Oct 23, 2012

Салхи биднийг хөтөлнө: Шальвартай монгол бүсгүй



Цаг мөчтэй өрсөлдөн тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. “Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов” гэдэг шиг л. Мэдээжийн хэрэг, энэ хувьсал сайныг саартай нь сүүдэртээ чирсээр байгаа. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрс өлдөн тэмцсээр.
Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдана. Яг л хүчит салхинд өөрийн эрхгүй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгсөх аж. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх энэ нүүдэл ямархан харагдаж буй бол? Олз гарзын аль нь түлхүү вэ? Жирийн хэрнээ жир бусын гэмээр ийм амьдралаа тольдох гээд үзэв. Нөлөөгүй толинд юу харагдсаныг нэмж хачирлалгүй буулгалаа. Харин дүгнэлтийг нь хийх бүрэн эрхийг мэргэн уншигч Танд өөрт чинь үлдээв.

ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ
“Бид бүгдийг төрийн минь сүлд ивээг...”. Байдаг газрыг нь зөвхөн монгол хүмүүс л мэддэг, гаднаа энэ гэчих таних тэмдэг, хаяггүй караокений хананд ийм бичиг бүхий Монгол Улсын төрийн далбаа хадаастай байх үүдээр нь анх ороход л содон тусав. Хүний нутгийн хүйтэн хандлагад жиндэхдээ монголчууд маань энд цугларч, дуулж тайтгардаг ажээ. “Харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна...” гэж хоолой нийлүүлэх нь гунигтай.
Эндхийн оёдлын үйлдвэрүүд хагас сайн өдрийн үдээс хойш хүртэл ажиллаад, бүтэн сайнд амардаг. Тэгмэгц манайхан энд л цуглардаг юм билээ. Байнга ирсээр тэд бие биенээ бүр нүдэлчихсэн. Хэн нэг нь Монгол руугаа буцжээ гэсэн сураг дуулдвал тэдний төлөөнөө хундага харшуулан ахиад л дуулна. Монголоос авчирсан архи ууж, халамцсан нэг нь ширээн дээр гарч төрийн далбаанаасаа адис авна, цугаараа тойрч зогсоод төрийн дууллаа дуулна, уйлна. Найман зууны урьд Монголын эзэнт гүрний эзэмшил нутгийн баруун хязгаар байсан энэ оронд өнөө энэ жижигхэн оромж л бидний мэдэлд үлджээ.
Хоолны цэсэнд буузнаас өөр сонголт алга. Гэвч долоо хоногтоо л барааг нь хардаг болохоор үүнээс залхах шинжгүй. Бас Монголоос авчирсан архи, шар айраг, ааруул сэлт бий. Оюутнууд ирж, очихдоо энд бараа нийлүүлж, бяцхан бизнес эрхэлдэг гэсэн. Зааланд гурван ширээ, хэдэн сандал байх бөгөөд үүнээс гадна хоёр VIP өрөөтэй. Гэвч монголчууд бөөнөөр цуглахаараа VIP өрөөний хаалгыг цэлийтэл нээчихээд тойрч суугаад дуулна. “Монголын үнэртэй салхи”, “Харийн нутаг давчдаад байна”, “Монгол Улсын Төрийн дуулал” зэрэг дууны үгийг ч харахгүйгээр цээжээр мэддэг юм билээ. Хараар ажилладаг монголчууд уулзахаараа юу ярьдаг бол гэж их л сониучирхаж байв. Харин тэд уулзмагц ам.долларын ханш Монголд хэд байгааг ярилцаж эхэлсэн нь уйтгартай санагдсан. Гэвч тэдний хувьд энэ мэдээлэл гойд чухал. Учир нь долоо хоног бүрийн хагассайнд цалингаа турк лирээр аваад ам.доллараар солиулж, нааш нь явуулдаг. Хэрэв Монголд ам.долларын ханш унавал тэдний хөлс хүч хий дэмий салхинд хийссэнээс ялгаагүй болохоор тэр. Аз болж есдүгээр сарын эхээр буюу намайг тэдэнтэй уулзах үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1400 хүрч өссөн байв. Харин тэр өдөр Соёмбоо бусдадаа ам.долларын ханш өссөнөөс ч чухал мэдээ дуулгасан нь удахгүй болох монгол эмэгтэйн хуримын зар байлаа.

