Showing posts with label 'Unuudur' newspaper. Show all posts
Showing posts with label 'Unuudur' newspaper. Show all posts

Feb 11, 2014

Дуурсах юм юу ч үгүй нэгэн жүжгийн тухай 765 үг


  ХХ зууны хамгийн алдартай, нэр суу нь түгсэн абсурд жүжгийн нэг, Эжен Ионэскогийн “Сандлууд”... Ээ, больё. Хийрхэхээ, худал өргөхөө байя, энэ тэмдэг нэрүүдийг ч орхиё. Энэ гайтай тэмдэг нэрүүдээс болж л их юм болдог биш үү. Ерөөсөө ингэж эхэлье. Эжен Ионэско гэгчийн нэг жүжиг. “Сандлууд” хэмээх нэртэй, абсурд төрөлд багтах эд. Ёстой л ямар ч тэмдэг нэр зарлагдахын хэрэггүй эмгэн, өвгөн хоёрын дуурсах юм юу ч үгүй амьдралынх нь нэг хэсгийн үзүүлнэ. Тэд баатрууд биш, өвгөн нь ядаж дайнд яваагүй, улс төрч, химич, тэргүүлэх математикч, хувьсгалч, сэхээтэн, кубист, за даа, бүр төмрийн дархан ч биш юм. Шатны маршалынхаа үүргийг нэр төртэй гүйцэтгэж явсан гэх бүдэг түүхээрээ бахархдаг буурай. Эмгэн бол эзэгтэй, хань, ер нь бол хүн гэдэг нь хамаг дээд хэргэм нь болсон нэгэн.
            Сандлуудаас өөр тавлигагүй юм уу даа гэмээр оромж нь гурван хаалгатай. Эдгээрийг цуцтал онголзуулж, эсвэл сандал дээр навсайтал лаглайн суухаас өөрөөр гийгүүлэх боломжгүй орчин. Тэд энд 75 жилийг хамт өнгөрүүлсэн болохыг харилцан ярианаас нь мэдэж болно. Гэвч үнэндээ орон зай, цаг хугацааны хүлээснээс ангижирч, энэ дэлхийн үйл хэрэг, цаг хугацааны эргэлдэх хөдөлгөөнд хумсын чинээ хамааралгүй болсон тэр хоёр амьдарсаар л буй тухай. Яг л над шиг, тань шиг гэсэн үг.
            Гэвч өвгөнд энэ ертөнцөд, цагаан гартан, төмөрчин, мужаан, дунд сургуулийн багш, пап болон далай лам, ерөнхийлөгч, сэхээтэн, хөдөө тосгоныхон, хий судлалын эмч нарт хандаж хэлэх ихээ чухаг, бүр маш чухал, орхиж огт болохгүй, өөрийнх нь хувьд амьсгалах шалтгаан нь болсон үг бий юм. “...Миний арьс чиний арьсыг хучиж, миний өт, чиний биеийг, чиний өт миний биеийг идэн хамтдаа нэг авсанд орох...” тэр цаг хүртэл хорвоогийн уйт өдрүүдийн ард гарсаар байгаа нь ийм учиртай.
            
           Эмгэн: Чамд мэдээ байгаа, заавал дамжуулах ёстой гэж чи дандаа ярьдаг байсан. Тэмц, ариун үүргийнхээ төлөө амьдар...
           Өвгөн: Мэдээ хүргэгч гэдэг маань үнэн шүү, би тэмцэж байгаа. Аруин үүрэгтэй, миний дотор ямар нэгэн юм бий. Энэ бол хүн төрөлхтөнд хүргэх миний үг... хүн төрөлхтөнд...
           Эмгэн: Хүн төрөлхтөнд чиний хүргэх үг шүү, миний өвгөн.
           Өвгөн: Энэ ч үнэн шүү, ёстой үнэн.
           Эмгэн: Тэр шүү...чи чинь эр хүн, дайчин эр, шатны маршал...
            
О.Юмов, С.Мягмар нарын найруулсан энэ жүжгийн та үзчихэд гэмгүй байсан (хэрэв та үзсэн бол энэ өгүүлбэр танд зориулагдаагүй болно). Гэхдээ үзээгүй байлаа гээд бас юу ч өөрчлөгдөхгүй. Яг л бүх юм, бүх үйл явдал шиг. Орой бүр зурагтаар гардаг олон ангит кино шиг, спортын үйл явдал, сонгууль, бүжгэн жүжиг, жагсаал, гудамжны зодоон, нар мандах, од харвах, од үл харагдах шиг оролцлоо, харлаа, мэдлээ гээд амьсгалах өдрүүдийг чинь уртасгахгүй, утга төгөлдөр болгохгүй тийм л нэг юм. Хэрэв үзэхсэн гэж бодсон бол та 2014 оны хоёрдугаар сарын 8-ны 20.00 цагт та буруу газраа байжээ. Очсон бол та урьд тайзнаас хэзээ ч хараагүйгээ харах байсан. Ажил руугаа алхах, орон дээр элдвийг бодон хэвтэх, юу ч бодохгүй таг гөлрөх, дэлгүүрээс талх авах, тамхи татах, унтраахтай чинь адил онцгой бишийг нүдээр үзэх байсан. Үргэлжийн хардаг содон жигтэй, анхаарал татсан, элэг эмтрүүлж, инээд барсан уйтгартай чухал үйл явдал биш, хурц өрнөл, гүн тайлалаас өөрийг харах байсан. Нээрэн шүү.
            Өвгөн, эмгэн, уран илтгэгч гэсэн гурван дүр л тайзан дээр бодитоор, үзэгчдийн нүдэнд харагдана. Харин тайзнаа яван явсаар 27 сандал тавигдана. Бүгд эзэнтэй. Тэр эзэд нь дээр нуршин өгүүлсэн этгээдүүд, жишээ нь ерөнхийлөгч, пап лам нар болгон төсөөлсөн, ерөнхийдөө бол өвгөн эмгэн хоёрын төсөөллийн дүрүүд. Хий биетэй тэднийг гэртээ оруулан, бодитой мэт аягласаар уран илтгэгч иртэл саатна. Өвгөн уран ярьдаггүй учраас хүн төрөхлтөнд хүргэх өнөө чухам, чухал үгээ уран илтгэгчээр хэлүүлэхээр шийдсэн нь энэ. Өвгөн догдлонгуй ч уцаартай, эмгэн бахархангуй ч мэгдэлттэй байна.
            Эмгэн: Эрхэм дээдэс ээ, илтгэгч ирнэ.
            Өвгөн: Илтгэгч одоохон ирнэ.
            Эмгэн: Ирнэ.
            Өвгөн: Ирнэ.
            Эмгэн: Ирнэ.
            Өвгөн: Ирнэ.
            Үнэхээр ч илтгэгч ирсэн. Өвгөн баярласан, хөөрсөн, эмгэн баярласан, хөөрсөн байртай байна. Тэгээд ингэж хэлнэ.

            Өвгөн: Яг одоо харин хүсэх юм гэвэл
            Яс үс маань нэгдэн нийлж
            Ядарч туйлдсан цогцос маань
           Ялзралыг нэгэн булшинд угтаж
           Магад, газрын шавьж хооллохыг
           Маш ихээр хүснэм би...
           Эмгэн: (цуурайлан) Маш ихээр хүснэм, би...
           Өвгөн: Энэ мөрөөдөл биелэшгүй!
           Эмгэн: Энэ мөрөөдөл биелэшгүй!
          
           Гээд тэд гарна. Магад үхсэн байх. Магадгүй үхэхэд саадгүй, үлдэхэд хоргодох юмгүй болсон байх. Ямартай ч явж одно. Уран илтгэгч үлдэнэ. Тэр өвгөний өнөө чухал, чухам, хүн төрөлхтөнд хэлэхгүй л бол горьгүй үгийг дамжуулах үүрэгтэй. Гэвч түүний амнаас нэг ч үг гардаггүй юм. Тэгээд тэр ч гэсэн явдаг юм. Жүжиг дууссан. Эжен Ионэскогийн энэ жүжгийн гол дүрийн өвгөнийг экзистенциалистууд хүний амьдралын рациональ шинж чанарын оронд угаас энэ чинь абсурд гэж сөргүүлэн тавьсан чухаг дүр гэж эрхэмлэн үздэг бөгөөд энэ утгаараа онцлох абсурд жүжгийн нэг болсон гэдэг. Өвгөн дайх үгээ уран илтгэгчид үлдээгээд одоход, тэр нь юу ч хэлэлгүй тайзнаас бууна. Тэр нь нэг ёсондоо иррациональ, утга учиргүй, өөрөөр хэлбэл абсурд юм. Абсурд. Тэгээд л бол оо.

Feb 10, 2014

Н.Нацагням: Хийх юмаа дуусаад хурдан тэтгэвэрт гарна. Тэгээд хөлбөмбөг тоглоно


Төрийн соёрхолт Н.Нацагнямтай ярилцлаа. Бид ярилцлага хийхээр тохирох үед, асуултаа бэлдэж суухдаа, мөн эмнэлгийн үүдээр орж, түүнтэй мэндлэх хүртэл дорх шиг яриа болно гэж ер бодоогүй. Амьдрал угаасаа санаандгүйгээр дүүрэн, урьдаас бэлтгээгүй юмс сонин, сонирхолтой байдаг хойно. Энд таны унших, 3986 үг элбэсэн энэхүү ярилцлага залуу инженерийн монтёр хийж байсан үеэс шуугиан тарьсан нээлт хүртэлх түүх, түүнээсээ халиад бас улс төр рүү орсон халуун яриа нь таныг уйдаахгүй гэж найдаж байна.
-За, “Өнөөдөр” сонины “Оны алдартан” болсонд тань ахиад баяр хүргэе. Өчигдөр бид баярлаж хөөрөөд л өнгөрлөө. Одоо харин танд юу бодогдож байх юм?
-Сэтгэл догдоллоо гэхэд хэцүү ш дээ. Яг үнэндээ эдийн засагт үзүүлэх үр дүн нь тодорхой бус, массын бизнесийг Монгол Улс хийсэн цагт л үр дүн нь харагдана. Гэтэл тэгээгүй байхад алдаршаад, шагнал хүртээд байх нь санаа зовмоор юм. Тиймээс “Аа, би...” гээд кайф авахгүй, баярлахгүй байна. Гол ажил нь аман хүзүүн дээр ирчихээд байхад биелэх, биелэхгүй нь тодорхойгүй. Төрийн бодлого 20 жил буруу явсныг засаж, залруулаад цааш явна гэдэг бөөн стресстэй ажил байхгүй юү.
-Гэхдээ олзуурхууштай нь технологийн ололтыг төр ойлгож, мэдэрдэг болж байгаагийн илрэл, цаашдын их замд итгэл өгсөн үйл явдал боллоо гэж харсан шүү.
-Тийм ээ, ийм сайн тал байлгүй яахав. Жишээ нь, инженерийн мэргэжилгүй Ерөнхий сайд байсан бол энийг маань ойлгохгүй, тэгээд л дарагдана. Энэ бол дэвшил, тийм үү. Л.Гантөмөр сайд Японд IT-гийн мэргэжлээр арван жил ажиллаагүй бол бас л ойлгохгүй. Ойлгодог хоёр сайд байгаа нь сайн тал, бас миний хувьд аз таарсан явдал. Муу нь юу вэ гэвэл, барууны капиталист нийгмийн нууцыг бид мэдэхгүй байна. Бантан хийхэд жор, дараалал байдаг. Гэтэл бид шал буруу хийгээд саваа тавиад, шууд гурилаа холиод, бөөн хиншүү хярвас гаргаж байгаагаас өөрцгүй. Энгийн нэг бантан хийхтэй ижилхэн ажлыг 20 жил буруу хийгээд, одоо хүртэл түүнийгээ засаагүй байгаад нь бухимдалтай байгаа юм.
