Oct 17, 2012

Салхи биднийг хөтөлнө: Улаанбаатарын магтуу

     Цаг мөчтэй тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. “Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов” гэдэг шиг л. Мэдээжийн хэрэг, энэ хувьсал сайныг саартай нь сүүдэртээ чирсээр байгаа. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрсөлдөн тэмцсээр. Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдана. Яг л хүчит салхинд өөрийн эрхгүй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгсөх аж. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх энэ нүүдэл ямархан харагдаж буй бол. Олз, гарзын аль нь түлхүү вэ? Жирийн хэрнээ жир бусын гэмээр ийм амьдралаа тольдох гээд үзэв. Нөлөөгүй толинд юу харагдсаныг нэмж хачирлалгүй буулгалаа. Харин дүгнэлтийг нь хийх бүрэн эрхийг мэргэн уншигч Танд, өөрт чинь үлдээв.


“Reuters” агентлаг саяхан цахим хуудастаа “Капиталист Монгол большевик Лениний хөшөөнөөс саллаа” гэсэн гарчигтай материал нийтэлжээ. Коммунист Оросын удирдагч асан Лениний хөшөө ардчилсан нийгмийг цогцлоож, хөгжил дэвшил өөд тэмүүлж буй шинэ цагийн хэмнэлд огтоос нийцэхгүй хэмээн Улаанбаатар хотын Мээр Э.Бат-Үүл үзэж, социалист үнэр ханхлуулсан дөрвөн метр өндөр эл саарал хөшөөг буулган, улмаар дуудлага худалдаанд оруулах тухай тэнд өгүүлж л дээ. Гэвч Монголын хөдөөд, тэр дундаа бидний очсон Матад суманд цаг хугацаа яг л 1970 он хүрээд зогссон мэт буурай дорой байгааг бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Харин ч социализмын үед монголчуудыг төвлөрлийн эсрэг нүүлгэн суурьшуулж байсны нэгэн жишээ нь тус сумын хүн амынх нь тоо одоогийнхоос хоёр дахин их байснаар нотлогдоно. Матадад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг “Энхтайван” нэгдэл ажиллаж байх үед хөгжил нь одоогийнхоос арай дээр байсан байх даа гэж бодов.

ШИНЭ СОРИЛТ

Эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж буй Ази тивийн төвд орших, уул уурхайн салбараа түшиж Австрали шиг хөлжих зорилго тээсэн Монгол Улсын зүүн хязгаарт бараг Бельгийнхтэй тэнцэх хэмжээний газар нутагтай энэ сум гэрэл цахилгаан юу ч үгүйгээр шинэ зууны босгыг давж, бүр саяхныг хүртэл таг харанхуй байсан гэхэд үнэмших хүн цөөн. Зөвхөн Матад гэлтгүй, Монголын бараг бүх сум, төвөөс алслагдсан за рим аймагт социализмын үеийн бай гууламж өнөө хэр хадгалагдан үлдсэн төдийгүй тэр цагаас хойш өндөр байшин бараг нэгийг ч бариагүй болохыг та олж харж болно. Хөдөөнөөс хотод нүүж ирээд удаагүй байгаа залуустай уулзахад машин замаар гарах, супермаркетаар үйлчлүүлэх, кино театрт орох, и-мэйл хаяг шинээр нээх гэхчлэн гийн олон сорилттой тулгарснаа ярьж байсан юм. Энэ бүхэнд дастлаа тэд эвэртэй туулай мэт бусдын анхаарлыг татаж, элэг доог болдгоо ч нуусангүй. Учир нь хотынхон хөдөөгийн хүмүүст хужаа иргэдийн нэгэн адилаар таагүй ханддаг. Сурвалжлагын маань гол баатар 17 настай Б.Хишигжаргал ч үүнийг тойрсонгүй. “Бушуухан сумаасаа гарч, хотын охин болчихвол бүх юм сайхан болно л гэж боддог байсан. Харин энд ирээд юунд нь тэгтлээ дурласан юм болдоо гэдгийг эргэцүүлж эхэлсэн” хэмээн тэр ярьж байлаа.

