Dec 22, 2014

Цэнхэр, усан цэнхэр, гүн хөх


Playlist: Гүн хөх. Don’t let me be misunderstood-Nina Simone, Isn’t it a pity-Nina Simone, Hurt-Johnny Cash, De cara a la Pared, Nobody knows –Elsaine, Stay with my heart-Sophie Zelmani, I can’t make you love me-Bon Iver, It must have been love-Roxette, Хүлээлт-Нандинцэцэг, Piece by Piece – Katie Melua, Blower’s Daughter – Damien Rice, Mad world-Gary Jules, Al otro lado del rio-Jorge Drexler.
Playlist: Усан цэнхэр. Caravan-Passenger, Somewhere in the memory-Home alone, Riots-A.R.Rahman, Let me be-Xavier Rudd, Bratya Grim-Leto, Bolero-Ravel, Hit the road jack-The Foxflies, My Way-Nina Simone, Simple as this-Jake Bugg. Gangsta Blues-Tanvi Shah.
Playlist: Цэнхэр. Dreamer-Sophie Zelmani, Best for Last-Adele, Baby-Fishmans, Top of The world-Carpenters, O…Saya-A.R.Rahman, Shy Boy-Katie Melua, Cheers Darlin’-Damien Rice, Les Etoiles-Melody Gardot, Сарантуяа-Хайрласан сэтгэл, Baby it’s cold outside-Dean Martin.

            Цасан ширхэг бүхэн өөр өөр талсттай, зарим нь хөвсгөр, зарим нь хатуу, зарим нь ердөө нүдэнд харагдах төдий өчүүхэн жижиг, ер нь л цөм давтагдашгүй хувь бодьгал атал хэдэн сая, живаагаараа буулаа ч тэдгээрийг бид цас л гэнэ. Нэр ч үгүй, би ч үгүй, бүр тэр гээд хэлчих тунхаглал ч үгүй зуурхан оршоод дуусна гэдэг хачин амирлангуй хэрэг ээ. Тэдэнд ер ертөнцийн үйл хэрэгтэй хутгалдах, өөрийгөө олох, буяны нүглийн заагийг таних, ухамсартайгаар орших, үйлийн үрийг ухах хэрэг үгүйеэ. Намрын анхны, өвлийн дунд сарын, эсвэл хамгийн сүүлийн цас болж буухад ялгаа байдаг болов уу? Аль нь хамгийн эрхэм хүндтэй үүрэг бол оо?
Ээ, би ахиад л дэмийрэх нь, Тэрэлж хүрэхээр алхаж явахад чинь цас орж таарлаа, яарч биш аядуу хөнгөн бууж байна, эргэн тойрны зүс хувирч, буух цасанд дарагдан амсхийж байна, амьсгалах агаар сэргэг, шинэхэн цасан дээр гишгэгч чиний явдлаас хөгжим эгшиглэж байна, үйлээ үзэн хэзээ ч олохгүй утгагүйг ухах хэрэг байна уу, яваад л байвал болоо биш үү? Үнэхээр энэ цас орж буйн учгийг энд, одоо ухах хэрэг гарсан юм бол, тэрийг чамаас өмнө найрагч эмэгтэй хамгийн сайхнаар хэлчихсэн шүү дээ, “Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч...”. Энэ мөр л, энэнээс илүү ер нь яах ч билээ.
Утсан дотор минь “Lemons”-ийн “Шөнө дунд цас орж байна” дуу бий, нээрээ. Гэхдээ  тэрийг ер нь нэг ч удаа утаснаасаа сонсож байгаагүй байх аа. Сайн зохиолыг ямар ч кино сэглэдэг шиг сайхан шүлгийн сайхныг алдахгүйгээр дуу бүтээнэ гэдэг бүтэхгүй хэрэг. Тэр шүлгүүд өөрийн аялгуу, өөрийн хоолой, өөрийн найралтай байдаг болохоор тэр. Миний утсан дээр огт сонсдоггүй, гэхдээ байж байх ёстой дуунууд хэд хэд бий, тэдний нэг, хөөрхий. Тэнд жилдээ нэг л сонсох, эсвэл намайг дурлах хүртэл, намайг хаягдах хүртэл, тэр зовлонгоо дааж чадахаа байгаад “үхэж үрэгдэх” үеийг л хүлээж байгаа дуунууд байдаг юм. Одоо сайхь тэд надтай хамт, үүргээ гүйцэтгэж явна. Сайхь тэд гэдэг нь миний “Гүн хөх” playlist дэх дуунууд. Дурлаж, хаягдаж, зовлондоо шигдсэн надтай ханилаад Тэрэлж хүртэлх замыг туулж буй нь энэ. Гарахаасаа өмнө би блогтоо ийн бичсэн. “Авч чадаагүй хэн нэгнийг алдах шиг хэцүү учрал байдаг гэж үү? Хараад л, бодоод л, мөрөөдөх бүрт илээд авмаар ойрхон хэрнээ, хүршгүй холын холд оршино. Хэрэв амссан бол, ядаж нэг удаа мэдэрсэн бол алдах надад хайран биш ээ. Харин хэзээ ч минийх байгаагүй чамайг хэн нэгнийх болохыг харах амаргүй юм. Миний амсаж чадахгүй жимс, миний хүрч чадахгүй гэрэл”. Ер нь нэг иймэрхүү л юм болсон гээд та бодчихоорой. Энэ бүхний дараа ажил, гэртээ ч очих сэтгэлийн тэнхэл хүрэлгүй хэсэг ганцаараа бүгэх гээд хэн ч намайг хүлээгээгүй амралтын газар руу хэнтэй ч биш ганцаараа яваа юм.
Уг нь миний өвлийн ичээ амралтын газрын хүйтэн өрөө биш, би ч тийшээ ийм эвдэрхий сэтгэгдэлтэйгээр явах ёсгүй юм л даа. Дотор минь нэг сайхан зураглал байдаг юм. Модот уулын энгэрт ганцхан хүнд зэгсэн тохирсон нэг дүнзэн байшин байх ёстой. Тэр байшингаа би Макондо гэж нэрлэнэ, тэнд залхуу явдалтай нэг нохой байх хэрэгтэй. Номын жижигхэн шүүгээ, кофений хайрцаг дүүрэн байх ёстой, аа бас лаа, гаанс дүнсэн тамхи, жаал зугаа идэх юм, хамгийн чухал нь тэнд ил гал, эвтэйхэн сандал хэрэгтэй. Үзэг цаас, хуучин муу пянз тоглуулагч минь, хэдэн пянз дээр нь миний “Цэнхэр” playlist байвал л бол оо. Тэгээд л юм бичээд суувал юутай аятай, гэвч миний одоо зорьж буй газар эдгээрийн аль нь ч байхгүй. Уг нь дээрх зүйлсийг олоход хэцүү биш, тийшээ нэг мөр явчих ч амархан. Гэвч юу намайг хүлээд, юу намайг мөрөөдлөө биелүүлэхэд саад болоод байдгийг би өөрөө ч мэдэхгүй. Буй биеэрээ биелээгүй мөрөөдлийн оршуулгын газар болчихоод гуньж явах шиг зүхмээр юм байдаггүй аж.
Тавлаж байгаа мэт энэ үед яг Нина Симоны “Isn’t it a pity” явж таарлаа. Золгүй надтай зовлонгоо хуваалцаж байгаа мэт энэ хоолойг нь ээ. Тэр ер нь ямар ч үед хажууд байж чадах итгэлт нөхөр шиг санагддаг. Үүний дараа би “Sinnerman” сонсох болно. Тэгээд баахан гунина. Хэсэгтээ юу ч сонсохгүй алхаад л байна. Овоо тавирч ирээд “My way”-ийг түүний хувилбараар сонсоно. Кофе, тамхи, ганцаардал шиг дээрх гурван дууг угсруулбал төгс зохицол болно. Яг л ийм цастай өдөр Нина Симонийн “Sinnerman”-ийг анх сонсож байлаа. Тэр арван минут, 22 хоромын хашгираан байсан. Гэхдээ тэр хашгираан дотор бүрэлдсэн хэлэгдээгүй үгс, дарж орхисон сэтгэгдлийг минь хамаад миний өмнөөс хамгийн чангаар гаргах шиг болсон.
Тэрэлж явж буй минь л үнэн гэвч одоо хаа яваагаа мэдэх юм алга. Зам, цас хоёр л намайг хөтөлнө. Уулс модод цөм цагаан төлөвт хувирчээ. Яагаад ч юм нэг л хиймэл санагдах нь хот газартай хэтэрхий ойрынх нь юм байлгүй. Таримал зүлэг, цэцэрлэгт хүрээлэнгээс ялгарах юу ч үгүй мэт. Эсвэл магадгүй олны хөлд тахиулсандаа тэр байх л даа. Чимээгүй нь л сайхан гэхээс өөр дурлах шалтаг алга. Цастайд зөрөх машины гэрэл яг л бүрхэг өдөр үүлний цаанаас үл ялиг шарлан харагдах нартай адилхан харагддаг юм байна. Цас болохоор аажмаар амирлан буй би, би болохоор салхины аясаар үл ялигхан найгах, цасанд дарагдсан ч бүхэлдээ бүрүүлчихээгүй, хатаж хоцорсон модны навч шиг санагдана. Одоо Хорхэ Дрекслэрийн “Al otro lado del rio” цасны төлөвт хувирчихлаа. Чихээр дамжаад дотор будраад эхэллээ. Ээ, би ингээд л амгалан болчихлоо. Хайж байсан бүхэн минь хаа нэгтээх нэг газар биш, харин хаа нэгтээ хүрэх зам л байж шүү дээ.
Буцахдаа би “Усан цэнхэр” playlist-ээ сонсоно. Хэрэв тэгэхэд дахиад цас орж таарвал би ширхэг болгонд нь нэр өгнө

