Jun 20, 2013

Кино эхэлчихсэн үү?

      “Шинэ давалгаа”. Дэлхийд энэ үг ч, утга нь ч хуучирсан атал Монголд бол үгээсээ илүү утга нь зайлшгүй чухаг болсон цаг үед бид аж төрж байна. “Уламжлал дагасан буюу хавчигдмал үхмэл кино урлагаас хөндийрөх хандлага нь тухайн улс орны кино урлагийн эрүүл энх байдлыг илтгэнэ. Төгс биш байж болно, гэхдээ эрх чөлөөт кино бидэнд үгүйлэгдэж байна. Одоо кино хийж байгаа ихэнх хүнд найдах итгэл надад алга. Залуу кино уран бүтээлчид л кино урлагийн баригдмал ойлголтоос чөлөөлөгдөж, хайрцагнаас гадуур сэтгэх анархи үйлдлийг хийж чадна. Хөлдүү, нэг хэвийн байдлыг эвдэх цор ганц арга зам бол гоо зүйн хувьд дээд түвшний, тэс өөр эрэлхийллийн кино хийх явдал юм” гэж Ионес Мекас аль тэртээ 1959 онд хэлж байсан нь өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээр байна. Литва гаралтай энэ эр Америкийн авангард кино урлагийн эцэг гэгдэх хүртлээ сайн, муу олон замыг туулсан ч үндсэн чиг шугам нь болох төгс биш ч бай хамаагүй, эрх чөлөөт кино хийх замаасаа гажаагүй бөгөөд өнөөдөр, маргаашийн кино бүтээгчдэд түүний архив коран, библиэс ч үнэтэй “судар” болон үлдсэн байдаг. Харин бидэнд судар болох архив бий юү? Монголд ер нь артхаус, авангард, андерграунд кино байдаг уу? Арилжааны тал руугаа нэгэнт хэлбийсэн Монголын кино урлагт цус сэлбэх “донор”-ууд байгаа юу?
Энэ түвэгтэй гурван асуултад хариу болох нэгэн арга хэмжээ маргааш буюу, бямба гаригт болох гэж байгаа талаар та сонссон байх. “Монголын анхны андерграунд, эксперименталь, бэсрэг киноны уралдаан”. Хэдийгээр шинэ зуун гараад чилийсэн урт арван гурван жил болж, дэлхийн андерграунд, эксперименталь кино урлагийн түүх зэгсэн зузаан болсон энэ үед, одоо л дөнгөж ийм уралдаан, шинэ оролдлого гарч байгаа нь харамсалтай хэрэг мөн. Гэвч хэн ч зориглоогүй, хүсээгүй ажлыг гардан хийж, анхны оролдлого, шинэ дайралт гаргаж чадав, тэд. Тэд гэдэг нь “Алтан хальс” холбооны залуус. Дөрвөн жилийн өмнө “Dreamers” өдөрлөгөөр дамжуулан арт хаус кинонуудыг манай залууст таниулж эхэлсэн хүмүүс. Нэг сонирхол, нэг хүсэл бүхий нэг үеийн залуус долоо хоног бүр “Занаду” арт галерейд цуглаж, арт хаусыг шимтэж эхэлсэн. “Занаду” арт галерей өдгөө тавилгын дэлгүүр болсон ч тэнд цугларч асан залуус “Улаан гэр” рүү нүүсэн байна. “Dreamers”-ээр дамжуулан бидний кино мэдлэг, таашаал ч бас холоо нүүдэллэн, хөгжжээ.
“Алтан хальс”-ын гаргадаг арт хаус кинонуудаар үзэгчийн хувьд өөрсдийгөө бэлдсэн, оюун санаагаа ч тэр хэрээр тэлсэн залуусын төлөөлөл “Монголын андерграунд” кино уралдаанд өөрсдийн бүтээлээ сойчихоод, маргааш юу болохыг хүлээж суугаа. Нэгэнт тогтсон дэгээр хэн нэг нь байр эзэлж, нөгөө нь хоосон гуяа ганзаглан буцна байх. Гэвч маргааш, маргаашийн маргааш түүх болон үлдэх үнэ цэнэтэй ажлыг эхлүүлсэн, оролцсон, бүтээлцсэн тэд бүгдээрээ ялагч гэдэг нь гарцаагүй. Маргааш бид Г.Саруулбилэгийн “0#0”, Л.Баатархүүгийн “Гүнд”, Ш.Эрдэнэбаярын “Шувуу”, Б.Жаргалангийн “Нэг дотор”, Б.Даваахүүгийн “Track: 12354464154” зэрэг 26 бүтээлийг үзнэ. Монгол залуусын андерграунд сэтгэлгээг тольдоно, Монголын авангард төрхийг олж харна. Энэ бол хуучин байхыг, хоцрохыг хүсээгүй, хайрцаг дунд хэл үг, үйлдэлгүй хөшиж суухыг тэвчээгүй залуусын 26 янзын орголт, 26 янзын зугаталт. Оргосон, зугатсан хүмүүсийг хуулийн дагуу хүлж, хорьж шийтгэдэг ч гэлээ энэ тохиолдолд, энэ удаад оргогсдын жимээр бид явах хэрэгтэй. Тэдэнтэй хамт зугатах ёстой. Тэгээд хаа хүрэхийг, юунд тулахыг үзэх хэрэгтэй.
