Jun 23, 2011

СоЛИотОй




Өөрийг нь олон янзын камер байнга дагалдаж, үйл хөдлөл бүрийг нь бичиж байдаг гэх солиотын яриа надад солиомоор үнэмшилтэй санагдаж байв. Нэг удаа өрөөнд нь ортол “Чишш” хэмээгээд, чимээгүй байх дохио өгөн бичиглэж гарлаа. “Наад камерууддаа намайг битгий бичээд бай гэж хэлээд өгөөч...” гэнэ. Мэдээж би хэлээгүй, учир нь надад ямар ч камер харагдаагүй юм чинь. Хэлбэл би өөрөө жинхэнэ солиотнуудын эгнээнд шилжчих гээд байхаар нь чимээгүй л гараад явсан. Хамгийн солиотой нь түүний хэтэрхий үнэмшилтэйгээр үзүүлсэн тэр үйлдэл, яриа одоо хэр санаанаас огт гардаггүй шүү. Солиотнуудын ертөнцөөр, солиотой нүдний шилээр хорвоо дэлхийг харвал яах бол гэсэн бодол төв мэдрэлийн минь хамгийн мэдрэмтгий цэгт хүрч, тархи арзагнуулаад л...
Солиотнуудад хүрч болохгүйн хана туурга хэзээ ч байдаггүйн дээр эрүүл нэгний хүсэж мөрөөдөхөөсөө хүртэл эмээдэг бүхнийг ердийн үзэгдэл мэт хялбаршуулдаг нь гайхалтай. Тэд нүв нүцгэн биеэрээ бусдын нүдийг мялаахаасаа эмээдэггүй, тэнгэрт нисэж, усан дор ухаан алдаж унатлаа шумбахаас хэзээ ч айддаггүй. Төөрмөөр ойлгомжгүй бодлоо бусдад энгийнээс энгийн тайлбарлаж, дургүйлхэх сэтгэл хөдлөлийг нь ч үл тоон ярьсаар л байдаг. Гэвч бид тэдэнтэй, тэд бидэнтэй амьдрах, нэг агаараас амьсгалах зохьдоггүй. Яагаад гэвэл бидний аль нэг нь галзуу. Гэхдээ солиотой гэгддэг нь солиотой юу, солиогүй гэдэг нь солиотой юу гэдгийг мэдэх юм алга. Лав солиотнуудын нүдний шилээр цоо эрүүл бид солиотой харагддаг гэдгийг л баталж чадна. Гэхдээ би цоо эрүүл гэдэгтээ эргэлздэг. Галзуугийн эмнэлгийн дөрвөн цагаан хана дунд, цагаан халад, дэвсгэрийн даавуутайгаа орооцолож амьдардаггүй болохоор эрүүл ч юм шиг. Зөвхөн мансуурч, яриа дэлгэхийн тулд архи, тамхи хэрэглэж, өдөр бүр бусдад таалагдахын тулд жүжиглэдэгээ бодохоор төгс хэлбэрийн солио илэрдэгтээ итгэх ёстой ч юм шиг.
Макондод солио өвчний шинж тэмдэг илэрч, Санта Софи де ла Педагаас халдан, Ребека, Урсулагаар дамжсан уг өвчин тосгоноор нэг халдварлаж, бүгд бага насны дурсамжаа гээн, бүхнээ мартаж эхэлдгийг санаж байна уу. Эхлээд нойргүйтэж, үүнийгээ юман чинээ тоохгүй байсаар сарын дотор амжуулах ёстой бүхнээ хийчихээд хэзээ ч дуусдаггүй үлгэр хэлэлцэн суудаг дүрслэл санаанаас одоо ч гардаггүй, солиотой. Мартах өвчин гүнзгийрч, бүхий л эд хэрэглэл дээрээ тайлбар сэлт бичиж, “Энэ бол үнээ. Үнээнээс сүү хэмээх цагаан шингэн гаргаж, үүгээр бид кофе найруулж уудаг. Кофе бол үрлэн хар идээ бөгөөд...” Мартах өвчин туйлдаа хүрч, тосгон даяар солиорч байх үед Мелькиадэс ирдэг дээ. Түүнд тэр хүү бяцхан солиотнуудын ертөнц ямар санагдсан бол. Урьд соронз сэлтээр мангартуулж явсан танилууд нь үнээ гэж юу болохыг, бүр өөрийг нь ч ор тас мартсан болохыг мэдэх түүнд ямар мэдрэмж төрүүлсэн бол. Габриэл Гарсиа Маркес зохиолынхоо энэ хэсгийн өрнөлийг эрс өөрчлөөд, солитой хэвээр нь үлдээчихсэн бол яах вэ? Жинхэнэ солиотой зохиол гарна даа. Бодъё. Мелькиадэс ч мөн солиорох нь тодорхой. Ганц ч эрүүл хүнгүй, гэхдээ хэн ч өөрийгөө солиотой гэж бодохгүйгээр амьдрал өрнөвөл ямар вэ? Хэн ч тэднийг цагдахгүй, галзуугийн эмнэлэг байгуулж, тусгаарлах санаа хэнд ч төрөхгүй солиотой амьдрал өрнөж таарна. Маркест солиортлоо төсөөлөх солиотой чанар байгаагүй учраас шидэт ус гаргаж ирсэн биз.
Өмнөх яриандаа буцаад оръё. Дэлхийн хүмүүсийг солиотой, эрүүл хэмээн хоёрхон хуваагаад заагалчихсан. Хэн хэндээ тээр дараа болохгүй амьдарахын тулд бодож олсон зүйл нь ердөө л тусгаарлалт. Хүн солиорохоороо яадгийг, эрүүл байх яагаад сайн зүйл болохыг хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл бид солиотнуудаас тусгаарлагдсан, тэдний ертөнцөд нэвтрэх хэмжээний солиотой үйлдэл гаргаж чадахгүй учраас, гаргавал эрүүл ухаанаа алдах болохоор ийм оролдлого хийх нь өөрөө солиотой зүйл. Галзуугийн эмнэлгээс эрүүлжиж гарсан хүн гэж та лав дуулаагүй ээ, би ч мөн адил. Нэгэнт л болохгүй, бүтэхгүйгээ тусгаарлах ёстой юм бол энэ олон архичин, тамхичин, бэлгийн гаж донтонууд, биеэ үнэлэгчид яагаад бидэнтэй нэг агаар амьсгалж байна вэ. Бойжиж буй дэгдээхэй шарж идэж өл залгаж, баавгайн доньд хэрэглэн эрүүлжиж, хулгай хийж, худал ярьдаг хүмүүс солиотнуудаас юугаараа дээр гэж. Солиотнуудаас ч дор үйлдэл хийж, түвэг уддаг хүмүүс бидний дунд байж л байдаг болохоор эхлээд эрүүл хүмүүсийн дунд амьдарч байгаа гэдэгтээ, дараа нь өөрийгөө үнэхээр эрүүл хүн мөн эсэхдээ эргэлзэх сэтгэл төрдөг. Харин ч галзуугийн эмнэлгийн байшингийн гадуур л хамгийн галзуу үйлдлүүд өрнөдөг юм биш үү. Эсвэл би солиороод байна уу?

1 comment:

  1. nuguu amidraliig iluu medeh tusmaa adguuslag chanart durladag gsen utgatai yum unshij bsanaa sanav

    ReplyDelete