 ЦЭНХЭР ТЭРЛЭГТЭЙ ХАМТ ОРХИГДСОН ҮНЭТ ЗҮЙЛС

Матад суманд очоод анх түүнтэй уулзахад үсээ нямбай гэгч нь сүлжиж, биеийн тамирын хослол жимбийтэл өмсөөд өсгийтэй гутал жийсэн, бас ногоон өнгийн оймс углачихсан нь надад содон харагдаж байсан юм. Харин түүнтэй хотод ирснээс нь хойш сар гаруйн дараа уулзахад бариу жийнсэн өмд өмсөж, богино цамцныхаа гадуур савхин хүрэмтэй ирсэн. Үнэнийг хэлэхэд эхэндээ таньсангүй. Хацрын улаан, өөртөө итгэлгүйг нь илтгэх байрагшуу алхаа нь л түүнийг хөдөөнөөс ирсэн гэдгийг илтгэхээс биш, хотын охидоос нэг их ялгарах зүйлгүй байлаа. Хотын амьдрал хөдөөгийнхөөс хэр ялгаатай байгааг болон энд ирээд ямар санагдаж буй талаар бид удтал ярилцсан юм. Б.Хишигжаргал нутгаасаа гарах яг тэр мөчид сэтгэл нь огтоос хорогдохгүй байс ныг одоо гайх ширсан янзтайгаар эргэн дурссан юм. Болох юм болдгоороо л болж буй адил, харин ч айсуй ирээдүй нь, аравхан цагийн дараа хүрэх мөрөөдлийн хот нь охины сэтгэлийг соронзон мэт татаж, бүр хурдхан л очих юмсан гэж адгах хүсэлд хөтөлжээ. Бидний олонхийн ойлголтоор сайхан амьдрал гэдэг нь хөдөөгөөс хэр хол, хотожсон бүстэй хэр ойр буйгаар хэмжигддэг. Үүний нэгэн адилаар Матадаас хол явах тусам охиныг сайхан амьдрал руу тэр хэрээр ойртуулах учраас ийн адгах нь байж болох хувилбар юм. Хишигээ хот руу гарахдаа эмээгийнхээ оёж өгсөн цэнхэр дээлийг орхиж, харин хотын хүнд хэрэгцээтэй бүхнийг бэлтгэжээ. Гэртээ бол энэ цэнхэр тэрлэгнээсээ салах дургүй, заримдаа хичээлдээ явахдаа ч өмсөөд туучихдаг байж. Гэвч хотод дээлтэй явна гэдэг байж боломгүй хэрэг гэдгийг тэр мэдэж байлаа. Наанадаж л хөдөөгийнх гэдгээ мэдэгдэж шоолуулна. Ийн бодож сэтгэсний хэрээр хувцас хунар зэхэх хэрэг явдал амархан шийдэгдсэн ч томруулан харвал тэр монгол соёл, үнэт зүйлсээ дээлтэйгээ хамт орхисноо яахин мэдэх билээ. Хотын соёл хүнээс илүү аминчхан байдлыг нэхдэг юм шүү дээ.

