May 14, 2011

Эсперанза Спалдин




Эсперанза Спалдинийг Жаззын гүнж хэмээн цоллож болно. Гэвч гүнж, ханхүү, хаан, хатан гэх улиг болсон хямдхан сэтэр жинхэнэ уран бүтээлчийн язгуур үнэлэмжээс ямагт доогуур оршдог аж. Олета Адамс, Бетти Картер, Мелоди Гэрдот нарын аль нь ч эрт цагийн язгууртны цол хэргэмийн сүүдэргүйгээр хүндэтгэл хүлээж чадсан. Жааз урсгалын залуу төлөөлөгч, таван наснаасаа хойш морин хийлтэй нөхөрлөсөн өнгөт арьс бүсгүйн нэрийг бид юуны тулд дурдах болов оо гэвэл өнгөрсөн зуунд булшлагдах ёстой байсан гэх урлагийн нэгэн чухаг төрлийн шинэ амьсгал болж буйнх нь төлөө л гэчихье. Тэр од биш, хит дууны жагсаалтаас түүний нэрийг харахгүй, “Youtube, Vevo”-гоор ханилдаг сая хол давсан сонсогч байхгүй. “Хаа нэг ам нээдэг, этгээд зантай, урлан, номын сангаас салдаггүй, зожиг тэнэг гэх ангилалд багтаах бүхий л шалтгийг тээж явдаг мөртлөө начиртаа жинхэнэ урлагийг эд, эс бүхнээрээ мэдэрч чаддаг хүмүүсийн дууны санд Эсперанза Спалдин гэх шинэ цэс нэмэгдсэн” хэмээн өнөө цагийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий эрхэм Уайне Шортер хэлж байв. Аливаа урлагт бүх нийтээрээ автах мөчид түүний үнэ цэнэ хэдийнэ арилан одсон байдаг гэдэг дээ.
Жаазын шинэ хөг
“Гремми”-ийн шагнал гардуулах 53 дахь удаагийн ёслолын үеэр нэн сонирхолтой түүх бүтсэн юм. “Оны шилдэг шинэ уран бүтээлч” төрөлд Жастин Бибер, Дрэйк, “Mumford and sons”, “Florence+The Machine” тэргүүтэй тухайн жилийн жинхэнэ тэсрэлтүүд нэр дэвшиж, сэтгэл догдлон хүлээж суутал дугтуй задарч, Эсперанза Спалдиний нэрийг хоёронтоо зарлав. Жааз уран бүтээлч энэ төрөлд ялсан цорын ганц тохиолдлын эзэн Эсперанзагийн ачаар шоу бизнестэй хутгалдсан шинэ цагийн урлагийн тогооноос жамаараа холдож явсан жааз хөгжим эргэн ирж байна.
Түүний ээж испани гаралтай америк эмэгтэй, аав нь гарал үл тодорхой, Бразил хавийн гэж таамагладаг өнгөт арьстан. Гэвч Эсперанзагийн зүрх сэтгэл Америкт ч биш, Бразилд ч биш Португалийг таашаадаг аж. “Португал хэл, дуу хөгжим хорвоо дээрх хамгийн гайхалтай хөг, эгшгийн бүрдэл. Бие минь Америкт төрсөн ч гэлээ португалчуудтай би зүрх сэтгэлийнхээ хамгийн бат бөх уяагаар холбогдсон гэдэгтэй эргэлздэггүй” хэмээн ярьж байсан удаатай. Түүнийг урлагтай, тэр дундаа жааз хөгжимтэй амьдралаа холбоход нөлөөлсөн хүн бол таван настайд нь морин хийл, наймтайд нь гитар, арван гуравтайд нь төгөлдөр хуур зааж өгсөн ээж нь. Өөрийн хүрээгүй оргил руу охиноо зүтгүүлсэн ээжийнх нь хүсэл биелэж, 15 настайдаа Эсперанза Спалдин “Noiso for Pretend гэх инди рок хамтлагт элсэж, дуу бичих болон өнөөх олон хөгжмийн авьяасаа ашиглах хэрэг гарав. Гэвч тэрбээр хөгжмийн зэмсэгтэй хөөцөлдөхөөс илүү хоолойнд нь нуугдаж байсан гайхалтай аялгууг мэдэрч, өөрийн мэддэг бүхий л жааз, инди рок дуугаа дуулж эхлэв. Түүний хоолой яг л намуухан урсах хүрхрээ мэт хэмээн “Noise for Pretend хамтлагийнхан ярьж байсан. Удалгүй Спалдин хувийн карьераа хөөхөөр шийдэж, GED группийн залуу уран бүтээлч хөтөлбөрийн шугамаар Портлэндийн их сургуульд тэтгэлгээр суралцах болов. Тэнд тэрбээр анхны продюссер Пет Метанитай танилцжээ. Пет түүнийг “X factor уралдаанд орохыг ятгаад амжилт олсонгүй. Шоу бизнес гэх хөгийн зүйлтэй хутгалдахыг тэр хүсээгүй учраас тэр байх. Харин Эсперанза аялахыг илүүд үзэв. 16 настайдаа гэрээ орхин, Портлэнд, Ореган хотуудын жааз клубт дуулж яваад Патти Аустинтай танилцав. Паттийн зорилго мөн л дэлхийн тавцан байсан хэдий ч энэ удаа Эсперанза түүнтэй хамтрахаар шийдэж Элла Фицжералдын алдарт “For Ella дууг бичүүлэв. Эхлэл муугүй байлаа. Гэвч нэрт саксафонич Жое Лованогийн гурвалын санал түүний сонирхлыг татав. Тэд Нью-Йорк, Калифорниор аялаж, жазз хөгжим сонирхогчдын дунд нэлээдгүй нэр хүндтэй болж амжив.
