Jul 18, 2013

Нью-Йоркийн нойргүй хүн

\Д.Бямбахүү, Монголын өв соёлын сангийн тэргүүн\
           

Түүнтэй би биечлэн ер уулзаагүй. Найман жилийн өмнө эндээс гарч, одоо эх орноосоо 12 цагийн зайд, Нью-Йоркт амьдарч буй ч сэтгэлдээ тэр Монголоос хугацаа болон орон зайн хувьд тасраагүй. Америкт Монголтой холбоотой юу л болно нэг бол тэр зохион байгуулсан, эсвээс ямар нэг байдлаар гар бие оролцсон л байдаг. Өглөө нь Тарбозавр Батаарын дуудлага худалдааг эсэргүүцэн жагсаж, өдөр нь Өвөрмонгол болон Хазара монголчуудын эрх ашгийг хамгаалах үйлсээ үргэлжлүүлж, энэ зуур амин хувийн ажлаа амжуулахын сацуу Нью-Йоркт Монголыг сурталчлах бүтэн жилийн арга хэмжээний хөтөлбөрөө гаргаж байх жишээтэй. Том гүрэнд амьдарч буй нэг жижигхэн монгол эх орноо төлөөлөн таниулах, эндүү ташааг засах, хүний нутагт байгаа монгол хүмүүсийг холбоотой байлгах гэж хэр чадлаараа зүтгэж байгаа нь энд, эх нутагтаа амар тайван аж төрж буй биднээс хавь илүү. Энэ хүний дотор дэлхийгээр нэг тархсан монгол туургатныг нэгтгэх юмсан гэх хүсэл байгаад, түүнтээ хөтлөгдөн өнөөдрийг хүртэл болохоос болохгүй хүртэл тэмцэж, зүтгэж яваа нь юунаас ч эрхэм болой.
            Нэг хүнд ахадсан гэмээр олон ажил нь түүнд өдөрт ердөө гуравхан цаг унтах шан хайрладагч тэрбээр ярилцлага авъя гэсэн саналыг минь түвэгшээлгүй зөвшөөрч, цахим ертөнцийн дэвшлийн ачаар бид ярилцаж дөнгөсөн юм.

Жамъян-Очирын Тэгшжаргал Та гадаадад олон жил амьдарчээ. Энэ хугацаанд таныг эх оронтой чинь юу холбож байв
Даринчулууны Бямбахүү Миний амьдралийн бүхий л мөчлөгт эх орон, өв соёлоо эрхэмлэх үзэл үргэлж хамт байсан. Би Архангай аймгийн Их тамир суманд төрж өссөн. Дунд сургуульд байхаасаа эхлэн Монголийн түүхийн сэдэвтэй зохиолууд уншдаг байлаа. Ахлах ангиа төгсөөд Хятад, Монголын хооронд бизнэс хийдэг байхдаа анх өвөрмонголчуудтай нөхөрлөж эхэлсэн. Дараа нь МУИС-д угсаатан судлаач мэргэжлээр суралцах хугацаанд манай тэнхимийн багш нар угсаатан судлаач хүний мэргэжилдээ үнэнч байх ёстой гэсэн бодлыг толгойд минь ягштал суулгаж өгсөн. Их сургуульд суралцаж байхдаа жуулчдад хөтөч хийдэг байлаа. Ингэж гадаад хүмүүстэй харилцахын хэрээр эх орноо харах өнцөг арай өөрчлөгддөг юм билээ. Америкт 2005 онд ирсэнээсээ хойш тэндхийн Монгол сургуулиудын Америкт төрсөн монгол хүүхдүүдэд үндэсний түүх соёл, ёс заншилын хичээл зааж эхэлсэн. Мөн 2011 онд Нью-Йорк хотод нүүж ирсэнээс хойш Монгол туургатнуудад зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг Монгол Өв Соёлийн сангаа нээж нэгэн мөрөөдлөө биелүүлсэн юм. Монгол Улсаас тусгаар аж төрж буй халимаг, өвөрмонгол, буриад, тува, хазара үндэстний түүхийг сонсож, тэдний дотоод сэтгэл рүү өнгийх тусам эрх чөлөөт Монгол Улсийн иргэнийхээ хувьд, монгол туургатнуудыг нэгтгэх, монголчуудтай холбох, тэдэнд дутагдаж буй орон зайг бүрдүүлэх чиглэлээр ямар нэг юм хийхгүй л бол болохгүй юм шиг санагдаж эхэлсэн. Тэгээд сангаа түшиглэн өөрийн чадхаараа төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлээд явж байна. 
