Nov 3, 2012

Ажил, амьдралын алтан зааг


Хэрэв та хоёр утастай байгаад, тэдгээр рүү нэгэн зэрэг ажил болон гэрээс тань залгавал алийг нь түрүүлж авах вэ. Энэхүү эгзэгтэй сонголтоос бүх зүйл эхэлж байна. Бидний олонх нь (бараг бүгд ч байж мэднэ) ажлыг нэгд, гэр бүлийг хоёрдугаарт тавих нь гарцаагүй. Өглөө ажлаасаа хоцрох эсвэл, гэртээ оройтож харих хоёрын алинд та илүү гэмшдэг вэ. Ахиад л ажлыг нэгд, гэр бүлээ хоёрдугаарт тавьчихав уу. Ичих хэрэггүй дээ, бид бүгдээрээ л ийм сонголт хийж байгаа хойно. Хэрэв ажлын үүдэнд байх хурууны хээ бүртгэгчийн товчлуур дээр өглөө тогтсон цагт дарахгүй л бол танд мөнгөн торгууль ногдуулж, удаа дараа ийм үйлдэл гаргавал байгууллагын хурлаар хэлэлцүүлэхдээ тулж ч мэднэ. Харин гэрт хэн ч таны цагийг минут, секундээр бүртгэхгүй. Сар чанх орой дээр хөөрсөн үед гэрийнхээ хаалгыг тогшвол эхнэр, эсвэл хүүхдүүд тань тунирхлын үг л шидэхээс биш мөнгөн торгууль ногдуулж хатуурхахгүй. Хэрэв аашлаад болохгүй бол “Би завгүй байсан” гэх гуравхан үгээр өөрийгөө зөвтгөж дөнгөнө. Тэд маань ч, бид ч ажил дандаа амин чухал байдагт дасчихаж дээ.
Нар мандахаас жаргах хүртэлх хорвоогийн хамгийн гэгээн агшнийг бид улигт ажил дээрээ өнгөрөөнө. Сүүдэр гэтэж, харанхуй бүрхэх үест л гэрийн зүг алхана. Өдөржин чилийтэл сууж ядарсан болохоор бид гэртээ ороод унтаж, амрахыг л чухалд тооцохоос биш гэрийнхэнтэй тухтай ярилцаж, хөгжилдөх зав гарахгүй (гаргахгүй). Ингэхэд энэ хэмнэлд та зочид буудлын үйлчлүүлэгч болсон мэт санагдаж байв уу. Гэртээ бол унтаж идэхээс гавихгүйгээр хоног төөрүүлсэн ч болно. Харин ажилдаа бол унтаж, идэхээ умартан зүтгэж мэднэ. Долоо хоногт таван өдөр ажиллаж, ердөө хоёр өдрийг гэр бүлдээ зарцуулж, бүтэн өдрийн талаас илүүг нь ажил дээрээ өнгөрөөж, үлдсэн хугацаанд нь унтах цаг өөртөө гаргана.  Ажил, гэр, ажил гэр... Аль нь чухам эрхэм юм бэ?
Техник технологи хэтэрхий хурдан хөгжиж буйн харгайгаар байгууллагын дарга нар ажилчдаа робот мэт үзэн шаардлага тависаар удлаа. Бүх зүйл цагтаа, бүх зүйл өөгүй тэгш байлгахыг шаардана. Буруу биш ч энэ зуур бидний амьдралын хамгийн эрхэм нандин байх учиртай гэр бүлийн харилцаанд сэв сууж эхэлснийг ямар ч сэтгэлзүйчийн нотолгоогүйгээр бид бэлхнээ мэдэх хойно.
 “Сургамжит өгүүллэг” номонд ийм нэг хэсэг бий. Хүү ааваасаа нэг цагт хэдэн төгрөг олдгийг нь асууж л дээ. Аав нь ажлаасаа дөнгөж орж ирсэн учраас залхсан, уцаарласан байртайгаар 20000 төгрөг гэчихээд л яваад өгч. Тэр хэсэг байзанснаа яагаад ийн асуусан болохыг нь мэдэхээр өрөөнд нь ортол хүү нь бутархай мөнгөнүүд хоёр гардан бариад “Аав аа, надад 20000 төгрөг байна. Би таны нэг цагийг худалдаж авч болох уу” гэж асуусан гэдэг.
Байгууллагууд өглөө хоцорсон ажилтнаа дунджаар 10000 орчим төгрөгөөр торгодог болсон гэнэ. Тэгвэл дээрх хэмжээний мөнгөөр бүтэн өдрийг гэрийнхэнтэйгээ өнгөрүүлэх эрх “худалдаж авах” зоригтон бидний дунд хэд байгаа бол oo?

No comments:

Post a Comment