Oct 29, 2013

Явъя аа, чиний ээлж ирлээ гэвэл


          
  ...Гэхдээ би үхэхийн тулд төрсөн! Нээрээ дээ, нээрээ гэм. Хэргээ гүйцээх гэж, үйлдээ бэлдэх гэж өнөө та нарын дэргэд байгаа болохоос биш анх төрөхдөө л би үхнэ гэдгээ мэдэж байсан. Байр байдлыг минь зураглах хэрэг гарвал тасалбар халаасандаа хийн, тайван гэгч нь кофе балгалаад, сонин гарчиглан хүлээлгийн сандал дээр суугаа галт тэрэгний зорчигч гээд л ойлгочих. Бидэнд хаашаа явах, юуны тулд хөдлөх гэж буйгаа мэдэхгүйгээр унааны хаалга татах үе үнэхээр байдагтай адилхан гээд л саначих.
Одоохондоо би талийгаач болоход бүх талаараа зохимжгүй байгаа учраас тэр өдрийг, бүрэлдэх мөчөө хүлээж байгаа юм. Тэрний төлөөнөө яг юу хийх ёстойгоо мэдэхгүй л дээ. Тэгэхдээ байж байхад л, чухамдаа амьд байхад л аяндаа болчихно гэж надад хэлсэн. Намайг үхэхэд чухам тохирох өдөр хэзээ гэдгийг мэдчихвэл уг нь таатай л байна. Тэгэхдээ мэдэж болохгүй гэсээн. Магадгүй ТЭР өөрөө шийдэж амжаагүй болохоор үг сүггүй, аанай л дуугүй байгаа байх. Нэгэнтээ л талийх нь тодорхойгоос хойш хугацаа товлож сүржигнэхийн хэрэг үгүй гэж санаа биз. Би ч ийн үүнд нь хэдийнэ дасаж, элдвээр шалгаахаа байсан. Гэхдээ юу гээч, нэг зүйлийг би мэдэхийг хүсдэг юм аа. Надад яг ямар үхэл бэлдснийг л мэдэхсэн... Бялуунаас надад хэр том зүсэм ирэх нь сонин биш. Харин алимных уу, баялагных уу гэдэг нь сонирхол татдагтай л адил.
Хэзээнээс надад л их удаан, хорлонтойгоор үхэх таалагдаж ирсэн. Үхлийн амтыг зүсэм зүсмээр, таашааж мэдэрвэл он удаан жил хүлээж буйтай минь дүйх болуужин гэж санадаг. Гэнэт машинд дайруулах, тэнэсэн суманд оногдохын төлөөнөө ийм удаан амьдарсан байвал уйтайяа. Нойрны эм боодлоор нь уух, олсонд ороогдох, гүүрнээс үсрэх надад нэр хүндгүй санагддаг. Дайны талбарт үхэхийг баатарлаг гэж зарим нь хэлдэг л юм. Олны хомрогонд орж, яг хэн үхснийг мэдэх боломжгүй цусан далайн нэг хэсэг болбол бас л тоогүй. Харин тэрний оронд туулайн бөөр модонд хүлүүлчихээд хорхой, шавьж надаар хооллож дуустал хүлээвэл сайхан аа. Ер нь л миний үхэл хэн нэгэнд хэрэг тусаа өгвөл сайн байна. Хүмүүсийн дунд хууль гээч юм үйлчилдэг болохоор намайг хэн нэгэн алаасай гэж би хүсэхгүй ээ. Үхлээрээ би хэн нэгний өмнө, эсвэл хэн нэгэн миний өмнө өртэй үлдэхийг зөвшөөрөхгүй. Үйлэнд минь хүргэснийхээ төлөө харин ч шагнагдах ёстой нэгэн, шоронд хатаж, амьдын тамд унавал уйтай. Тиймээс би үхлээ бусдаас ангид үйлдэгдээсэй гэж хүсэж байна.
Үхэгсдийг үдэх тогтсон дэг жаяг хэзээнээс л миний уцаарыг хөдөлгөж ирсэн. Араас хэн нэг нь уйлаад , хүний хайлан шахуу байсан гэж хэлээд л, ямар алба биш дээ. Намайг миний амьдралын жирийн л нэг өдрүүдийн адил, дуурсах юм юу ч үгүйгээр явуулбал сайн байна. Намайг энд ирэхийг хэн ч мэдэхгүй байсантай адил, ийм хүн байгаагүй юм шиг л мартчих. Харин насан туршид минь зовлого болж, надад үнэнч зүтгэсэн бие цогцост минь хүндэтгэл үзүүлж, булшинд хийхийг би зөвшөөрнө. Дээр нь миний үзэж, туулсан цаг хугацааг бичээрэй. Бие цогцос минь ямар их үйлийн ард гарсныг булшин дээрх саргар хэдэн тоо гэрчилж байг. Буцаад тэр газартаа уусаад, өвч болж ургахыг нь бодож нүцгэн хэвтүүлээрэй. Надад анх тэгж л оногдсон юм хойно, тэр хэвээр хүлээлгэж өгөх нь ёс төгөлдөр байх болно.
Энэ бүхэн гэхдээ надад намар ирвэл сайхан аа. Намайг үдэхийн төлөөнөө модод навчисаа алгуурхнаар, гунигтай гэгч нь гөвж, зунжин хөгжилтэйгээр мишээж уйдсан нар сүүлчийн амьсгалаа авч буй мэт туниа муутай илчээрээ хацар нүүр төөнөж, тэгэхэд нь хүмүүс юуны ч тухай юм бодож толгой бөхийн алхсан тийм зураглал дунд алга болмоор. Бүх дэлхий надтай салах ёс хийж буй мэт намрын нэг өдөр л явмаар. Даанч би ийм тансаг үхэлд ногдох хувьтайсан билүү, яагаа бол. Үлдсэн насандаа үйл хийх хэрэгтэй гэвэл, чухам энэ зэргийн хүндлэл хүртэхийн төлөө л амьсгалахсан.
Тэгж гэмээнэ, “Явъя аа, чиний ээлж ирлээ” гэх хэн нэгэн хайнгуут хэлэхийг сонсоод, мөрөөрөө би талийж одно. Тэгвэл л би та нараас юу ч хүсэхгүй. Бүр надыг дурсаач  гэж ч гуйхгүй тийм бардам байж, намайг авахаар ирсэн намрын гараас атгана. 


Oct 14, 2013

Алга ташилт биш бодлогошронгуй


            “Алга ташилт биш бодлогошронгуй.
            Бодлогошронгуйн төлөө би шүлэг бичдэг...”. 
                                                                       Г.Аюурзана. “Бясалгал” номын 18 дугаар тал.
Тэр бодлогошронгуйн төлөө ахиж шүлэг бичихгүй гэдгээ хэлэв. Алга таших юу юм, харин бодлогошронгуй тодорч байна. Тэр ахиж орчуулга ч хийхгүй аж. Бусдад зориулах цаггүй болсон гэнэ. Ахиад л, алга ташилт биш бодлогошронгуй... Тэр цаашиид үргэлжилсэн үгийн томоохон бүтээл бичихэд анхаарал хандуулахаар шийджээ. Мөнөөх л мэдрэмж!

