Ертөнц гэж юу вэ. Онолын элдэв тайлбаруудыг мартаад зүгээр л төсөөлье, таамаглая. Хамгийн түрүүнд цаг хугацааны хувьд эхлэлгүй, төгсгөлгүй гэдэг нь санаанд бууж байгаа биз. Ахиад төсөөлье, орон зайн хувьд ертөнц хаана эхлээд хаана дуусдаг вэ? Бас л эхлэлгүй, төгсгөлгүй. Тэгэхээр ертөнц гэгч ирээдүйтэй ч тэр, өнгөрсөнтэй ч тэр холбогдолгүй болж таарч байгаа юм бол одоо цагт л хамаатах хэрэг үү? Чөтгөр бүү мэд, бурхан ч бас.
Бурхан гэснээс шашины үүднээс, хамгийн сонгодог болох Ертөнцийн эзэн долоо хоногийн дотор ертөнц, дэлхийг бүтээгээд дараа нь эр хүнийг, түүний хавирганы ясаар эм хүнийг бүтээжээ гэх жишээг авч үзье. Тэгвэл Ертөнцийн эзнийг хэн бүтээв? гэж асууя. Ертөнцийн эзнийг бүтээсэн этгээд бас бурхан байх уу, эсвэл тэр өөрөө бүрэлдсэн байж таарав уу? Тэр өөрөө бүрэлдэн бий болсон гэж үзвэл түүний бүрэлдэн бий болох процесс, эх үүтгэл нь юу байсан юм бэ? Тэгэхээр бурхан ч бас эхлээгүй, төгсөөгүй нэгэн болж таарах нь (Тийм байж магадгүй гэе).
Шинжлэх ухааны хамгийн энгийн ойлголтоор их тэсрэлтээс үүдэж ертөнц бүрэлдэн бий болсон гэдэг. Тэгээд халуун лавын буцлалтаас агаар бий болж улмаар ус, түүнээс эс, тэгээд хөхтөн амьтан, жигүүртэн, сармагчин, хүн... Энэ бүхний эхлэл рүү эргээд очьё. Тэсэрч байгаа тэр зүйлийн эхлэл юу байв, тэсрэгсдийг хэн бүтээв гэж асууя. Тэгэхээр шинжлэх ухааны үүднээс тайлбарлалаа ч ертөнц гээч нь эхлэлгүй бас төгсгөлгүй эд болж таарах нь (миний ядмагхан дүгнэлтээр шүү!).
Эхлэлгүй, төгсгөлгүй зүйл үүгээр дуусахгүй нь. Цаг хугацаанд ч бас эхлэл, төгсгөл гэж байхгүй. Үл мэдэгдэх, эсвэл огт байгаагүй тэр үеэс цаг явж эхэлсэн. Эсвэл цаг эхлээгүй мөртлөө явсаар л байгаа аж. Бас төгсөхгүй. Ертөнц, дэлхий сүйрээд, амьд биес мөхөж дууслаа гэх хамгийн ёозгүй таамгаар бодлоо гэхэд цаг хугацаа явсаар л байна. Учир нь түүний хөдөлгөөнд амьд биес, бүр амьгүй, бодьгүй нь ч хамаагүй.
Орон зай болон биет бүхэнд эхлэл байхгүй, төгсгөл ч бас үгүй. Сандал мөнх биш, түүнийг анх үйлдвэрлэсэн огноо болон эвдэрч гүйцсэний ул мөр байх л болно. Харин сандлын түүхий эд болох мод хэзээ анх ургасныг мэдэхгүй ч, ургах эхлэлийг тавьсан тэр нэг хүчин зүйл бас л эхлээгүй, төгсөөгүйгээс улбаатай болж таарах нь. Тэгэхээр сандал мөнх.
Зураас мөнх биш, дэвтэр аль эсвэл ямар нэг өртөж байгаа зүйл дээр харандаагаар 10 см урт шулуун зураас зурлаа гэж үзье. Хаанаас эхлээд хаа хүртэл үргэлжилсэн нь товоос тодорхой. Биет хэлбэр нь л тэр болохоос биш зураас дэвтэрт буухаас өмнө оюун ухаанд, тархинд зурагдсан. Тэгвэл оюун ухаан гэгч гэнэт бий болоогүйн дээр амьд бие үүссэн тэр цагаас, улмаар амьд бие үүсэх болсон тэр шалтгаан нөхцөлөөс үүдсэн болж таарах биз. Тэгэхээр оюун ухаан болон, зураасанд ч эхлэл, төгсгөл гэж байхгүй (гэе).
Амьд биес мөнх гэж тооцъё. Дарвиний онолын дагуу сармагчингаас хүн үүслээ, улмаар сармагчин бүр дээр дурдсан уснаас зугатсан эснээс, эс нь их тэсрэлтийн буцлам лавнаас, тэр нь тэсрүүлэгчээс гээд хөөвөл бас л эх адаг нь ойлгогдохын аргагүй юм. Үүнийг, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг гаж бодлоо буулгаж байгаад минь ч эхлэл төгсгөл байхгүй. Хэзээ нэгэн цагт бий болоогүй, бас дуусахгүй тэр нэг хүчин зүйлээс үүдэж, одоо цагт л би үүнийг бичиглэж байгаагаа мэдэрч сууна. Таны толгой магадгүй эргэсэн байх. Минийх ч бас мөн ижил байдалд байгаа учраас дуусгая. Нээрээ энэ ч бас дуусахгүй биз дээ, ээ бурхан минь (Биш ээ, эхлээгүй, төгсөөгүй тэр нэгэн бодь минь гэе).
Эцэст нь нэг асуулт байна. Би мөнх, тийм үү?
No comments:
Post a Comment