Усан цэнхэр plalist 
https://www.youtube.com/playlist?list=PLhXGBjtRNz67VNh_cOPUrs3Ja32zZxMCj

Цэнхэр playlist
https://www.youtube.com/playlist?list=PLhXGBjtRNz65xKk53GWjEQlt3i9MdZzM7

Гүн хөх playlist 
https://www.youtube.com/playlist?list=PLhXGBjtRNz67kN9aO_tP_PXFbNhmUltyC

Dec 17, 2014

Захидал


         Б.Ганчимэг танаа  
           
         Сайн байна уу гэсэн сайхан монгол үгээр, амар байна уу гэсэн Ар Монгол ёсоор танд энэхүү захидал очих өдөр, унших цагийн мэндийг дэвшүүлье. Бас намрын мэнд!
        Захидлын энэ эхлэлийг би дөнгөж сая аав, ээжийнхээ хайрын захиаг хайр найргүй уншиж дуусгасныхаа дараахан олсон бөгөөд, хорвоо дээр 23 жил амьдрахдаа (хаха) ховорхон захиа бичсэнийхээ нэгийг танд зориулж буй нь энэ юм шүү. Таньтай ярилцлага хийхсэн гээд хэдэнтээ холбогдож, нэгэнтээ уулзах тохиол бүрдэхийн урд орой “Эгч рүүгээ асуултаа явуулчих юм уу?” гэж хэлсэнд тань сэтгэл дундуур хоцорсон нь энэхүү захидлыг бичихэд ихээхэн түлхэц болсныг нуух юун. Гэвч үүнтэй зэргэцээд юу чухам ингэхэд хүргэсэн болоод яагаад тийн хэлсний учрыг гадарлаж буй учраас цааш ургуулсангүй.
        Налаад л суухсан гэж таны гэгээхэн хүсдэг, гэвч үнэн хэрэгтээ өөрийг тань өөрөөр тань онгичуулж, орь дуу тавихыг чинь ч үл тоон сэмлэдэг, буй бүхнийг чинь шавхдаг, үртэс ч үлдэхгүйгээр үг болгон гаргахаас өөр аргагүйд хүргэдэг “увайгүй” намар ирээтэхлээ. Урагдаж дуусах, эсвэл ураад нэг мөр дуусгахын алинд та бэлэн байна? Өөрийн хүслээр биш ч гэлээ, намрын эхэн сарыг ганцаарханаа давсанд тань атаархаж байнашүү. Юу олов, юу чагнав гэдгийг тань асуухыг хүслээ, бас. Зуур харин Улаанбаатар зүсээ олжээ. Манай хотод ер нь намар л зохидог болов уу гэж бодоод байгаа. Зуны цовоо цолгиун яавч зохидоггүй, хавар нэг тиймхэн, өвлийн тухай бол дурсаад ч нэмэргүй. Харин намар л...Үзэхээс ихийг үзсэн энэ хот гял цял, гялгар чаминд үнэндээ дургүй шиг санагддаг. Саарал байшингуудынх нь хормойгоор шар навчис дэвсээтэй тэр жилийн намрууд, миний үзээгүй намрууд, танай үеийнхний дуртгалд хоцорсон тэр гоё зураглалуудыг хардагсан бол уу!
      Нээрэн, нөгөө Москвад очиж сурах юу болов. Дэрнийхээ цаана “хуучин дурлал”-уудаа өрчихөөд өдөржин, шөнөжин тэднийгээ мэрээд, зохиол болон цааснаа буух гэж яаран тонгочиж байгаа үгсийг яаж өдий болтол дарж зүрхэлнэм, яаж цаашид тогтоон барина гэж санав? Шинэ ажил, хэлж ирдэггүй бүхэн шалтгаан мөн, гэвч үнэндээ та өөрөө ч удаан барьж тэсэхгүй гэдгээ мэдэж байгаа байлгүй. Энэ бүхнийг “хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл” болгоход та хэтэрхий залуу байна шүү дээ гэж бөх зүрхэлээд энэ сэдвийг хаая J.
       Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ийн босгоор, өөрийн тань хэлсэнчлэн, өвдөг чичрэн орж байснаас чинь хойш 18 жил өнгөрсөн байна даг шүү. Гэрлийн хурдаар өнгөрүүлсэн жилүүдийнхээ тухай энд тэнд ярихдаа та өвдөг чичирч ороод, өвдөг чичрүүлэх болсон хоёрыгоо л дурссан байна билээ (хэргээр бяцхан дэгс нэмлээ шүү). Хэдхэн жилийн дараа “Ардын эрх”-ийн тэргүүн бичлэгийн шагналыг их хүн Л.Түдэв гуайн хамт авах хүртэл хүндэтгэл зүгээр нэг сулдаа ганхан жороолж байхад чинь ирээгүй нь лав. Юунд хүрсэнийг тань л бид мэдэх болохоос биш юуны төлөө, юуг туг болгоод, юугаа зольж, чухам юу олсныг тань огт мэдэхгүй. Нээлттэй юм шиг хэлэхээ хэлж, хяргахаа хяргаж, хайрлахаа хайрладаг атал дотроо бас хаалттай хаалга, хав дарсан дурсамжууд олонтой хүн шүү, та. Гэснээс олон хүн таныг “төмөр хатагтай” гэж боддог юм билээ. Мэдэж байна аа, би тийм биш шүү дээ гэж өөрийгөө өмөөрөөд хөхрөхийг тань. “Fuck you, сайд аа” гэж нийтлэлээ гарчиглаж байснаас авахуулаад шулуухан бичиж, “бомба” тэсэлдэг тань хэсэг нийтэд тийм сэтгэгдэл төрүүлдэг юм болов уу. Атал та ямар хүнб? Гэнэт нэг их гунина, нэлэнхүйдээ сэмэрнэ, амьдралыг өөртэйгөө, ойр тойрныхонтойгоо нийлүүлээд үзэн ядна, зүхнэ, тэгснээ тэнгэрт нисчихсэн явна, өөр чухам яадаг юм бүү мэд. Ийм төмөр л би үзээгүй, хувьдаа :P. Итгэнэ үү, байна уу өөрөө мэд.