Ж.Т. Монгол хүн болж төрснөөрөө хамгийн их бахархаж байсан үе чинь хэзээ вэ? 
Д.Б.  Америкт жил бүр зохион байгуулагддаг Эзэн Богд Чингис хааны тахилгыг хөтлөх  үүрэг надад 2011, 2012 онуудад олдсон юм. Энэ бол миний амьдралын нэг том бахархал байсан. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн монгол туургатнууд нэг дор хуран чуулж, эзэн хаандаа мөргөн, сүсэглэж байгааг харах мөчид би монгол хүн гэдгээрээ хамгийн их бахархсан. 
Ж.Т. Тэгвал та юунд эмзэглэж явдаг вэ?
Д.Б. Монгол Улс монгол туургатнуудаа ерөөсөө дэмждэггүй. Түүх соёлоо мэддэггүй болоод ч тэр үү, дэлхийгээр тархан сууршисан монгол туургатнаа ойлгож хүлээж авдаггүй. Бид оюун санаагаараа нэгдмэл болох хэрэгтэй байна. Үүний тулд бид биесээ хүлээн зөвшөөрч сурах ёстой. Бид хүссэн хүсээгүй түүх соёлоороо холбогддог. Монгол туургатнууд бүгдээрээ нэг л түүхээс төрөн гарсан бөгөөд соёлын нэг л хүрээлэлд амьдарч байна. Хил хязгаар биднийг холдуулах ёсгүй. Гэтэл Монголд амьдарч буй монголчуудад  л жинхэнэ монгол бусад нь биш гэх хандлага ажиглагддаг. Монгол туургатнуудтай найзалж, нөхөрлөж ойр байдаг хүний хувьд энэ байдал намайг маш их эмзэглүүлдэг. Бас гадаадад өсч торниж буй хүүхэд залуус миний аав ээж л монгол, харин би америк гэх хандлага харагддаг. Бага насандаа гадаадад ирсэн, Монголын соёлын хүрээлэлд өсөөгүй болохоор тэдэнд монголжуу төрхнөөс өөр монголын гэх зүйл байдаггүй.
Ж.Т. Уг нь нүүдэл бол монголчуудын хувьд тийм хэцүү зүйл биш. Түүхийн турш бид нэгээс нөгөөд шилжин сууришдаг байснаас гадна энэ зуур өөрийн гэх зүйлээ хэзээ ч алдаж байсангүй. Гэтэл сүүлийн үед гадаад рүү нүүдэллэсэн маш олон залуус эх орноо гэх сэтгэлээ гээж байх шиг санагддаг. Үүнийг та юу гэж боддог вэ? 
Д.Б. Би энэ үгэнд итгэж чадахгүй юм байна. Жишээ нь миний хувьд гадаадад найман жил болсон ч гэлээ монголоо алдаж байгаагүй. Харин ч монголчууд очсон газар орон бүртээ л монгол хоолоо хийж идэж, зун наадмаа өвөл нь цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгэхээр тэд сэтгэл зүрхэндээ эх орноо тээж л яваа. Яахав гадаадад гарсан, буцахгүй гэж шийдсэн хүмүүс мэр сэр байдаг л даа. Гэхдээ тэдэнд ямар нэг шалтгаан бий гэдгийг бид бас ойлгох хэрэгтэй байх.
Ж.Т. Америкийг эрх чөлөөний орон гэдэг юм билээ. Та тэнд эрх чөлөөтэй байж чадаж байна уу? 
Д.Б. Эрх чөлөө гэдэг  бол хязгааргүй ойлголт. Жишээ нь, бид Монголд голын эрэг дээр хүссэн газраа майхнаа зоож, гал асаагаад амарчихдаг бол Америкт  зөвхөн зөвшөөрсөн талбайд тусгай зөвшөөрлийн дагуу ингэж болно. Энд бүх зүйл маш сайн хуульчлагдсан. Тийм болохоор хууль зөрчихгүйн тулд уншиж судлах хэрэг ч гарна. Миний бодлоор Америкт мэдээллийн эрх чөлөө гээч зүйл л хамгийн өндөр хөгжсөн санагддаг.
Ж.Т. Өнөөдрийн та үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход юу, эсвэл ямар үйл явдал хамгийн хүчтэй нөлөөлөв? 
"Гоодаль" сэтгүүлийн №53-р дугаар, 2013.VII
Д.Б. Амьдрал бол тэр чигээрээ шатлал. Хүн бие хүн болж төлөвших, тодорхой зорилготой болоход гэр бүл, сургууль, боловсрол маш их нөлөөлдөг. Мөн уналт, босолт ч их нөлөө үзүүлдэг байх. Америкт ирээд монголчуудын дунд олон үдэшлэг арга хэмжээ зохион байгуулсан. Олон ч шүүмжлэлтэй нүүр тулж, Монгол туургатны талаарх асуудал дээр олон хүмүүстэй үзэл бодол зөрж, ярилцаж, ойлголцож байсан. Монголчууд надаас Чи яагаад монгол туургатнуудыг өмөөрдөг юм бэ?” гэж асуух үе ч гарна. Монгол туургатан хүмүүс монголчуудад гомдсон гомдол, сэтгэл хөдлөлөө бүгдийг нь над руу л асгана. Хэлээр биш хилээр зааглагдсан ахан дүүсээ холбох үйл хэргээ хэзээ ч зогсоохгүй гэж боддог.
Та Тарбозавр Батаарын дуулиан ид дэгдэж байхад, дуудлага худалдааг эсэргүүцэж, Монголын соёлын өвийг эргүүлэн авах жагсаалд оройлон оролцсон юм билээ. Эцэст монголчууд бидний ялалтаар дууссан. Тухайн үед таньд юу бодогдож байв?
Д.Б. Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Миний хувьд энэ үйл хэрэгт цучил нэмж, хувь нэмрээ оруулсан л төдий. Анх Нью-Йорк хотноо Батаарын жагсаал зохион байгуулж байхдаа “Монголчуудаа нэгдэцгээе” хэмээн уриалж байсан. Хувь хүн, олон нийтийн байгуулага, төрийн байгуулага нэгдэж хамтарч чадвал үр дүн гардгийг Батаарын түүх бидэнд харуулсан. Зөвхөн Батаар ч биш бусад алдагдсан соёлын өвүүдийг Монголдоо эргүүлэн авч ирэх хэрэгтэй. Үүнээс гадна монголд байгаа үндэсний хэмжээний музейнүүдийг тохижуулах, менежментийн хувьд хөгжүүлэх тал дээр салбар яамдууд илүү анхаарал хандуулаасай. Одоогоор гадны ганц нэг төслүүд л манай музейнүүдийг дэмжиж байна. Эндэхийн музейнүүдийг үзэж байхад Монголдоо нутагшуулах юмсан гэх санаа их харагддаг. Бидэнд Монголдоо байгаа соёлын өвүүдээ судлаж, ном бүтээл туурвих замаар эдгээр өвүүдээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломж бий шүү дээ.
Ж.Т. Та хэзээ Монголдоо бүрмөсөн ирэх вэ. Энд ирээд хамгийн түрүүнд юу хийе гэж бодож байна
Д.Б. 2015 онд монголдоо очно гэж төлөвлөсөн. Монгол Өв Соёлын Сан маань зорилгодоо бүрэн хүрхийн тулд Монголд өөрийн  гэсэн үйл ажиллагааг тогтмол явуулах хэрэгтэй байна. Бид 2011-2012 онуудад Нью-Йоркын монголчууд, халимаг, буриад, өвөр монгол, тува, хазара нарт зориулсан судалгаа явуулж, үйл ажиллагаагаа хүргэсэн. 2013-2014 онд Нью-Йорк хотын иргэдэд Монгол Улс, Монголын түүх соёлыг танилцуулах бүтэн жилийн  аяныг энэ сараас эхлүүлээд байна. Энэ бүтэн жилийн туршид Нью-Йорк хотын номын сан, их сургуулиуд, дунд сургуулиуд, соёлын байгуулага, музейд сар бүр тогтмол монгол хэл соёлын хичээл, монгол номын клуб, монгол киноны үдэш, Монголын тухай лекц, үзэсгэлэн  хийхээр төлөвлөөд байна. Мөн байнгийн ажиллагаатай Монгол Номын сан нээж ажилуулж байна. Америкт Монгол үндэсний хувцасны шоу, Монгол кино фестиваль, Аялал жуулчлалын экспо, Монгол Зураачдын үзэсгэлэн зохион байгуулах гээд бэлтгэл ажилдаа орчихсон байна. Мөн  Монгол Соёлын Өв, Байгалын Өвийн Төсөл, Хазара Монголчуудын Глобал Санаачилга, Буриадын Өв Соёлыг Хамгаалах Төсөл, Ойрад Монголчууд Өнөөдөр зэрэг Монгол болон олон улс дамжиж хэрэгжих төслүүд дээрээ ажиллана.
