Nov 4, 2012

Хамгийн сайхан баасан гариг хийгээд хар шилтэй бүсгүй



            “Central Tower”-ийн гуравдугаар давхарт байрлах “Georges”-т баасан гаригийн үдэш бүр амьд хөгжмийн тоглолт болдог тухай сонслоо. PSY, Жастин Бибер, “One Direction”, “The Wanted”... Жинхэнэ урлагаас хол хөндий, хиймэл дуунуудаас уйдаад байхтай яг таарсан болохоор хэрэг гарган тийш зорив. “Central tower”-ийн шатаар дээш өгсөх тусам танил аялгуу хаа нэгтээс тодрон тодорсоор. Тийм ээ, “The Carpenters” хамтлагийн “Yesterday once more” яг мөн байна. 1970-аад оны залуусыг байлдан дагуулсан поп, софт рок чиглэлээр уран бүтээл туурвидаг гайхамшигт хамтлагийн, гайхалтай дуутай ингэж би таардаг байжээ. “Georges”-т явж ороход жижигхэн тайзны голд хар нүдний шил, мөн өнгийн даашинз өмссөн дуучин Daisy гитараа бариад дуулж байна. Өнөөх ялдам эгшиг эндээс оргилж байсан ажээ. Дараачийн дуу, “Fugees” хамтлагийн “Killing me softly”. Daisy гитараа тавиад, төгөлдөр хуурын айзамтай хоршино. Тэнд цугларсан хүмүүс илбэ жатгад автсан мэт бүгд л нүдээ анин, толгойгоо зугуухан хөдөлгөн,
               “Strumming my pain with his fingers,
               Singing my life with his words
               Killing me softly with his song
             Killing me softly with his song… хэмээн түрлэг нэмнэ. Ийм тансаг орчин, ийм дотно, ийм ойрхон мэдрэмжийн төв цэг болж буй Daisy харин дуу эхлэснээс дуусах хүртэл нүдээ аньсан хэвээр. Дуутайгаа уусан шингэж, нэгэн цул болох нь энэ ажээ. “Feeling good”, “Fever”... жааз дуунд дурлагсдын диваажинд ирсэн юм биш биз, би? Бүтэн цаг гаруй үргэлжилсэн амьд тоглолтын дараа түүнтэй уулзах завшаан тохиов. Daisy дөнгөж ширээнээ суумагц л “Зөрлөг киноны дуугаа дахиад дуулаач ээ” гэж булангийн ширээний эр хашгирна. Ийм танхай, гэхдээ  ийм нээлттэй, халуун уур амьсгал биднийг хүрээлнэ. “Тайз ба үзэгчдийн хоорондын зай ойрхон, ирсэн хүмүүс нь урьдаас төлөвлөөгүй ийм орчинд би дуулах дуртай. Анх дуулж байхад сандрал нь том тайзнаас ч их байдаг байсан ч одоо би дассан” хэмээн ярих энэ бүсгүйг бид “Зөрлөг” киноны саундтрак “Дурлал юу хүснэ вэ” дуугаар нь сайн мэднэ. Бүхэл бүтэн арван жил дуулсан хэрнээ тэр ердөө ганцхан цомог гаргажээ. 2010 онд худалдаанд гаргасан “Daisy” нэртэй эл цомогт нь түүний арван жилийн хөдөлмөр нь шингэсэн. “Хүмүүс надаас асуудаг юм. Арван жил дуулчихаад яагаад ганцхан цомог л гаргав аа гэж. Өнөө цагт нэг жил байтугай хэдхэн сарын дотор цомог гаргаад, тоглолт хийгээд явж болдог болжээ. Энэ хугацаанд би 5-6 цомог элбэг гаргачих хэмжээний дуу зохиож, дуулсан байна. Гэвч би өөрийгөө хуурахыг хүсээгүй. Надад таалагдсан дуунуудаа сонгож, одоо боллоо гэсэн үед л би анхны цомгоо гаргаж байлаа” хэмээн тэр дурссан. “Georges”-т PSY-ийн “Gangnam style” дуу эгшиглэнэ. Жинхэнэ амьд хөгжим сонссоны дараа PSY-ын эл уран бүтээлийг сонсоход дуу гэж нэрлэхээс ой гутах шиг болов. Дуучны хоолой л хамгийн чухал байх ёстой атал бүжгийн хөдөлгөөн, салбадайнх шиг аяг эсвэл, гаж хувцаслалт сонсогчдыг татах болж, хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн гунигтай үе ирж дээ гэж бодов. Ямар азаар Адель, Эмили Санде, “Coldplay”, “U2” бидэнтэй нэгэн цаг үед амьдарч, жинхэнэ дуу, жинхэнэ амьд хөгжимд үнэнчээр үлдсэн юм бэ. Ямар азаар “Харанга”-ын Лхагваа, “Madness”, “Нисванис” өнөө