-Зөвхөн намар л уншмаар ном, намар л сонсмоор хөгжим, намар л үзмээр кино гэвэл та юуг нэрлэх вэ?
-Намар гайхамшигтай улирал даа. Ёстой шүлэг уншмаар улирал. “Дэлхийн сонгомол яруу найраг” гээд миний гаргасан нэг антолог бий. Ойрд би түүнийг дэрлэж хэвтээд, хаанаас ч хамаагүй сөхөж хараад л жаргаж байна аа. Би ч чамбай орчуулж шүү гэж давхар баясаад л (инээв). Намар сонсмоор хөгжим гэвэл, яагаад ч юм бэ, Москвад анх очиж байсан үеэ л намрын намарт дурсдаг болоод ч тэр үү, 18 настайдаа дуртай байсан хөгжмөө нэрлэнэ дээ. “Битлз”-ийн бүх дуу, “Queen”-ы “Bohemian Rhapsody”, “Pink Floyd”-ийн “On the Turnin’ Away” ч юм уу... Киноны хувьд бол би хуучинсаг хүн. “Загалмайлсан эцэг”-ийн эхний хоёрыг л дахин дахин үзнэ.
-Өөрөө уншигчийн хувьд та ер нь юу эрдэг вэ... За ер нь би тойруулахаа болиод шууд л  асуучихъя. Та яруу найрагчийн хувьд зодог тайллаа гэсэн. Чухам юу таныг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бэ. “Өдрийн сонин”, “Эх орны манаа” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар та дэлгэрүүлж ер яриагүй байсан. Энэ ганц өгүүлбэр хэлээд болчих гэнэтийн шийдвэр байгаагүй гэж бодож байна.
-Сүүлийн нэг жил би шүлэг бичээгүй. Энд тэнд явж байхад мөр бадаг гэнэт аманд эвлээд ороод ирдэг нь бүр больчихсон байна лээ. Нэгэнт санаанд юм бууж ирэхгүй юм чинь, өөрийгөө албадаад оролдоод байлтай нь биш, нэгмөсөн орхичихъё гэж шийдсэн л дээ.
-Ер нь яруу найрагчийн хувьд зодог тайлна гэдэг ойлголт байдаг уу. Ингээд бодохоор таны өмнө бичсэн, туурвисан бүхэн зүгээр л нэг хөдөлмөрөөр тодорхойлогдож, ажилчин хүнээр бол тэтгэвэр гарлаа гэсэн шиг бууж байна.
-Ямар нэгэн зодог олж өмсчихөөд түүнийгээ тайлах тухай яриа биш шүү дээ. Сурвалжлагч л ярилцлагаа тэгээд гарчиглачихснаас биш, би өөрөө нэг их учиргүй зарласан ч юм биш. Шүлэг бичихээ л больж байгаа юм. Дөч гарчихсан хүний хувьд гайхаад байхаар зүйл гэж үү дээ?
-Хэрэв санаа орж ирэхгүй, эвлэж өгөхгүй байгаа нь түр зуурын юм байвал яах вэ. Магадгүй ирэх зун, тэрний дараа зун дотроос тань яруу найрагчийн зөн хатгаад, бичигдэх шүлгүүд чинь нэхээд ирвэл “больсоон хө” гээд шууд хориход хэцүү байна байх даа.
-Үгүй, одоо мэдэхгүй юм даа. Гэхдээ л би ахиад шүлэг бичнэ гэдэгтээ итгэлтэй биш байна.
-Танд хэн нэгний өмнө, ялангуяа уншигчийн өмнө ямар нэгэн өр байхгүй. Гэхдээ л уншигчид өөрийн мэдэлгүй таниас илүү юм, бусдаас өөр зүйл хүсдэгийг та ч мэдэх байх. Цаашид та үргэлжилсэн үгийн том хэмжээний бүтээлд илүү анхаарал хандуулна гэсэн. Орчуулгын бүтээлүүдээс гадна, бичлэгийн хэв маягийн шинэчлэлүүд таниас гарсан. Жишээ нь, таны бичсэн “Гурамсан цадиг”, таны орчуулсан “Буугаад ирээч Мосе”-гоос л хойш метароманыг бид ойлгодог, шимтдэг болсон. Зүгээр л нэг сайн зохиолоос гадна таниас “шинэ юм” хүлээж байгаа уншигчдад юу бэлдэж байна вэ? 
-Ноднингоос хойш нэг роман дээр сууж байгаа. Хэзээ гараас гарахыг нь арай л хэлж чадахгүй нь дээ.
-Орчуулагчийн хувьд бас боллоо, зогслоо гэж хэлсэнд тань олон хүн гомдолтой байгаа. Би лав тийн гонсойсон хүмүүсийн нэг нь. Өөрийн бүтээлд илүү анхааръя гэж хэлснийг тань ойлгож болмоор ч гэлээ, уншигчийн хувиар бол эвлэрч ер болохгүй санагдаад байна. Та нээрээ ахиж орчуулга хийхгүй юм уу?
-Хийхгүй. Бусдад зориулах цаггүй болсон юм шиг санагдаад байгаа.
-Бүхий л зохиолчийн зовлон, айдас нэг байдаг байх гэж боддог. Тэр нь өөрийгөө давтахгүй байх. Та өөрийгөө давтахгүйн тулд яадаг вэ. Бас зохиолч бичиж байгаадаа яалтчгүй автдаг, эхлэлээс төгсгөл хүртэл түүгээр амьсгалдаг гэж би боддог. Зохиолоос зохиолын хооронд та өөрийгаа яаж “цэвэрлэдэг” вэ?
-Өөрийгөө давтчихгүй юм сан ч гэдэг юм уу, өөрийнхөө хэв маягаас л хазайлгүй бариад явъя энэ тэр гэж хэзээ ч боддоггүй. Ер нь би элдвийн юм зохиодог хүн биш шүү дээ. Надад зохиол бичихдээ баримталдаг зарчим ч гэж байхгүй. Зүгээр л суугаад бичдэг. Азаар ч юм уу, заримдаа бичиж байгаа зүйлс маань өөрөө аятайхаан явчихдаг. Зарим нэг өгүүлбэрийг өмнөх номуудынхаа аль нэгэнд биччихсэн ч бил үү гэх эргэлзээ төрдөг л юм. Санаж байвал эргэж харна, ихэнхдээ хаана тиймэрхүү санаа оруулчихсан байж болох вэ гээд хайх нь залхуутай санагддаг тул, тэгсхийгээд л орхичихдог.
-Уншигчид их сонин. Зохиолын дүрүүдийн сэтгэл зүйг яалтчгүй зохиолчтой холбох гээд, зохиолчоос дүрд илэрсэн шинж тэмдгүүдийг хайгаад байдаг. Жишээ нь, би хувьдаа таны дүрүүдээс цөхөрсөн, яахаас ч буцахгүй байдалд хүрсэн төрх олон хардаг. Энд таниас ямар нэг тайлбар хүсэж болох уу. Бас уншигчид  хүссэн хүсээгүй дүрүүдийг сайн, муу гээд ялгачихдаг. Яг л манай тал, танай тал гэдэг шиг. Харин зохиолч өөрөө ингэж заагладаг болов уу?  
-Үгүй, миний хувьд сайн тал ч, муу тал ч гэж байхгүй. Цөмөөрөнд нь л бага зэрэг би явж байгаа. Нэг цөхрөнги дүр байна, нэг шантаршгүй дүр байна. Аль аль нь би биш, гэхдээ аль алинд нь л миний тодорхой хэсэг бий, үгүйдээ амнаас нь миний хэлэх үг гарч байгаа. Тэр утгаараа бол би харин ч аливаад цөхөрч ягддаггүй, ямар нэгэн зүйлд яахаас ч буцахааргүй болтлоо улайрч шунадаггүй хүн.
-Би зөвхөн уншигчийн хувиар л таныг мэднэ. Зөвхөн тэр “туршлага”-аар харвал та өөрийгөө нийгмээс хол байлгах гэж хүсдэг хүн шиг санагддаг. Хэрэв энэ асуултад та тийм гэж хариулбал юунаас зугатаж, зугатахдаа ямар арга хэмжээ авдаг вэ?
-Би өдөр тутмын сонины сурвалжлагч байж үзсэн, хувийн сонин эрхэлж ч үзсэн. Энэ утгаараа олон л хүнтэй нүүр учирч явлаа. Зохиолчдын байгууллагын ажлыг шинэчлэхэд оролцох гэж ч нэлээд идэвхтэй чармайж явсан үе бий. Бас зурагтаар хааяа гардаг, энэ мэтээр ярилцлага өгдөг. Өөрөө сурвалжлагч явж үзсэн, зовлонг нь мэдэх юм болохоороо учиргүй бултаад зугтахаасаа бас ичээд байдаг юм. Энэ мэтээс болоод хутгалдах зүйлс олширно. Хэлсэн ярьсан үгс гуйвж дайвж хаяглагдаагүй эзэддээ хүрнэ. Тэгээд эцэст нь нэг л зүйл ойлгосон. Энэ хүмүүс цөмөөрөө надад тохирохгүй, энэ хүмүүст би өөрөө бас тохирохгүй байна аа гэж. Юм эрээчдэгийн хэрэг юу билээ, надад хаачих вэ гэсэн эргэлзээ байгаагүй. Шууд л гэртээ суучихсан даа.
 -Та олон шинэ, ховор зохиол орчуулсан. Х.Л.Борхес, У.Фолкнертой бид таниар дамжуулж танилцсан. Миний мэдэхээр Х.Мүракамигийн монгол хэлнээ хөрвүүлэгдсэн цорын ганц бүтээл нь “Хаврын нэгэн сайхан өглөө 100 хувь төгс бүсгүйтэй тааралдсан тухай” өгүүллэг байдаг. Та хэзээ нэгэн цагт монголоос англи, орос хэл рүү зохиол орчуулах тухай бодож байсан уу. Хэрэв тэгэхээр болбол таны хамгийн эхний сонголт юу байх вэ?
-Би уран зохиолыг орос, англиас нүүр улайхааргүй орчуулж чадна, харин орос, англи руу чадахгүй. Мураками гэснээс, мань эрийг би бүтэн өгүүллэгийн түүврийн хэмжээнд орчуулах бодолтой байсан юм. Өгүүллэгүүд нь сонирхолтой, яг миний сонгосон хувилбар бол аль ч романаас нь илүү өвөрмөц ном болохоор байсан. Өөртэй нь холбоо бариад, сонгосон жагсаалтаа үзүүлсэн. 25-30 өгүүллэг сонголуу даа. Мань эр эхэндээ тун найрсаг хүлээж аваад, татгалзах зүйл алга, агенттай минь тохирчих гэлээ. Гэтэл агент нь “Яг ийм сонголттой ном хаана гарсан юм бэ? Түүнийг манай зохиолч их сонирхоод байна” гэсэн. “Би өөрөө сонгосон юм аа” л гэлээ. Тэгээд таг чиг болж болж гэнэтхэн л “Япон хэлнээс орчуулбал л зөвшөөрье” гэсэн хариу ирсэн дээ.
-Зохиолч, зохиол, онгод гурвын хооронд яг л сүнсний ертөнц гэдэг шиг өвөрмөц үйлчлэл байдаг гэдэг. Манай ихэнх зохиолч онгод гээчид найдаад, тэр нь ирлээ гэвэл дөрвөн ханан дундаа л суугаад байх шиг санагддаг. Үнэхээр суутан биш бол, ер нь суутан байлаа ч зохиолч яг л сэтгүүлчийн адилаар шинийг эрэлхийлж, хөдөлмөр гаргах ёстой. Хэрэв онгод тань дээр “ирэхгүй” бол та зохиомлоор юу хийдэг вэ?
-Зохиомлоор ямар нэгэн зүйл хийх шаардлагагүй шүү дээ. Бичигдэхгүй бол бичээд хэрэггүй. Тэгж өөрийгөө махлах хэрэг юу байна? Харин бичихээр суухаасаа өмнө, хүүрнэл зохиолд бол материалаа цуглуулж, хэлэх гэсэн гол санаагаа зангидчихсан байх хэрэгтэй.
-Зохиолчид өөрийнхөө зохиолыг дүгнэж, цэгнэж ярих эрх байдаг уу. Орон орны зохиол өөр гэвэл, манайхны нэг онцлог нь өөрийнхөө зохиолыг сайн муу гэж өрсөж ярих, магтан дуулах хандлага их ажиглагддаг. Шүүмжлэгчид цөөн, шүүмжийн салбар унтаа байгаатай холбоотойгоор ойлгосон ч өмөөрч болохгүй шиг санагддаг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Би янз бүрийн орны, олон ч гэж хэлж болохуйц зохиолч танина. Бүгд л “Би л бичнэ, би л чадна, миний тийм ном өвөрмөц, миний нэг ийм онцгой санаа байдаг юм” гэж л ярьдаг хүмүүс байдаг. Мэдээж, япон хүн араб хүнээс хамаагүй илүү даруухан л даа. Гэхдээ л зохиолч бол зохиолч. Итгэл үнэмшлээрээ л амьдардаг. Би бол өөрийнхөө зохиолуудад итгэлтэй явдаг болохоор юу ч ойлгоогүй юмнуудын том том дүгнэлтээс бол өөрийнхөө зохиолыг өмөөрнө өө. Элэг авмаар амьтдын номнуудтай харьцуулж ярихад, яалт ч үгүй эгдүү хөдөлнө шүү дээ.
-Зохиолууд тань санаа анх төрсөн цэгээс ном болж, хэвлэгдэх хүртэл ямар зам туулдаг юм. Энэ зуур зохиол юу “үзэж”, хэчнээн шалгуур давдаг вэ?
-Бичигдэх гэж хамгийн аймаар зүйл байна. Санаа нь байгаад байдаг, бичээд явж өгөхгүй байх мөн ч хэцүү дээ. Бичсэн хэсгээ эргээд уншихаар уншигдаж өгөхгүй бол тэгээд л дуусаа. Нэг бол ахиж шинээр бичих, эсвэл устгаж хаях хэрэгтэй болно. Юм бичиж бичиж хэвлүүлдэг, тэр нь зарагдахаар баясаад энд тэнд гарын үсгээ зураад гүйдэг, тэр нь чамайг мулгуу амьтан болгож харагдуулдаг тийм тохиолдол алийг тэр гэх вэ дээ.
-Зохиол бичиж байх үед үйл явдал таны хяналтаас гарчихвал яадаг вэ. Ерөөсөө бичмээргүй, дуусгамааргүй болоод тэр чигт нь хаясан шүлэг, зохиол таньд байдаг уу?
-Байгаа. Би 1990-ээд оны дундуур “Хар загалмайн аян” гээд нэг роман эхлээд явуулж чадаагүй хаясан. Дараа нь “Мөсөн тахлын домог” гээд нэг роман овоо сайхан бичиж яваад гэнэт залхаж, энд тэндээс нь хэдэн абзац авч үлдээд шатаачихсан. Ер нь гучин наснаас өмнө роман бичих нэг л явцгүй юм шиг байна лээ. Тэндээс авч үлдсэн зүйлсээ эвлүүлээд “Цасны роман”-ыг бий болгосон доо.
-Өөрөө уншигчийн хувьд та юу эрдэг вэ. Зохиолчийн хувьд та юу гаргаж харуулахыг чармайдаг вэ. Энэ хоёрын хооронд нийцэж зохирох зааг, салж нийцдэггүй ялгаа нь юу бол?
-Би сайхан, амттай бичигдсэн номонд л дуртай. Өөрөө ч амттай бичихийг л чармайдаг. Намайг зохиолч болгосон зүйл бол миний уншиж үзэх аз тохиосон хэдхэн сайн ном. Өөр юу ч биш. Кино биш, хэвлэл мэдээлэл биш, интернет биш, магадгүй, туулж үзсэн амьдрал минь ч биш байж мэднэ.
-Жишээ нь, А.Тарковскийн бүтээлүүдээс урьд үзээгүй байгаад “Толь”-ийг шууд үзэхээр бүрэн дүүрэн ойлгодоггүй. Өмнө нь заавал, түүний арай хөнгөн кинонуудыг үзэж, бэлтгэгдсний дараа үзвэл бүр сайн ойлгох юм шиг санагддаг. Зохиолыг уншихийн тулд уншигч тодорхой хувиар бэлтгэгдэх хэрэгтэй юү, жишээ нь таны зохиолуудын хувьд?
-Мэдээж шүү дээ, бэлтгэгдээгүй уншигч бол зүгээр л бичиг үсэгт тайлагдсан төдий л гар байхгүй юу. Намайг унш гэж байгаа юм биш шүү, ер нь уран зохиолыг арай дөнгүүрхэн мэдэрье гэвэл байнга л “Тунгалаг Тамир”-ын ч юм уу, “Бас л завгүй” гэдэг СD сонсоод л яваад байх үнэхээр хангалтгүй.
-Монголын уран зохиолын уламжлалаас таньд зохиолчийн хувьд “хүртсэн”, хамгийн үнэ цэнэтэй, чухал юм юу вэ?
-Бага байхдаа уншсан шүлгүүд, жишээ нь, Б.Явуухулан тухайн цагтаа хосгүй чухал байсан. Анх “Уянгын тойрог”-ийг уншихад, “Сэтгэлийн байгаль”-ийг уншихад маш их догдолж байснаа мартдаггүй. “Амьдралын тойрог”-ийг уншчихаад юунаас ч юм бэ сүрдэж байснаа ч мартахгүй. Гэхдээ гайхамшигт мэдрэмжийг би ганцхан “Нууц товчоон”-оос л амссан даа. Энэ бяцхан судар бол миний амьдралд тохиолдсон хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг л гэж хэлнэ. Нас явах тусам энэ итгэл минь улам батжиж байгаа.
-Шүүмж, “шүүмж” хоёрын аль алин таньд ирдэг байх. Өдийг хүртэл таны биш, таны бүтээлэд ирсэн хамгийн үнэн, зөв шүүмж юу байсан бэ?
-Тийм шүүмж бичигдээгүй байгаа байх өө. Эсвэл би олж хараагүй байх (инээв).
-Өөрийн үзэж туулсан, харсан, мэдэрсэн, зүүдэлсэн юмсаа зохиолдоо ашиглах нь хэр олон бэ. Ингэхээр хувь хүний үүднээс нууцаа уншигчийн өмнө дэлгэсэн адил санагдах үе байдаг уу?  
-“Арван зүүдний өр” романд гардаг тэр төлөөсний бүх зүүдийг би өөрөө баатартаа зүүдэлж өгсөн. Хэрэв би зүүдлээгүй бол Тэнгис хэзээ ч өрөө төлж чадахгүй хоцрох байсан.
-Г.Аюурзаныг гэх хувь хүн, хувь зохиолч үзэл санааны хувьд бүрэлдэн бий болоход нөлөөлсөн гэр бүлийнхээ талаар яриач. Ээж, аав тань таныг зохиолч болно гэхэд юу гэж хүлээж авч байв?
-Би зохиолч болно гэж хэнд ч хэлээгүй, ний нуугүй хэлэхэд гучин нас хүртлээ би зохиолч болох эсэхээ өөрөө ч сайн мэдээгүй явсан болохоор, хэн юу гэх вэ дээ? Гуч хүрчихсэн хүний алхмыг бол мэдээж хэн хорих вэ дээ? Ер нь миний ээжийн санаанд бол миний хийж байгаа зүйлс дандаа л гологддог юм. Тэр нь одоо хүүхдүүд рүү минь шилжээд, миний хүүхдүүд бас л санаанд нь таарахаар хүмүүжилтэй биш, ажилсаг биш, эмх цэгцтэй биш болж байгаа (инээв). Ээж нүдний даралтаасаа болоод юм уншдаггүй. Жаахан залуухан байсан бол, миний номуудыг ойшоохгүй байж мэдэх л хүн.
-Нээрэн, Хөх хотод явахдаа “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологийн тань монгол бичигт буулган, хэлбэрийн хувьд яг адилхан хэвлээд зарж байхыг харсан. Сайхан л санагдсан. Гэхдээ энэ зохиогчийн эрхтэй болов уу яагаа бол гэж тухайн үед бас бодож байлаа.
-Өө, ёстой мэдээгүй юм байна. Гэхдээ тэр антолог миний сонголт болохоос, миний өмч биш шүү дээ. Адилхан монголчууд уншиж л байг. Саяхан “Монголын сонгомол өгүүллэг” Японд хэвлэгдсэн. Урьдчилаад хэвлэлийн газар нь “Шан харамж өгч чадахгүй, зүгээр л Монголын орчин цагийн уран зохиолыг сурталчлая гэсэн юм, зөвшөөрөх үү?” гэж асуусан л даа. Би ч өөрийнхөө сайтаар “Өгүүллэгийг тань Японд орчуулахад татгалзах шалтгаантай хүн байвал хэлээрэй” гэж зарласан. Тэр үед Монголд байгаагүйг ч хэлэх үү, тэгээд хэвлэлийн газарт нь зөвшөөрч орхисон. Их л сайхан ном гарсан байна билээ. Зохиогчдод нь тараах гээд амжихгүй л яваад байгаа юм сан. Үүнийг дуулгачихъя, нээрэн.
-Таны хамгийн сүүлд бичсэн шүлэг юу бол. Хэрэв таныг зөвшөөрвөл бид эхээр нь сониндоо нийтэлчих үү?
-Өө, болно шүү дээ. “Бясалгал” номын хамгийн ард байгаа шүлэг. За, тэгэхээр ноднин хавраас хойш шүлэг бичээгүй байгаа биз? (инээв).