Ж.Т. Ганцаардсан үедээ та юу хийж тайтгардаг вэ? 
Д.Б. Монголоо санаж ганцаардсан үедээ эндэхийн амьтны хүрээлэнгээр орж, хонь, ямаа, үхэр үзэнгээ аргал, хорголын үнэр үнэртэж, эх нутагтайгаа холбогддог доо.  
Ж.Т. Та хэдийгээр Нью-Йоркт, эх орноосоо хол байгаа ч тэндхийн Монголтой холбоотой бүхий л арга хэмжээг зохион байгуулж, оролцдог юм билээ. Энэ бүх хичээл зүтгэл хэний төлөө, юуны тулд зориулагддаг юм бэ
Д.Б. Манай Монголын Өв Соёл сан бол Нью-Йорк хотод монголын соёл урлагийн талаар үйл ажиллагаа явуулж буй цорын ганц байгууллага гээд хэлчихэд буруудахгүй. Хоёр сар тутамд Монголд аялаад ирсэн америкчуудын  авсан гэрэл зургуудаар нэгдсэн үзэсгэлэн гаргаж, монголчуудад зориулсан хандивын арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Би арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр сурч байгаа болхоор ажил маань надад амар байдаг юм. Зарим арга хэмжээн дээр надаас өөр нэг ч монгол хүн ирэхгүй байх үе ч гардаг л юм. Халимаг, Буриад, Өвөр Монгол, Хазара, Тува нар Нью-Иорк хотод олноороо суурьшин амьдарч байна. Энэ утгаар нь авч үзвэл энэ хот дэлхийн монголчуудын төв юм. Тийм учраас тэднийг хооронд нь холбох үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Нью Йорк хотыг дэлхийн соёлын нийслэл гэж ярьдаг. Яагаад гэвэл энд улс улсын соёлыг сурталчилдаг 2000 гаруй байгуулага бий. Монгол хүн болж төрсөний хувьд эх орноо, түүх соёлоо сурталчилах нь бидний үүрэг гэж би боддог.
Ж.Т. Нью-Йоркийг бас дэлхийн нийслэл гэдэг. Энэ тогтсон нэршлээс өөрөөр та Нью-Йоркийг юу гэж тодорхойлох вэ
Д.Б. Энэ хот хүн бүрийн амьдралын хуудсийг шинээр эхлүүлдэг. Амьдраж чадахгүй хүмүүс нь жижиг хот руу нүүдэг бол зоригтой, эрч хүчтэйнүүд нь л шалгарч үлддэг. Тэр ч утгаараа чөтгөрийн хот гэх нь бий. Жишээ нь Вашингтоноос Нью-Йоркт орж ирэхэд цусны эргэлт хурдсаад явчих шиг л болдог. Энд амьдраад удахаар өөрийн мэдэлгүй хурдан сэтгэдэг, хурдан алхдаг болчихно. Тэр энергид нь би дуртай. Би энэ хотод амьдарсанаараа өөрийгөө шинээр нээж, ур чадвараа үнэлж сурсан. Байнгын хөдөлгөөн, өрсөлдөөн дунд амьдардаг учраас би Нью-Йорк хайртай. Энэ хот бол миний хоёрдох гэр. Мэдээж Монголыг минь бол яасан ч гүйцэхгүй.
Ж.Т. Та хазара монголчуудын эрх ашгийг хамгаалах талаар дуу хоолойгоо түгээдэг. Бидний хувьд хазара монголчуудын талаар мэдээлэл багатай байдаг. Та тэдний эрх ашгийг нь хамгаалан, тэмцэж байгаа хүнийхээ хувьд мэдээллээсээ хуваалцвал?
Д.Б. Дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа монгол туургатан, хазара монголчуудын хооронд бодит харилцаа холбоо үүсгэх зорилготойгоор Хазара Монголчуудын Глобал Санаачилга төслийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл маань 20 гаруй орны 1700 орчим дэмжигч гишүүдтэй бөгөөд уулзалт, танилцах арга хэмжээг Монгол, Америк, Австрали , Канад , Пакистан зэрэг  10 гаруй оронд зохион байгуулсан. Тэд монгол хүн болж төрсөнийхөө төлөө адлагдаж, гуравдагч улс орон луу цагаачилж байна. Монгол улс бол тэдний найдвар. Тэд сүүлийн 20 жил монголчуудын анхааралд өртөх, хамтран ажиллах, өөрсдийгөө таниулах алхамуудыг тасралтгүй хийж ирсэн. Хазара нарын эрх чөлөөний төлөөх тэмцэл дэлхий даяар өрнөж байна шүү дээ. Афганистан, Пакистан, Иран улсуудад хазара хүмүүстэй боол зарц мэт харьцдаг. Хэдийгээр эдгээр улсууд монгол улстай албан ёсны дипломат харилцаатай боловч, монголын түүх соёлын улбааг хугачин дарж бидний түүхийн ул мөр болсон хазара нарт шууд дайсагнаж байна.
Ж.Т. Таны бодлоор дэлхийгээр нэг тарсан монголчуудад нэгдэн нийлэх боломж бий болов уу?
Д.Б. Нэгдмэл бус байдал цөөхөн монголчууд бидний дунд түгээмэл ажиглагддаг. Энэ дотоодын зөрчилдөөн нь биднийг нэг нэгнээс маань холдуулж байдаг. Жишээ нь, энд байгаа Өвөр Монголчууд би шилийн голынх , тэр ордосынх, харин тэр альшаагынх гэхчлэн нэг нэгэнтэй хамаарах дургүй. Америкад ирээд 60 жил болсон халимагууд хүртэл бузава, торгууд, хошууд, дөрвөдөөрөө ялгарсан тус тусын сүм хийдтэй, тэр хийдүүддээ л буян номын ажлаа хийнэ. Энэ нь яг л монголд баруун аймаг, халх, буриадаараа талцдагтай адил. Монгол Улс тусгаар улсын хувьд эдгээр монгол туургатныг эв нэгдэлд уриалан дуудсан, ээлтэй бодлого хэрэгжүүлэх, үндсэн хуулиндаа энэ асуудлыг тусгаж өгөх, тэднийг монгол нутагт цагаачлан амьдрах орон зайг бүрдүүлэх хэрэгтэй. Бидэнд соёл түүх үндэсний бахархалаараа нэгдэх боломж бий.
Монголд амьдрах гээд ирсэн олон монгол туургатныг гуравдагч улсад цагаачлах эхлэлийг нь бид тавьсан юм шүү дээ. Өвөр Монголын мэдлэг боловсролтой олон хүн монголд 5 жил амьдрачихаад иргэншил авч чадалгүй өөр улс руу цагаачилсан. Энэ бол эмгэнэл.  Бид арчаагүй байдлаасаа болж монгол туургатныг нэгдэн нийлэх боломжийг үгүй хийж байна.  

Jul 7, 2013

Нүцгэн зовхины завхайрал

           
Цамцаа тайл, дотоожоо ч бас. Ер нь юу ч битгий үлдээ. Шунахай өлөн харцны өмнө өөрийгөө чөлөөлж буй янхан шиг, тайчигч шиг биед чинь хэлхсэн бүхнээс хорлонтойгоор хагац. Надад хүссэнийг минь өг. Зугуухан. Нэг нэгээр нь... Тачаалын халуун нүднээ дүрэлзэж, тэнд шингэн дуслууд хурах хүртэл битгий зогс. Хүлээ! Энд, чиний нүцгэн биеийн ховс нүдээр минь дамжин дотогш нэвтрээд, нэг бүрчлэн нэгжиж байна намайг. Миний дотор бугшин халах цөмд... Одоо зөвхөн чи! Цус эргэлдэх тоолонгоор намайг эрхшээж, миний дуртай солиоролд хөтөлж байна. Харав уу, судас минь эрчлэн товойж, би хэрхэн... чамаар дүүрч байгааг!
