Dec 27, 2013

Хамтралын жавхаа




           
Зуун мянга гаруй хүн нэгэн дор үзүүлбэр үзүүлэх дэг энэ дэлхийн ганцхан оронд бий. Тэр нь Хойд Солонгос. Эгээ ийм олон хүнийг багтаан, шингээх боломжит цорын ганц цэнгэлдэх хүрээлэн болох Пхеньяны May Day-д ягаан леотардтай бяцхан хүүхдүүд сэтгэл нь ихэд  хөдөлсөн байртай биесээ нудран, шаагин зогсоно. Уг үйл явдлыг сурвалжлахаар ирсэн гэрэл зурагчдыг дөрвөн цэрэг харгалзан, хараа үл салган тандах бөгөөд цэргийн хувцастай залуу охид машины зогсоол, үүдний хаалгаар эгнэв. Нийтийн наадгай (нийтийн гимнастик ч гэдэг) эхэлмэгц хурсан олон хүчээр ч юм уу, эсвэл үнэхээр сэтгэл хөдөлсөндөө чангаар орилох нь хэний ч анхраалыг татахаар. Мөн л дэлхийн хамгийн олон хүний багтаамжтай тус цэнгэлдэхэд зэхсэн 10000 хүний суудлыг 90 минутын турш үргэлжлэх бүжиг, гимнастикийн үзүүлбэрийг сонирхохоор ирсэн эгэл ажилчид дүүргэжээ.
            Барууны зочдод бол “Cirque du Soleil”-ийн тоглолт шиг содон санагдахаар уг арга хэмжээний оргил хэсэг болох хүний хүчин чадлаас давсан хүнд гүйцэтгэлтэй акробатын үзүүлбэрийг эндхийн хаанаас ч харахгүй харахгүй гял цял хувцастангууд гүйцэтгэнэ. “Cirque du Soleil”-оос ялгаатай нь тэдний дийлэнх нь хүүхдүүд. Хэрэв нүдээр үзээгүй танд энэ зураглал буухгүй бол 2008 оны Бээжингийн олимпийн нээлт дэх олны үзүүлбэрийг санах хэрэгтэйн дээр үүнийг бодвол хэд дахин олон хүн бий л гээд саначих. Үүн дээр бас улс төрийн болон уран сайхны хэтийдэл нэмчихэд л жор нь ер нь таарна. Гэвч эгэл хойд солонгос хүнд бол энэ урлаг уран сайхантай танилцах хамгийн том арга хэмжээ. Хөгжим, бүжиг, теартрын урлаг цогцолсон нүсэр арга хэмжээ тэндээ бол соён гэгээрлийн хамгийн чухаг наадам юм. Японы дарлалд байсан он жилүүд болон Америкчуудын боёкотт, Өмнөд Солонгосын урвалтыг голлон харуулдгаараа түүхийг таниулан сурталчлах ач холбогдолтой гэж болох ч, тэртээ тэргүй тэд энэ мэт түүхийг алхам тутамдаа харж, сонсдог болохоор улиг байж болох талтай. Тухайлбал, бүжигчид мөнгөлөг модыг дүрсэлсэн саарал даавууг дээш өргөн дэрвэлзүүлж, цасан шуурга сөрж яваа зураглал харуулах бөгөөд гэнэт хаанаас ч юм одод гялалцаж, тэнгэр онгойн Хойд Солонгосын өнө мөнхийн удирдагч Ким Ир Сен мэндэлж байгааг харуулна. Гялалзагч оддын дунд тэнгэрээс цойлон бууж ирэх Ким Ир Сенийг эх дэлхийн нар шиг дүрсэлсэн нь даанч сүрдмээр.
 Социализмын гол лоозон, үнэ цэнэ болох хамтын хөдөлмөр, дуулгавартай байдлын дээд зэргийн илрэл болсон сүрт ёслолыг дэглэх гэж доод тал нь нэг сая хүн-цаг бэлтгэл сургууль хийдэг байна. 1987 онд Ким Чен Ирийн баталсанчлан “бие бялдрын хөгжил сайтай, социализмын үрийг ханатал эдэлсэн байрын баяр хөөртэй царай төрх бүхий дунд сургуулийн сурагчид энд оролцох ёстой” аж. 2002 оноос уг үзүүлбэрийг ардын домог болох “Ариранг”-д тулгуурлан дэглэх болсон бөгөөд энэ нь Хойд Солонгостоо л “Ромео Жулиетта хоёр”-той дүйцэхүйц алдартай. Товчхондоо хоёр Солонгосын дайны үед хагацсан хосуудын хайр сэтгэлийг харуулдаг аж. “Уг нь Нийтийн наадгай Солонгосыг нэгтгэх бидний  зуун дамжсан хүслэнг дүрсэлдэг боловч гол агуулга, цаад санаа нь Хойд Солонгосын тусгаар байдлыг гаргадаг. Энэ нь жаахан гунигтай” гэж хөтөч хийсэн залуу маань аминчлан ярьсан билээ.
            Үзүүлбэрийн зохиол гэж 150 хуудастай ном байдаг аж. Үүнийг дунд сургууль бүрт хэсэгчлэн тараадаг бөгөөд агуу удирдагчаа магтан дуулах, социализмын сайхныг бадруулан гаргахын хооронд ширүүн өрсөлдөөн болдог нь харваас илт. Үзүүлбэрээс үзүүлбэрт, сурагчид солигдох бүрт дуу нь улам чангарч, хөдөлгөөн нь эрчимжиж буй нь үүнийг бэлхнээ нотолно. Үзүүлбэрийн дэвсгэр хөгжим “Бөгжний эзэн”-ий аятай төстэй санагддаг нь хагас зууны түүхтэй Нийтийн наадамд шинэчлэл явагддаг юм байна гэсэн бодол төрүүлж билээ. Дэглэм нь тийм болоод ч тэрүү, олон мянган оролцогч нэг хүн мэт зэрэг хөдлөхөд үзэгчид туйлын ихээр хөхин баясана. Энэ үед үзүүлбэр ч, олны хандлага ч эрхэм удирдагчийн дотоодод цэнгэл эдлүүлж буй нь мэдээжийн хэрэг байх. Эв нэгдэл гэдгийн цаана ийм далд утга нууж чадсанд нь түүнийг бахадмаар ч юм шиг. Цэргүүдийн нэгдмэл алхаа төрийн сүр хүчийг илтгэдэг бол тун нь ихэдсэн ч гэмээр аймшигт хэсгүүд нь өнгөндөө айлгах зорилготой ч, цаанаа бол одоо буйд сэтгэл ханамжтай байлгах, энэ дэглэмийг халбал зовлонгийн далайд унана гэсэн мессеж өгдөг бололтой. Иргэд нь ч үүнд туйлбартайгаар итгэдэг байх.  
            Үзүүлбэрийн төгсгөл бол ярих юмгүй. Оролцогчдын хөдөлгөөний эрчим, жавхаалаг төрх, хөгжмийн нүргээн сэлтээс авахуулаад эцэст нь сүрт салют тэнгэрт буудах нь хүртэл надад тоталитар дэглэмийн зохиомол жүжиг үзэж буйг мартуулаад, ёстой л Олимпийн нээлт, эсвэл “Cirque du Soleil”-ийн тоглолт үзэж буйн адил бадрангуй санагдсан. Мөн үзүүлбэрийн үеэр үзэгчид заримдаа оролцогч болсон байх агаад агуу удирдагчдын зургийг эвлүүлэн харуулах нь энэ хэрэв утга санаа нь өөрсөн бол үнэхээр сайтар бэлтгэлтэй, шуугиант арга хэмжээ байх байж дээ гэж бодол төрүүлж билээ. Үзэгчдийн өргөсөн мөнөөх самбараар нийлсэн дүрсүүд нь Ким Ир Сен, Ким Чен Ир, Ким Жөн Уны баяр, баясгалант зураг байснаа дараа нь хөл бөмбөг өшиглөж буй хүү, ажилчин ангийн сэдэвтэй болж энгийншнэ.
            “Энэ бүхэнд хүүхдүүдийг ашигладаг нь (тав, зургаан настай нялхас ч олон харагдсан) цаанаа учиртай. Тэд үзүүлбэрээр дамжуулан залуу үеийнхээ оюун санааг бүтээж байна” хэмээн “Koryo tours” компанийг үндэслэгч, аяллын маань хамтрагч Ник Боннер хэлж байлаа. Тэрбээр 2003 оны Нийтийн наадгайд оролцсон хоёр охины найман сарын бэлтгэлийг харуулсан баримтат кино хийж байсан бөгөөд 11, 13 настай тэдгээр охид цэнгэлдэхэд 0 хэмтэй байгааг ч үл анзааран бэлтгэл, сургуулилтаа хийж буй нь энд гардаг юм. Хойд Солонгосын удирдагчдад ихэд таалагдсан энэ кино Пхеньяны олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртсэн байдаг юм. Охидын нэг нь бүхнийг умартан бэлтгэл хийж буй зорилгоо дэлхийн хамгийн олон хүний суудалтай цэнгэлдэхийг дүүргэх үзэгчдэд биш үндэсний эцэг Ким Чен Ир ирж үзэхэд алдаа мадаг гаргаж болохгүй хэмээн тайлбарлаж байсан.
            Үзүүлбэрийн төгсгөлд сүрт салют тэнгэрт цацарсны дараа Хятад, Оростой найрсаг харилцаатайн бэлгэдлийг илтгэн далбаа сэлтийг нь өргөн, баавгайн бүжиг хийсэн зэрэг нь энэ жил шинээр нэмэгдсэн дэглэлт аж. Харин үүний дараа даян дэлхийн энхтайваны бэлгэдэл болгож цэнхэр бөмбөрцөг дүрсэлсэн бөгөөд үүнд зөвхөн Хойд Солонгосын газар нутгийн тод улаанаар шигтгэсэн нь содон харагдана. Оролцогчид цэнгэлдэхийг тойрохдоо Кимжонгилиас (Ким Чен Ирийн нэрэмжит тод улаан өнгөт цэцэг) цэцэг атган, гараа даллан мишээнэ. Хэн хэн нь үүргээ сайн гүйцэтгэж, дүрээ чадмаг гаргасан болохоор энэ зэргийн хүндэтгэл байлгүйл яах вэ.