Зайлшгүйг мэдрэхээс илүү тайвшрал үгүй
Алхаад үлдээх мөрийг минь
Арчаад буцаах давалгаа...
Амьдрал одоо цагтаа л төгс.
Төгсгөлөөс илүү мөнхрөл гэж үгүй.
Аугаа боломж өгөгдлөө, арчигдлаа!
Ийм гайхамшгийг хэн ч өөрчлөхгүй.
Аяа,
Бурхан ч хүчрэхгүй.
                        2012.5.7 Бусан.
                        2012.5.14 Сөүл. 

-“Илбэ зэрэглээ”-нд багтдаг “Үхсэн хүний амьдрал” шиг постмодерн (зарим уншигч абсурд гэж хүлээж авсан байсан), постмодерн биш байлаа ч ер нь жүжгийн зохиол бичих санаа, зориг таньд байдаг уу?
-Би хоёр л жүжиг бичиж үзсэн. Нөгөө нь “Хуралдай эхлэхийн өмнө” гээд бас л нэг тийм чиглэлийн жүжиг байгаа. 2010 оны намар Солонгост бичсэн. Одоо “Black Box” театрын Боролдой Мийгаа л тавина гээд яваа. Бараг худлаа биз дээ. (инээв)
-Та Монголын сэтгүүл зүйн дээд “Балдорж” шагналын шүүгчдийн багт ажиллаж байгаа. Сэтгүүлчдийн бүтээлийг үзэж харахаар нэг сайхан нийтлэл, сурвалжлага биччихмээр болдог уу. Та ер нь сэтгүүлчийн ажлаа үгүйлдэг үү?
-Сэтгүүлч байсныхаа ачаар л зохиолч болж чадсан гэж Хэмингуэй, Маркес нар бичсэн байдаг. Би сэтгүүлчийн ажилд зүтгэж явснаараа бахархдаг шүү. Эргээд үгүйлэх нь ч юу юм бэ, зүгээр сурвалжлагчийн формоо бол нэг их алдаагүй. Ойр зуур тэмдэглэл мэтийг бол ер нь тун эвтэйхээн биччихнэ шүү, харин.
  -Зохиол бичиж эхлүүлсэн үед таны өдөр тутмын хэмнэл, хувь хүний дотоодод ямар өөрчлөлтүүд гардаг вэ. Зовлон шаналал, адал явдал, амт нь мэдрэгдээд зүгээр суулгадаггүй байх аа, тийм үү?  
-Тэр ертөнц рүүгээ орж байж л арай үнэмшилтэй юм бичнэ шүү дээ. “Бөөгийн домог”-ийг бичиж байх гурван жилдээ би толь зүүж, шувтан бөө ярьж явсан. “Шүгдэн”-г бичиж байхдаа байнга өвөрмонголчуудтай харьцдаг, үдэш бүр сунаж мөргөдөг, өөрийгөө Саманд болгож төсөөлдөг байсан. Өвөрмонголын том газрын зураг одоо ч хананд минь байна.
-Хэдийгээр таны эхнэр номуудыг тань редакторлодог ч, энэ тохиолдолд эхнэр, нөхрийн холбоо үйлчилэхгүй байх. Яруу найрагч Л.Өлзийтөгс таны бүтээлийг ариутган шүүсний дараа ихэвчлэн юуг хасаж, юуг зассан байдаг вэ.  
-Хүн бичиж байгаа юмандаа өөрөө автаад, логик холбоо алдагдсан ч юм уу, зарим баатрынхаа үг үйлдлийг дутуу гаргаснаа анзаардаггүй юм билээ. Өөрөө болохоор ойлгоод байдаг, уншсан хүнд ойлгогдохгүй. Тийм зүйлс дээр л редакторын хэрэг чухам гардаг юм даа. Түүнээс биш, хасах засах бол сонины редакторуудынх шиг эцсийн шийдвэр байдаггүй л дээ, утга зохиолын ялгаа нь тэр юм уу.
-Таньд эхнэрээ хайртай гэдгээс давуулж харах тохиолдол бий юү. Үүнээс дээд, жишээ нь “муза” (та битгий шоолоорой үүнээс өөр илэрхийлэх үг олсонгүй) болох ч юм уу. Зохиол бичих шалтгаан гэвэл онохгүй байх, онгод эсвэл хөглөгч гэх утгаар?
-Хайртай хүнтэйгээ цуг амьдарна гэдэг өөрөө бүх зүйл шүү дээ. Амьдрал ямар ч байлаа, юу ч тохиолдлоо гэсэн өөрөө хайрладаг, өөрийг чинь хайрладаг хүнд тэр бүхэн чинь ямагт хамаатай байна гэдэг хосгүй юм. Үүнээс давах, үүнтэй харьцуулах зүйл гэж амьдралд бараг л байдаггүй биз.
-Арваннэгдүгээр сард намрын ч биш, өвлийн ч биш сонин өдрүүд өрнөдөг. Таны төрсөн өдөр энэ сард болдог. Та энэ сард, бас төрсөн өдрөөрөө юу мэдэрдэг вэ. Дурсах юм юу ч үгүй эгэл өдрүүдээс өөрийг мэдэрдэг байх даа?
-Үгүй дээ, би төрсөн өдөр энэ тэр гээд нэг их сүйд болдоггүй. Угаасаа сүржин тэмдэглэж сураагүй юм. Оюутан байхад найзууд ганц хоёр шил архи авчирч хувааж уудаг байсан. Одоо бол бага хүүгийнхээ төрсөн өдөр гэсэн утгаар л тэмдэглэдэг. Бид хоёр нэг өдөр төрсөн юм. Миний төрсөн өдрөөрөө Өлзийгөөс авсан хамгийн том бэлэг, тэр нөхөр дөө.
-Номыг ямар орчинд уншвал хамгийн амттай вэ. Та жишээ нь таалагдсан номоо хаана, яаж уншвал таашаалтай байдаг вэ?
-Таалагдсан ном гэдэг өөрөө их аальгүй ойлголт юм аа. Найдаад тухлаад унштал дэмий юм байх нь бий. Би өнгөрсөн хавар Коэльогийн “Aleth”, “Eleven minutes” гээд хоёр романыг ар араас нь залгуулж уншаад бүр хулхидуулсан юм шиг мэдрэмжтэй хоцорсон. Сайн зохиолч учраас дундаас нь хаячихалгүй, уншаад л байдаг, сайн зохиолч учраас гоё гоё өгүүлбэрүүд таараад л байдаг. Дууссан хойно нь хайран цагаа дэмий зүйлд үрснээ мэдэхэд доромжлогдчих шиг санагддаг шүү.
Ер нь бол би дандаа хэвтэж ном уншдаг. Өндөрхөн дэр хүзүүн доогуураа ивчихээд, хөлөө хучаад хэвтэж унших уу? За, тэр гартаа барьсан ном маань ядахнаа Курт Воннегутын “Slaughterhouse No.5”-ын дайны юм байвал уу? Сайхан даа.
-Сүүлийн үед манай залуус арилжааны кинонуудаас зугатахыг хүсэж, арт хаус кинонд шимтэх болсон. Та өөрийн дуртай арт хаус кинонууд, мөн найруулагчдийг нэрлээч?
“Потёмкин”-ээс эхэлье. За, тэгээд Бэргманы бараг бүх ажилд нь дуртай. Алехандро Ходоровскийн 10-аад кино надад бий, байсхийгээд л үздэг. Миний дуртай зохиолчдын нэг Алан Роб-Грийегийн “Ноднин Мариэнбадад” романаар хийсэн хэний ч билээ гоё кино байдаг. Тэгээд польш Кислёвский, югослав Кустурица...
-“Шүгдэн” романд мөрдөгч Сэржамц Японы порно од Мариа Озавад дурлаж байгаа тухай гардаг. Өнөө цагийн бас нэг сонин дүр. Харин та зохиолдоо яагаад түүнийг оруулахаар шийдсэн бэ?
-Цэвэр тохиолдлоор. Миний романд ямар нэгэн ази порно од хэрэгтэй болсон юм. Цаагуураа Хятад дахь цахим ертөнцийн хяналт цэнзүүрийг л дам утгаараа үндэстний бодлогод тавьдаг хяналттай бэлгэдүүлж холбох гэсэн санаа л даа. Тэр нэг түвд жаал “Шанхайн шинэ од” гээд бичлэгийг нь сурталчлаад байгаа биз дээ? Өнгөндөө хатуу хяналт, цаанаа бол хяналтаас гарчихсан үзэл суртал. Бүр Түвдийг хүртэл хамарчихсан өнөө цагийн давалгаа. Иймэрхүү бэлгэдлийн утгад хүчтэй сэдэв шүү дээ, порнографи чинь өөрөө. Тэгээд порно одуудын чансаа маягийн жагсаалт харж байгаад л, аятайхан төрхтэйг нь сонгосон.