            Намар та нэг ярилцлага өгөхдөө намайг ганц түлсэн шүү. “Эрх чөлөөнд” чинь атаархаж байна гээд л зүгээр хэлчихийн оронд “бэртэгчин” гэхдээ ч яахав дээ :P. Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд, өөр рүү минь мессеж бичээд байгаа юм аа, бас. Гэлээ ч шувуу бүхэнд үг заагаад, шуудан бүхэнд захиа дайгаад явахгүйг тань мэдэх учир “хайр”-аа илэрхийлэх хачирхалтай хэлбэрүүдийн чинь нэг гээд л бодчихсон, мөн үү? (хэхэ). Гэтэл би танд яаж дурлалаа илчилсэн. “Орхон дээр уулзъя”-г уншчихаад, даруйдаа мессеж бичиж сэтгэлээ нээгээгүй билүү? “Аав бид хоёр”, “Шар туяа”-г уншихчаад үүр шөнийн заагаар, бас бичээгүй билүү, би? Дашрамд эдгээр сайхан уянгын нийтлэлийн удаахууд хаачив. Энэ намар танаас их юм хүлээж буйгаа дайсан гэж ойлгоорой. Твиттерт бужигнуулсаар ийм гоё намрыг алдваас хайран шүү. Тэнд харин та “Би нэг л юманд баярлах юм. Миний дурсамжууд огт гэмтээгүйд...” гэсэн байна билээ. Гэмтээгүйгээс гадна та дотроо бүр уячихсан юм билээ. Тэрийгээ айраг шиг бүлээд л, иссэн сайхнаас нь амсуулдагт дуртай.
       Ярилцлагын “хатан хаан” гэх юм, таныг. Гэхдээ хүмүүсийн ийн нэрлэхээс илүү “Ярилцлагын туг миний ширээн дээр бий” гэж хэлсэн тань бардам бөгөөд “зэвүүн” санагдсан. Хүнийг нээх, таньж мэдэх ер нь хэцүү ажил үү? Хүнийг байтугай өөрийгөө танихаа болих үе танд олон уу? Гэтэл бас нээгээд дуусахгүй, уншаад дуусгамааргүй ном шиг харамламаар, хадгалмаар хүн байна уу, Тасралтгүйгээр хамгийн удаан ярилцаж чадах, хүсэх хүн чинь хэн бэ? Нээлгүй ерөөсөө нэвсийтэл нь нэг булан руу шидчихмээр хүнтэй олон таарав уу? Хэзээ та өөрийгөө том хүн боллоо гэж бодов? Эмэгтэй хүн байх хэцүү юү, эр хүн байсан бол гэж бодож байсан уу? Таныг бий болгосон гэр бүл, таны бий болгож яваа гэр бүл хоёрын хооронд хэр их ялгаа байна? гэхчлэн миний угсруулж буй шиг асуултын тэмдэг бариад л таньж, мэдэж, ойлгож явах сайхан ажил. Мэдэхгүй бүхэн, учраагүй гайхамшиг, уулзаагүй агуу сэтгэлтнүүд дуусдаггүйг нь бодохоор амьдрал ч бас муугүй эд шиг санагдаад байгаа. Яг энэ мөчид саваагүй хөдлөөд асуухад, ярилцлагчаасаа асууж болдоггүй асуулт гэж байх уу (жишээ нь би танаас “Та эмэгтэй хүнд дурлаж байсан уу” гэвэл ч юм уу), эсвэл асуучмаар болсон ч хэлээ хазаад өнгөрөх тохиол олон уу? Жич: Заавал хариулаарай тэр хаалтанд хийсэн хэсэгт.
Манай нэг найз өөрийнхөө юмыг байн дахин унших нь “гар хангалга”-ын нэг хэлбэр шүү гэж байсан удаатай. Та ер нь бичсэнээ эргэж уншдаг уу. Бас би нэг юмыг гайхаж бас, хүлээдэг. Миний адил 23-тай байгаагаа эргэж шагайвал ямархуу охин төсөөлөгдөх юм. Хамгийн чухал нь өдийг хүртэл явахдаа танхил залуу насныхаа аалиас алдсан нь олон уу, үлдээсэн нь их үү? Нэгэнт таниас явж одсон хамгийн үнэт чанар, хайрламаар нандин юм чинь юу байв, хэлээч. Тэрийгээ л ариглан гамнаарай гэж юуг онцлох нь надад сонин бөгөөд чухал байна. Өөрийн минь дотор дэлхий байтугай манай нарны аймаг бүхлээрээ багтаад байгаа нь насных биз, өнө үргэлж ийм байх боломжийг амьдрал хүнд олгодог юм байна уу, үгүй юм уу хариулаач.
Энд бас асуухад, эрийг юу (жинхэнэ) эр болгож, эмийг юу эм болгодог юм бэ? Таныг “хоёр хүйстэн” гэж боддогоо хэлж буйд минь өршөөгөөрэй (хэхэ). Яагаад ч юм танаас эр характер мэдрэгдээд байдаг. Дандаа (жаахан хэтрүүлэв) эрэгтэй найзуудтай, тэдэнтэйгээ ана мана үзэлцэж явах. Тийм байтал бас наалинхай нь дэндүү болчихно (заримдаа бүр жаахан хүүхэд шиг болчихдгыг энэ удаа орхилоо шүү) гээч.
Дуртай бас мөрөөдлийнхөө ажлыг хийж буй маань үнэн боловч ажил үргэлж, дандаа сайхан байдаггүй. Заримдаа хийж буй маань үйлдвэрлэлийн шинж чанартай болоод эхлэхээр яахаа мэдэхээ больчих юм. Та ийм үедээ яадаг вэ? гэж асуучихаад нэвсийсэн урт юм болохоос нь өмнө захиагаа өндөрлье.
Өөрийнхөө хамгийн бүтээлч байдаг шөнө дөлийн заагаар ийн бичлээ шүү, болгооно уу!
Таныг хүндэтгэсэн Ж.Тэгшжаргал


