ХХ зууны хамгийн алдартай,
нэр суу нь түгсэн абсурд жүжгийн нэг, Эжен Ионэскогийн “Сандлууд”... Ээ, больё.
Хийрхэхээ, худал өргөхөө байя, энэ тэмдэг нэрүүдийг ч орхиё. Энэ гайтай тэмдэг
нэрүүдээс болж л их юм болдог биш үү. Ерөөсөө ингэж эхэлье. Эжен Ионэско
гэгчийн нэг жүжиг. “Сандлууд” хэмээх нэртэй, абсурд төрөлд багтах эд. Ёстой л
ямар ч тэмдэг нэр зарлагдахын хэрэггүй эмгэн, өвгөн хоёрын дуурсах юм юу ч үгүй
амьдралынх нь нэг хэсгийн үзүүлнэ. Тэд баатрууд биш, өвгөн нь ядаж дайнд
яваагүй, улс төрч, химич, тэргүүлэх математикч, хувьсгалч, сэхээтэн, кубист, за
даа, бүр төмрийн дархан ч биш юм. Шатны маршалынхаа үүргийг нэр төртэй
гүйцэтгэж явсан гэх бүдэг түүхээрээ бахархдаг буурай. Эмгэн бол эзэгтэй, хань,
ер нь бол хүн гэдэг нь хамаг дээд хэргэм нь болсон нэгэн.
Сандлуудаас
өөр тавлигагүй юм уу даа гэмээр оромж нь гурван хаалгатай. Эдгээрийг цуцтал
онголзуулж, эсвэл сандал дээр навсайтал лаглайн суухаас өөрөөр гийгүүлэх
боломжгүй орчин. Тэд энд 75 жилийг хамт өнгөрүүлсэн болохыг харилцан ярианаас
нь мэдэж болно. Гэвч үнэндээ орон зай, цаг хугацааны хүлээснээс ангижирч, энэ
дэлхийн үйл хэрэг, цаг хугацааны эргэлдэх хөдөлгөөнд хумсын чинээ хамааралгүй
болсон тэр хоёр амьдарсаар л буй тухай. Яг л над шиг, тань шиг гэсэн үг.
Гэвч өвгөнд энэ ертөнцөд,
цагаан гартан, төмөрчин, мужаан, дунд сургуулийн багш, пап болон далай лам,
ерөнхийлөгч, сэхээтэн, хөдөө тосгоныхон, хий судлалын эмч нарт хандаж хэлэх
ихээ чухаг, бүр маш чухал, орхиж огт болохгүй, өөрийнх нь хувьд амьсгалах
шалтгаан нь болсон үг бий юм. “...Миний
арьс чиний арьсыг хучиж, миний өт, чиний биеийг, чиний өт миний биеийг идэн
хамтдаа нэг авсанд орох...” тэр цаг хүртэл хорвоогийн уйт өдрүүдийн ард
гарсаар байгаа нь ийм учиртай.
Эмгэн: Чамд мэдээ байгаа, заавал дамжуулах ёстой гэж чи дандаа ярьдаг байсан. Тэмц, ариун үүргийнхээ төлөө амьдар...
Өвгөн: Мэдээ хүргэгч гэдэг маань үнэн шүү, би тэмцэж
байгаа. Аруин үүрэгтэй, миний дотор ямар нэгэн юм бий. Энэ бол хүн төрөлхтөнд
хүргэх миний үг... хүн төрөлхтөнд...
Эмгэн: Хүн төрөлхтөнд чиний хүргэх үг шүү, миний өвгөн.
Өвгөн: Энэ ч үнэн шүү, ёстой үнэн.
Эмгэн: Тэр шүү...чи чинь эр хүн, дайчин эр, шатны
маршал...
О.Юмов, С.Мягмар нарын найруулсан энэ жүжгийн та үзчихэд гэмгүй байсан (хэрэв та үзсэн бол энэ өгүүлбэр танд зориулагдаагүй болно). Гэхдээ үзээгүй байлаа гээд бас юу ч өөрчлөгдөхгүй. Яг л бүх юм, бүх үйл явдал шиг. Орой бүр зурагтаар гардаг олон ангит кино шиг, спортын үйл явдал, сонгууль, бүжгэн жүжиг, жагсаал, гудамжны зодоон, нар мандах, од харвах, од үл харагдах шиг оролцлоо, харлаа, мэдлээ гээд амьсгалах өдрүүдийг чинь уртасгахгүй, утга төгөлдөр болгохгүй тийм л нэг юм. Хэрэв үзэхсэн гэж бодсон бол та 2014 оны хоёрдугаар сарын 8-ны 20.00 цагт та буруу газраа байжээ. Очсон бол та урьд тайзнаас хэзээ ч хараагүйгээ харах байсан. Ажил руугаа алхах, орон дээр элдвийг бодон хэвтэх, юу ч бодохгүй таг гөлрөх, дэлгүүрээс талх авах, тамхи татах, унтраахтай чинь адил онцгой бишийг нүдээр үзэх байсан. Үргэлжийн хардаг содон жигтэй, анхаарал татсан, элэг эмтрүүлж, инээд барсан уйтгартай чухал үйл явдал биш, хурц өрнөл, гүн тайлалаас өөрийг харах байсан. Нээрэн шүү.
