд мөн тэгж нэрийднэ, гадаадынханд өөрсдийгөө танилцуулахдаа ч монгол хүн л гэнэ. Ер нь биднээс бусад нь тэднийг хил хаяагүй боддог ажээ.
Жишээ нь, “The Economist” сэтгүүлийн энэ сарын 13-ны дугаарт “Mongol miracle” нэртэй нийтлэл гарсан нь чухам энэ бүс нутгийн эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн тухай байв. Мөн Германы “Membran media”-гаас гаргадаг улс үндэстнүүдийн дуу хөгж мийг дэлхийд сурталчилсан “Portrait” цуврал цомгийн хавтаснаа нэгэн өвөрмонгол эмэгтэйг “The Magical voice from Mongolia” гэж бичсэн байсныг ч харсан. Өнгөрсөн жил Ордост болсон “Дэлхийн мисс” шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнийг тэд аль болох л монгол уур амьсгалтай болгох гэж хичээсэн нь оролцогчдод монгол үндэсний хувцас өмсгөн зураг авалт хийж, Чингис хааны онгоныг үзүүлэн, морьтой эрчүүд тосон авч, монгол гэрт оруулсан зэргээс харагдаж байлаа. Энэ тэмцээнийг дэлхийн тэрбум гаруй хүн үзсэн гэж www.missworld.com цахим хуудаст тэмдэглэжээ. Тэдний тэн хагас нь биш юм аа гэхэд гуравны нэг нь Ордосыг Хятадын нэг хэсэг биш, Монгол орных гэж бодсон байх тун магадтай. Фэйсбүүкээр дамжуулан танилцсан хэд хэдэн гадаад найз маань тэр үед “Танай орон Дэлхийн мисс тэмцээнийг зохион байгуулна гэдэг том амжилт шүү” гэж эндүүрсэн талархлын үг илгээж байсан нь санаанд буув.Үнэн гэхэд хэцүү, үгүйс гэж яагаад ч болдоггүй зүйл гэж бас бий ажээ. Хил гэх хэцэлсэн хэдэн төмөр сараалжны цаана, наана монгол гэх нэрийг дамжлан оршиж буй хоёр орны хувь заяа ийм нэг ойлгоход бэрх утга тээж хэдийнэ хагас мянганыг үджээ.
“Википедия” цахим нэвтэрхий тольд Өвөрмонголын түүхийн талаар бичихдээ “Монгол үндэстний нутаг анх Хятадын харьяанд байсангүй...” гэх өгүүлбэрээр эхэлдэг. Тэгээд бидний хэдийнэ мэдэх түүхүүдээр баяжин цааш өрнөнө. Харин Тэнэгэрийн хувьд энэ дээр бичсэн бүхэн шинэ соргог байгаа нь илт. Учир нь дунд сургуулийн түүхийн номд нь Монголын тухай ердөө хоёрхон хуудас л байсан гэж тэр дургүйцсэн байдалтай хэлсэн. Тэнд нь Чингис хааны байлдан дагуулалтын талаар хэдэн өгүүлбэр байхаас хэтрэх гүй аж. “Манай Монголын түүх Хятадынхаас ч агуу. Эхнээс нь бүгдийг үнэн мөнөөр нь бичвэл Монголын түүх бүх хуудсыг нь эзлээд, Хятадынх нь харин хоёр хуудас ч хүрэхгүй байх даа. Fuck!” (тэр хятадуудын талаар дурсах болгондоо энэ үгийг хэлж байлаа.) гэлээ. Тэнэгэрийн олж үзээгүй Монголын түүхийн номд бичсэнээр 1634 онд Лигдэн хаан Хөх нуур руу ухарч яваад Ганьсуд өвчнөөр нас эцэслэсний дараахан нь Манжийн Абахай хаан өөрийгөө Монголын хаанаар өргөмжилж, Хөх хотыг эзэлснээр Өвөрмонгол Чин улсын мэдэлд шилжсэн байдаг. Өөрийн мэдэлгүй хоёр хуваагдсан монголчууд тусдаа оршсоор сунайсан урт гурван зуун жилийг үдсэн боловч 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэхтэй зэргэцэн Ар, Өвөрмонголчууд эргэж нийлэх тэмцэл хийсэн ч их гүрнүүдийн эсрэг яаж ч чадаагүй. 1915 оны Монгол, Орос, Хятад гурван улсын хооронд байгуулсан Хиагтын гэрээгээр Ар, Өврийг нийлүүлэх төлөвлөгөө үгүйсгэгдэж, тэгсгээд намжсан билээ. Үүнээс гучин жилийн дараа дахин бослого гарч, Өвөр монгол Монголын цэргийн мэдэлд түрхэн зуур тогтнож байсан ч Мао Зэдуны хүчинд дахин автаж, үүнээс хойш том, жижиг тэмцэл гарсан тухай ямар ч мэдээлэл түүхэнд үлдээгүй байна.