Ж.Тэгшжаргал танаа 

Сайн уу. Гараар бичсэн уртын урт захидал авах шиг сайхан зүйл хаа байх вэ. Тэр тусмаа өөрөөсөө 20 дүү залуугаас. Энэ үнэхээр аятайхан мэдрэмж юм аа.
Ноён Ж.Тэгшжаргал танд наргил шаргал намрын мэндийг хүргэн хариу захидал бичиж байна. Би захиа гэдэг зүйл хүмүүсийн харилцаанд жинхэнээсээ байдаг байсан тэр үед өссөн л дөө. Захиа авч, бас догдлон байж захиа бичих нь тэр үеийн миний гэгэлгэн амьдралын нэг хэсэг байсан ч гэж хэлж болно. Цэрэгт, оюутан залууд, ангийнхандаа гээд хичнээн олон захиа бичсэнээ мартжээ. Бичээд л бичээд л...бас шуудан ирэхийг хүлээж, захиа ирвэл тэр өдөржин нисчихдэг догдлуун амьтан явлаа. Залуу, ноёнтон та дуу хураагуургүй, өөд өөдөөсөө албажуу харан сууцгааж асуулт хариулт болох “онц биш” аргачлалыг тун өвөрмөц аргаар сольжээ. Надад таалагдаж байна.
Тийм ээ, намар ирчихлээ. Хаалгаар гараад явангуут нь санаж эхэлдэг амраг шиг, ирэхээр нь баярлаж, цааш алхах зам боогдох тусам шархлан шаналдаг яг л тийм нууц амраг шиг, минийх юм шиг, тэгсэн хэрнээ гарч одохдоо хүнийх гэдгээ хаалганы хатуу чимээтэй хамт тунхагладаг бусдын эр шиг зэвүүн намар хүрээд ирлээ. Би энэ зэвүүн намартай сүлэлдэн уусч, сэтгэл зүрхээ цөлмүүлээд цас нэвсийн орохоор ай, ашгүй чи явчихав уу гэж араас нь сэнсэртэл санаа алдах өдрөө хүлээж байна.
Урьд нь намраас навсайтал зүүгдэж байгаад ямар нэгэн юм авч үлдэхийг хүсдэг байснаа нуухгүй ээ. Гоё санаанууд, ядаж ганц хоёр шүлэгтэй хоцорвол олз гэж боддог байж дээ. Энэ намрыг харин тийм олзны төлөө үрэхгүй бололтой. Би илүү завгүй, илүү их ажилладаг, шуудхан хэлэхэд албаны маягийн зорилготой болчихлоо. Энийг би хүссэн гэж үү дээ гэмээр сонин, дасч өгөхгүй байгаа ч жаргалтай байна. Цэвэр утгаараа уншигчдын өмнө өөрөө хариуцлага хүлээдэг болон өөрчлөгдчихлөө, миний амьдрал. Гэвч чи үүнийг мэдэж байгаа болохоор ингээд орхилоо.
Москваг мөрөөддөг насан туршийн зовлон, зохиолч болохыг хүсдэг салж өгдөггүй шаналанг минь хөндөж намайг өвтгөхөөр шийдээ юу. Нээрээ та 23 тай, салхи шиг дураараа, сайхан эрх чөлөөтэй “амьтан”. Харин би 43 тай, хагас эрх чөлөө, хангал зоргоороо үеэ дуусгачихсан эмэгтэй. Та ч хатгахдаа сайн юм аа. Гэхдээ энэ чанар сэтгүүлч хүнд хэрэгтэй шүү.
Сэтгүүл зүйн их өргөөний хаалгаар өвдөг чичрүүлэн орж байсан үеэс хойш нээрээ олон жил өнгөрчээ. Одоо харин хүүхдүүдийн өвдөг чичирдэг эсэхийг би мэдэхгүй юм. Юуны туг болж явснаа, юугаа зольж, юу олсноо мэдэхгүй нь ээ. Цэгнэхэд эрт ч байж мэдэх юм.
Тийм ээ, миний дотор хаалттай нэг өрөө байгаа. Тэр өрөөндөө би мөрөөдлийн зохиолоо бичиж, мөрөөдлийн эртэйгээ амраглаж, мөрөөдлийн улирлуудаа гаднаа уячихаад мөн нохой тэжээж, цамц нэхэж, цонхоор ширтэж амьдардаг. Ганцаараа улаан дарс шимэж, галын үнэрт хөнжилдөө хөлбөрөн галзуурч, гар хангалаг...галзуу мөчүүдийг эдэлдэг. Тэгснээ ганиран уй гунигт автаж, гарч навчсын шуурганаар алхдаг. Өөр та юу хэлүүлэхийг хүсч байна. Өө, би энэ хотын хамгийн галзуу эмэгтэйн хариултыг өөрт тань бичиж чадаж байна уу.
Бусад албаны амьдрал, алдагдсан, бас ассаар байгаа миний мэргэжлийн орон зай, нэр хүнд...таны ишилсэн “Ярилцлагын туг миний ширээн дээр бий” гэж хэлсэн бардам үг...тэмцэж тэрсэж байдаг чанараа ч буцаамааргүй байна. Одоо тэгээд яах билээ, хонгор дүү минь.
Тийм ээ, өөрийгөө танихаа байх үе надад тохиолддог. Нээгээд дуусахгүй, уншаад дуусгамааргүй ном шиг харамламаар,хайрламаар хүн харин одоо надад алга. Нээх ч хэрэггүй, нэвсийтэл нь нэг булан руу шидчихмээр нөхдүүд тааралддаг. Өөрийгөө би том хүн болчихлоо гэж  21 жилийн өмнө ээж болохдоо бодсонсон. Ккк одоо охиноосоо ч гэнэн аашилж тэр “Том хүн” гэдэг арал руу очиж үзээ ч үгүй яваа юм шиг хааяа санагддаг.
Амьдрал бас ч гэж муугүй гэдэг үнэн шүү. Гэхдээ өвдөх хэцүү. Өвдөж, эмнэлгийн байшингаар явах муухай. Цаагуураа л халуун бүхнийг минь идэж байх шиг мэдрэмж төрөхийг анзаарсан. Ийм мэдрэмжтэй учрахгүйн тулд амьдралаа гамнаж, эрүүл мэндээ хайрлаж явах чухал шүү. Эгчирхэх нээрээ ийм зүгээр гэдгийг анзаараагүй юм байна.
Ярилцагчаасаа асууж болдоггүй асуулт гэж байдаг уу гэж та надаас асуужээ.Би хариулъя аа. Гагцхүү яаж эвгүйцүүлэхгүй, уран, амтлаг асуух вэ гэдэгт л бүх учир бий шүү дээ.
Чи надаас “Та эмэгтэй хүнд дурлаж байсан уу” гэж асуух тийм ч гаж юм биш. Зарим үед эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү барьж үзмээр сонирхолтой, бас илүү амтлаг харагдах үе бий юу...ч юм уу. Эсрэг хүйсний хүнээсээ авдаг тэр гоё таашаалыг ижил хүйстнээсээ авч болдог тэр амьдрал таны хувьд юу вэ....эсвэл та бэлгийн цөөнхийнхний талаар ямар бодолтой явдаг вэ....энэ мэт түмэн янзаар асууж болно шүү дээ. Залуу, ноёхой та үүнийг сайн мэдэж байгаа.
Амьдрал харамсалтай нь бүх боломжийг тааруухан хүмүүст илүү их олгоод байх шиг харагддаг. Гэхдээ би атаач хүн биш. Би зүдрэхээс нэг их халгадаггүй шүү. Энэ л миний дотоод хүчийг бүтээж байдаг байж магадгүй.
Ээ бурхан минь, та чинь бас ямар гээчийн юм асуух нь энэ вэ. Эрийг юу эр болгож, эмийг юу эм болгодог вэ гэнэ үү....Би хариулъя аа.
Эрийг хайрлах чадвар, хамт байгаа бүсгүйгээ уйлуулж, бас нулимстай инээлгэж, өөртөө шингээж, бас жаахан гажигтай болгочихоод гараас нь хөтөлсөөр өтлөх чанар нь эр болгодог. Энэ бүхэн байхад эм хүн эм байдаг. Бас нууцхан шивнэхэд эмийг үнэндээ юу ч болоогүй юм шиг араар тавьчихдаг ч бас юу ч болоогүй юм шиг амандаа дуу аялаад нөхрийнхөө цамцыг угааж зогсдог сийхгүй чанар нь эм байлгадаг юм ш дээ. Би жаахан фантазитай хариулж байгааг та мэдэрч байгаа биз дээ.
За, ингээд Залуу ноёнтон Ж.Тэгшжаргал танд бичсэн захиагаа өндөрлөе дөө. Танд эмэгтэй хүнийх шиг хорон атлаа гэгээн цагаан мэдрэмж, эр хүний шазруун тэсвэр аль аль нь байдаг шиг надад санагддаг. Охид одоохондоо тоглоход амархан санагдаж байж мэдэх юм. Харин жинхэнээсээ зүрхэнд чинь хадаас зоож чадах хүн энэ хорвоод эмэгтэй хүн л байдаг юм шүү...бардам танхай залуу насаа сайхан эдлээрэй. Өө, нэг асуулт байна. Салхи хаашаа та тийш ээ байж нээрээ чадаж байна уу даа.....ккк 

