Jun 29, 2011

Элснээс чинагш


Вавилоны эзэнт гүрний үед Сахарт дэлхийн хамгийн зартай шорон байсан гэдэг. Бүх насаараа хоригдох ял авсан хүмүүст л тийш явах “тийз” өгдөг бөгөөд харамсалтай нь Сахарыг зорьсон хоригдлуудын бүх нас гээч нь ердөө арав хүрэхгүй хоног байдаг аж. Тэнд эрээлжилсэн төмөр хана, ширүүн харцтай шоронгийн хуяг, гав, гинж байдаггүйн дээр эвдэх хаалга, авирах шат, алхаагаараа хэмжих эх адаггүй эргэлтүүд байхгүй. Зөвхөн л элс. Элсэн цөл дэх “эрх чөлөө”-нөөс өөр хэрцгий шорон хаана байх билээ дээ. “National Geographic сэтгүүл Сахарын цөлийг хэн бүхэнд нээлттэй хэрнээ, хэний ч очиж зүрхэлдэггүй газар хэмээн тодотгосон удаатай. Гэвч энэ нь өнөө цагийн экстрим аялагчдад залуураа өөр тийш залах хэмжээний аймшигтай мэдээ биш болсон бололтой. Жилд хагас сая гаруй хүн “үхэлтэй ойрхон аялал”-ын жимээр явдаг аж. Элснээс чинагш чухам юу байдаг юм бэ?
Сахар нь Антрактидийн дараа орох хамгийн том эзэнгүй газар. 9.4 сая ам км зайг эзэлсэн уг цөл Европ тивээс ч том газар нутгийг эзэлнэ. Алжир, Чад, Египт зэрэг Хойд Африкийн 13 улсыг дамнасан Сахарын элсэн цөл дээгүүр хүн үүсэхээс өмнө Атлантын далай оршиж байсан гэдэг. Тиймдээ ч эндхийн элсэн толгодын өндөр 180 метр хүрдэг аж. Энд элснээс өөр эзэнгүй байдаггүй хэмээн ихэнх хүн ойлгодог ч сүүлчийн мөстлөгөөс хойш буюу хэдэн сая жилийн тэртээгээс оршиж ирсэн 30000 гаруй төрлийн амьд бие бий.
Цас орсон цөл
5000 жилийн өмнөөс энд хүн амьдарч эхэлсэн гэж үздэг бөгөөд Сахар гэдэг нь араб хэлээр “их цөл” гэсэн утгатай үг. Гэхдээ энэ нь элснээс өөр юмгүй гэсэн үг биш. Сахарын цөлөөр Нил, Сенегал мөрөн дайрахын дээр Эйр, Ахагар, Сахар Атлас зэрэг уулс бий. Эндхийн элсэн дороос үлэг гүрвэл үй олон араг яс, түүхийн олдворууд олсноос гадна газрын тос, байгалийн хийн асар их нөөц байгааг тогтоосон. Сахарын цөл нь дэлхийн хамгийн хуурай цэг бөгөөд жилд дунджаар 100-150 мм хур тунадас ордог. Гэвч эрдэмтэд дэлхийн дулаарлаас үүдэж, Сахарын цөл ногоорч байгааг тогтоосон байна. Хурын зохицуулалт алдагдсан нь эцэсгүй энэ элсэн цөлд эерэгээр нөлөөлж байгаа нь тэр. Эрдэмтэд Сахарыг гурван сая жилийн тэртээ үүссэн гэж ярьдаг бөгөөд дэлхий дээрх хамгийн бага судлагдсан хэсэг гэж үздэг. Уг цөл МЭӨ 13000 жилийн тэртээгээс л элсээр бүрэн хучигдсан болохоос биш түүнээс өмнө олон зүйлийн өвс, ургамал ургадаг байж. Одоо энд оливийн мод л элбэг. Сахарын элсэн цөл тогтосноос хойш ганцхан удаа цас орсон нь 1979 оны хоёрдугаар сарын 18-нд тохиосон бөгөөд Алжирийн нутаг дэвсгэр дэх хэсэгт хүчтэй цасан шуурга болж байсан удаатай.
