Nov 1, 2012

Ж.Гэрэлийн далд амьдрал, ил мэдрэмж

  

Бодь хүний шинж чанараас гажуу нэгэн бидний дунд бишгүй л олон. Анх харахад, ярилцах төдийд л яавч манай гаригийнх байж таарамгүй, хачин зэлүүд үзэл бодлоороо илт ялгардаг тэдэнд харь газрын илбэ жатга үйлчлээд байна уу гэж санагдах үе ч байдаг. Жишээ нь, зураач Жиндийн Гэрэл. МУЭ-ийн харьяа уран бүтээлчдийн “Б” урланд түүнтэй анх уулзах үед (одоогоос яг жилийн өмнө) тэр өрөө нь хүчтэй соронзон долгионы үелзлийн төв цэг мэт, тэр өөрөө үзэхээс ихийг үзэж, туулаад энэ амьдрал өөрийнх нь хувьд ердөө л эл дол юмсын чуулган адил болохоор бийрийн хүчээр хүсэмжит орчноо зураглан, түүндээ аж төрдөг юм уу даа гэсэн бодол төрж байв.
Монголын уран зургийн ертөнцөд тэр харьцангуй бага судлагдсан атлаа бүтээлүүдийнх нь тухай яриа хилийн чанадад ч хөвөрч байдаг. Ж.Гэрэл 1998 онд Нидерландын Уран зургийн академийг төгссөн жилээ Амстердамд болсон олон улсын уран зургийн үзэсгэлэнд бүтээлүүдээрээ оролцож байж. Монгол зураачийн өнцөг, дээр нь өөрийнх нь шидийн санаа, идийн гүйцэтгэл нь тухайн үед шуугиан тарьж байсан гэдэг. Амстердамын Орчин үеийн урлагийн музейд ажиллаж байгаад 2002 онд эх орондоо ирээд “Найзууд” анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Харин үүнээс яг арван жилийн дараа “Далд амьдрал-2” нэртэй бие даасан үзэсгэлэнгийнх нь урилга надад ирлээ. “Цагаан Дариум” галерейд нээгдэх “Далд амьдрал-2” уран бүтээлийн үзэсгэлэнд хүрэлцэн ирж, миний ертөнцтэй танилцана уу. Хүндэтгэсэн Жиндийн Гэрэл” гэх даруухан үгсээр дэврүүн бүтээлүүдийнхээ “газрын зураг”-ийг халхалжээ. Бүтээлийн тоо, үзэсгэлэнгийн олонд хошуурдаггүй, ухамсарт бүхий л амьдралаа уран зурагт зориулж яваа түүний дөнгөж гурав дахь бие даасан үзэсгэлэн нь энэ. Тэгэхээр урилга гардсан бүх л хүн гойд өвөрмөц ертөнцөд хүрэх тийз авлаа гэж бодож байгаа болов уу. Учир нь тэр бол Ж.Гэрэл.
Нью-Йоркт төвтэй “The Brooklyn rail” урлаг шүүмжлэгчдийн сэтгүүлийн 2009 оны дугаарт урлаг шүүмжлэгч Эллен Пөрлмений бичсэн “Улаанбаатараас ирсэн захидал” (Letter from Ulaanbaatar) өгүүлэлд “Тэр бол Монголын өнөө цагийн уран зургийн ертөнцийн ГЭРЭЛ” хэмээн Ж.Гэрэлийг тодотгожээ. Мөн эл өгүүлэлд “Ж.Гэрэл урлагийг нэгдүгээрт тавьж, хувийн амьдралаа хойш тавьсан нэгэн. Тэр хоёр жилийн өмнө (2007 он) 32 кг жинтэй, ходоодны хорт хавдартай болсон, нэг их удахгүй дээ гэсэн оноштойгоор эх орондоо ирээд “Газар дэрлэж бөх унтаад тэнгэрт очиж сэрнэ” нэртэй инстолляц хийжээ. Газарт өөрийн биеийн хэмжээтэй хоёр булшний нүх ухаад, нэгийг нь чулуугаар дүүргэж, нөгөөд нь нүцгэнээрээ хэвтэв. Хоёр ертөнцийн зааг дахь өвөрмөц эл дүрслэл хэн хүний санаанд багтамгүй, гэхдээ үнэхээр өвөрмөц шийдэл юм. Удалгүй тэрбээр эцсийн найдлага өвөртлөн хагалгаанд орсон бөгөөд ингэхдээ эмчээс хагалгааны туршид бүхий л процессийг камераар дүрсжүүлэхийг хүсчээ. Үүнийг нь Боб Фланаган гэгч эр баримтат кино болгох санал тавьж байсан удаатай. Хагалгаа амжилттай болж, удалгүй тэр аав болсон” гэх түүхийг дурджээ. Түүний уран бүтээлчийн замнал нь ч, уран бүтээл нь ч хүчирхэг бөгөөд өөр билээ.