Dec 8, 2014

Нүдэнд минь тээр болсон хувцас хунарыг зайлуул, Нүцгэн биеийн тэнгэрлэг сайхныг магтъя... Р.Ч

            


Сэтгүүлийн хуудас эргүүлсээр энэ хүрсэн, тогтон уншихаар шийдэгч танд талархахын зуур нэг зүйл хүсье. Дорх гурван хувилбараас аль нэгийг нь сонгоорой, тийн бодоод уншаарай. Эцэст нь энэ хэсэгт дахиад ирээрэй...
            А. Moon бол гаж донтон. Магадгүй Монголын хамгийн их нүцгэн бие харсан хүний нэг. Хүний нүцгэн байгаад, бас нүцгэлэхээс нь таашаал авдаг. Түүний фэйсбүүк пэйжэд нүцгэн зургаас өөр бараг юу ч байхгүй.
В. Moon ерөөсөө ч гаж донтон биш. Тэр бол уран бүтээлч. Nude art, эротизмын голыг хамгийн сайн олсон хүн. Тэр нүцгэн гэдэг ойлголтоос садар хэмээх утгыг салгаж чадсан. Түүний фэйсбүүк пэйж дэх зургууд бол Монголын урлаг дахь шинэ, ховор үзэгдэл.
С. Тэр ерөөсөө ч гаж, эсвэл ховор үзэгдэл биш. Та бидэнд шиг л хийж буйдаа шалтгаангүйгээр дурласан нэгэн. 
                                                                                                                                              
-Нүцгэн гэрэл зурагчны чинь хувиар хүмүүс чамаас асуудаг хамгийн залхмаар, дургүй хүрэм асуулт юу вэ?
-Чиний моделиуд найзууд чинь үү, эсвэл чи өөрөө юү? гэх мэтийн асуултад ёстой дургүй. Моделиудынхаа царайг гаргалгүй, зөвхөн бие, биеийн хэсгийг нь харуулдаг болохоор ингэж асуудаг байх л даа.
-Таныг залхаахыг минь зөвшөөрнө үү. Чиний моделиуд найзууд чинь үү, эсвэл чи өөрөө байдаг уу?
-Хаха, би нүцгэн гэрэл зурагчны хувьд моделуудынхаа нууцыг хадгалах ёстой. Тиймээс хэнд ч энэ тухай ярьдаггүй юм.
-Сайхан бултлаа. 
The Moon-тэй уулзахаар Turning point жазз кафед ороход It’s oh so quiet дуу Люси Вүдвардын хувилбараар эгшиглэж байсан нь дотоод орчинтой даанч авцалдсангүй. Эрчээ авсан гялгар хүмүүсийн бөөгнөрөл мөнөөх дууны сүрийг ч, утгыг ч дарна. Тэд нэг бол хэт чамин, өөртөө таарсан, донжтой, эсвэл огт зохиогүй, эсвэл зүгээр л юу тааралдсанаа өмсөөд ирж. Өрөөнд ойролцоогоор 25 хэмийн дулаан байсан. Энэ нь хувцасгүй суухад физик биед элдэв сөрөг нөлөө учрахгүй гэсэн үг л дээ. Харин ч илүү тухтай байхсан байж мэднэ. Гэвч намайг бас The Moon, бидэнтэй хамт яваа найзыг маань оролцуулаад энд байгсдын хэн нь ч нүцгэн байсангүй. Тэгвэл бүх юм илүү амар ч байхсан байж мэднэ.
The Moon бол түүний уран бүтээлчийн нэр. Тэр өөрийн жинхэнэ нэр болон зургийг нь тавихгүй байхыг хүссэний эцэст ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Тиймээс цаашид энд нэрийг нь дуухад тохиол бүрт түүнийг The Moon биш Хатагтай Х (х биш икс) хэмээж байхаар шийдэв. Тэгэхээр юутай ч Хатагтай Х-ийн талаар дурдаж болохуйц мэдээллийг эхлээд өгөх нь зүйтэй байх. Тэр Монголын нэн ховор төрөл зүйлийн гэрэл зурагчин буюу нүцгэн зургаар дагнадаг. Нүцгэн биеийг ихэвчлэн хар цагаанаар, байгалийн гэрэл сүүдэртэй элбэн дүрсэлдэг нь тун өвөрмөц. Хүний биеийн эд эс бүхэнд дурладагийг та гэрэл зургуудаас хараад ойлгоно. Юу чухам түүнийг гэрэл зурагт, улмаар нүцгэн гэрэл зурагт ураа татсаныг, нөлөөлснийг тэр өөрөө ч мэддэггүй. Тодруулах асуултад Хатагтай Х “Нэг л мэдэхэд...” гэж хариулсан. Онцгой тохиол ямар ч “яагаад?”-гүй эхэлдэг гэж би боддог. Тэр л байх. Хэдийгээр энд нэр, зүс нь танигдахгүй байгаа ч түүнтэй та Dreamers’ Day кино эвент, The Basement паб, “Michelle’s Bakery”, кафе, “Занабазарын музей” бас рок, инди хөгжмийн тоглолтууд дээр таарч тун магадгүй.
Гэрэл зураг түүний амь амьдрал гэхэд хөгжим түүний ус, агаар. “Хайр дурлалыг эс тооцвол хөгжим, гэрэл зураг хоёр миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг хүчин зүйл. Эд хоёул дурсамжийг, тухайн үед үнэн байсан, хожим баларч дундарсан мэдрэмжийг хадгалж чаддаг” гэснээр нь үүнийг баталж болно. 

Жамъян-Очирын Тэгшжаргал Нүцгэнээр зургийг нь дарах хүнээ сонгохдоо чухам юуг харгалзан үздэг вэ. Мэдээж хувцастай байхад нь шийдвэр гаргаад, зураг дарахдаа л нүцгэлдэг байх, тийм үү?
Хатагтай Х: -Сонирхол татам, өвөрмөц царай төрхтэй хүн таарвал шууд асуучихдаг. Эсвэл хувь хүнийхээ хувьд сонирхолтой байвал санал тавина. Бүр эсвэл гоё биетэй, ямар нэг төрлийн зураг дарах санаа төрүүлэхүйц хүмүүсийг сонгоно.
Ж.Т. Нүцгэн зураг дарахын хамгийн хэцүү хэсэг нь юу вэ. Модел олох, зургийн талбар дээр ажиллах, орчин бүрдүүлэх, эсвэл бүр зураг дарсны дараах ажиллагаа ч юм уу?
Х.Х: Аль нь ч биш. Моделио тухтай байлгах л хамгийн хэцүү. Ихэнх нь шийдсэн ч гэлээ яг зураг дарах болохоор ичдэг. Ярилцах, тайвшруулах гэж нэлээн хугацаа авна. Бусад нь асуудалгүй.
Гэж байтал гэмгүй сайхан Heineken уунгаа бидний яриаг сонсож суусан найз маань гэнэтхэн дундуур орж ирээд ийн асуув.
-Зураг дарж байхдаа сэрэл чинь хөдөлж байсан тохиолдол бий юү?
Х.Х. Ихэвчлэн эмэгтэй хүний зураг дардаг болохоор сэрэл хөдлөх нь ч юу юм.
-Гэхдээ чи эрэгтэй зураг ч бас авч л байсан ш дээ?
Х.Х. Тийм л дээ. Тэр гэхдээ миний сайн найз байсан учраас хамаагүй (чангаар инээв).
Ж.Т. Ихэвчлэн эмэгтэй нүцгэн зураг дардаг нь моделиудын олдоцтой холбоотой, эсвэл цаана нь ямар нэг “философи” байдаг юм уу?
Х.Х. Тийм юм байхгүй ээ. Эхэндээ би моделиудаа өөрөө шилж, сонгодог байсан. Дараа нь хүмүүс зургаа авахуулъя гэж хүсэлт тавьдаг болсон. Тэгээд л тэр.
Ж.Т. Өдрийн аль цагт ажиллахад хамгийн тохиромжтой байдаг вэ?
Х.Х. Би ихэвчлэн цонхоор тусах нарны гэрэл болоод түүнээс үүдэн үүсэх сүүдрийг ашигладаг болохоор 16.00-17.00 цагт ихэнх зургаа дардаг. Мэдээж энэ нь бас улирлаасаа шалтгаална. Одоо бол 18.00 цагийн үед нар хамгийн гоё дээрээ ирж байгаа.
Ж.Т. Зургийнхаа сэдвийг авахаасаа өмнө бодчихсон байдаг уу, эсвэл тухайн агшиндаа “тоглоод” явчихдаг уу?
Х.Х. Моделио сонгоод, тохиролцсоны дараа тэр хүнийг эхлээд өөр дотроо төсөөлдөг. Боломжит бүхий л сувгаар түүнийг дотоод ертөнцийг ухна, мэдэх гэж хичээнэ. Үүний дараа зургийн санаагаа бодно. Ихэнхдээ ийм. Гэхдээ тухайн мөчдөө, жишээ нь зүгээр л хамт кофе ууж сууж байгаад камераа шүүрээд зураг дарсан тохиолдол хэд хэд бий. Энэ маш сонирхолтой байдаг.
Ж.Т. Нэгэнт зургаа даруулсан хойноо устгахыг шаардсан тохиолдол бий юү?
Х.Х. Нүцгэн зураг даруулах амаргүй л дээ. Гэхдээ азаар өдийг хүртэл надтай тийм юм тохиолдсонгүй.
Ж.Т. Бүр нэг ч удаа биш гэж үү? 
Х.Х. Пэйж дээрээ царайг нь аль болох харагдахааргүй, мэдэгдэхээргүй оруулдаг болохоор тийм зүйл тохиолдоогүй байх.
Ж.Т. Энэ сайн зураг боллоо гэж үзэх хамгийн нөлөө бүхий шалтгаан юу вэ?
Х.Х. Ямар ч зураг авалтаас яалт ч үгүй сайн зургууд гарсан байдаг. Хэрэгцээгүй зураг авалт нэг ч удаа болж байгаагүй гэсэн үг. Би зургаа дарсан даруйдаа хоёр гурав хоног огт харалгүй орхичихдог. Учир нь хүссэн хүсээгүй цаг хугацаа өнгөрсний дараа мэдрэмж нь тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Тэр үед л жинхэнэ сайн, муу нь тод харагддаг.
Ж.Т. Чиний хамгийн анхны зураг хэд настайнх чинь вэ?
Х.Х. Дөнгөж төрөөд, өлгийтэй байгаа нэг зураг байдаг.
Найз ахин дундуур орж ирэв. “Тэгэхдээ өлгийн дотроо өөрөө нүцгэн байсан байх тэ?” гээд хөгжилтэйгээр инээв.  
Х.Х. Одоо бодвол тийм л юм байлгүй (яриа буулгаж байхдаа хэрэг гарган тоолсноор яг 12 секунд тасралтгүй инээв).
Ж.Т. Эхэн үеийн ажлуудаа харахаар ямар санагддаг вэ?
Х.Х. Хуучин зургуудаа харахаар нэг тийм, жаахан охины сэтгэл хөдлөл, эмзэглэл шууд харагддаг. Зүгээр нэг гэрлийн бүрхүүлний зураг дараад, сүртэй нэр өгсөн байдаг ч юм уу. Зүгээр л нэг шувууны зургийг асар догдлолтойгоор дарсан байх нь ч юм уу. Гэхдээ л өөрт хөөрхөн санагддаг. Анхандаа зургуудаа хөөрхөн хөөрхөн янзлаад, эффект оруулчихдаг байсан. Харин сүүлийн зургууд ямар ч янзлах шаардлагагүй, эх кадраараа үлддэг болсон. Магадгүй энэ нэг талын ололт, дэвшил байх.
Ж.Т. Сэтгэл татсан ажлуудаа уран бүтээлч хүн эргэн эргэн хардаг. Би л гэхэд таалагдсан бичвэрүүдээ хэд ч уншдаг. Чамд тийм зураг бий юү?
Х.Х. Харамсалтай нь нэг биш зураг. Сүүлд “Экрин” дээр дэлгэсэн үзэсгэлэнд анзаарсан бол нэг чээжний зураг байгаа. Ямар нэг эффект ашиглаагүй, хальт харвал зүгээр л нэг чээж боловч уул шиг ч юм шиг харагдана.
 Ж.Т. Хүний биеийн хамгийн “зэвүүн” хэсэг юу вэ?
Х.Х. Биеийн бүтцийн талаас ярьвал эгэм хамгийн зэвүүн санагддаг. Бас туранхай хүмүүс тэр чигтээ. Жишээ нь хавирга нь товойн харагддаг ч юм уу. Гэхдээ хүн бүр дахин давтагдашгүй онцлогтой, түүгээр нь яаж тоглож болдог болохоор заавал 90х60х90 байх албагүй л дээ.
Ж.Т. Нүцгэн гэдэг уг нь сайхан үг. Цэвэр, ариун, эгэл, үнэн гэдэг утгууд аяндаа дагаад ирнэ. Гэвч ихэнх хүн нүцгэн зургийг хөх, бөгс, бэлгэ эрхтэнээр төлөөлүүлж ойлгодог нь чамд түвэгттэй санагддаг уу?
Х.Х. Уран бүтээлч, түүнийг хүлээн авагч хоёрын хамгийн том зөрчлийн нэг энэ байх. Nude art, эротизм хоёр угтаа тэс өөр юм. Эротик зураг хүний сэрэл, хуял тачаалыг хөдөлгөх хүчтэй байх ёстой байдаг бол nude art гоо сайхны таашаал эдлүүлэх тал руугаа. Үүнийг энгийнээр илэрхийлбэл, би нүцгэн зураг дардаг ч гэсэн Playboy-ийн зураг дарж чадахгүй. Энэ л...
