Jun 2, 2011

Төгөлдөр хуурын гудамж




Төгөлдөр хуурын дан хар товчлуураар тоглосон ая ямар сонсогдох тухай та бодож үзсэн үү, эсвэл дан цагаан. Ийм байх боломжгүй учраас л (?) төгөлдөр хуур хоёр өнгөтэй байдаг аж. Бүх цаг үеийн хамгийн романтик хөгжмийн зэмсгийн түүх Бартоломео Кристофори гэх итали эртэй холбоотой бөгөөд балар эртний түүх сөхөх хэрэггүй, 1720 оны үед хамаарна. Ямар ч тансаг, бүр цоо шинэ төгөлдөр хуур харлаа ч тэндээс хуучны үнэр ханхална, бүр эртний дурсамжуудаа уудлах хэрэг гарна. Хар, цагаан товчлуурын цаанаас Моцарт, Бетховен нарын буурал толгой, хуучны борог костюм л “үнэртэнэ”, тэдний аязыг л хүлээнэ. Хэчнээн мундаг поп од байлаа ч төгөлдөр хуурт гологдоно, хуурамч цуурайтна. Сонгодог гэх үнэлэмж нөлөөлдөг болоод тэр биз. Bolero “Ravel”, Beethoven “Moonlight sonata”... Төгөлдөр хуурт дурлагчид Дюк Жеррамыг андахгүй. “Намайг тогло, би чинийх” хөдөлгөөнийг үндэслэгч тэрбээр дэлхийн томоохон хотуудад төгөлдөр хуурын гудамж бий болгосон. Английн Шеффилдээс буухиалсан “аяз” бүр Хятадад цуурайтсан юм шүү. Гэхдээ энэ нь бэлгэдлийн төдий эд бус, “Төгөлдөр хуурын гудамж” гэж хаяглаад, орчноо нил хар цагаар товчлуураар будахын нэр биш. Хамгийн гол нь хот амьсгалж байгаа л бол төгөлдөр хуурын аяз эгшиглэж л байх ёстой, тэр нь мэргэжлийнхэн байх албагүй хүссэн бүхэнд нээлттэй байвал л болоо. Цас, бороо, салхи, шуурга, хайр сэтгэлийн элдэв сэтгэл хөдлөл, уур бухимдал, баяр хөөр бүхнээр сүлэгдэж яг л уул чанар шиг ээ хуучирч, төгөлдөржсөн төгөлдөр хуурыг буурал тивийн хот бүхнээс харж болно. Хэрэв тэд өөрсдөө эгшигээ сонгодогсон бол бүхэл бүтэн ертөнций, хүний амьдралын бүхий л сэтгэл хөдлөлийг хэзээ ч уйдамгүй эгшиг, нотоор холбож, цуурайтуулах байсан биз. 2006 оноос цуурайтсан Шеффилдийн төгөлдөр хуурын өмнөх цэнхэр сандал хэчнээн сая хүний сэнтий болсон гэж санана. Ертөнцийн бүхий л сандалны мөрөөдөл тэр байх. “Play me, I’m yours”. Дюкийн санаа дэлхий даяныг хамрах байгаагүй. Ямартаа ч амьдралынх нь нэгээхэн хэсэг болсон төрөлх хот, дуртай хөгжмийн зэмсэг хоёроо л холбож байвал бусад нь сонин байсангүй. Харин хуулбарлагчдад энэ санаа гойд таалагджээ. Гэхдээ энэ үйлдлийг үнэмлэхүй муугийн дэнсэнд тавих нь зохимжгүй байх л даа. Бирмингем, Сан Пауло, Сидней, Лондон, Барселон хэчнээн ч хотоор буухиалсан юм бэ дээ, бүү мэд. “Намайг тогло, би чинийх шүү дээ”. Хамгийн догь хувилбар нь Бирмингемийнх гэгддэг. Энд бүр төгөлдөр хуураар нэрлэгдсэн 15 гудамж бий. Долоо хоногт 140 мянган хүний гар дамждаг эдгээр хуурууд хуримын хөтөлбөрийн хамгийн онцгой обьект болсон аж. Төгөлдөр хуурын ард суугаад, хайр сэтгэлээ илчилнэ гэдэг юутай сайхан завшаан бэ. “Намайг тогло, би чинийх”. Сан Паулод харин 13 бий. Сиднейд бүр 30 байдаг бөгөөд жил бүр төгөлдөр хуурын фестивал зохион байгуулдаг. 2009 оноос эхэлсэн уг фестивалд сая гаруй хүн оролцдог бөгөөд төгөлдөр хуурчдын хамгийн том цугларалтын тоонд багтдаг. Та бод л доо, мянган төгөлдөр хуур эгшиглэж, сая сая хүнийг бүүвэйлдэг юм шүү дээ. Лондон ч мөн өөрсдийн наадамтай. 2009 оны зургадугаар сард эхэлсэн уг арга хэмжээ бүтэн сарын турш үргэлжилдэг. Гэхдээ тэнд эрх чөлөөг тунхагладаггүй, оролцогчдын төгөлдөр хуурын чанарыг шалгаж, эзнийх нь авъяасыг ч мөн сонжиж байна мандат олгодог аж. Өнгөрсөн оны гуравдугаар сарын байдлаар Барселонад төгөлдөр хуурын 33 гудамж бий, энэ нь “Намайг тогло, би чинийх” хөтөлбөрийн дээд амжилт болохуйц үзүүлэлт. Эрх чөлөөний хот, Нью-Йоркийг харин чамламаар. Тэнд ердөө зургаахан цэг бий. Гэхдээ хамгийн идэвхтэй нь гэж хэлж болох бөгөөд хоёр долоо хоногт нэг удаа бүх нийтийн цугларалт зохион байгуулдаг. Цинцинаттыг дурдахгүй өнгөрч болохгүй. Төгөлдөр хуурчдын мөрөөдлийн хотын 35 гудамж хамгийн завгүй нь. Гранд Рапидаар өндөрлөе. Бүх цаг үеийн хамгийн романтик хөгжмийн зэмсэгийн аяз Улаанбаатарын гудамжнаа хэзээ цуурайтах юм бол бүү мэд. “Улаанбаатарын үдэш намуухан, намуухан...”. Намайг тогло, би чинийх шүү дээ.

1 comment:

  1. Монголд сонгодогийн талаар ойлголт багахан хүрээнд л байдаг юм шиг санагддаг. Мэддэг, чаддаг хэн нэгэн нь дан ганц энэ төгөлдөр хуур, сонгодог ч биш дэлхийн урлагийн талаар ард түмэндээ ойлгуулах талаас нь ямар нэгэн юм хийвэл...

    ReplyDelete