-Монголд ер нь шинжлэх ухаан, технологийн үнэлэмж муу, маш олон хүн шинэ нээлт, бүтээлтэйгээ хамт насаа өнгөрөөж байгаа жишээ ч бишгүй. Үүнд төрийг зүхэх үндэс бий. Гэвч эрдэмтэн, зохион бүтээгчид нээлтээ ойлгуулахын тулд юу хийх ёстой юм бэ?
-Бидний сэтгэхүй арай өөр байна. Юм хийчихээд төрөөр үнэлүүлэх гээд байдаг. Гэтэл капиталист нийгэмд төр хэзээ ч бизнест оролцдоггүй, инженерийн бизнесийг дэмждэггүй. Дэлхий дээр тийм ухаалаг, инженерлэг төр байдаггүй. Хувийн компанийн хийдэг ажлыг манай яам, агентлаг хийж байгаа. Нөгөө социалист механизм одоо болтол үйлчлээд байгаа учраас хэзээ ч ард түмний хийснийг үнэлээд, “За чи энийг хий” гээд зах зээлээ өгнө гэж байхгүй. 20-иод жил импортыг дэмжиж ирсэн яамд лообийгоо л хөгжүүлнэ. Өнөөдөр Н.Нацагням гоё юм хийчихлээ, түүнд зах зээлийг нь өгөөд бүх аж үйлдвэрийн салбараа импортоос хамгаалъя гэж ямар ч сайд дуугарахгүй байгаа биз. Энэ бол байгалийн хууль. Ус уруугаа урсдаг гэдэг шиг. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр энэ хуулийг хэн ч сөрж чадахгүй. Манай Ерөнхийлөгч үүнийг харж байна. Энэ бол нийгмийн үзэгдэл юм байна, нийгмийн тогтолцооны характерийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг. Мулгуу төрөөс ухаалаг төр рүү шилжиж, төрийг бизнесээс нь салгачихвал бид автоматаар хөгжинө. Төр намайг үнэлээч гэж гуйх шаардлагагүй, би төрөөс хамааралг үй болж, мэргэжлийн компаниуд нь тухайн салбараа аваад явчихна.
-Ингэж бодоод, үүнд найдаж та хувийн компани байгуулсан юм уу?
-“Намхайн Нацагням” гэж компани байгуулсан нь “Honda”, “Mercedes”, “Toyota” гэдэгтэй адилаар овог нэрээрээ нэрлэж, оюуны өмчөө хамгаалж байгаа хэлбэр. Чөлөөт зах зээлд төрийн лидерүүд хүний юмыг хулгайлдаг оцлогтой учраас. Ер нь заавал намайг сонгооч гэж хэлэхгүй. Компьютер дээр үйлдлийн систем хийж чаддаг хүн бүрийг IT-гийн бизнесийг ав гээд хаячихна. Практикт туршиж, улмаар батлагдлаа. Монгол хүний бүтээсэн төхөөрөмж генераторыг ажиллуулж байна. Ингэж практик шалгадаг болохоос төр шалгадагг үй. Үүнийг хараад л сонголтоо хийдэг, энэ компанид энэ салбарыг нь өгье гээд шийддэг. Гэтэл ингэж шийд гэхээр яамд хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэдний хийсэн төсөл болгон дандаа үр ашиггүй нь практикаар батлагдаад, бөөн хоосон цаас болж үлддэг. Төр ийм ажлыг хийж байсан түүх капиталист нийгэмд байгаагүй. Социалист нийгэмд байсан бөгөөд хөл нь хугарч, бид тэрийг лообийны механизм болгоод хөгжүүлчихсэн. Үүнийг өөрчилье гээд манай Ерөнхийлөгч санаачилга гаргаад, 76 гишүүний өмнөөс ганцаараа тэмцэж байна. Болдог бол Ерөнхийлөгчийг дэмжээч, ирээдүйн 200 жилээ бодоод ухаалаг төртэй болооч гэж би уриалга гаргамаар байна. Ухаалаг төртэй болохгүй бол бид хэзээ ч хөгжихгүй. Ерөнхийлөгч надад шагнал гардуулахдаа “Техник технологийн ололтыг үнэлж байж л Монгол Улс ухаалаг төртэй болно” гэж хэлж байсан. Тэрнээс биш Нацагнямыг дэмж гэдэг хууль гаргаад хөгжихгүй. Систем нь ухаалаг болчихвол байгалийн хуулиар бүх юм цэгцэрнэ гэсэн үг.
-Тань шиг шинэ санаа, импортыг орлох бүтээлтэй залуус хэр олон байдаг бол. Тэдэнтэй холбоотой байдаг уу?
-Янз бүрийн зүйл хийсэн хүн олон бий. Гэхдээ яг барууны стандартаар хийсэн нь алга. Барууны технологи амаргүй, дээд сургууль төгсөөд үүнийг хийх боломж байхгүй. Бурхан, Ленин багш хоёрын дундаас төрсөн хүүхэд ч чадахгүй, их ухаантай хүн хийхгүй, азтай л хүн хийнэ. Би Англид ажиллаж, сурч ирээгүй бол энэ нээлтээ хийхгүй. Тэнд сурч, ажиллаж юмыг нь ойлгоод, өөрийнхөө нэрээр оролт, гаралтыг нь өөрчлөөд шинэ бүтээлээ хийсэн. Англи, Америкийн дээр сургуулийн багш нар ийм зүйл хийдэггүй, мэдлэг нь ч хүрэхгүй. Үйлдвэрлэлийн нууц нь тухайн үйлдвэртээ л байдаг болохоос биш дээд сургуульд байхгүй. Тийм л юм.
-Тэгвэл тэднийг давах гэж, зуун жилийн хөгжлийг богино хугацаанд гүйцэх гэж та хэр их хөдөлмөрлөв?
-Английн дээд сургуульд доктор, профессор болж үлдсэн бол хийж чадахгүй. Тэнд багшилж байгаад ирсэн бол худлаа онол зааж, оюутнуудаараа 200 хуудас юм бичүүлж, хүн хуураад л явна. Харин яг үйлдвэрт нь ороод, тэнд насаараа ажилласан хүмүүсээр заалгасан учраас би сурсан. Зуун жил хөгжсөн технологиос суралцахын тулд олон цаг зарцуулж, их ч стресстсэн. Энэ нь энерги хадгалагдах хуулиар хүний ходоод, гэдэс, зүрх, тархинд шингэж эд эсийг нь гэмтээдэг юм байна. Тийм гэмтэлд орчихоод одоо эмчлүүлээд хэвтэж байгаа нь энэ.
-Энэ чухал санаа ер нь хэзээ танд төрөв?
-Би Англид гурван компанид ажилласан. Эхний компанид яг энэ өдөөлтийн системээр. Монголд хамгийн их асуудалтай зүйлс байсан л даа. Манай эрчим хүчний системд реактив чадал байдаг, байдаггүй гэж маргаан үүсээд, дараа нь энэ тухай яриаг орхисон. Гэтэл манай тогтворжуулалт алга болоод, ОХУ л байхгүй бол бид хөлдөж үхэх аюултай тулгарах гээд байдаг. Үүнээс л эхэлж санаагаа олж, идэвхтэй суралцсан. Хүмүүс амарч байхад хагас, бүтэн сайнгүй ажиллаж, хүмүүс 17.00 цагт тарж байхад би гэртээ хоолоо идчихээд, буцаад ажил руугаа явдаг байсан.
-Тэгж завгүй хөдөлмөрлөж байх зуураа монголчууд үүнийг маань ойлгохгүй, хүлээж авахгүй байх вий гэж санаа зовж байв уу?
-Айсан, айсан. Ер нь бараг бүтэхгүй байх гэж бодсон чинь ДЦС-2-ын лабораторийн дарга н.Ганболд Англид байхад надтай харилцаж, манай станцад үүнийгээ туршаач гэж санал тавьж, гэрээ хийсэн. Хямд учраар дарга нь мөнгийг нэг их тоогоогүй байх (15 сая төгрөг). Тэр улс төрийн бүх хариуцлагыг нь хүлээсэн. Яахав, манай эрчим хүчний салбарт монгол инженер барууны стандартын дагуу юм зохион бүтээж үзээгүй учир монгол хүнээр хийлгэхээсээ айж байсан нь лав. Тэгээд бүр генераторын “тархи”- ийг удирдах гэхээр шүү. н.Төмөрхуяг дарга гарын үсэг зураад, дөрвөн жил намайг хамгаалсан. Энэ бол аз юм даа.
-За тэгээд та хийлээ, ажиллуулахаар боллоо. Тэр өдөр энгийн нэг ажлын өдрөөс өөр байсан байх, тийм үү?
-Ноднин жилийн дөрөвдүгээр сарын 18, хулгана жилтэй хүний хамгийн сайн өдөр байсан. Тийм болохоор би нэг их догдлоогүй. Гэтэл яг бариулыг мушгиад асаах үед манайхан бүгд айгаад, ухарсан. Тас няс гээд дэлбэрнэ гэж айхгүй юу. Надаас өөр зоригтой хүн байхгүй болоод, би ганцаараа үлдэж хуучных нь хүчдэлийг багасгаж, өөрийнхийгөө ихэсгэхэд хэвийн ажиллаж эхэлсэн. Манайхан бүгд орилоод л, бөөн юм болсон доо. Үүнийг хийх хугацаанд яамнаас ямар нэг хориг тавиагүй. Яамны газрын дарга н.Товуудорж ДЦС-3-т цуг ажиллаж байсан, миний технологийн мэдлэгийн түвшинг мэддэг хүн байсан учраас тэр. Хэрвээ тэд намайг танихгүй бол хийлгэхгүй, яв яв л гэнэ. “NaNyam” гээд патентаа сүүлд нь авсан. “Намхайн Нацагням” гээд компанийнхаа нэрээр авъя гэхээр арай урт байна, товчил гэж шахаад байсан юм.
-Өчигдөр хоёулаа уулзахад та миний зорилго биелээгүй, хийх юм зөндөө байна гэж ярьж байсан. Яг одоо таны толгойд амьдралын чинь хэдэн жилийн төлөвлөгөө байгаа вэ?
-Дээр үед тав таван жилээр ажлаа төлөвлөдөг байсан нь учиртай юм билээ. Англид бол зургаа зургаан жилээр төлөвлөдөг, тэр үед нь үр дүн гараад явдаг. Болдог бол одоо шууд зах зээлд нэвтрүүлээд, үр дүнг нь үзмээр байна. Даанч миний хүслээр болохгүй юм даа. Энэ төрийн тогтолцоо өөрчлөгдөөгүй цагт засгийн эрх барьж байгаа хүмүүс байгалийн хуулиараа импортыг хамгаалаад л явна.
-Монголын ирээдүйг та ер нь юу гэж хардаг вэ. Жишээ нь, 20 жилийн дараа яах бол?
