May 5, 2013

Б.Зоригт: Би биш, цохивор хөгжим намайг сонгосон

Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн багш, Улсын филармонийн найрал хөгжмийн болон ҮДБЭЧ-ын хөгжимчин Б.Зоригттой ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон юм.
-Юу таныг өнөөдрийг хүртэл хөгжимд үнэнч байлгаад байна вэ?
-Урлаг, тэр дундаа хөгжим хүнийг ямар өндөр түвшинд хүргэж, хөгжүүлдэг болохыг би амьдралаа мэдэрч яваа хүмүүсийн нэг. Залуу байхдаа хөгжмийн үнэ цэнийг өнөөгийн түвшинд хүрч ойлгож байсангүй. Хүн амьдралаа цаг хугацаагаар хэмжиж, тэр цагийн бүтээгдэхүүн болж,  хөгжимтэй холбогдож, эцэст нь өөрөө бүтээгчдийнх нь нэг болж, урлагаас шимийг нь хүртэж харилцан шүтэлцээтэй байж гэмээнэ тэр үнэ цэн нь он жилээр хэмжигдэн гарч ирдэг болохыг одоо би илүү сайн мэдэрч байна.
-Монголд цохивор хөгжим үүсээд яг 50 жил болсон байна. Энэ түүхийн хэдэд нь та холбоотой байсан бэ?
-28 жил. 1985 онд Казахстаны Алматы хотын Хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд л ХБК-д цохивор хөгжмийн багшаар орсноос хойш өнөөдрийг хүртэл цохивор хөгжимтэй холбоотой аж төрж байна. Миний өмнөх хүмүүс болох До.Жамсран багш маань үүсгэн байгуулж, түүнийг нь би тордож тойлж, хөгжүүлж яваа хэрэг.
- Мэдээж та бүхэн амжилт ололтоо хуваалцаж буй үед энэ түүхийн салшгүй нэг хэсэг нь болсон таниас энэ зуур бий болчихож болох байсан ч бүтээж чадаагүй зүйл юу байгаа вэ гэдгийг асууя?
- Монгол улсын сургалтын төлөвлөгөө ёсоор цохивор хөгжмийн ангид хүүхдийг зургадугаар ангиас нь элсүүлэн авдаг. Гэтэл энэ нь одоо хоцрогджээ. Бид олон улсын түвшний уралдаан тэмцээнд ороход, жишээ нь 19 насны ангилалд монголоос бол зургаан жил бэлдтгэгдсэн хүүхдүүд явдаг. Харин өрсөлдөгчид нь хэдийнэ 11 жил мэргэжлээрээ суралцааж байна. Тиймээс  бид алсдаа нэгдүгээр ангиас нь элсэлт авах төлөвлөгөөтэйбайгаа. Уралдана гэдэг нэг хэрэг, дэлхийн түвшинд хүрч боловсорно гэдэг бас өөр хэрэг.

-Алматы хотын Хөгжмийн дээд сургуулийг төгсөөд эх орондоо ирэхдээ мэргэжлийн хувьд та өөртөө ямар зорилго тавьж байв?
-Харийн нутагт байх тусмаа хүн эх орон руугаа тэмүүлдэг, Монголынхоо төлөө юм бүтээх гэсэн хүсэл нь бүр их тунгаар илэрдэг юм билээ. Оюутан байх хугацаандаа Би Казахстаны Эрдмийн их симфони найрал хөгжимд гурван жил ажилласан. Тэр үед Монгол улсынхаа симфони найрал хөгжмийг хөгжүүлэх юмсан, ийм өндөр түвшинд хүргэхийн тулд миний бие юу хийж чадах вэ гэж бодож байлаа. Санасан ёсоор болсон нь ч бий, болоогүй ч бас байгаа.
-Таны хувьд мэргэжилтэй чинь холбоотойгоор бусдаас сонссон хамгийн үнэн бас хатуу шүүмж юу байсан бэ?
-Удирдаачид бэлтгэл хийж байх зуур зогсоогоор зөв бурууг нь харж, том том шүүмжүүд хэлдэг.  Уран бүтээлийн төлөө би тэр шүүмжийг тосож авах ёстой учраас би хэзээ ч үүнээс дальдчиж, хямарч, зовж зүдэрч байгаагүй.
Казахстаны Эрдмийн их чуулгад тоглож байхад Тимур Мымбаев гэж ерөнхий удирдаач хүн байлаа. Тэр үед би бол ёстой нөгөө ногоон алим, түв түүхий этгээд байсан хэрнээ энэ чуулгад тоогтоод, хичээлийнхээ хажуугаар ажиллаж байсан. Нэг удаа ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч Дмитрий Шостаковичийн “Баярын удиртгал” гэж Лениний шагнал хүртсэн мундаг зохиолыг тоглоход би хавсардаг цанг тоглуулах ёстой боллоо. Гэтэл би яг орох ёстой, оргил хэсэгтээ өнөөхөө дуугаргасангүй. Тэгсэн өнөөх удирдаач маань зуун хэдэн хөгжимчнийг бүгдийг зогсоогоод надад хандаж, “Чи наад хөгжмөөрөө ядаж нэг төгрөг тоглоод өгөөч! гэсэн. Ёстой л нүүр рүү халуун ус цацсан мэт би өөрөөсөө их ичсэн. Тэгэхэд чи ёстой нүүр рүү халуун ус цацсан мэт маш ихээр ичсэн. “Один тукрик сыграете меня пожулуйста” гэж байгаа байхгүй юу (инээв). Нэг талаар намайг доромжилсон хэрэг боловч нөгөө талаар үнэн юм чинь би яах билээ. Энэ бол миний хувьд насан туршдаа мартахааргүй том шүүмжлэл байсан.
-Урлагийн хүмүүс хүүхдүүдээ энэ замаар явуулах дургүй байдаг гэдэг. Харин таны хоёр хүү хоёул урлагийн хүмүүс болж яваа. Хүүхдүүдийнхээ сонголтод та хэр их нөлөөлсөн бэ?
-Миний том хүү З.Энхмөнх ХБК-ийн морин хуурын ангийг, дараа нь хөгжмийн онолчоор төгсөөд одоо “Kush and Oyuka” жааз хамтлаг байгуулж, бас хажуугаар нь шал ондоо мэргэжлээр буюу “Aero Mongolia”-д ажиллаж байгаа. Залуу хүн хэрнээ төрөл бүрийн салбарт хүч сорьж байгаа болохоор том хүүгээрээ би маш их бахархдаг. Хүүгийн маань ганц дуртай зүйл нь сонгодог хөгжим байдагт нь би эцэг хүний хувьд их олзуурхдаг юм. Тэр хүн хэн болох нь, юу хийх нь өөрийнх нь мэдэх хэрэг, харин сонгодог хөгжмийг үнэн голоосоо шимтэж, шүтдэг нь л би хүүдээ баярладаг. Өөрөө ч би одоо том хүүгээсээ суралцаж л явна. Харин манай бага бол томтойгоо адил хэрсүү биш. Гэхдээ алтан толготой. Энэ алтан толгойн ашгийг гаргах цаг удахгүй ирнэ л гэж хүлээдэг. Манай бага ХБК-ийн төгөлдөр хуурийн ангийн сурагч. Миний болон эхнэрийн маань хар залуугийн мөрөөдөл бол түүнийг төгөлдөр хуурч болгох байсан. Одоо бол бага хүүгийн маань боловсрол, мэдлэгт надаас илүү ээж нь их үүрэгтэй оролцдог юм. Би чамд нэг нууц юм хэлье. Манай эхнэр “Чи засгийн хүүхдийг болохоор дээд зэргээр анхаарч, өвч бэлтгэж байгаа хэрнээ хувийн хүүхдийг ер тоохгүй юм” гэж намайг зэмлэдэг (инээв). Бага хүүгээрээ хөгжим зохиолгох юмсан гэх тэмүүлэл, мөрөөдөл надад бий.
-Танай гэр бүл хөгжимтэй салшгүй холбоотой шүү дээ. Олон хөг эгшиг нэг дор бүрдсэн ийм гэр бүл ч бас ховор байх. Таны гэр бүлийг нэг том найрал гэж үзвэл хэн ямар хөгжим байх бол...?
-Эхнэр маань ХБК-ийн хуучирийн багш. Түүнийг минь тоглодог хөгжим нь бүрэн илтгэдэг юм. Баргийн хүн тоглож чаддаггүй, их нарийн мэдрэмж шаардсан, чамбай хүнд л зохих хөгжим шүү дээ. Харин бага хүүгээ би контра басс гэж хэлнэ (инээв). Их бүдүүн хоолойтой, өнгөц харахад бүдүүн баараг ч гэмээр юм шиг хэрнээ айхар нөхөр байхгүй юу. Том хүүгээ би морин хуурч гэж ер төсөөлдөггүй. Тэр бол дуучин л байх хүн. Өөрийгөө бол би яруу хэнгэрэг гэнэ. Тэр хөгжим шиг миний яриа хүртэл тод байдаг байхгүй юу. Манай эхнэр намайг ингэж хэлдэг юм (инээв).
-Хүн нийгэмд нэг зэрэг олон статусын тодорхойлол болдог. Таны хувьд аав, хань нөхөр, багш, хөгжимчин, эсвэл зүгээр л сонсогч байхын алинд нь та яг өөрийнхөөрөө байдаг вэ?
-Би хөгжмөө хийгээд улайраад, уран бүтээлдээ орох үед бүхнийг мартдаг. Уран бүтээл надад асар их ачаалал өгч ядраадаг боловч миний хувьд хамгийн үнэтэй юм.
-Мөрөөдөл дууссан цагт хүн өөрөө дуусдаг гэдэг болохоор хүн үргэлж л шинэ хүсэл, шинэ мөрөөдлийн давалгаан дунд аж төрдөг шүү дээ. Таны хувьд хамгийн ойрын мөрөөдөл юу байна вэ?
-Ёстой нэг мөнхийн бүтээл гаргах юмсан гэсэн асар их тэмүүлэлтэй байна, би. Мөнхийн бүтээл хийх нь хүний туршлага, мэдлэгтэй маш их холбоотой. Нуух юм байхгүй, миний мэдлэг дутаж байгаа болохоор одоохондоо надаас мөнхий бүтээл гараагүй байна. Харин гаргахын төлөө, өшөө илүү сурч, боловсрохын төлөө одоо ч би хөдөлмөрлөж л байна.
-Одоо эргээд харахад та өөрөө цохивор хөгжмийг сонгож уу, эсвэл энэ хөгжим таныг өөртөө “урвуулж” уу?
-Цохивор хөгжим намайг сонгосон. Санаандгүй тохиолдол байсан юм. Анх би ХБК-ийн морин хуурын ангид шалгуулаад, тэнцсэн боловч миний хуруу богинохон  дээр нь далий учраас болохгүй гэсэн. Тэгтэл До.Жамсран багш намайг шүүрээд л авсан (инээв). Тухайн үед миний сонсгол их сайн байсан, бас гол шалгуур үзүүлэлтүүд сайн байсан болохоор тэр байх. Харин одоо эргээд харахад би хамгийн баян хөгжимтэй холбогдсон байна шүү дээ. Зөвхөн цохивор хөгжмөөр найрал хөгжмийг дуугаргаж болдог. Нэг ангид бүхэл бүтэн  найрал хөгжим байдаг ийм анги олон бий болов уу?
-Таны хувьд хамгийн мартагдашгүй тайз хэзээ, хаана байсан бэ?
-Би тийм ч олон тайзан дээр гараагүй. Гэхдээ ОХУ-ын алдарт Большой театр, Японы “Opera City hall”, Бээжингийн Сувдан театр, Хөх хотын Улаан театрт тоглож байсан. Хамгийн мартагдашгүй нь гэвэл оюутан байхдаа Казах үндэсний найрал хөгжимтэй хамтаар Большой театрын тайзнаа гарч байсан үе болов уу. Мөрөөдлийн театрын тайз гэдэг залуу, оюутан хүний хувьд юу байх вэ та бүхэн гадарлаж байгаа байлгүй. Маш их догдолж байсан ч айхтар айж, эмээж бол байгаагүй. Харин ч тайз руу их л омог бадрангуй гарч байснаа санаж байна.
-Таны амь амьдрал мэт болсон хөгжим таньд юуг өгч, бас таниас юу авч одсон бол?
-Урлаггүйгээр би хүн хэвээр амьдраад л байх байсан нь мэдээж. Гэхдээ урлагтай холбогдоогүй бол амьдралыг ийм олон өнгөөр харах байсан болов уу гэж би өөрөөсөө асуудаг. Хөгжимтэй холбогдсон болохоор л би амьдрал ямар гайхалтай юм бэ гэдгийг мэдэрч байна. Миний бүхий л сайн чанаруудыг хөгжим надад өгсөн, хэрэв хүн намайг сайн явж байгаа гэвэл тэр урлагийн надад өгсөн зүйлийн л ач.
Сөрөг тал нь гэвэл миний чих жаахан хатуурсан. Ингэж хэлэхээр хүмүүс намайг дүлий гээд бодчих вий дээ. Ер нь бол хөгжимчин хүний амьдрал үйлдвэрийн хүчит нүргээнээс дутахгүй орчинд л өрнөдөг юм шүү дээ. Гэвч урлаг намайг хүн болгосон болохоор чих хатуу болох, хүмүүсийн ярьдаг шиг нас богиносох зэргийн нэг их тоодоггүй.
-Хөгжимөөс өөр та юунаас таашаал, тайтгарал авдаг вэ?
-Зав л гарвал би уул руу явдаг. Ой дотор явах шиг аз жаргал байдаггүй.
-Ёстой жинхэнэ байгалийн өөрийн нь оркест тэнд байдаг байх даа.
-Тийм . Тэрнээс гадна байгальтай холбогдож, би цаанаасаа л тайвширч, нэг л жаргалтай болчихдог юм.
-Хөгжим бүжгийн коллеж таны болон гэр бүлийн чинь хувьд диваажингаас дутахгүй ариун, нандин газар байх. Тэр дундаа хамгийн дурсамжтай нандин хэсэг нь юу вэ?
-Дотуур байрны 108 дугаар өрөө. Урьд нь цохивор хөгжмийн анги дотуур байранд байрладаг байсан болохоор тэр. Одоо энэ өрөө өөр зориулаллтай болчихсон банйа лээ. Сурагч болоод анх орсон анги маань 108 дугаар анги.  Багш болоод анх хичээл заасан өрөө маань ч энэ. Энэ жижигхэн өрөөтэй миний амьдралын салшгүй хэсгүүд холбоотой байдаг юм. Хөгжим бүжгийн коллеждоо би хайртай. Хайр гэдэг нь хүний зүтгэлээр ирж байвал тэр илүү их үнэ цэнэтэй. Тиймээс эхнэр бид хоёр энэ сургуульдаа зүтгэж байгаа гэдгээ зүй ёсны хэрэг гэж боддог. Бидний хувьд сургууль маань тэнгэр, бурхан гэдгээс ч илүү эрхэм юм.