“Кино эхэлчихсэн юм уу?” гэсээр үзвэрт өдөр, болзолт цагаас хоцрон, хаалга үүд түчигнүүлэн орж ирэгсдийг театрт суугсад сатааран хардаг. Хожимдсон ч гэлээ бид дэлхийн андерграунд кино ертөнцийн хаалгыг ийн нээж орлоо. Урьд биднийг нэг нүдээрээ ч тоодоггүй хүмүүс одоо эсрэгээр “Монголд андерграунд кино эхэлчихсэн юм уу” гэсээр бидний ертөнцийг, бидний бүтээлийг, бидний санаа руу шагалзсаар орж ирнэ. “Төгс биш ч байж болно, гэхдээ эрх чөлөөт кино” энд хийгдээд эхэлчихлээ. 
Кино сонирхогчдын мөрөөдлийн тайз, хүслэнт газар Каннын кино наадмаас “Алтан мөчир” гардсан монгол хүн байтугай, анхны оролдлого ч гаралгүй өдийг хүрсэн. Энд хэн ч буруугүй хэдий ч энд Монголын буруу байна. Гэвч бас зөв нь ч байна. Хөгжлийн хувьд биднээс төдийлэн хол зөрөөгүй атал Ази, Ойрхи Дорнодын орнууд энэ тайзнаа шуугиулаад хэдийнэ эхэлчихэж. Урьд үзэгдээгүй, мэдрэгдээгүй тэдний сэтгэлгээ, хийц ур маяг кино урлагт цочроо өгч байна. Харин бид алга. Бид юугаа ч дэлгээгүй байгаа учраас, бас дэлгэе гэвэл өчнөөн юм би учраас тэдний хувьд бид нээгдээгүй, танигдаагүй онгон зэлүүд газар хэвээр. Дэлхийгээс өөр амьдралтай гариг байдгийг хэн ч мэдэхгүй ч, мэдье гэсэн эрмэлзэл, сонирхол дүүрэн шиг Монголын андерграунд кино ертөнцөөс хүсэж, хүлээх, сонирхох юм даанч их бий. Тиймээс хоцорсон гэдэг нь буруу биш, хоцорсон ч гэлээ эхлээгүй бол тэр харин бидний буруу болно. Бид буруудаагүйн баталгааг маргааш “Улаан гэр”-т очиж өөрийн нүдээр үзээрэй. Болзолт цаг нь 13.00 шүү

Jun 8, 2013

Сүнсгүй үгс


Гартаа барьж буй үзгээ дуустал та 45000 орчим үг бичиж болно хэмээн “Dailybeast.com” цахим хуудаст бичжээ. Гэвч хэрэв та 1980 оноос хойш төрсөн бол дээрх тоог хэзээ ч гүйцээж чадахгүй болов уу хэмээн ёжилсон байв. Компьютер хэмээх дөрвөлжин хар хайрцагт бидний амьдрал тэр чигээрээ шахуу багтчих гээд хэцүүдэж байх зуур таны бичгийн хэв бага ангийн хүүхдээс ч “муухай” болж эхэлснийг та анзаарсан уу. Гэхдээ асуудлын гол нь энэ биш юм аа. Ингэхэд та хамгийн сүүлд гараа гаргаж хэнд захидал бичсэн бэ, дугтуй дүүрэн сэтгэл хаалгыг тань үүдэнд хүлээж байх юм уу?
Үг гэдэг хачин эд. Нүүр тулахад амнаас гарамгүй нандин үг, угтаа сэтгэл гэж бий санж. Бид залбирахдаа, мөрөөдөхдөө, төсөөлөхдөө нүдээ аньж, дотроо шивнэдэг. Учир нь бидний мэдэх нандин бүхэн нүдэнд харагдахгүй, чинадын чинадад нуугдаж байдаг аж. Яг л үүн шиг үзэг, цаас амсардуулан бичих нь үгэнд гэгээн шид нэмж буй хэрэг. Шидгүй, сэтгэлгүй үгс өрсөн тоосгоноос ялгарах зүйлгүй. Биднийг хайрцаглан буй компьютер, гар утсаар түмэн үг өрдөг хэдий ч эд сэтгэлгүйн учраас мөнөөх шидийг нь шүүгээд авчихдаг байж мэднэ. Үг үзэглэнэ гэдэг нь хоолой дээр тээглээд амаар дамждаг амархан дамжлагатай байдаггүй болохоор бид боддог, тунгаадаг. Бодлогогүй үг амаар гардаг ганцхан сувагтай байсан нь өргөжин тэлээд мессеж, мессенжер тэргүүтнээр өртөөлдөг болжээ. Хүн хүнээсээ холдоод л байгаа гэдэг. Угтаа сэтгэл холдон буй учраас л тэр биз ээ. Америкийн зохиолч, сэтгүүлч Китти Бёрнс Флорей “Бичгийн хэв ба эрээчмэл” (Script & Scribble) номондоо “Хүмүүсийн бичгийн хэв улам л гаргацгүй, болхи болж байна. Компьютер дээр тогтмол ажилладаг хүний гарын алганы байрлал налуу бус, доош чиглэсэн тэгш хэмтэй болж, хурууны өндөг үзэг түших биш, даралт үзүүлэх хэрэгсэл болж хувирч буй учраас арга ч үгүй биз. Гараар бичих нь өнөө цагт мартагдсан урлаг боллоо” хэмээн бичжээ. Мөн эх бичвэр судлаач Клэйр Суддат “Time” сэтгүүлд нийтлүүлсэн “Бичмэлийн мөхөл” нэртэй өгүүлэлдээ Америкийн дунд сургуулийн сурагчдын есөн хувь нь хичээлээ дэвтэрт биш, зөөврийн компьютер дээр хийдэг болсон бөгөөд үүнийг нь багш нар хүлээн зөвшөөрдөг болсон жишээг дурджээ. Бид нэгэнт дүүрсэн хэмээн тайвширч болох ч бидний дараагийн үе бичгийн машины амьд хувилбар болон торниж байгааг юу гэж зөвтгөх билээ.