Өвгөн, эмгэн, уран илтгэгч
гэсэн гурван дүр л тайзан дээр бодитоор, үзэгчдийн нүдэнд харагдана. Харин
тайзнаа яван явсаар 27 сандал тавигдана. Бүгд эзэнтэй. Тэр эзэд нь дээр нуршин
өгүүлсэн этгээдүүд, жишээ нь ерөнхийлөгч, пап лам нар болгон төсөөлсөн,
ерөнхийдөө бол өвгөн эмгэн хоёрын төсөөллийн дүрүүд. Хий биетэй тэднийг гэртээ
оруулан, бодитой мэт аягласаар уран илтгэгч иртэл саатна. Өвгөн уран ярьдаггүй
учраас хүн төрөхлтөнд хүргэх өнөө чухам, чухал үгээ уран илтгэгчээр хэлүүлэхээр
шийдсэн нь энэ. Өвгөн догдлонгуй ч уцаартай, эмгэн бахархангуй ч мэгдэлттэй
байна.
Эмгэн: Эрхэм дээдэс ээ, илтгэгч ирнэ.
Өвгөн: Илтгэгч одоохон ирнэ.
Эмгэн: Ирнэ.
Өвгөн: Ирнэ.
Эмгэн: Ирнэ.
Өвгөн: Ирнэ.
Үнэхээр ч илтгэгч ирсэн.
Өвгөн баярласан, хөөрсөн, эмгэн баярласан, хөөрсөн байртай байна. Тэгээд ингэж
хэлнэ.
Өвгөн: Яг одоо харин хүсэх юм гэвэл
Яс үс маань нэгдэн нийлж
Ядарч туйлдсан цогцос маань
Ялзралыг нэгэн булшинд угтаж
Магад, газрын шавьж хооллохыг
Маш ихээр хүснэм би...
Эмгэн: (цуурайлан) Маш ихээр хүснэм, би...
Өвгөн: Энэ мөрөөдөл биелэшгүй!
Эмгэн: Энэ мөрөөдөл биелэшгүй!
Гээд тэд гарна. Магад үхсэн байх. Магадгүй үхэхэд саадгүй, үлдэхэд хоргодох юмгүй болсон байх. Ямартай ч явж одно. Уран илтгэгч үлдэнэ. Тэр өвгөний өнөө чухал, чухам, хүн төрөлхтөнд хэлэхгүй л бол горьгүй үгийг дамжуулах үүрэгтэй. Гэвч түүний амнаас нэг ч үг гардаггүй юм. Тэгээд тэр ч гэсэн явдаг юм. Жүжиг дууссан. Эжен Ионэскогийн энэ жүжгийн гол дүрийн өвгөнийг экзистенциалистууд хүний амьдралын рациональ шинж чанарын оронд угаас энэ чинь абсурд гэж сөргүүлэн тавьсан чухаг дүр гэж эрхэмлэн үздэг бөгөөд энэ утгаараа онцлох абсурд жүжгийн нэг болсон гэдэг. Өвгөн дайх үгээ уран илтгэгчид үлдээгээд одоход, тэр нь юу ч хэлэлгүй тайзнаас бууна. Тэр нь нэг ёсондоо иррациональ, утга учиргүй, өөрөөр хэлбэл абсурд юм. Абсурд. Тэгээд л бол оо.
Ухааны хэмжээ дутах, утга агуулгын гүн хямралыг би абсурд гэж өөртөө нээсэн!
ReplyDeleteгоё хэллээ ;)
DeleteEne hagassain odor 15nd dahin togloh gej bna hoo. Oroi 20 tsagtaa gej.....
ReplyDeletehttp://www.ovimagazine.com/art/10838
ReplyDeleteтийн ээ их гунигтай жүжиг байсан ... үзээд сэтгэл гунигаар дүүрсэн чиний бичсэнийг уншаад дахиад л сэтгэл гунигаар дүүрээд .....
ReplyDelete