May 1, 2013

Сайнхо: Миний хөгжмийг европчууд ойлгоё гэдэг. Харин монголчууд гүнд нь хүрч мэдэрье гэсэн

-Монгол охин таньд санал тавьж, энд тоглооч ээ гэхэд та нэг их удаан бодолгүй зөвшөөрсөн юм билээ. Зөв цагт нь, зөв газар нь урьсан болохоор тэр үү?
-Би урьд Монголд очиж тоглох юмсан гэж хэдэн удаа оролдож байсан ч бүтээгүй. Яг товлох гэхээр л ямар нэг юм нь бүтэхээ больчихно, эсвэл виз гарахгүй, эс би өөрөө завгүй болчихдог. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ биелнэ гэдэгт бол итгэлтэй байсан. Тэр үед Оюунномин гэж охин надтай холбогдож, тоглолтын талаар санал тавихад, “Зах, дахиад нэг удаа оролдоод үзье” гээд түүнд хөтлөгдсөн. Юу болохыг нь харж л байя гэж бодоод зөвшөөрсөн хэрэг.
-“Гоодаль” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа та энд ирээд “Монгол соёл, ялангуяа язгуур урлаг нь хэрхэн өөрчлөгдсөн болохыг мэдэхийг хүсэж байна” гэсэн байсан. Та хайснаа олов уу?   
-Наяад оны эхээр буюу анх уртын дуу дуулж эхлэх үедээ монгол уртын дуучдын дууг хайж, сонсдог байлаа. Өвөрмонголынх ч бас ялгаагүй. Тувагийн буюу бидний дуулдаг хэв маягтай ерөнхийдөө төстэй байсан нь дөнгөж эхэлж буй надад сонин бөгөөд дотно санагдсан. Дараа нь бүр донтох шахаж, маш олон дуу, хөгжим сонсоод ирэхээр ер нь шинэ хэв маяг эрэлхийлж, өөр байх юмсан, гэхдээ бас үндсэн соёлыг нь нугачихгүйг хүсэх болсон. Жишээ нь, Тувагийн уртын бараг л бүх дууг хүчтэй хоолойгоор эхэлж, цааш хөвөрдөг байсан бол одоо энэ нь өөрчлөгдсөн. Тийм болохоор Монголд бас яаж вэ гэдгийг нь үзье гэсэн нь ч энэ удаагийн аялан тоглолт маань шахуу хуваарьтай байсан болохоор завдал таарсангүй.    
-Монгол дахь анхны тоглолт бусад аялан тоглолтоос тань өөр байсан болов уу. “Mother earth, father sky”-д дуулах дуугаа сонгоход соёлын эсвэл дотоод сэтгэлийн нөлөө байсан уу?
-Тувагийн иргэн би бээр Монголын хэдэн зууны түүхийг хэрхэн харж буйгаа гаргаж харуулахыг хичээж, дуунуудаа сонгосон. Тэгэхдээ бүр эхнээс нь одоог хүртэлхийг шүү. Тийм ч болохоор “Old melody”-гоо дуулсан, дараа нь хөөмийтэй, тэгээд электро хөгжимтэй хослуулан дуулсан болохыг та бүхэн анзаарсан байх. Монгол соёл зугуухан өөрчлөгдөж байна, язгуур урлаг ч ялгаагүй. Бас би!
-Та Европт, өөрийн тань хэлсэнчлэн “Хойд эхийн хот”-доо олон удаа тоглосон. Харин одоо Монголд ирээд байна. Тоглолтын тайз, үзэгчдийн угсаа гарал өөрчлөгдөөд ирэхээр ямар нэг ялгаа гарах юм уу?
-Анхны тоглолт байсан болохоор ямар нэг дүгнэлт хийх хэцүү. Тэдэнд миний дууг сонсох, надад монгол үзэгчидтэй холбогдоход цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ надад сэтгэгдэл төрсөн.  Европын үзэгчдийн хөгжмийн боловсрол өндөр, акдемик талдаа, тэд сайнаас муу хүртэл маш олон янзын уран бүтээл сонсож, “хатуужсан” хүмүүс. Харин энэ тоглолтод ирсэн монгол үзэгчид миний дотор руу өнгийх гээд байсан. Энэ хүн юу бодож байгаа юм, юу боддог болохоор ийм дуу гараад байна гэхчлэн дотор руу минь тэмүүлсэн нүд, чихийг би олж харсан. Тийм болохоор хэдийгээр бидний эхний учрал байсан ч тоглолт халуун дотно болсон байх. Өөрөөр хэлбэл европчууд ойлгодог, харин монголчууд мэдэрдэг хүмүүс. Тоглолтын эхлэл хэсэгт тэд алмайрсан, эргэцүүлсэн шинжтэй, ихэнх нь нүдээ аниад ямар нэг “тэнэг төсөөлөл”-д автчихсныг харсан, тэгээд би “Алив ээ, бүжиглэе” гэхэд бүгд л доргиж, бүжиглэж эхэлсэн. Гол нь энэ тэдний үнэн сэтгэл хөдлөл байсан болохоор тайзан дээр байхдаа би “Yeah, би чадлаа. Би тэдэнтэй уусаж чадлаа” гэж өөртөө хэлсэн. Сайхан мэдрэмж. Би Азийн хэд хэдэн оронд тоглож байлаа. Япончууд болохоор сэтгэл хөдлөлөө илэрхийлэл дургүй. Миний тоглолт ямар ч хашгираан, алга ташилтгүй нэг тийм уйтгартай болдог. Харин хятадууд маш олуулаа ирдэг, намайг мэдэрч чаддаг хэрнээ гаднаа шал “худлаа” сэтгэл хөдлөл үзүүлдэг. Хаа нэг зарим нь толгойгоо, зарим нь гараа савчуулчихсан л зогсоно, өөр юм байхгүй. Тэд орилдоггүй, бүжиглэдэг ч үгүй. Магадгүй маш их хараа хяналттай байдаг болохоор тэд ийм байсаар дасчихаа биз.
-Таны тоглолтод “Алтан ураг” хамтлаг оролцсон. Ёстой л төгс зохирсон хослол шиг санагдсан гэж үзэгчид ярьж байлаа. Та ч бас тэдний тухай ам сайтай байсан. Та дараа тэдэнтэй хамтарч уран бүтээл хийх талаар ярьсан тохирсон юм бий юү?
-Юу гээч, би Монголд ирсэн хойноо л “Алтан ураг” гэдэг хамтлагтай хамтарч гурван дуугаа толилуулах болсноо мэдсэн. Тэгтэл тэд намайг ирэхээс ч өмнө гурван дуу бэлдээд, өөрсдийнхөө тоглоод сурчихсан байдаг байгаа. Би гайхсан, бас баярласан. Хамтарч ердөө нэг хоног бэлтгэл хийсэн хэдий ч тоглолтын дараа хүмүүс хэлэхдээ “Яг л насан туршдаа хамт тоглосооор ирсэн юм шиг гаргууд зохицож байсан” гэж хэлсэн (инээв). Тэдний хөгжимчид чадварлаг юм билээ. Өөрсдийгөө сайн хөгжүүлж, ардын хөгжмийн зэмсгээс өшөө олныг ашигладаг болоод ирвэл Азид тэд тэсрэлт болж чадна. Одоохондоо бидэнд хамтарсан гурван дуу л байна. Цаашдаа хамтарч ажиллаж, нийлж уран бүтээл туурвих тухайд бол ярьсан зүйл одоогоор байхгүй ч миний хувьд бол нээлттэй байгаа шүү гэдгээ хэлье.
-“Моханик”, “Unicorn хамтлагууд таныг дууг коверлож байх үед та дээд давхраас маш няхуур ажиглаж байсныг би харсан.
-Өөрийнх нь дууг өөр хэн нэгэн дуулж байхыг харах нь ямар ч уран бүтээлчид сонирхолтой байдаг. Би тэр дууг зохиосон, тиймээс тэр дууны үг аяас гадна “сүнс”-ийг нь ч мэднэ. Харин тэд сүнсийг бас намайг тийм ч сайн мэдэхгүй. Тэд эдгээр дууг өөрсдийн стильд оруулаад дуулсан болохоор энэ бараг л хоёр өөр дуу болчихож байгаа юм. Тэр залуу хамтлагууд сайн байсан. Надад ч үзүүштэй байсан болохоор би дуустал нь сонссон хэрэг. Дараагийн удаа би сайтар судалж байгаад монгол дуунаас коверлож дуулж магадгүй. Тийм санаа бол бий.
-Энд байх зуураа та шинэ дууны санаа олсон уу?
-Улаанбаатар их чимээтэй хот юм. Энэ бүх чимээг нь сэтлээд, цаана нь байгаа нам гүмд нь хуримтлагдсан “сүнс”-ийг чагнахыг хичээж байгаа. Чагнасныгаа дотроо хадгалаад л байгаа. Хүмүүсийг нь, хэлийг нь бас ажиглаж байна. Буцаж очоод цуглуулсан бүхнээ эргэн санаж байгаад дуу бичнэ ээ.
-Ер нь юу таныг өнөөдрийг хүртэл дуулуулаад байна вэ?
-Миний сэтгэл хөдлөлүүд.
-Таны хувьд энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай эгшиг, аялгуу юу вэ?
-Байгалийн өөрийн нь гаргадаг эгшиг, аялгуу бүхэн гайхамшигтай. Бүр илүү гайхалтай нь байгалийн нам гүм байдал. Зөвхөн байгаль бид хоёр л нэгдэж, нэгэн цул болох тийм орчинд, ялангуяа шөнө өвсөн дэрлэн дээш харж хэвтээд оддыг ажиглах нь миний хийх дуртай зүйлсийн нэг. Шөний нам гүм бол маш хөгжимлөг орчин.
-Хэдэн жилийн өмнө Тувагийнхаа нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа та хэдийгээр 60 хүрч байгаа ч өөрийгөө 30 настай бүсгүй гэж мэдэрдэг тухайгаа ярьсан байсан. Одоо таны “дотоод нас” өөрчлөгдсөн үү?
-Албан ёсны бичиг баримт дээрхээр бол би 56 настай. Харин би өөрийгөө хэдэн настай гэж мэдэрдэг гээч.
-За?
-Ммм..., (ямар нэг зүйл тооцоолж байгаа мэт хэсэг дуугүй суув). Дөрвөн мянга...долоон зуун... за байз... 76 юм байна. Би 4776 настай. Энэ бол миний биеийн бус сүнсний маань нас. Заримдаа бас би яг л гурван настай бяцхан охин шиг болчих үе ч бас бий. Урлаг бүтээдэг хүмүүс ер нь ийм мэдрэмжийг мэдэрдэг. Хөгшин хүн шиг, эсвэл залуу эр шиг болчихно. Жишээ нь, “Old melody” дуугаа бичих үедээ би өөрийгөө 30 настай бүсгүй гэж мэдэрж байсан.
-Харин таны Монгол дахь тоглолтыг зохион байгуулсан, “Харгислалын театр”-ын дарга Д.Оюунномин гэх залуу бүсгүйн тухайд та юу мэдэрсэн бол?
-Тэр хэтэрхий залуу, бас хэтэрхий хүчирхэг юм билээ. Бидний нөхцөл байдал өөр, тэр тоглолтын зохион байгуулж, би тоглох ёстой байсан болохоор Д.Оюунномин маш завгүй байсан байх. Тоглолтын зардлыг олох, ивээн тэтгэгч хайх, хэвлэлийнхэнтэй холбогдох, техник хэрэгслийг зэхэж, бэлдэх гээд энэ бүхэн хэцүү гэдгийг би мэднэ. Тиймээс бидэнд яг тухтай суугаад ярилцах боломж хомс байсан. Гаднаа бол тэр бүх юм амархан бүтэж байгаа мэт, ер нь юу ч болоогүй юм шиг л намуухан, бас төв харагдсан. Харин дотроо яаж шатаж байгаа нь би мэдэрсэн л дээ. Намайг урьж, энэ тоглолтын санааг гаргаж, бүх ажлыг зохицуулж байгаа хэрнээ тэр надаас юу ч асуугаагүй. Гэхдээ түүний дотор надаас асуух, надтай ярилцах маш их зүйлс байна даа гэдгийг би харсан. Тэр яг энэ хэвээрээ цааш явбал маш сайн менежер болж чадна. Бас Д.Оюунномингоос би өөрийнхөө залуу насыг олж харсан...
-Та хөгжмөөс өөр юу сонирхдог вэ.
-Өнгөрсөн сард би БНХАУ-д өөрийн уран зургийн анхны үзэсгэлэнгээ дэлгэсэн. Урьд Итали, ОХУ-д жижиг хэмжээний үзэсгэлэн гаргаж байсан л даа. Би зургуудаа кофе, шоколад эсвэл цай зэрэг ондоо өгөгдлийг ашиглаж бүтээдэг. Бас чулуун дээр зурдаг. Энэ байгальтай холбогдох нэг арга маань. Зураг зөвхөн харагдаж байдлаараа хүнийг татах биш үнэрээр, дэвсгэрээрээ санааг минь дамжуулах нь их үр дүнтэй гэж би боддог. Өөр гэвэл би хувцас загвар, калиграф сонирхож, бас аялах дуртай. Удахгүй ӨМӨЗО-ны Өрөмч, мөн Түвд рүү аялахаар төлөвлөж байгаа.
-Аялахаар очихдоо та тухайн газар нутгийн юуг нь хамгийн түрүүнд үзэхсэн гэж боддог вэ?
-Тэр орны хэл нь яаж сонсогдох бол гэдгийг мэдрэхийг хүсдэг. Би хэлийг нь мэдэхгүй ч сонсогдох байдал, аялгуулаг чанар нь сонирхолтой. Мөн хоолны соёлыг нь үзэж, орчин үеийн урлагийн төлөөлөл болсон уран бүтээлчидтэй нь уулзаж, бас ямар ч шашины бай хамаагүй, сүмээр нь заавал ороод гардаг.

            Энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөв. Заримдаа бид өөрийн мэдэлгүй хэн нэгнээс маш их зүйлийг хүсэж, хүлээсэн байдаг. Тэгээд юу ч үгүй хоосон буцах нь ч бий, эсвэл урьд өөрт байсан бүхнээ хөсөр хаяад, хүсэж хүлээснийхээ хариугаар өөрийгөө дахин бүтээх болдог...  

Apr 18, 2013

"Time": Нөлөө бүхий 100 хүн

"Time" сэтгүүл уламжлал ёсоор нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг өнөөдөр нийтэлжээ. Энэ жил уг жагсаалтыг гаргаж эхэлснээс хойших 10 дахь удаагийнх нь тохиож буй учраас редакцийнхан их хөдөлмөр зарцуулсан нь илт. Нөлөө бүхий хүнээр тодорсон алдартнуудын тухай алдартнууд өмнөтгөл бичсэн нь бүр ч сонирхолтой байлаа. Тухайлбал, алдарт жүжигчин Жоди Фостер Женнифер Лоуренсийн тухай бичсэн бол, Жэй Зигийн талаар Нью-Йорк хотын амбан захирагч Майкл Блүүмберг, Б.Обамагийн талаар Хиллари Клинтони бичжээ. 

Титанууд
Жэи Зи
Уран бүтээлч, бизнесмен, 42

By Майкл Блүүмберг (Нью-Йоркийн амбан захирагч)
   Жэй Зи “Нью Йорк, Нью-Йорк” дууг шинэчлэн дуулснаасаа ч илүү ихээр энэ хотыг төлөөлж байгаа бэлгэ тэмдэг. Захын дүүрэгт эгэл айлд өссөн түүний эргэн тойронд мууд уруу татах олон зүйлс байсан ч хүүгийн мөрөөдлийг сарниулж дөнгөөгүй. Тэр мууд авталгүй, мөрөөдлөө алдалгүй зүтгэсэн. Эхэн үед хэн ч түүнтэй дуу бичлэгийн гэрээ хийхийг хүсээгүй учраас Жэй Зи өөрийн нэрийн дуу бичлэгийн студийг байгуулж, хөгжмийн нэгэн хүчирхэг хаант улсыг бий болгосон юм. XXI зууны Америкийн соёл болон бизнесийн нөлөө бүхий хүн болох Жэй Зи хувцас загвар, спорт, цэнгээний газрын бизнест хөл тавьж нөлөөлөө улам бүр тэлж буй. Тэр хаанаас ирснээ хэзээ ч мартдаггүй. Манай хотын тухай “Empire State of Mind” гэх гайхалтай дуу бүтээж, “Brooklyn Nets” сагсан бөмбөгийн багийг удирдаж буйгаар нь жишээлж болохоор. Тэр өөрийн чадах бүхий л салбарт зүтгэж, тэр болгоноо амжилт болгож чаддаг. Түүний хийж байгаа бүхнээс би нэг л зүйл мэдэрдэг. Америк мөрөөдөл бөхөөгүй юм байна.

Удирдагчид
Барак Обама
АНУ-ын Ерөнхийлөгч, 51 настай

By Хиллари Клинтон (АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан)
   
Рангуны гудамжинд хүмүүс бужигнаж байна. Хүүхдүүд Америкийн далбааг намируулна гүйлдэнэ. Эцэг эхчүүд нь хүсдэг ч биелэх боломжгүй гэж боддог олон зүйлсийн талаар бодож санааширна. Ийм үед АНУ-ын Ерөнхийлөгч Бирмд очоод тэдэнд итгэл найдвар, эрх чөлөө, боломжуудыг өгөв. Энэ  бол АНУ-ын тэргүүлэл шилдэг нь болохыг харуулсан мөч байлаа.
Барак Обама анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдоход дэлхий нийтээр Америк мөрөөдлийн биелэлийг харсан. Өнөөдөр, тэд харин Америк мөрөөдөл түүнээр дамжин хэрхэн дэлхий нийтэд хүрч буйг хараад зогсохгүй Иракийн дайн намжиж, Ираны зөрүүд хүч аажмаар сулран тавирч байгааг мэдэрч байна. Харин АНУ-д, түүний эх оронд эдийн засаг эргээд хөл дээрээ бат зогсож, ажилгүйдэл буурч, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж байгааг бид харж байна.
    Тэр бол бидний ирээдүйн төлөө хамгийн сайн тоосгыг нямбайчлан өрж буй барилгачин юм.

Пак Кын Хе
БНСУ-ын Ерөнхийлөгч, 61 настай

By Ийнглак Чиннават (Тайландын Ерөнхий сайд)
       БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр хатагтай Пак Кын Хе сонгогдож, тэр дэлхийн эмэгтэйчүүдэд өмнө нь хөндөлсөж байдаг ханыг нурааж, хүйсийн ялгааны тухай авч хэлэлцэхгүйгээр, бид ч бас улс орноо удирдаж чаддаг гэдгийн бодит жишээ болсон. Түүний тангараг өргөх ёслолын үеэр бид анх уулзсан юм. Өмнөх Ерөнхийлөгчийн охин тэрбээр Хан мөрний эрэгт хоёр дахь гайхамшгийн цогцлоох хүчтэй хүн. Эмэгтэй удирдагчид эрэгтэй удирдагчдад тулгардагаас илүү олон саадтай нүүр тулах хэрэг гардаг. Харин Пак энэ бүхэнд няцахгүйн дээр Солонгосын хойгт аз жаргал, итгэл найдвар авчирч чадна гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Одоо ч мөн адил.

Ким Жөн Ун
БНАСАУ-ын удирдагч, 30 настай

By Барбара Дэмик (“Атаархах зүйл үгүй” номын зохиогч, сэтгүүлч)
     Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун бол дэлхийн хамгийн залуу төрийн тэргүүн. Ааш авираас нь ч энэ нь харагддаг. 1.2 сая армийн цэргийг коммандлаж, зөвхөн хоббигоо л хөөж дэлхийн оддыг авчирч чаддаг,  Б.Обамагийн үл тоон, өдөр бүр ичгүүргүй заналхийлэл өдөөдөг “жаал”.  Хойд Солонгосчууд түүнийг өөрийн аавтай ижил хүн гэж найддаг. Тэр зарим талаараа төстэй. Хүмүүс нь өлсгөлөндөө дасаж, живж байхад цөмийн зэвсэгт л анхаарал хандуулдаг, элдэв этгээд самуун өдөөхдөө гаргуун гэхчлэн төстэй шинжүүд бас байна.

Пап Франциск
Ромын пап, 76 настай

By Хамба Тимоти Долан
   
Систин дуганы оройн яндангаас цагаан утаа суунаглаж, дэлхийн 1.2 тэрбум католик шашинтан 266 дахь паптай болсноо мэдэх үед Гэгээн Питерийн талбайд мянга мянган хүн цуглаад, уухайлж байв. Тэд поп Францискийн төлөө уухайлсан юм. “Ах, дүү нараа, үдшийн мэнд” хэмээн Хорхе Марио Бергоглио хэлээд, “Таны нэгэн ах тань ажлаа хүлээн авахад бэлэн боллоо” гэж хэлснээр энэ бүхэн баталгаажсан. Энэ явдлаас зургаа хоногийн хойно тэр олон нийтийн өмнө анхны айлдвараа хэлэхдээ “Хайрлахаасаа битгий эмээ, туслахаасаа ч мөн адил бүү цааргал” гэж хэлсэн нь өнөө бидний оюун бодолд дохио мэт үргэлж хангинах болжээ. “Тэр яг л Есүс шиг ярьдаг” гэж олон хүний хэлж байхыг би сонссон. Есүс ч тэр, Франциск ч тэр бидний л адил эгэл хүн. Түүнийг бас бусдыгаа хайрлахаас бүү эмээ!

Уран бүтээлчид

Женнифер Лоуренс
Жүжигчин, 22 настай

By Жоди Фостер
    Түүний тоглосон “Winter’s Bone” кино үзмэгц би нэг юмны тухай бодсон. Энэ охин жүжиглэж чаддаг юм байна гэж. Тэр үүнээс ч ихийг харуулж чадах болно гэж. Тэр тарчиг хөрснөөс ургасан нь зарим талаар өөрийгөө түлхэж, үеийнхнээсээ хол илүү тасрахад нөлөөлдөг байх гэж би таасан. Жүжиглэнэ гэдэг түүний хувьд арьс болон бие цогцосын нийлэмж адил бодитой, бас үнэмшилтэй эд. Тэр бол Холливудад ирсэн бяцхан үнэт эрдэнэ. Гэхдээ тэр томорч, үнэлэгдэшгүй цэнэтэй алмааз болтлоо дэвжиж чадна.