20 настай профессор
Тэрбээр 2005 онд Бостоны жааз нийгэмлэгийн дэргэдэх урлагийн сургуулийг төгсөж, хөгжимчин гэж нэрлэгдэх эрхтэй болов. Удалгүй түүнд нэг сонирхолтой санал ирсэн нь Берклигийн хөгжмийн коллежид багшлах байсан бөгөөд тэр тус сургуулийн хамгийн залуу буюу 20 настай профессор болсон юм. Түүний заадаг хичээлийн гол цөм нь урлаг, тэр дундаа жинхэнэ урлагийг ойлгох мэдрэмж хөгжүүлэх байсан бөгөөд үүнийгээ амьд болгохын тулд ээжийнхээ заасан хөгжмийн төрөл бүрийг ашигладаг байсан гэдэг. Залуу профессор багшийн ажлынхаа хажуугаар 2006 онд “Junjo” хэмээх анхны цомоо гаргаж амжив. Худалдаанд ашиг олоогүй ч гэлээ энэ цомог жааз хөгжим сонирхогчдын дунд шуугиан тарьсан юм. Удалгүй түүний “Esperanza” “Chamber music society цомгууд гарч жааз хөгжмийн ертөнцөд Эсперанза Спалдиний гэх орон зай бий болгосныг дэлхий даяар хүлээн зөвшөөрлөө. Энэ зун түүний шинэ цомог гарч магадгүй гэсэн горьдлого байна. “Нью-Йорк Таймс” сонины хөгжмийн редактор Бен Ратлифф “Түүний хоолой гэрлийн намуухан шуугиан мэт олон өнгөтэй мөртлөө тэр нь яг л хүрхрээ мэт шуугин урсаж, аяганд буй мэт нам жим байж чаддаг” хэмээн оношилсон удаатай.
Цагаан товчлуурын аяз
Түүний дууны өнгө аясыг дүрслэх хэцүү. Лав хар бараан өнгийн тусгал байхгүй, ямагт хэр чадлаараа асаж, дүрэлзэж, нисэн, дүүлж буй мэт эрчимлэг бөгөөд уянгалаг сонсогддог. Яг л төгөлдөр хуурын дан цагаан товчлуураар тоглосон ая шиг. Гэвч хамгийн гайхалтай нь “Та ямар уран бүтээлчээс үлгэр дууриал авдаг вэ” гэх асуултад тэр Мадоннаг нэрлэж шуугиан тарьсан. Эсперанза Спалдин- Мадонна сонирхолтой хослол байгаа биз. Мадоннагийн эцэж цуцашгүй эрч хүчийг өөртөө шингээхийг хүсдэг аж. Тэр хөгжмийн шоу болгонд оролцдоггүй, клубт дуулахаа бүр больсон. 2009 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын тайзнаа гарах эрхэм хүндтэй дуучдын тоонд багтаж, өөрөөсөө өндөр морин хийл барин “Precious” дуугаа толилуулсан. Осло хотын төв танхимд цугларсан элит үзэгчдийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама багтаж, арга хэмжээний дараа түүнтэй тусгайлан уулзсан аж.
Басс гитар, хийл, морин хийл, цоор, бишгүүр тоглож, жааз, босса нова, нео сөүл стилиэр дуулдаг Эсперанза Спалдины дууг та зориуд нэг сонсоод үзээрэй. “Precious”, Samba Em Preludio”, Ponta de Areia”, “Fall In”... Жааз хөгжим, Эсперанза хоёртой жаахан саатах юутай сайхан...

May 6, 2011

“Нот...”




Өчигдөр Аделийн төрсөн өдөр байж. “Rolling in the deep” ...
Миний мэдэх, миний мэдэрсэн хамгийн сайхан дуунуудын эзэн 23 нас хүрч, бидний дуртай “Rolling in the deep” Биллбоардын жагсаалтын #2-т жагсаж, Аделе 6 сая фунтийн хөрөнгөөр Английн шоу бизнесийн салбарын баячуудын жагсаалтад багтжээ. Тэр “Рианатай унтахыг хүсдэг” тухайгаа “Telegraph”-д ярьж, Аделийн гайхалтай хоолойг биширдэг тухайгаа Бритни мэдэгдэв. Би “Day dreamer”-д хүчтэй дурлаж, өнгөрсөн долоо хоног Аделе бид хоёрын хувьд сайхан байлаа.
48.005.998. Энэ бол 2011 оны тавдугаар сарын 6-ны 17.59 минутын байдлаар “Rolling in the deep”-ийг Youtubе-ээр сонссон хүний тоо. Ямар сэтгэл хөдлөл гаргахаа мэдэх юм алга. Таагүй гэчихвэл яадаг бол. 48 гаруй сая хүн түүнийг хоолойг сонсож, мэдэрсэн байна. Ингэнэ гэж бид “тохироогүй”. Аделийн хамгийн анхны “19” цомог UK chart-ын шилдэг цомгийн жагсаалтад 113 долоо хоног бичигдэж, өнгөрсөн даваа гаригт л гэхэд II-т орсон байна. Мэдээж I-т “21” цомог жагссан. Бас л таатай бус сэтгэл хөдлөл. Бритни, Риана, Лэди Гагаг бус байдаг л нэг британи охин Аделийг хүмүүс сонсох болов, чөтгөр бүү мэд. “Rolling in the deep”...
Тэр л сандал дээр суугаа чигээрээ “тэсэрч” чадна. Сэтгэл зүрхээ дөрвөн өрөөнд түгжчихээд зөнд орхино. Тоосны галзуу шуурга, бөмбөрийн нүргээнд чичигнэх хундаган дахь далайн давалгаа, хагарах чимээ, цав цагаан тэв тэгш өнцөгтүүдийг ганцхан оч үнс болгож чадна. “There is a fire, starting in my heart...” Хөгжмийн ямар ч мэдрэмжгүй нэгэн ч энэ дууг сонсоод “Аль! юу гэнээ... Наадхаа дахиад нэг тавьдаа. Хэний ямар дуу вэ?” гэнэ. “Make you feel my love”. ..
Аделе, чи цомгоо хайртай хүндээ зориулсан гэл үү?
“Хэн нэгэн”-д хүрэх миний аялгууны нот ямар бол???

May 1, 2011

Ерээд оныхон




Хятадууд дургүй хүргэсэн хүнээ “Нийгэм солигдох үед төрмөр” гэж хараадаг юм гэнэ лээ. Оргүй ч үг биш, үнэхээр л нийгэм, цаг үе солигдох үед төрсөн хүмүүс учир битүүлэг, нийгэмд оройлох үүрэгтэй бүлэг үүсгэдэг тухай хүний нас судлаач Анне Домининигийн өгүүлэлд байдаг.
Аав, ээжийн ярианаас л сонсож байсан социализм гээч нь нураад удаагүй, картын бараанд дугаарлаж байсан түүхийг нь үлгэр аятай орой бүр сонсож өссөн ерээд оныхон. Анне Доминини ч бай, хятадууд нь ч бас юу л гэнэ, тааллаараа болог. Гэхдээ тэр айхтар солигдолтын үеийнх нь хэцүүг дал, наяад оныхон илүүтэй мэдэрсэн юм уу даа гэж би хардаг. Бүх зүйлс хөшигтэй, түүний ард юу байгаа нь сонин биш, дотор нь л сайн сайхан бий гэж итгэсэн романтик сэтгэлгээтэй хүүхдүүд арван жилээ дүүргэж, оюутны ширээнд суухад... Хөшиг нь өөрөө нурчихсан. Ардчилал ялсан ч, энэ нийгмийн сайн сайхныг үзье гэхнээ юу нь ч төлөвшөөгүй туршилтын туулайнууд балмагдсандаа бүгд л ганзагын наймаачнаар гараагаа эхэлсэн түүхтэй. Өдгөө тэд 40 шүргэж, дөрөө жийж яваа. Харин тэр будлиантай үед хэл, хөлд ороогүй баастайгаа хутгалдаж явсан багачууд өдгөө 20 шүргэж байна. Өнгөрсөн зуунуудын хамгийн өөдрөг үзэлтэй нээлт хийгчдийн урьдчилан хэлж чадах байснаас ч илүү түргэн, илүү хол алхсан технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж, жалга довын үзэл хэдийнэ задарч уламжлалын хүлээс тайлагдсан хавтгай дэлхийд оршин буйгаа эд, эс бүхнээрээ ойлгосон шинэ үеийнхэн. Тэдний түрүүч нь мэргэжилтэйгээ дөнгөж золгож байгаа. “Та нар тэгээд яаж гийгүүлсэн юм бэ?” гэж далаад оны ах нар тулгаж мэднэ, амжилт гаргахаас илүүтэй бэлтгэл, төлөвшил нь чухал байдаг юм гэнэ лээ. Бид харин “хундаам”-ндаа эргэлздэггүй.
Хоёрдугаар мянганы сүүлийн арванд мэндэлсэн жаалууд хүнлэг сэтгэлээс минь хэтийдсэн технологийн үед амьдарч буй нь ой гутам үнэн ч гэлээ интернэттэй цуг мэндэлж, гар утас гээчтэй гар гараасаа барилцан төрснөө ховор завшаан гэдэгт итгэдэг. Бидний багад (багачуудын бага нас гэхээр эвгүй ч юмаа даа) бүх юм цоо шинэ байсныг даалуу, хөзөр үеээ элээж, тетрис, тамагочи, сега, pc-гээр буухиалсан тоглоомын түүх ч гэрчлэх биз. Орос хэл моодноос гарч, англи хэлний цагаан толгойг монголоосоо түрүүнд нүдэлсэн манай үеийнхэн Сайн уу биш “Hi” хэмээн мэндчилж өвөө, эмээгийнхээ даралтыг өсгөж явна. Цаг үе нь ингэж таарсан болохоор яалтай ч билээ. Манай үеийнхний хүрээнд багтах 600 мянган залуусын тал хувь нь гадаадад сурч байна. Дэлхий бидний төрсөн нутаг хэмээн цээжээ дэлдэх нь утгагүй ч Монгол ганцхан минийх биш гэж түгдрэлгүй хэлж чадна, тэд. Үзэл суртал гээчийг мэдэхгүй, социализмын тухай сураг төдий л ойголттой бидний тархи улс төрөөр хордоогүй, хэн хөдөлмөрлөнө тэр хожно гэх энгийн гаргалгаатай эрүүл өрсөлдөөний талбарт аж төрж буй нь бидний аз юм уу даа. Улстөржиж, хор хутгахгүй л бол амжилтад хүрэхгүй гэсэн идеалтай ах нараас арай өөр нь энэ.
“Эх орноо бид өвөг дээдсээсээ өвлөж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө...” хэмээн О.Дашбалбар бээр бичиж байв. “Аль ч нийгмийг 40-60 насныхан авч явдаг” гэх гаргалгааны тухай Б.Баабар бичсэнийг ч харж байсан. Харин тэд бидэнд юу хүлээлгэж өгөв өө гэх асуултын хариуг сонсвол сонин мэдрэмж төрөх байх. Мөлхөөд ч болтугай ардчиллын шугамаар алхуулж чадсан нь гавьяа юм аа гэж бид дуу нэгтэй хэлнэ. Манай үеийн Ардчилсан солонгос хүүхдүүдэд дээрх асуулт хэрхэн буух нь сонин.
Матрикс”, “Юрийн галавын цэцэрлэг” үзэж, “Нирвана”, Бритни, “Нсинк” сонсож, картын бараанд дугаарлах бус супермаркетаас сонголт хийж, тэвэг, чарга биш “play station”, “counter strikе”, warcraft” тоглож өссөн бид ямар нийгэм байгуулах нь түүнээс ч сонирхолтой. Клоуны аргаар мэндэлсэн “Долли” хурга манай үеийн шинжлэх ухааны тэсрэлт байсан бол, “www гэх гурван тэмдэгт технологийн түүхийн оргил байв. Хэдэн мянган жил хүчирхэг оршсон Европ зүгийн эзэрхийлэл шуударч, Дорнын соёлын дэлхийн тавцанд ноёлох сэжүүр манай үеэс эхэлж өрнөх болов. Цэцэрлэгт ордог насан дээр феминизмийн гурав дахь давалгаа өрнөж, манай үед л анхны эмэгтэй төрийн тэргүүнүүд тодорч эхэлсэн. Эрчүүд баатар биш, жентельмен болж төлөвшихийн гол өрнөл манай үед явагдаж байгаа тухай судлаачид дуу нэгтэй хэлдэг.
Аав ээжийн ярьдагтай авцалдаж өгөхгүй, өвөө эмээгийн хэлдгээс тэс өөрөөр оршин тогтнох үе айсуй. Бүр хаалга тогшиж байж ч мэднэ.
Манай үеийнхэн өдгөө ихэнх нь төгсөх ангийн оюутан, их үсрээд л ажлын байртайгаа дөнгөж танилцаж буй будаг нь ханхалсан “шинэков”-ууд яваа. Аделе, Селена Гомез, Жастин Бибер, Ким Ю На, Электрон жаал (О.Энхпүрэв) шиг эрт тодроогүй нь энд тэндхийн номын санд ширээ дэрлэж байж ч мэднэ. Гэхдээ түүх өрнөж байна, бүр энгийн биш түүх тэдний гараар бичигдэх учиртай. Ерээд оныхныг цаг үе нь хүлээж байна.

Apr 30, 2011

Кэйтийн амилуулсан Дианагийн мөрөөдөл



11.10 цаг. “Guide Me O Thou Great Redeemer” дуу эгшиг лэнэ... Дэлхийн даяар хүлээлтийн байдалтай өнгөрүүлсэн энэ хоромд ханхүү Уильям, Кэйт Миддлтон нарын толгойд чухам юу бодогдож байсныг тэднээс өөр мэдэх хүнгүй. Кэйт лав чичирч харагдсан, мөрөөдөлтэйгээ нүүр тулж буй бүсгүй хүнд юу эс бодогдох вэ. Хүрэн өнгийн “Роллс Ройс”-оор Вестминстрийн зүг есөн минут явсан Кэйтийг сүйт хархүү нь 45 минут хүлээсэн. 1981 оны хоёрдугаар сарын 24-нд Дианад ч бас ийм аз тохиосон доо. Английн үе үеийн гүнж нар дэндүү нэр хүндтэй байсны улбаа өчигдөр ч мөн үргэлжилж хоёр тэрбум хүний дөрвөн тэрбум нүдний өмнө Александр Маккүиний даруухан цагаан даашинзаар гоёсон Кэйт Миддлтон хүрэлцэн ирлээ. Уильямаас илүү Кэйт анхаарлын төвд байна.
11.28 цаг. Их Британи шинэхэн гүнжээ хүлээн авч, Уильям гэргийтэй, Кэйт шинэ хэргэмтэй боллоо. Өчигдрөөс эхэлж тэр иргэн Кэйт биш Их Британийн гүнж хэмээх алдрыг өргөх болно. “Гүнж байна гэдэг бодож, төсөөлдөг шиг амархан зүйл биш гэдгийг би мэднэ. Тиймээс би Уильямд хариу хэлэх гэж яараагүй” хэмээн ABC телевизийн шууд ярилцлагын үеэр хэлж байсан нь санагдаж байна.
Бас “Би биш, надтай гэрлэх Уильям азтай” гэж Кэйт ярьж байсан. Британичуудын төдийгүй дэлхийн түүхийн онцгой үйл явдлын амьд гэрч болох эрхэм хүндэтгэлийг 336 хүн хүлээсэн. Хатан хааны гэр бүлийнхэн, Элтон Жон “гэргий”-н хамт, Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Дэвид Бекхэмийн гэр бүл, Беркширийн иргэд бүхий төлөөллийн дунд Барак Обама багтаагүй. Нэг бүсгүй нулимс дуслуулан зогссон нь Камилла Паркер Боулс байв. Нулимсны шалтгааныг “Telegraph” сонины сэтгүүлч Каролин Гаммель атаархлынх байсан гэж таамаглаж байна. Олон хүн санал нэгдэж байгаа, Их Британийн хунтайж Чарльзийн эхнэр мөн хэдий ч сүржин хурим хийх завшаан түүнд олдоогүй. Хатан хаан, гүнж гэх тодотголын аль нь ч түүнд хамаарахгүй.
“Ханхүү Уильям, Та хатагтай Кэйт Мидллтоныг эхнэрээ болгож, насан туршдаа бие биенээ хайрлан амьдрахыг зөвшөөрч байна уу”. 12.07 цаг. Хосууд гар гараасаа барилцан сүмээс гарч, Их Британийн ард иргэдтэй мэндлэв. Харри инээж харагдсан. Түүнд хаан суудлын төлөө зүтгэх амбиц байдаггүйг сэтгүүлчид хэдийнэ илчилсэн. Дэлхийн хэвлэлүүд Их Британийн ирээдүйн хааны суудалд Уильямыг хэдийнэ залчихсан байгаа, тэр ч бат араанд нь хийлээ дээ.
12.28 цаг. Их Британийн хатан хаан Элизабет, хунтайж Чарльз, Камилла, Харри бас шинэхэн хос Уильям, Кэйт нар сүйх тэргээ хөлөглөн Букинхэмийн ордон руу хөдөлсөн. Яг л үлгэрт гардаг шиг.
10.40 цагт Их Британийн хааны хамгаалалтын албаныханд ирсэн тэсрэх бөмбөгийн тухай түгшүүр хэдийнэ арилсан, бал сарын тухай гэгээн мөрөөдөлдөө автсан хосууд иргэдийнхээ зүг гараа даллаж байна. Бүхий л англичуудтай хуримласан юм шиг л... “Кэйт эрхэмсэг бөгөөд тансаг харагдаж байсан” хэмээн “Элле” сэтгүүлийн загварын редактор Сара Бартон хэлж байна.
Сүйт бүсгүйг бүх дэлхий даяар сонжиж байгаа хойно. Кэйт даруухан, эрхэмсэг хоёрын яг голоор хувцаслаж, мөн ийм байдлаар биеэ авч явсныг Жозеф Дюк онцлов. Александр Маккүиний түүхэн ажил, удахгүй энэ даашинз музейд тавигдах юм гэнэ лээ. Бүх Британи даяар бүтэн жил бэлтгэсэн хуримын арга хэмжээний оргил хэсэг хөшгөө хаав. Букинхемийн ордонд юу болж буй нь тодорхой.
Өө, мартах шахлаа. Эхнэр, нөхөр хоёрын анхны үнсэлт. Хоёр тэрбум хүний өмнө, хааны ордны хатуу чанга шаардлагын дагуу хайр сэтгэлээ илэрхийлэх хэцүү л байж таараа. “Кэйтийн нүүр улайчихсан, бас британичуудад хэдийнэ танил болсон гоёмсог инээмсэглэлээ тодруулан нүдээ анив. Уильям...” хэмээн “Telegraph” сонины сурвалжлагч Хэйди Блэйк дүрсэлжээ. Уильямын дүү Харри хуримын өмнө хэт их догдолсноос болж бие нь тавгүйрхсэн болохыг сэтгүүлчид мэджээ.
Уэльсийн хойд хэсэгт орших Англези арал дахь шилтгээнд амьдрахаар төлөвлөж буй залуу хос бал сараа хаана өнгөрөөх нь одоохондоо нууц байна. Гэхдээ бидний мэдэж буйгаар тэд хоёул энгийн байдлыг чухалчилдаг. Тиймдээ ч сүй тавихын өмнө хэсэг хугацаанд түрээсийн байранд амьдарч байсан удаатай шүү дээ. Гэвч хурим зохион байгуулагчийн ам алдсанаар хосуудын бал сарын эхний 10 хоног Шотландад өнгөрөх бололтой.
Уильямын дуртай нимбэгтэй бялуу хувааж, Хатан хааны гэр бүлийнхэнтэй ёслолын зоог барьсныхаа дараа залуу хос Хааны ордны хашаанд зочидтойгоо хамт “шоу”-гаа эхлэв. Хааны орднынхны шоу, хачирхалтай сонсогдож байгаа биз. Кэйт Миддлтоны төрсөн нутаг Беркширээс ирсэн энгийн иргэд Их Британийн язгуурт нууд, урлаг соёлын ододтой мөр зэрэгцэн суух цорын ганц боломж нь ч энэ байсан юм шүү.
Тэдний хурим сүйхээтэй бизнесменүүдэд алтан боломж олгов. Лондоны гудамж, дэлгүүрүүдээр хосын зурагтай бэлэг дурсгалын зүйлс дүүрч, хуримын хуурамч бөгж олон мянган англи хатагтайн хуруунд байхыг харсан тухайгаа Хэйди Блэйз уламжлав. “Уильям, Кэйт нарын дурлалын шөнө эхэлсэн үед англичууд тэдэнгүйгээр баярын цэнгүүнээ гудамж даяар үргэлжлүүлж байна. Энд тэнд оргилуун дарсны бөглөө мултарч, баярын бялуу хуваалцаж байлаа”. Англичууд аливаа баярт хүндэтгэлээ малгайгаараа илэрхийлдэг.
Загварын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хамгийн дэгжин, өвөрмөц малгайны цуглуулгыг тэндээс харж болох байв. Дэлхий даяар цагийн зөрүү үл харгалзан түүхэн дэх хамгийн чухаг үйл явдлын гэрч болохоор зурагтынхаа өмнө сууцгааж байна.
Хоёр тэрбум хүн, дэлхийн хүн амын гуравны нэгийнх нь анхаарал нэг цэгт төвлөрсөн нь энэ. Үлгэрийн хурим үлгэр адил үргэлжилсээр... Шинэ мянганы дуулиант хуримд ганцхан зочин дутуу байсан. Ууган хүү Уильямаа гэргийтэй болж, хаан ширээ залгамжлахыг нь хамгийн их хүсдэг байсан Диана л алга. Гэхдээ түүний мөрөөдлийг Кэйт амилуулж байна

Apr 27, 2011

Г.Баяр: Шүлэг хүний тархин дотор төгсөж байвал л бол оо




Яруу найрагчтай уулзаж болох хамгийн томхиромжтой газар бид уулзав, номын дэлгүүр. “Номын дэлгүүр их гэгээлэг, сайхан энерги хурсан газар шиг санагддаг. Номын үнэр, ялангуяа хуучин номын үнэр их гоё шүү. Ном хуучрах тусмаа үнэ цэнэтэй болдог” гэж байна. “Хүн” гэдэг мөн чанарын яг цав тодорхойлсон тайлбар хаана ч байдаггүй, хэний хэн бэ, хэдэн тэг тоолдог эсэх нь ч үүнд хамаагүй. Жинхэнэ язгуур чанар нь үнэртдэг, тэгэх бүртээ тодрон гэрэлтэх хөгжмийн цор ганц утас шиг л зүйл байх. Г.Баярын бүхий л оршихуй нь тэр утсаараа нэвт шувт сүвлэгдсэн болохоор л түүнийг “хүн” гээд нэрлэчихье. Сүүлийн арав гаруй жилийг тэргэнцэр дээр өнгөрүүлсэн хэдий ч тэр оюун санаандаа тэнгэрт дүүлж, усанд шумбаж бидний хэзээ ч мэдэхгүй газарт аялаж чаддаг юм даа. Тэр аяллынхаа нэгээхэн хэсгийг бичиглэсэн “Азиза” номоо надад авчирчээ.
-“Азиза” гэх нэр их л танил санагдаад байх чинь. Номоо яагаад ийм этгээдээр нэрлэх болов?
-Танил санагдах нь аргагүй, энэ “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийн “Дурласан, дурлуулсан хоёр” хэсэгт гардаг дүр. Азизтай нэг залуутай гэрлэхээр болоод яг сар гарсан үед хуримаа хийнэ гэж тохирч л дээ. Сар гарахаас өмнөхөн нөгөө залуу нь усанд орохоор явж, тэгэх зуураа байшингийн хажуугаар гартал нэг үзэсгэлэнтэй бүсгүй тагтан дээрээ зогсоод дуулж байж. Мань хүн дурлаад, өнөөх бүсгүйн санамсаргүй унагасан алчуурыг аваад гэртээ ирэхэд Азиза бүхнийг ойлгоод “Өөр хүн чамайг татсан бол би чамайг буруутгахгүй ээ” гэж хэлдэг. Сүйт залуугаа хүлээж суугаа бүсгүй шүү дээ. Бүсгүйн ухаан, бас тэр өөрөө надад их гүн мэдрэмж төрүүлсэн юм. “Азиза” шүлгээ өнгөрсөн зун бичсэн.
“...Хагархай толины өмнө уйлж суугаа, Азиза...
Далдын хар малгайд шургалсан хувь тавилангийн эх адаггүй орооцолдоон
Дээврийн буланд ямар нэг шавьжийг цовдолж татсан аалзны тор хоёрыг
Лаа, лааны гэрлийг хар далавчаараа чимхэж унтаар гэж өнгөлзсөн харанхуй
Өчүүхэн жижиг тоосонцорт үүрлэсэн цаг хугацааг барих гэж
Хар үстэй гэрээсээ гараад
Цагаан үстэй буцаж ирэх хоёрыг
Юугаар нь чи ялгаатай гэх вэ?...
-Чиний шүлгүүд асуултаар дүүрэн юм. Энэ ертөнцөөс асуух асуулт чамд тийм их байдаг гэж үү?
-Амьдрал тэр чигтээ л асуулт. Навч яагаад, юуны төлөө ургаж байна гээд хөөвөл...
-Хариултыг олж байсан удаа би юу?
-Хариултыг нь олвол утгагүй, би шүлэг бичих материалгүй болчихно ш дээ (инээв).
-Тэгэхээр асуулт хэвээрээ байгаа нь л чамд үнэ цэнэтэй байдаг байх нь ээ.
-Миний асуулт уншигчид бас нэг асуулт болж очно. Тэр нь их сонирхолтой. Миний шүлгийг хүмүүс төгсгөлгүй байна гэдэг юм. Би шүлгэнд төгсгөл байх албагүй гэж боддог. Шүлэг тухайн уншигчийн тархин дотор л төгсөж байвал бол оо.
-Чамд өөрөөсөө асуух асуулт бий юу?
-Би гайхдаг юм. Авъяасыг надад бурхан ямар зориулалтаар өгсөн юм бол гэж. Нэг шүлэг санаанд орно, тэрийг бичье гээд бичиж болдоггүй. Тэгснээ гэнэтхэн ороод ирнэ. Цаанаас хүн хэлж өгч бичүүлээд ч байгаа юм шиг...
-Хэлж өгч байгаа тэр этгээд бурхан уу эсвэл...
-Харин тэрийг л би гайхаад, асуугаад байдаг юм.
-Чи шашинд хэр итгэл үнэмшилтэй ханддаг вэ?
-Зүгээр л сонирхоно, сүрхий шүтдэггүй. Буддаг шүтдэг, гэхдээ шашин гэдэг талаас нь биш хувь хүн, гүн ухаанч гэдэг үүднээс нь илүү үнэлдэг. Тэрнээс Будда зүгээр нэг жаазанд хэвтэж байх гоё хүний хөрөг биш шүү дээ.
-Чиний шүлгүүд их хөгжимлөг юм.
“Өвсний үндэс загасны нүд болох тэр цаг хугацаанд
Охидын хөхний товчноос дуслах усны чимээг
Хийлийн ямар өнгөн дээр дуулах вэ?
Си Мрмажор... ч гэж байх шиг.
-Би хөгжмийн ямар ч авъяасгүй хүн л дээ. Гэхдээ би дотроо хөгжимтэй, тэнд байнга хөгжим эгшиглэж явдаг. Ямар гэж чи асуух гээд байна. Тэрийг хэлэх хэцүү. Жишээ нь цох хорхойны синфони ч гэж байх шиг. Би энэ эгшиг, нотыг тайлж мэдэхгүй ээ.
-Чи ямар улиралд илүү дуртай вэ?
-Би намарт дуртай. Намар л хүн өөрийгөө таньдаг, чагнадаг. Хавар бол хүн чагнахгүй, гэгэлзээд сэтгэл санаа нь тогтворгүй болчихдог юм.
-Ихэнх хүнд намар гуниг болж мэдрэгддэг. Чи харин намраас юу чагнадаг вэ?
-Намар ерөнхийдөө гуниг, ганцаардал юм даа. Тэр дундаас л жинхэнэ шүлэг гардаг. Цатгалан хүн бол хэзээ ч гоё шүлэг бичихгүй.
-Чи өөрийгөө зожиг, ганцаардмал хүн гэж байсан. Хүмүүстэй харилцах юу нь чамд “там” шиг санагдаад, ганцаардлын юунд нь илүү татагддаг юм бэ?
-Ганцаараа байхад бүх юм чөлөөтэй. Өөрийгөө чагнаад яг яах гээд, юу хийх гээд байгаагаа мэдэж болдог. Хүмүүс дунд байхаар чагнахгүй, дан бусдын нөлөөлөлд байна шүү дээ.
-Чиний амьдрал, үзэл бодолд чинь хамгийн их тэсрэлт болсон үйл явдал юу байв?
-Данзангийн Нямсүрэн гэдэг хүн миний үзэл бодлыг өөрчилсөн. Би нэлээд хэдэн жилийн өмнө, шүлэг бичих гэж оролдож байх үедээ гудамжны номын худалдаачнаас “Яруу найргийн ном байна уу” гэхэд нэг шар нүүртэй, морины зурагтай ном шидэж байсан. “Энэ арай дээр ухаантай юм” гээд. Номыг сөхөөд үзсэн чинь “...шүлэг бичиж байхад хаалга онголзуулж болохгүй” гэсэн мөр толгойд зурс гэж орж ирсэн. Энэ ямар сонин юм, Монголд бас ийм шүлэгч байдаг юм уу гээд гайхаж байлаа. Тэр номыг би 500 төгрөгөөр худалдаж авсан. Д.Нямсүрэн гэж агуу хүнийг монголчууд танихгүй, номыг нь шидэж байдаг...
-Тэр шидэлт чамд их тус болжээ дээ.
-Тийм, миний оюун санаа руу шидэж, гоол орсон байхгүй юу (инээв).
-Бусдаас ялгарах юмгүй бол шүлэг бичих хэрэггүй гэдэг. Чи бусдаас юугаараа “өөр” вэ?
-Миний ганцаардал юм даа. Хоёрдугаар тэргэнцэр дээр суух болсон нь надад их нөлөөлсөн. 10 гаруй жилийн өмнөө л би ертөнцийг арай өөр өнцгөөс харж эхэлсэн. Нэг бодлын зовлон юм даа. Цонхоор хараад суухад эрүүл хүмүүсийг хараад өөрийн эрхгүй сэтгэлээр унадаг байсан. Эдэн шиг чөлөөтэй хөдлөх юмсан, ганц хором ч болтугай хөл дээрээ босох юмсан гээд л. Сүүлдээ тохоо больсоон. Яагаад гэвэл оюун санаан дотроо би чөлөөтэй хөдөлж, нисэж, дүүлж чадах юм байна гэдгээ мэдэрсэн. Тэр үед хамаг бухимдсан сэтгэлээ шүлэг рүүгээ асгадаг байсан.
-Тэр үеийн шүлэг хурц, ширүүн байж дээ.
-Ширүүн байсан. Гэхдээ Д.Нямсүрэн гуайн шүлгийг уншаад яруу найраг өөр юм байна гэж мэдсэн. Яруу найраг бухимдал биш, харин эмзэглэл байж болно. Зүүдэндээ би огт танихгүй, өөр ертөнцөд очдог. Надад далайн ёроолд үхчихсэн юм шиг хүйтэн загас байнга зүүдлэгддэг. Тэр лав хаана ч байдаггүй байх. Сонин хоншоортой, хачин эвэрлэг хайрстай. Бие тавгүйрэх бүртээ түүнийг зүүдэлдэг. Тэр загас над дээр их олон удаа ирсэн шүү.
“Далайн гүнээс нарны тусгалыг тэмтрэгч загас аа чи
Ийм их амирлангуйг хаанаас олж авсан юм бэ” гэж шүлэг болгож буулгаад сэтгэл амарсан.
-Чи ер нь хэнд зориулж шүлэг бичдэг вэ?
-Би хэнд ч зориулдаггүй. Цаанаас гарч байгаа зүйлийг л буулгадаг. Хүнд зориулчихвал шүлэг хоосон, бярдаж бичих гээд байдаг юм. Одоо би чамд шүлэг бичнэ гэвэл юу бичихээ мэдэхгүй, хүчлэх хэрэг гарна бас магтана. Магтаал гэдэг чинь худлаа юм, тэгэхээр баахан худлаа үгээр шүлэг бичих болно.
-Жинхэнэ яруу найраг эрүүл сэтгэлгээнээс төрдөг үү, эсвэл бидний хэлдэгчлэн “шизо”-ноос үүдэлтэй юү?
-Шизо талдаа юм уу даа (инээв). Эрүүл сэтгэлгээ гэхээр сэтгэлийн хөөрөл талдаа болчихно.
-Харин ч шизо нь сэтгэл хөөрөлтэй холбоотой юм биш үү?
-Юм гэдэг хоёр талтай, түүнээс ч олон байж болно. Мэдрэмжийн шизо байж болно шүү дээ. Амьдрал дээр би жирийн л хүн. Гэхдээ шүлэг бичиж байгаа үед би өөр хүн болчихдог. Өөрийгөө ч танихаа байна. Ихэнх яруу найрагч ингэж хэлнэ дээ. Тэгэхээр эрүүл сэтгэлгээ яасан ч биш.
-Чиний шүлгийн нэг мөр санаанаас ер гардаггүй юм. “Голын урсгалд миний шүлгийн дэвтэр бий, миний шүлгийн дэвтэрт голын урсгал бий...” гэдэг билүү дээ. Чиний шүлгийн дэвтрүүд ер нь “хаагуур” байдаг вэ?
-Хөдөө, би чинь угаасаа хөдөө байдаг хүн. Архангайн Тариат суманд “Тэрхийн цагаан нуур”-ын усыг туучилж өссөн хүүхэд. Тэнд Суман гол гэдэг аялгуутай гол бий. Орой сумын төвөөр нэг шуугиан нь мэдрэгдэнэ. Их гоё эгшиглэнтэй, эрэмгий урсгалтай гол. Тэнд би олон шүлэг бичсэн дээ. Суман гол явсаар Байгаль нуурт цутгадаг. Сонин байгаа биз. Миний шүлэг Суман голоор дамжаад хил даваад явчихдаг гэсэн үг (инээв).
-Хил зөрчигч байх нь. Байгалийн ямар үзэгдэл чиний мэдрэмжийг илүүтэй хөглөдөг вэ?
-Бороо орохын өмнө. Тэнгэр бүрсийгээд л, тэр үед тогоруу гур гур гэж дугаран нисэлдэнэ. Тэр ёстой янзтай, жинхэнэ мэдрэмж байхгүй юу. Уулс зайвалзаад л, хэдэн тогоруу нисээд л, чөдөртэй морь ганц нэг өвс зулгаагаад л тэр л жинхэнэ шүлэг бичиж баймаар үе.
-Хөдөө байдаг бас чам шиг зожиг хүнд хот газар их тээртэй санагддаг байх даа.
-Хот бол шорон. Энэ “шорон”-д хүмүүс хөршөө хүртэл танихгүй. Дан болгоомжлол, хажуугаар хүн зөрөхөд түрүүвчийг минь суйлчих вий гэсэн айдас үргэлж дагана. Хөдөө бол өөр. Хажуугаар хүн зөрж л байна тоох ч гүй, нэг айлд гэрийнхээ түлхүүрийг тавьчихна, би орой ирээд авъя гэнэ. Амьдрал ийм л гоё, итгэлээр дүүрэн.
-Олон хүн цугласан газар итгэл угаасаа нурчихдаг л даа.
-Хүн ч байхгүй болно. Зүгээр л хамелион шиг жүжигчид. Инээд хүрэхээс өөр сэтгэл хөдлөл алга.
-Чи ямар өнгөнд дуртай.
-Хар өнгө нар их татдаг. Нар гэдэг чинь эрчим хүч. Тэгэхээр нарын эрчим хүчийг би өөртөө шингээж авч байна гэсэн үг. Гэхдээ минийхээр бол өнгө гэж байдаггүй. Хар өнгө гэж хамгийн анх хэн хэлэв гээд л миний улигт асуултууд гарч ирнэ. Навчинд хэн анх навч гэдэг нэр өгөв гэх ч юм уу...
-Хэрэв чи навчинд нэр өгөх бол ямар нэр өгөх вэ?
-Би өд гэнэ, модны өд. Навч, өд хоёрыг зэргэцүүлээд унагаад үзээрэй. Хоёул агаар халбагадаж унадаг юм.
-Харин хүнд...
-Морин шоргоолж гэдэг нэр өгнө дөө (инээв). Тэд ямагт дарангуйлагч байдаг. Бусад жижиг шоргоолжоо үргэлж дээрлэхнэ.
-Тэгэхээр чи ч бас морин шоргоолж байх нь ээ.
-Тийм л болж таарлаа. Гэхдээ би юуг ч дарангуйлахыг хүсдэггүй.
-Даруухан морин шоргоолж гэсэн үг үү?
-(Инээв) Дарамт гэдэг тийм сайхан зүйл биш ээ.
-Хүнийг найзаар нь таньдаг гэдэг. Чи хэр олон найзтай вэ?
-Би хоёр л найзтай. н.Мөнхбаатар гээд зураач, яруу найрагч найз маань бий. Гайхалтай авъяастай, бас дуулна. Нэг хүнд хэтэрхий олон авъяас цогцолсон юм уу даа. Нөгөө нь харин надаас явж байгаа юм шиг байна лээ. Нэг ийм үг байдаг даа “Хүнтэй битгий нөхөрлөх гэж яар, нөхөрлөсөн хойно оо харин салах гэж бүү яар”. Энэ үнэн үг шүү.
-Чи авьяасаа хэрхэн торддог вэ?
-Хөгжим их сонсоно, Бетховений сонатуудыг байнга сонсоно шүү. Хөгжим сонсож байх даа би юу ч хийдэггүй, шүлэгч бичихгүй. Дараа нь харин тархин дотроо бодож, бичнэ. Дахин дахин давтаж байгаад л унтана шүү дээ. Өглөө босоод цаасан дээр буулгаад л гүйцээ. Хамгийн эцсийн хувилбар тэр. Бас ном унших хэрэгтэй, би ойрд буддын ном уншиж байгаа. Тэгж л бид өөрсдийгөө зөөллөхгүй бол энэ хатуу нийгэмд чулуу болох гээд байна. Чулуу болж царцахаасаа өмнө зөөлөн юм унших хэрэгтэй. Буддын ном уншихаар цэцэг тасдаж чадахаа байчихна. Юм болгон амьтай. Юу тарина түүнийгээ хураана гэдэг үг ч бий.
-Ингэж бодохоор өрөөсгөл санагдаж байна. Амьдрал хэзээ ч зөөлөн, сайхан байдаггүй. Хүн үргэлж сайн үйл хийж, сайхан амьдраад явбал сонирхолгүй болчих юм биш үү?
-Болохгүй, хүн юмыг дан зөвөөр бодож байх хэрэгтэй. Монголчууд их ухаалаг ард түмэн. Хэн нэгнийг үхчихлээ гээд зүүдлэхээр тайлал нь “найз чинь урт наслах нь ээ” гэж байна. Манай найз 100 насалах нь ээ гээд л бодчихно, дахиж муу зүйл бодох хэрэг ч байхгүй.
-Бид харин ч зөөлхөн, биенээ шүүмжилж ч чадахаа байсан юм биш үү. Дандаа хоосон магтаад л. Ингэхэд яруу найрагчийн чинь хувьд үнэлсэн, хамгийн үнэн бөгөөд үнэ цэнэтэй үг юу байсан бэ?
-Манай найз н.Мөнхбаатар их үнэн үг хэлнэ шүү. Түүнтэй танилцаагүй байхдаа бичсэн “Цэцэг битгий тасд” гээд шүлэг бий.
“Цаана чинь гөрөөс цахилах гээд чимээ чагнаж байна
Цэцэг битгий тасд...” гэсэн мөртэй. Энийг н.Мөнхбаатар хаа явсан газраа л хэлж явна, надад их урам өгсөн. Хааяа миний шүлгийн мөрүүдийг голно, “За энэ ч юу л бол” гээд л. Үнэхээр сайн анзаараад, дараа нь засахаар яг л байдаг юм.
-Саяхан хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд дэд байрт орсон гэж дууллаа. Шүлгийг нь ер нь шүүж болдог юм уу. Яг л эмэгтэй хүний гоо сайхныг уралдуулдаг шиг утгагүй санагддаг юм.
-Яагаад бид яруу найргийн наадамд оролцдог вэ гэхээр шүлгээ, оюун санаагаа солилцоно. Бие биенээ хөглөх гэж юм уу даа. Тэрнээс шагнал бол хамаагүй, угаасаа яруу найргийн наадмын шагнал тийм өндөр ч байдаггүй. Гэхдээ чиний зөв. Яруу найргийг уг нь шүүж болохгүй. Яруу найргийг ганцхан юм л шүүнэ. Тэр нь цаг хугацаа. Тэрнээс яруу найрагчийг яруу найрагч шүүнэ гэдэг шиг утгагүй зүйл байхгүй.
-Цаг хугацааны шүүлтүүр дунд торж үлдэх шүлэг чамд хэр олон байна вэ?
-Тэрийг би хэлж мэдэхгүй. Хэлэх ч шаардлагагүй. Цаг хугацаа л бүхнийг харуулна.
-Нэг “тэнэг” асуулт байна. Чи ер нь цаг үеээ олж төрсөн хүн мөн үү?
-Мөн, өнгөрсөнд төрсөн бол би жаахан ганцаардах байсан. Яагаад гэвэл арай өөр сэтгэх гэхээр тэрийг хүмүүн хүлээн зөвшөөрөхгүй. Харин ирээдүйд төрвөл гологдоно. Д.Нямсүрэн гуай бол цаг үеэ олж төрөөгүй хүн байхгүй юу. “Болор цом”-д “Амитаба” шүлгээ уншаад нэгийн даваанаас хасагдаж байсан. Гэтэл тухайн үед түрүүлсэн шүлэг мартагдаж, “Амитаба”-г хүн бүр гайхан биширч байна шүү дээ.
Г.Баяр саяхан хэвлэгдсэн “Азиза” номоо Д.Урианхай гуайд өгөх гээд найзтайгаа явлаа. Уулзаад л баймаар сэтгэгдэл төрүүлдэг хүн байдаг даа. Би яг ийн бодож зогссон юм. Бас түүний нэгэн шүлэг санаанд орж байна.
“Өөрөө би үгийн бал түүдэг хэмээн
Хөмсөг өргөж явтал
Өвсний л үг байж шүү...”!