Dec 23, 2013

When porn was chic


            Порно бизнест Dow Jones-ээс дутахгүй их мөнгө эргэлддэг. Жилд 800 сая хувь бүтээгдэхүүн худалдаж, 57 тэрбум доллар олдог гэхээр үүнээс өөрөөр жиших аргагүй. Мэдээж 800 залуу жилд сая ширхэг порно худалдаж авдаггүй гэж найдаж байна. Тэгэхээр үзэгчид ч бас энэ зах зээлийн тоглогчдыг гомдоолгүй, цаг үргэлж услан тэтгэж байдаг бололтой. Хэн ч үүнийг урлагт тооцдоггүйн дээр барагтай л бол кино урлагийн нэг хэсэг гэж үзэхээс зугатаж, “Насанд хүрэгчдэд зориулав” гэсэн үгээр халхална. Бие даасан вант улсын адил хувь статусаар шоу бизнестэй өнөөдрийг хүртэл зэргэцэн оршиж буй порно ертөнцийн тухай хэн ч дэвэргэн ярьдаггүй мөртлөө хэн ч үзэхээс буцдаггүй. Порно бол порно л гэж ойлгоно. Харин хэрэв та 1970-аад оны үед Америкт амьдарч байсан бол тун саяхан нээлтээ хийж, шуугиан тарьж буй порно киноны шүүмжийг Chicago Sun-Times, Los Angeles Times өдөрт тутмын сонин, Time, Newsweek зэрэг нөлөө бүхий сэтгүүлийн хуудсаас уншиж болох байв. Тэр үед порно ертөнц Холливудтай өрсөлдөхүйц дуулиантай, нэр хүндтэй байсан бөгөөд жүжигчид нь улаан хивснээ нүүр бардам алхаж, телевизээр ярилцлага өгч, Канн, Венецийн кино наадамд хүртэл оролцдог байж. “Тэр үе” гээд байгаа нь түүхэнд порно киноны алтан үе хэмээн үлдсэн (зарим нь порно чик гэнэ), 1970-аас 1980 он хүртэлх арван жилийг хэлж буй хэрэг. Хэрэв энэ тухай ярихаар хэрэг шулуудсан бол кино зохиолч, найруулагч Жерард Дамианог, түүний 1973 оны алдарт бүтээл, бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон порно кино Deep Throat-ийг, гол дүр бүтээсэн Линда Лавлейсийн дурдахаас аргагүй. Порно урлаг болоход, энэ чик байхад хамгийн их нөлөө тусгал үзүүлсэн нь дээр нэр дурдсан гурав болой.
Хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс нь хойш даруй арван жил өнгөрсөн ч Линдагийн нэр алдрыг гүйцэж түрүүлэх порно жүжигчин өнөөдрийг хүртэл төрөөгүй л байна. Тэр хатан хаан байсан. Тэр далаад оны эрчүүдийн өдрийн бодол, шөнийн зүүд байсан. Тэр өөрийн нь хэлснээр үе үеийн залуусын гар хангалгын гарын авлага болж байсан. Гэхдээ Линда Лавлейс порно бизнест ердөө 16 өдрийг өнгөрүүлсэн юм.
           