-Ерөнхийлөгчийн санаачлагыг 76 гишүүн дэмжээд амжилттай бүтвэл бид ирээдүйн 20 битгий хэл, тав, зургаан жилийн дараа яг л Азийн бар шиг болно. Харин 76-уулаа өнөөдрийн засаглалаа, импортыг хамгаалаад явбал энд дайн болно. Ядуурал газар авч, цалин нэмэгдэхгүй, инфляц өсөөд байвал бид нэг сая төгрөг өөр талх авдаг болно. Дэлхийн I, II дайн хаант засаглалаас ардчилсан засаглалд шилжсэнээс үүдсэн болохоос биш еврейчүүдээс шалтгаалаагүй гэж англичууд ярьдаг юм билээ. Хаант, нэг хүний харьяат байсан нь хавтгай засаглал болмогц олигархижих үзэгдэл үүсэж, хээл хахууль хувийн лообийгоор хөгжөөд явсан байгаа юм. Энэ нь газар авсаар тэсэрч, тэд засаад цааш явсан. Харин бид тэр зассан хэлбэрийг авалгүй тэсэрч, дэлбэрснийг нь аваад явж байна. Энгийн математик загварчлалаар үүнийг харуулж болно, надад хийсэн бэлэн загварчлал ч бий. Чононд мах тавьж өгчихөөд, чоно мах идчихлээ гэж орилдгоо больё, ухаалаг төрийн тогтолцоонд оръё гэдэг нь ийм учиртай. Төр хулгай хийхээ, бизнес хийхээ болино гэсэн үг. Энэ бол үнэхээр том ажил, өнөөд өр эхлүүлээд маргааш үр дүнг нь нэхэх хэцүү. Хүмүүсийн уураг тархийг өөрчилнө гэдэг өөрийн гэсэн өрнөлтэй, маш их хугацаа шаардсан ажил шүү дээ.
-Төр нь ухаалаг болог. Тэгвэл бид бас юунд зэхэж, өөрсдийгөө бэлдэх ёстой вэ. Ангайгаад сууж байтал амьдрал сайхан болчихно гэхээр арай л үнэмшилгүй байх л даа. Нийтээрээ бол энэ үхээнц байдлаас залхаж байна шүү дээ.
-Нийгэм хүмүүс нь тэнэг мангар, ядуу зүдүү байгаагаас үл хамааран, төрийн тогтолцооны эрүүл байдлаас хамаарч хөгждөг. Манайх шиг төрийн тогтолцоог Англи, АНУ-д тавибал гурван сар болоод л дэлбэрнэ, дайн болно гэж үздэг. Бид чинь 70 жил даруулаад, дээр нь 2000 жилийн өмнөөс эхтэй ардын ёс заншилтай улс болохоор хөөрхий манай 76 тийм аймаар хулгай хийж чадахгүй байгаа юм.
-Та бид хоёр бол хүлээгээд, хараад суухаас өөр замгүй юм байна, тийм үү?
-Манай Үндсэн хуулийн юу нь буруу гэдгийг хэлэх үү? Байгалийн хуулийг зөрчсөн. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нь маш шударга, ухаалаг хүмүүс байх бөгөөд бие биенээ хянаад явна гэж ойлгосон. Бурхан шиг сайн хүмүүс байх нь. Гэтэл тийм биш, энд гурван чөтгөр байвал яах вэ гэж бид бодож, тооцоолоогүй. Байгаль дээр байхгүй тийм ариун нандин юмыг бид сэтгэсэн. Тийм юм хэзээ ч байхгүй шүү дээ. Энэ бол хүн төрөлхтний оюуны гутамшиг болсон тогтолцоо. Хэрэв үүнийг математик загварчлалаар харах юм бол олон түмний доог тохуу болохоор юм.
-Таны яриад байгаа математик загварчлалаар болбол, бүхнийг хамгийн муу утгаар авч үзвэл энэ төр ухаалаг бололгүй “мулгуу” байсаар байвал хэзээ дэлбэрэх вэ?
-Ер нь дэлбэрчихсэн гэж үзэж болно. Дэлхийн II дайны үед, Халх голд байлдаж байхад ийм олон хүн үхээгүй. Зуу, мянган төгрөгнөөс болж, зодоон нүдээний улмаас манайд хоёр өдөрт есөн хүн нас бардаг гэж байна. Зуурдаар нөгчих, автомашинд дайруулах зэргээс биш шүү. Энэ бол сөнөсөн нийгмийн жишээ. Үүнээс илүү сөнөнө гэж юу байхав.
-Та бол инженер хүн. Технологийн салбарын хөгжлөөр тэргүүлдэг Английг орхиод энд ирсэн. Энэ сөнөсөн эх газарт, үзэн ядан ядан амьдраад байгаагийн чинь шалтгаан юу юм бэ?
-Яагаад байж болохгүй гэж (инээв). Би монгол хүн. Монголоо бид аврахгүй юм бол ямар Английг, АНУ-ыг аврах юм уу? Утгагүй биз дээ.
-Хэрэв та Англид байсан бол азанд найдахгүй, таньдаг хүнээс тусламж гуйхгүйгээр нээлтээ хэрэгжүүлээд явах байсан. Манайд энэ салбар хөгжөөгүйн улмаас адил насны, адилхан мэдлэгтэй англи хүнээс маш муу нөхцөлд ажиллаж байгаа. Магадгүй та бид хоёр улс төрийн тухай ийм их ярихгүй, харин ч таны нээлтийн тухай түлхүү ярих байсан байх л даа. Энд харамсдаг уу?
-Тийм ээ, тийм байх. Би хэрэв англи хүн байсан бол ийм стрессгүй, ингээд өвдөж хэвтэхгүй байсан байх. Найман цаг ажиллаад, бусад үед нь унтаж амраад жаргалтай амьдарна. Гэвч миний зорилго өөр. Аль багаасаа л Монголыг Японоос илүү хөгжилтэй, техник технологи хөгжсөн улс болгохсон гэж боддог байсан. Үүндээ хүрэх гээд л явж байна. Азаар тэнд хүрэх зам бага багаар ахиад л байна. Хоёр алхмаа давчихлаа. Эхнийх нь Англид очиж ажиллаж, тэдний юмыг сурч ирэх, хоёрт, бүтээлээ хийж практикаар батлах. Одоо гурав дахь алхам үлдсэн. Энэ мулгуу төрийг ухаалаг болгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжээд, хэрэг нь бүтвэл бид автоматаар Азийн бар болно.
-Гурав дахь алхам бол танаас шууд хамааралгүй юм байна, тийм үү?
-Тийм. Ер нь бол гурав дахь алхмыг хийх гээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бас Л.Гантөмөр сайд үзэж байна. Инженерийн мэдлэгийг шалгадаг төр дэлхийд байдаггүй, үүнийг практик л шалгадаг гэж Л.Гантөмөр сайд хэлж байна. Мэдэж байгаа мөртлөө хийх боломж нь алга. Энэ пролетари дэглэмээ боль, агентлагуудаа больё, цөөлье гэж Ерөнхий сайд ярьж байна. Гэтэл нөгөөдүүл нь тоохгүй. Дург үй хүргээд байвал суудлаас чинь буулгачихна л гэнэ. Энэ нь боломжтой, бүх сайд нийлээд л сольчихно шүү дээ. Чи бид хоёр ч гэсэн сайд байсан бол бараг тэгнэ дээ. Би хэрвээ зорилгогүй, мэдлэггүй байсан бол дамын наймаа л хийнэ, би шууд сайд болбол хэдэн цаас л бодно. Энэ бол байгалийн хууль, зүй тогтол. Тэр хүмүүсийн буруу биш. Гэтэл Ерөнхийлөгч хуулийн дагуу хулгай хийж болоод байгаа бол хуулийг чинь өөрчлөөд өгье гэхээр хөдлөхгүй. Миний ойлгож байгаагаар энэ гурван хүн тэдний эсрэг тэмцэж байна.
-За тэгвэл бүхнийг сайн утгаар нь авч үзье. Танаас шалтгаалахгүй өнөө гурав дахь алхам хийгдлээ. Таны дөрөв дэх алхам юу юм бэ?
-Тэгвэл инженерүүд хамгийн чухал хүн болж, төрд ажиллах хүн олдохгүй болно. Тэд хамгийн өндөр цалин авна. Төрийн суудал хоосорч, бүгд хувийн бизнес хийгээд явна. Хүмүүс Н.Нацагням шиг хүн олон болчихвол болно гэж бодно. Тийм биш. Би нөгөө сурсан юмаа IT-гийн инженерүүдэд өгчихвөл тэд сураад, би хэрэггүй болно. Миний оюуны өмчийг монополь зах зээлээр хамгаалах ёстой. Тэр хүмүүс надаас юм сурчихаад миний юмыг хулгайлах боломж байхг үй. Гэтэл манайд бүх юм үүний эсрэг. Чөлөөт өрсөлдөөний, шударга өрсөлдөөний хууль ч гэх шиг. Монополь байж болохгүй ч гэх шиг. Бид капитализмыг байгуулах ажлын дарааллыг мэдэхгүйгээс болоод дандаа буруу хууль хийсэн. Манай засаглалыг терминатор засаглал гэдэг. Терминаторууд бүтээн байгуулалт хийж байсан түүх хаана ч байхгүй. Тэд ирээдүйгээс мөнгө зээлээд сонгуульд ялахын тулд мөнгө цацаад, эдийн засгаа үргэлж хасах хувь руу оруулдаг зэрлэгүүд. 70 жилийн бүтээн байгуулалтаа 20 жилийн дотор сүйтгээд хаячихсан. Бүх үйлдвэрийг склад болгож, техник үүдийг нь төмрийн хог болгосон. Бид төмсний үр тарьчихаад гүзээлзгэнэ ургахыг хүлээгээд байна. Ер нь дэлхий даяараа ардчилсан засаг паникт орчихсон. Хар тамхи, хүний наймаа нь дийлдэхээ больсон.
-Ухаалаг төртэй боллоо гэхэд хорьхон настай ардчилал зохицуулж чадах уу. Цаг үе өөр, ардчилал залуу байхад бид арай эрт шүүмжлээд, арай ихийг нэхээд байгаа юм биш үү?
-Ардчиллын түүх чинь Америк, Англи биш болчихоод байна. Бидэнд байгаа Хүннүгийн 2000 жилийн настай төрт ёсны түүх, ардын ёс заншил нь энэ дэлхийд байхгүй том олз. Тэд актив чадлаар, цэрэг цагдаагийн хүчээр зохицуулж болоогүй юм байна гэдгийг ойлгоод, ирээдүйгээ багаас нь хүмүүжүүлж байна. Бидэнд 2000 жил уламжлагдаж ирсэн зүйлийг тэд сүүлийн 20, 30 жил хийж байгаа юм. Ардчиллыг байгуулах зарчим нь үзэл суртал гэдгийг тэд баталчихсан. Түүнээс өмнө эрх зүйт төр байгуулна гээд явсан чинь хүмүүс нь биенээ алж хядаад эхэлсэн. Тэгэнгүүт шашинд оруулах гээд, бүтэн сайн болгон сүмд очно гэж хуульчилсан. Гэтэл шашин нь тэнэг болоод, амиа хорлолт ихсэж, оронд нь гэмт хэрэг багассан. 20, 30 жилийн өмнөөс ардчилсан, шинэ үзэл суртал гаргасан. Тэр суртлаар хүмүүжсэн хүүхд үүд нь том болоод, “Пөөх, манай Засгийн газар чинь ийм муухай шударга бус юм хийдэг юм уу” гэдгийг илчлээд, орос руу зугатаад байна. Энэ үзэл суртал нь манай сүүлийн 70 жилийнх биш, тэртээ Хүннүгээс улбаатай эд. Тийм болохоор дэлхийд байхгүй ардчилсан төр байгуулах боломж нь бидэнд бий.
-Тантай ярилцлага хийх гэж асуулт бэлдэхдээ, мөн энд ирэхдээ улс төр, нийгмийн тухай ийм удаан ярина гэж ер бодсонгүй шүү.
-Энэ бүхэн чинь миний ажилд саад болоод байна шүү дээ.
-Ер нь бид болохгүй байна, энэ улс төр, нийгмийн тогтолцоо нэг л биш байна гэдэгтэй хэзээ нүүр тулсан бэ?
-Анх 1998 онд Англид очоод, жинхэнэ ардчилсан засагтай, чөлөөт өрсөлдөөн чихэр шиг гоё л гэж бодож байсан. Гэтэл Тони гээд танил маань “Англи муухай, хар тамхиндаа идэгдсэн, ялзарч байгаа нийгэм. Харин та нар ямар ч мафи байхгүй, биднээс илүү гоё” гэхээр нь эхлээд зугатсан. Энэ шизотой баагий байна гээд. Дараа нь “Alstom”- д байхад тэд бүгд л ийм зүйл ярьж байсан. Тэгэнгүүт нь бодсон. Монгол маань буруу замаар явааг ойлгосон. Хар тамхины бизнесийг төрийн томчууд хийдэг, хар тамхи сонгуулийг спонсорлодог. Өнөөдөр манайд орж ирээгүй ч, ирээдүйд үгүй гэх газаргүй.
-Та аль эрт л ийм бодолтой байж. Таны нэрлэсэнчлэн терминатор засаг танд шагнал өгсөн. Тэр үед эд намайг урвуулах гэлээ гэж хардаж байв уу, аль эсвэл гэгээ гийж байгаа юм байна гэж бодсон уу?
-Терминатор засаглалыг өөрчлөөд, ардчилсан II хувьсгал хийе гэсэн хүмүүс байна. Тэд надад энэ шагналыг өгсөн.
-Та өөрийгөө цаг үеэ зөв олж төрсөн хүн гэж боддог уу?
-Тийм, хэрвээ өөр цаг үед төрсөн бол энийг хийж чадахгүй. Арай хөгшин байсан бол чадахгүй, арай залуу байсан бол хожимдох байсан. Азтай цаг үед төрсөн хүн гэж өөрийгөө боддог.
-Технологийн эрин ирлээ гэж байна. Таны хувьд бол сайн мэдээ байх л даа. Гэвч хүмүүс улам бүр залхуу, амьдрал уйтгартай, сонирхолгүй болоод байх шиг санагддаг юм. Дэлхийн хүн ам өсөөд байгаа боловч технологийн хөгжил ажлын байрыг булааж байна. Үүнийг та юу гэж хардаг вэ?
-Ер нь явж явж балар эртнийхээрээ амьдарч байсан бол хамаагүй жаргалтай байх байж. Ядаж л энэ радио долгион чинь хүнийг халзан болгож, бас стресстүүлж байна. Ямар сайндаа л Японд ямар ч wi-fi-гүй, интернэтгүй хот байгуулахыг хүмүүс хүсэж байх вэ дээ. Онлайнаар дэлгүүр хэсэж, бүхнээ бэлдүүлээд хөдөлгөөн ч хоригдож, хоол шингэхээ байх нь. Ямар ч технологигүй, сэлмээрээ байлддаг байхад жаргалтай байжээ. Яаж ч байлдсан ийм олон хүн үхэхгүй шүү дээ.
-Та ер нь шашинд итгэдэг үү?
-Дээр үед хүн эхлээд пионер, дараа нь намын гишүүн, үхэхээсээ өмнө ламын гишүүн болдог гэж ярьдаг байсан даа. Би бол бүх шашныг хүндэлдэг. Тэрнээс биш учиргүй шүтээд, сүсэглээд явдаггүй. Гэхдээ буддын гүн ухаан, философи, хоосон чанарын тухай сонирхдог.
-Завгүй их ажлынхаа дундуур та өөрийгөө яаж амраадаг вэ?
-Спорт надад амралт болдог. Хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглоно. Найз нарыгаа дуудаад найр хийнэ. Олон нийтийг хамарсан найр хөгжөөхдөө би их авьяастай (инээв). Бусдаас илүү цагаар хөдөлмөрлөдөг шигээ илүү хэмжээгээр стрессээ тайлдаг. Найзуудынхаа бичлэг энэ тэрийг харахаар би л яриад, бусад нь сонсож суугаа харагддаг (инээв).
-Ажил, амралтын заагийг хэр сайн олдог хүн бэ?
-Сая бол үнэхээр шахуу ажиллалаа. Цаашид тэр заагийг олж амьдарна гэж бодож байна. Тэгэхгүй бол эрүүл мэнд дийлэхгүй нь бололтой.
-Амьдралдаа хамгийн их урам хугарч байсан үе тань хэзээ вэ?
-Үгүй ээ, нэг их тэгж байгаагүй юм байна. Миний хүсэж зорьсон юм биелээд л явдаг. Би конкурст үнэхээр сайн бэлдсэн мөртлөө тэнцээгүй. Гэхдээ би шантралгүй өөрийгөө хурцлаад, дараа жил нь дайраад л орсон. Ер нь намайг түлхэх, эсэргүүцэх нь улам л хурцалдаг. Сая нээлтээ турших гэж дөрвөн жил цалингүй ажиллахад хүмүүс боль гэж хэлж байсан. Гэвч тэр болгон намайг хурцлаад, дургүй хүргэдэг байхгүй юү. Миний хувийн характер л байх. Би ер нь төрөлхийн зөрүүд. Манай аав тийм хүн байсан. Одоо миний хүү ч тэр, энд суу гэвэл суухгүй, битгий суу гэвэл сууна. Генийн юм байх.
-Яагаад энд ингэж “үйлээ үзээд” амьдраад байгааг тань ойлгочихлоо. Анх ирэхдээ та технологийн салбар нь бусдаас хэдэн жилээр хоцорсон Монгол Улсаа цоо шинэ зах зээл гэж харсан уу, дэмжих хүн нэг ч үгүй “эзгүй цөл” гэж бодож байв уу?
-Би монгол хүн. Монголдоо байгаа мөртлөө хөлөө олохгүй бол хохь нь биз дээ. Технологи хөгжөөгүй тусмаа надад сайн. Би бусдад технологио өгнө, заана. Энэ нь харин ч бахархал. Тийм учраас л би бүх юмыг нь сурах гэж өөрийгөө зовоосон юм.
-Таныхаар хүний оюун ухаанаар бүтсэн хамгийн том нээлт, бүтээл юу байсан бэ?
-Бүх л нээлт цаг үедээ чухал шүү дээ. Жишээ нь, Пифагорын теорем маш чухал нээлт. Компьютерийг бүтээсэн нь бас л чухал. Үе үедээ өөр болохоор оноож хэлэх хэцүү юм. Сүүлд “Apple”-ийн Стив Жобсоор үнэхээр бахархсан. Бакалаврын диплом ч үгүй тэр хүн дэлхийг өөрчилж чадлаа. Миний хүсэж байсан гоё юмыг хийсэн.
-Яг одоо та юу мөрөөдөж байна вэ?
-Нөгөө гурав дахь алхам хийгдчихвэл, хүмүүст юмаа хийж өгчихөөд шууд тэтгэвэртээ гарах юмсан гэж мөрөөдөж байна. Амрахаараа би хөлбөмбөг тоглоно. Тэрнээс цаашихыг би хийх шаардлагагүй. Инженерүүд над шиг үйлдлийн систем зохиох шаардлагагүй, миний тэр үйлдлийн системийг ашиглаад л барууны сеньор инженерийн түвшинд гар утас шиг цахим төхөөрөмж, бүтээгдэхүүн хийж чадна. Тэгээд л болоо. Миний хийх ажил энэ. Түүнээс цаашаа надтай надгүй явчихна.
-Одоо ер нь хөлбөмбөг, сагсан бөмбөгт хэр их цаг зарцуулж байна вэ?
-Би хөлбөмбөг ер тоглохгүй байгаа. Сагсыг хааяа тоглож байна. Өөртэйгөө хөл гар нийлэх хүмүүстэй тоглох, хожих, хожигдох сайхан шүү дээ.
-Тэгвэл твиттер, фэйсбүүкт?
-Бараг зарцуулдаггүй дээ. Фэйсбүүк хуудсанд маань орж ирсэн найзын хүсэлтийг цөмийг нь аваад, бусдыг нь уншихгүй шууд хаадаг. Компьютероос аль болох хол байхыг хичээж байгаа.
-Зөвхөн таны хэрэглээнд байдаг, цорын ганц хувь бүтээл олон уу?
-Зөндөө, зөндөө. Дэлхийн зах зээлд гаргаагүй гоё гоё санаа ч олон байна. Жишээ нь, Монгол ирсэн хойноо маш хямдхан сигнал генератор хийсэн.
-Нээрэн та монтёр хийж байсан гэж сонссон. Хэр удаан ажилласан бэ?
-Бүр анхны ажил гэвэл Монголд байхдаа цэвэрлэгч хийж байлаа. Зуны амралтаар Найрамдлын районы (хуучнаар) дэлгүүрүүдэд ачигч, монтёрыг нэгтгээд туслах ажилчин гээд хоёр ажил хийлгээд нэг цалин өгдөг байсан. Дараа нь Сансрын дэлгүүрт ачигч хийсэн. Конкурст тэнцээгүй гээд нэг жил монтёр хийж тэр мөнгөөрөө физик, математикийн багш хөлслөөд, дараа жил нь их сургуульд орж байлаа. Агаарын биш кабелийн шугамны монтёр байсан болохоор дандаа тоос шороо, тугалганы үнэр дунд ажилладаг байсан. Бас гэрийнхээ хар бор ажлыг хийнэ. Хаана юу эвдэрнэ, бүгдийг засдаг байсан учраас манай гэрийнхэн намайг “Манай трактор” гэж нэрлэдэг байсан.
-Тэр үед та ирээдүйгээ юу гэж хардаг байв. 20 настай таны бодож мөрөөдөж байсан зүйлсээс өнөөдөр хэр олон нь биелсэн байна вэ?
-Долдугаар ангиасаа л төлөвлөгөө гаргаж, физикийн хичээл дээр янз бүрийн фантааз ургуулж, ирээдүйдээ Англи, Америкт инженер болж, Монгол Улсаа хөгж үүлэх юмсан гэж бодсон, түүндээ ч итгэлтэй байсан.
-Та уран зохиолын ном уншдаг уу. Ямар зохиолд дуртай вэ?
-Би амьдралдаа уран зохиолын ном уншиж үзээгүй. Миний унших инженерийн ном дэндүү их байдаг болохоор, нүд чилээсэн юмнаас хол байхыг хичээдэг.
-Ингэхэд та шагналын 100 сая төгрөгөөрөө юу хийсэн бэ?
-Дөрвөн жил цалингүй ажилласан хүн чинь өрөндөө өгөлгүй яахав. Ямар хулгай хийж амьдралтай нь биш, дөрвөн жил ах дүү, найз нөхдөөсөө зээл хийж л амьдарсан. Мөн хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зарцуулсан. Саяхан би хоёр төсөл хэрэгжүүлэх гээд Ерөнхий сайдад өгсөн. Туслахууд нь баруун зүүнээрээ сольё гэсэн. Намайг дахиад өрөнд оруулж, дөрвөн жил үнэгүй ажилла гээд байгаа (инээв). “Агуу бүтээлийг амлахгүйгээр хийх ёстой” гэж Пифагор хэлсэн байдаг. Хэлэхгүйгээр хийе гэхээр төсөл болгоод мөнгө авч болдоггүй. Тэгээд гацаанд орчихоод байгаа. Ер нь бол ахиад цалингүй ажиллахаар байна. Уг нь их гоё санаа. Хэрэв бүтвэл энэ утаа мутаа байхгүй болно. Дэлхийн зах зээл бидэнд нээгдэнэ. Бүх юмаа хойш тавиад үүнийгээ хийнэ л гэж бодож байна даа.