хэр уран бүтээлээ туурвиж, “A Sound”, “Lemons”, “Kush and Oyuka” бас Daisy тэдний залгамж халаа болж байна вэ. Daisy ийн ярив. “Шоу бизнес хөгжлийнхөө оргил үед ирж, жинхэнэ урлагийг шороотой хутгах ажиллагаа явуулж байна. Хамтлаг, дуучдыг гаргаж ирэхдээ хоолойн чадал бус царай зүс, бие хаа, хувцаслалт зэргийг нь нэн түрүүнд хардаг болж. Продюссер гэх хүмүүс уран бүтээлчдээс ч илүү чухал болсон байна. Энэ бол сүйрэл. Гэхдээ энэ үзэгдэл цаг зуурынх байж хүмүүс жинхэнэ амьд хоолойг, жинхэнэ уран бүтээлчийг эрэхийлэх үе удахгүй ирээсэй гэж хүлээдэг”. 
            Одоогоос арван жилийн өмнө Daisy Madness” хамтлагт дуулахаар анх шалгуулсан гэдэг. Тэд түүнийг дуугаа бэлдээд, маргааш ирж уулзаарай гээд явуулж. Гэтэл... “Миний хувьд том боломж, том хариуцлага байсан. Замаараа хөгжмийн дэлгүүр орж их гоё хар гитар худалдаж аваад, гэртээ очоод л дуугаа бэлдэж эхэлсэн. Интернэтээс өөрт таалагдсан хэдэн дууныхаа нот, үгийг нь олж аваад л өөрийгөө бэлэн болтол бүтэн нэг жил хагас бэлтгэл хийсэн. Тэгээд нэг өдөр за боллоо гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, “Madness”-ийнхэн дээр явж очив оо. Гэтэл тэд гайхаад, “Маргааш ирнэ гэсэн хүн жил хагасын дараа юу хийж яваа юм” гэлээ. Би ч үнэн учраа хэлтэл, тэр оройноо л “River Sounds”-ын тайзнаа хамт тоглохоор болсон. Анхны тайз... Ээ бурхан минь, юу болж эхлээд, яаж дууссаныг нь ч мэдээгүй. Цаг хугацааны эргүүлэгт орсон юм шиг. Нэг мэдэхэд л тайзны ард гараад уртаар амьсгаа аваад зогсож байсан. Гэхдээ хэдий сандарсан ч гэсэн өөрийгөө би муу дуулсан гэж бодоогүй. Яагаад ч юм сэтгэлд нэг л өег байсан” гэлээ. Дуучин хүн өөртөө, улмаар урлагт үнэнч үлдэнэ гэдэг энэ байх. Өөрийгөө бэлдэхийн тулд тэр бүтэн жил хагасыг зарцуулж, хожим “Madness”-тэй цөөнгүй жил хамтран дуулах тийз атгажээ, тэр. Одоо тэр шинэ цомгоо гаргахаар төлөвлөж байгаагаа хэлэв. Анхны цомгоос нь гурван жилийн дараа гарах энэ цомогтоо өөрийгөө шинээр нээж, хоолойн чадлаа сорих бодолтой байгаа аж. “Гурван жилийн дотор 10 гаруй цомог гаргачихсан уран бүтээлчид цаашаа явдаггүй. Тэд хоромхон зуур бүхнээ дэлгэчихсэн учраас хүмүүс тэднээс шинэ юм хүлээхээ больчихно. Улмаар гаж хувцаслалт, этгээд бүжгийн хөдөлгөөнөөр хүмүүсийн анхаарлыг татах гэж үзнэ. Хэсэг хугацаа өнгөрмөгц ахиад л хуучирна. Конец. Би тэдгээр уран бүтээлч шиг хямдхан байхыг хүсдэггүй. Би яг л байгалийн баялаг өөрт байгаа үнэт зүйлээ он удаан жил хадгалж, аажим аажмаар нээж яваа” хэмээн Daisy ярив.
            Дуулах үедээ нүдээ аниад тэр өөрийнхөө дотоод ертөнцөд “нисдэг” гэж надад хэлсэн. Тэнд нь мөрөөдөмтгий бяцхан охин амьдардаг бөгөөд хорвоо дэлхийн тухай гайхамшигт бүхнийг төсөөлөлд нь амилуулж, түүгээр хөглөгдсөн Daisy-гээс ер бишийн хүчирхэг хоолой эгшиглэнэ. “The Carpenters”-ийн “Close to you”, бас Daisy-гийн хамгийн хайртай уран бүтээлч болох Жони Митчелийн “Both Sides now”, бас “Дурлал юу хүснэ вэ”... Хамгийн сайхан баасан гариг хийгээд хар шилтэй Daisy-тэй зөвхөн энэ үдэш л өглөө битгий болоосой.  

<iframe width="420" height="315" src="http://www.youtube.com/embed/vPWQ0rKY5es" frameborder="0" allowfullscreen></iframe>

1 comment:

  1. Goy udesh baij. Goy ch durslen bichij. Tend baisan yum shig l sanagdlaa. Anh udaa zochilloo. Amjilt husey :)

    ReplyDelete