Стивен Спилберг
Найруулагч, 66 настай

By Том Брокав (зохиолч)
      Стивенийг залууд нь “Jaws”-ийг найруулсан Питер Бенчлейтэй уулзуулахад  “Энэ хүү кино найруулагч болно гэж үү, би тэгж бодохгүй байна” гэж илтэд үл тоосон юм. Гэвч энэ бол Стивен Спилбергийн хэн нэгэн үл тоосон сүүлийн тохиолдол байсан. Түүнээс хойш тэр кино урлагийн агуу мастер болж, хүн төрөлхтөнд LincolnSchindler’s List  Saving Private Ryan  E.T. Close Encounters of the Third Kind  гэхчлэн гайхалтай бүтээлүүдийг бэлэглэсэн. АНУ-ын Ерөнхийлөгч агсаны тухай бүтээл болох Lincoln нь түүхий үнэтэй гэрч болоод зогсохгүй, 19 дүгээр зуунд биднийг аваачиж чадсан. Энэ бол түүний чадвар. Түүний агуу байдлын ердөө нэг хэсэг нь.

Кристина Агилера
Дуучин, 32 настай

By Селин Дион
     Кристина Агилерагийн дуулахын анх сонсоод би шууд л хөөрсөн, дараа нь гайхсан, тэгээд атаархсан. Түүний хоолой цэвэр, хүчирхэг бас тэр их дотортой дуулдаг. Үзэсгэлэнтэй залуу хатагтай, гайхалтай хоолой, бүжигчний чадвар гээд түүнд бүх юм байна. Бас тэр маш олон төрөлд хувирч чадна. Түүний хүчирхэг хоолой поп ч тэр, soul, R&B, каунтри гээд л алинд нь ч зохино. Аль нь байлаа ч биднийг алмайруулж дөнгөнө.
     Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр, тэр бол миний мэдэх хамгийн авьяаслаг хүчирхэг дуучин мөн та бидний олон жилийн турш гайхашруулсан хэвээр байх болно гэдгийг хэлж чадахаар байна, би.

Бэлгэ тэмдэг

Бейонсе
Дива, 31 настай

Баз Лурманн (Great Gatsby” киноны найруулагч)
     
Оскарын шагнал гардуулах ёслолын тайзнаа дуулснаас хойш л би түүний анхааралтай анаж, дараа нь зүрхшээн байж “Great Gatsby” киноны маань дууг дуулж өгөөч ээ гэж хүсэлт тавьсан юм. Ажлын соёл гэдгийг түүнээс анх мэдэрсэн би анх уулзснаас хойш түүнийг харах бүртээ, дууг нь сонсох болгондоо ажилла, ажилла бас дахин ажилла гэсэн эрч хүчийг авдаг юм. Тэр студийн ажлаа дуусгачихад дараачийн тоглолтын бэлтгэл рүү ямар ч ядарсан шинжгүйгээр инээмсэгэн гүйж одсон нь намайг алмайруулсан. Хэн ч түүн шиг дуулж хүчрэхгүй, хэн ч түүн шиг хөдөлж чадахгүй, хэн ч түүн шиг үзэгчдийг өөртөө татаж, байлдан дагуулж дөнгөхгүй. Дуучин, уран бүтээлч бас ээж хүн хэдий ч алинд нь ч тэр түүртээгүй, алийг нь гээгээгүй яваа нь бас нэг гайхам чанар нь. Тэр болон түүний нөхөр Жэй Зи бол соёлын нэг томоохон хэсэг, тэр өөрөө Хатан зөгий нь. Алдартай дуучин гэдэг нь түүний ердөө өчүүхэн шошго бөгөөд Бейонсе бүхэлдээ поп соёлын маш том бэлгэ тэмдэг. Бейонсе цомог гаргавал, тэр дуулбал, тэр ямар нэг зүйл эхлүүлбэл энэ ажил байдаггүй. Энэ ёслол төгөлдөр, төгс зүйл болдог. Тэр бол АНУ-ын дива, үндэсний дуу хоолой билээ.

Малала Йосафзай
Тэмцэгч, 15 настай 

By Челсиа Клинтон (Билл Клинтоны охин)
       Эр зоригтой хүмүүс үргэлж л ямар нэг хүчирхийлэлтэй нүүр тулдаг жам бий. Энэ жишиг 15 настай, бяцхан охин Малалаг ч тойроогүй бөгөөд харин тэр үлгэрт гардаг баатруудын л адил энэ бүх саадыг эрэлхэгээр давж чадсан билээ. Сургууль руугаа явах замд нь Талибаны зэвсэгт этгүүдүүд түүнд халдаж, охин хүүхэд сургуульд сурч болохгүй гэсэн шалтгаар толгой руу нь буудсан. Малала 11 настайгаасаа BBC-д блог хөтөлдөг байсан бөгөөд охидын боловсролын тухай, эмэгтэйчүүдийн эрхийн талаар маш олон гайхалтай нийтлэл бичсэнийг бид бэлхнээ мэдэх юм. Мөн тэр эмч болохыг мөрөөдөж, Талибанчуудаас айдаг ч энэ бүх айдас хэзээ нэгэн цагт арилах болно гэдэгт итгэдэг тухайгаа бичдэг. Одоо тэр эмнэлгээс гарч эрүүл саруул болсон бөгөөд ганц л зүйлийг, сургууль руугаа буцаж очихыг хүсэж байгаа. Түүний бичвэрүүд бол дэлхий даяарх сургууль сурах боломжгүй 61 сая хүүхдийн дуу хоолой юм. Тэр удахгүй номоо гаргахаа та маш олон түүхийг мэдэх нь лав. Малала охин ч бас тэмцлээ он удаан жил эрэлхэгээр үргэлжлүүлэхэ нь мэдээж. 