2011 оны эхээр гарсан найруулагч Б.Чингүүний “Гэрэл” богино хэмжээний кинонд хэтэрхий үнэмшилтэй тоглосноос нь үүдэж, зураач Ж.Гэрэлийг тэр бүтээлд гардаг шиг, зургуудыг нь дандаа л хар, цагаан байдаг мэтээр өнөө хэр төсөөлж буй хүн олон. Гэтэл түүний зургуудад харин ч галзуу бухыг хилэнд хөтлөх гал улаан өнгө голлодог бөгөөд энэ нь түүнийг бийр барьсан матадор гэж нэрлэхэд хүргэсэн байж ч магадгүй. Жилийн өмнө уулзахдаа энэ тухайд асуухад Тэр кинонд би тоглоогүй, дүр ч бүтээгээгүй шүү дээ. “Гэрэл” кино миний амьдралын нэг сонирхолтой хуудас байсан. Найруулагч надаас жүжиглэлт шаардаагүй, та зохиолтой танилцаад зөвхөн өөрийнхөөрөө л байгаарай гэсэн. Учир нь түүнээс зураачийн амьдрал, араншин, сэтгэл хөдлөл харагдах ёстой. Харин “амьдралд хоёрхон өнгө бий. Хар, цагаан” гэж хэлсэн хэсэг бол зохиол дахь гол зангилаа болсон хэсэг. Гэхдээ энэ үнэн, бас нөгөө талаар худал. Би хувьдаа цээнийн ягаан өнгөнд дуртайгэж хариулж байсан.  
“Тэр бол өвөрмөц, тэс өөр ертөнц. Эрэгтэй зураач хэрнээ их зөөлөн өнгөтэй” хэмээн түүний дотны найз, “Цэрэн Турс” компанийн захирал Э.Цэрэн надад ярьсан. “Цэрэн Турс” компани түүний эл үзэсгэлэн ивээн тэтгэж байгаа юм. “Далд амьдрал-2” үзэсгэлэнд Ж.Гэрэлийн 22 уран зураг, инстолляц, баримал дэлгэгдэнэ. Бас түүний тухай гурван минутын дүрс бичлэг үзүүлэхээр бэлтгэсэн байгаа. Эл үзэсгэлэн Монголд урьд гарч байгаагүй шинэлэг зүйлүүдтэйг нь нууц болгон үлдээе” хэмээн Э.Цэрэн хорхой хөдөлгөв. “Ж.Гэрэл сэдэвт баригддаггүй. Хязгааргүй цэлгэр ертөнц учраас тэр ямар ч гэнэтийн бэлэг бидэнд барьж мэднэ” гэж түүнийг сайн мэдэх цөөнгүй хүний амнаас сонсож байлаа. Харин тэр өөрийгөө Би омголон, эрх чөлөөтэй, бас зөрүүд хүн. Эрх чөлөөгүй нөхцөлд урлаг, уран бүтээл төрөх хэцүү гэж хэлсэн юм.
 Жилийн өмнө тэрбээр “2041 он” нэртэй өөрийн болон охиныхоо хөрөг зургийг зурсан бөгөөд энэ бүтээл төрөх агшиныг магадгүй та манай сониноор дамжуулан үзсэн нь лав. 30 жилийн дараах өөрийгөө болон охиноо төсөөлөн зурах, “Гэрэлт зул” төсөл хэрэгжүүлэн, модны хулгайчдын сэглэж орхисон хожуулыг бүжин болгон сийлж, Дауны синдромтой хүмүүсийг далд ертөнц рүү өнгийж, газартай гүн бат холбогдож, үхлийн өөдөөс аймшиггүйгээр тэрсэлсэн “Газар дэрлэн бөх унтаад, тэнгэрт очиж сэрнэ” инстолляц туурвисан түүний “Далд ертөнц”-д чухам юу байгааг мэдэхийг хүснэ. Иймийн тулд арваннэгдүгээр сарын 2-ны 17.00 цагаас би “Цагаан Дариум” арт галерейг зорино. Харин та нэгдэх үү?


No comments:

Post a Comment