Ж.Т. Олоон жилийн өмнө хүмүүс ичимдэг хэсгээ навчаар халхлахаас өөр юмгүй, за түүнээс урьд бол навч ч үгүй байлаа. Гэтэл одоо яав? Нүцгэн байхаасаа ичдэг болж, нөхцөл байдал зуун хувь эргэж одоо эргэн тойрныг хар даа. Эргэн тойрон ч гэлтгүй намайг, бас өөрийгөө ч хар. Энд жишээ нь нүцгэн суухад асуудалгүй дулаахан байгаа ч бүгд хувцасаар биеэ хучжээ. Энэ бүхэн чамд түвэгтэй санагдаж байсан удаа бий юү?
Х.Х. Нүцгэндээ ч гол нь биш, хүмүүс юугаа ч нуухгүй үнэн байна гэдэг сонин бас гоё юм. Нүцгэн байна гэдэг нэг маш том эрх чөлөө.
Тэгэхээр хувцас хүлээс ч юм шиг. Бид нар бүгдээрээ түүндээ баригдаад, нэг тийм хуурамч болчихсон ч юм шиг (Манай нөгөө найз)!  
Ж.Т. Нүцгэн зургаа авахуулах моделиос багагүй зориг гарна. Энэ үед зургийг дарж буй чамаас бас тодорхой хэмжээний зориг шаардах уу?
Х.Х. Багахан хэмжээний. Мэдээж энэ нь модеоийн зоригийг гүйцэхгүй л дээ. Сайн танихгүй хүнийхээ өмнө нүцгэлэх амаргүй нь ойлгомжтой. Гэхдээ нүцгэн биеийн гоо үзэсгэлэн надад зүрх алдах боломж өгөхгүйгээр өөртөө татдаг учраас бусад зүйлд нэг их сатаардаггүй.
Ж.Т. Чиний зургийг юу The Moon-ийнх болгодог вэ. Өчнөөн л хүн гэрэл зураг дарж байна. Энэ дундаас өөрийнхөөрөө ялгарах нь хамгийн том хүчин зүйл байх гэж боддог юм.
Х.Х. Би хар цагаан зургаар дагнадаг. Үүндээ сүүдэр, тусгалыг оруулж өгдөг. Энэ л миний зургийг минийх байлгайдаг.
Ж.Т. Нэг талаар бид гэрэл зургийн хөгжлийн оргил үед аж төрж байна. Гэрэл зурагчид маш олон төрөлд хуваагдаж, зөвхөн түүнийгээ дагнан ажиллах болж. Гэвч нөгөө талаас аппараттай, ухаалаг гар утастай хүн бүр гэрэл зурагчин боллоо. Энд сайн, муу ямар талууд бий гэж боддог в?
Х.Х. Сайн, муугаар ялгах ямар хэрэгтэй гэж. Хэрэв чамд камер байгаад, гэрэл зураг дарж байгаа л бол, өөрийгөө гэрэл зурагчны хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа бол юу нь буруу гэж. Би л хувьдаа энэ мэтэд бухимддаггүй.
 Ж.Т. Эргэн тойрон дүүрэн зураг. Нийгмийн сүлжээгээр зураг л хөвөрч байна. Энэ сайн юм гэхэд, хүмүүс мэргэжлийн гэрэл зургийг таашааж, үнэлэх нь буурч, тэдгээрийг Инстаграм дээр байдагтай дүүцүүлэн өнгөц хараад, бушуухан нэг бундан наачихаад өнгөрдөг шигээ хүлээж авдаг болсон болохоор ингэж асуулаа.
Х.Х. Тийм байлаа ч гэсэн надад тэднийг буруутгах, мэргэжлийн гэж дөвийлгөх шалтгаан алга. Ямар ч зураг тухайн хүртэж буй хүний харах өнцөг, гоо зүйн мэдрэмж, амьдралын түүх, хэв маягаас шалтгаалж өөр өөрөөр бууна. Тэгэхээр бүх хүн миний зурганд бундан наах албагүй. Харин миний зураг тэднийг мэргэжлийн гэрэл зурагт татаж чадвал уран бүтээлчийн хувьд хамгийн сайхан зүйл байх болно.
Ж.Т. Түрүүн хэлсэнчлэн чи хорвоо дэлхийд зориулж зургаа дардаггүй. Жишээ нь, чи ч, модель ч зураг авалтын явцад маш их хичээл зүтгэл гаргаж, бэлддэг. Тэгвэл эцсийн бүтээлийг үзэж буй хүн бас тодорхой хэмжээгээр бэлтгэгдэх шаардлагатай юу?
Х.Х. Миний зургуудыг үзсэн цөөнгүй хүн гэрэл зургийг мэдэрч, ойлгодог болсон, гэрэл зургийн хувьд үзэл бодол нь өөрчлөгдсөн гэж хэлж байсан. Тэднийг эхлээд бүтээлүүд, улмаар тэд өөрөө өөрсдийгөө бэлддэг гэж бодож байна.
Ж.Т. Чиний бүтээлд зориулсан хамгийн “зэвүүн” хариу сэтгэгдэл юу байсан бэ?
Х.Х. Миний цастайд дарсан хэрээний нэг зураг байдаг. Үүнийг нэг франц эмэгтэй харчихаад “Би чиний зургуудыг юу гэж хэлэхээ, ямар үгээр илэрхийлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ энэ зүгээр ч нэг шувуу биш байна гэдгийг л хэлж чадна. Магадгүй өөр хүн энийг дарсан бол энэ зүгээрл нэг шувуу байх байсан биз” гэж хэлж байсан. Энэ үг нь, бас миний ертөнцийг тэр эмэгтэй олж харсанд нь би баярласан. Хэн нэгэн чиний ертөнцийг тэр чигээр нь хүлээж авна гэдэг аз биш үү, энэ л хамгийн гоё магтаал байла.
Ж.Т. Чи нэг ч гэрэл зураг дарахгүйгээр хамгийн ихдээ хэдэн хоног, сар болж байсан бэ?
Х.Х. Би үүнийг ажил, үүрэг гэж боддоггүй учраас тогтсон давтамж байдаггүй. Нэг ч зураг дарахгүйгээр дээд тал нь дөрвөн сар болж байсан юм байна. Үүний дараа анхны зургаа дарахад нэг тийм эв хавгүй, камер хүртэл хөндий санагдаад байсан (зүгээр л инээв). Тэгж байгаад яг зураг авалт эхлэхэд бүх юм буцаж ирээд, урьдын хэвэндээ орчихсон.
Ж.Т. Чиний зөвхөн нүцгэн зургаас гадна хөрөг, зохиомжит зургууд дардаг. Үүнээс өөр, туршиз үзмээр мөртлөө одоо хүртэл биелүүлж амжаагүй төрөл юу байна?
Х.Х. Яг төрөл, жанр гэвэл юм алга. Харин маш их хүн нүцгэн зогсохыг дарахыг хүсдэг. Хэдэн арав ч биш, хэдэн зуун нүцгэн хүн.
Ж.Т. Спенсер Туник шиг үү?
Х.Х. Тийм. Тэгээд яг хөдөө талд, хүн бүрийг өөр өөр байдлаар зогсоогоод, бүхэл өдөржин зургийг нь дарах мөрөөдөлтэй.
Ж.Т. Аливаа уран бүтээлчийн хамгийн том зөрчил нь нэгд өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлэх, нөгөө талд өөрийгөө давтахгүй байх дээр илэрдэг гэж боддог. Энэ ер нь хэцүү юү?
Х.Х. Яг ийм тийм гэж үгээр бүрэн илэрхийлж чадахгүй ч би өөрийн гэсэн хэв маягтай, түүндээ бас дуртай. Тэр бол миний үнэт зүйл гэсэн үг. Үүн дээрээ шинэ зүйлс туршаад ажиллахад зөрчил гардаггүй.
Ж.Т. Чи яаж өөрийгөө шинэ байлгадаг вэ?
Х.Х. Янз бүрийн хүмүүсийн сонсдог хөгжмийг нь сонсох их сонирхолтой. Тэр нь улмаар шинэ зүйл хийхэд хөтөлдөг. Ийм тохиолдол зөндөө бий.
