Jun 8, 2011

Мөнхийн зогсоол 21



Амьдралыг цаг хугацааны эцэс төгсгөлгүй аяллын зүгээр л нэг дамжин өнгөрөх өртөө маягаар төсөөлдөг хүмүүс цөөнгүй. Энэ амьдралд хэтэрхий их татагдсандаа явчихаж чадахгүй, гэлээ ч буцах л болдог хатуу жамтай эвлэрч зүрхлэхгүйдээ энд эргээд ирнэ гэж итгэж байгаа нь тэр байх. Зогсоол л бол зогсоол, гэлээ ч хаана зогссон байлаа таныг дурсах үй олон шалтгийг, үгүй ядаж энд ийм хүн ирээд явсан юм шүү гэх дурсамж үлдээгээд одох нь аялаж яваагийн гол утга учир биш гэж үү. Дэлхийг донсолгосон түүхэн үйл явдал бүтээлцэхдээ гол бус хэнд ч мэдэгдэхгүй, магадгүй бүтээгчээсээ ч нууцгай ялалт байгуулчихаад дараачийн аяллын тийз захиалбал амттайсан.
21 нас гэдэг ялалтын туг дэрвүүлэхэд хэтэрхий балчир, хүүхэд насны төсөөллөө гээж, амьдралын хатуу үнэнтэй халз тулгарах хамгийн шийдвэрлэх үе аж. Буддын шашины Тхеравада дэг сургуулийг дагагсад Shinbyu хэмээх хамгийн чухал ёслолдоо зөвхөн 21 нас хүрэгсдийг оролцуулдаг бол, Күнзийн сурталд нас биед хүрснийг тунхаглах Гуань Лу (эрчүүд оролцдог), Жи Ли (эмэгтэйчүүд оролцдог) ёслол зөвхөн 21 настнуудад хамаатай байв. Австрали, Шинэ Зеланд, Их Британи, Ирланд, Украйнд залуу насаа угтах 21 насны баяр тэмдэглэж, Өмнөд Африкт 21 насны төрсөн өдрөө насан хүрсэний бэлгэдэл болгож, гэр бүлийн баяр зохион байгуулдаг уламжлал бий. Гэвч бүх юм дээрх шиг амттай байсангүй, 21 насны зогсоолд ирээд амьдралдаа цэг тавьсан цөөнгүй алдартан бий. Шотландын гүн, I Мэри хатны хоёр дахь нөхөр, VI Жэймс хааны эцэг Дарнли 21 насандаа хөлсний алуурчдын гарт эмгэнэлтэйгээр үрэгдэж, XIX зууны хүчирхэг гүрэн Францыг ердөө 15-хан хоног удирдсан II Наполеон, АНУ-ын иргэний эрхийн гарамгай гурван зүтгэлтний нэг Жэймс Эрл Чэйни нар энэ л насандаа амьдралдаа цэг тавьж байв.
Наполеон II (1811-1832)
Түүхэнд Франз нэрээр үлдсэн I Наполеоны хүү дөрвөн настайдаа буюу 1815 оны зургадугаар сарын 22-нд Францын хаан ширээг залгамжлах үүрэг хүлээн авсан хэдий ч түүний ноёрхол ердөө 15 хоног үргэлжилсэн юм. Үхэн үхтлээ хунтайж хэргэмтэй явсан энэ эрхэм Франц орныг удирдах бэлтгэлд богинохон амьдралаа зориулсан. Хаан ширээ залгамжилж, төр удирдах ёсны бүхий л дадал ухааныг төгс эзэмшсэн хэмээн магтагдаж байсан II Наполеон бие муутай хүүхэд байв. Амьдралынхаа сүүлийн мөчүүдийг Австрид өнгөрүүлсэн тэрбээр 1832 оны долдугаар сарын 22-нд 21 настайдаа сүрьеэ өвчнөөр таалал төгсчээ. Тэрбээр Жозефин хэмээх эмэгтэйд хайртай байсан үрийн зулай үнэрлэх хугацааг хүлээж чадалгүй хорвоогоос явжээ. Түүнийг хаан ширээг хожим III Наполеон хэмээгдсэн авга ах нь өвлөж, Францын эзэнт гүрэн нуран унахад хөтөлсөн гэдэг.
Жаред Натан (1985-2006)
Жеффри Натан эмчийн цор ганц хүү Жаред Натан 1990-ээд онд Холливудын нүүр царай болж байв. Дунд сургуулийн театрын дугуйлангийн идэвхтэн байсан тэрбээр 1999 онд PBS телевизийн “Zoom цувралд кинонд тоглож, америкийн өсвөр насныхны үлгэр дуурайл болсон юм. Тэрбээр уг киноны ердөө нэг цувралд тоглосон хэдий ч ирээдүйтэй жүжигчин гэдгээ нотолж, олон найруулагчаас киноны урилга гардсан. Уолнат Хиллийн ахлах сургуулийг төгсөж, Жульяардын их сургуулийн жүжигчний ангид элсэн ороод удаагүй байсан Жаред Натан автын ослоор өөд болов. Тэрбээр өөрийнх нь амар амгалангаа олдог гэх Нью Хэмпширийн ой руу явж байхдаа буюу 21 насандаа хорвоогоос хальжээ.
Мэттью Гарбер (1956- 1977)
Диснейн оддын нэг, “Мэри Поппинийнхон” киноны жүжигчин Мэттью Гарбер дэлхийд нэрээ гаргасан анхны англи жүжигчний нэг байв. Уг кино 1964 оны Оскарын наадмаас таван шагнал хүртэж, дуулиан тарьж байсан юм. Долоон настайгаасаа Диснейд ажиллаж, олон кинонд тоглож, дуу оруулсан тэрбээр Соут Паулын ахлах сургуульд суралцаж, Хайгейтийн ахлах сургуульд элсжээ. 1967 онд тоглосон “Gnome- Mobile кинонд англид шуугиан тарьж, бүгд л 12 настай Гарберийг шагшицгааж байв. Гэвч кино урлагаас хэсэг хөндийрч, эрдмийн мөр хөөсөн Мэттью Гарбер 1977 оны зургадугаар сарын 13-нд нойр булчирхайн үрэвслээр нас баржээ. Тэр 1976 онд Энэтхэгт аялах үеэрээ нойр булчирхайн вирус тээсэн аж. Мэттью Гарбер амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Лондоны эмнэлэгт өнгөрүүлсэн бөгөөд 2004 онд түүнийг Диснейн домог хэмээн нэрлэсэн байдаг.
Люк Бурдон (1987-2008)
Хоккейн спортын залуу од Люк Бурдон 2005 онд буюу 18 настайдаа драфтын нэгээр шалгарч, “Ванкувер Кэнакс” багт орж, 2006-2008 онд Америкийн Үндэсний хоккейн лигийн Манитоба Муз багт тоглож байв. Солгой гарын хүчтэй довтолгооноор алдартай энэ эрхэм 20 хүртэлх насны хоккейчдийн дэлхийн аваргын алт, мөнгөн медалиар энгэрээ чимжээ. Өсвөрийн хоккейчдийн дэлхийн аваргын үеэр Канад Норвегийг 4:0-ийн харьцаатай хожсон нь Люкийн дөрвөн гоолын ач байв. “Ванкувер Кэнакс” багт байхдаа зургаан тоглолтод зургаан оноо авч шуугиулж байсан тэрбээр 2008 оны тавдугаар сарын 29-нд мотоциклоор 50 км/ цагийн хурдтай давхиж яваад осолдож, нас баржээ.
Стюарт Сатклифф (1940-1962)
Домогт “Битлз”-ийн тав дахь гишүүн гэгддэг Стюарт Сатклифф тус хамтлагийн анх байгуулагдахад хамт байсан бөгөөд, анхны басс гитарчин байв. Тэрбээр хамтлагтаа Жон Ленноны хамт “Битлз” хэмээх нэр өгч, Хамбургт анх мандаж байхад нь дуу зохиолцож байсан бөгөөд Астрид хэмээх гэрэл зурагчин эмэгтэйтэй амьдралаа холбожээ. Тэрбээр хамтлагынхаа хажуугаар австракт зураг зурдаг байсан бөгөөд бие даасан үзэсгэлэн гаргаж байсан удаатай. Хожим түүний “Хамбург дугаар-2” зургийг Ливерпулын музейд урлагийн үнэт өвд багтаан хадгалсан байна. Стюарт нурууны өвчтэй байсан бөгөөд 1962 оны дөрөвдүгээр сард өвчин нь хүндэрч, эмнэлэгийн тусламж дуудсан нь түргэний машин ирэхээс нэг цагийн өмнө хорвоогоос хальсан билээ.
Жэймс Эрл Чэйни (1943-1964)
Америкийн иргэний эрхийн гарамгай зүтгэлтэн, африк гаралтай Жэймс Эрл Чэйни “Эрх чөлөөний зун” хөдөлгөөнийг зохион байгуулсан Ку Клу Клан холбооны гишүүн байв. Уг хөдөлгөөний тэргүүлэгч 10 гишүүн тухайн үедээ ял шийтгүүлсэн ч Жэймс, Эндрью, Майкл нар хожим цагаатгагдсан юм. Түүний уриа тунхаг болгож байсан иргэний эрхийн тухай үзэл өөрийнх нь үхлийн хүчээр, хожим биеллээ олсон ч гэлээ ажилчдын бослогын үеэр амь үрэгдсэн олон залуугийн ар гэрийнхэн түүнийг одоо ч үзэн яддаг юм. Түүний үхлийн шалтгаан өнөөг хүртэл нууцлаг байдаг бөгөөд 1964 оны зургадугаар сарын 21 буюу түүний нас барсан өдрийг иргэний эрхийн өдөр хэмээн хар арьст америкчууд нууцхан тэмдэглэдэг аж. Хожим Нью-Йоркийн Риверсайдад иргэний эрх чөлөөний талбай байгуулж, Жэймс, Эндрью, Майкл нарыг хөшөөнд мөнхөлж, хүндэтгэл үзүүлжээ.
Натан Хэйл (1755-1776)
Америкийн тусгаар тогтнолын дайны гарамгай зүтгэлтэн, америкчуудын баатар Натан Хэйл явган цэрэг байсан бөгөөд уг дайны үеэр гарамгай үйлс байгуулсных нь төлөө Нью-Йоркт түүний хөшөөг барьсан. Тэрбээр 1776 онд англичуудад баригдаж, дүүжлүүлсэн хэдий ч түүний үхэл олон мянган цэргүүдийг Англичуудын эсрэг босож, тусгаар тогтнолоо олж авах урам зоригоор тэтгэсэн гэдэг. Тэрбээр Америкийн тусгаар тогтнолын дайны үеийн хамгийн залуу тагнуулчдын нэг байжээ. Жорж Вашингтоны хамгийн итгэлт цэрэг байсан Натан Хэйл тагнуулын ажиллагаанд бүтэлгүйтсэн ч гэлээ англи цэргүүдийн нуувч, довтолгооны нууц зэргийг бусдадаа мэдээлж амжсан байна. Түүний “Надад ганцхан амь бий ч гэлээ үүнийгээ эх орныхоо төлөө золиход харамсах зүйл байсангүй” гэх үг олон америкчуудын сэтгэл зүрхэнд хүрч, эх оронч үзлийн тунхаг болсон юм.

No comments:

Post a Comment