Одоо би толь болсон. Нүцгэн зовхины завхайрал надад чамайг буй чигээр нь нээж өглөө. Тэнгэрийн хөхийг шингээж, өөрийгөө бүтээсэн тэнгис шиг тэнд би өөрийгөө ч бас олж харлаа. Ариун хэвлээс анх унасан шигээ ямар тунгалаг, ямар үнэн юм бэ.
Юу ч битгий хэл ээ. Би бүхнийг, чамайг, бас өөрийгөө урьд байгаагүй их тунгаар мэдэрч байна, яг одоо. Арьс хоорондын харилцан яриа л хамгаас үнэн гэдгийг нүүрээ будаг, биеэ хувцас сэлтээр хучаагүй нүцгэн цогцос чинь хэлээд байна. Төрөхдөө бид нүцгэн байв, үнэн байж. Үхэхдээ бид нүцгэн байна. Тэгэхээр үнэн аж. Харин энэ зуур хүнтэй хамт бий болоогүй төрөлхийн бус өгөгдлүүдэд сатаарч хэчнээн удаан тарчилж явснаасаа ичив. Бидний энэ гэгээрлийг ухаж ойлгохын ч сөхөөгүй нүцгэн байгаагаас минь л ичиж улайн, нулимж, харааж мэдэх нүгэлтнүүд гадаа дүүрэн байна. Ямар тоогүй вэ. Хуваалцахсан, харуулахсан. Жинхэнэ өөрийг нь мэдэхийг, өөрт нь өөрийг нь мэдрүүлэхийг, нүв нүцгэн үнэнийг өмнө нь эрээ цээргүй дэлгэвэл тэд яах бол. Аягүй л бол нүгэл гэнэ. Шалиг завхай, увайгүй садар амьтад гэж бас тохуурхаж ч  мэднэ. Энэ ертөнцөд ирсэн эхлэлээсээ тэд ичих боллоо гэж үү?
Бүгд л нүцгэн төрдөг. Би ч бас ийм л замаар энд ирсэн. Тэгэхэд би хиргүй тунгалаг, оюун бодол маань ч саруул цэлмэг байсан. Ээж минь надад нэг удаа хэлж байсан юм. Би бусдын л адил төрөхдөө уйлсан гэж. Тэгэхэд би нэг ч хэлж чаддаггүй хэрнээ түүнтэй одоогийнхоосоо ч илүү ойлголцдог байсан гэж. Гомдлоо нуудаггүй, баяраа харамладаггүй. Одоо харин яагаад ийм хохь хөндий болсныг бидний хэн маань ч олж мэдээгүй, биенээсээ асууж ч бас асууж зүрхэлдэггүй. Ийм байх ёстой л гэж бодож явсан байх.
Хэлд ороод би үгээ нуудаг болсон. Үгтэйгээ хамт сэтгэл хөдлөлөө ч бас хорьж сурсан. Хүмүүсийг дуурайж хувцах өмсөх болсон. Хувцастайгаа хамт өөрийгөө ч бас далдалж сурсан. Танигдахгүй, мэдэгдэхгүй, хүссэн дүрээ үзүүлж, хүссэнээрээ тэднийг хуурдаг болсон. Чиний нүцгэн цогцсыг харж, жинхэнэ өөрийг чинь, өөрийгөө бас олох хүртэл тэр шүү дээ. Тун саяхан, дөнгөж хэдхэн хормын л өмнөх явдал.
Гоо цогцос чинь одоо намайг сэрлээс дээгүүрх таашаалд хөтлөх боллоо. Зөвхөн чамайг, бас өөрийгөө буй чигээр нь мэдрэх надад хангалтгүй байна. Бусдыг ч бас ингэж хаалтгүйгээр мэдрэхсэн. Ээмэг, зүүлт, торгон оймс, бэлхэвч, бас хөхний даруулга. Сулласан бүхэн чинь энд хөглөрчээ. Ээ, чи яасан олон юманд түүртэж явсан юм бэ. Энгэсэгээ ч бас арилгачих, энүүний хэрэг юун. Нүцгэн зовхиноос ч гоо үзэсгэлэнг нь нээж чадах нүд бидэнд байгаа нь л болоо.
Ээ, одоо л би амгалан боллоо. Энэ зуур юу эсийг бодож сөхсөн юм.
Хоёул эхэлснээ ч бас дуусгая...