Apr 14, 2013

Гурвалаас гарсан урвал

Хийл, төгөлдөр хуур, морин хийлийн гурвалаас энэ дэлхий дээр хүний гараар бүтэж болох гайхамшигт нэгэн яруу хөг ундрах учиртай. Д.Галбадрах, Б.Оюу, Ц.Бэхбат гурав нэгдэж гэмээнэ Монголын сонгодог урлагийн ертөнцөд нэг содон үзэгдэл бий болох ёстой. Манайд бол аль аль нь шинэ, сонин, үзүүштэй, сонсууштай хэрэг явдал. Яг ийн бодож, бидний хэдэн нөхөд пүрэв гаригийн үдэш ДБЭТ-ыг зорив. Гурвалын найруулсан урвалаас юу бүтэх нь аль эртнээс аазгай хөдөлгөөд байсан болохоор тэр. Монголын тайзнаас анх удаа эгшиглэх гэж буй Л.Бетховений “Гурвалд зориулсан бүтээл”, Ф.Мендельсоны “Гурвал №1”-ийг урьтаж олж сонсов. Юугаараа онцгой юм гэсэн хэгжүүн асуултад ч хариулт олох гэж үзлээ.
      Энэ тоглолтын оркестрыг дохихоор ирсэн АНУ-ын удирдаач Брэд Коиэр ийн ярьсан. Гурвалд зориулж бүтээл хийнэ гэдэг маш хэцүү. Хөгжмийн зохиолчид нэг гоцлоочид зориулаад оркестртой хамтарсан зохиол бичих нь л том шалгуур болдог. Зарим нь чаддаг ч үгүй. Нэг бол гоцлооч нь тодроод, оркестр нь хаягдах ч юм уу, яг балансыг нь олох амаргүй байдаг болохоор тэр. Харин Л.Бетховен энэ хөгжмийг бичснээр маш том зүйлийн ард гарч, сонгодог урлагт нэгэн үнэ цэнэтэй бүтээл үлдээсэн” гэлээ. Гурвын гурван гоцлол хөгжимчин байхын дээр хоорондох уялдааг л нь соргог мэдэрч, найруулан бичих гэдэг амаргүй аж. Л.Бетховен “Гурвалд зориулсан концерт”-тойгоо зэргэцэн тухайн жилээ III, V симфонио бичиж дуусгасан байдаг. Тэр үед тэрбээр бид одоо мэддэг болсон шиг агуу хөгжимчинд “хувилж” байсан учраас өөрийгөө шинээр нээж, шинийг эрэлхийлж байсан юм билээ. Ингэж дэлхийн сонгодог хөгжмийн ертөнцөд Л.Бетховений нэрийг алтаар сийлэх шалтгааны нэг нь болсон “Гурвалд зориулсан концерт” нь бүтсэн юм байна. “Classical trio concert” тоглолтын төгсгөлд энэ бүтээлийг оркестртой хамтран тоглосон. Хөгжимчдийн чансааж сорьж, шалгадаг зартай бүтээл гэсэн. Гэвч манай гурвал хөгжимчин ерөөсөө шалтгалт өгч байна гэж бодсон юмгүй харагдсан. Залуу хөгжимчид хэдий ч үзүүлээд өгье гэсэн шиг эрэмгий байснаас үүдэж сонсож суугаа бидэнд хүртэл цочир сонин байсангүй, энэ эгшиг аялгуутай зугуу зугуухнаар уусан шингэж нэн таатай байлаа. Ер нь Ц.Бэхбат, Б.Оюу, Д.Галбадрах гурав энэ хөгжмийг энд, одоо тоглох л гэж бэлтгэгдсэн юм шиг санагдсан. Хөгжим нь ч гэсэн эрчимлэг, асар их чадвар шаардсан гэдэг нь илт.
      Энэ тоглолтын эхлэл болсон Ф.Мендельсоны “Гурвал №1” бүхэлдээ яруу сайхны дуулал адил хөнгөн хөнгөн “товшоотой”. Төгөлдөр хуурын тоглолт үндсэн суурь болох ч хийл, морин хийлийн найрлагатай гойд уялдаатай. XIX зууны үеийн романтизмын бас нэг сонгодог, сонирхолтой илрэл гэдгийг Б.Оюу ярьж байлаа. Тэр бүр “Ф.Мендельсоны трио дөрвөн ангитай. Хоёрдугаар ангийг нь энэ хорвоогийн хамгийн сайхан үгээр магтмаар байгаа ч үг эвлэхгүй юм. Тэр хэсгийг тоглож байхдаа мэдэрч байгаа аз жаргал, таашаалыг юутай ч зүйрлэх аргагүй” гэж тоглолт болохоос хэдхэн хоногийн өмнө ярилцлага өгөх үеэрээ хэлсэн нь санаанд орж байлаа. Энэ бүтээлийн дүрэлзсэн их тэмүүллийг нь тэд буй чигээр нь дэлгэн сонирхуулсанд нь талархаад баршгүй. Манай гурвал урьд нь гадаадад хамтарч, гоцлож хэд хэдэн удаа тоглолт тавьсан туршлагатай юм билээ. Сонгодог хөгжмийн хөгжил, өв уламжлалаар баян Швед, Испанийн тайзнаа гараад амжиж. Тухайлбал, Д.Галбадрах Нью-Йоркийн алдарт “Карнеги Холл”-д “World Milal choir”-той хамтран тоглолт хийсэн бол, Ц.Бэхбат Испанийн Бенаске хотод болдог “Beyond the music” олон улсын фестивальд гурван ч удаа оролцож, харин Б.Оюу Испанийн гурван хотод, дөрвөн удаа тоглолт зохион байгуулж амжсан. Бэхээ, Галаа хоёр хэсэг зуур Европод “үзэлцэж” байгаад эх орондоо эргэн ирсэн нь энэ. Харин Б.Оюу “Grand evening of Piano” нэртэй бие даасан тоглолтоо эх орондоо хэд хэдэн удаа тоглосныг бид бэлхнээ мэдэх билээ. Энэ удаа тэд  нэг тайзнаа нэгдэхдээ ёстой л гурвалын хүчийг мэдрүүлье гэсэн шиг байгаа юм.
    Хийл, морин хийл, төгөлдөр хуур гурав, Л.Бетховен, Ф.Мендельсон, Ж.Верди гурав, энэ нийтлэлийн гол болох манай гурвал хөгжимчний нийлэмжээс гайхалтай урвал явагдсэн учраас үзсэн бид ч хэсэгтээ хөхин баясаж явахын үүтгэл нь ийм. Энэ тоглолтод Ж.Вердийн “Хувь заяаны хүч” дуурийн удиртгал хөгжмийг тоглоход оркестрийг удирдсан, Л.Бетховений “Гурвалд зориулсан концерт”-ийг тоглох үед мөн дохисон, АНУ-ын удирдаа Брэд Коиэр Санкт-Петербургт олон жил ажиллаж байгаад Монголд бол анх удаа ирж буй нь энэ. Түүний ирсэнд нэг бэлгэшээлтэй зүйл байсан нь Ж.Верди дээрх дуурийг анх Санкт-Петербургт нээсэн юм билээ. Тэр бүр олон газраар явж дууриа нээдэггүй тэр, найзуудынхаа хүсэлтээр ОХУ-д очиж, энэ бүтээлээ анхлан толилуусан юм байна. Үүний нэг адилаар Брэд Коиэр ч гэсэн гурвалын тоглолт болох гэж буйг мэдээд, найзаараа дамжуулан уран бүтээлчидтэй холбоо тогтоож, сая ирсэн юм. “Залуу удирдаачид бэлэн оркестр олдох нь ховор. Бид бэлэн оркестр хүлээхгүй өөрсдөө эрж хайгаад л явдаг. Магадгүй зарим нь ингэхийн тулд маш хол зам туулж, өөрийгөө таниулах хэрэгтэй болно” гэж тэр ярьсан. Хол замынхаа турш Монголд нэг удаа буудаллаж, “Classical trio concert”-д оролцсон нь аль аль талдаа завшаантай хэрэг болсон юм.
     Ингэж цоо шинэ гурвал, хэдийгээр аль эрт зохиогдсон ч бидний хувьд мөн л шинэ болох хөгжмүүдээр үзэгчдийн сонорыг мялаасан “Classical trio concert” ямар гээч уур амьсгалтай байж, үнэ цэнэ нь чухам юундаа байсныг уншигч та бэлхнээ мэдсэн гэдэгт найдъя. Хүн угаасаа давруу хойно, сонгодог хөгжмийн шинэлэг тоглолтууд бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байгаа болохоор ч тэр үү дараачийн тоглолт хэзээ болох болоо гэсэн горь тэгээд ДБЭТ-ын хаалгыг хаасан юм.