Нью-Йоркийн Бронксийн жижиг тосгонд төрсөн, цагдаагийн офицер Жон Бормений ганц охин шаргал үст, хонгорхон Линда порно кино үзэх нь байтугай, сексийн талаар сурах бичиг дээрх зурагт хуудсаас өөрийг мэдэхгүй 16 насандаа сүсгээ даган Гэгээн Жон Баптистийн нэрэмжит Гэлэнмаа нарын сүмд элжээ. Найзууд нь түүнийг “ариун хатагтай” хэмээн хочилдог байсан бөгөөд үг дуу цөөтэй тэрбээр хаа явсан газраа библи сугавчилж, юуг ч үл тоон зөвхөн түүнийгээ шагайн өдрийг бардаг байсан гэдэг. Тэгсээр удалгүй эцэг нь тэтгэвэрт гарч тэднийх гэр бүлээрээ Флорида рүү нүүлээ. Линдагийн ээж хатуу, хахир хүн байсан бөгөөд ганц охиноо үргэлж цагдаж, 22.00 цагаас хойш гэртээ орж ирэхийг нь нүгэлд тооцно. Гэвч хамбатан ч сексийн хүслээ тэвчиж чаддаггүйг өөрийн нүдээр харж байсан Линда 19 нас хүрмэгц охин настайгаа салах ёс хийсэн бөгөөд азаар энэ явдал 22.00 цагаас өмнө дуусжээ. Гэлэнмаа нарын сүмийг охин настайгаа хамт орхисон Линда Лавлейс Нью-Йорк руу буцаж, компьютерийн сургуульд элсэн, үзэж туулах ёстой шоу, үдэшлэгийг гүйцээж явсаар Чак Трэйнортой танилцсан нь түүний амьдралд нэг сайн, нэлэнхүйдээ муу үр дагавар хамт авчирсан юм. Энэ учрал порно киноны алтан үетэй давхцан тохиосон бөгөөд Трэйнор түүнд амжилт муутайхан порно жүжигчин, найруулагч гэдгээ хэлээгүй ч Линдаг анх харахдаа л нүдэнд нь дурлалын бас бизнесийн оч гэрэлтсэн гэдгээ хожим хүлээн зөвшөөрсөн байдаг.
Порно киноны зах зээл тэгэхэд улайн цайм ил гарахгүй ч бас далд оролгүй өөрийн гольдролоор энгийн даруу хөвөрч байлаа. Харин 1960-аад оны сүүлээс феминизмийн хоёр дахь давалгаа өрнөж, сүсэгтнүүд, соёлын феминистүүд порно зах зээлийг тэмцлийнхээ бай болгон хэвлэлээр сүрдүүлж, гудамжинд жагсаж эхлэсэн. Энэ тэмцэл үнэхээр хүчтэй нөлөө үзүүлсэн, харамсалтай нь эерэг утгаараа. Нууц далд байсныг илчилж, олны хүртээл болгоход тэдний байгаа оноогүй тэмцэл ихээхэн тус дэм болсон юм. Үүнтэй зэргэцэн Билл Оскогийн Mona The Virgin Nymph, Вэйкфиьелд Пулын Boys in the sand (гей), Митчеллийн ах дүүсийн Behind the Green Door зэрэг хийцийн хувьд мэргэжлийн өндөр түвшний гэж үнэлэгдсэн порно шил даран нээлтээ хийн шуугиан тарьснаар насанд хүрэгчдийн кино ертөнцийн тогтсон хэв маяг ч задарч илүү нээлттэй, илүү урлаглаг болж эхэлсэн. Энд нэр дурдсан кинонуудын секс зураглалыг эс тооцвол Холливудын бүтээлээс дутах юм үгүйн дээр мэргэжлийн баг ажилладаг болж, хөтлөх үйл явдал бүр өөрийн гэсэн саундтрактай болтлоо дэвшснийг ч бас онцгой үйл явдал хэмээдэг. Видео хуурцаг гараагүй байсан учраас порнограф жижиг кино театруудаар дамжиж олонд хүрнэ. Тэдгээрийн суудлын тоо ч жирийтэл дүүрэх болж, үнэхээр энэ зах зээл гэнэтийн өөрчлөлтөд алхам алхмаар бэлтгэгдэж байлаа. 50 мянган долларын бага төсвөөр бүтсэн Мишелийн ах дүүгийн бүтээл Behind the Green Door хоёр долоо хоногийн дотор ашгаа нөхөж, нийтдээ 50 сая долларын орлого олж байсан гэдгээр тэр үеийн багцааг мэдэж болно. Мэдээж энэ баярт үйл явц порно зах зээлтэй холбоотой хүн бүрийг, тэр дундаа Чак Трейнорын дотрыг ч гижигдэж эхэлсэн.  
Линда Лавлейст хамаг сайхан үзүүлж, эцэг эхтэй нь анхны орон зоог барихдаа тун ёсорхог, бас шогч гэдгээ харуулснаар ядах юмгүй хайрт бүсгүйгээ өөрийн болгосон Чак Трейнор тэсгэл алдан Линдад хамаг үнэнээ найрсагаар илчилж, түүнийг порно бизнест хөл тавиач хэмээн шуудхан ятгаж эхлэв. “Энэ бол чи бид хоёрын орой бүр эдэлдэг л цэнгэл. Дэлгэцээр гарна гэдгээрээ л ялгаатай болохоос биш” гэнэ. Хачирхалтай  Линда Чакийг зовоолгүй, тэгсгээд зөвшөөрчихөв. Гэнэтийн хариу үйлдэлд нь цочирдох ч сөхөөгүй Чак эрдэнэсээ дагуулан порно киноны нэртэй продюссер, найруулагчидтай уулзаж эхэллээ. Үнэндээ өөлөх юм нэг ч үгүйн адил Линдад бусдаас ялгарах гойд зүйл бас туршлага байхгүй учраас Чакийн эрдэнэсийн цаад үнийг цэнийг хэн ч анзаарсангүй. Найруулагч Жерард Дамианотой уулзаад бас л бүтэлгүйтэж арга ядахдаа Чак Трейнор түүнд хувийн бичлэгээ үзүүлсэн байдаг. Ямар ч жүжиглэлт байхгүй цэвэр бас чадварлаг байдал нь Жерардын анхааралд өртөн, мань эрийн шинэ киноны гол дүрд чухам тохирч мэдэхээр байсанд дөрөөлөн, тэр эрсдэл гаргахаар шийдлээ. Харри Риймс, Карол Коннорс нарын шидээврийг хэдийнэ олоод байсан Жерард Дамиано шуудхан л зураг авалтаа эхлүүлснээр бүх цаг үеийн хамгийн алдартай порно кино Deep Throat хийгдэж эхлэв. Эхний сцениэс л Линдагийн ур чадвар тодрон гарч, кино багийн хүн бүрийг алмайруулсан бөгөөд Жерард Чак Трейнорт болон түүний үнэт эрдэнэст нь хязгааргүй талархаж байлаа.
Алдарт найруулагч Жерард Дамианогийн шинэхэн бүтээл Deep Throat-ийн нээлтэд оролцохоор Нью-Йоркийн Шинэ ертөнц кино театрт хүрэлцэн ирсэн зочид Линдагийн ямар бэлэг бэлдсэнийг тааварлаа ч үгүй бөгөөд, кино дууссаны дараа тайзнаа гарч ёслоход нь удтал алга нижигнүүлэн ташсаны чимээ нь Америкийн Кино академийн дээд шагнал Оскар гардсан жүжигчинд хүндэтгэл үзүүлж буйгаас дутах юмгүй байв. Энэ кино 22500 долларын төсвөөр бүтсэн атал нээлтээ хийснээс хойш долоон долоо хоног болоход хэдийнэ сая долларын орлого олж амжжээ. 1 Deep Throat тухайн үед Variety сэтгүүлээс гаргадаг байсан ашиг орлогоороо тэргүүлсэн киноны жагсаалтад зургаан сар дараалан эхний аравт багтан, нийтдээ 600 сая долларын цэвэр ашиг олсон гэдэг. “Оддын дайн”-аас ч их ашиг олсон гээд үзвэл тэр үеийн дуулиан, шуугианы талаар та ойр төсөөлөл авч мэдэх юм.
Киноны тухай эерэг шүүмж нөлөө бүхий хэвлэлүүдээр гарсны дотор Chicago Sun-Times-ийн Рожер Эберт хүртэл үзгээ элээж, магтаалын өгүүлбэр хэлхсэн байдаг. Учир нь Deep throat-ийн амжилтаас хойш порног кино урлагийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх болж, порно өөрөө чик хэмээх тодорхойлогдож эхэлсэн юм. Үүнийг дагаж хийгдсэн Sensations (1973), Devil in Miss Jones (1973), Alice in Wonderland X-Rated musical Fantasy (1976) ч шүүмжлэгчдийн болон үзэгчдийн урмыг хугалаагүй. Порно киноны гэнэтийн энэ тэсрэлт Холливудыг ч хөдөлгөөнд оруулж, найруулагчид кинондоо эротик зураглал, нүцгэлэх хэсгүүдээр чимж, цаг үетэйгээ хөл нийлүүлж байсан юм. Тэд Deep Throat тэргүүтэй порно болон, үүнээс арай өмнөхөн гарсан Бергманы Silence, Вильгот Шёманы I Am Curious Yellow-оос бүтээлчээр суралцах болов. Бас энэ зуур, сүүдрийг нь дагаж гей порно ч чамгүй цэцэглэсний дундаас Жо Гэйжийн ажилчин эрийн трилоги хамгийн алдартай нь байсан. Киноны нэрт шүүмжлэгч асан Рожер Эберт Kansas City Trucking Co. (1976), El Paso Wrecking Corp. (1978), L.A. Tool & Die (1979)-ийг тун чамбай хийцтэй хэмээн үнэлж, хэрэв үзэгчид эндээс гей болон порно гэсэн хоёр утгыг алгасан үзвэл дэлгэцийн шидээврийн тоонд орчих тун магадтай гэж байв. “Би амьдралдаа гуравхан гей порно үзсэн. Гэхдээ ажилчин эрийн трилоги бол бүх цаг үеийн хамгийн шилдэг гей порно гэдгийг бардам хэлэх байна” хэмээсэн удаа ч бас бий.
Тэрбээр далаад оны порныг хоёр ангилж авч үзсэн юм. Эхнийх нь, зөвхөн театрт гардаг, харьцангуй хөнгөн хэлбэрийн секс дүрслэлтэй, ихэвчлэн бага төсвөөр бүтдэг, драм, инээдмийн жанртай. Расс Мэйэрийн The Immortal Mr. Teas бол үүний сонгодог жишээ. Энэ төрлийнхөд сексийн деталь хэсгүүд цөөн ордгоос гадна энгийн порнод лесби зураглалууд оруулснаараа шинэлэг байсан. Хоёр дахийг зөвхөн нууц үдэшлэг, хааллтай партиний үеэр үзүүлдэг бөгөөд хард-кор төрлийн хэцүү зураглал ихтэй, ерөнхийдөө 10-20 минутаас хэтрэхгүй богино хэмжээтэй. Ийм төрлийн ихэнх кино дуугүй, жүжигчид нь нүүрээ халхалж элдэв баг зүүсэн байдаг аж. Тухайн үеийн хууль бус, хориотой бүхнийг хамж, шимж үзүүлдэг учраас кино театраар мэдээж гаргахгүй. Хэрэв хэсэг бүлэг тэнэг зоригтон эдгээрийг кино театруудаар гаргасан бол порно киноны алтан үе тэр дорхноо л эцэс болж, нийтийн дургүйцэл, хуулийн хоригтой тулах байлаа. Гэвч ийм зоригтон ганц л гарсан. 1 The Connection  хэмээх хард-кор киног театрт гаргасан нь хэтэрхий хүнд зураглал, геройн хэрэглэж буй хэсгээсээ болж шууд л хориглогдсон. Азаар хэрэг явдал цааш дэврэлгүй, тэгсхийгээд намжсан юм.
Харин энэ зуур Линда Лавлейсийн дуулиан шуугиан намжаагүй байлаа. Шаргал үст, тачаангуй бүсгүйн дараачийн киног хүлээсэн үзэгчид Жерард Дамиано руу захидал бичиж, шар хэвлэлүүд ч ил, далдаар өдсөн нийтлэлүүд гаргаж эхлэв. Анхны киногоороо л алдрын оргилд хүрсэн Линда энэ бүхнээс хэдийнэ залхсан байсан бол их мөнгөний амтанд орсон Чак Трейнор эсрэгээр хөхин баясч, продюссер, найруулагчтай Линдагийн өмнөөс дур мэдэн уулзаж, шинэ киноны гэрээ үзэглэж явлаа. Чак өөрийгөө шууд л Линдагийн менежер хэмээн нэрлэж, киноноос олсон бүх ашгийг халаасласан. Хожим ил болсноор 600 сая долларын ашиг олсон Deep Throat-өөс гол дүрийн жүжигчин Линда Лавлейсийн гарт 1250 доллар л ирсэн гэдэг. Гэхдээ мөнгөндөө ч гол учир байгаагүй байх. Линда гэр бүлийн халуун дулаан амьсгал, тайван амьдралыг хүсэж байсан бол Чак порно бизнес, мөнгөний амтнаас салж чадсангүй. Тэгэх хүсэл ч төрж байсангүй. Чакийн ятгалгаар Линда Deep Throat киноны хоёрдугаар ангид  тоглосон амжилтгүй оролдлого байж, багахан хэмжээний л ашиг олсон.
Яван явсаар Линдагийн сураг алдарч эхлэхэд эсрэгээр порно бизнест Жон Холмесийн нэр чимээ шуугиан ихтэйгээр цуурайтаж байлаа. Линда Лавлейс порно ертөнцийн хатан хаан нь байсан бол Жон Холмес гарцаагүй хаан нь юм. Түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн Boogie Nights (1997)-ийн найруулагч Пол Томас Андерсон “Жон Холмес бол порно ертөнцийн Элвис Прэсли” хэмээ дүйцүүлэн жишсэн байдаг нь үнэний ортой ч байж мэднэ. Жон бэлгэ эрхтнийхээ хэмжээгээр алдарт хүрсэн. Тэр үеийн эрэгтэй порно жүжигчид дунд түүний энд хүрэх “зэвсэг”-тэй хүн нэг ч байгаагүй болохоор тэр.  
Жон Холмес сагсуу эр байлаа. “Миний эрхтний урт 89 см, өдөрт 100 удаа секс хийсэн ч цуцахгүй” гэж ярина. Энэ мэдээж дэгс боловч The Life and Times of John C Holmes баримтат кинонд дурдсанаар Sex Psycho (1970)-оос эхлээд Angels and Semen(1986) хүртэл буюу зодог тайлтлаа тэр 14000 мянган эмэгтэйтэй унтсан гэдэг нь ортой. Линдагаас бусад, тухайн цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй порно жүжигчид бүгд л Жон Холместой хамт нэг кинонд тоглосон байдаг. Анх нэг киноноос 3000 долларын цалин авдаг байсан ч хожим үүний ард хоёр тэг нэмэгдэх хүртэл тэр алдаршсан. Америкийн насанд хүрэгчдийн кино нийгэмлэгийн шагнал, “Порно Оскар”-аас тэр хамгийн олон шагнал хүртсэн эрэгтэй жүжигчдийн нэг ч болсон. Уг шагнал гардуулах ёслол порно киноны алтан үе дуусах хүртэл буюу 1986 он хүртэл арав гаруй жил болоод цуцлагдсан л даа.
Мөн Холмес кино урлагийн нэгэн том фигур байсныхаа хувьд Канн, Нью-Йоркийн кино наадмын улаан хивсэн дээгүүр ч мөрөө гаргаж байсан гэвэл итгэх хүн цөөн. Одоо бид итгэхгүй ч, порно жүжигчид тэгэхэд Холливудын жүжигчдээс дутахааргүй нэр хүндтэй байсан юм. Лассе Брауны Sensations, Макс Пекасын Dictionary of Sex зэрэг “Х ангилалын порно кино Нью-Йоркийн кино наадмын үеэр олны хүртээл болж байсан гээд бод л доо. Порно урлаг үнэхээр цэцэглэн мандаж байлаа. Харамсалтай нь, Линда сайн дураараа, Жон Холмес хар тамхинд донтож, бэлгийн чалх нь муудан энэ бизнесээс шахагдсан шиг порно ертөнцийн алтан үе удаан үргэлжлээгүй юм.
1980-аад оны сүүлч гэхэд порно зах зээл эргэлтийн цэгтээ хүрлээ. Энэ үед видео хуурцаг эрчээ авч, порног зөвхөн кино театраас үздэг нь улирч, хүмүүс гэр гэррүүгээ дөрвөлжин хуурцаг тэврэн холхих боллоо. “Найруулагч, продюссерүүд нэг л мэдэхэд видео хуурцагны талаар ярьж эхэлсэн. Үүний ачаар тэд урьдынхаас хэд дахин илүү мөнгө олох болсон ч порно урлагийн сүнсээ гээсэн. Порно чик байхаа больсон” хэмээн The Other Hollywood сэтгүүлийн Жак Боулвэйр бичсэн байдаг. Хуурцагаа олныг, бас хурдан борлуулахын тулд порно кинон дахь секс зураглалыг чинээнд нь тултал нэмж, чанар, үйл явдал зэргийг холоо таягдсан юм. Хоёр дахь хөндлөнгийн шалтгаан нь ДОХ байсан. Порно киноны алтан үеийн алдартай ихэнх жүжигчин, жишээ нь Чак Винсент, Вэйд Никольс, Тони Тэйлор энэ өвчнөөрнас эцэслэсэн. Харамсалтай “хаан” Чак Трейнорыг ч бас энэ шуурга тойроогүй. Тэрбээр 1988 онд ДОХ-оос болж, 43 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Насанд хүрэгчдийн кино шүүмжлэгчдийн Алдрын гудамжинд Чакийн од одоо ч гялалзаж байдаг бөгөөд 2008 онд XBIZ порно кино бүтээгчдийн шагнал гардуулах ёслолоос “хаан”-д хүндэтгэл үзүүлж lifetime achievement, шагналаа олгосон.
Харин “хатан хаан” Линда Лавлейс Чакаас зугатаж, порно бизнесээс бүрмөсөн холбоогоо тасалсан. Тэрбээр удалгүй феминистүүдтэй нэгдэж амьдралынхаа сүүлч хүртэл анти-порно хөдөлгөөний идэвхтэй гишүүн болсон юм. 1980 онд тэрбээр Ordeal нэртэй дурсамж номоо хэвлүүлсэн нь олон сая хувь борлогдсон бөгөөд энд порно бизнесийн бүхий л булхайг, тэр дундаа Чак Трейнорын атганд өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тухай голлон бичсэн байдаг. Мөн “Эмэгтэйчүүд порнографийн эсрэг” нийгэмлэг байгуулан идэвхитэй ажиллаж, 1986 онд Out of Bondage хоёр дахь дурсамжаа хэвлүүлсэн нь ч ихээхэн амжилт олсон юм. Тэр 2002 оны дөрөвдүгээр сарын 22-нд 53 насандаа амьсгал хураасан билээ. Саяхан буюу өнгөрсөн наймдугаар сард түүний амьдралаас сэдэвлэсэн Lovelace хэмээх кино нээлтээ хийсэн бөгөөд залуу жүжигчин Аманда Сэйфрид Линда Лавлейсийн дүрийг бүтээсэн байсан.
Ганцхан кино, 16-хан хоногт бүтээсэн бүхнийх нь дуулиан шуугиан өнөөдрийг хүртэл тасраагүй байтал амьдралынхаа сүүлийн мөч хүртэл  тэр порно киноны эсрэг тэмцэл өрнүүлсэн түүх нь парадокс түүх. Порно ч бас ийм л зүйл.  