Ж.Т. Жишээ нь?
Х.Х. Cat Power-ийн Blue анх сонсоход их гунигтай санагдсан. Тэр даруйдаа зөвхөн хэвлий хэсгийн, цэнхэр өнгөтэй зураг дарсан. Ер нь ямар нэг зүйлээс дөнгөж авсан мэдрэмж цэвэр байдаг. Яг тийм үед ажиллах их гоё. Заримдаа би өөрөө дарсандаа ч итгэмээргүй зургууд гарсан байдаг. Мэдрэмжээрээ тоглох ер нь сонирхолтой.
Ж.Т. Энд чиний зургийг байтугай жинхэнэ нэрийг ч гаргахгүй гэж бид тохирсон. Гэрийнхний зүгээс сонирхлыг нь, дуртай зүйлийг нь үл зөвшөөрнө гэдэг уран бүтээлчийн хувьд, ялангуяа бидний оргилуун насанд хамгийн хэцүү сорилт болоод бэрхшээл мөн. Гэсэн ч чи энэ бүхнийг давсаар, зургаа дарсаар байгаагийн шалтгаан юу вэ?
Х.Х. Үнэндээ энийг би шантрахаар зүйл гэж боддоггүй. Би юу хийж байгаагаа, юунд хүрэхээр тэмүүлж буйгаа мэднэ. Мэдээж эдгээр дарамж хэцүү нь хэцүү. Гэвч энэ дарамт миний гэрэл зураг дарах хүслийг дарахуйц, давахуйц хүчтэй биш учраас л би өнөөдрийг хүртэл зургаа дарсаар байна (Гайхалтай хариулт!).
Ж.Т. Чиний хүрэхээр тэмүүлж байгаа тэр зүйл юу юм бэ?
Х.Х. Би жижигхээн юманд хүртэл сэтгэл хөдөлдөг, модны навч унаад ирэхэд ч догдолдог тийм гэгээн байна. Өдөр бүр хардаг зүйлс, тогтсон хэв маягт уусалгүй бүхнийг өөр өнцгөөс, төсөөллөөрөө баяжуулан хүлээж авдаг маань арилахгүй яваад л байх нь миний хамгийн том зорилго. Хэрэв энэ бүхэн надтай байсаар л байвал би гэрэл зураг дарахаа хэзээ ч зогсохгүй.
Ж.Т. Хүний нүцгэн биеийн хэсгүүдийг нээх гэж, өнцгөө өөрчлөх гэж эротик, порно кино үздэг үү?
Х.Х. Үгүй дээ, үгүй. Киног би тийм зорилгоор үздэггүй. Кино урлагийн хамгийн гоё юм нь юу гээч? Дэлхийн хаа нэгтээ амьдарч буй, надтай хэзээ ч таарахгүй хүмүүсийн ертөнцийг яг хажууд нь байгаа мэт харж болдог нь. Тэрийг мэдрэх, өөртөө нээнэ гэдэг гайхалтай зүйл.
Ж.Т. Чинийхээр хүний нүцгэн биеийг хамгийн урлагтайгаар харуулдаг кино юу вэ?
Х.Х. Филип Кауфманы Unbearable lightness of being.
Ж.Т. Тэгвэл ном?
Х.Х. Г.Г.Маркесийн “Гунигт янхнуудаа дурсахуй”.
Ж.Т. Өө, энэ ч гайхамшиг шүү. Ялангуяа тэр охины унтаж байгаа хэсгүүдийг, мань өвгөний ажиглаж байгааг, дотоодыг гайхалтай дүрсэлсэн байдаг.
Х.Х. 90 насандаа хайр дурлал гээчийг жинхэнээр нь ойлгож байгаа нь бас...
Ж.Т. Нүцгэн зураглалтай кинонуудад насны ангилал тогтоосон байдаг даа. Чиний зургуудыг жишээ нь хэдээс дээш насныхан үзэж болох вэ?
Х.Х. Хүлээж авч чадаж л байвал хэдэн ч насны хүн үзсэн хамаагүй.
Хүүе, ингэхэд итгэл найдварын эсрэг итгэл найдвар гэж байж болох уу? Жишээ нь, сая ... ирээд миний чихний харалдаа үнсэж байгаа аяг үзүүлээд явлаа. Энэ нь намайг үнсмээр байдаг гэсэн үг мөн үү? Найз яриан дундуур ийн орж ирэв. Гэсэн ч энэ удаа бидний анхаарлыг татаж чадсангүй.
Ж.Т. Чи ажлынхаа хажуугаар гэрэл зураг дардаг болохоор...
Х.Х. Би өөрийгөө гэрэл зураг дарахынхаа хажуугаар ажлаа хийдэг гэж боддог ш д (догдлонгуй инээв).
Ж.Т. За тийм байж. Зүгээр л гэрэл зураг гэдэг чиний хувьд ажил гэдгээс илүү үнэ цэнтэй зүйл болохоор өөрийгөө албахгүй, үйлдвэрлэлийн шинж чанартай болголгүй тааваараа зургаа дардаг байх даа гэх гэсэн юм.
Х.Х. Тийм л дээ. Би зураг дармааргүй бол дарахгүй, гэхдээ үнэндээ удаан тэсэж чаддаггүй учраас л байнга зураг авдаг. Харин үе үе юу ч хиймээргүй, ерөөсөө миний хийж байгаа бүхэн ямар ч утгагүй санагдана. Жишээ нь, би гэрэл зураг дараад мөнгө олдоггүй, тэгсэн хэрнээ больж чаддаггүй. Энэ мэтийн зөрчлүүд дотор явагддаг ч гэрэл зураг миний амьдралын нэг чухал хэсэг учраас бүрмөсөн больж хэзээ ч чадахгүй.
 Ж.Т. Хүн бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг тийм ээ? Оо энгэсэн, элдэв үнэртэн биш яг өөрийнх нь, хүний үнэр. Зарим хүнийх бүр солиоруулах шахдаг гээч...
Х.Х. Тийм шүү. Би заримдаа хүнээс гардаг тэр үнэрийг хэтэрхий их анзаарч, мэдэрдэг гэж өөрийгөө боддог ш д. Бүр автуулдаг тийм үнэр. Гэтэл эсрэгээр зөвхөн тэр үнэрнээс нь болоод холдмоор, хажигламаар хүмүүс бас байна. Заримдаа бас хайртай хүмүүсийн чинь үнэр хаа нэг газар явж байхад гэнэт үнэртэнэ...
Ж.Т. Чиний өдөр тутмын бараг заншил шахуу болсон үйл юу вэ?
Х.Х. Кофе ууж эхлээгүй нэг ч өглөө байхгүй. Энэ бүр хэвшил болчихсон. Бас үргэлж элдвийн юм бодож явдаг. Манай захирал намайг “Чи ажилдаа ерөөсөө төвлөрч өгөхгүй, “Дэлхий хэзээ анх үүссэн бол” гэж бодоод явдаг” гэж загнасан гээч хаха.
Ж.Т. Гэрэл зураг дарах нэг талаараа хүнийг нээж буй хэрэг. Энэ ер нь хэр хэцүү ажил бол оо?
Х.Х. Би хүмүүсийг өөр дотроо бүтээчихдэг. Байгаагаас тэс ондоогоор, надад юу гэж мэдрэгдсэнээр нь төсөөлдөг. Мэдээж ихэнх тохиолдолд хүмүүс түүн шиг байдаггүй. Тийм учраас хүмүүсээс зайгаа барьсхийж харьцдаг. Дотнын цөөн найзтай, тэдэндээ бол өөр л дөө. Хүмүүс ямар ч болж хувирч болдог юм билээ. Гэхдээ юу гээч, чи бид гурвын энд суугаа мөч, чиний энэ байгаа, миний энэ байгаа л үнэн. Чи хэзээ ч өөрчлөгдөж болно, харин энэ мөч өөрчлөгдөхгүй, үүрд үлдэнэ.
Энэ хүрээд бидний ярицлага өндөрлөв. Харин яриа өндөрлөсөнгүй. Найз маань “ном бичих ёстой юм байна” гэдгээ тэрхэн мөчид нээв. Ямаршуухан эд байвал дээр вэ гэдгийг зөвлөлдөхөөс аргагүйдэв. Гэснээс А, В, С хувилбарын алийг сонгов та?