Jan 23, 2014

Б.Лхагвасүрэн: Агуу их хойч үе ирэхийн цагт би тэдэнд тоогдохгүй гэдэгтээ бат итгэдэг хүн. Тийм бардам байвал тэр жинхэнэ ирээдүй юм даа.



 Ардын уран зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуайтай ярилцлаа.
-Ихэнх зохиолчийн намтарт байдаг ижил зүйл нь сэтгүүлчийн ажлаар гараагаа эхэлдэг нь. Нэгэнт зохиолч болсон хойноо харин буцсан нь. Та ч бас радиод, мөн “Утга зохиол урлаг” сонинд ажиллаж байсан. Харин та одоо “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж байгаа нь сонирхолтой санагдаад.
-Утга зохиол сонинд би зураач байсан ч хажуугаар нь бас сурвалжлага бичээд гүйж л явсан. Би Сэтгүүлчдийн эвлэлийн дээр үеийн гишүүн.  Б.Галааридтай дээр нэг таараад “Миний үнэмлэх их эртнийх болж шүү, чи сольж өгөөрэй” гэхэд за л гэж байсан. Ер нь сэтгүүлчийн хөдөлмөр нэг их эрхлээгүй хүн юм даа, би. Радиогийн хөгжмийн редакцид ажиллаж байлаа. Бодож бодож үргэлжилсэн үгээр юм бичих дургүй, залхаг хүн юм гэж өөрийгөө ойлгосон. Эцсийн эцэст тийм л дүгнэлтэд хүрлээ. Тэрнээс биш сайхан өгүүлэл, найруулал бичиж болно л доо.
-Гэхдээ залуудаа бичиж, туршиж байсан юм байсан байлгүй дээ.  
-Үгүй, тэгээд цаг үеийн юмнууд байлгүй л яах вэ. Залуу ч байлаа. Чам шиг залуу явахад зарах хүн зөндөө олон шүү дээ. Өөртөө өгөгдсөн үүргийг ч надад дамжуулаад өгчихнө. Миний залуу нас нэг тийм хүлцэнгүй үе байж дээ.
-Та ярилцлагынхаа асуултыг хэрхэн бэлддэг вэ. Ер нь хүнийг нээх, таньж мэдэх, сэтгэлийг нь уудлах гэдэг хэр хэцүү ажил бол оо?
-Их энгийн, ойлгомжтой, үнэн сэтгэлээсээ асууж байгаа асуултад л хүн үнэн хариулдаг. Сэтгэл гэдэг юм болгон дээр үйлчилдэг шиг байна. Тийм болохоор би ирсэн зочиндоо чин сэтгэлээсээ хандахыг л хүсдэг. Урьд нь тэр хүний тухай нэлээн лав мэдэхийг хүсдэг. Ер нь Монгол тулгатны зуун эрхэм бол бичих хугацаанаасаа илүү бэлдэх хугацаа нь их нэвтрүүлэг. Тэр байтугай ээжийнхээ амьддаа авахуулсан зургийг үзээгүй байж байгаад хальсанд авахуулсан зургийг нь бид олоод тавьсан тохиолдол ч байдаг юм.
-Хэрэв хаана ч, хэзээ ч хэвлэгдэхгүй, нийтэд түгэхгүй, зөвхөн хувийн архивт тань үлдэхээр бол та хэнтэй ярилцлага хийх байсан бэ?
-Би тийм ярилцлага хийхгүй байх. Хэрэггүй гэж бодож байна. Ямарваа нэг юм хийж бүтээж яваад дууссан хойно нууц юм гэж үлддэггүй. Энэ орчлонд ер нь нууц юм гэж байхгүй. Бүх юм илэрнэ. Шүлэг бичдэг, зураг зурдаг хүүхдүүд надад бий. Тэд маань арай бүтээлч маягаар аавынхаа бичгийн шавар шавхайг цэвэрлэх байлгүй, тунгаах байлгүй дээ гэж горьддог.
-Ер нь зохиолч болох зөн танд хэзээ ирсэн юм бэ. Мэргэжил сонголтыг тань, жишээ нь Худалдааны техникум, ЗХУ-ын Киноны дээд сургуулийг найруулагчаар төгссөн зэргийг тань хараад сонирхолтой санагдсан.  
- Тэнд би сурч байсан юм л даа, за тэр ч яахав. Лүнгийн дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч байхдаа бичсэн шүлгүүд маань аймгийн “Туул” гэж сэтгүүл гарсан юм.  Тэр нь өрөвдмөөр өө, “Хоолонд”, “Оргил”, “Багш” гэсэн шүлэг байлуу даа. Гэхдээ би их хайртай. Тэгэхэд л би нэг шүлэг бичмээр болсон доо. 1962 онд анхныхаа шүлгийг хэвлүүлж, Дашдооров гуай их магтаж, их цочир хүлээж авсан, намайг. Тэр явдал  намайг маш их ирлэсэн. Хааяа бичээд, зургаа зурж явсаар хорин жилийн дараа анхны номоо гаргасан хүн дээ.
-Тэгвэл яагаад Худалдааны техникумд, дараа нь киноны найруулагчаар сурах болсон юм бэ?  
-Яахав дээ, хувь заяаны л эрх. Би худалдааны техникумыг төгсөөд шууд Хүүхэлдэйн театрт зураачаар очсон. Хаяа жүжигт ч тоглочихно. Би ер нь өөрийнхөө төлөө хөөцөлдсөн он цагаа санадаггүй юм. Миний төлөө хөөцөлдсөн хүнийг ч санадаггүй. Ээж аав минь ч миний мэргэжил сонгох, хэн болоход оролцоогүй. Тэд тийм илүү юманд ордоггүй улс байсан. Сүүлд миний гол юманд оролцдоггүй байж дээ гэж бодсон,  үгүй юм билээ. Энэ хүнд бурханаар өгөгдсөн өгөгдөл нь юу юм, тэрүүгээрээ л болно биз дээ гэж хувь заяанд итгэсэн шиг байна лээ.
-Та цөөнгүй кино зохиол бичсэн. Нэгэнт найруулагчаар сурч байсных, яагаад нэг ч кино найруулаагүй юм бэ?
-Улсууд найруул гэдэг л юм. Яахам юм дээ, техник хэрэгслээр эхлээд ажиллах улс ч юу билээ. Тэрнээс би кино хийвэл хийчихнэ, жүжиг тавьбал тавьчихна. Яршиг даа л гэж боддог юм.
-Номдоо та кино болгоогүй кино зохиол гээд “Хүйтэн зун”, “Бор манан”, “Харганад орооцолдсон орхимж” зэргийг дурдсан байдаг. Эдгээр зохиол тань зөвхөн таны хувийн архивт байдаг уу?
-Гурав дөрвөн зохиол байдаг юм. Хөгшин хүн буруу зөрүү ярих л байх, гэхдээ ний нуугүй хэлэхэд энэнд нэг зохиол өгчих юмсан гэсэн найруулагч алга л байна шүү дээ.
-Хожим үнэхээр мундаг найруулагч төрөөд, таны зохиолоор кино хийе гэвэл та зохиолоо тэдэнд дуртай үлдээх үү?
-Тэр цагт би тэр шинэ найруулагчид гологдохоор хоцрогдсон байх байлгүй дээ. Бид нарын он цагийн зөрүүнээс болоод. Өөрийнхөө он цагт тоомсоргүй буюу эрхэмсэг байх, ирж байгаа он цагт хүлцэнгүй номхон байж, өнгөрсөн он цагийн өмнө санах дурсах эрхтэй байх гээд олон шалтгууд бий л дээ. Агуу их хойч үе ирэхийн цагт би тэдэнд тоогдохгүй гэдэгт бат итгэдэг хүн. Яагаад гэвэл, тийм л байвал тэр жинхэнэ ирээдүй юм даа. 
-Та хэзээ ч үзсэн уйддаггүй киноноосоо нэрлээч?  
-Би дэлхийг шуугиулсан кинонуудыг алгасахгүй үздэг. ВГИК-т байхад өдөрт би хоёроос гурван кино үздэг байсан. Яагаад ч юм, миний хамгийн дуртай, хамгийн их  хүсэж байсан юм нь тэр болохоор киног би их анзаарч үздэг. Японы, Америкийн, Гүржийн кино үзэх дуртай. А.Тарковскийн кинонуудыг олон дахиж үзнэ. “Сталкер”, “Носталгия”, “Зеркало” гээд л дахин дахин үзээд уйдахгүй. Тенгиз Абуладзегийн “Мольба”-г их шимтэнэ. Яруу найргаар хийсэн кино болохоор нь тэр. Зураг авалт, операторын ажил нь гайхалтай. Энэ мэтчилэнгээр киноноос миний сэтгэл салж чаддагүй юм. Алтан ордны улсын тухай “Орда” гэж Орос кино гарч гэнэ. Тэрнийг л нэг олоод үзчих юмсан.
-Энэ жил та 70 хүрч буй юм байна. Эргээд харахад....
-Би 69-тэй, хий насаараа бол 70-тай. 1944 онд гэдсэнд олдож, дараа жил нь төрсөн хүн. Аав минь пасспорт авч өгөхдөө “Миний хүү 1944 онд төрсөн гээрэй. Ижий чинь чамайг арван сар гэдсэндээ тээсэн. Миний хүү нэг настай эхээсээ гарсан юм шүү” гэж хэлж байсан юм.
-Одоогоос 50 жил, хагас зууны өмнө 20 настай та юу бодож, мөрөөдөж явав. Эргээд харахад түүнээс биелсэн, хүрсэн нь олон байна уу?
-Тэр чинь мөрөөдөл багтдаггүй нас шүү дээ. Би мөрөөдлөө асгаж явсан байж таараа. 20 настайдаа би хэдийнэ хоёр хүүхдийн эцэг байсан. Хайр мөрөөдөл хоёроор ханасан үе.
-1960-аад оны сүүлч үед залуус ер нь юу хийдэг байв. Найрагчийн зөнг тань сэрээсэн тэр он жилүүдийн гэрэлтэй, гэгээтэйгээс нь ярьж өгөөч. Ёстой л шүлэг шиг сайхан он жилүүд өнгөрөө байлгүй?
-Бүжгэнд явна, багаасаа зурганд дуртай болохоор үзэсгэлэн үзнэ. Залуучуудын ордны ногоон танхимд кино гардаг, цэнхэр танхимд бүжиг болдог байлаа. Завсар чөлөөнд нь ялихгүй, зарга багатай зодоон хийнэ. Тийм л ажилтай.
-Тэр үед хөгжлийн тухай, ирээдүйн талаар найзуудтайгаа та юу гэж ярьж, мөрөөддөг байв?  
-Огт ярьдаггүй байсан. Нуух юм байхгүй. Бид тэнэгтээ ярьдаггүй байсан юм биш. Хөдөөнөөс анх орж ирээд бид их хөгжсөн, төвлөрсөн газар ирсэн гэж, нийслэл хот их гоё санагддаг байв. Жилд нэг юм нэмэгдэнэ, жилдээ Улаанбаатар өнгөө засдаг байсан. Тэгэхэд хөгжихгүй байна гээд хашгичсан, хөгжиж байна гээд өөрийгөө магтсан улс байхгүй байсан болохоор бид хамгийн амар амгалан амьдарч байсан улс гэж хэлж болно. Тархи сараачих хүнгүй жаргаж байлаа. Одоо гэтэл орж гарсан, уулзсан хүн бүр нэг муу сайн юм ярьж гардаг болж. Тархи сараачаад хэцүү байна. Тийм юмгүй, сайхан үе байж дээ.
-Миний хамгийн атаархдаг нь тэр л дээ. Одоо бид бол хуучны киноноос л харах тавилантай. Уран бүтээлч хүнд амьдарч буй нийгэм нь хүссэн хүсээгүй нөлөөлдөг. Гэтэл тэр үеийн шүлэг найрагт нийгмээ зүхсэн, амьдралдаа бачимдсан тухай ер гардаггүй байж дээ.
-Бид тийм үед, зөвхөн сэтгэхийн эрх чөлөөтэй тийм үед амьдарч байсан юм чинь. Хэвлүүлэхийн эрх чөлөө бол бага байсаан. Яахав, нийгэмтэй тохирох, нам төрийн бодлоготой нийцэх юм бол байсан. Тэр нь нэг их сүртэй ч юм биш. Миний хувьд, намайг сүртэй дайраагүй болохоор санахгүй байна. Амар амгалан, гудамжинд явж байгаа хүмүүс нэг л сайхан налгар, бүгд инээмсэглэлтэй.
Тэр үед, нэг удаа “Туул” рестораны хажууд найзтайгаа зогсож байтал МУГЖ н.Сосор шал согтуу, хувцсаа тайчиж зогссон. Миний найзыг цагдаа гэж харав бололтой, “Чи муу цагдаа, харж бай намайг. Урьд хүмүүс биеэ нуугаад үгээ ил хэлдэг байсан юм. Одоо биеэ ил гаргаад үгээ далд хэлдэг болсон. Би нүцгэлэхэд яадаг юм” хэмээн хашхирч байсан. Би түүн шиг гашуун үнэн үг бага залуу насандаа сонсоогүй.
-Өнгөрсөн үед яагаад ч юм сайхнаар дурсагдаад, алдааг нь хүртэл уучилж болмоор санагддаг. Таны УИХ-ын гишүүн байсан үеийн парламент одоогийнхоос арай л нэр цэвэр, ард түмэндээ нэр хүндтэй, тунгалаг байж дээ гэж боддог юм.  
-Монголын нялх парламент. Коррупция гэдгийг хуулиандаа оруулах гэж орчуулж байснаас биш, хэрэгжүүлж байгаагүй үе. Зүгээр далдуур ямар юмны суурь тавигдаж байсныг би мэдэхгүй, хүн болгоны дотор орох биш. Гэлээ гэхдээ тэр үеийн парламент тийм нэг намуухан, намдуухан, урдах хуулиа л хийж байдаг байсан үе. Бид машин ч унадаггүй, автобусаар тойруулж авдаг байлаа шүү дээ.  
-Та ер нь хэнийг уншиж өсөв. Танд нөлөө үзүүлсэн зохиол, зохиолч гэвэл хэнийг, юуг нэрлэх вэ? 
-Хөдөөгийн дунд сургуульд багш нар загнаж байгаад ном уншуулдаг байлаа. Том жижиг гэхгүй хүн бүр ном уншдаг тэр үед сонгодогуудыг амсаж, амталж явсан. Миний хамгийн анх уншсан ном бол “Зэрлэг нохой Динго” гээд хөөрхөн жаахан ном. Үүний дараа Виктор Хюгогийн “Шоовдор хүмүүс”, “Инээмтгий хүн”, Питер Абрахамсын “Аянгын жимээр” гээд, тэр үед Майр Рид, Жек Лондоны зохиолууд гараад л. Гайхалтай, гэгээн үе байлаа шүү. Номонд хамгийн ойрхон байсан үе нь тэр. Миний насаараа уух усыг зааж өгсөн газар бол миний бага, дунд сургууль.
-Номын төлөө сонирхолтой наймаа хийж байсан түүх бий юү?
-Үгүй, үгүй. Би номоо хүнд өгөх дургүй. Би үзэг, хүний тавьсан балруул, балын харандаа байсан ч хөдөлгөх, надаас ном гуйгаад үл өгөх энэ тэрийг үзэн яддаг. Би айлын ганц хүүхэд байсан учраас харамч байсан. Тэрийгээ нуухгүй.
-Номонд шимтэн, дурлан уншиж байх үедээ өөрөө хожим ном бичдэг хүн болно доо гэж бодож байсан болов уу?
-Зүүдлээчгүй. Ном надад агуу том, түүнийг бүтээсэн хүн бурхан юм шиг санагддаг байсан.
-1990-ээд он бол бүх талаараа хувьсал, өөрчлөлтийн үе байв. Энэ шуурга хувь хүний болоод зохиолчийн тань амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ.
-Миний үзэл бодолд өөрчлөлт ороогүй. Миний хүрээлэн буй амьдралд тэр өөрчлөлт хүртэгдсэн, залхаж ч тэр, үзэн ядмаар байдлаар ч тэр хүртсэн нь бишгүй. Миний хувьд бол ямар ч бодол санааны өөрчлөлт гараагүй. Би тэгэхээр өөрийгөө мэдрэмж муутай, эсвэл үр хүүхдээ л бодсон аминчхан хүн юм уу даа гэсэн шиг бодож суудаг юм.
-Гэхдээ уншигчид өөрчлөгдсөн байх. Ганзага үүрэхээс аргагүйд хүрсэн хүмүүс номыг тоохоо, дээдлэхээ байсан гээд л нөлөө бол их байсан шүү дээ.  
-Номноос илүү талх үнэтэй байсан үе бий. Тэр зовлонг хань минь илүү үүрсэн гэж би боддог. Хүүхдүүд бид нар бол мэдрээгүй.
-Дараа нь утга зохиолд шинэ үе гарч ирлээ гээд л баахан мандуулсан. Монголд яруу найраг гэж байгаагүй, бид өөрчлөлт хийнэ, бид бол цоо шинэ гэсэн давлиун залуус утга зохиолын ертөнцийн үүдийг цөм өшиглөөд л орж ирсэн. Таныг ямагт залуу зохиолчдын талд байдгийг мэднэ. Гэхдээ тухайн үед энэ үзэгдэл танд ямар санагдаж байсан бэ?
-Залуу нас ийм шүү дээ. Залуу үе ийм л байдаг. Ид зохиол бичиж байхад, ид сайхан шүлэг бичиж намайг улсууд магтаж байхад түүнд нь биш, өөрийгөө хагас таньсандаа хөөрөөд, хүн болгон л жижигхэн харагдадаг байсан. Тийм үе надад байсан. Тэрийгээ гайхуулж, архи ууж сагсраад, би гээд яваагүй хүн шүү дээ. Гадагшаа гаргалгүй, тэвчиж өнгөрүүлсэн шиг байгаа юм. Би хүн далд муу хэлэх, хүний тухай далд ярих, хүний бүтээл цэгнэж буй юм аа өөрөөс нь бусад хүнд гаргадагт дургүй. Тэрнээс болсон байх. Би залуу үед хайртай. Залуу үеийн алдааг хүртэл хайрлах ёстой, яагаад гэвэл эд чинь алдахдаа залуу насан дотроо л алдаж байгаа юм. Харин өвгөдийн өмнө, уламжлалын өмнө хийсэн алдаа том алдас мөн. Тэрийгээ мэддэг байх гэж би боддог.
-Утга зохиолын нялхас хүртэл уламжлалын өмнө том алдаа сийхгүй гаргаж буйн жишээ бишгүй байгаа л даа.  
-Мэдэхгүй юм даа. Хятадууд нэг хэсэг “Цэцэг болгон дэлгэрэг” гэж лоозон тавиад соёлоо хөгжүүллээ. Тэрүүн шиг би хүн болгон л өнгөтэй өөдтэй яваасай гэж боддог. Хүн гэдэг амьтан өөрийгөө ойлголгүй үхдэг юм гэнэ лээ. Өөрийгөө дутуу ойлгосноос болдог ч юм уу, алдаж онох үе байлгүй яахав. Эд нарыг хүлээн зөвшөөрөөд, өө ч хүргэхгүй явахын шалтаг бол... өндгөн дээр сүүдэр тусгах дургүй ард түмэн чинь энэ залуу үе рүү нулимаад байх нь ч хашаа юм дээ. Эд маань гэхдээ эхлэлээ мэдэхгүй, төгсгөлөө мэдэхгүй амьтаж болж болохгүй. Ямар уулын нөмөрт, ямар цэцэгсийн дунд, ямар үүлэн дор, ямар сарны гэрэлд, ямар сэтгэл, ямар хайран дотор өсөж өндийснөө санах ёстой.
-Сүүлийн үеийн зохиолчдоос та хэнийг уншиж байна, сүүлд хэний ямар ном уншив?
-Г.Аюурзанын “Шүгдэн” гэдэг номыг уншлаа. Г.Аюурзана Л.Өлзийтөгс бас, н.Батрэгзэдмаа гээд сонин нөхөр бий. Би тэдэнд далдуураа их хайртай шүү дээ. Саяхан харин би их муухай юм сонслоо. Л.Өлзийтөгс эд нар “Б.Лхагвасүрэн гуай надад муу юм гэнэ лээ” гэж ярьж байна гэсэн. Би хэзээ ч эд нарын тухай муу үг хэлэхгүй. Тэр байтугай би Г.Аюурзаныг соёлын том жинчин, жингийн том даамал гэж боддог. Л.Өлзийтөгсийг асар их эрэлхийлсэн, амьдралыг өөр өнцгөөс харсан, асар энгийнээс үл ойлгогдох хүртэл дунд нь амьдарч чаддаг яруу найрагч гэж бодож хүндэлдэг. Гэтэл дунд нь хүмүүс ийм юм ярих юм. Одоо больчихооч дээ, хүмүүсийн хооронд хэлээгүй үгийг хэлэх, атаархснаа хүн хэлж буйгаар илэрхийлэх чинь хүн ёсонд харш юм шүү дээ. Ер нь бол хүн ил далд нэг л зантай байх хэрэгтэй.
- Одоо ид мандаж байгаа Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Галсансүхээс та өрсөлдөөн мэдэрдэг үү?
-Юу гэж би эд нарыг өрсөлдөгч гэж харах юм. Бид ол нэг модонд ургасан жимснүүд. Би хамгийн доод талын өвгөрч буй мөчир дээр ургасан жимс, харин тэд яг модны орой дээр ургаж байгаа жимс. Унахдаа тэр модныхоо ёроолд л унана. “Жимс нь модноосоо гоё ургадаг ч, модныхоо ёроолд л унадаг” гэж миний нэг шүлэг байдаг юм.
-Ер нь яруу найраг, зохиол бүтээлийг хооронд нь өрсөлдүүлэх боломжтой юу. Манайд бол бишгүй л байх юм.
-Хэнтэй өрсөлдөх юм. Өөрийнхөө тэнэгтэй л өрсөлд. Агуу сайн юмыг хүлээн зөвшөөрдөг сэтгэлтэй байх хэрэгтэй, муу юмыг үзэн яддаг зоригтой байх ёстой. Энэ хоёрын дунд хүн амьдраад, тэгээд дундаж байна гэдгийг үл зөвшөөрөх ёстой.
-Жүжиг ч юм уу, томоохон хэмжээний бүтээл эхлүүлсэн үед таны өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт ордог вэ?  
-Би муу хөгшинтэйгөө ярих нь цөөрдөг байх. Хүүхдүүддээ анхаарах анхаарал багасадаг байх. Аар саархан юманд оролцохоо байна. Ямарваа нэгэн нэг өөр, үл үзэгдэх хааны тайган шиг, зарц шиг харъяалагдаж  яваа мэт болдог.