Dec 18, 2013

Хаанаа гэх сэтгэл хаана ч бөхөхгүй #3


Цахар хүү Дэлэхэй Өвөрмонголын хөдөө өссөн учраас багаасаа нутгийнхаа дуу хуурыг сонсож өсчээ. Ижий, аав нь ч дууч хүмүүс байж. Харин дуучин болохоор шулуудсаныхаа дараа Монгол туургатны бусад дуу хуурыг шимтэн сонирхож, аяыг нь сурч, үгийг нь цээжилж өссөн гэнэ. “Хэл, хэллэгийн багахан ялгаатай ч монгол ардын дуу Халимагт ч, Буриадад ч, манай Өвөрмонголд ч ижилхэн, сэтгэлд ойрхон байдаг. Хэрэв хүн дуунд донтдог бол би монгол туургатны олон янзын дуу хуурт үнэхээр донтсон. Тийм учраас би энд өөрийн нутгийнхаас гадна буриад дуу дуулахаар зэхсэн” хэмээн ярив. Морин хуур, хуучир, доомбор, арьсан бөмбөр, лимбээ зэхэн тайзнаа гарахад танхимд суусан хүмүүс алмайрсан. Тэр энэ бүх зэмсгийг ганцаараа тоглон, дуугаа сонирхуулсан юм.
“Монгол дуу хуураа сонсох сайхан шүү. Баялаг соёлын бахархал нь энэ” гэж Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвийн ажилтан Ч.Энхбат хэлж байна. Тэр тахилгад 15 жил дараалан ирж буй. Ёслолын дараа бид уулзах үеэр “Эндхийн (АНУ-ын) бүх үндэстэн өөрийн гэсэн онцлогтой, харахад илт байдаг. Манай монголчуудыг энд яаж таньдаг гээч. Бие биенээ үгүйсгэж л байвал тэр монгол хүн байдаг” хэмээгээд инээв. Оргүй ч үг бас биш байх гэж бодлоо. Манайхан нутаг, хошуу, үндэс, ясаараа талцах “дуртай”. “Хаа газар янз бүрийн үзэл бодолтой хүмүүс бий. Гэхдээ тэр үнэхээр монгол л бол Чингис хааны суу алдрын өмнө бөхийж, нэгдэж чаддаг. Энэ бол бидний оюун санаа, сэтгэл зүрхний холбоос. Тийм учраас би жил бүр энэ ёслолд ирэхдээ дуртай байдаг юм” гэлээ. Түүний ажиллуулдаг Өмнөд Монголын хүний эрхийн төв энд маш их нэр хүндтэй. Цагаан ордныхон, НҮБ-ын ажилтнуудтай тэд шууд л харилцдаг. “Guardian”, “Washington post”, “Reuters”, BBC зэрэг мэдээллийн агентлаг эндээс мэдээ солилцож, хамтран ажилладаг юм билээ. Өвөрмонголд хүний эрх зөрчсөн бүх мэдээлэл энэ байгууллагаар дамжиж дэлхийн нийтийн хүртээл болдог аж.
“Тува, Өвөрмонгол, Хазара, Буриад, Халимаг бол Монгол Улсын биеийн нэг хэсэг. Энэ бие бүрдэж, нэгэн цул болсон цагт бид дахиад хүчирхэг гүрэн болно. Дэлхий даяарчлагдаж, “хавтгай” болж байгаа тухай хаа сайгүй л ярьдаг. Үүнийг би буруу гэж боддог. Харин ч улс гүрэн бүр өөр өөрийн онцлогоороо ондоошиж байвал сайн. Монгол Улс “Би хэн бэ” гэх асуултын өмнө ирсэн гэж би бодож байна. Сүүлийн үед их гүрнүүдийн улс төрийн хавчлага илт мэдрэгдэх болсон учраас тэр байх. Өөрөөсөө энэ асуултыг асууж, яавал би бүрэн болох вэ гэдгээ эрэлхийлж байна” хэмээн тэрбээр ярилаа. Түүний аав багш, бас их хатуу хүн байж. “Аав биднийг монгол гэдгээрээ зөвхөн бахархаад зогсохгүй, Монголоо мэддэг байлгахын тулд их зүйл хийсэн. Жишээ нь, монголоор бичихдээ нэг л үсэг алдсан бол бүхнийг дахиад эхнээс нь бичүүлдэг байсан. “Хагас дутуу монгол” байж болохгүйг тэгэхэд ойлгож байлаа. Дунд сургуульд байхдаа ахаасаа “Тунгалаг Тамир”- ыг авч уншсанаа би хэзээ ч мартддаггүй. Би бүр гурван ч удаа уншсан” хэмээн догдлон ярьсан. Ухамсарт амьдралынхаа нэгээхэн хэсгийг Өвөрмонголчуудын төлөө зориулж яваа түүнээс “Таны өнөөдрийг хүртэл хийж буй ажлын эцсийн зорилго нь юу вэ. Яавал та “Одоо л нэг боллоо” гэж уужуу амьсгаа аваад, энэхүү тэмцлээ зогсоох бол?” хэмээн асуухад тэр хэсэг зуур бодолхийлснээ “Би өвөрмонголчуудынхаа оюун санааг бэлдэхийн тулд энэ бүхнийг хийж байна. Миний туйлын зорилго хоёр Монголыг нэгтгэх, эсвэл тэмцэлд уриалах биш. Хэрвээ энэ бүхний үнэ цэнийг мэдээгүй, хангалттай мэдээлэлжиж, оюун санаандаа тултал мэдрээг үй бол ямар ч тэмцэл зорилгодоо хүрэхгүй. Юунд түрүүнд улс төрийн биш, оюун санааны тусгаар тогтнолд хүрэх нь чухал. Монголчууд бие биенээ ойлгож, хүлээн зөвшөөрсөн тэр цагт л би уужуу амьсгаа авна даа” гэж хэлээд над руу инээмсэглэн харав. Хэдийгээр түүний зорилго биелэх болоогүй ч үргэлж бодож явдаг, сэтгэлийн үгээ уудалсандаа тэр баяртай байв.
Өнгөрсөн хавар Өвөрмонголд болдог Чингисийн тахилгыг нүдээр үзсэнтэй харьцуулбал Нью Жерсид болж буй энэ ёслол өөр, хэтэрхий жижигхэн ч байж мэднэ. Гэвч үүний утга агуулга тэр том ёслолоос дутах юм ер үгүй. Хүний газар ажиллаж, амьдарч байгаа элэг нэгтнүүд уулзан танилцаж, мэдээлэл солилцохоос гадна монгол хүн болж төрснөөрөө бахархана. “Америк дахь Чингисийн тахилга эндхийн Цагаан сар л гэсэн үг. Мөд уулзаагүй хүмүүс уулзаж, мэнд мэдэлцдэг болохоор тэр” хэмээн Монголын өв соёлын сангийн тэргүүн Д.Бямбахүү ярьсан. Тэрбээр энэ ёслолыг гурав дахь жилдээ зохион байгуулалцаж, хөтөлж буй юм. Энд арав гаруй жил ажиллахдаа ганц хүнд ахадсан гэмээр олон зүйл амжуулдгийнх нь огтолцох цэг нь ерөөсөө л Монгол байдаг. Америкт Монголтой холбоотой бүхий л арга хэмжээнд оролцож, зохион байгуулдаг нь бахархмаар. Тиймдээ ч энэ удаагийн ёслолд АНУ-ын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс дунд түүнийг танихгүй хүн тун цөөн. Бүгд л мэнд мэдэн, яриа дэлгэж байснаас нь анзаарсан хэрэг.
“Чингисийн тахилгад оролцож буй хүм үүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаад баяртай байдаг” хэмээн ярих тэрбээр “Монгол хүн болж төрснийх, үүнээс илүү баяртай байна гэж үгүй. Дэлхийгээр нэг тархсан монгол туургатнуудын төлөөлөл Америкт уулзаж, эзэн хаанаа гэх сэтгэлээр нэгдэн, тахилга зохион байгуулж, үүнд нь гар бие оролцоно гэдэг миний хувьд юу юунаас эрхэм” гэлээ. Түүний ажиллуулдаг Монголын өв соёлын сангийн байранд очиход ханаараа дүүрэн Монголын болон Чингис хааны зураг хадаж, манай улсын түүх, соёлын холбогдолтой ном, сэтгүүл тэвхийтэл хураасан нь бахдал төрүүлнэ. “Зарим хүн шоолж магадгүй л дээ. Гэхдээ Монголын зурагтай чихрийн цаас ч тааралдсан би авч хадгалдаг. Хүний нутагт олон жил амьдраад, эх орноо санаад эхлэхээр хүн өөрийн эрхгүй ийм болдог” хэмээн тэрбээр ярив. Монголоо санасан үедээ тэр ойролцоох амьтны хүрээлэн рүү очиж хонь, ямаа, тэмээ үзэнгээ аргал, хорголыг нь үнэртдэг гэсэн. Ингэж тэр эх орноо санасан сэтгэлээ амраадаг аж. 
Тэрбээр сангийнхаа үйл ажиллагааг явуулахаас гадна Хазара, Өвөрмонгол, Буриадын хүний эрхийн хөдөлгөөнд оролцоно. Өнгөрсөн жил дэлхий дахинд шуугиан тарьсан Тарбозавр Батаарын хэргийн шүүх хурлын үеэр бусдыгаа урилан тэмцэж байснаа ч мөн ярив. Америкийн Монгол сургуульд соёлын хичээл заадаг байсан Монголын хөдөөгийн хүүхдүүд рүү ном явуулах аян өрнүүлж, 10000 орчмыг цуглуулаад буйгаа хэлсэн. Биед нь багтамг үй шахам эх оронч сэтгэл мэдрэгдэх түүн шиг хүмүүстэй Нью-Йоркт цөөнгүй таарсан. Ч.Энхбатын хэлсэн үгийн цаад учрыг ч сая ухаарав. Монголчууд олуулаа болох ёстой гэж бид ярьдаг, Монгол туургатнууд нэгдэх ёстой хэмээн тэд маань ярьдаг. Үнэндээ энэ санаан зоргоор бүтэх амар зүйл бишийг бидний хэн хэн маань ч мэднэ. Гэвч эхлээд оюун санаагаа раа, сэтгэлээрээ нэгдэж, ойлгосон бол энэ хэцүү биш. Бүр ёсоор болохгүй байлаа ч зовлон болохгүй байх. Монгол бичгээ хээ угалзын түвшинд хэрэглэж, эзэн Чингисээ дурдахын төдий л мэддэг, хүндэлдэг бол хэрэг тус юун.
Чингисийн тахилгын дараа тал талаас ирсэн монгол туургатнууд нэгдэн, тойрон бүжиг хийв. Гар гараасаа барин хатирч нэг, биелэж нэг үзэв. Танхимаар нэг монгол дуу, Монголоо гэсэн сэтгэл цуурайтаж Нью Жерсид өнгөрүүлсэн нэгэн өдрийн ард гарав. Дараа жил энд заавал очихсон. Дахиад энэ хүмүүстэй уулзаж, тэдний халуун дулаан үгийг сонсохсон. Монгол хүн байна гэдэг нэг хэрэг. Чингис хааны үр сад гэж цээжээ дэлдэх ч бас өөр хэрэг. Гэвч Монгол гэдгээ сэтгэл зүрхээрээ мэдрэх л хамгийн үнэн, хамгийн сайхан.
“Салхи биднийг хөтөлнө” цуврал сурвалжлагын маань нэгэн хэсэг ийн хөврөв. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрсөлд өн тэмцсээр. Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдаж байна. Яг л хүчит салхинд өөрийн эрхг үй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгс өж явна. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх шинэ цагийн нүүдлийг өртөөлж, шинэ сорилтыг нүдээр үзэхээр мэрийсэн дараачийн сурвалжлагаар дахин уулзъя.