Apr 9, 2013

Брэд Коиэр: Эрэл маань намайг энд авчирлаа


Маргааш онцгой орой байх болно. Учир нь алдарт Л.Бетховен, Ф.Мендельсоны гурвалд зориулсан сонгодог бүтээлүүд Монголын ДБЭТ-ын тайзнаа анх удаа эгшиглэнэ. Хийлч Ц.Галбадрах, морин хийлч Ц.Бэхбат, төгөлдөр хуурч Б.Оюу нарын "Classic Trio" концерт энэ үдэш ганцхан удаа тоглогдох гэж байна. Бид АНУ-ын удирдаач Брэд Коиэртой тоглолтын бэлтгэлийн үеэр нь уулзаж, ярилцлаа.     
         -Хавар ирсэн ч гэлээ Монголд хүйтэн хэвээрээ байна. Та энд ирээд даарав уу? 
     -Харин ч надад сайхан санагдаж байна. Сүүлийн хэдэн жил Санкт-Петербург ажиллаж, амьдарсан. Тэндхийн цаг агаар чийглэг, хүйтэн байдаг нь бараг эндхээс илүү "хорлонтой". Хэдийгээр Монголын хүйтэн цаг агаар, салхины хурдаас болж нислэг маань хойшилсон ч гэлээ намайг сэргээж байна. 
         -Тухайн өдрийн тоглолтод цаг агаарын байдал нөлөөлдөг үү? 
   -Хөгжимд баяр, гуниг, эрч хүч, намуун зөөлөн гээд сэтгэлийн маш оло нхөдлөл илэрхийлэгддэг салхин, шуурга, цас, бороо гээд байгалийн элдэв үзэгдэлтэй төстэй. Тухайн өдөр цаг агаар ямар ч байлаа гэсэн бидний тоглолтод сайн нөлөө үзүүлэх нь их. 
-Та найман настайдаа хоорт зосгож, дараа нь төгөлдөр хуураар хэсэг зуур хичээллэсэн юм байна. Одоо харин удирдаач. Багын тэр бүх хичээл зүтгэл удирдаач болоход өөрийгөө бэлдэх үйл явц байв уу, эсвэл тухайн үед үнэхээр төгөлдөр хуурч болъё гэж бодсон юм уу?
-Манай гэр бүлд сонгодог урлагаар замнасан хүн байгаагүй. Би анхных нь. Эхэндээ миний дотор удирдаачийн совин байгаа эсэхийг мэдэх нь битгий хэл ийм мэргэжил байдаг эсэхийг ч мэдэхгүй явсан. Багадаа дуулах дуртай байсан учраас л хоорт зогсож, дараа нь найз маань төгөлдөр хуураар хичээллээд байхаар нь дагачихсан. Харин дараа нь онцгой нэгэн тохиолдлоор анх удаа удирдаачийг ойроос харж, мэдрэхэд надад их сайхан санагдаж билээ. Тэр хүн хөгжимтэй хэрхэн холбогдож, мэдэрч, түүнийгээ бусдад хэлмэрчилж, тэднийг удирдаж байгаа нь их өвөрмөу байсан л даа. Тэгж л би удирдаач болвол ямар гэж бодсон. Миний харсан тэр бүхний цаана чухам юу байгаа юм гэдгий нээхийг хүссэн нь одоо мэргэжил маань болсон байна.
-Ихэнх удирдаач 40-45 насандаа оркестр удирдаж эхэлсэн байдаг. Хөгжмийг мэдэрч, мэргэшснийхээ дараа л тайзнаа гардаг, их хожуу боловсордог мэргэжил шүү дээ. Харин та бол гуч гарч яваа залуухан удирдаач. Нас залуу байхын зовлон хэр мэдрэгддэг вэ?
-Тийм ээ, таны хэлсэн шиг гоцлоочид, оркесторт суудаг ч хөгжимчид ч юм уу, олон жил ажилласныхаа дараа л туршлага сууж, удирдаач болдог. Урьдын жишиг ч  ийм. Гэтэл өнөө цагт бүх юм хувьсаж байна. Бүтээлүүд хүмүүст амархан хүрч, жишээ нь, өмнө нэг өдөр нэг л концерт үзэж, сонордох боломжтой байдаг байсан бол одоо гэртээ суугаад л арав, хорин концерт үзэж болдог болжээ. Судлах зүйл, материаллаг бааз ч түгээмэл, элбэг байна. Тэгэхээр залуу хүмүүс өөрийгөө хурдан чадваржуулж, удирчаад болоход үгүй гэх газаргүй. Харин нөгөө талд, хэдийгээр бүхнийг гүйцэд сурсан байлаа ч залуу удирдаачид бэлэн оркестр олдох нь ховор. Бид бэлэн оркестр хүлээлхгүй, өөрсдөө эрж хайгаад л явж байна. Магадгүй ингэхийн тулд маш хол зам туулж, өөрийгөө таниулах, хэрэгтэй болдог. Энэ амаргүй ч, бидний хувьд бас л нэг том хичээл болж өгдөг юм.
-Магадгүй та үүнийг л хайж Монголд ирсэн байж болох. Хаа байсан Америкаас Монголд ирж, эдгээр уран бүтээлчтэй хамтран тоглолт тавих саналыг зөвшөөрсөн хамгийн гол шалтгаан тань юу байв?
-Бэхээ, Галаа нартай найзаараа дамжуулан танилцсан. Монгол орноор аялахын зуур, ийм тоглолтод оролцох боломж байна гэж надад хэлэхэд нь бэлэг шиг л сайхан санагдсан. Хаа нэгтээг зорьж оркестр удирдахыг, чадвараа дээшлүүлэхийн сацуу өөрийгөө нээж харуулах ийм л зүйлийг би хүсэж, хүлээж байлаа. Энэ бол харилцан бие биедээ тусалж буй үйл явц. Бас эдгээр гурван хөгжимчний хоёр нь гадаадад байж байгаад эх орондоо буцаж ирээд тоглолт тавихаар зэхэж байгаа гэж сонссон. Би ч бас ОХУ-д хэдэн жил ажиллаж байгаад, саяхан эх орондоо (АНУ) ирээд өөрийгөө таниулах гэж хичээж байгаа учраас тэднийг ойлгож, бас чадлаараа дэмжихийг хүссэн учраас би энд ирээд байна.
-Л.Бетховен, Ф.Мендельсон, Ж.Вердийн гурвалд зориулсан хөгжмүүдийг бид анх удаагаа эх орныхоо тайзнаас сонордох гэж байна. Энэ бүтээлүүдийн агуу нь чухам юундаа байдаг юм бэ?
-Гурвалд зориулж бүтээл хийнэ гэдэг маш хэцүү. Хөгжмийн зохиолчид нэг гоцлоочид зориулаад оркестртой хамтарсан зохиол бичих нь л том шалгуур болдог. Зарим нь чаддаг ч үгүй. Нэг бол гоцлооч нь тодроод, оркестр нь хаягдах ч юм уу, яг балансыг нь олох амаргүй байдаг болохоор тэр. Харин Л.Бетховен энэ хөгжмийг бичснээр маш том зүйлийн ард гарч, сонгодог урлагт нэгэн үнэ цэнэтэй бүтээл үлдээсэн. Гурван гурван гоцлооч хөгжимчин байхын дээр тэдгээрийн хоорондох уялдааг л олно гэдэг амаргүй. Л.Бетховен “Гурвалд зориулсан концерт”-тойгоо зэргэцэн тухайн жилээ III, V симфонио бичиж дуусгасан байдаг. Тэр үед тэрбээр бид одоо мэддэг болсон шиг агуу хөгжимчинд “хувилж” байсан учраас өөрийгөө шинээр нээж, шинийг эрэлхийлж байсан нь харагддаг.
Харин Ж.Верди “La Forza del destino” бүтээлээ миний сурч, ажиллаж байгаад ирсэн ОХУ-ын Санкт-Питербургт нээж байсан нь надад онцгой санагддаг. Учир нь Ж.Верди тэр бүр олон газар дуурийн нээлт хийж яваад байдаггүй юм. Тухайн үед түүнд найзууд нь санал тавьж, тэр ОХУ-д ирсэн шиг би мөн адил найзуудаараа дамжуулан Монголд ирээд, дээрх бүтээлийг удирдах гэж байгаа нь надад сайхан санагдаж байгаа.
-Хоолойн чадал шаардсан бүтээл гэж байдаг. Тэгвэл удирдаач нарын хувьд  гарын техник шаардсан бүтээл байх уу?
-Удирдаачийг оркестрийн урд гаргаад ямархуу чансаатай этгээд вэ гэдгийг нь шалгахаар бол И.Ф.Стравинскийн хөгжмийг дохиулдаг юм. Түүний хөгжмүүд маш шалгуур болж өгдөг. Гэхдээ бүхий л хөгжимд өөрийн гэсэн үнэ цэнэ, шалгуур бий шүү дээ. Тухайн хүн хэр авьяастай юм, дотоод хөгжмөө хэрхэн мэдэрч, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ гэдгийг бүх л хөгжим шалгаж байдаг.
-Зөвхөн гарын техникийг эзэмшихийн тулд та хэр олон жилийг зарцуулсан бэ?
-Анхлан суралцаж байхдаа хэдэн долоо хоногийн турш хөгжимгүйгээр, зөвхөн биеийн хөдөлгөөнөө хянах, өөрийнхөө биеийг хэрхэн хөдөлж байгааг анзаарах, үүнд анхаарал тавих дасгал хийдэг байсан. Дараа нь ОХУ-д очиход багш маань тогтвортой байхыг хамгийн чухалд үзэж, сургасан. Сурах явцдаа гарын техникээ улам хөгжүүлж байснаас биш одоо би үүнийг өөрийн болгож, эзэмшиж чадлаа гэж хэзээ ч бодож байгаагүй. Ер нь тэр цэгт хүрэх ч үгүй байх. Өөрийнхөө хөдөлгөөн бүрийг хянана гэдэг бидний хувьд их чухал л даа. Хоёр гараараа зэрэг, эсвэл ондоо ондоо хөдөлгөөн илэрхийлэхэд хяналттай байх нь маш их хэрэгтэй. Хөгжимдөө хэтэрхий уусаад, гарын хөдөлгөөнөө мартчихвал бүх юм дуусаа л гэсэн үг. Бас гарын техникийг зөв сурахгүй бол хожим гэмтэх, өвчтэй болгох эрсдэл их.
-Өдөр бүр хөдөлж, түүнийгээ хянаж, сургуулилж байдаг болохоор биеийн тамирын дасгал хийх ч хэрэггүй юм шиг байна, тийм үү?
-Тийм ээ (инээв).
-Төгөлдөр хуурчидтай адилаар та нар ч бас гараа хайрлаж, гамнаж байх ёстой болдог байх тийм үү?
-Зөвхөн гараа ч биш үргэлж хөдөлж байдаг болохоор бугуй, тохой, мөр, нуруугаа бас хамгаалах, гамнах хэрэг гарна. Үүнээс гадна тайзан дээр удирдаачдын зогсдог индэр дээр ажиллаж сурахын тулд маш их цагийг зарцуулдаг. Тэнд яаж байрлах, хөдөлгөөнөө, зогсолтоо өөрчлөхөд яах вэ гэдгийг сурдаг зэргээс харвал удирдаач хүн биеэ хэрхэн гамнах ёстой байдаг нь харагдаж байгаа биз. Нэг хөдөлгөөнөө олон удаа давтдаг болохоор удирдаачид мөрөндөө гэмтэл авах тохиолдол элбэг. Хэрэв биедээ гамтай байхгүй бол нэг л өдөр гар нь хөдлөхөө байчихна. Тайзнаас бууж ч амжилгүй нас барсан цөөнгүй удирдаач байдаг. Зөвхөн биеийн гэлтгүй сэтгэл зүйн хувьд ч өндөр ачаалалтай байдаг. Зүрх хурдан хурдан цохилно, бүтэн оркестрийн дунд ганцаарханаа зогсоод хөгжмийг мэдэрч, хөгжимчдийг удирдахын тулд харцнаас эхлээд чихний сонор хүртэл өндөр байх хэрэгтэй.
Уг нь би хөлбөмбөгт дуртай. Тэгсэн дунд сургуульд байхдаа тоглолтоос долоо хоногийн өмнө найзуудтайгаа тоглож байгаад ядам хуруугаа гэмтээж, оркестроо удирдаж чадаагүй. Тийм болохоор өөрийгөө дуртай зүйлээсээ хүртэл чөлөөлсөн.
-Та Монголд ирсэн даруйдаа тоглолтын бэлтгэлд оролцож байгаа гэдгийг сонссон. Маргааш болох тоглолт ер нь ямархуу болох мэдрэмж төрж байна вэ?
-Энд оролцож байгаа хүмүүст нэг ижил тал байна. Тэд бүгдээрээ шинийг эрэлхийлж, маш их хичээл зүтгэл гаргаж, хөгжимд өөрийгөө зориулж буй нь надад мэдрэгдсэн. Хүнд аливаад өөрийгөө зориулаад, түүгээр дамжуулан бусдад ямар нэг юм өгөхийг хүсэж байгаа гэдэг нь маш эрхэм чухал зүйл. Тиймээс би энэ тоглолтын нэг хэсэг нь болж байгаадаа баяртай байна. Үзэгчид ч гэсэн энэ сэтгэлийг мэдрээд, ямар нэг зүйлийг олоод буцна гэдэгт би итгэлтэй байгаа.