Бичгийн хэв давтагдашгүй ганц хувь байдаг. Харин компьютерт бичсэн нь “Ariel mon”, “Times new roman” гэх форматаар л ялгагдахаас биш угтаа нэг л цутгалттай. Харин гараар бичнэ гэдэг түүх бүтээх, сэтгэл шингээх, дуртгал үлдээхийн нэр. 400 гаруй хуудастай “Зуун жилийн ганцаардал” номыг уншаад, товчлон бичих даалгавар авч байсан тэр үед хэрэв компьютер гээч эд бидэнд хүртээмжтэй байсан бол ганцхан цагийн дотор түчигнүүлж орхиод, бүр залхуу хүрвэл сканнердэж оруулчихаад, хэвлээд гаргах байсан биз. Гэвч уйгагүй бичиж байсан мөнөөх дэвтрээ одоо сөхвөл надаас хэдийнэ талийж одсон нямбай зан, хэрэндээ л сайхан бичих гэж хичээсэн зүтгэл, үг үсгийн алдаа бүхэн нь он сар өдөртэйгээ дурсамж тээн дурайж байх юм. Харин мэйлээр ирсэн захидал, утсанд хадгалагдсан мессежүүдийг дүүрчихвэл нь “delete” хийж л мэднэ. Шидгүй үгийн үнэ цэн ийм хэврэг байдаг ажээ. Ээж, аавын минь хоорондоо харилцаж байсан захидлууд өнөө хэр байдаг юм. “Сайн байна уу гэх сайхан монгол үгээр энэхүү захидлаа эхлэе би. Чамаас минь захидал ирэлгүй яг 13 хонож байна. Энэ зуур толгойд юу эс орох вэ?...” хэмээн цагаан дээр хараар бичсэн хайрын түүх тэдний хувьд чулуун дээр төмрөөр сийлсэн Цогтын хадны бичгээс ч үнэ цэнэтэй. Тэд дурсамжаа тушиж үлджээ. Харин өнөө цагийн хайрын түүх гар утасны “inbox” дүүрэх хүртэл наслаад л устдаг аж.
Гарын үсэг зурахаас бусдаар үзэг шүүрхээ больж дээ. Гараа эвэрштэл ганц сайхан бичихсэн, сэтгэлээ нээхсэн. Ингэхэд та хамгийн сүүлд гараа гаргаж хэнд захидал бичсэн бэ, дугтуй дүүрэн сэтгэл хаалгыг тань үүдэнд хүлээж байвал гоё уу?   

Jun 3, 2013

Kush & Oyuka: Шинэ цомгоо бид хөгжимд, бас хөгжимд хайртай хүмүүст зориулсан

Kush & Oyuka” жазз хамтлагийн “Say it now” цомгийн нээлт, мөн цомгийн нэрээр нэрлэгдсэн тоглолт ирэх сарын 8, 9-нд “iLoft”-д болох гэж байна. Бид урлаг буландаа тэднийг урьж ярилцсанаа уншигч танд толилуулж байна.
-“Say it now” хэмээн нэрлэгдсэн цомог тань хэвлэлтэд явж, удахгүй цомгийн баяр, тоглолтоо хийх гэж байна. Энэ бүхнийг чухам хэнд, юунд зориулсан бэ?
Куш: -Хөгжимд зориулсан. Мөн хөгжимд хайртай хүмүүст болон өөрсөддөө зориулсан юм аа. Залуу насыг би алдаа гаргах нас гэж боддог. Бидний анхны цомог магадгүй хүмүүст таалагдахгүй ч байж болно. Гэвч хүнээс заавал нэг юм үлдэж хоцрох ёстой байдаг. Дуучнаас дуу үлдэнэ, хөгжимчнөөс хөгжим үлдэнэ... Энэ цаг үед уран бүтээлээ хийж байгаагийн хувьд юм үлдээхийг хүссэн. Тэр нь хэн нэгэнд гэхээсээ илүү өөрсөддөө хожим дуурсагдах зүйл бүтээж байгаа хэрэг.