Хаанаа гэх сэтгэл хаана ч бөхөхгүй #2

...Зээ, Богд Чингис нөхөдтэй нэгнээ 
Ариун их тахилгаа зооглон 
Бадрангуй их голомтоо сахин соёрх 
Балрашгүй төрөө батжуулан соёрх 
Хамаг Монголоо хайрлан өршөө
Хамтран нэгдэхийн хутаг хайрла...
хэмээн есөн өрлөгийн нэгээр сонгогдсон залуусын нэг, Өвөрмонголоос ирсэн Хас хэлэхэд бусад нь даган уншина. Америкийн монголчуудын соёлын холбооны ерөнхийлөгч Санж Алтан энэхүү зураглалыг бахдан харж байлаа. Учир нь одоогоос яг 26 жилийн өмнө тэр ийн зогсож байснаа дурсана. Тэгэхэд ийм албан ёсны танхимд бус, түүний найз Чингэлтийн гэрт Чингис хааны тахилгыг зохион байгуулах үед Хангин Гомбожав багш нь “Залуус та нар энэ ёслолыг үеийн үед таслалгүй хийж байх ёстой шүү” хэмээн захисныг марталг үй залгамжилж явсаар өнөөдрийг хүрсэн нь энэ. “Би хэдийгээр Монголд төрөөгүй ч мэдээ орсон цагаасаа хойш ижий, ааваасаа Эзэн Чингисийн баатарлаг үйлсийн тухай сонсож, суу алдрыг нь биширч өссөн. Аав минь түүхч хүн байлаа” хэмээн Санж Алтан гуай ярив. Харин түүний найз, Тайваний монгол болох Чингэлт анх нэг настайдаа Чингисийн тахилгад оролцож байснаа дурссан. Тайваний монголчууд жил бүрийн гуравдугаар сарын 21-нд энэхүү тахилгыг үйлддэг аж. Хар багаасаа тахилгын үйл ажиллагааг догдлон харж зогссон жаалхүү өнөөдөр Америкт энэхүү ёслолыг зохион байгуулахад оролцож байна гэдэг сайхан хэрэг. Түүний амьдралын хамгийн гайхалтай үйл хэргийн нэг энэ хэмээн Чингэлт надад хэлсэн.
Энэ жилийн тахилгад залуучууд цөөнгүй ирсэн байлаа. Хүн залуудаа олон юманд сатаардаг учраас ч тэр үү, эх үндсээрээ бахархах нь тийм ч хүчтэй байдаггүй. Хожим хойно л үнэ цэнийг нь ойлгож ухаардаг шиг байгаа юм. Харин тэнд уулзсан, өдгөө 21 настай оюутан Э.Билгүүн хэмээх залуу Нью Жерсид болсон Чингисийн тахилгад анх удаа оролцож байгаа ч сэтгэл нь ихэд хөдөлсөн нь илт. “Би зөвхөн би байх нь хангалтгүй юм байна аа” гэж хэлээд хэсэг бодолхийлснээ “Би бас монгол байх хэрэгтэй” гэж тайван гэгч хэлэв. Америкт хүний, өөрийн үй түмэн хүн аж төрдөг учраас өөрийн онцлог, үнэт зүйлээ мэдэхгүй бол горьгүй. Анх сургуульдаа элсэхэд нь “Би хэн бэ” гэсэн сэдвээр эсээ бичүүлэхэд тэр “Би Монголоос ирсэн, 18 настай...” хэмээн бичиж байсныхаа утгыг одоо л бүрэн ойлгосноо нуусангүй. Үүгээр түүгээр гүйлдэх монгол дээлтэй жаалууд чихэр боов эргүүлэн, хоорондоо дэггүйтэхээс биш, хаана, ямар арга хэмжээнд ирснээ төдийлэн анзаарах сөхөөгүй. Гэвч харсан, үзсэн нь тэдний ой тооноос бүр мөр арилчихгүй, хэзээ нэгэн цагт дотроос нь асах биз ээ.
Энд болж буй Чингисийн тахилгад Америк дахь монголчууд ирж оролцдог учраас үндсэн ёс, дэгийн заримыг тэдэнд тохируулан өөрчилсэн гэдгийг Санж Алтан гуай хэлсэн. Тайлгын үнэ цэнэ ном ёсноос гадна, чин сэтгэлд байдаг байлгүй. Есөн өрлөг өөрсдийн магтаалыг дуудаж, тахилгын ширээн дэх зулыг асаан, арц хүж уугиулна. Танхимд цугласан хүмүүс “хурай, хурай” хэмээн дагна. Анх энэхүү ёслолд дан Тайваний монгол, өвөрмонголчууд оролцдог байснаа жил ирэх бүр хүрээгээ тэлсээр хамгийн сүүлд хазара, халимаг, тувагийн төлөөлөл оролцох болжээ. Тэдний нэг нь болох Халимагийн “ВГТРК Халикиа” телевизийн сэтгүүлч Тамара Надбитова энэ ёслолд оролцохоор холоос зорьж иржээ. Дөрөв дэх жилдээ тахилгад оролцож байгаа тэрбээр “Монгол туургатан аж төрөн амьдардаг газар орон бүрт Чингис хааны тахилга болдог тухай би эртнээс мэднэ. Үүнийг том, бага гэж шүүх аргагүй. Монгол хүн амьдарч буй газар орон бүрт Чингис хаанаа тахиж байгаа нь түүхийн улбааг сэргээж, эзэн дээдэстээ хүндлэл үзүүлж, үр хүүхдэдээ эх соёлыг нь өвлүүлэн үлдээхээс гадна дэлхийн бусад хүмүүст бид бахархах түүхтэй гэдгээ харуулж буй чухал явдал. Урьд гадаадын хүмүүс Чингис хааны нэрийг л мэддэг байсан бол, сүүлийн үед алдар гавьяаг нь бас таних боллоо” гэв. Мөн тэрбээр “Энд монгол туургатны төлөөлөл цөм иржээ. Урьд цагт, XIII зуунд Эзэн Чингис тасарсан улсаа зэвсгийн хүч, морины хурд, баатар зоригийнхоо хүчээр нэгтгэж байлаа. Харин өнөө цагт дайтах хэрэг алга. Нарт орчлонд төвхнөн суугаад, эвийн хүчээр нэгдэж, дэлхийн бусад оронд үлгэр дууриал болох хэрэгтэй гэж би боддог. Үгүй юм аа гэхэд, монгол хүн мөн л бол өвгийн дуулж явсан дууг дуулж, хэлэлцэж ирсэн хэлийг өөрөө мэдэж, өрөөлд дамжуулан сургах ёстой” хэмээн шулуухан хэлэв.
Тэр багадаа, Халимагийн монгол сургуульд сурч байхдаа багшдаа нэг их зэмлүүлсэн тухайгаа ярив. Нас бага болоод ч тэр үү, монгол дээл хувцсаа өмсөхдөө дуртай биш, болж л өгвөл орос хувцас өмсөж, тэр том гүрний соёлыг шохоорхон сонждог байж. Тэгтэл түүний багш “Та нар орос охид шиг болох гэж мянга хичээгээд тийм болчихгүй. Харин эх хэлээ шамдан сурч, эх түүхээ мэрийн үзвээс монгол хэвээр үлдэнэ” гэжээ. Одоо тэрбээр хүүхдүүддээ ийн сургадаг болсноо хэлэв.
Чингис хааны магтаал, есөн өрлөгийн уншлага дууссаны дараа Монгол туургатны төлөөлөл бүр индэрт гаран, үг хэлэв. Тэдгээрийн олонх нь Монгол Улсад хандсан гуйлт, хүсэлт байсан. Даанч манай төр засгийн удирдлага, тэр бүү хэл Элчин сайдын яамны төлөөлөл ч байлцаагүй учраас онох бай байсангүй.
Хазарачуудын эрх чөлөөний тэмцэгч Акрам Гизаби үг хэлэхээр индэрт гарахын өмнө эзэн хааны тахилгын ширээний өмнө хүндэтгэлтэйг өөр мэхийлээ. Тахилгад ирсэн хүмүүст мэндчилгээ дэвшүүлээд ийн ярив. “Би бол хорвоо дээр өөрийн гэж өмчлөх газар нутаггүй хүн. Миний ээж нутаг Монгол гэдгийг би багаасаа л мэддэг байсан. Бас амьдрах эрх албан ёсоор авах хэцүүг ч ойлгодог” хэмээн ярихад танхимд цугласан хүмүүс дуугаа хураав. “Гэхдээ би багаасаа л Монголын тухай сонсож, газрын зураг дээрх нутгийнхаа зургийг харж өссөн” гээд яриагаа цааш үргэлжлүүлэн “Хазарачууд биенийхээ сайн сайхныг магтан ярихдаа “Чи Монгол учраас”, “Монгол шиг” хэмээн хэлдэг. Би Монголын тухай ийм л дулаан, дотно сэтгэгдэлтэй өссөн” гэлээ.
Дэлхий дээр өдгөө найман сая орчим хазара байдаг аж. “Монгол өргөн уудам нутагтай хэрнээ хүн ам нь цөөн. Хазарачууд газар нутаггүй хэрнээ олуулаа. Бид ээж нутагтаа очихыг үеийн үед хүсэж ирсэн. Казахстан улс дэлхийгээр тархсан казах үндэстнээ ирүүлэх бодлого барьдаг. Израил ч ялгаагүй. Үүнтэй адилаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олуулаа болох” тухай ярьсан. Энэ нь хэзээ ажил хэрэг болохыг бид хүлээдэг” гээд яриагаа төгсгөв.
Тахилгын арга хэмжээ дууссаны дараа Монгол туургатан бүрээс уран бүтээлч ирж, тоглолт толилуулах тухай хөтөлбөрт бичсэн байлаа. Морин хуурч, хөөмийч, уртын дууч, бий биелээч гээд олон хүн харагдана. Тэдний нэг, Дээд Монголоос ирсэн Эрдэнэ уг ёслолыг зорьж, Америкт анх удаа иржээ. Нутагтаа бол алдартай морин хуурчийн нэг тэрбээр хуураа өөрөө урладаг, бас хүүхэд залууст сургалт явуулдаг аж. “Чингис хаан бол бидний хувьд бурхнаас ялгаагүй. Би Өвөрмонгол нутагтаа болдог тахилгад жил бүр оролцдог. Энд ирээд, оролцоход ч харь, өөр санагдсангүй. Яагаад гэвэл бидний зүрх сэтгэл нэг байна” хэмээн яриа дэлгэв.
Тувагийн дуучин Сайнхо Намчылак, Халимагийн “Магтаал” хамтлаг, Өвөрмонголын дуучин Дэлэхэй тайзны хажууд ээлжээ хүлээн сууна. Хэдий жижиг тайз ч гэлээ тэдний бүгдийнх нь сэтгэл догдолж буй нь илт. Тэдний дотор залуу дуучин, хөгжимчин Дэлэхэй урьд шөнөжин бэлтгэл хийн, нойргүй хоножээ. Улаанцавын цахар гаралтай энэ залуу өвөрмонгол дуу голдуу дуулдаг боловч энэ удаа гэнэтийн бэлэг задлахаар шийдсэндээ өөрөө ч догдлон байлаа.

Үргэлжлэл бий.