ТООЦООЛООГҮЙ ХӨГЖИЛ, ТӨЛӨВЛӨӨГҮЙ ЭРСДЭЛ

Монголын ихэнх аймаг, сум автозамын их, бага сүлжээнд холбогдсон атлаа төвүүдэд нь гэрлэн дохио байдаггүй. Гэсэн хэрнээ зам тээврийн осол бага гардгийн учир нь тэндхийн хүмүүс хоорондоо эвлэгхэн зохицдог, хотынхноос илүү хүлээцтэй хандлагыг эрхэмлэдэгтэй холбоотой байх. Хүмүүс хотод бөөгнөрөх тусмаа биенээсээ холддог, тээр шаадаг бол цөөн хүн амтай аймаг, сумын амьдрал илүү дотносог, бас “халуун”. Сумынхан нэгнийхээ амьдралыг өөрөөс нь асуухгүйгээр мэддэг бөгөөд тэр хэрээр халамж, ан хаарал хандуулдаг. Хэрэг зоригоо үнэнээр хэлж учирлавал танихгүй байлаа ч хөдөөгийн ямар ч айл халуун хоол, цайгаар дайлж, гэртээ хонуу лахаас татгалзахгүй. Харин хотод бүх зүйл хахир, хүмүүс нь үр гэлж “байл дааны бэлэн байдал”-тай явдаг. Алхам тутамдаа хүн биш автомат машинтай харьцах болсон хэтэрхий амьд бус амьдралын эл хэмнэлээ бид эмх цэгцтэй, соёлтой гэх үгээр эвтэйхэн тайлбарлачихна. Харин энэ бүхэн нь хөдөө суманд төрж, өссөн Б.Хишигжаргалын хувьд цоо шинэ орчин, мэдрэмж байв.
Хөдөөд хөгжил буурайн улмаас иргэд түүний нэгэн адилаар зугтах хүслээр өвчилсөн хэвээр. Монголын аймаг, сумдын хөгжил хэвэнд цутгасан мэт ижилхэн учраас зугтахдаа тэд нийслэлийг л зорьдог. Сүү лийн таван жилийн дотор орон нутгаас 140 мянган хүн нийслэлд ирж суурьшсаныг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны тайланд дурджээ. Харин надад ганц л асуулт байна. Улаанбаатар тэгээд зугтан ирэгсдийн диваажин мөн гэж үү? Улаанбаатар хотыг анх Зөвлөлтийн мэргэжилт нүүд төлөвлөсөн гэдэг. 1911-1990-ээд он хүртэлх Монголын нийгэм, улс төрийн өнгөрсөн үйл явцыг аваад үзвэл хожим тусгаар тогтнох, өөртөө эзэн болж бие даах, улмаар дэлхийн бусад улсын адил хөгжих тухай төсөөлөөгүй мэт. Зарим түүхийн номонд бичсэнээр Улаанбаатарыг ажилчдын суурингийн зохион байгуулалтаар төлөвлөж, хойд хэсэг нь одоогийн Бага тойруу, урд хэсэг нь Зайсан толгой хүрч байхаар зураг төсөл гаргаж байжээ.
“Оросууд Улаанбаатарыг, бүр Монголыг өөрийн нэг хэсэг болно гэдэгт тухайн үед тун итгэлтэй байсан. Тиймдээ ч Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг гаргахдаа “Энэ чинь улсын нийслэл шүү” гэж огт санаа тавиагүй санагддаг” хэмээн манай нэгэн нэрт ахмад улс төрийн зүтгэлтэн ярьсан юм. 1911 онд зурсан нийслэлийн план зургийг ажвал томоохон сүм, хийдүүдийг тойруулан монгол гэр жирийтэл өрсөн байх бөгөөд үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгууд сүндэрлэж, хожим засмал зам сүлжилдэх тухайд огт тооцоолоогүй нь илт. Улмаар 1948 онд Монголын анхны архитектор Б.Чимид хот төлөвлөлтийг шинээр хийснээс хойш өнөө дрийг хүртэл гурав, дөрвөн ч удаа хар ноорог үйлдсэн хэдий ч ямар ч өөдрөг төлөвлөгөө гаргалаа гээд энэ хотод 500 мянга хүртэл хүн л аж төрөх боломжтой гэсэн дүгнэлт гардаг байв. Харин өдгөө Улаанбаатар хотын хүн амын тоо 1.2 саяд хүрчээ. Эдгээрийн бараг тал нь шинээр нүүдэллэн ирэгсэд. Дээр хэлсэнчлэн хө дөөгийн бусад аймаг, сумын хөгжил ижилхэн буурай тул зугтахыг хүсвэл нэгмөсөн хотыг зорих нь тэдний хувьд хувилбаргүй сонголт юм. Харин эл сонголт эцэстээ нийслэлийг нүүл гэх үү, үлдээх үү гэсэн нэн эгзэг тэй хувилбарт хөтөлж байна. Өдгөө хотын хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч буй. Сүүлийн арван жилийн дотор өнгөрсөн 100 жилийн түүхэнд барьсан бүх барилгаас ч илүү гарч мэдэх олон орон сууц сүндэрлэн босож, бүгд богино ху гацаанд эзэнтэй болохтой зэрэг цэн хөдөөгийнхний урсгал идэвх жиж, гэр хорооллыг улам л тэлж байна. Гэр хороолол гэх нэршил “хө дөө ний” хэ мээн хэн нэгнээ шоолдогтой маань ижилхэн “бүдүүлэг” сонсогд дог болсныг бидний хэчнээн нь анзаарч буй бол?

ОДОО ХААЧИХ ГЭЖ !?

Хотод ирээд сар ч болоогүй хэрнээ Хишигээ хэдийнэ уйдаж эхэлсэн байлаа. Учир нь тэр хотод амьдарч буй ч жинхэнэ ёсоор хотын иргэн болоогүй. Гэлээ гээд хөдөө сумандаа байгаа мэт аяглаж болохгүй ацан шалаанд орсон нь ийн бодоход хүргэжээ. “Central tower”-ийн усан оргилуурын өмнө зургаа татуулж, үе тэнгийн бусад хотын залуусын нэгэн адилаар кино үзэж, бургер идэж, “Кока кола” ууж, нөхөрлөлийнхөө хүрээг өөрийнх нь хувьд цоо шинэ үзэл бодолтой залуусаар тэл сэн хэдий ч түүний мөрөөдөхдөө төсөөлсөн аз жар гал энэ биш байжээ. Гэхдээ буцаад сум руугаа явах бодол огт байхгүй. Сум нь түүний хувьд орхигдсон цэнхэр тэрлэгтэй нь адил болсон. Сумаас хот хүртэлх арван цагийн зайд байсан аз жаргал нь дулимаг, ийш ирэ хийг учиргүй хүсэж байсан тэмүүлэл нь ердөө л ойворгон явдал болохыг тэр мэдэрч буйгаа ярьсан. Зугтах хүсэл нь урьд урьдынхаас ихээр оргилох болжээ. Хотод ирсэн болгонд хотын хүмүүсийн эдэлдэг аз жаргал өөриймсдөггүй аж. Мөнгөгүй, орон сууцгүй, зуслангийн хаусгүй, орлого багатай, ажилгүй хүнд хот бол там. Хотод баян ядуугийн зааг, асар их бөгөөд дунд нь хавчуулагдан амьдрахын төлөөх тэмцэлд бүх насаа үрж ч мэднэ.
Орон зайг эвхэн, нүүж хүрэх алсын алс газар түүнийг соронздон даллах мэт. “Тэнд л очвол цаг хугацаа хожиж, үтэр түргэн мөнгөтэй болно”. Зугтаж хүрэх дараачийн сонголт нь гадаадад гарч амьдрах гэдгийг тэр олж мэдсэн байлаа. Гадаадад гарч, их хэмжээний мөнгө олоод эх орон доо буцаж ирсэн өч төчнөөн түүхийг тэр сонсохоороо нэг болжээ. Ийм түүх болгон түүнд бахдалтай санаг дах болсны хажуугаар тийн явах зардал, мөнгөгүйдээ өөрийгөө дорд үзэх болс ноо ч нуусангүй. Тэр гадаа дад очиж ажиллаж, мөнгө олохын тулд хү мүүс ямар их зовлонг тэсэж гарах хэрэгтэй болдгийг огтоос гадарлахгүй байгаа нь илт. Эрүүл мэндээ золин байж авчирсан хэдэн төгрөг нь Монголдоо ирээд юу ч биш болсон түүхийг тэр яагаад ч юм сонссонгүй. Сонссон ч чихнийхээ хажуугаар өнгөрөөчихсөн байхнээ ядахгүй. Сурвалжлага маань явсаар га даадад амьдарч буй иргэдтэй очиж уулзах замд хөтлөв. Энэ зуур Б.Хишигжаргал Улаанбаатар хотын амьдралд хэрхэн дасч буй тухайг ч дараа дараачийн нийтлэлүүддээ хүргэх болно.

Турк орон. Хараар ажилладаг монголчуудын тоогоор БНСУ-ын дараа орох энд улсад 1500 орчим монгол хүн бий. Визгүй, дээр нь шууд нислэгтэй учраас Турк руу явахад зовлон байсангүй. “Turkish airlines”-ийн ээлжит нислэг нэг ч сул суудалгүйгээр Улаанбаатараас хөдөлсөн бөгөөд зорчигчдын дийлэнх нь монголчууд байлаа. Аялах, эсвэл сурах зорилготой хэдхэн хүний дотор “харх” болохоор шийдсэн цөөнгүй хүн байх аж.
                                                                                                                                                          Үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment