Хятадууд дургүй хүргэсэн хүнээ “Нийгэм солигдох үед төрмөр” гэж хараадаг юм гэнэ лээ. Оргүй ч үг биш, үнэхээр л нийгэм, цаг үе солигдох үед төрсөн хүмүүс учир битүүлэг, нийгэмд оройлох үүрэгтэй бүлэг үүсгэдэг тухай хүний нас судлаач Анне Домининигийн өгүүлэлд байдаг.
Аав, ээжийн ярианаас л сонсож байсан социализм гээч нь нураад удаагүй, картын бараанд дугаарлаж байсан түүхийг нь үлгэр аятай орой бүр сонсож өссөн ерээд оныхон. Анне Доминини ч бай, хятадууд нь ч бас юу л гэнэ, тааллаараа болог. Гэхдээ тэр айхтар солигдолтын үеийнх нь хэцүүг дал, наяад оныхон илүүтэй мэдэрсэн юм уу даа гэж би хардаг. Бүх зүйлс хөшигтэй, түүний ард юу байгаа нь сонин биш, дотор нь л сайн сайхан бий гэж итгэсэн романтик сэтгэлгээтэй хүүхдүүд арван жилээ дүүргэж, оюутны ширээнд суухад... Хөшиг нь өөрөө нурчихсан. Ардчилал ялсан ч, энэ нийгмийн сайн сайхныг үзье гэхнээ юу нь ч төлөвшөөгүй туршилтын туулайнууд балмагдсандаа бүгд л ганзагын наймаачнаар гараагаа эхэлсэн түүхтэй. Өдгөө тэд 40 шүргэж, дөрөө жийж яваа. Харин тэр будлиантай үед хэл, хөлд ороогүй баастайгаа хутгалдаж явсан багачууд өдгөө 20 шүргэж байна. Өнгөрсөн зуунуудын хамгийн өөдрөг үзэлтэй нээлт хийгчдийн урьдчилан хэлж чадах байснаас ч илүү түргэн, илүү хол алхсан технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж, жалга довын үзэл хэдийнэ задарч уламжлалын хүлээс тайлагдсан хавтгай дэлхийд оршин буйгаа эд, эс бүхнээрээ ойлгосон шинэ үеийнхэн. Тэдний түрүүч нь мэргэжилтэйгээ дөнгөж золгож байгаа. “Та нар тэгээд яаж гийгүүлсэн юм бэ?” гэж далаад оны ах нар тулгаж мэднэ, амжилт гаргахаас илүүтэй бэлтгэл, төлөвшил нь чухал байдаг юм гэнэ лээ. Бид харин “хундаам”-ндаа эргэлздэггүй.
Хоёрдугаар мянганы сүүлийн арванд мэндэлсэн жаалууд хүнлэг сэтгэлээс минь хэтийдсэн технологийн үед амьдарч буй нь ой гутам үнэн ч гэлээ интернэттэй цуг мэндэлж, гар утас гээчтэй гар гараасаа барилцан төрснөө ховор завшаан гэдэгт итгэдэг. Бидний багад (багачуудын бага нас гэхээр эвгүй ч юмаа даа) бүх юм цоо шинэ байсныг даалуу, хөзөр үеээ элээж, тетрис, тамагочи, сега, pc-гээр буухиалсан тоглоомын түүх ч гэрчлэх биз. Орос хэл моодноос гарч, англи хэлний цагаан толгойг монголоосоо түрүүнд нүдэлсэн манай үеийнхэн Сайн уу биш “Hi” хэмээн мэндчилж өвөө, эмээгийнхээ даралтыг өсгөж явна. Цаг үе нь ингэж таарсан болохоор яалтай ч билээ. Манай үеийнхний хүрээнд багтах 600 мянган залуусын тал хувь нь гадаадад сурч байна. Дэлхий бидний төрсөн нутаг хэмээн цээжээ дэлдэх нь утгагүй ч Монгол ганцхан минийх биш гэж түгдрэлгүй хэлж чадна, тэд. Үзэл суртал гээчийг мэдэхгүй, социализмын тухай сураг төдий л ойголттой бидний тархи улс төрөөр хордоогүй, хэн хөдөлмөрлөнө тэр хожно гэх энгийн гаргалгаатай эрүүл өрсөлдөөний талбарт аж төрж буй нь бидний аз юм уу даа. Улстөржиж, хор хутгахгүй л бол амжилтад хүрэхгүй гэсэн идеалтай ах нараас арай өөр нь энэ.
“Эх орноо бид өвөг дээдсээсээ өвлөж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө...” хэмээн О.Дашбалбар бээр бичиж байв. “Аль ч нийгмийг 40-60 насныхан авч явдаг” гэх гаргалгааны тухай Б.Баабар бичсэнийг ч харж байсан. Харин тэд бидэнд юу хүлээлгэж өгөв өө гэх асуултын хариуг сонсвол сонин мэдрэмж төрөх байх. Мөлхөөд ч болтугай ардчиллын шугамаар алхуулж чадсан нь гавьяа юм аа гэж бид дуу нэгтэй хэлнэ. Манай үеийн Ардчилсан солонгос хүүхдүүдэд дээрх асуулт хэрхэн буух нь сонин.
“Матрикс”, “Юрийн галавын цэцэрлэг” үзэж, “Нирвана”, Бритни, “Н’синк” сонсож, картын бараанд дугаарлах бус супермаркетаас сонголт хийж, тэвэг, чарга биш “play station”, “counter strikе”, “warcraft” тоглож өссөн бид ямар нийгэм байгуулах нь түүнээс ч сонирхолтой. Клоуны аргаар мэндэлсэн “Долли” хурга манай үеийн шинжлэх ухааны тэсрэлт байсан бол, “www” гэх гурван тэмдэгт технологийн түүхийн оргил байв. Хэдэн мянган жил хүчирхэг оршсон Европ зүгийн эзэрхийлэл шуударч, Дорнын соёлын дэлхийн тавцанд ноёлох сэжүүр манай үеэс эхэлж өрнөх болов. Цэцэрлэгт ордог насан дээр феминизмийн гурав дахь давалгаа өрнөж, манай үед л анхны эмэгтэй төрийн тэргүүнүүд тодорч эхэлсэн. Эрчүүд баатар биш, жентельмен болж төлөвшихийн гол өрнөл манай үед явагдаж байгаа тухай судлаачид дуу нэгтэй хэлдэг.
Аав ээжийн ярьдагтай авцалдаж өгөхгүй, өвөө эмээгийн хэлдгээс тэс өөрөөр оршин тогтнох үе айсуй. Бүр хаалга тогшиж байж ч мэднэ.
Манай үеийнхэн өдгөө ихэнх нь төгсөх ангийн оюутан, их үсрээд л ажлын байртайгаа дөнгөж танилцаж буй будаг нь ханхалсан “шинэков”-ууд яваа. Аделе, Селена Гомез, Жастин Бибер, Ким Ю На, Электрон жаал (О.Энхпүрэв) шиг эрт тодроогүй нь энд тэндхийн номын санд ширээ дэрлэж байж ч мэднэ. Гэхдээ түүх өрнөж байна, бүр энгийн биш түүх тэдний гараар бичигдэх учиртай. Ерээд оныхныг цаг үе нь хүлээж байна.
yasan goy ym bichsen ymbee., uneheer l unen shu, nairuullaga utga sanaa bugdere goy ym bnaa.
ReplyDeleteyasan goy ym bichsen ymbee., uneheer l unen shu, nairuullaga utga sanaa bugdere goy ym bnaa.
ReplyDelete