Цаг мөчтэй өрсөлдөн тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. “Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов” гэдэг шиг л. Мэдээжийн хэрэг, энэ хувьсал сайныг саартай нь сүүдэртээ чирсээр байгаа. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрсөлдөн тэмцсээр. Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдана. Яг л хүчит салхинд өөрийн эрхгүй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгсөх аж. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх энэ нүүдэл ямархан харагдаж буй бол? Олз гарзын аль нь түлхүү вэ? Жирийн хэрнээ жир бусын гэмээр ийм амьдралаа толь дох гээд үзэв. Нөлөөгүй толинд юу харагдсаныг нэмж хачирлалгүй буулгалаа. Харин дүгнэлтийг нь хийх бүрэн эр хийг мэргэн уншигч Танд өөрт чинь үлдээв.
...Таксим гудамж, Истанбул хот. 00.15 цаг. 2012.09.07.
Баасан гариг.
Хэрэв олны анхаарлыг илтэд татахуйц “галзуу үйлдэл”
хийгээгүй л бол тэр Таксим гудамжаар холхиж буй хоёр сая хүний нэгэн адил
сурталчилгааны самбар, түргэн хоолны цэг, цэнгээний газруудын харанхуй шөнийг
ичээн гялбалзах лед гэрлийн дор, эл завгүй хэмнэлийн эд эс болон алхахад
саадгүй. Гэвч анхнаасаа энд “шингэх”, тэгэхдээ хууль бусаар орогнох зорилго
тавьсан тэрбээр хаанаас цагдаа гараад ирэх бол хэмээн бэмбэгнэж, эргэн тойрноо
байн байн хулгайн нүдээр хялалзана. Монгол, Туркийн хооронд зорчиход визгүй
болсон учраас тэр жуулчны шугамаар 30 хүртэл хоног энд хууль ёсоор байх
боломжтой. Үүнээс ердөө 10 хоног өнгөрсөн ч тэр нэгэн оёдлын үйлдвэрт долоо
хоног ажиллаад амжчихжээ. Ахиад 20 хоног өнгөрвөл тэр далдын хар малгай өмссөн
мэт хэнд ч, хамгийн гол нь цагдаа нарын хараанд өртөхгүйгээр амьдрах ёстой
болно. Яг л айлын гэрт нууцаар орогнож, бяслагтай хавханд хууртах хүртлээ
амьдардаг харх мэт гэсэн үг.
Мөнөөхөн оёдлын үйлдвэрт илүү цагаар шөнийн 23.00 хүртэл
ажиллаж, бие нь илтэд ядран сульдсан ч “хархны амьдрал” албан ёсоор эхлэхээс
өмнө, энд байх хугацаа хүчинтэй байгаа дээр Истанбултай танилцах гэж яваа нь
энэ.
Гуч хоног дуусчихвал ингэж ил тод алхах боломж хаагдана.
“Дутуу идэж, гуцуу өмсөж явахаас залхсан учраас би энд ирсэн. Амьдралаа шинээр
эхлэх гэж шүү дээ. Энэ бол миний эхний бөгөөд сүүлчийн сонголт” хэмээн “Sturbucks”-ын
кофе шимэх зуураа тэр надад ярьсан. Намхан биетэй, хөрслөг бор царайтай, монгол
хүн гэдгийг нь илтгэх навтгар хамар, онигор нүдтэй тэрбээр энэ жил 34 нас хүрч
буй аж. Хожим элдэв асуудал үүсэхээс болгоомжлон түүний нэрийг өөрчилж, Цогтоо
гэж нэрлэхээр болов.
Өдгөө манай улсын 107 мянган иргэн гадаадад ажиллаж,
амьдарч байгаагаас Туркт 2645 монгол хүн бий. “Фэйсбүүк” цахим хуудаст байх
“Турк дэх монгол оюутнууд” группт 855 залуу бүртгэлтэй бөгөөд тэдний ярьж
буйгаар энд 1400 гаруй оюутан сурдаг гэх. Харин хөдөлмөрийн гэрээгээр болон
албаны шугамаар ажиллаж буй хүмүүсээс гадна хууль бусаар ажилладаг 900 гаруй
хүн байдаг юм байна. “Turkish airlines” агаарын тээврийн компани шууд нислэг
үйлдэх болсноос хойш дээрх тоо эрс нэмэгдэж буй гэнэ.
Энд ирсэн монголчуудын дийлэнх нь оёдолчин. Өөр
мэргэжилтэй хэдий ч ажил амархан олддогоор нь “аргагүйн эрхэнд” үйл мэтгэх
болсон хүмүүс олон бий. Харин Цогтоогийн хувьд байдал арай өөр. Тэрбээр
эхнэрийнхээ хамт “Дархан нэхий” компанид арав гаруй жил ажилласан. Дараа нь
Улаанбаатар хот руу нүүж, хувийн хувцас
захиалгын газарт ажиллаж байсан туршлагатай. Түүнийг хотод ирээд удаагүй байхад
Дарханд хамт ажиллаж байгаад Турк руу гарсан найз, нөхөд нь ирэхийг зөвлөж
эхэлж. Оёдлын ажил элбэг, цалин өндөр, дээр нь ажилд нэг ороод авбал хажуугаар
нь халтуур хийх боломжтой хэмээн ятгана. Сардаа дээд тал нь 600 мянган төгрөг
гар дээрээ авдаг түүнд эл санал гойд санагдаж байсан ч явчихаж зүрхэлдэггүй
байснаа нуугаагүй.
Харин хоёр орны хооронд зорчиход визгүй, дээр нь шууд
нислэгтэй болсны дараа Цогтоо нэг л өдөр Туркийг зорихоор шийджээ. Баянхошуун
дахь хашаагаа, “Mark II” машинтайгаа зарж, таван ханатай гэрээ аавынхаа зуны
амбаарт хурааж тавьчихаад, долоон настай хүүгээ тэдэндээ үлдээн эхнэртэйгээ
хамт гараад туучихсан тухайгаа одоо инээдэм болгон ярьж сууна. Тэр хоёр Турк
явахаар шийдсэнээс хойш ердөө тав хоногийн дараа “Чингис хаан” онгоцны буудалд,
“Turkish Airlines”-ын ээлжит нислэгийг хүлээн зогсож байсан аж.
Их 20-ын орнуудын гишүүн, дотоодын нийт бүтээгдэхүүн нь
1.07 их наяд ам.долларт хүрсэн, дэлхийн 16 дахь том “хэтэвч” бүхий Туркийн
эдийн засаг эрчимтэй хөгжиж буй. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ
дийлэнхийг дотооддоо үйлдвэрлэж, экспортолдог тэднийг “Европын хятадууд” хэмээх
нь ч бий. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь ДНБ-ийнхээ 90.7 хувийг бүрдүүлдэг
гэдгээр үүнийг баталж болно. Ялангуяа оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл өндөр
хөгжсөн бөгөөд өнгөрсөн жил 18.98 тэрбум ам.доллараар үнэлэгдэх оёмол
бүтээгдэхүүн экспортолсон гэх тоо баримт байна. Гэвч хүн амынхаа тоогоор
дэлхийд 18 дугаарт (74.7 сая) бичигддэг тус улсын ажилгүйдлийн түвшин Засгийн
газрынх нь толгойн өвчин болсоор удаж буй. “Indexmundi.com” цахим хуудаст
бичсэнээр бол ажилгүйдлийн түвшин нь 9.8 хувь бөгөөд 2.7 сая хүн ажилгүй, 12.6
сая хүн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой буюу ядуу гэсэн
ангилалд багтдаг аж. Харин “Today’s Zaman” сонинд бичсэнээр бол эх оронд нь
гадаадын хоёр сая орчим иргэн хууль бусаар ажилладаг бөгөөд Болгар, Румын,
Сири, Иран, Ирак, Армян зэрэг хөрш зэргэлдээ, буурай хөгжилтэй орнуудаас
ирэгсэд түлхүү байдаг гэжээ. Бас монгол ажилчин цөөнгүй. 1990-ээд оны эхээр
Туркийн эдийн засгийн хөөс хагарч, үндэсний мөнгөн тэмдэгт нь болох лирийн
ам.доллартай харьцах ханш 41000 хүрч байсан түүхтэй. Улмаар Засгийн газар нь
эдийн засгийн хувьсгал явуулахдаа хувийн салбарыг ихэд дэмжиж, хариуд нь
татварын хэмжээг үлэмж нэмсэн юм. Ийм учраас өдгөө Туркийн хувийн жижиг
компаниуд татвараас зайлсхийхийн тулд гадаадын иргэдийг нууцаар, бага
цалинтайгаар ажиллуулж эхэлжээ. Жишээ нь, Цогтоогийн ажилладаг сандлын
бүрээсийн үйлдвэрт гэхэд захирлаас бусад дөрвөн ажилтан нь бүгдээрээ монгол аж.
Истанбул дахь оёдлын үйлдвэрүүдийн бүрэлдэхүүн ер нь л иймэрхүү байдаг тухай
монгол ажилчид ярьж байлаа.
Эх орондоо хүссэн цалингаа авч, тааваараа амьдрах
боломжгүй үед л хүмүүс гаднын орныг зорьдог бөгөөд Монголоос визгүй зорчдог 16
орны дотроос БНСУ, Туркийг зорих нь элбэг. Цогтоо “Turkish airlines”-ийн
онгоцоор таван цаг нисээд буухад л хангалттай цалин, сайхан амьдрал угтах
мэтээр боддог байж. Заримдаа үүнээсээ болж бухимдах үе ч цөөнгүй гардаг байснаа
тэр ярив. “Монголд байхдаа сар бүрийн сүүлийн өдөр би Турк руу явах тухай улам
их эргэцүүлдэг байв. Учир нь манай цехийнхэн цалингаа сар бүрийн сүүлийн өдөр
нэг дор авдаг байсан юм” хэмээгээд инээж байлаа. Харин Истанбулд ирээд арав
хонохдоо эх орон руугаа буцдаг ч юм бил үү гэж орой бүр боддог болсноо бас
ярилаа. Мармара тэнгисийн зөөлөн уур амьсгалд хөтлүүлэн буман хүн холхисон
Таксимын талбайг бид орхив. Истанбулийн шөнө өдрөөсөө ч гэгээлэг, бас
үзэсгэлэнтэй харагддаг. Өрнө, Дорныг зааглан урсах Мармара тэнгисийн дээгүүр хөлөг
онгоцнууд гэрэл татуулан зөрөлдөх нь энэ дэлхийн хамаг л гайхам бүхэн нүдний
өмнө зураглан байгаа мэт сэтгэл сэргээнэ. Гэвч эндээс холдон алхах бүрт,
Истанбулын захад байх Цогтоогийн гэр рүү дөхөх тусам энэ хотын талаарх сайхан
сэтгэгдэл сэмэрсээр л байв. Эгц, уруу хөшилдсөн тахир гудамжууд төөрдөг байшин
мэт улам л замбараагүй болж эхэллээ. Цогтоогийнх энд байдаг. Таксимаас
метрогоор 50 минут явж хүрэх эл газраас оёдлын үйлдвэр нь ердөө 10 минут алхах
зайд бий. Хүчинтэй хугацаа нь дуусмагц тэр энэ хавиас барагтай л бол гарахгүй.
Истанбулд ирээд сар ч болоогүй учраас гэр нь тохижиж
амжаагүй илт. 21 инчийн “Toshiba” зурагтаа чемодан дээрээ тавьжээ. Хөдөөгийн айлын пингээс томгүй эл
өрөөний плитан шалнаа бас нэг эвдэрхий зурагт, хоёр хүний орноос өөр тавилга
харагдсангүй. Хувцасны шүүгээгүйн улмаас хувцас, хунар нь чемодам дотроо л байх
аж. Тэд гэнэтийн шийдвэрээр, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн энд ирсэн учраас турк
хэл сурах нь байтугай интернэтээр орж, хүрэх газрынхаа тухай ч уншихаагүй гэнэ.