Оюука: -Уран бүтээлээ бид өөрөө өөртөө баяр хөөр авах гэж хийдэг. Бас ямар нэгэн цэгт хүрнэ гэсэн зорилго өөдөө тэмүүлж амьдардаг. Бид нэг хамтлаг болсноосоо хойш за ямар ч байсан цомог гаргах хэрэгтэй, гэхдээ тэр нь чанартай, сайн байх ёстой гэж хүссэнээс өнөөдөр энэ бүхэн бүтлээ.
-Хүсэл, зорилгоос тань үүдэж бүтсэн энэ цомгоо гаргах гэж та хоёр хэр их хөдөлмөрлөв. Энэ цомог ямар үнэ цэнээр бий болоод, өнөөдөр үзэгчдийн гарт хүрэх гэж байна вэ?
-Оюука: Яг цомог гаргая гэж зорьсноос хойш хоёр жил өнгөрсөн байна. Сургуулиас сурсан мэдлэг болон хамтлаг болсноос хойших туршлага энд шингэсэн. Анхын цомог маань гарч байгаа учраас концерт хийх ёстой гэж бодсон. Гэхдээ үүнийг зөвхөн баяр хөөр гэхээсээ илүү “Бид өнөөдрийг хүртэл ингэж хөдөлмөрлөж, ийм цомог гаргалаа. Үүнийг та юу гэж үнэлэх вэ” гэсэн асуултын хариуг авах гэж хүсэж байна. Үзэгчийн, сонсогчийн үнэлэлт дүгнэлт бидний цаашдын замд тус, нэмэр болох юм.
Куш: -Уран бүтээл гэдэг нэг талаар үзэл санааны зэвсэг. Энэ маань сонсож байгаа хүнтэй ямар нэг сэжимээр холбогдож чадвал бидний зорилго биелжээ гэж үзнэ. Анхны цомог маань болохоор бид үүндээ их хайртай байгаа.
-Монголын жазз хөгжмийн ертөнц яг урсгалынхаа ньюнс шиг хөгжүүн, дэврүүн биш байна. Уран бүтээлчдийн хувьд зах зээлээ ер нь юу гэж хардаг вэ. Эзэнгүй, хоосон шахам талбар байгаа нь сайн хэрэг үү, эсвэл хөл хөдөлгөөнгүй байгаа нь сонирхолгүй хэрэг үү?
Оюука: “Монголын жазз ертөнцөд өнөөдөр хэн ч алга. Бидэнд боломж гараад ирлээ шүү” гэж бодож байгаагүй. Бодох нь байтугай, харин ч хийх гэж буй зүйлээсээ эмээж байсан, одоо ч мөн тэрийг мэдэрч байна. Өнөөдөр монголчууд маш сайн мэдээлэлтэй болж, хөгжим их сонсож байгаа. Энэ зах зээлд уран бүтээлчид нь эзэнгүй байлаа гэж бодоход тэрхүү маш сайн мэдлэг, мэдээлэлтэй сонсогчид биднийг шүүмжилнэ.
Харин хэзээ нэгэн цагт Монголд жазз уран бүтээлчид олон болоод, бид хоёрын өнөөдөр хийж буй уран бүтээлийн талаар жаахан ч болтугай дурсвал тэр нь миний амьдралын хамгийн том баяр баясал байх болно. Нууцхан хүслээ ил хэлчихье л дээ. Гэхдээ тэр цаг, мөчийг бид харахгүй байлаа ч гэсэн одоо хийж байгаа зүйлдээ баяр, хөөртэй байдаг.
Куш: -Мартин Зинкер гэж Германаас ирсэн контрабас хөгжимчин Монголд ирэхдээ “Монголд юу нь сайхан байна гээч. Монголын жааз дөнгөж эхэлж байна” гэсэн. Энэ үгийг сонсоод би “цүл” гээд л нэг их том юм рүү орчихсон. Энэ эхлэлийн жаахан ч гэсэн орон зайд нь багтаж байгаа нь биднийг баярлуулдаг. Тэрнээс биш энэ их хоосон их талыг өөрсдийн нэрээр бүрхэе гэж бодоогүй.
-Өнөө цагт дэлхийн жазз хөгжимд Эсперанза Сполдинг гэх нэр тодорч байна. Нас залуухан, нэр алдарт хүрсэн... Яг та бүхэнтэй нэгэн цагт уран бүтээлээ туурвиж байгаагийн хувьд тэр та хоёрын өрсөлдөгч мөн үү?
Оюука: -Тэр бол цаанаасаа төрчихсөн уран бүтээлч. Залуухан, Берклигийн их сургууль төгссөн, тэгээд бүр профессороор үлдээчээ гэсэн хариу хүртэл авч байсан гээд л... Урьд нь түүний талаар бодож байсан юм байна аа. Тэр бол сурах юм ихтэй, үлгэр дууриалал болохуйц хүн гэдэг талаас нь хардаг уу гэхээс өрсөлдөгч гэж бол бодож зүрхэлдэггүй.
