Sep 12, 2013

Бид Монголдоо байгаа нь үнэн үү?


            

Улсын тэргүүний 58 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч Х.Ариунболд Засгийн газраас баталсан “Зөв Монгол хүүхэд”-ийн есөн хэв шинжээс тэс өөр. Тэр дундаа “Үг хэл цэцэн, үндэсний бичиг нь босоо, суртахуун монгол” гэсэн “заалт”-аас харь хол. Тэр өөрөө болоод, үеийнхэн нь мөн адил ийм гэдгийг хүлээн зөвшөөрч байна. “Монголын нууц товчоо”-ноос их хаадынхаа түүхийг уншихаас илүү K-Pop оддын намтар, тэдгээрийг тойрсон дуулиан, шуугианд л үеийнхэн нь дурлана. Монгол хэлээрээ алдаагүй бичиж үзээгүй шахам байтлаа, англиар бол “ус цас” лугаа ярих. Энэ ч дүүрсэн хэрэг гэтэл тэдний сонсдог дуу, үздэг кино, унших номон дунд эх орных эд бараа сураг ч үгүй. Өмсөн хувцас нь мөн чигтээ гадаадынх байдгаас үзвэл өөрийн бие нь л Монгол болохоос биш өлгөсөн, хүрээлсэн бүхэн нь харийн шошготой байх ажээ. Энэ дундаас МОНГОЛ хаана гээгдэж орхив оо? Улаанбаатарыг хэрсэн үй олон барилгуудын оройгоор харийн үсэг хөглөрч, уушийн газруудын цэснээс эрийсэн харь үг хараад дасал болох хүртэл бид үндсээсээ холджээ.
            Либерийн их сургуульд шинээр элсэж буй 25000 оюутнаас англи хэлний шалгалт авахад цөм бүдэрсэн тухай мэдээллийг “Guardian” сонин онцолжээ. Тэгвэл ирэх хавар болох элсэлтийн ерөнхий шалгалтад бүх сурагчаас албан ёсоор монгол хэлний шалтгалт авахаар болсон. Тэр үед дээрхтэй тун төстэй үр дүн гарна гэж дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар дуу нэгтэйгээр хариулав. “Сурагчид нийтээрээ л буруу бичдэг болсон учраас дүн тавихдаа тухайн даалгаврыг хэр сайн гүйцэтгэснийг харгалзахаас биш үг, үсгийн алдааг нь тоохоо байсан” хэмээн нэгэн багш учирлав. Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Х.Эрдэнэчимэг үүнтэй санал нийлж байна. “Сурах бичиг боловсруулагчид хичээнгүй, цэвэр, алдаагүй бичихэд биш, эхийн утга санааг олж, ойлгоход чиглэсэн даалгаварыг номд түлхүү оруулах болсон. Үүний үрээр сурагчид шоргоолж гүйгээд өнгөрсөн мэт цэгцгүй, болхи бичгийн хэвтэй, үг үсгийн алдаагүй өгүүлбэр нэгийг ч бичиж чадахаа байсан” гэж тэрбээр ярив. Сүүлийн хэдэн жил дунд сургуулийн уран зохиолын хичээлийн сурах бичиг зохиох багт ажилласан, МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш, доктор Г.Нандинбилэгтэй уулзахад, “Урьд уран зохиолын сурах бичгийн дийлэнх зайг зохиолчийн намтар эзлээд таардаг байсан. Харин сүүлд гарсан сурах бичигүүдэд зохиолчоос илүү зохиолыг нь голлож, сурагч өөрөө сэтгэн бодож, задлал хийх даалгавар голлон оруулсан. Мөн эх түүх, ахуй соёлын онцлогийг шингээсэн, монгол хэлний төгс найруулгатай, хүмүүнлэг сэдэвтэй зохиол, бүтээлийг сонгодог” гэлээ. Үүнээс гадна сурах бичигт жишээ болгосоор зуршил болсон хэдхэн зохиолчийг алгасах, тэдгээр бүтээлийг шинэчлэхээр зорьж, орчин үеийн зохиолчдын уран бүтээлийг сонгох гэхээр хэл найруулга болоод, сэдэв санааны хувьд зохирох нь цөөн байгааг ч нуусангүй.
Сүүлийн хорин жилд манай улсын хөгжил зэсгэн хурдсаж, үүний хэрээр гадаадын хэл, соёл шүлтүүргүй урсан болов. Айл өрхийн ахуй амьдралаас эхлээд улсын маань нийслэлээс хөдөөгийн сумд хүртэл зэгсэн хурдсах энэхүү хөгжлийн нөлөөг тольдож болно. Сурагчид киноноос л нэрийг нь сонсож байсан Кэмбрижийн боловсролын системээр хүмүүжиж, Засгийн газраас англи хэлийг хоёр дахь хэл болохыг зарлан, цахим ертөнц хүн бүрийн амьдралын хэмнэлд хүч түрэн уусаж, бид үнэхээр л төрөл арилжитлаа хувьсчээ. Гэвч энэ зуур бид юуг шинээр олж, оронд нь юугаа зольсныг тоолоход хэцүү. Хамгийн хялбар бөгөөд энгийн жишээг нийслэлийн гудамжаар хэдэн хором алхах зуураа харж болно. Өөр өөрөөсөө өрсөн сүндэрлэсэн барилгуудын дийлэнх нь хаягаа англиар бичсэнийг харна. Хятад, солонгос хоолны сүлжээ хуушуурын гуанзнаас ч олон болсныг, дагавар нөхцөл нь яалт ч үгүй монгол хэлнийх мөн боловч харийнх ч биш, манайх ч биш үгс солилцон зөрөх хүмүүстэй ч таарна. “Монгол хэл, уран зохиолын  хичээлийг бид сургалтын хөтөлбөрийн дагуу, хэр чинээгээр л зааж байгаа. Гэвч сургуулийн хашаанаас гармагц хүүхдүүдийг харийн  соёл бүчих болсон. Зурагт, гар утас, компьютер гэхчлэн бүхий л хэрэгслээр тэд гадаадын соёлыг хүртэн, хүлээж авч байна. Хичээл дээр үзсэн нь үнэгүйдэж, төрөлх хэлээ сурахад шимтэн дурлахгүй байгаа нэг шалтгаан энэ” гэж Х.Эрдэнэчимэг багш ярьсан нь үнэний ортой. Эцэг эх нь ч хүүхдэдээ анхаарал хандуулж, зөв дууриал үзүүлэхгүй байхад багш нар хойноос нь хөөцөлдөж, нүдийг нь мянга хаагаад нэмэр үнэндээ алга. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан тооцоогоор элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэлний хичээл сонгосон сурагчдын тоо сүүлийн гурван жилд тус бүр дунджаар мянгаар нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн жил 19327 сурагч монгол хэлний шалгалт өгсөн байна. Гэтэл шалгуулагсдын тоо өссөн болов ч авсан онооных нь дундаж арав хүртэлх хувиар буурсан байх юм.