“Тэнэг зориг шүү” хэмээн гэрийн эзэгтэй энд ирсэн хойноо уулга алдаж байв.
Зурагтаар гарах нэвтрүүлгийн хэлийг нь ойлгохгүй тэд угаас туркчуудын түр, тар
гэсэн яриаг сонсох ч хүсэлгүй байгаа нь илт. Харин тэд ажлаа тарж ирээд
зурагтынхаа өмнө чухалчлан байрлуулсан DVD уншуулагчаар Монголоос авчирсан кино хошин шог үзэх
дуртай. CD-ний хайрцагт “Чиний эзгүйд” кино байсан нь сонирхолтой
санагдаж, хоол хүлээх зуураа энийг үзье гэж санал болгов. Энэ кинонд Солонгост
хараар ажиллахаар мордож, улмаар хараагүй болсон залуугийн амьдрал, хайр
дурлалын тухай өгүүлдэг юм л даа. Монголоос гараад удаагүй, бас хараар
ажиллахын хэцүүг гүн мэдэрч амжаагүй болоод ч тэр үү энэ кино сэтгэлийг нь нэг
их хөдөлгөхгүй байгаа харагдсан. Магадгүй тэд дотроо өөрийг бодсон ч юм билүү
хэн мэдлээ.
Энэ байшин гурван өрөөтэй бөгөөд хараар ажилладаг
монголчууд хамт түрээслэдэг юм байна. Дундаа нэг л гал тогооны өрөөтэй учраас
бүсгүйчүүд монголоос авч ирсэн борцоор гурилтай шөл хийгээд завгүй. Харин энэ
зуур би Истанбулд ирээд гурван жил гаруй болж байгаа залуутай танилцлаа. Тэр
мөн л гэргийнхээ хамт ирж, бусдын адил оёдлын үйлдвэрт ажиллаж байгаа. Гэхдээ
Цогтоог бодвол турк хэл бага зэрэг гадарлана. Энд шинээр ирсэн Цогтоод юм
болгон л сонин жигтэй санагдаж байгаа нь илт. Шинэхэн танилын маань амар заяаг
үзүүлэхгүй элдэв зүйл шалгаана. “Цагдаатай халз таарчихвал яах вэ”, “Цагдаад
баригдаад монгол руу буцсан хүмүүс хэр олон байдаг вэ”, “Туркчууд архи, дарс
хэрэглэдэггүй гэдэг нь яг үнэн юм уу”, “Энд иргэншилтэй болж, хууль ёсоор
амьдрах “нүх” бий юү” гэхчлэнгээр сонирхол татсан олон асуултаар булж эхлэв.
Шинэ танилын маань баруун шуунд соёмбо бүхий шивээс байдаг учраас түүнийг
цаашид Соёмбо гээд нэрлэчихье. Хал цэрэг гэдэг шиг энд ирээд удсан учраас
Туркийн хар, цагаан амьдралыг тэр сайн мэднэ. Тэр цагдаад гурван баригдаж,
туркчуудтэй нударга зөрүүлж, гуяндаа хутгалуулсан зэрэг адал явдалтай киноноос
ч сонирхолтой түүх ярьсныг нь дараачийн дугаартаа сийрүүлье.
Соёмбоор
бид Истанбулд байдаг монголчуудын нууц караоке хаана байдгийг заалгаж авлаа.
Бас нэг чухал мэдээ. Түүний танил монгол бүсгүй турк хүнтэй гэрлэж байгаа
бөгөөд, хараар ажилладаг монголчууд хуримын урлига гарджээ. Туркчууд хуримын
ёслолд онцгой ач холбогдол өгдөг учраас хүргэний талаас л гэхэд 140 орчим хүн
ирэх сураг гарсан байтал монгол бэргэнд хараар ажилладаг бусдыгаа урихаас өөр
сонголтгүй үлдээгүй нь энэ аж. Соёмбо надад хуримын урилга олж өгнө гэж
амлалаа.
Үргэлжлэл бий.
No comments:
Post a Comment