Dec 16, 2013

Хаанаа гэх сэтгэл хаана ч бөхөхгүй #1


-Нью Жерсид Чингис хааны тахилга 26 дахь жилдээ боллоо-
Нью Жерсид хорвоогийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс суурьшдаг шигээ өдрийн наран мандахаас жаргах хүртэл шороон түмэн үйл явдал болж амжина. Тэр дунд “Чингис хааны тахилга болно” гэсэн зарлал тэрүүхэндээ түгж, тэр нь бүр 26 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь сонирхол татсаар нэгэн зуур би “Форрестер” зочид буудлын хүлээлгийн танхимд сууж байлаа. Хотоос зайдуу, ой захлан байрласан тэрхүү буудалд тухлахаар ирсэн амрагчид дэргэдүүр нь зөрөх хүмүүсийн тухай өөр зуураа шивнэлдэн, сониучирхаж, басхүү үйл явдалд нэн хамаатай нэгэн хүний нэрийг яриан зуураа дурдаж байсан нь XIII зуунд дэлхийг байлдан дагуулсан, мянган суут хүн Чингис хаан болой. Тэдний ихэнх нь эзэн хааны нэрийг мэдэхээс хэтрэхгүй. Эгээ бид мэндэлсэн өдрийг нь маргаан, мэтгэлцээндээ тулан байж товлочихоод, бүх нийтээрээ налайж дуусдгаас онцын ялгаа ер үгүй мэт. Харин энэ арга хэмжээ арай өөр, илүү хүндэтгэлтэй (хэдий цөөн хүнийг хамарсан ч гэлээ) байлаа. Монгол дээл хувцсаа цэмцийтэл өмссөн монгол, буриад, халимаг, өвөрмонгол, тува, хазара хүмүүс их эзэн Чингис хааны тахилгад оролцохоор Америкийн өнцөг булан бүрээ с иржээ. Хааш хаашаа 30 метр хүрэхгүй уулзалтын танхимд, нийтдээ 300 орчим хүн цуглав. Тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын тоотой харьцуулбал бага. Гэвч бүрэлдэхүүн нь өөр. Бүхэл бүтэн 1.5 сая ам.км газар нутагтай Монголд эвлэж болдоггүй нэгдэл энд багтсан болохоор голж, чамлахын аргагүй. Монгол ардчилсан орон гэхнээ ийм зэргийн үйл явдал болно гэвэл санаанд буухгүй. Тийм болохоор АНУ эрх чөлөөний орон гэдэгтэй өөрийн эрхгүй санал нэгдмээр.
Танхимын гадна жаазтай уран бичлэг, арьсан дээр урласан эзэн хааны хөрөг, жижиг сажиг бэлэг дурсгалын зүйлс, ер нь тэнд олдож болох Монголтой холбоотой бүхнийг өрсөн хоёр ширээ байна. Наагуур нь гүйлдэх монгол дээл, хувцастай хүүхдүүд эдгээрийн заримыг анх удаа харж буй мэт сониучирхана. Тэдний ихэнх нь монголоор ярьж мэдэхгүй. Гэхдээ энд өрсөн зүйлс өөртэй нь ямар нэг сэжмээр холбоотой гэдгийг бяцхан совингоороо мэдрээд байх шиг. Цаашилбал монгол идээ, унд бэлтгэсэн хэдэн ширээ байна. Сүүтэй цай, ааруул, хайлмаг, гэрийн боорцог бий. Арга хэмжээний дараа буузаар дайлна гэсэн мэдээг хүн бүр өөр зуураа солилцоно. Ойрд хараагүй, үзээгүй ховрын бараа байсанд тэр. Энэ мэтэд сатаарч байгаад тахилга болох танхимд явж орвол хойморт зассан жижигхэн гэрт Чингис хааны дүр бүхий баримал байв. Өмнүүр нь есөн ширхэг зул, мөн тооны цэцэг, сархад бүхий аяга тавьсан харагдана. Хажууд нь Монгол, Америк хоёр орны тугийг залжээ...

Хормын төдий үйл явдал, агшинд төрсөн сэтгэгдэл бодлоос мөддөө гарахгүй зууралдах тохиол алийг тэр гэх вэ. Тэнд мэдэрсэн, тэндээс тээсэн бодлууд санаанаас гарах янзгүй. Энэ бүхэн үйл явдлыг зөвхөн сурвалжлах төдийгөөс ангид мэдрэмж байлаа. Өөрт хамаатахаас огт хамаагүй хүртэл олон янзын зовнил дундаас тэдний асуусан, зүгээр л наргиа төдийгөөр хэлсэн үгс, хариулт нь олдоогүйгээс ичиж зогссон мөч, хаа газрын элдэв “гялгар” ёслолоос тэс өөр, цөөхөн хүнтэй ч дотно уур амьсгал, монгол хүн гэдгээрээ дахин нэг удаа бахархсан, мөн л үүнтэй холбоотойгоор төрсөн шаналал энэ дотроос хэзээ ч арилахгүйгээр бат шингэж, зураглал бүр нь өчигдрийн мэт тодрон байна. Ээждээ гологдсон хүүхэд, эх нутагтаа эгэн очих эрхгүй болсон хүн хоёрын хооронд алд дэлмийн зөрүү үгүй. Тэнд байгсдын хэн нь ч энэ тухай ам нээж гомдоллоогүй ч, хэрэгтээ үүнийг л бодон суугааг мэдрэх хөндүүртэй байлаа.
Нэг мэдэхэд Нью Жерсигийн энэ жижигхэн хэсэгт Монгол Улс бууриа зассан лугаа болоодохов. Суудал бүр эзнээ олж, өнөөх танхим өөр зуураа хөөрөг зөрүүлэн мэнд мэдэх элгэн олон монголчуудаар дүүрлээ. Танхимын гадна буриад нь оросоор, өвөрмонгол нь хоорондоо хятадаар, бүр нэвтрэлцэхгүй нь англиар ярьж буйг бишгүй сонссонсон. Гэтэл танхимын дотор Монгол туургатны олон үндэс ясны гайхамшиг болох өөр өөрийн хэв маяг бүхий дээл хувцсаа өмсөж, олон янзын мөртөө аль аль нь Монголоо илтгэх хэл аялгаар хоорондоо хэлэлцэх нь баялаг соёлоороо бардамнах сэтгэлийг эрхгүй төрүүлнэ. Сураг сонсох нь ээ, эзэн хаанаа хүндэлж цугларсан учраас эх монгол хэлээрээ ярихаар тохирсон нь энэ гэнэ. Гоё байгаа биз. Ёслол эхлэхийн өмнө Фэйсбүүк дэх Нью-Йоркийн монголчуудын группт нэгэн бүсгүй “Харь оронд ийм тахилга болдог гэхээр их сонирхолтой байна” гэж бичсэний дор өөр нэг нь “Монгол зоны тэнгэр хаана л бол хаана байдаг. Газар хамаагүй” хэмээн хариулсныг сонирхон уншиж билээ. Үнэхээр ч энд цугласан хүмүүс орон зайн хил хязгаарыг хэдийнэ давж, Чингис хаан гэсэн хоёрхон үгээр цаг хугацаанаас ч мөн хэтийдэн холджээ. Монголоос очсон даруйдаа тийш хүрсэн болохоор, тэгэхдээ бүр ийм арга хэмжээнд оролцож буй учраас надад ч харь оронд байгаа мэт ер санагдаагүй. 
“Найман зууны өмнө амьдарч байсан эзэн хаан маань хүний, өөрийн газар гэлтгүй өнөөдөр ч үр хойчоо нэгтгэн, энд цуглуулсан нь бахархмаар” гэж Америкийн монголчуудын соёлын холбооны ерөнхийлөгч Санж Алтан нээлтийн үгэндээ дурсав. Хазарачуудын эрх чөлөөний тэмцэгч Акрам Гизаби, Өвөрмонголын зохиолч Б.Түмэн-Өлзий, Халимагийн сэтгүүлч Надмитов Тамара, Дээд Монголоос ирсэн дуучин Эрдэнэ, Ордосын дуучин Дэлэхэй, Америкийн Буриадын нийгэмлэгийн тэргүүн Даримаа Цибикова гээд энд оролцсон, хожим сурвалжлагын явцад эрхэм уншигч таны “уулзах” хүмүүсийн үгнээс, сэтгэлээс харагдаж байсан бахдал, бардамнал энэ л өгүүлбэр дотор зангидагдан, багтсан юм (Бас Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төв”-ийг ажиллуулж буй Ч.Энхбат гэх сонирхолтой эрхэм бий).
Хэдийгээр тэнд хэн нь ч ам нээн яриагүй боловч энэ арга хэмжээнд ирсэн манайхны тоо цөөн байсан. Бас 26 жил дараалан болж буй уг ёслолд Америк дахь Монголын үе үеийн элчин сайдууд оролцдог боловч энэ жил тэндээс ямар ч төлөөлөл байгаагүй. Хөтөлбөрт нэр нь байсан ч хүндэтгэх бус шалтгаанаар ирээгүй юм билээ. “Та бүхэн Монгол нутагтаа амьдардаг эрх чөлөөтэй хүмүүс учраас монгол гэдгээ заавал батлах шаардлагагүй байдаг юм шиг. Тийм болохоор энэ арга хэмжээнд буриад, өвөрмонгол, хазара, тува, халимаг хүмүүс л их ирдэг” хэмээн тэнд танилцсан нэг өвөрмонгол ах хэлсэн юм. Өөрт шууд хамааралгүйн өмнөөс ичиж, улайх мэдрэмж хэцүү. Үнэндээ шулуухан хэлсэн энэ үгнийх нь өмнөөс хэлэх үг ч олдсонгүй.
Хэдий Чингис хааны тахилга хэмээн зорьж ирсэн боловч энд цугласан ихэнх хүнийг Монголоо санах сэтгэл нь уриалан дууджээ. Надаас Монголтой холбоотой бүхнийг асууж шалгаана. “Цаг агаар нь ямар байна, Чингис хаанаа та нар тахидаг уу, Монгол Улс хэр хөгжиж байна” гэхчлэн шалгааж, өөрсдөө Монголын тухай сонссон, дуулсан болгоноо уйгагүй гэгч нь ярина. Нэг өвөрмонгол залуу нөгөө буланд тоглож байсан хүүхдээ хэрэг гарган дуудаад “Энэ ах чинь жинхэнэ Монголоос ирсэн байна” гэж хүндэтгэлтэйгээр танилцуулав. Хүү харайн ирж, инээмсэглэн зогсоод хацраа өгөн үнсүүлэв. Тэгэхэд дотор палхийгээд л явчихсан. “...жинхэнэ Монголоос ирсэн хүн...”. Жинхэнэ Монгол! Бусад нь тэгээд ямар монгол болж таарах вэ? Түүний хүндэтгэл, хүүгийн харц, хэлсэн үг. Энэ бол бидний өнөө хэр хариултыг нь олоог үй, тэрбайтугай олохыг ч, дурсахыг ч хүсдэггүй асар том үл ойлголцлын эх нь юм. Монголын хилтэй хаяа залган бидний элгэн садан оршдог. Өвөрмонгол, Умартын буриад, Тагнын тува, Алтайн Урианхай, Ижил мөрний халимагууд энүүхэн ойрхон байгааг, хилийн хэцэлсэн төм өрний наана цаана зааглагдсан түүх буйг бэлхнээ мэддэг атлаа бид хүлцэнгүй агаад дуугүй сууна. Зарим нь элэг нэгтнүүдээ хятад, орос хэмээн хажиглан гадуурхдаг бөг өөд үг сүггүй байна гэдэг нь ч үүнээс ер ялгаа үгүй мэт. Тайванийн монгол, хазара нарын тухайд бол бүр ч чимээгүй. Тал Монголоо таг “мартсан” улс! “Дэлхийгээр нэг тархсан монголчуудыг нэгтгэх дахин нэг Чингис төрөх цаг болжээ” хэмээн өөр зуураа хэлэлцэн сууснаа дахиад нэг бодов.
Энэ зуур тахилгын ёслол эхлэхэд бэлэн болж, туургатан бүрийн төлөөлөл болсон есөн ямтан Чингис хааны хүндэтгэлийн өмнө эгнэн зогслоо. 
Үргэлжлэл бий. 