Apr 6, 2013

Бохир бүжиг



Большой театрын бүжигчин, уран сайхны удирдаач Сергей Филин 

     Оросын түүхийн зузаан зузаан номууд бүхэлдээ дайн тулаан, атаа хорсолоор улбаалсан гэмт хэргээр дүүрэнсэн. Ер нь л дэлхийн түүх гэгч чигтээ л дайны тулааны түүх байдаг хойно. Урлагийн түүх ч ялгаагүй. Зэвсэг барин тулалдахаас илүү боловсон, бас хорон. Яг ийм хорон бас боловсон өшөө авалт дэлхийд алдартай Большой театрын дотроос гарч, тус театрын балетийн уран сайхны удирдаач Сергей Филин өдгөө дахин хараа орох эсэх нь эргэлзээтэй гэсэн оноштойгоор Германы эмнэлгийн орон дээр өдөр хоногийг өнгөрөөж буй билээ.
    Түүнийг Оросын балетийн ханхүү гэцгээдэг. Таван жараны түүхтэй Большой театрт гоцлож, улмаар уран сайхны удирдаач болтлоо дэвшинэ гэдэг дэлхийн балетийн урлагийн оргил өөд гарсантай ялгаа юун. Долоон настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн Сергей Филин хоёр жилийн дараа Москвагийн Балетийн академид суралцах урилга гардсан нь том завшаан байв. 18 насандаа тэр “Большой балет компани”-д элсэх хүртлээ чадваржжээ. Хоёр жилийн хойно Сергей Филин хэдийнэ алдрыг олж, бүхий л томоохон балетад гоцлож, шуугиулаад авсан гэдэг. “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Ромео Жулиет хоёр”, “Жизель”, “Сүүлчийн танго”, “Кихот ноён”, “Үнсгэлжин” зэрэг балетад гоцлож, XX зууны сүүл үеийн Оросын балетийн урлагийн өнгө төрх нь болж явав. Тухайн үед бол алдарт Галина Степаненко, Светлана Ланкина нартай л хоршиж байж шүү дээ. 2004 онд “Зөрүүд охин” охин бүжгэн жүжигт гоцлож байх үедээ хөлдөө бэртэл авч, тухайн жилдээ зодог тайлсан юм. Хэсэг зуур амсхийсний дараа 2011 онд Большой театрын балетийн уран сайхны удирдаач болсноор их театрын босгыг дахин алхжээ. Олон улсын театрын наадмаас “Алтан маск” шагнал хүртсэн шинэ эриний анхны орос хүн болсон түүнд энэ зэргийн хүндэтгэл үзүүлэх нь зүй ёсных байв. Гэвч өдгөө Сергей Филиний төрх алтан маск гэгдэх нь битгий хэл бүхэлдээ эрэмдэг болсоны дээр хоёр нүд нь дахин хараа орох магадлал ч бага. Учир нь тоглолтоо тарчихаад гэртээ харих замд нь баг зүүсэн үл таних этгээд нүүр рүү нь хүчил цацаад зугатаачихсан гэдэг. Энэ гунигт явдал түүхийн номонд хараахан орж амжаагүй байна. Дээрх хэрэг тун саяхан, бүр тодруулбал 2013 оны нэгдүгээр сарын 21-нд болсон юм.
Хүчилд цацуулсны дараа 
     Нүд нь хавдаж, нүүрээ бүхэлд нь бинтээр ороолгуулсан түүнийг нэгэн цагт Большой театрын тайзнаа мандаж явсан балетчин гэхэд итгэх хүн цөөн. “Эрэмдэг болсон царайгаа харж чадахгүй байгаа нь нэг бодлын амар юм даа” гэж Сергей Филин “Newsweek” сэтгүүлд ярилцлага өгөх үедээ хэлж. Уйтгартай ч юм, гунигтай ч юм. Одоо түүнд хагалгаа амжилттай болоосой гэж хүсэх л үлдсэн. Энэ нь эхний бөгөөд эцсийн оролдлого учраас тэр. Түүнийг ийн шаналах зуур дэлхийн хэвлэлүүд шуугиж, энэхүү хэрэг явдлын цаана хэн байв, ямар зорилгоор ингэх болов гэдгийг мөшгиж эхлээд байна. Большой театрын хэвлэлийн төлөөлөгч Екатрина Новикова “Сергейг суудлаас нь буулгах гэсэн оролдлого байснаас зайлахгүй. Театрын дотроос л хэн нэгэн энэхүү ичгүүртэй хэргийг өдөөсөн байх. Учир нь Сергей ажилдаа төгс мэргэшсэн нэгэн учраас түүнийг зайлуулах цорын ганц арга л энэ” хэмээн ярьжээ. Сергей Филин ч мөн ийн бодож буй. Тэрбээр “New York Times”-д өгсөн ярилцлагадаа энэ хэргийн цаана хэн буйг мэдэж байгаа гэдгээ хэлсэн ч, нэрийг нь дурдахаас зайлсхийсэн байна. “Учир нь тэр өөрөө гэмээ хүлээгээсэй гэж би найдаж, бас хүсэж байна. Ийм хэрэг үйлдсэн тэр хүнд энэ зэргийн зориг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна”.
Германы эмнэлгийг зорихоос өмнө
      Золгүй явдал болох үед Сергей Филин “Сүмийн бүжигч” (La Baydere) бүжгийн уран сайхны найруулга дээр ажиллаж байсан бөгөөд энэ зуур эзэн нэргүй заналхийлсэн захидал хүлээж авсан гэдэг. Энэхүү захидалд чухам юу дурдагдсаныг Сергей Филин нийтэд дэлгэхээс цааргалаж буй ч, “өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өг” хэмээсэн боловсон ятгалга байсан юм билээ. Их театрын удирдах албан тушаалын төлөөх далд дайн хэзээнээс л улбаатай аж. Сергей Филиний хүлээж авсан энэхүү албыг өмнө нь Геннадий Янин хашиж байсан ч, түүний зүй бус, садар бичлэг интернэтээр тархасны дараа ажлаа өгсөн байна. Тус театрын зарим балетчиний баталж буйгаар уг нь Г.Яниныг гочлооч Николай Цискаридзе орлох байсан ч, Большой театрын удирдлагууд С.Филинийг сонгосон ажээ. Мэдээж, энэ хэрэгт хамгийн түрүүнд Н.Цискаридзег сэрдэж буй ч, хэд хэдэн байцаалтын дараа ч тэр дээрх явдалд холбоогүй гэдгээ баталсаар байгаа юм. Большой театрыг тойрсон улигт асуудал үүгээр дууссангүй тус театрын өнөө цагийн шилдэг гоцлоочид болох Иван Васильев, Наталья Осипова нар ажлаасаа халагдах хүсэлтээ өгч шуугиан тарив. Тэд өөрсдийн өргөдөлдөө “Мөнхийн дарамт шахалт, атаа хорслоор дүүрсэн энэ тайзнаа дахин тоглоно гэхээс эмээж байна” гэж бичсэн байна. Үүнээс болж Большой театр 247 дахь үзвэрийн жилийнхээ хөтөлбөрт өөрчлөлт оруулж, зарим нэг тоглолтыг цуцлах хүртэл арга хэмжээ авч эхэлжээ.
   Өдгөө Большой театр 100 рублийн дэвсгэрт дээрх хөрөг шигээ сүрдэм бөгөөд амгалан налайхаа байв. Театрын үе үеийн уран бүтээлчид ч тэр, хэвлэл мэдээллийнхэн ч тэр ээлж ээлжээр театрын доторх бузар булайг нь дэлгэцгээж байна. Бэлгийн дарамт, бүжигчдийн хоорондох хорон өшөө авалтууд энд бол хэвийн үзэгдэл бөгөөд бүр театрын удирдлагууд Оросын мафитай сүлбээтэй гэдэг нь хүртэл ил болов. Зургаан жил үргэлжилсэн театрын сэргээн босгох их засварт 668 сая ам.долларын хөрөнгө зарсаны цаана томоохон нууц бий гэж итгэсэн цагдаагийн ажилтнууд хэдийнэ мөрдөн байцаах ажилаа эхлүүлээд байгаа аж.
Гэвч дэлхийд цуутай уг театрыг дотроос нь ч, гаднаас ч мэрцгээж буй энэ үед их театр эдгээр дуулиан шуугианыг сүрлэг барилгынхаа гадна үлдээж, улаан хамбан хөшгөөр халхалсан тайзныхаа ард ээлжит сургуулилтаа явуулж, хөтөлбөрт арга хэмжээ бүрээ ээлж дараалан явуулсаар л байна. 300 шахам жилийн түүхтэй их театр уран сайхны удирдаачаа, хоёр ч гоцлол бүжигчнээ алдсан ч үл ганхаж, барьц алдахгүй байгаа нь сүржин бөгөөд хүчирхэг санагдана. Магад Сергей Филин 2004 онд тоглолтын үеэр хөлдөө гэмтэл авсан ч дуусан дуустал нь торох юмгүй бүжиж, зангирсан их өвдөлтийг тэвчин, алга нижигнүүлэх үзэгчдийн өмнөө хоёр гараа дээш өргөн мишээж байхдаа ийм л байсан болов уу. Дуулиан тарьсан хэрэг явдлууд ар араасаа хөвөрч, театрын бүжигчдийг түгшээж байгаа ч тэд энэ сарын 15-нд тоглох “Нойрсож буй гүнж” бүжгэн жүжгийн бэлтгэлээ хийсээр л байгаа тухай “New York Times”-д бичжээ. Большой театрын цахим хуудаст нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Сергей Филиний албан тушаалыг театрын экс гоцлооч Галина Степаненко түр хугацаанд хашихаар болсон гэнэ (бүр ч байж мэдэх л юм). Харин уг цахим хуудаст Сергей Филинтэй холбоотой хэргийн талаар нэгээхэн ч үг, өгүүлбэр байсангүй.
Сергей Филиний нүүрний хавдар бүрэн буусан бөгөөд тэр Москвагийн төв эмнэлгээс гарч, Германд эмчлүүлэхээр шийджээ. “Би нэг л зүйл мэдэж байна, энэ хэргийн цаана ганц хүн биш бүхэл бүтэн бүлэг бий. Би нэг л зүйлд итгэж байна. Нүд минь хараа орвол би тайзнаа дахин ирнэ. Тэгээд жинхэнэ уран бүтээлч хүн хэрхэн өшөө авдагийг уран бүтээлээрээ харуулна, би”.