Apr 29, 2012

Бороог хүлээх нь

Анхны бороо. Сэтгэл ариусган, бодол угааж, шинэ өнгө, шинэ хонгор мэдрэмж төрүүлдэг анхны бороо хаачив. Өчигдөр даанч их хүлээв. Борооны өмнөх шороо босоод л. Гэхдээ нийслэлчүүд бороо дуудах шороо гэцгээн битүүхэн хүлээлт дунд нэг өдрийг өнгөрөөв. Байсангүй, харин орой цас л оров. “Бороо, бороо ороорой, Оросын маамуу ирээрэй”, хүүхэд насны танил аялгуу өөрийн эрхгүй сэтгэл гижигдэнэ. 
Кино 

Кинон дахь сэтгэл гэгэлзүүлэм бороотой хэсгүүд 

IMDB буюу “Internet movie database” цахим хуудас бороо бүхий шилдэг дүрслэл, сэтгэл гэгэлзүүлэм хэсгүүдтэй кинонуудыг нэрлэжээ. 

“Бороон дунд дуулнам” (Singing in the rain)

1952 оны дуулиант мюзикл “Бороон дунд дуулнам”-ыг ихэнх үзэгч зөвхөн нэг л хэсгээр нь дурсдаг. Дон Локвүүд (Gene Kelly) бороон дунд шүхэр барин, бүжиглэх хэсгийг хэн мартаж чадах билээ. Хайр ундарсан гайхамшигт үдшийн дараа хайртай бүсгүй Кэйти Шелдон (Debbie Reynolds)-ыг гэрт нь хүргэж өгөөд тэр ердөө “Баяртай” л гэж хэлж амжсан. Харин Кэйти хаалгаа хаамагц дотор нь багтаж ядаж тэлчилж, зүрх булгилуулсан сэтгэл хөдлөлөө Дон бороо мэт асгасан. Яг л хэзээ ч бороо үзээгүй хүн, анхны дуслыг нь хүртэж байгаа мэт л. Харин хожмоо энэ нь бүх цаг үеийн хамгийн шилдэг борооны дүрслэл бүхий киноны хэсгээр тодорсон юм.



“Шоушенкээс оргосон нь” (Shawshank redemption)

Франк Дарабонтын 1994 оны бүтээл “Шоушенкээс оргосон нь” бүх цаг үеийн дэлгэцийн шилдэг бүтээлийн тоонд толгой цохидог. Харин энэ киноны бороотой хэсэг үзэгчдийн сэтгэлийг одоо ч гэгэлзүүлдэг. Энди Дюфрэс (Тим Роббинс) хараал идсэн шоронгийн ханыг сэмлэж, бохирын хоолойгоор дамжин оргож, борооны дусал бүрийг зүрх сэтгэлээрээ мэдэрч, гараа алдлан зогсох хэсгийг та мартаагүй биз? Борооны ширхэг бүр түүнд эрх чөлөөний амт болон шингэж байсан гэлтэй. Зөвхөн эл хэсгийг харахын тулд “Шоушенкээс оргосон нь” киног дахин дахин үзэхэд бэлэн хэдэн сая үзэгч бий. 



“Форрест Гамп” (Forrest Gump)
“Форрест Гамп” бол кино урлагийн хамгийн содон гайхамшгуудын нэг. “Амьдрал бол яг л хайрцаг дүүрэн шоколад шиг...” гэхчилэн хайрламаар, сэтгэл хөдөлмөөр хэсгүүд олон. Гэвч яг одоогийн сэтгэл хөдлөлтэй хамгийн төгс нийцэх нь нэг хэсэг бий. Гамп (Том Хэнкс) Вьетнамын дайнд тулалдаж байхдаа “Бороо нэг л өдөр цутгаж эхэлсэн. Гэхдээ энэ бороо дөрвөн сарын турш ер татраагүй юм. Бяцхан, хоржин борооны дуслууд...том, хуучин дуслууд. Энэ бороо эхэлсэн шигээ гэнэт л нэг өдөр зогссон юм” хэмээн дурсдаг. 



Хүн аалз (Spiderman)

“Хүн аалз”-ын гайхамшигт түүх адал явдалт, уран зөгнөлт кино сонирхогчдын цусыг хөөргөж байв. Гэвч тэр нэгэн романтик хэсгийг бид хэзээ ч мартахгүй биз. Мэри Жэйн аюулд өртөж, хайрынхаа төлөө Хүн аалз тэмцэж, бас өөрийгөө илчилнэ. Энэ бүхний дараа мэдээж халуухан үнсэлт... 
Урвуу харсан толгойг Жэйний ялдам гар тэвэрч, үнсэх тэр мөчид яг бороо орж таарна. Богино цамцтай Жэйн (Кристен Данст) хэчнээн тачаангуй харагдаж байсан гээч. 



Хөгжим

“Guys 666” – “Бороо”
“Бороо чи оролгүй их удлаа даа, сэтгэл гандан удаан хүлээлээ. Нартайд солонгорон зөөлөн дуслаач...” Бүхнийг ариусгах, бүхний дотрыг цэлмээх тэр зөөлөн дуслуудын тухай эл дуу Монголын хөгжмийн урлагийн хамгийн романтик хийцтэй нь байж мэднэ. “Guys”-ийн ид мандаж байх үеийн эл алдарт дуу өдгөө ч олон зүрхийг анхны хайр, анхны бороо тийш хөтөлсөөр байна. 
Сормуус нэвчин норон норон урсах бороо зөөлөн асгарав уу
Тэгтлээ их хүсэх бороо нь надад нулимстай нүдийг сануулав уу. 



Adele – Set fire to the rain
Энэ бол өөр бороо, ондоо сэтгэл хөдлөл. Аделийн “21” цомгийн гурав дахь сингл “Set fire to the rain” нь дэлхийн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, “Биллбоард”-ын жагсаалтыг хоёр долоо хоногийн турш тэргүүлсэн. Хайраас үүдэлтэй гүн шарх энэ дууны үг бүрийг амилуулах хүч байсан хэмээн Адель өөрөө дурссан байдаг. 



Guns N’Roses – “November rain”
Энэ бол “Guns N’Roses” хамгийн урт, бас хамгийн уянгалаг дуунуудын нэг юм. Анх 1992 онд гаргасан эл дууг хамтлагийн дуучин Axl Rose зохиожээ. Ерээд оны хамгийн алдартай дуунуудын нэг болох “November rain”-ийн клип нь дуунаасаа ч дутахгүй шуугиан тарьж байсан. Мартагдашгүй арваннэгдүгээр сарын бороо. 



“Харанга” – “Москвагийн бороо” 
“Харанга” хамтлагийн 2000 онд гаргасан “Бодлын тэнгис” цомгийн хамгийн алдартай дуунуудын нэг нь “Москвагийн бороо”. Эл цомогт нь “Замд гаръя”, “Дүрсгүй жаалууд”, “Үгүйлэн санана” зэрэг шуугиант бүтээлүүд байсан ч хаврын энэ цагт “Москвагийн бороо” л шиврээд байдаг юм. 
Олон намрын бороо тэртээд үлджээ
Одоо харин сэтгэлд минь хоосон 
Он цаг улиран халиран одлоо ч 
Онгон зүрхний хайрыг мартаж би чадсангүй
Москвагийн бороо зүүдэнд алсаас шивэрнэ... 



Уран зураг 

Рэнойр - Шүхэрнүүд (1883) 
Францын импрессионист зураачдын манлай болсон Пиэр Августе Рэнойр “Шүхэр” зургаа 1883 онд зуржээ. Бороотой өдөр, зэмсэг нь болсон шүхэр, бүсгүйн үзэсгэлэн гурвыг нэг цэгт огтолцуулж зурсан эл хөрөг өдгөө ч алдраа мандуулдаг бөгөөд Лондоны үндэсний галерейд хадгалагдаж байна. 