Dec 7, 2013

Дөлгөөн дорно


        Японы зохиолч Харүки Мүракамиг Guardian сонинд “Өнөө амьд буй дэлхийн хамгийн сод зохиолч” хэмээн өргөжээ. Ядаж Габриэль Гарсиа Маркес бээр насан хутгийг олчихоогүй, мэнд сэрүүн буй цагт сэтгүүлийнхэн мань эрд зусарджээ гэж сэрдэж болох талтай ч Мүраками гарцаагүй өнөөгийн утга зохиолын ертөнцөд дуулиан, шуугиан тарьж, хөг хөдөлгөөн нэмж буй нь үнэнээс үнэн билээ. Гаргасан номууд нь хэдэн сая хувь зарагддаг, байгаль орчинд бол тун “ээлгүй” энэ хүн наран ургах зүгээс соёолж, дэлхийн утга зохиолын хөрсөнд үндсээ гүн бат зоож орхисон Юкио Мишима, Рюноске Акутагава, Кэнзабуро Оэ гэх түрүү ургасан өвснүүдээс тэс өмнөө замаар, тэгэхдээ нэн сонирхолтой чимээр явж буй нь анхаарал татдаг. Зохиолоо япон хэлээр бичдэг ч, түүний гуйвашгүй үнэнч уншигчид голцуу баруунд байдаг нь ч жигтэй. Өрнийн хөрсөнд соёолох ёстой байсан нэгэн үр дорноо цэцэглэсэн юм даг уу даа.
         Өвөг эцэг нь буддын хувраг, өөрийн нь аав японы уран зохиолын багш боловч 1949 оны өвөл Киотод орь дуу хадаан мэндэлсэн хүүг уугуул заншил, эх соёлд нь уяж хэн нь ч чадсангүй. Ю.Мишимагийн номыг Гэнжийн туульстай хамт мухар руу чулуудчихаад, Ф.Кафка, Р.Чандлерт шимтэн, “Хакльберри Финнийн адал явдал”-ыг шагшиж хүн болсон нь ийм учиртай. Боомт хот Кобэд хүүхэд насаа өнгөрүүлсэн түүнд америк усан цэргүүд уншсан номоо хямдхан зарж, тамхи тариа залгуулдгын ачийг тэр ханатал амссан хүн. Гэвч уншсан номууд нь түүнийг зохиолч болох хүсэл рүү хөтөлж дөнгөөгүй юм билээ, ядаж тэр үед. Үг, өгүүлбэр мэтгэж суух тухай огтхон ч бодолгүй явсаар тэр 29 нас хүртлээ Токиогийн Peter Cat жазз клубт бартендер хийж байгаад нэг үдэш уншсан ном, ассан хүслээ даган нэг тууж эхлүүлж, уйгагүй суун дуусгаад хэвлэлийн газар явуултал тэр нь утга зохиолын хүрээнд тэсрэлт хараахан болоогүй ч өөр дотроо итгэлийн бяцхан гал ноцоосж дөнгөсөн нь урд уугиахаар хүлээж буй их түүдгийн эхлэл болсон аж. Norwegian wood нь жинхэнэ түймэр дэгдээсэн бол Kafka on the Shore, Wild Sheep Chase, 1Q84 нь галт бамбарыг буухиалж, нэг л мэдэхэд дэлхийн уншигчид Харүки Мураками хэмээх нэрийг андахгүй нүдэлж, зохиол бүтээлийг нь алгасалгүй уншдаг болсон юмдаг. 1987 онд бичсэн Norwegian wood реалист зохиол нь зөвхөн Японд хоёр сая хувь зарагдаж, Токиод түүний эл номыг тавиуртаа залаагүй сэхээтэн гэр бүл байхгүй байсан гэх дэгс яриа гарах хүртэл түгсэн юм. Өөрийнхөө зожигтой гуйвашгүйгээр эвлэрч, утга зохиолын хүрээнийхнээс байнга дөлж явдаг гэх түүнийг нунж төрх, дөлгөөн харцтай нь зохируулан Norwegian wood романыхаа Торү Ватанабэтай тун төсөөтэй хэмээн хэлэлцэх нь бий. Яг энэ тухайд үнэн худлын цэцийг хэнбугай ч тайлж чадахгүй учраас олны үл нуршин, Paris review сэтгүүлд тун саяхан өгсөн ярилцлагыг юутай ч уншъя. Нэгийг олж юуны магад.  