Куш: -Өчигдөр хамтлагийн бэлтгэл дээрээ бид Жейми Каллумын нэг дууг бэлдсэн юм. Тэр бидний л үеийнх, одоо дэлхийд алдаршиж, Их Британи улсаа төлөөлж байгаа хүн.  Түүний дууг бэлдэж бид байхдаа ямар хэцүү дуу вэ гэж бодож байтал, маргааш нь тэр шинэ цомгоо худалдаанд гаргаж байх жишээтэй. Бид хоёр энд түүний дууг сурах гэж “зовж” байхад тэр ахиад шинэ дуу хийж байна. Ингээд бодохоор...
Бид орчин үеийн хөгжмийн чиг хандлага хаашаа явж байгааг ажиглах дуртай. Үүнд, Эсперанза Сполдинг бол бидний сураагүй, үзээгүй тэгэхдээ сурахыг, үзэхийг хүсдэг хүний маань нэг.
-Ирэх сарын 8, 9-нд та хоёрын “Say it now” тоглолт болох гэж байна. Тэр өдөр хүмүүс яагаад цаг, заваа гаргаад тийш очих хэрэгтэй вэ. Тэдэнд та хоёр юу бэлдсэн бэ?
Куш: -Бидэнд шүүмжлэл хэрэгтэй. Бидэнд тэр хэрэгцээ нь байна. Бид үзэгчдэд амьд хөгжмийн гоё, сайхныг мэдрүүлэх гэж хичээж байгаа. Тийм ч учраас тоглолтын нийт төсвийн дийлэнх нь хөгжмийн дуугаралтад зарцуулагдаж байгаа байх жишээтэй.

Нөгөө талаар бид өөрсдийгөө шалгуулж байна. Мөн энэ бол бид баяр хөөр. Тусалж дэмжиж байсан найз, нөхөд, үзэгчидтэйгээ баяр хөөрөө, талархсан сэтгэлээ хуваалцаж буйн маань илрэл. 

Цахар Тугчийн Урнаа: Эх байгалийн бидэнд өгч байгааг тоолж барахгүй. Бид л жаахан сэргэг байх хэрэгтэй.



            Саяхан “Тэнгэрийн шувуу” тоглолтоо хийсэн, Ордос гаралтай дуучин Цахар Тугчийн Урнаатай ярилцлаа.
-Сайхан зуншиж байна уу, та. Хэдхэн хоногийн өмнө таны “Тэнгэрийн шувуу” тоглолтыг үзээд, уулзах хүсэлт тавьсан минь энэ. Ингэхэд, та Монголд хэзээ хамгийн сүүлд ирсэн билээ?
-Сайн байна уу, Монгол ах дүү нар минь ээ. Та бүгдтэйгээ ая дуугаа хуваалцаж, дуулсандаа би баяртай байна. Ноднин өвөл “Эзэн богдын хоёр загал” киноны нээлтээр би ирсэн. Өмнө нь 2005 онд тоглолтоо хийж, бас 2008 онд киноны ажлаар хоёр сар гаруй хөдөө нутгаар явсан.
-Таныг ирэх тоолонд Монгол Улс маань хэр их өөрчлөгдөж байна вэ. Сайн, муу талыг нь та ажиглаж л явсан байх.
-Гайхалтай их өөрчлөгдсөн байна. Үргэлж л ажилтай, давчуу хугацаатай явдаг болохоор бүхэл бүтэн улсыг дүгнэж хэлж би чадахгүй. Улс гүрэн гэдэг дотроо нэг өөр, гадна харагдах нь нэг өөр. Нисэх онгоцны буудалд буугаад, Монгол нутагтаа ирлээ гэтэл хоолой хорсгосон хар утаа хөшилдсөн байхыг хараад би анх их гайхсан. Монгол нутаг Германыхаас зургаа дахин том гэхээр европчууд гайхдаг. Тийм байтал жижигхэн газраа шаваад, утаа май болоод суугааг тэд гайхдаг. Би ч гэсэн өөрийн биедээ олон асуулт тавьж байна. Ажиглаад л харахаар... энэ ажиглах учир биш, харин зүрх шимшрэм зүйл шүү дээ. Монголчууд босоо бичгээ гээгээд, крилл үсэг хэрэглэх болсон. Миний л бодлоор... энэ зөвхөн миний л бодол шүү. Монгол бичгээ хэвтүүлснээс болоод бидний сүлд ч бас хэвтээ юу даа. Намайг муу үг хэлж байна гэж битгий бодоорой. Үнэн сэтгэлийн найз үнэн үг ярьдаг гэдэг. Тэрнээс биш харийн хүн ирээд, та нар минь болохгүй байна шүү гэж ер хэлэхгүй.
Сая би тоглолтын дараа Тэрэлж очоод ирлээ. Өмнө нь хөдөөгүүр явахдаа ч бас ажиглаж байсан. Талаар ямар олон зам гараа вэ. Монголын тал нутаг уудам ч гэлээ замаар машин явахаас талаар машин явахгүй. Монгол улс бол эрх чөлөөтэй, гаднын нөлөө байхгүй, өөрийн хуулиа тогтоож, хийе гэснээ хийх эрх чөлөөтэй атлаа үүнийг анхаарахгүй байгаа нь зовиуртай санагддаг, надад. Өвөрмонголчууд бидний нутагт нэг монгол хүнд, 13 хятад хүн ногдон, амьдардаг. Бид Дундад улсын нутаг дэвсгэр дээр аж төрж байгаа хэрнээ монгол бичгээ хэрэглэсэн хэвээр, тал нутгаа хайрлаж, хамгаалж, өмөөрсөн хэвээр л байна (уйлав). Би муулъя гэж хэлсэнгүй ээ, энэ үгээ. Өчигдөр бидний үзсэн зовлонг, өнөөдөр монголчууд та нар давтаж болохгүй. Миний үг, бидний зовлон та бүхэнд хонх болж хүрээсэй, санаа сэдэл төрүүлээсэй гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Монголчууд та нар ийм эрх чөлөөтэй байж, өөрөө өөрийгөө эвдэж байгааг хараад би мянга уйлаад барахгүй. Уйллаа гээд болчихгүй (уйлав)
Харин хүмүүс алт, эрдэнэсийг чинь хэдэн цаасаар арилжаад л авч одно. Тэр цаас бол түлэхэл үнс болно. Тал нутаг минь харин үнс болохгүй.
-Та одоо Европт амьдарч байгаа. Дугуй гэрт өсөж, уудам талдаа малаа хариулж явсан охин гэнэт л баахан дөрвөлжин байшин, түмэн хүний дунд ороход анх хэцүү байсан уу?
-Хамгийн анх очиход хэл мэдэхгүйн зовлон байсан. Тэнд удаад ирэхээр хүмүүс надаас “Нутгаа, гэрээ санаж байна уу” гэж асуухаар нь би “Үгүй ээ” гэж хэлдэг юм. Тэгэхээр тэр хүмүүс их гайхна. Би монгол тал нутагтаа төрж өссөөн. Монгол соёл, заншил надад ижийн минь сүүгээр, эх хэлээр минь дамжиж ирсэн болохоор, миний цогц бие монгол болохоор би нутгаа санадаггүй. Санана гэдэг чинь алдсан, үгүй болсон юмаа санагалзахын нэр. Гэтэл би Германд амьдарч байгаа ч гэлээ монголоо алдаагүй, энэ бие минь, дотор сүнс минь монгол болохоор надад санах учир байхгүй. Би нүүдэлчний удам. Тийм болохоор нүүдэл хийхээс айхгүй шүү дээ.
-Таныг Герман улсын иргэн болсон хойно, нэгэнт л харьяаллаа сольж байгаа юм чинь Монгол Улсын иргэн яагаад болоогүй юм бэ гэж асуух хүн таарч байв уу?
-Тэгж асуусан хүн байхгүй. Монгол Улсын иргэн болох хэн дургүй юм? Манай өвөрмонголчуудаас Монгол Улсын иргэн болох дургүй хүн байхгүй шүү дээ. Та намайг Монголын иргэн болгож авах уу? (инээв)
-Хэрэв би шийддэг байсан бол дуртайяа таныг иргэнээ болгохсон...
-Тэгвэл намайг иргэнээ болгооч (инээв). Манай өвөрмонголчууд Дундад улсын пасспорттой. Тэгтэл анх Тайвань руу очиж тоглолт хийхээр болоход хэцүү асуудал зөндөө гарсан. Миний менежер надаас гуйгаад, та Германы пасспорт авчих, ийш тийш очиход амар шүү дээ гэж гуйсан юм. Үнэхээр ч Германы пасспорт авсны дараа гадаад оронд очиход амархан байдаг болсоон. Гэхдээ юу гээч, би пасспорт дээр л Германы иргэн болохоос биш Урнаа монгол хэвээрэй. Энэ пасспорт миний хувьд зүгээр л нэг цаас.
            -Юу таныг өнөөдрийг хүртэл дуулуулаад байна вэ? 
            -Би дуулах хувь ерөөлтэй төрсөн юм байлгүй. Монгол соёл урлагаа дуугаараа дэлхийд түгээх ийм ерөөлийг эзэн тэнгэрээс надад өгсөнд би баяртай явдаг. Ажлаа би баяртай хийж байна. Дэлхийн хаана ч очсон би хамгийн түрүүнд монголоороо мэнд мэддэг. Дараа нь тухайн улсын хэлээр мэндчилдэг юм. Миний дуу монгол, бие цогцос минь монгол болохоор тэр.
Язгуур урлагаа дэлхийд таниулж явах шиг сайхан юм өөр хаана байх вэ. Манай  язгуур урлаг ингээд зогслоо гэх хил хязгаар байхгүй нь сайхан. Язгуур гэдэг утга гүн үг. Монгол бичигт үг болгон язгууртайг чи мэднэ дээ. Монголын дуу, урлаг яг л тал нутаг шигээ асар уудам, их. Ийм баялаг урлагаа гайхуулаад бид барахгүй шүү.
            -Таны “Тэнгэрийн шувуу” тоглолтын танхим дүүрэн хүнтэй байсны дотор ордосчууд бас хүрэлцэн ирсэн байсан. Тэр үед та “Монголчууд бүр олуулаа цуглах өдөр ирэх байх аа, тийм ээ” гэсэн асуулт чинь их олон юм бодогдуулсан. Тэр үед та тайзан дээр юу мэдэрч байсан бол?  
            -Би Ордос гаралтай монгол хүн. Шүлэг минь, дуулсан минь бүр монгол. Манай хэдэн ордос ах дүү тоглолтод хүрэлцэн ирж, зарим дууг дагаж дуулж, танхимд байсан монголчууд сэтгэл нийлэхийг хараад хэмжээлэшгүй их баяртай байлаа. Миний 2005 онд хийсэн анхны тоглолтын үеэр хүмүүсийн зарим нь намайг хятад гэж хэлээд, үүнийг Э.Цэрэн (“Цэрэн турс” компанийн захирал. Өмнөх болон энэ удаагийн тоглолтыг зохион байгуулсан) маань гомдоод, уйлж байсныг санаж байна. Гэхдээ монголчууд бүгдээрээ тэгж бодоогүй байх аа. Цөөн хэдэн хүнээр бүхэл улсыг төлөөлж болохгүй. Миний хувьд монгол дуугаа монголчуудтайгаа хамт дуулах л хамгийн сайхан жаргал.
-Та Ордос нутаг руугаа хамгийн сүүлд хэзээ очив?
-Цагаан сараар ижий, аавтайгаа очиж золгож, хоёр сар хамт байгаад буцсан. Одоо мөн эндээс Ордос нутагтаа очихоор төлөвлөж байна. Зургадугаар сарын сүүлч хүртэл ижий, аав хоёртоо тусалж байгаад Герман руугаа буцна.
-Ордос нутаг тань хэр их өөрчлөгдөж вэ. Намайг саяхан очиход байшин барилгууд яарайгаад, ашигт малтмал арвин байдгийн хувьд нүүдэллэх газаргүй болсон монгол малчин олон болсон гэсэн.
-Ордос нутаг маань их өөрчлөгдөж байна аа. Бид шавар байшинд амьдрах болсон. Гэхдээ энэ шинэ юм биш, хэдэн зууны өмнөөс л ийм болсон хэрэг. Би дуучин хүн учраас урлаг, соёлын хувьд ярина. Газраа эргүүлээд тариа тарьж суудаг тариачин соёл нэг өөр, малаа дагаад, байгалийн ая зөнг харж нүүдэллэдэг нүүдэлчдийн соёл бас өөр. Тэгтэл бид одоо нэг улсын нутаг дэвсгэрт аж төрж байна. Хэдэн зууны өмнөөс л нүүдэлчид малаа даган нүүдэллээд, эргээд ирэхэд тэнд нь тариа тарьчихсан байх болжээ. 1980-аад оны дунд үеэс манай нутагт бэлчээрийг малчдад хуваасан. Дараа нь хуваасан бэлчээрээ хашаагаар хүрээлүүлсэн. Бэлчээр хүрээлүүлнэ гэдэг бол нүүдэлчин улс үндэстний устах анхны шинж тэмдэг. Муу замын үүд нээгдэж байгаагийн илрэл. Ингэснээр хүссэн хүсээгүй эздийнх нь дунд хэрүүл гарна, улмаар монголчууд өөр хоорондоо өстөн болно. Газар хувааснаас болж бод мал үгүй болсоон (уйлав).
Манай нутагт одоо тэмээ, адуу бүр байхгүй. Хонь, үхэр л бий. Өвөрмонголд одоо таван хошуу малтай аймаг гэж алга. Алшаад хэдэн тэмээ бий ч, өөр газар байхгүй. Уг нь монгол айл бүр таван хошуу малтай байдаг байлаа шүү дээ. Нүүдэлчин улс үндэстэнд таван хошуу мал гэдэг бол цаанаас учиртай, сүлд сахиус юм.
-Ийм учраас та “Хүрэн морь” дуугаа бичсэн байх нь ээ?
-Тийм ээ, та нар минь олж үзээрэй. Монгол хүн амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Хориод жилийн өмнө манай нутгийн алдартай дуучид “гандлаа, гандлаа” гээд үгүйрч хоосорсон мэт дуу дуулах болсонд нутгийн хөгшид их тааламжгүй байдаг байв.
Өнөөдөр бидний үзэж, туулж яваа нь хэдий хэцүү ч гэлээ миний дуунаас гомдол сонстдоггүйг чи мэднэ (уйлав). Намайг уйллаа гэж чи бүү эмзэглэ. Сэтгэл хөдөлж байгаа болохоор тэр шүү дээ. Гарах л ёстой нулимс. Миний дууны үг дандаа өөдрөг сайхан байдаг шиг монгол минь ялгаагүй тийм байгаасай гэж би хүсдэг. Миний Монгол амны бэлгээр минь болоосой гэж хүсэж, залбирч явдаг, би. Тэрнээс биш манай нутагт гашуудалтай учрал тоолоод барахгүй бий шүү дээ.