Сахарын цөл нэг бөхтэй тэмээний Караван аяллаар алдартай бөгөөд өнөө хэр эндхийн тээврийн гол хэрэгсэл болдог. Уг цөл дайран өнгөрдөг 13 улс хамтарч караван аялал зохион байгуулдаг ч элсэн цөл дэх “шорон” руу тэмүүлдэг аялагчдын тоо тийм ч олон биш.
“Мөнхийн хоригдол”
Энд хилэнц, тэмээ, цөлийн гүрвэл могой, аалз элбэг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаагаар энд 250 үчимбэр буюу улаан ирвэс тоологдсон бөгөөд сүүлийн жилүүдэд амьтдынх нь тоо толгой өсөж байгаа аж. Мөн гурван төрлийн үнэг амьдардаг бөгөөд эндхийн хүйтэн цуст амьтад элснээсээ ялгагдахааргүй өнгөтэй байдаг тул аялагчид санамсаргүйгээр могой, гүрвэлд хатгуулах тохиолдол цөөнгүй. Тийм учраас Сахарын тийз гардсан аялагчдыг заавал түргэн тусламж үзүүлэх чадвартай хүн дагалдахыг шаарддаг аж. Энд 500 төрлийн ургамал байдаг бөгөөд эрдэмтийн судалгаагаар 2080 он гэхэд Сахар нь ногоон тал болж хувирах магадлалтай аж. Мөн хурын хэмжээ жилд хоёр мм-ээр нэмэгдэж байгаа юм байна.
Сахарын цөлд цөөнгүй үндэстэн аж төрдөг бөгөөд хамгийн анхны оршин суугчид нь бэрбэрчүүд байсан гэдэг. Тэднийг түргүүд залгасан бөгөөд МЭӨ 6000 оны үед буюу Египтийн эзэнт гүрэн мандах хүртэл ноёрхол нь үргэлжилжээ. Гэвч өнөөг хүртэл Сахарын цөлийг бүрнээр нь эзэмшиж, суурьшсан нэг ч үндэстэн байхгүй гэдэг. Өмнөх эзэнт гүрэн, үндэстнүүд Сахарын цөл дайран өнгөрдөг улсуудыг л эрхшээж байсан болохоос цөл хэсэгт хэзээ ч хүрч байгаагүй аж. Харин МЭӨ 500 жилийн тэртээгээс цөлд суурин иргэншил тогтох үзэгдэл гарч эхэлсэн юм. Өдгөө Сахарын цөл хэсгийн баян бүрдүүдийг дагаж хоёр сая бэрбэр, түрэг болон, бэяа үндэстэн суурьшдаг бөгөөд тэд дээр дурдсан 13 улсын алины ч харьяанд багтдаггүй тусгаар аж төрдөг нь сонирхолтой.
“Сахарын нүд”
Уг цөл ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд эндхийн жижиг толгодууд дээр эртний сүг зургууд элбэг. Эндээс Мөстлөгийн дараа үед хамаарах анааш агнаж буй дүрслэлтэй сүг зураг олдсон нь шуугиан тарьж байсан юм. Дээр хэлсэнчлэн Сахарын цөл нь дэлхийн хамгийн бага судлагдсан газрын нэг учраас аялагчид санамсаргүй байдлаар нээлт хийх нь элбэг. Энэ цөлийн Мавритан улсаар дайрах хэсэгт “Сахарын нүд” хэмээх өвөрмөц тогтоцтой газар бий. Рикат Структур хэмээн нэрлэдэг уг газар дээрээс яг нүд шиг харагддаг бөгөөд 50 км диаметртэй усан тойруулга байдаг аж. Энэ мэтчилэн эрдэмтэд Сахарын нууцыг тайлсаар байгаа ч энэ элсэн цөлийн нэг хүрэхгүй хувийг л хүн төрөлхтөн таньж мэдсэн гэдэг. Элснээс чинагш чухам юу байдаг нь өнөө хэр тайлагдашгүй хэвээр.

No comments:

Post a Comment