Винсент Ван Гог - Бороот гүүр (1887)
Германы импрессионист зураач Винсент Ван Гогын “Japanesery” буюу Японы уран зургийн нөлөөн дор туурвисан бүтээлүүдийнх нь нэг нь “Бороот гүүр” юм. Тэрбээр 1880-аад оны үед цөөнгүй зургаа Японы уран зургийн нөлөө, хэв маягийн тусгаж зурсан байдаг. Эл зурагт Япон тариачдын ажил амьдралын нэгэн гүүрэнд тусгаж өгүүлснээрээ онцлог хэмээн шүүмжлэгчид үнэлдэг юм билээ. 


Уран зохиол

Зарим нь бүлээн, зарим нь хүйтэн бороон дуслууд 
Нүд, уруул дээр минь чимээтэй, чимээгүй үнсэлнэ 
Заримдаа үнэн, заримдаа худал ертөнцийн 
Ер нэгэн шөнөөс ер нэгэн бороо дусална...
Л.Өлзийтөгс, Харанхуйн бороо

...Хүн төрөлхтөнд заналхийлсэн олон гамшиг дундаас “Дахиж хэзээ ч бороо орохгүй. Энэ өглөө ертөнцөд сүүлчийн бороо орно” гэсэн цаг агаарын мэдээ бүгдийг хирдхийлгэв. Нар дахин мандахгүй гэхэд эвлэрч мэдэх байсан хүн төрөлхтөн харин “Бороо дахин орохгүй” гэсэн үгийг зүрхнийхээ угт хашгиран хүлээж авсан юм. 
Х.Болор-Эрдэнэ, “Сүүлчийн бороо” өгүүллэгийн хэсгээс 

...Усанд шумбагч багийнхан олон удаа шумбаж байж муу найзыг минь олж гаргасан юм. Хөөрхий дөө муу найз минь үхэлтэй усан дотор л уулзах учиртай байж дээ. Талийгаачийг хөдөөлүүлснээс хойш яг долоо хоногийн дараа тэр миний зүүдэнд орж ирсэн юм. Тэгээд марсайтал инээснээ:
-Бороо шаагиж эхлэхэд надад гэрээсээ зугтаж гарах боломж байсаан. Даанч хүсэл байгаагүй. Чи бид хоёр дандаа л усны инээх сайхан дуу чимээг сонсож байснаас уурлах, архирах дууг нь сонсож байгаагүй биз дээ. Би зөвхөн үерийн усны дууг л сонсож, мэдрэх гэсэн юм. Үнэхээр гайхалтай, бүр гайхалтай, бүр аймшигтай юм билээ гээд усанд норсон халимгаа арагш нь илээд...
П.Батхуяг, “Долоо хоногийн бороо” өгүүллэгийн хэсгээс 

Бороонд нууцлаг бүхнийг нээгч чанар, 
бодлогошронгуй зүүрмэглэх өнө эртний амт буй, 
зохиогдоогүй, өөрөө төрсөн дуу түүнтэй хамт сэрж, 
зоргоор унтах байгалийн нойрмог сэтгэл чичирнэм. 
Хөх номин үнсэлтэд газар дэлхий мансуурч, 
хүй эртний домог амилж, ахин сэргэнэм. 
Тэнгэр, газар хоёр анх болзох мэт гирэвшиж, 
тэдний ичимхий учрал үдшийг нэвт асгарнам... 
Федерико Лорка, “Бороо” шүлгийн хэсгээс (Г.Аюурзанын орчуулга)

Аадар шаагиад л. 
Би урьдынхаараа 
Нөгөө л өтөл царс... 
Башё Мацуогийн хайку (Г.Аюурзанын орчуулга)

1 comment: