Jun 10, 2011

Ретро зун


Охидын хувцас нимгэрсэн зун би тайван байж чаддаггүй. Хуял тачаал гээчээс огт өөрөөр хөглөгдсөн энэ мэдрэмжээ цүнхлээд, алхаад л, алхаад л баймаар. Өвлийн жаварт хайруулан, харанхуй гудамжаар чихээ даран алхлахдаа зуны өдрүүдийн тухай байж болох хамгийн арвин тунгаар боддогсон. Тэгэхэд л би зуныг хамгаас илүү мэдэрч дээ. Ай, зун ирчихэж. Хүүхдүүд шаагилдаад л, тэд үргэлж л баярын парад эгшиглүүлж явна, яасан ч дуусдаггүй эрч хүч вэ дээ. Яг тэр өдөр, яг тэр газар сүүдрэвч дор суугаад, мөстэй аяганд хацраа хайрч өвлийн тухай бодох... Зун л би өвлийг эд, эс бүхнээрээ мэдрэх юм... Ай, зун...

Харахуй
Гюстав Кайботт- “Парисын гудамж дахь бороотой өдөр”
Гюставын гараар амилсан хэчнээн ч зураг байдаг юм бүү мэд, гэвч тэр дундаас өнөө цагийг туулж, өндөлзсөн нь “Парисын гудамж дахь бороотой өдөр”. 1877 оны зун тосон будгаар амилсан энэхүү бүтээл өдгөө Чикагогийн урлагийн музейд бий. Парисын гурвалжин байшин дундуур шүхэрнүүд гүйлдэнэ. Тэр дор, хайр сэтгэл, албан яриа, аядуухан бодолдоо хөтлөгдөн алхаа хэн нэгэн бий. Жигдхэн өрсөн чулуун зам усанд норж, тэнд нүүрээ ч харж болохуйц харагдана. Тод өнгө ер байхгүй, гунигт саарал өнгө ноёлжээ. Гэвч борооны дуслыг өнгө гүйцэх юм хаа билээ дээ. Бороонд норсон бүхэн сайхан харагдана. Гюстав ч мөн гайхалтай дүрсэлжээ.
Сонсохуй
Вивалди – “Зун”
Итали орон, зун, Вивалди... хамгийн төгс зохицол. Тэнд усан дээрх Венец бий, нойтон зун. Дээрээс бороо орно, шүхэртэй зун, дор ч бас ус би гэж бодохоор. Италиас төрсөн хамгийн чухаг хөгжмийн зохиолч Антонио Вивалди хүн төрөлхтөнд нэг сайхан зуныг бэлгэлчихээд явсан нь цаг хугацааны эргүүлэг дунд торж үлдээд, өнөө хэр эгшиглэж байна. Дөрвөл улирлын өгүүлэмжтэй 1725 хэсэг бүхий 12 концертийн бичлэг 1981 онд баримтат кино болж худалдаанд гарахад хамгийн гүйлгээтэй нь “Зун” сонат байв. Худалдаанд анх гаргасан хугацаа нь зуны тэнэмэл өдөртэй давхацсан хэдий ч бүтэн гурван жил хит болсон тэрхүү бичлэгийн хит нь “Зун” сонат байсан юм. Түүний төсөөлөлд амилсан мэдрэмж зуны уярам, хайлам, гэрэл гэгээ бялхсан өдрүүдийг бус нэг л өөр, амьсгал давчдуулсан халуун салхины эрчимтэй илүү төстэй. Гэхдээ тэнд уянга бий, зуны уянга.

Уншихуй
Зуны шөнө.
Сарны туяаг дамжин цуурайтсаар
Хөлийн нь чимээ замхарна.

Башё Мацуо

Сүүдэр үнэд орох цагаар
Сүүлчийн цасны тухай бодоход
Сэрүү татна
У.Бямбаням

Мэдрэхүй
Марк Вебб- “Зуны 500 өдөр”
Скотт Неустадтерын зохиолоор амилж, Марк Веббийн найруулгаар дэлгэцийн бүтээл болсон “Зуны 500 өдөр” box office-т төдийлэн амжилт олоогүй. Гэлээ ч урт настай энэхүү бүтээлд дурлагчид өнөө хэр интернэт ухаж, видео дэлгүүрийн хогийн савнаас “Аватор”, “Хүн Аалз”-ыг биш “Зуны 500 өдөр”-ийг олоод баярлана. Том Хэнсоны даруухан амьдрал бидний тэнэг гэх бүлэгт хамруулдаг бүхнийг хийхээс буцахгүй Саммер Финнтэй учирснаар хоёр тэнэг болж үржинэ. За үгүй ч байж болох. Үүний баримт болох нэг хэсэг бий. Финн, Том хоёр хотын гудамжин дахь амралтын талбайд сууцгаана. Финн гэнэтхэн “Penis” хэмээн орилход Томын царайг харсан ч болоосой. Гэвч Томын болиоч гэх царайг гурвантаа харна, удалгүй Том ч өөрөө “Penis хэмээн хашхирч гарна. “Одоо хоёулаа больё, хүмүүс гайхаж байна (инээлдэв)”. Камер ер бишийн аажуухнаар тэднээс холдож, цэцэрлэгт амарч байгаа бүхнийг харуулж...Penis (хоёул зэрэг, хамгийн чангаар хашхирна). Цочсон шувууд нисэн өнгөрнө. 95 минутын турш таныг ер уйдаахгүй энэ бүтээл Оскар, Каннаас бусад бүхий л нэр хүндтэй кино наадмуудад оролцож, инээдмийн төрлийн бүхий л шагналыг хамсан юм. Та уйдахгүй ээ, амлаж байна. 500 өдөр юу эс болох вэ дээ.


Дурсахуй
Наяад оны ретро зун
1980-аад он зөвхөн хувцас загварын хувьд ч биш, урлагийн ертөнцийн томоохон тэсрэлтийн үе байв. Энэ үеийн хамгийн содон төлөөлөгч Мадонна ретро зуны өнгө төрх болж байлаа. Халуун цуст итали угсаатай энэ эмэгтэйд, эрх чөлөөг амаараа тунхаглах хангалтгүй санагдаж, нэг бол нүв нүцгэн, эс бөгөөс есөн жорын хувцас биедээ углаж, хүмүүсийг гайхашруулна. Бариу жинс, өнгө өнгийн иртүүз, буржгар шар үсэн дэх элдэв янзын боолт сэлт, яв ягаан эсвэл ув улаан уруул. Энэ гээд тодорхойлчихож болохгүй байгаа нь л ретро 80, Мадонна хоёрыг гол имиж байв.

No comments:

Post a Comment