Dec 15, 2012

Kush & есөн аялгуу


 “Kush & Oyuka” жааз хамтлагийн дуучны есөн аялгуугаар өртөөлсөн ер бусын ертөнцөөр аялана уу. Танилц! Kush!

И.С.Бах – “Хорошо темперированный клавир”

-Хөгжим намайг бүр гэдсэнд байхаас үүдэлтэй эд. Манай ээж аав хоёр хоёулаа хөгжмөөр суралцаж байсан учраас тэр үед би анх хөгжмийг мэдэрч эхэлсэн байх гэж боддог юм. Багад аав юм оёнгоо пянз тоглуулдаг байсан санагдана. Тухайн үед юу сонсож байснаа санадаггүй, магадгүй хэзээ ч санахгүй хэдий ч хөгжим бид хоёрын хооронд ямар нэг дотно холбоо үүссэн байх. Хожим Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхдаа сонгодог хөгжмийн зохиолын хичээлд их дуртай байсан. Бараккогийн буюу сэргэн мандалтын үеийн хөгжмүүдийг багш бидэнд сонсгоод, дараа нь тогтоолтын шалгалт авдаг байв. Сонгодог хөгжимд эргэлт буцалтгүй дурласан үе маань энэ.
Ялангуяа И.С.Бах! “Хорошо темперированный клавир” нь төгөлдөр хуурын өвөгт зориулсан хөгжмүүдээс хамгийн онцгой нь. Балчир надад түүний хөгжим гүн сэтгэгдэл үлдээж, философийн гүн мэдрэмжийг анх хүртэж байлаа. Бахын хэрмэл амьдралын түүх, тухайн үеийн хавчигдмал, нэг талаас харанхуй ч гэж хэлж болох нийгэм дэх ганцаардал чихээр дамжин, нүдний өмнө буудаг. Ер нь хөгжим гэдэг хүний сэтгэлийг хаа хол аваачдаг, маш өвөрмөц мэдрэмж бөгөөд ид шидийг нь би И.С.Бахаас анх хүртсэн нь энэ.

            Дениз Тимез – “One note samba

            -Би жааз хамтлагийн гишүүн. Гэхдээ би хэзээ ч жааз хөгжимд хайртай гэж хэлэхгүй, дуулах дуртай ч биш. Жааз миний хувьд хөгжимтэй холбогдох гүүр гэж хэлбэл үнэнд илүү ойртоно. Гэхдээ энэ урсгал миний сонирхлыг татсан учраас жааз дуулах гэж хичээж явна. Энэ сонголт  Дениз Тимезийн “One note samba” дуутай нэг сэжимээр холбоотой юм. 2008 оны наймдугаар сард Бангкогоор аялж явахдаа “Bamboo” нэртэй хуучны эд зүйлсээр тохижуулсан, Азийн орных гэхэд нэлээн баруунлаг, классик засалтай клубээр орсон. Энэ хүртэл надад жаазын мэдэгдэхүүн, анхны өдөөлт ч байгаагүй юм шүү дээ. Гэтэл тэнд Дениз Тимез гэх америк эмэгтэй “One note samba” дууг дуулсан нь надад маш их таалагдсан. Бөмбөрчин, басс гитарчин гурав нь Орос, төгөлдөр хуурч нь Тайланд, дуучин нь америкийн өнгөт арьст эмэгтэй байх жишээтэй. Энэ сонирхолтой нэгдлийг Дениз маш чадварлаг удирдаж, гайхалтай тоглолт үзүүлсэн. Тоглолтын дараа дууных нь үгийг бичүүлж аваад, зорин байж түүний цомгийг олоод, коверлож дуулсан. Уг нь энэ бол Фрэнк Синатрагийн дуу юм л даа. 




            “Давт Панк” – “Around the world

-Хөгжмийн боловсрол эзэмшсэн хүн бүх урсгалыг дуу, хөгжмийг ойлгох чадвартай байх ёстой гэж би үздэг. Дан ганц сонгодог хөгжим эсвэл, жааз гэж туйлшрах нь өрөөсгөл байх. Тиймээс би хөгжмийн олон урсгалын бүтээлүүдийг алдахгүй сонсохыг хичээдэг. Сүүлийн үед электро, инди урсгал сонирхлыг минь татаад байгаа. Эдгээр нь намайг энэ эрин үетэй маань холбож өгдөг юм. Бас “Дафт Панк”. Энэ хамтлагийн тухай би олон үг нурших нь илүүц биз. “Around the world” дуу нь намайг аялахад, урьд үзээгүй, мэдрээгүй гайхалтай ертөнцтэй нүүр тулах хүсэлд урин дуудаг.

            Жош Гробан – “You are loved (Don’t give up)

            -Хүн ер нь залуудаа сайн зовох ёстой байдаг юм шиг ээ. Зовлон үзэх тусмаа бид төлөвшдөг. Хүн бүрийн playlist-д амьдралд уруудаж, ганцаардах үедээ сонсож, урам эрч хүч авдаг дуу байдаг даа. Миний хувьд Жош Гробаны энэ дуу. Жош Гробан поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Гэхдээ түүний хөгжим дотор ямар нэг өөр сүнс бий. Би хувьдаа сонгодог дан хөгжмийн бүтээлд дуртай. Нөгөө талаас бас дуулах дуртай. Энэ хоёр эсрэгцлийн яг голоор нь алхсан хүн бол Жош Гробан. Энд сонгодог хөгжмийн ч, дууны ч “орц” байдаг нь миний сонирхлыг татдаг. Агуулга болон хөгжмийн найруулга, дуучны хоолойн цар гээд бүхий л талаараа энэ дуу намайг “сэрээж” чаддаг.

            Б.Сарантуяа – “Санаж байна уу”

            -Монголчууд хөгжмийн авъяастай гэдэгт итгэдэг. Яахав, бид цөөхүүлээ. Гэхдээ хөгжмийн боловсролын суурь нь бат. Дэлхийд нэгэн цагт оройлж явсан орос школь манайд нэвтэрсэн. Харин өнөө цагт Монголын хөгжмийн урлаг яаж хөгжиж байгаа, сайн уу, муу юу гэдгийг цаг хугацаа харуулна. Бас хөгжмийн судлаачид тухай бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч чиглүүлж явах хэрэгтэй гэж боддог. Одоохондоо энэ тал нь сул байгааг дурдах нь зөв байх.
            Надад Б.Сарантуяагийн “Санаж байна уу” дуу их таалагддаг. 1994 онд гаргасан “Инээмтгий хүн” цомог нь гайхалтай, түүнийг ямар их зоригтой уран бүтээлчийг болохыг нь харуулсан. Энэ цомогт нь маш олон төрлийн дуу багтсан байсан. Попури, поп, баллад, этно, блюз урсгалын дуунууд, бүгд амьд хөгжимтэй. Тухайн үед бичлэгийн арга барил өнөөгийнхтэй харьцуулбал болхи байсан шүү дээ. Гэтэл тэр ямар мундаг дуулж байна вэ. “Санаж байна уу” дууны хийц блюз дууны үндсэн зарчмаас гажаагүй хийгдсэн нь сонирхолтой санагдсан.




            Дайана Кролл – “The look of love

            -Би энэ дууг коверлож байсан. Дууг коверлож дуулах нь тухайн уран бүтээлчид сургууль болж, бас өөрийнх нь онцлогийг илтгэдэг. Хүмүүсийн чих ч баясаж байдаг, тэд үүнд дуртай. Тийм учраас “The X Factor”, “The Voice”, “American idol” нэвтрүүлгүүд дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж байна шүү дээ. Анхандаа би дуу коверлож дуулах тухай боддогүй байсан. Ердөө үүнээс өөр аргагүй л болсон хэрэг. Жааз хөгжим эхлэн сурч байхад өөр уран бүтээлчийн дууг шинээр амьдруулж өөрийгөө турших уламжлал байдаг. Эхэн үед энэ их сайн, үр дүнтэй арга юм.
            “The Look of love”-ийг анх Нина Симон дуулж, Дайана Кролл дахин амьдруулаад, түүнийг нь би коверлосон. Дайана Кралл бол Оюука (хамтлагийн төгөлдөр хуурч) бид хоёрын дуртай стилийн дуучин. Түүний уламжлалыг хадгалсан, орчин үеийн өнгө аясыг хослуулсан, чөлөөт тоглолтууд нь гойд. 

             Эсперанса Сполдинг – “I can’t help it

            -Бид одоо цагт л амьдарч байгаа болохоор бөмбөрцөгийн нөгөө захад юу болж байна вэ гэдэг нь их чухал хамаатай болсон байна. Нэгэнт л би жааз урсгалаар уран бүтээл туурвиж эхэлж байгаа болохоор бусад хүн юу хийж, хөгжмийн урсгал хаашаа чиглэж байгааг анхаардаг. Тиймээс ч өөрийн playlist –ийг байнга шинэчилнэ.
Америкийн жааз дуучин Эсперанса Сполдинг бол миний playlist-ний гол зочин. 2008 онд гаргасан “Esperanza” цомгийг нь сонсоод түүнийг зүгээр л шүтсэн. Эсперансагийн жааз орчин үеийнх, бусдаас өөр. Жаазын №1 сургууль болох Берклийг дүүргэж, улмаар багшлах санал хүртэл гардаж байсан юм билээ. Түүний тухай бүр ихийг мэдэх тусам тэр хэрээр дуунд нь татагдаж байна. Сүүлд хийсэн “Radio music society, Chamber music society” гэх хоёр төсөл нь үнэхээр таалагдсан. 




Бьёрк – “Hunter

-Би амьдралд яг л ангаа хайсан анчин мэт ханддаг. Яг л Бьёркийн энэ дуу шиг.




Фредерик Шопен – “Nocturne No.20, C minor Op.Posth

            -Хэрвээ хөгжим огт сонсоогүй л бол би тэр өдөр амьдраагүйтэй ялгаагүй. Дуу, хөгжим намайг үргэлж хөглөж, би оршин байгааг мэдрүүлдэг шидтэй. Фредерик Шопен, гайхалтай Шопен. Түүний дээр дурдсан хөгжмийн бүтээл маш богинохон кэйс хэдий ч нэг дор маш олон зүйлийн тухай эргэцүүлэхэд “уруу татна”. Хөгжим бүжгийн коллежийг төгсөхдөө дипломын ажил болгож энэ бүтээлийг тоглож байлаа. Уншигч таныг би энэ хөгжмийг нэг удаа ч болов сонсож, Шопений гайхашиг мэдрэмжээр хөглөгдөөсэй гэж уриалах байна.

No comments:

Post a Comment