Хүүхэд залуусыг “аалзны шүлс”-ндээ оруулж дөнгөсөн нийгмийн сүлжээний цахим хуудсаар хөврөх мэдээллийн үг үсгийг байтугай, агуулгыг нь ч бид хорьж дийлэхээ нэгэнт өнгөрсөн. Тэгтэл борооны дараах мөөг шиг олширсон хувийн телевизүүдээр гарч буй нэвтрүүлгийн дийлэнх нь орчуулгынх байгааг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан “Хэвлэл мэдээллийн хэрэглэгчдийн судалгааны тайлан”-гаас үзэж болно. Тухайлбал, UBS, SBN, TV-9 телевизийн нийт нэвтрүүлгийн 30-аас дээш хувь нь гадаадынх байгаа бол, “Монгол” телевиз, NTV, ТМ-ийнх 50 хувийг босгыг хэдийнэ давжээ. Эдгээр нэвтрүүлэг гадаадын соёлыг сурталчлан дөвийлгөх, өөрийн үндсээрээ бахархах үзлийг нугачин дарах “үүрэг”-ийг гойд сайн гүйцэтгэж байгаатай эцэг эхчүүд, багш нар ч санал нийлж байна. Мөн дээрх судалгаагаар Монголын хамгийн олон үзэгчтэй  телевизийн  нэвтрүүлгийн нэгээр тодорсон  “Universe best song” гэхэд монгол хэлээр л биш бол, өөр хаанахаар ч дуулж болно гэсэн хачин дүрэмтэйг гайхаад баршгүй.
Дээр цухас өгүүлсэнчлэн, манай улсад компани, аж ахуйн нэгжийн нэр сонгохдоо аль нэг гадаад үг ашиглах моод дэлгэрээд удаж байна. Жишээ нь, Улсын бүртгэлийн ерөнхий газар өнгөрсөн сард 271 компани, аж ахуйн нэгж бүртгэсний 74 хувь нь гадаад нэртэй байв. Мөн Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд шинээр элссэн 75 аж ахуйн нэгжийн 21 нь л монгол нэртэй байсныг энд дурдаж болно. Энэ талаар УБЕГ-аас лавлабал, “Компанийнхаа нэрийг монголоор өгнө үү, гадаадаар өгнө үү тухайн хүний сонголт. Хэрэв гадаадаар нэрлэсэн тохиолдолд бид бүртгэлдээ галиглаж л оруулдаг” гэсэн тайлбар өгөв. Үүнийг батлах мэт зөвхөн нийслэлд дэлхийн хотууд бараг цөм байдгийг та анзаарсан нь лав. Улаанбаатарт л байгаа хэрнээ “Би одоо Дублинд байна. Ингэсгээд Амстердам орж кофе уучихаад, Нью-Йорк явж хүнтэй уулзана. Хоёулаа орой Москвад уулзъя” гэсэн хоржоонтой эвлүүлэг нийгмийн сүлжээний цахим хуудсаар тарж, хэсэгтээ л манайхны амны зугаа болж байсан. Улсын нийслэл ч дүүрч гэхэд, Дархан-Уул аймгийн төвд “Нью-Йорк” толгой хэмээн нэрлэсэн газар бий. 
Манай улсын эдийн засаг өгсөж, уруудах нь гадаадын хөрөнгө оруулалтаас шууд шалтгаалж, өмсөж, идэх, эдэлж хэрэглэхээ цөмийг нь харь орноос зөөн, үзэж, харж, сонсон шимтэх нь бусдаас хамаарсан, хэл яриа маань ч хүнийрхэж, холилдсон энэ яг Монгол Улс мөн үү.  Эгээ монгол хүн гэдгээ бид  юугаар батлах вэ. Энд бид эх орондоо байна уу, эсвэл энэ газар бүхэлдээ харийн соёлд сүйдэв үү? Бид хөгжихийн хэрээр, он цаг улирахын хэрээр хариулахад бэрх асуултууд ургасаар байх боллоо. Ам.долларын ханш өсөж, төгрөгийнх навс уруудаж байгааг амтай болгон шагшин гайхаж байгаа. Төгрөгийн ханш уруудвал Төвбанк арилжааны банкуудаар дамжуулан зах зээлд валют нийлүүлж хазаарыг нь татдаг. Тэгвэл эх хэлний маань үнэ цэнэ уруудах болсон энэ үед хэн, ямар арга хэмжээ авах ёстой вэ. Энэ тохиолдолд төр засгийг харааж, буруутан болгох улигт аргаа хэрэглэвэл тусыг эс олно. Ээ дээ, буруу ч бидэнд, буцаж зохируулах боломж нь ч бидэнд л байна.