-Хүссэн хүсээгүй дэлхий ертөнц, тэр дундаа нүүдэлчин ёс өөрчлөгдөн хувьсаж байна. Бид их ч юм гээж, их ч юм өөртөө нааж байна. Харин таны хувьд, даяаршлын энэ салхин дунд монголчууд үүнийгээ л битгий алдаасай гэж бодож, харамладаг юм юу вэ?
-Өөрийгөө л битгий алд. Өөрийгөө алдчихвал юм бүхнээ, монголоо алдана. Учир чи бол Монголын өнө эртний түүхийн нэг хэсэг. Монгол эхийн сүүгээр амлуулж, монгол газар өссөн болохоор чи амьд байж, чи өөрийгөө алдахгүй байж гэмээнэ Монгол амьд, сэрүүн байна.
Би дууны шүлгээ, тоглолтын хөтөлбөрөө ч босоо монголоор бичдэгийг миний хөгжимчид мэднэ. Тэд сая надтай хамт энд ирээд буцсан. Тэгтэл энд ирсэн оройноо тэд надаас асууж байна, “Урнаа, бид яг Монголд ирсэн үү” гэж. Би гайхаад, “Тэгэлгүй дээ, бид Монгол Улсын нийслэл Улаанбаатарт байна” гэлээ. Тэгсэн чинь, “Сая замдаа харахад бичиг үсэг нь чиний бичдэгээс өөр байна. Гадаад үгтэй хаяг олон байна. Тэгээд л би гайхсан хэрэг” гэсэн. Би бүрэн эрх чөлөөт, тусгаар Монголдоо ирсэн атлаа гаднын хүний тэр асуултад хариулах их эвгүй байсан.
-Таны хувьд сургуулиас биш, амьдралаас олж мэдсэн хамгийн том сургамж, мэдлэг юу вэ?
-Эх байгалиа эрхэмлэх ухаан. Гагц хүн гэлтгүй, ертөнц дээр байгаа амьд бодис бүхэн эх байгалиас тэжээгдэн, тэтгэгдэж, холбоотой амьдардаг. Байгаль дэлхийг багахан чагнах юм бол үгүй мөн их юмыг мэдэж, мэдэрнэ дээ. Байгалиасаа холдсон болохоор хүмүүс биднээс их сонин хачин юм дуулдах болж. Ганцаардал гэх үг олон сонстох болов. Би үүнийг гайхдаг. Оюун ухаан хоосдож, цээж сэтгэл явцуурж буйн илрэл байх. Хөдөө хоёулхнаа амьдардаг миний ээж, аав хоёр ганцаардал гэх үгийг насаараа хэлж үзээгүй. Тэд намайгаа санаж болно, энэ бол хайр. Ганцаардал биш.
Их байгалийн бидэнд өгч байгааг тоолж барахгүй. Бид л жаахан сэргэг байх хэрэгтэй.
-Та өөр уран бүтээлчдээс хэнийг сонсож, биширдэг вэ?
-Хэмжээлэшгүй олон байна аа. Би дуучин болохоор дуу хоолойг их ажигладаг. Учир нь хүнээс гарч буй дуу хоолой бол сүнстэй, амьтай, сүлдтэй эд. Тийм болохоор би дуучин болсон тавилангаа аз жаргал гэж боддог юм. Ажаад байхад хоолойгоо нээж, хүмүүнийг дан ганц хоолойгоороо уярааж, ухааруулсан дуучин ховор байдаг. Би хоёр дуучныг хүндлэн, биширдэг ч тэд маань одоо нэгэнт бурхан болсон. Нэг нь Мария Каллас гэж Грекийн дуурийн дуучин. Хоолойгоо уран сайхнаар ашиглаж, хүмүүний сэтгэлийг баясуулж чаддаг. Нөгөө нь Пакистаны Нусрат Фатех Али Хан. Тэр тайзан дээрээ амьсгал хураасан байдаг юм.
-Та нас өндөр болбол хаана амьдарч, юу хийнэ гэж боддог вэ?
-Одоо хэлж мэдэхгүй юм даа. Хүн нас өндөр болохоороо нутгаа санадаг л гэдэг. Одоохондоо хаана ч очсон сүүтэй цайгаа чанаад уухад нутагтаа байгаагаас ялгаагүй л санагддаг. Гэхдээ нутагтаа, Монголдоо хэрэгтэй болбол би туслахад хэзээд бэлэн. Би яваад л очно.

Эхлэлээс өдийг хүртэл нэг хэвийн амьдрал дундаа бид хэчнээн хором, мөчийг туучин өнгөрдгийг хэн мэдлээ. Гэвч энэ зуур нэг агшин, энгийн харилцан яриа, санамсаргүй учралуудаас торж үлдсэн хэдхэн мөр бүх л бүтэн амьдралын үнэ цэнэтэй дүйх хэмжээнд хүрч өндөлздөг нь гайхмаар. Инээмсэглэн хэлсэн асуултын хариуг хэн өгөх вэ? Энэ хүний ярианаас бид юуг ухаарч болох вэ?