   
  - After the Quake номыг тань уншаад сюрреалист зохиолч хэрнээ зэгсэн сайн реалист роман бичсэнийг чинь хараад гайхлаа. Яг л Norwegian wood шиг. Таны бусад роман, тухайлбал, Hard-boiled Wonderland дээрхээс тэс өөр шүү дээ. Энэ хоёр чиглэлийн алийг нь та голлон барихыг зорьдог вэ?
     - Hard-Boiled Wonderland бол миний бичлэгийн хэв маяг хамгийн тод туссан зохиол. Үнэндээ би реализмд дургүй. Гэвч Norwegian wood бол маргах юмгүй, зуун хувь реалист роман. Энэ хэв маягийг турших, өөрийн болгох хэрэг байсан. Тэгээд л тэр. 
      -Тэгэхээр After the Quake бичлэгийн хэв маягийн туршилт байв уу, эсвэл энэ зохиолыг реалист чиглэлээр хүргэвэл оновчтой гэж үзсэн үү? 
       -Сюрреалист аргаар дагнан бичихийн тулд би нэр алдрын оройд хүрч, тахин шүтэгдсэн зохиолч байх ёстой. Нэг ёсондоо алдах юмгүй гэж үзсэн хойноо эрсдэл гаргана гэсэн үг. Тийм учраас нэг талаар үүнийг туршилт гэж харж болно. Энэ ном Японд бестселлер болсон. Ингэхийг нь ч би мэдэж байсан.  Norwegian wood уншихад, ойлгоход харьцангуй амар ном. Тийм болохоор маш олон хүнд хүрсэн. Миний бусад романыг сонирхож, эрж хайж уншихад ч бас нөлөөлсөн.
       -Norwegian wood Японд ч, Америкт ч бестселлер боллоо. Энэ хоёр орны уншигчдын сонголт, сэтгэлгээ нь адилхан байдаг юм болов уу?
      -Миний сүүлд гаргасан Kafka on the Shore Америкт гурван сая хувь борлогдоход би гайхсан. Энэ зохиолын өгүүлэмж нь хүнд, хөтлөөд явахад хэцүү. Гэхдээ миний зохиол амархан уншигддаг. Бичлэгийн ур талаасаа. Би гурав, дөрвөн жил болж байж нэг роман бичдэг. Тэгтэл хүмүүс намайг хүлээдэг болчихож. Заримдаа итгэмэрээгүй санагддаг. Жон Ирвинг надаас ярилцлага авч байх үедээ “Сайн зохиол яг л хар тамхи шиг донтуулдаг” гэж байсан. Нэг л автвал, салж чадахгүй. Ер нь би зохиолоо бичихдээ бусдын адил төлөвлөгөө гаргадаггүй. Өгүүлэмж өөрөө над дээр ирэхийг хүлээдэг. Энэ зохиол реалист байх уу, үгүй юу гэдгийг эсвэл, түүх хэрхэн хөврөхийг би сонгодоггүй. Зөвхөн хүлээдэг. Ирсэн тэр “юм”-ыг зураглан тодруулах, үйл явдлын хэлхээг шаглан оёох нь миний ажил. Оносон зүйрлэл, хөнгөн үг бол миний утас, зүү. Харин Norwegian wood-ийн хувьд арай өөр. Реалист зохиол бичье гэж анхнаасаа шийдсэн болохоор тэр.
  -Зохиолч болох хүсэл таньд хэзээ ирсэн юм бэ. Эсвэл анхнаасаа хувь заяа, хүсэл зорилго чинь зурагдчихсан байв уу?
 -Би суут ухаантан биш, аархуу амьтан ч биш. Хүмүүс бичсэн номыг минь уншихад дуртай тийм л хүн. Урьд нь би жазз клубт бартендер хийдэг байв. Түргэн хоолны газарт ч ажиллаж үзсэн. Зохиолч болох тухайд бол ямар ч бодол байсангүй. Гэтэл энэ бүхэн гэнэт л надад ирсэн. Яг л бурханаас өгч буй бэлэг шиг.
    -Тэгэхэд хэдтэй байсан юм. Зохиол бичиж эхэлсэн анхны өдрөө санадаг уу?
   -29 настай байлаа. Нэг орой, үүр цайхын өмнөхөн гал тогооны өрөөнийхөө ширээнд тухлаад бичиж эхэлсэн. Тэрийгээ дуусгахад арван сар зарцуулж, хэвлэлийн газар руу явуултал надад урамшуулал өгсөн. Мөрөөдөл шиг, би яг л чихэрний мөнгө халаасласан хүүхэд лугаа баярласан. Тэгээд бодлоо, “Би зохиолч болно. Ер нь яагаад болохгүй гэж” хэмээн. Ийм л энгийн түүхтэй дээ.
  -ХХ зуунд Японоос алдартай олон зохиолч төрөн гарсан. Тэдгээрээс таны хүндлэн биширдэг нь хэн бэ?
 -Багадаа, өсвөр насандаа ч би япон зохиолчдын бүтээлийг шальтай уншаагүй. Сонирхоо ч үгүй. Тайлбар нь жаахан олиггүй л дээ. Би харин ч энэ соёлоос зугатахыг, тэдний нөлөөнд автахгүй байхсан гэж хичээж ирсэн.
  -Аав чинь Японы уран зохиолын багш байсан нь үүнд нөлөөлсөн үү?  
    -Тийм байх талтай. Барууны соёл, Ф.И.Достоевский, Ф.Кафка, Р.Чандлер, жазз хөгжмийг би сонирхдог. Хүүхэд насны мөрөөдлөөр бол би Санкт-Петербург юм уу, Холливудад очиж амьдрах байлаа. Гэхдээ уран зохиолын агуу нь төсөөлөл чамайг хаана ч хүргэж чадна. Мөн одоо хүсвэл дэлхийн хаашаа ч саадгүй очиж болохоор болж. Харин 1960-аад оны үед хэн ч энэ тухай төсөөлж чадахгүй байсан. Тийм болохоор би очих боломжгүй улс, газар орон руу уран зохиолоор дамжуулан зочилсон.
    -Тэгвэл зохиол бичих хүсэл чинь харь, гэнэтийн биш л юм байна. 
   -Тэр үед ямар нэг зохиол бичмээр санагдсан ч яаж бичихээ мэдэхгүй байсан. Японы уран зохиол ямар байдаг талаар юу ч үгүй. Тэгээд уншсаан, Японыг ч тэр, Америкийг ч тэр, бас барууны зохиолчдын номыг ч дэлгэсэн. Тэдгээрийн хэлбэр, бүтэц, ер нь миний уншсан бүх номны бүх юм нь надад таалагдаагүй. Эцэст нь, би өөрийн гэсэн хэв маяг бий болгох ёстойг ойлгосон.
       -Зохиолоо бичиж байх зуураа түгжээгээ тайлах гэж ч юм уу, зөвлөгөө авдаг хүн бий юү. Уран зохиолын хүрээнийхнээс дөлдөг гэж таны тухай хүмүүс хэлсэн.
       -Би их зожиг хүн. Утга зохиолынхны хүрээлэл, сургууль, уулзалт цуглаан ер бүгдэд нь би дургүй. Принцтонд байхад нэг удаа оройн зоогт уригдаж, тэгэхэд Жойс Карол Оатэс, Тони Моррисон нартай танилцсан. Бас Мэри Моррис байсан юм байна. Тухайн үед тэднээс эмээсэндээ би хоолоо ч тухтай идэж чадаагүй. Дараа нь найзууд болсон. Харин Японд надад нэг ч зохиолч найз, дотны хүн байхгүй. Би зүгээр л тэднээс зайтай байхыг хүсдэг.
-Wind-Up bird Chronicle номоо та Америкт бичсэн. Ер нь газар орон өөрчлөгдөхөөр ялгаа гарах уу. Тав тухаас гадна бичлэгийн хийц талаас?
  -Америкт энэ номыг бичсэн дөрвөн жилд би хөндлөнгийн хүн гэдгээ мэдэрч байлаа. Энэ мэдрэмж яг л сүүдэр адил дагаж, тэр нь зохиолд ч нөлөө үзүүлсэн. Зохиол дууссаны дараа энийг хэрэв Японд бичсэн бол тэс өөр зохиол болох байж гэж бодсон үе бий. Гэхдээ сонирхолтой нь Америк дахь “хөндлөнгийн” мэдрэмж миний Японд мэдэрдгээс өөр. Wind-Up bird Chronicle-ийг бичих надад яг л олны өмнө нүцгэлж байгаа шиг жигтэй мэдрэмж төрүүлсэн.
 -Одоогийн Япон зохиолчдоос та хэнийг уншдаг вэ?  
- Рю Мураками, Банана Ёшимотогийн зохиолд дуртай. Гэхдээ элдэв шүүмж, дүгнэлт хэлэх дургүй. Миний ажил хорвоо ертөнцийг, хүмүүсийг ажиглах. Тэрнээс шүүх нь миний хэрэг биш. Аливааг, хэн нэгнийг дүгнэхээс би үргэлж татгалздаг. Мэдээж бидэнд шүүмжлэгчид хэрэгтэй, харин харааж зүхэгсэд огт нэмэргүй. Гэхдээ шүүмжлэх нь юутай ч миний ажил биш гэдгийг мэднэ.
  -Англи хэлээр уншсан анхны ном чинь юу вэ?
 -Росс МакДоналдын The Name is Archer. Эхний хуудсыг нь нээгээд л цаашид зогсож чадаагүй. Тэгэхэд би Л.Толстой, Ф.И.Достоевский, Р.Чандлерийг бас уншдаг байсан юм. Цөм ижилхэн зузаан мөртлөө ер уйдаахгүй, хөтлөөд л явчихна. Миний бичлэгийн хэлбэр Достоевский, Рэймонд хоёрыг нийлүүлээд, дундаас төрсөнтэй нь ижилхэн байгаасай гэж би одоо боддог. Тэднээс авсан юм гэвэл энэ.
  -Кафкаг анх хэдтэйдээ уншиж байв?
 -15 настайдаа. Эхлээд The Castle дараа нь The Trial-ийг уншсан. Хоёулаа надад гайхалтай санагдсан.
 -Сонирхолтой юм. Энэ хоёр зохиол бүрэн бичигдэж дуусаагүй учраас тайлал нь байдаггүй. Таны сүүлд бичсэн The Wind-Up bird Chronicle яг ийм. Үүнийг Кафкагийн нөлөө гэчихвэл дэгсдүүлсэн хэрэг болох уу?
   -Яг ч тийм биш. Та Рэймонд Чандлерийг уншиж байсан байх. Түүний зохиолд дүгнэлт, тайлал байдаггүй. “Тэр алуурчин. Гэхдээ миний хувьд хэн аллага үйлдсэн нь чухал биш”. Тэр таны асуултад ингэж хариулах байсан байх. Би ч мөн адил. Дүгнэлт, тайлал надад онц чухал бишийн дээр миний зохиол бичигдэж дуусаад, угтаа яг юу болж төгссөнийг уншигчтай адилаар би ч бас мэдэхгүй. Бусдын номыг уншихдаа ч гэсэн би төгсгөлд ач холбогдол өгдөггүй. “Кармазовын хөвгүүд”-ийн алуурчин хэн байсан нь надад хамаагүй гээд л сүүлчийн хуудсыг нь хааж байлаа.
  -Зохиол бичиж байх үед үйл явдал таны хяналтаас гарчихвал яадаг вэ. Эсвэл ерөөсөө бичмээргүй, дуусгамааргүй тэр чигт нь орхих бодол төрөх үү?
   -Зохиол бичихийн сайхан нь сэрүүндээ ч зүүдэлж болдогт байна. Хэрэв энэ жинхэнэ зүүд бол хянаж чадахгүй. Харин зохиол бичиж байгаа тохиолдолд чи унтаа биш сэрүүн учраас цаг хугацаанаас эхлээд бүхнийг сонгож болно. Би өглөө босоод таваас зургаан цаг зохиолоо бичээд зогсдог. Маргааш нь үргэлжлүүлнэ. Хэрэв энэ жинхэнэ зүүд бол ингэж яахин чадах билээ.
   -Та ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ?
  -Роман эхлүүлсэн бол би өглөө бүр дөрвөн цагт босоод ажилдаа ордог. Үд хүртэл ажиллаад, би арван км гүйх юм уу, усанд сэлнэ. Дараа нь хөгжим сонсонгоо бага зэрэг ном шагайж байтал оройны есөн цаг болж, унтахаар хэвтэнэ. Ямар ч сонголтгүйгээр энэ өдөр бүр давтагдана. Сүүлдээ дадал болж, ямар нэг зүйлд сатаарахгүй, төвлөрөхөд тусладаг. Оюун санаа болон биеэ нэг зэрэг хянахад гэх үү дээ.
   -Зохиолын дүрүүд тань өдөр бүр уулздаг бодит хүмүүсээс хэр өөр вэ. Тэднийг яаж сонгож, дүрслэн ургуулдаг юм бэ?
 -Би ярьдаг биш, сонсдог хүн. Хүмүүсийн түүхийг сонсохдоо үлгэр яриулж буй мэт тааламжтай байдаг. Хэн байх нь надад чухал биш, тэд юу мэдэрч байна, түүх хаашаа эргэж байгаад анхаарлаа хандуулна. Би зохиолын дүрүүдээ бодит хүмүүсээс сонгодог. Харин зохиол дээр баатрууд маань бодитоос ч бодит санаддаг юм. Учир нь зохиол бичих бүтэн жилийн турш тэд миний дотор амьдарцгаасан болохоор тэр.
  -Зохиолын чинь гол дүрүүд өгүүлэмжийн хийсвэр ертөнцөд таны өөрийн үзэл бодлоор аливаад ханддаг шиг санагддаг. Мөрөөдөл доторх мөрөөдөгч гэх үү дээ. Энэ талаар юу гэх вэ?
   -Ингээд нэг бодоод үз. Би ихрийн өрөөсөн. Намайг хоёр настай байхад нөгөө ихрийг маань хулгайлсан. Тэр цагаас хойш бид ер уулзаагүй. Миний зохиолуудын гол дүр тэр гэж би бодно. Миний нэг хэсэг мөртлөө, яг ч би биш. Бидний ДНХ адилхан хэрнээ өссөн орчин өөр. Ийм болохоор үзэл бодол, аливаад хандах хандлага ч адил биш. Зохиол бичих бүртээ би хөлөө өөр гутланд хийдэг. Яагаад гэвэл би заримдаа би байхаас залхдаг. Харин энэ бол миний өөрөөсөө зугатаж буй нэг хэлбэр. Энэ зүгээр л төсөөлөл л дөө. Хэрэв чамд ургуулан бодох чадвар байхгүй бол зохиол бичихийн хэрэг юу байх вэ дээ.
-Таны номууд явцын дунд зузаараад л байх юм. Сүүлдээ бүр гурван боть боллоо. Энд ямар нэг тайлбар бий юү?     
-Миний эхний хоёр ном Японы уран зохиолын уламжлалт хэлбэрийг эвдэх зорилготой байсан. Би зөвхөн гаднах хүрээг нь үлдээгээд, доторх бүхнийг нь шидлэн хаяхыг зорьсон. Дараа нь тэр хүрээн дотор шинэ бөгөөд өөр зүйл оруулах гэж хичээсэн юм. 1982 онд гарсан миний гурав дахь ном Wild Sheep Chase-ээс эхлээд энэ бүхэн амжилттай хэрэгжиж, би өөрийн хэв маягийг олж авсан. Тэрнээс хойш таны хэлсэнчлэн миний номууд улам л зузаараад, өгүүлэмж нь ярвигтай болж байна. Шинэ зохиол эхлэх болгондоо би өмнөх зохиолын бүтцийг тэр чигт нь устгаад, цоо шинийг туршихыг оролддог. Ийн шинэчлэх тоолонд бичлэгийн хэлбэр, дүрүүдийн нөхцөлийг өөрчлөх болно. Хэрэв ингэхгүй бол би ч уйдна, уншигч ч уйдна.
-Та орчуулагчидтайгаа хэрхэн харилцдаг вэ. Орчуулгын явцад та тэдэнтэй харилцаж, холбоотой байдаг уу?  
-Орчуулга эхэлмэгц тэд надаас маш ихийг асуудаг. Харин эхний хар ноорог гармагц нь би уншдаг. Номын англи эх чухал. Яагаад гэвэл Хорват, Словени зэрэг жижиг орны орчуулагчид япон эхээс нь биш, англиас нь өөрийн хэл рүү орчуулдаг. Тэгэхээр бүх юм жин тан байх ёстой.
-Та Карвер, Фицжеральд, Ирвингийн номуудыг япон хэл рүү орчуулж байсан. Уншигчийн хувиар үнэн голоос дурласандаа ингэсэн үү, эсвэл таны зохиол бичихэд тус дэм болох талаас уу?
-Надад ямар нэг талаар өгөөжтэй номуудыг би орчуулдаг. Дээрх реалист зохиолчдоос би олон зүйл сурсан. Орчуулах явцад уншигчийн байрнаас хэдийнэ хальж, бичлэгийн арга техникийг нь мэдэх бололцоотой. Хэрэв би Дон ДеЛилло, Жон Барт, Томас Пинчон зэрэг пост-модерн зохиолчдыг орчуулбал миний хэв маяг задрах учраас “аюултай” Тэдний ажлууд надад таалагддаг ч, орчуулах сонголтоо би реалистуудаас хайдаг.
-Жазз хөгжмийн урсгал таны зохиолын салшгүй нэг хэсэг нь болж. Жаззд та тийм дуртай юм уу?
-13 настайгаасаа эхлээд л би жазз сонссон. Үг, аялгуу, хэмнэл гээд бүхэн нь их чухал нөлөөтэй. Ялангуяа надад. Блюз сонсогоо зохиолоо бичих дадалтай. Уг нь би хөгжимчин болно гэж боддог байсан ч, авъяасгүйн улмаас уран зохиол руу орсон. Гэвч ном бичих нь хөгжим тоглохтой төстэй. Жазз миний хувьд аялал, оюун санааны аялал. Зохиол бичихтэй адилаар би хөвж оддог. Жазз уран бүтээлчдээс би Стэн Гетз, Гэрри Муллиганд дуртай. Аа бас, Майлэс Дэвис, Чарли Паркерийг хэлэх хэрэгтэй. Хэрэв чи надаас хэнийг хамгийн их сонссон бэ гэвэл би Майлэсийг хэлнэ. Тэр бүтээгч, шинэ санаа гаргагч.