-Өдрийн аль цагт та илүү бүтээлч байдаг вэ?
-Бүрхэг бороотой, эсвэл цастай өдөр бичих дуртай. Их салхитай, шуурч ёнгиноод байхад бичиж чаддаггүй. Сэтгэл үймрээд л... Өвөл, намар их сайхан улирал. Хавар бол нэг тийм лэнсийдүү. Зун харин дүйрсэн, байгалийн, агаарын сайханд халуурсан тэнэг улирал гэж боддог. “Гоё” тэнэг улирал.
-Байгалийн үзэгдэл, улирлаас шалтгаалж шүлэг зохиол тань өөр өөр болсныг хэр анзаардаг вэ?
-Би удаан бодоод, тархиндаа илжрүүлж байж бичдэг. Баавгай хоолоо шороонд булж иддэг юм гэнэ лээ, тэрэн шиг. Яадгийм дээ, би тэрийг ер ойлгодоггүй юм. Салхи шуураад байхад би юу ч бичиж чадахгүй. Энд л нууц нь бий болов уу. Харин би орчин голж үзээгүй ээ. Ач нар дэргэд шуугиж, цаасыг маань бариад гүйж явсан ч тоохгүй бичнэ. Би ганцаараа байх асар дургүй. Хэрвээ намайг ганцаараа орхиод, хань минь, хүүхэд минь бөртөлзөхгүй бол би юм хийж чадахгүй. Би хүнгүй байж чаддаггүй юм.
-Өөрийгөө болон бусдыг давтахаас бүхий л зохиолч эмээдэг байх. Жишээ нь, таны жүжгүүдийг Шекспир, эсвэл эртний грекийн эмгэнэлт жүжгүүдийг санагдуулдаг гэж ярих хүмүүс ч мэр сэр байдаг. Үүнд та ямар хариу өгөх вэ?
-Өөрөө л бодсон юм бол юу гэж давтагдах вэ дээ. Чиний л тархин дотор ургасан байвал тэр хүний юм биш шүү дээ. Агуу хүмүүс адил төстэй юмнууд бичдэг л юм гэнэ лээ. Алдартнуудын бодол давхцах юм байдаг л гэлээ. Би тийм солбицолд орж байсангүй. Тэгэхээр ч агуу амьтан биш юм чинь.
-Нэг зохиолоос нөгөө зохиолын хооронд өөрийгөө та хэрхэн “цэвэрлэдэг” вэ?   
-Би дууссаны дараа ч сэтгэл амарч үзээгүй. Нэг хүүхэд дутуу гаргаад л, инкубатор юм уу тэр нэмж өсгөх газар өгчихсөн юм шиг байдалд орчихдог. Ямар ч төгс сайхан боллоо гэсэн юмандаа тэр. Харин тархи хэчнээн юм давхацсан байсан ч хүлээж авах чадвартай гэдэгт итгэдэг. Зовлон дээр зовлон, жаргал дээр жаргал, бүтээхийн шаналын дээр шаналан бий болоход тэр болгоныг даахын дайны уураг тархи ижийн минь умайд бүрэлдсэн юм шиг байгаа юм. Би бол даадаг.
-Би лав дуртай номоо хэд ч уншаад уйддаггүй. Харин та өөрийнхээ шүлэг, зохиолуудыг эргэж ер нь уншдаг уу?
-Уншдаг. Гарсан номоо үг үсгийн алдааг нь хараад дахин дахин уншина. Би өөрөөсөө уйдаад яах вэ дээ.
-Өө хайж биш, таашаал авах нь хэр бол?  
-Үгүй, үгүй. Би ер нь аль зэрэг юм гээд, бичсэнээ хожим харах их сайхан шүү дээ. Үгүй нэг гайгүй юм болсон шиг байна, эсвэл энд л нэг биш байна даа гэж бодно.
-Нэгэнт хэвлэгдсэн шүлгээ хөндөж байсан удаа бий юү?  
-Хүрэлгүй яахав. “Эх орон бид хоёр” шүлгийг хоёр вириантаар бичсэн. Сүүлд зассанаа шинэ номдоо оруулаад, “Эх орон бид хоёр бие биедээ ирсэн” гэж “Гашуун өвс”-дөө оруулаад, хоёр вариантаа хэвлэсэн.
-Бусдын номыг унших үед уран бүтээлийн гэмгүй атаархал төрдөг үү, танд.  
-Би атаархал багатай хүн шиг байгаа юм. Харин ижийгээ нас барснаас хойш ганцхан үгэнд атаархаж өдий болсон. Хажууд хүүхэд “Ээжээ” гэж часхийтэл хэлэх, хажууд хөгшин хүн ээждээ очно гэж ярих. Би энд үхтлээ атаархдаг. Дотор хачин болоод л явчихна, үгүй мөн хэцүү шүү. “Ааваа” гэж дуудаж байгаа нь их сайхан мөртлөө аймаар шүү дээ. Хүнд буудаг. Өөр юманд атаархаж байснаа санахгүй юм. “Ээжээ” гэдэг үгийг хэлэхгүй мөн ч удлаа шүү дээ.
-Өөрийгөө та хэр сайн шүүмжилж, хэр сайн үнэлж дүгнэдэг вэ. Танаас ном, зохиолууд үлдэнэ. Одоо бичиж, туурвисан бүхэн тань хожим таныг бүрэн илэрхийлж чадна, энэ хангалттай гэж боддог уу?
-Хангалттай. Би өөрөө бичсэн юм чинь. Миний бодсон санасан бүхэн ярьсанд минь биш бичсэнд минь үлдэнэ. Би өөрийгөө бүтээлээрээ ханагалттй илэрхийлдэг гэж боддог. Миний юу хүсэж, юуг үзэн ядаж, юуг хайрлаж, юунд биширч явсан нь мэдэрэгэх байх аа. Үүнд бол омог бардам явдаг шүү. Өөрөөр хэлбэл үхэхэд бэлэн гэсэн үг.
-“Уянгын тойрог”-оос хойш та уянгын шүлэг цөөн бичсэн байх гэж нэг уншигч тань хэлсэн юм. Үүнтэй та санал нийлэх үү. Таны шүлгээс гуниг илүү мэдрэгдээд байдаг болохоор ингэж асуулаа.  
-Наадах чинь... их хэцүү асуулт байна. Хувь хүний хувьд, өөрийн бодол санаагаа гуньж уурлаж байгааг мэдэрдэг. Харин миний бүтээл эмгэнэж байна уу, баясаж байна уу гэдгийг анзаарч байгаагүй юм байна. Магадгүй миний орчлонг ойлгож, зовж зүдэрч, унаж босож яваа минь, гуниглангуйгаар амьдралыг харах минь давамгай болсон байлгүй. Тэрнээс бол би их гунигтай, зовлонтой, тарчилж амьдарсан хүн биш шүү дээ. Орчлонг ойлгох тусам, орчлонгийн явж явж үнэн нь гуниг юм биш үү гэдэг рүү явсан байж мэднэ. Тэр нь уншигчид мэдэрэгдээ л дээ. Тэгээд л ийн бодсон байх.  
-Та үргэлжилсэн үгийн зохиол бараг бичээгүй. Гэхдээ “Гашуун таталбар”-ын “Шөнөжин ягьдаг нохой”, “Тамын хавтгай зураг”, хос эссе зэргийг уншаад дотор тань өгүүллэг, тууж бичих хүсэл байдаг юм байна даа, тэгээд хорхойгоо дарах гэж бичээ болов уу гэж бодсон. 
-Цөөхөн ч юу байхав, мэр сэр бий.  Өгүүллэг бичвэл болмоор юм шиг байна лээ. Би одоо нэг тууж бичиж байгаа. “Цагаан дэрсний сүүдэр” тууж энэ жилийн сүүлээр бэлэн болно байх. Үүнээс гадна бас нэг ном бичиж байгаа. Түүндээ олон эссе оруулна.
-Таньд мэргэжлийн гэж үнэлэгдэхээр шүүмж хэр их ирдэг вэ, тэдгээрт та хэрхэн ханддаг вэ?
-Зөндөө л магтуулсан. Би ер нь “Б.Лхагвасүрэн тэгж гэнэ” гэж шүүмжлүүлснээ санадаггүй. Дандаа л магтаал боолттой байсан. Магтаалаар намайг боогоод, бүсэлсэн өлгийний бүсийг тийчиж үзээгүй. Тэрэнд сагсуурч, хөөрч үзээгүй. Сэтгэл хөдөлдөггүй юм. Би үнэлгээнд сэтгэл хөдөлдөггүй хүн.
-Сүүлд залуу шүүмжлэгч Г.Батсуурь “Б.Лхагвасүрэнгийн садизм” гэсэн шүүмж бичсэн байна. “Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлд гаж хэрцгий өгүүлэмжийг уянгаар шүншиглэн, хатуу ширүүнээр дүрслэх нь онцгой” гээд, “Тамгагүй төр” жүжгийн хийц, дүрслэл санааг голлон жишээ авсан байсан. Энэ шүүмжийг та уншсан уу, юу гэж бодсон бэ?
-Г.Батсууриа би чамд баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ миний дүү дотор нь энэ зохиолуудыг бичихдээ энэ шүүмжийг бичиж байгаагаас бага бодсон гэж бичсэн байна лээ. Намайг бага бодож бичдэг гэсэн. Ухаан нь, тэр хүү шүүмжээ их удаан бодож бичиж байхад би жүжгээ бодолгүй бичсэн байх нь. Иймэрхүү юм миний дүүд хэрэггүй ээ. Бодохгүйгээр зохиол бичдэг гэж хүнд тулган хүлээлгэнэ гэдэг бол инээдтэй санагдаж байна. Бодохгүй юмыг хийнэ гэж ер байдаг юм уу. Тийм том тархины үгүйсгэл байж болохгүй. Хоёрт, миний дүү уншсан, бусдаас илүү гэгээрснээ илэрхийлэх шалтаг олдохгүй болохоор нь намайг зууж авсан юм болов уу даа. Тийм шалтаг байж болно. Гэхдээ хүний уншсан мэдсэнээ гайхуулахад нь шалтаг болох нь таатай юм биш л дээ. Миний хийсэн алдаа оноо л шалтаг нь байх ёстой. Тэрнээс бусад нь надад бүгд таалагдсан. Би ингэж хэлүүлэх ёстой. Тэр байтугай утга зохиолын шүүмжийн салбар ийм анир нам гүм болсон цагт энэ дайны оролдлоготой гарч ирж байгаа нь сайн хэрэг. Тиймээс би баяртай байгаа юм.
-Энд таны зохиолоор хувь хүний чинь зан чанарыг тодорхойлсон нь сонирхолтой санагдсан. “...Бодит амьдрал дээр хэрцгийдүү авиртай ч буулт зөөлөнтэй, муухай ааштай, дотроо их шаналдаг, биеэ тоосон, дотоод зөрчилтэй хүн байх магадтай...” гэж. Энэ ер нь хэр оносон таамаг вэ?