Одоо бол манай улсын нутагтай дүйх хэмжээний тал газар, ӨМӨЗО-нд 22.4 сая хүн аж төрж буйн 20 орчим хувь нь буюу дөрвөн сая гаруй нь монгол үндэстэн гэжээ. Монголоор ярьж, Чингис хаан, хөх тэнгэртээ сүсэглэдэг нь өнөө ч хэвээр тэд биднээс хөгж лийн хувьд ч, эдийн засгийн талаар ч хувь илүү болсныг гэрчлэх зүйлс тэнд олон бий. Хамгийн энгийн жишээ гэхэд “McDonalds”, “Starbucks” тэнд манайхаас өмнө бууриа засаж, өндөр барилга, өргөн замууд эрээлжилж, эрдэс баялгийн нөөцөөр дэлхийг гайхашруулж, аварга бүтээн байгуулалт, тал нутгийг нь үзэх гэж жуулчид сая саяараа очих болжээ. Зөвхөн Ордост байх Чингис хааны онгоныг үзэх гэж жилдээ дөрвөн сая жуулчин очдог гэсэн тооцоо ч байх аж. Гэвч Өвөрмонгол гэх боловч хүн амынх нь дийлэнх нь хятадууд болсон учраас эндээ цөөнхийн тоонд орж буй уугуул монгол чууд энэ бүх сайхан мэдээнд нэг их догдолдоггүй. Харин ч эх нутагтаа эзэн сууж, эрх чөлөө гэх хамгийн үнэт баялгийг хүртэж буй бидэнд тэд битүүхэн атаархдаг. Өвөрмонголоос дэлхийд хамгийн их танигдсан дуучин болох Цахар Тугчийн Урнаа гэх бүсгүй 2005 онд Монголд ирэхдээ “Өвөрмонголчуудад нэг л мөрөөдөл байдаг. Тэр нь Ар Монголд очих үзэх юмсан гэж” хэмээн ярилцлага өгсөн байж билээ. Тэр Германы иргэн бол сон хойноо л Монголын хилийн дээсийг алхаж, олон сая өвөр монголчуудын мөрөөдлийн га зар хүрч ирээд ярьсан нь энэ. Ха рин түүнийх шиг боломж хүн бүрт олдохгүй учраас дээрх өгүүлбэрийн утга тэнд өнөө хэр үнэ цэнэтэй хэвээрээ.
Өвөрмонголд очихдоо би зам зуур унших гэж хэд хэдэн ном, баримт, мэдээлэл зэхэж явсны дотор МУИС-ийн Утга зохиолын ажилтны төгсөх ангийн оюутан Б.Ариунтуяагийн “Зүрхэндээ хилгүй ах дүүсийн нутгаар” нийтлэл байсан юм. Оюутан солилцоогоор тэдний ангийнхан өнгөрсөн жил Хөх хотод очиж, Өвөр монголын их сургуулийн дотуур байранд сар шахам амьдарч, хичээллэсэн аж. Тэр нийтлэлдээ “Газрын зураг дээр бидэнд хил зурж өгсөн ч, бид зүрх сэтгэлдээ хилгүй элэг нэгтэй монголчууд. Яг энэ үгийг хэлэхдээ тэр охины хоо лой зангирч сонсогдсон. Магад гүй тэр охины хоолой биш, миний зүрх зангирч байсан болохоор энэ үг нулимстай сонсогдсон байх. Энэ л үгнээс гуниг, хэн нэгнийг хэтэрхий их санасан бэтгэрэл, бас хүү гомдол мэдрэгдэж байлаа. Яагаад ч юм тэр хүмүү сийн өмнө ямар нэгэн буруу зүйл хийчихсэн юм шиг гэмшиж, газрын зураг дээрх хи лээр тусгаарлагдан амьдарч бай гаадаа анх удаа харамсах сэтгэл төрсөн юм...” гэж бичсэн байсан нь сэтгэл сэнсрүүлж ор хиод, тэр шөнөдөө би ун таж чадсангүй. Тэнэгэрийн зөв лөснөөр “Хаяа” (Haya band) гэх нэртэй Өвөрмонголын этник хамтлагийн дууг сонсож хэв тэв. Тэдний дуунд нь, 
Холын ах дүү нар маань хүрээд ирвэл
Хонон өнжин найрлаад сууна даа...гэсэн мөр байх...
Үргэлжлэл бий