Oct 10, 2013

Хорслын мантра


          
  Буддын шашин энэрэнгүй болоод хүлцэнгүй байхыг номлодог. Тиймийн атал Азийн зарим орны хуврагууд лалын шашины эсрэг үзэн ядалтаар зэвсэглэн, хараан зүхэж, хүчирхийллийн аргаар тэмцэх болж. Тэдний толгойлогч хэмээгдэх Виратуг баруунд “Буддын Бин Ладен” гэнэ. Гуйвшгүй төв харцных нь цаана үзэн ядалтын гал улайран дүрэлцэж буй нь илт боловч тэр яг л Бурханы хөрөг мэт тайван бас амирлангуй харагдаж чадна. Зуу зуун сүсэгтэн өмнө нь завилан суугаад, алга хавсран аниргүй бөхийх нь түүний сүр хүчийг илтгэх шиг. Хүжийн үнэр хамар цоргисон Мандалайн сүмийн эл зураглал амирлангуй гэж энэ л болой гэх гэгээн бодолд хөтлөх авч, Виратугийн дотор адын хар бодол бийг бодохоор үл итгэх ёстой гэж өөрийгөө хүчилнэ. “Энэ бол тайван байх цаг биш. Буцалж буй цусныхаа дуудлагаар босох цаг ” гэж энэ ёслолын дараа хэлсэн нь Буддын шашины ариун газар Бирмд шавсан үй олон лалын шашинтны эсрэг бослогод сүсэг нэгтнүүдээ уриалсан үг байлаа.
            Чухамдаа энэ дуудлагын үрээр сүүлийн хэдэн жил Бирмд зуу гаруй муслим шашинтан алагдсан гэх мэдээг олон улсын хүний эрхийн байгууллагууд дэлгэв. Ялангуяа Виратугийн амьдрадаг Бирмийн төв хэсэгт цус урссан тоо даанч их. 60 сая хүн амтай тус улсын нийт иргэдийн ердөө таван хувийг лалын шашинтан эзлэх боловч Виратугийн хэлж буйгаар бага гэж тайвшрах хэрэггүйгээр лалын цөөнх тэдний эмс охидыг нь элдэвлэн, аажмаар эх орныг, соёл түүхийг нь булаах гэж санаархаж байгаа хэмээн тэр боддог. Яг үүнтэй ижил, одоогоос хэдэн жилийн өмнө нутгийнх нь хойд хэсэгт шигсэн христийн шашинтнуудтай бяцхан тэмцэл өрнүүлж, жижиг тулааны ялагч болсон нь түүнийг илүү итгэлтэй болгосон байж мэднэ. Бас хөрш зэргэлдээ улсуудад, тухайлбал энэ оны эхээр Шриланкад буддын шашинт үндсэрхэг үзэлтнүүл лалын шашинтнуудтай ширүүн тэмцэл өрнүүлж, шинэхэн нээгдээд байсан сүм хийд цөмийг нь галдан шатааж, Тайландын хуврагууд үндэсний армитайгаа нийлэн мөн л дээрхтэй адил хэрэг өдүүлсэн жишээ түүнд нэг талаар цагаатгал хайрласан байх. Хиндүгийн үндсэрхэгүүд, лалын зоригтнууд, фундаменталист христүүд, ортодокс еврейчүүдийн эсрэг шашины дайн маягийн сэдэл эхлүүлж буй энэ оролдлого нь 2500 жилийн өмнө амьдарч асан Сиддхарта Гаутамагийн номлолоос хэт гажсан зүйл мэт санагдах ч зарим талаар өмөөрөх шалтаг төрж буйг бас үгүйсгэх аргагүй. Шашины дайн зөвхөн буддизмыг л тойрсон гэж бид боддог ч, одоо тэдний эргэлт ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй мэт.
             Нутагт нь буй лалынхны 90 хувь нь үндсээрээ муу хүмүүс гэж боддог Вирату 2003 онд анти-лалын хөдөлгөөн толгойлсноосоо болж долоон жил шоронд суугаад гурван жилийн өмнө суллагджээ. Шоронд өнгөрүүлсэн жилүүд түүний доторх үзэн ядалтын тунг нэмж, үйл хэрэгт нь улам шийдэмгий болгосноос биш номхоруулж ер чадаагүй аж. Вирату шоронгоос гармагц орхимжоо өмсөөд, 969 нэртэй анти-лалын хөдөлгөөн эхлүүлсэн. Эхний есийн тоо нь Буддын шашины есөн гүн ухааныг, удаах нь дхамма буюу зургаан түүхэн чуулганыг, сүүлчийнх нь сангха буюу буддын хуврагуудын есөн ухааны бэлгэдэл. Индонез, Малайз, Пакистан, Афганистан гэсэн Азийн улсууд урьд буддын шашинт байгаад, хожим лалынханд эзлэгдсэн тул өөрийн улсаа тэдний адил болох вий гэж түгшсэн олон мянган хуварга 969 хөдөлгөөнд элсэх болжээ. Ядуу буурай Бирмд Ойрхи Дорнодын баян арабууд ирж, масчид буюу лалын сүм хийд барьж, үгээгүй хүмүүсийг идэх хоолоор цатган өөрийн болгож байгаагийн эсрэг тэд богино хугацаанд маш тууштай тэмцэж буй. Өнгөрсөн гуравдугаар сард тус хөдөлгөөнийхөн Рохингья буюу, лалын шашинтнууд олноор амьдардаг бүс нутаг руу довтлох үеэр дор хаяж 40 лалын шашинтан, хоёр буддист амь үрэгдсэн байна. Хэдийгээр Вирату үүнийг гуйвашгүйгээр өмгөөлөх боловч, энэ үеэр зүгээр л лалын шашинтан гэр бүлд төрснөөсөө болж амь үрэгдсэн 15 настай Абдул Разак хүүгийн ээж Рахамби үхэн үхтлээ тэднийг жигшин зэвүүцэж суугаа. Вирату бурхандаа мянгантаа сүсэглэж, түмэнтээ сөгдөвч тэр ээжийн дотор чөтгөрийн дүрээр өөрөөр буухгүй.  Гэвч сайн үйлийн төлөө цус урсахыг Вирату ч, 969 хөдөлгөөнийнхөн ч зөвд тооцож буй нь илт. Шриланкагийн Боду Бала Сена буюу Буддын чөлөөлөх арми нэртэй анти-лалын хөдөлгөөний удирдагчидтай Виратугийн 969 хөдөлгөөн нийлсэн нь тэдний үйл хэрэг нэг улсын хэмжээнээс бүрэн хальж, бүсийн маягтай болж буйн илрэл юм. Боду Бала Сена хөдөлгөөний удирдагч, буддын хуврага Галабода Адде Гнанасара Деро 969 хөдөлгөөнийнхөнтэй зөвшилдөж хүрч, үйл хэргээ нэгтгэх үеэр “Энэ бол Буддын Засгийн газар. Энэ бол Буддын эх газар” хэмээн сүр дуулиантайгаар зарласан гэдэг. Тус нэгдэл энэ оны эхээр Шриланкад байх лалын шашинт эзэнтэй хувцасны дэлгүүр, бойны газар болон хэд хэдэн христийн пасторын гэр рүү довтолж, эд зүйлийг нь эвдлэн сүйтгэсэн хэрэг гарсан. “Энэ бол сануулга” гэж Вирату хэлсэн.
            Гэвч энэ нутагт хэдий цөөнх ч гэлээ лалын шашинтнууд “буддын терористууд”-ын эсрэг ижилхэн зарчимаар үзэхээр шийдэж, зэвсэг нөөцөлж, тэсрэх бөмбөг оруулж ирэх болсон гэж Вирату ярьсан. Харин эх орноо, өөрийн шашинаа аврах хүсэлтэй тэрбээр галт зэвсэг, эсвэл тэсрэх бөмбөг хэрэглэхгүй гэж хэнд ч юм, бурханд ч юм уу, амласан учраас тэднийг дагахгүй гэсэн бодолтой. “Буддын Бин Ладен” хуврагуудаа өглөө нь бурханы сургаальд, үдийн хойно зэвсгийн эрдэмд шамдуулж буй нь үүнтэй холбоотой. Үүнийг би дотроо хорслын мантра гэж томъёолон бодов.

Oct 3, 2013

Зүг зүгийн салхин дор


            Эртээ урьдын цагт Австралийн буйд хөдөө өссөн, нэг газар нэг их удаж түвдэггүй хүү байж гэнэ. Хэзээ ч очиж байгаагүй хэрнээ цэлмэг хөх тэнгэрийн дорх цэлгэр уудам талаас өөр юу ч үгүй газрыг нүдээр үзэж, биеэр туулах хүсэл хаанаас нь ч  юм оргилоод ер амар суулгахгүй. Сүнс хэзээ ч бие лугаа бөхдөггүй, нэгээс нөгөөд орогнон үүрд оршдог гэж итгэдэг тэр хүү урьд Европыг дайлаар морьдож байсан монгол цэргийн сүнс дотор нь бий бөгөөд тэр сүнс эх нутгаа эргэх гэж хатгаж, ергөөд ер тогтдоггүй гэдэгт итгэдэг байжээ.
            Тэр сүнсний зарааллаар Монголд нэг удаа ирэхдээ морь унахыг сурж аваад, тэнд хоёр дахиа хүрэхдээ тун жигтэй төлөвлөгөө боловсруулан очиж гэнэ. Монголоос Унгар хүртэлх хол замыг машинаар бус мориор туулж, дорноос өрнийн зүг довтолгож нэг үзье гэж санасан нь энэ. Морины нуруун дээр гурван жил хагасыг өнгөрөөн, өрнөд хүрч очихдоо тэр хэдийнэ урьд үзээгүй, мэдээгүйнхээ хил хязгаарыг давж, орчлон ертөнцийн тухайн түм буман асуултын хариуг олсон гэдэг. Энэхүү аяллаар тэр өрнийг ч, дорныг ч өөртөө шинээр нээсэндээ, энэ зуур өөрийгөө ч бас олж таньсандаа ихэд бахдана. +54 хэм хүрч халдаг говиор дайрч, -52 болж гэсгээдэг өндөр уулсыг давж, байгалийн олон янзын ааш аяг, үзэсгэлэн төрхийг ажих зуур аяны майхандаа, морины нуруун дээр эсвэл түүдэг галын дэргэд суугаад тэмдэглэл хөтлөхөө тэр хэзээ ч мартаж байгаагүй. Энэ л тэмдэглэлүүд нь түүнийг дэлхий даяар алдартай аялагч болгож, явсан зам, үзсэн түүхийг нь хуваалцах гэж шимтэн хүлээдэг олон зуун хүнийг өөртөө татжээ. Хэрэн бадарчилж, хорвоо ертөнцийг гайхамшигийг нээх зуур аав нь машины ослоор өөд болж, найз бүсгүй нь өөр нэгнийг даган одсон ч тэр зогссонгүй. “Australian Geographic” сэтгүүл түүнийг “Adventurer of the Year” хэмээн өргөмжилсөн ч бас ханасангүй. Харин “Энэ бүх аялал хэзээ, хаана хүрч дуусахыг би мэдэхгүй. Гэхдээ миний мэдэж байгаа цорын ганц зүйл бол, зогсолтгүй яваад л байх” гэж хэлсэн юм. Үлгэрийн мэт олон сайхан газрыг өөрийн биеэр үзэж, туулсан тэр амар сайхандаа жаргаж, алжаан суухыг хэзээ ч боддоггүй шиг энэ бяцхан түүхийн эзэн Тим Копыг Монголд ирээд буцахад нь саатан хөөрөлдсөн ярилцлагаа танд толилуулахыг хүлээж түвдэлгүй дор сийрүүллээ, болгооно уу.
            