ҮЛ ТАНИХ ЗОЧИД
Турк бүсгүйчүүдийн үндэсний хувцас шальвар түүнд сайхан зохьжээ. Том том алтан зүүсгэлээр гоёсон байгаа нь чинээлэг айлын бэр болж буйг илтгэнэ. Учир нь туркууд ху римын ёслолд гойд ач холбогдол өг дөг бөгөөд хадам тал нь бэрдээ кг-аар хэмжигдэх үнэт эдлэл бэлэглэдэг уламж лалтай аж. Хүү нь монгол бүс гүйтэй гэрлэж байгаа ч харь нутгийн бэр шүү гэж хатуурхаагүйд нь баярлаж суулаа.
Хүргэний талаас 140 гаруй хүн иржээ. Харин бэрийн талыг төлөөлөх хүмүүст зэхсэн ширээ эл хуль. “Бэрийн даамал” гэгчээр оёдлын үйлдвэрт хамт ажилладаг монгол залуу зогссон бөгөөд бүсгүйн хамаатан садан гэхээр хүн нэг ч байгаагүйн учрыг асуух зориг хүрсэнгүй. Бэрийн талыг төлөөлөхөөр хараар ажилладаг таних, танихгүй 30 орчим хүн цугласан нь хэлж зүрхлээгүй асуултын минь хариу байж ч болох. Хэн нэг нь намайг сонины сурвалжлагч гэдгийг түүнд хэлсэн бололтой. Хөөгдөөгүй юм шүү, гэхдээ би эл ёслолоос гарахаас өөр аргагүйд хүрэв. Дараа нь харин Соёмбоогоос асуухад энд хараар ажилладаг монголчууд Турк хүнтэй гэрлэж байж л иргэншилтэй болдгийг тайлбарласан. Оёдлын үйлдвэрт ажиллах гэж бүсгүйчүүд голцуу ирнэ. Нууг даж, нугдайж явахаас залхсан цөөнгүй монгол эмэгтэй турк хүнтэй гэрлэж, иргэншил авсан тухай хараар ажилладаг хүмүүсийн амнаас сонсож байв.

ЦАГДААТАЙ ХАЛЗ ТУЛСАН НЬ
Туркт байх хугацаанд Соёмбо надад газарчилж байсан учраас бид хамтдаа гэр рүүгээ буцлаа. Ажлын өдрүүдээр бол буцалж байдаг Истанбулийн гудамжууд амралтын өдр үүдээр энд хүмүүс аж төрдөг юм уу гэж асуумаар эл хуль болчихно. Гэвч энэ аниргүй байдал л тун осолтой хэ мээн тэр сануулав. “Биднийг хэн нэгэн дуудвал эргэж харахгүй гээр, намайг дагаад гүйнэ шүү. Аль болох замын хажуугаар яв. Туркууд халуун цустай хүмүүс учраас тэдэнтэй шөргөөцөлдөх аюултай. Хэрэв тэд гадаадын иргэн, тэр тусмаа хууль бусаар амьдарч байгааг мэдчихвэл том, багагүй дээрэлхэх гэнэ. Учир нь элдэв асуудал гарвал цагдаа чамайг хамгаалахгүй. Харин ч цагаач иргэн гээд шууд барьчихна” хэмээн сануулаад цааш ийн ярив. “Манай хөршүүд намайг хараар ажилладаг гэдгийг мэднэ. Гэхдээ сайн танилцаад авсан учраас гайгүй ханддаг юм. Туркчууд “Их мөнгөтэй байснаас сайн хөрштэй байсан нь дээр” гэж ярьдаг болохоор ч тэр байх. Нэг удаа архи уугаад эхнэртэйгээ түр тар гэв ээ. Нэлээн л чимээ шуугиан гаргасан юм шиг байгаа юм. Гэтэл тэд ойролцоох цагдаагийн газарт мэдэгдээд манай гэрт юу юугүй хоёр цагдаа ороод ирсэн. Баривчилах юм гэнэ.
Амьдрах визгүй, хараар ажиллаж байгаа болохоор улайм цайм цагдаатай халз тулсандаа, архи ч дороо гарчихсан. Аз болж бичиг баримт шалгаж завдаагүй байхад нь хөршүүд өөрсдөө орж ирээд, гомдлоо буцааж аминд орсон. Дараа нь уулзахад намайг айлгая л гэж бодсон юм билээ. Харин өнөөх хоёр цагдаа намайг нүдэлчихээд гэрт маань хэд хэдэн удаа ирж баривчилна, нутаг руу чинь буцаана гэж сүрдүүлсэн. Бид хоёр сарын цалингаа өгч байж тэднээс мултарсан” гэлээ. Үүнээс ч дор зүйл түүнтэй цөөнг үй тохиолдож байжээ. Турк эрчүүд ер нь л хүүхэмсэг талдаа. Эхнэртэйгээ хамт гудамжаар явж байхад нь хажуугаар зөрсөн залуус хөх, бөгснөөс нь базаад авах энүүхэнд. Хараар ажилладаг л бол тэнд хүн биш шахуу учраас тааваараа шоглодог аж. Өө- дөөс нь эсэргүүцвэл цагдаад өгнө шүү гэж сүрдүүлдэг гэж байгаа.
Нэг удаа Соёмбоо тэсгэл алдаад эхнэрийг нь шоглосон залуутай заамдалцаад ав тал чаргууцалдсаар булан руу шахаад гуян тус газар нь хутгалаад зугатаажээ. Хараар ажиллаж байгаа хүн цагдаа, эмнэлгийн хаалгаар шагайх боломжгүй. Тэр өөрөө өөрийнхөө хө лийг боогоод, хоёр долоо хоног ажлаасаа чөлөө авч, шархаа эдгэтэл гэртээ бүгсэн ажээ. Ийн ярилцсаар бид мөнөөх л эгц, уруу тахиралдсан гудамжуудаар дайрч гэрт нь иртэл огтоос тааварлаагүй “зочид” үүдэнд нь хүлээж байлаа. Хөршүүд нь ч тэдгээр зочидтой нэгдсэн байхыг хараад бид хоёул ямар нэг муу зүйл болсныг дорхноо гадарлав.
                                                                                                                                      Үргэлжлэл бий.



1 comment:

  1. Urgeljleliig ni unshya tegeh uu? Hurdan oruulj ogooch.

    ReplyDelete