-Мэдэхгүй, хүний дотоод ертөнцийг ингэтэл холоос мэдэрнэ гэдэг эсвэл бурхан байх, эсвэл цусны шинжилгээ авдаг эмнэлэг байх, эсвэл ертөнцийн хүн болгоныг таньдаг гэгээрсэн хүн байх. Хүний дотоод ертөнц рүү дураараа нэвтэрсэн нь харин алдас байж мэдэх юм шүү. Би Г.Батсуурь гэдэг хүнтэй хүн болсноос хойш үг сольж үзээгүй. Хүний урманд нэг өгүүлбэр сольж үзээгүй байж хүний тухай ийн ярих.... Өнөөдөр тэгж ярьвал дэргэд  50 жил амьдарсан хань минь ч миний тухай мэдэхгүй шүү дээ. Ингэж гаднаас мэдэрнэ гэхээр миний сэтгэлийн болоод бодьгалийн хилийг бүдүүлгээр зөрчиж байна аа гэж би үзэж байна. Миний хилийг зөрчлөө гэж. Өөрөө л бичсэн учир зохиол нь  зохиолчтойгоо адилхан байж болох ч тэр хүний тухай бүрэн тодорхойлолт болж чадахгүй. Яагаад ч дутуу дулимаг болно шүү дээ. Гэхдээ би энд нэг их юм бодохгүй ээ. Өөрийн нь багцаа тийм юм байлгүй.
-Та залуу үед хайртай, тэднийг өмөөрнө л гэдэг. Энэ бүхний дараа ч гэсэн та залуу үеийг хайрласаар л байх уу?  
-Хайрлалгүй яах юм. Бид бүх юмаа эд нарт орхино шүү дээ. Орхих хүнээ зүхэж оддог тийм тэнэг үхэл гэж байх уу. Би тийм юмыг зөвшөөрөхгүй. Би тэгээд баярлалаа гэж хэлээд байгаа шүү дээ. Урьд нэг шүүмж гарахаар хэрэллдээд, хариу бичээд сүйд болдог байсан. Дээр дурдсан хоёр гуравхан юм л байна, бусдаар надад таалагдсан.
-Үнэхээр зохиолын өгүүлэмжээс болоод өөрийн төсөөлсөн, ургуулсан, сэдэж олсон шийдлээсээ айж, эмээх үе танд байсан уу?
-Энийг уншихаар хүн яах бол оо л гэж айдаг. Тэрнээс биш би өөрөөсөө айдаггүй. Би бодсон юм чинь. Надаас үүсэн юм чинь.
-Улс төр таны өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ. Энийг ер нь тоохгүй орхичих, эсвэл дагаад дэрвэхийн аль нь зөв юм бол оо?
- Төрийн дор амьдарч байгаа болохоор тоохгүй орхиж болохгүй байх. Улс төрийг ярих хэцүү л дээ. Би төрийн тухай ойлголт өөртөө суулгах гэж дөрвөн жил УИХ-д суусан. Тэнд суугаад хүн тэнэглэж байгааг харах энэ тэр чинь их сонин шүү дээ. Улс төрийг ойлгох юмсан гэж боддог мөртлөө би их том хүрээтэй мексик малгай өмсчихсөн, түүн дээгүүр морин тойруулгатай уралдаж байгаа мэт санагддаг. Толгой руу ордоггүй, малгай дээр л тачигнаад байдаг юм. Би хүн л юм болохоороо амьдарч байгаа он цагаасаа холдож чадахгүй. Хүмүүсийн бодож байгаа, энэ улсын хийж байгаа юм бүх л биеэр минь урсах юм даа.
-Таны жүжгүүдэд төр улсын тухай сэдэв голлодог. Таныхаар энэ олон нам, намчирхал, талцал бидэнд хэрэг тус аа өгөх болов уу, яадаг бол?
-Их хурлын мэдээ зурагтаас үзэхээс үзээгүй нь дээр санагддаг. Манай танай гэж яриад байдгийг нь ер ойлгодоггүй. Аль нь манай нам юм, аль нь харь гаригаас ирсэн  нам юм бүү мэд. “Энэ утгаараа” гэж ярина. Утгыг нь эхлээд хэлсэн юмбол дараа нь үг хэлэхийн хэрэг юу байна. “Ингэж ойлгож байна” гэдэг юм. Ойлгож байгаагаа тулган хүлээлгэх гэдэг бол том ял шүү. Тэр хүний ойлгож байгааг заавал хүлцэнгүй сөгдөж авах албагүй. Тийм болохоор намайг тулган хүлээлгэж байгаа, өөрөө хэлбэл төвөнх дээр минь хутга тулгаж байгаа юм шиг тийм хүйтэн сэтгэлд би дургүй. Хоёрт, төрийн дээр нам байхад би дургүй. “Биеийг идэх өт биен дотроос гардаг, төрийг идэх өт түшмэл дотроос гардаг” гэж миний жүжгэн дотор байгаа. Ингээд хэлчихсэн болохоороо би юугаа ярьж суух вэ дээ. Төр гэдэг бол хоосон чанар, байхгүй зүйл. Хүн л үүнийг буй болгон шүтэж, бүтээж ирсэн. Энэ төр юм хийдэг, мэддэг, чаддаг хүмүүсийн гарт байгаасай гэж өглөө болгон залибирах юм. Тэгвэл би дор нь яаж ч оршиж болохоор байна.
-Монголоо алдсан гээд л их ярих юм. Бидний ёс суртахуун, үнэт чанараас алдагдагдаж гээгдсэн хамгийн чухал зүйл гэвэл та юуг нэрлэх вэ?
-Би энэ муу ёрын үгтэй ер санаа нийлдэггүй. Монгол байгаа, бидэнд байгаа. Чи байгаа бол монгол байгаа. Би тэгж л тулгаж хэлэх дуртай. Уламжлалыг үл хүндэтгэж байгаад л хүмүүс ийн хэлж байгаа болов уу. Уламжлалыг хүндэтгээгүй ард түмэн удахгүй бөхдөг. Задлаад ярьвал олон юм бий.  
-Өнөөгийн Монголд бараг бүх салбарт барууны стандартыг тулгаж, бүх юмыг харийн хэм хэмжүүрээр шүүгээд байх шиг санагддаг. Эдийн засаг, боловсролоос эхлээд утга зохиолд ч ялгаагүй. Тусгаар нэгэн цул гүрэн, бусдаас хараат бус байхын эрхэм дээдийг та хэлж өгөөч?
-Дэлхийчлэлийн эрин ирсэн энэ үед дэлхийн хүмүүстэй хөл нийлүүлж явах, хөгжил дэвшил, онол үзэл бодлын ашигтай тустайг хэрэгжүүлэх, тухайн үеийн нийгмийн мөн чанарыг онцлогуудтай нийлэх гээд төрд их юм бий л дээ. Тэрнээс бусдын юмыг шууд хуулаад бид хол явахгүй ээ. Өөрөөр хэлбэл үндсэн монгол уламжлал дээр суурилсан, эртний Монгол хуулиудаас анзаарч анхаарсан, өөрийн гэсэн уламжлал дээр эрт үеийн мэргэдийн сургаалиас үнэр танар авсан, язгуур монгол хүний ой сэтгэхүйд нийцсэн, монгол хүний дадал заншилд үл харшлах гэхчлэн олон талаас бодож байх ёстой. Өөрийн юмыг бага оруулж, өрөөлийнхөөр дүүргэхийг болих хэрэгтэй. Хуулиндаа хүн нь гологдохгүй шүү. Хүндээ хууль нь гологддог ийм цаг үе ирчихсэн байна. Монгол алга боллоо гэхээс илүү монгол сэтгэлээ, монгол толгой хаачсан юм бэ гэж асуумаар байна.
-Хүн ер нь цаг үедээ зохихгүй байх гэж байдаг болов уу. Зарим хүнд нийгэм нь гологддог, зарим цаг үе хүнээ голдог шиг санагддаг юм.
-Энэ бол ер байдаггүй асуудал. Цаг үе алдартан ч бай, алуурчин ч бай, агуу үнэнчийг ч, агуу худлыг ч тээж явдаг. Ер нь он цаг хүнээ голсон түүх ер байхгүй. Яг газар эх шиг. Газар бол өөрийнхөө газар шороон дээр өндийсөн үрээ ямар ч новш байсан эргээд л залгидаг. “Агуу газар эх алдаагаа эргэж залгидаг” гэж миний шүлгийн мөр бий. Тиймээс он цагт гологдох хүн гэж байхгүй. Он цагт болж байгаа үйл явдлууд, амьдарч байгаа нөхцөл, сэтгэл ханамж зэрэг нь хүндээ гологдох цаг байдаг.
-Та миний л аав ээжийн адилаар энэ нийгмийг бүтээлцсэн хүмүүсийн нэг. Эргээд харахад та бүхэн залуу үедээ ямар нийгэм хүлээлгэн өгч байна гэж боддог вэ?
- Би бол Монгол удмын дамжсан цусны үргэлжлэл. Бидний үеийнхэн та нарт хэнд ч заяахгүйгээр сэтгэж чаддаг тархи, монгол цус хоёр л үлдээсэн. Энийг л яаж эдлэх юм байгаа юм. Тэрнээс биш, миний насаа дуустал хийж бүтээсэн бүхэн үлдэхгүй байхыг үгүйсгэх аргагүй. Би бол мартагдахын тулд төрсөн хүн.
- Таны төрж өссөн Баян-Өнжүүл жилийн өдийд ямархуу байдаг вэ?
-Ай тэр сайхан нутаг даа. Тэр бол газрын диваажин. Уултай, улаан улаан асгатай.  Миний талийгаач найз Ж.Лхагваа надтай хамт явахад “Нутаг минь ямар байна, сайхан байна уу” гэж асуухад “Чам шиг л ааштай уултай юм байна” гэж байсан юм. Би их сайхан газар оногдож төрсөн хүн. Тэр нутагт очиход би дандаа багадаж байдаг. Би тэнд өчүүхэн жижигхэн болдог. Би тэнд л хамгаас илүү хайртай.
-Та боксоос эхлээд хүүхэлдэйн театрын жүжигчин хүртэл өчнөөн мэргэжилтэй хүн шүү дээ. Энэ дундаас МЗЭ-ийн “Ардын үлгэрийн тэнхим”-ийн эрхлэгч гэдэг их сонирхолтой санагдсан. Та тухайн үед юу хийдэг байв?
-Зохиолчдын хорооны хатавчинд би 50 жил хэвтлээ. Би ягьдаг нохой байгаагүй, дугуй хэвтээд байдаг нохой ч бас байгаагүй. Орсонд хуцаад гарсанд, хуцдаггүй байгаагүй. Энэ их том өргөөний хатавчинд насаараа хэвтснийх, юуг нь ч хийсэн юман чинээ боддоггүй. Миний шүтээн газар. Үлгэр домог цуглуулах, хэвлүүлэхээс эхлээд олон ажил хийдэг байсан.  Харин дараа нь Зохиолчдын хорооны дарга байхдаа өөрөө татан буулгасан. Санхүү мөнгөнөөс эхлээд болоогүй болохоор тэр.
-Дотоод ертөнцийн тухай асуух гэсэн юм. Таны дотоод ертөнцөд ямархуу “тавилга”-ууд байж, тэнд юу болдог вэ. Дотоод ертөнцдөө байхдаа та юу төсөөлж, юу мөрөөдөж байдаг вэ?
-Миний дотоод ертөнц их том гэр шиг олон ханатай цэлийсэн өргөө. Дотор нь олон үзэг, олон дэвтэр бий. Бий дэвтэр үзэг хоёрт шунаад ханаддаггүй юм.  Бас аар саархан номнууд байна байх. Миний сэтгэлийн гэр дотор ороод ирсэн хүнд улнаасаа жиндэхгүй дэвсгэр байдаг байх. Миний хүмүүс ханддаг сэтгэл байдаг байх, аливаа нэгийг санаж мөрөөдсөн гуниг байдаг байх. Тэнгэр харагдах тооно байдаг байх. Тэрний дотор хүмүүсийн таамаглаж байгаагаар муухай ааштай би байдаг байх даа.