Жамъян-Очирын Тэгшжаргал Юу таныг нэг газар удаан байлгахыг тэвчихгүй, дотроос чинь хатгаад байна вэ?
             Тим Коп Хүнийг таних хүсэл. Хүнээр дамжуулан тухайн улсын соёл, түүхийг мэдэх нь миний аяллын хамгийн чухал нэг зорилго. Ямар ч мундаг түүхийн ном уншихаас илүү ихийг энэ зуур мэдэж авна. Ахиж хэзээ ч уулзахгүй байж мэдэх хэн нэгэнтэй, урьтаж ер болзоогүй газар таарч, танилцах үргэлж гэнэтийн бөгөөд сайхан дурсамж үлдээдэг. Үүргэвчээ үүрээд гэрээсээ гарахдаа би хэнтэй уулзаж, юу үзэхээ мэддэггүй. Гэхдээ ямар нэг гайхалтай учрал, сэтгэл татам зүйлийг үзнэ гэдэгтээ ямагт итгэлтэй байдаг. Аялахын сайхан нь энэ. Энэ зуур дэлхий ертөнцийн тухай маш олон зүйлийг мэдэж, амьдралыг харах өнцөг ч өөрчлөгдөнө.
            Ж.Т. Энэ бүхний эхлэл рүү очвол, хаанаас та аяллынхаа гараа эхэлж байв? 
            Т.К. Ахлах сургуулиа төгсөөд уг нь би хуулийн чиглэлээр суръя гэж шийдсэн юм. Би Австралийн хөдөө, фермийн дэргэд өссөн. Барагтай л бол хот газар явдаггүй, явсан ч удаан байж чаддагүй байсан. Тэгсэн нэг өдөр Англи явах боломж гараад, тэнд би гурван сар ажилласан. Хөдөө өссөн надад Англи орон харь гариг шиг л цочир сонин, санагдаж билээ. Гурван сарын дараа ажлаасаа гарч, цуглуулсан мөнгөөрөө унадаг дугуй худалдаж аваад Ирланд, Шотланд, Босни, Серби, Болгар гээд л явсан. Багадаа зохиолч болно гэж боддог, юм бичдэг хүүхэд байсан болохоор явсан газрын сонин, сайхан зүйлсийг уйгагүй бичнэ. Энэ миний анхны аялал байлаа.
            Тэгж байгаад Австрали руугаа буцаж, хуулийн чиглэлээр суралцаж эхэлсэн ч зургаан сарын дараа хаясан. Финланд руу явж, тэнд хөтчийн сургалтад суучихаад, Сибирээс Бээжин хүрэх аяллын багт нэгдэж, анх удаа Монголд ирж байлаа. Өөрийн нутаг болон Монголын хөдөөгийн амьдралын тухай ижил болон ондоо зүйлсийг хамгийн түрүүнд ажигласан. Австралид эндхийн адил өндөр уулс, ногоон байгаль байдаг ч ихэнх нь фермерүүдийн өмч болохоор хамаагүй явж болдоггүй. Харин Монголд хүсвэл хаашаа ч очиж болдог нь надад таалагдсан. Харин би хөдөө өссөн, хотын хэмнэлд дургүй болохоор Улаанбаатарыг тухлаж үзээгүй. Магадгүй би хотод өссөн бол хэзээ ч ингэж аялахгүй, бас Монголд ирэхгүй байсан байх.
            Ж.Т. Монголоос Унгар хүртэл мориор аялах санаа хэзээ таньд төрөв. Нүүдэлчдийн жимээр яваад өрнө хүрэхэд урьд харсан, үзсэн тань өөр санагдах юм уу?
            Т.К. Энэ аяллаар би хэд хэдэн юм ажиглаж, анзааръя гэж бодсон. Нэгдүгээрт нүүдэлчдийн аж амьдрал, оюун сэтгэхүйг мэдэхийн тулд эхлээд морийг ойлгох ёстой юм шиг санагдсан. Хоёрт, ихэнх хүн Европоос энд ирдэг бол, би эндээс Европ руу аялахыг сонгосон. Ийн явах зуур нүүдэлчдийн нүдээр өрнийг харна, тэр нь сонин содон байна гэж тооцож, түүндээ ч хүрсэн. Аяллынхаа турш Казахстан, Украйн, Унгарыг дайрч, тэнд нүүдэлчин соёлоос үлдсэн юм юу байна, байвал тэр нь хэрхэн өөрчлөгдөн, хувьссан болохыг бас анзаарсан.
            Ж.Т. Гурван жил хагас морины нуруун дээр явахдаа Монголын тухай юу олж, мэдсэн бэ. Бидний ахуй амьдрал, оюун сэтгэхүйг таних зорилгодоо хүрч чадсан гэж бодож байна уу?
            Т.К. Хэрэндээ л маш олон зүйлийг ойлгосон. Ялангуяа морийг. Олон зууны турш хүн байдгаа гээж, байгаагүйгээ нээж төсөөлөшгүй ихээр өөрчлөгдсөн байхад морь ер хувьсаагүй өдийг хүрсэн байна шүү дээ. Морь үргэлж ус, өвс хайж байдагтай адил морь унасан хүн ч гэсэн аяндаа үүнийг харж, хайдаг болно. Тэгмэгц би өөрийн эрхгүй хорвоо ертөнцийг морь нүдээр харж эхэлсэн. Морь надад хорвоо ертөнцийн талаар маш өөр ойлголт төрүүлснээс гадна надаас холдсон зүйл буюу байгальтай хэрхэн уялдан амьдрахыг заасан юм. Харин нүүдэлчин хүмүүс аль эртнээс үүнийг таньж, ухаарсан учраас өнөөдрийг хүртэл морио түшин, байгалиа дээдлэн зохицож байгаа байх. Нэг монгол малчин надад “Морины ааш, аягийг тэвчиж сурвал хүнтэй ойлголцож сурна” гэж хэлж байсан. Үүний адил би мориор дамжуулан энэ бүхнийг олж мэдсэн юм аа.
            Ж.Т. Та аяллынхаа турш хоёр ч удаа морио алдаж байсан гэсэн. Эзгүй хээр явгарч үлдэхэд юу бодогдож байсан бэ?
            Т.К. Монгол элс гэдэг газрын ойролцоо, Хар хорин руу мориор гурван өдөр яваад хүрэх газар нэг орой бид үдэлсэн юм. Тэгэхэд би найз бүсгүйтэйгээ хамт аялаж байсан. Говийн үдэш, эргэн тойрон нам гүм, дээр түмэн одод түгээд би диваажинд байна уу даа гэсэн шүү юм бодоод унтахаар хэвтсэн. Надад морь худалдсан хүн “Чи болгоомжтой байх хэрэгтэй шүү. Эзгүй хээр явгарч үлдэх шиг муу юм байхгүй” гэж хэлсэн ч нэг их тоогоогүй. Гэтэл шөнийн хоёр цагийн үед яалт ч үгүй хүмүүсийн яриа, морины чимээ холдох шиг сонсогдоод гарч хартал нэг морь алга. Би тэгэхэд гурван морьтой явсан юм. Чөдөр, ногт гээд юу ч үлдээлгүй цөмийг нь тоночихсон. Би ч сандраад Э.Цэрэн рүү ярьтал “Монголд чи өглөө болохоос өмнө асуудлаа шийдэхгүй бол өдөр ямар ч нэмэргүй болно шүү” гэж хэлсэн.
            Маргааш нь хэсэг адуу тууж явсан нутгийн малчинтай таарахад тэдгээрийн дунд миний морь байхыг шууд хараад л таньсан. Тэр хүн надад морио сайн чөдөрлөхгүй яасан юм гэж хэлээд, надаас юу ч авалгүй буцаагаад өгсөн. Хэн авсныг нь мэдэж чадаагүй ч морио эргүүлэн авсан нь үнэхээр азтай хэрэг. Дараа нь ахиад морио алдсан ч буцааж олж чадаагүй.
            Ж.Т. Та хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж асан улсууд, бас Монгол мэтийн нүүдэлчин ахуйтай, эсвэл урьд ийм байсан, хөгжил буурай орнуудаар ихэвчлэн аялжээ. Юу нь таныг татдаг юм. Мөн өнөөгийн бидний хөгжил хэмээн нэрлэж, хот газруудыг тоосгоор бүтээж байгаа үйл явцыг та юу гэж хардаг вэ?
            Т.К. Ахиад л морь ярих хэрэг гарах нь. Морь унаж яваа хүн моринд нь тохиромжтой газрыг эрж байдаг. Морины хувьд диваажин бол Монгол. Хаашаа ч дураар давхих өргөн уудам, өвс, ус элбэг газар болохоор тэр. Харин морь хэзээ ч хот газарт дасахгүй. Замын хөдөлгөөн, агаарын бохирдол, дуу чимээ, яарсан хэмнэл зэрэг нь моринд яав ч тохирохгүй. Түүний хувьд энэ бол диваажин биш там. Миний хувьд ч ялгаагүй. Нэг орос хүн надад “Хамгийн аюултай амьтан бол хоёр хөлтэй чоно” гэж хэлж байсан. Хотод ийм чононууд олон байдаг.
            Украйнд явж байхад нэг фермер намайг гэртээ урьсан. Тэдний мориний зүчээтэй. Тэгтэл аяллын турш тал хээрээр давхисан миний морьд тийшээ орохгүй байсан. Аргагүй шүү дээ, энэ бол тэдний хувьд шорон. Үзэгдэх орчин, эрх чөлөө энд байхгүйн дээр өдөрт гурван удаа ус, өвс дөхүүлнэ. Тэр мөчид хот гэдэг өчнөөн олон шоронгууд нийлсэн газар юм даа гэж бодсон. Гэтэл үүнийг бид хөгжил гэж нэрлээд байдаг нь сонин.
            Ж.Т. Та өөрийгөө нэг газар удаан байх дургүй хүн гэж хэлж байсан. Нэг газар хэр удахаараа та уйдаж эхэлдэг вэ?
            Т.К. Хаашаа ч явсан би хоног, хугацаа төлөвлөх дургүй. Үзэх гэснээ үзэж, хүмүүстэй нь уулзаж, ойлголцох хүртлээ л байдаг. Гэвч надаас шалтгаалахгүй саад өчнөөн бий. Жишээ нь, Казахстанд явж байхад морь маань гэмтээд тэнд би гурван сар байх хэрэгтэй болсон. Мөн ус, өвсгүй газраар явбал үүнийг олох хүртлээ зогсохгүй яваад байхаас өөр аргагүй.
            Ж.Т. Байгалийн ямар үзэгдэл таны сэтгэлийг илүүтэй хөдөлгөдөг вэ?
            Т.К. Би өвөлд дуртай. Тэр дундаа Монгол болон Казахстаных шиг догшин өвөлд. Тэсгэлгүй хүйтэрч, цасаар шуурч айлгадаг мөртлөө хүнийг хүчтэй байлгаж, сэргээж байдагт нь дуртай.
             Ж.Т. Монголчууд уул бүхэн савдагтай, юм бүхэн сүнстэй байдаг гэж итгэдэг. Та хөдөө, хээр явж байх зуураа сонин, жигтэй зүйлтэй хэр олон таарч байв?
            Т.К. Байгалийн араншин л надад жигтэй санагддаг. Өчигдөрхөн цэлмэг тэнгэр, гайхалтай өнгөө харуулж байснаа маргааш шуурга тавьж, хатуурхана. Байгаль амьд бөгөөд хүн шиг олон ааш, аягтай байдаг нь энэ байх. Ингээд харахад нэг бөөрөнхий дэлхий мөртлөө зарим хэсэг нь цул элс, нөгөө нь нэлэнхүй ус, бас хад асгатай хахир уул, цэцэг навчтай нуга ч таарна. Яг л янз бүрийн хүн шиг. Олон газар очиж, олон хүнтэй уулзаж байхад нүүдэлчин хүмүүсээс би их зүйл ажигласан. Хүсвэл тэд хүйтэн хөндий байж чадна. Тэгснээ сайн таниад ирэхээр зочломтгой, найрсаг болно. Нэг төв биш хоёр туйл л эсрэгцэж байдаг гэж би бодсон. Яг л нүүдэлчдийн хувьд чоно эрхэмлэх шүтээн бөгөөд заналт дайсан нь болдог шиг.
            Сонин гэвэл Казахстанд байхдаа би зургаан сарын турш нэг л зүүд зүүдэлдэг байсан. Шөнийн хоёр цагийн үед буурал толгойтой тэр хөгшин эр миний морийг авах гэж байна гэж. Тэгсэн хэрнээ зүүдэндээ түүнийг харахаар учиргүй тайван байдаг. Харин сэрэхэд хамаг бие чичирчихсэн, заримдаа гараа учиргүй атгачихсан байна. Нутгийн хүнд хэлэхэд чи булшны хажууд унтжээ гэсэн. Казахстанчууд хөдөө хээр явахдаа булшны хажууд унтвал сайн гэж үздэг бөгөөд унтаж байх зуур чинь сүнс нь чамайг манадаг гэж итгэдэг юм билээ.
            Ж.Т. Олон газраад аялаад ирэхээр хүнд хувийн хориг цээрүүд байхгүй болдог байх. Одоо та булшны хажууд торохгүй унтаж зүрхэлдэг болсноос эхлээд урьд цагаан хоолтон байснаа болих хүртэл.
            Т.К. Цагаан хоолтон байгаад болих эхэн үедээ хэцүү байсаан. Өглөө зоогийн ширээн дээр морины юм уу, тэмээний толгой байхыг харах. Эсвэл хонины гэдэс дотор, ямааны чих, нүд ч юм уу. Гэвч хэрэв олон хоног өндөр уул дамнан яваад, нутгийн айлтай таарч, чанасан мах харвал цагаан хоолтон байсан ч учиргүй баярлана. Гайхаж цочирдсон олон үйл явдалтай таарч байлаа. Баруунд морьтой айл байдаг ч түүнийгээ алж идэж зүрхлэхгүй. Тэгсэн Казахстанд явж байгаад өөрийн нүдээр морь нядалж, махыг нь чанаж байхыг хараад тухайн үед ой гутсан. “Энэ морь сайн нөхөр чинь болж, олон хол замыг хамт туулсан байхад түүнийг алж иднэ гэдэг ямар ичмээр хэрэг вэ” гэж бодож байлаа. Хожим энэ бол зүй тогтол болохыг ойлгосон. Морь үхэхдээ хүртэл эзэндээ хоол болж, тусалж байна шүү дээ.
Миний өнөө хэр хариуг нь олоогүй асуулт бол морь зөвхөн ус ууж, өвс иддэг байтал яагаад ийм хүчтэй, хурдтай, тэнхээтэй байдаг вэ гэж. Хэрэв хариуг нь олвол би буцаад цагаан хоолтон болж ч магадгүй (инээв).
Ж.Т. Та онгоцоор, машинаар, дугуйгаар, явган, тэр ч бүү хэл морь, тэмээгээр хүртэл аялж байсан. Одоо таньд сансарын хөлгөөр сар руу аялах л үлдсэн мэт санагдаж байна. Энэ тухай хэзээ нэгэн цагт бодож байв уу?
Т.К. Би яг л эрт үеийн хүмүүс шиг мориор, тэмээгээр эсвэл явган аялах дуртай. Тэрнээс биш техник голлосон аяллыг хүсдэггүй. Жишээ нь, би Монголоос Унгар руу онгоцоор долоон цаг нисээд л хүрчихнэ. Гэвч энэ зуур би юу үзэж харах вэ? Долоо хоног машинаар яваад л хүрчихнэ. Бас л хангалтгүй. Харин мориор явбал аяллын турш байгалийн гайхамшгийн эд эс бүхнийг харж, үзэж, үнэрлэж, мэдэрч чадна. Энэ л намайг татдаг.
Ж.Т. Буддын шашинд аливаа зүйл нэгээс нөгөө төрөл дамждаг гэдэг. Энэ ч бас нэг төрлийн аялал мэт. Та үхлийн дараах амьдрал, сүнсний аяллын талаар юу гэж боддог вэ?
Т.К. Сүнс аль тэртээгээс биеэс бие дамжиж байдаг болохоос биш хүн шиг шинээр мэндэлдэггүй гэж би боддог. Юм бүхэн өөрийн гэсэн сүнстэй шүү дээ.
Ж.Т. Эрт үеийн аялагчид шинэ улс, эх газруудыг нээж дэлхийн түүхэнд үнэлэшгүй их гавъяа байгуулсан байдаг. Харин өнөө цагийн аялагчид бидний оршин буй нийгэмд юу өгч, ямар гавъяа байгуулдаг юм бэ?
Т.К. Хүмүүс байгалийг атгандаа оруулж, хоорондоо маш их ойртсон. Хүсвэл эндээс хэдхэн цагийн дараа би Европт оччихож чадна. Гэвч дэлхий асар уудмын адилаар бидний таньж мэдээгүй зүйлс өчнөөн бий. Хүмүүсийг, соёлыг таньж мэдэх хүсэл хэзээ ч зогсохгүй. Өнөө цагийн аялагчид хоорондоо туршлага, мэдээлэл солилцож хүмүүсийг аяллын сайханд уриалан дуудаж байна. Энэ нэг том хувь нэмэр мөн болов уу.
Ж.Т. Аяллынхаа турш та олон сайхан газар очиж байсан нь мэдээж. Энд л нэг тухлаад, ахиж хаашаа ч явахаа болье гэж хэзээ нэгэн цагт бодож байв уу?
Т.К. Алтайн нуруунд анх очоод бүх амьдралынхаа турш биш ч нэг жил ч болтугай байх юмсан гэж мөрөөдсөн. Гэвч бодит байдал дээр бол энэ бүтэшгүй хэрэг. Учир нь тэнд тэсгим хүйтэн ноёлох бөгөөд миний очиж үзэх ёстой олон сайхан газар, дуусгаагүй аяллууд минь намайг үргэлж яаруулж байдаг.