Apr 3, 2017

"Баяртай, сайхан дэлхий минь..."

“Чи таа л даа”... Чи ингэж хэлнэ, тэгээд нэг сүрхий жуумалзана. Энэ дүр зургийг би нүдээ аниад ч харж, чихээ таглаад ч сонсож чадна. Гагцхүү нүдээ нээхэд энэ бүхэн алга болчих юм. Би ахиад л таасангүй. Тоглоом тохуу хийхдээ, булзахдаа чи дандаа ингэж хэлнэ. Хариултыг нь харин би ер олж тааж байгаагүй юм байна шүү, одоо нэхэн санахад.
Тааж олж чадахгүй олон нууц байдаг юм байна аа, ер нь. Чамайг нисээд явчихна ч гэж би таасангүй, ер бодож ч зүрхлэхгүй байсан байх аа. Тийм болоод л...
Чи тэр өдөр ирэхгүй, тэгээд хэдэн пивоны бөглөө мултлахгүй, гараад гаансаа чамд гайхуулахгүй, халаад хамтдаа цаг гаруй алхахгүй, маргааш нь “Блисс” орохгүй, үүр цайтал уухгүй, хамаг мөрөөдлөө ярихгүй, чи худлаа хэлэхгүй, би түүнд нь итгэхгүй, догдлохгүй, дахиад, дахиад, дахиад ч бас уулзмаар санагдахгүй, тэгэх нь тоолон биелэхгүй, З... ирэхгүй, гурвуулаа уулзахгүй, “Баяртай, сайхан дэлхий минь”-ийг сонсохгүй, хамт ууж, хамт дуулж, хамт үзэж, хамт алхаж, хамт ажиллаж, тэгээд залхаж, үдэж, холдож, зугатаж, үргээж, танихгүй өнгөрч, сүүлд нь ахиад таарч, эвлэрч, тэврэлдээд салж, тэгээд үг дуугүй явуулж.... Ер нь энэ бүхэн анхнаасаа л болохгүй байж болоогүй юм болов уу?
Хариултыг нь чи мэдэж байгаа. Харин би таах ёстой...
Миний тааж чадахгүйн хариуг чи гэхдээ үлдээжээ. Өчүүхэн “би”-г минь тойроод олон асуултын хариу эргэлдэж байсан байх юм. Чамаас нэг нь асууж, тэгээд чи хариулж. Дотнын нэгнээ алдахад яах ёстой вэ гэж... Түүнд нь чи,
“...2 hol deeree changa zogsoh heregtei. Tgd alh, agaariig meder. Hamgiin chuhal ni chamd ter hun itgej hairlaj bgaag l sanah heregtei. Chamd ogson ter buh hair itgeliinh ni toloo uragshaa alhah heregtei. Mishee, iim saihan huntei uchirsan huvi zayandaa talarhaarai. Hezee neg odor chi uheed nuuriig ni bardam harah ystoi gdgiig l sain sana...” гэж хариулж.
Би чадах болов уу.
Хариултыг нь чи мэдэж байгаа. Харин би таах ёстой...


Jun 26, 2015

Эр хүн!


            Мужык. Эл орос үг эр хүн гэсэн утгыг илтгэх боловч эрүүндээ сахалтай болгонд наалддаггүй хэргэм зэрэг шиг тодотгол буюу. Үг хэдий үнэгүй боловч гамнаж байхад гэмгүй. Хэдий тийм гэвч мужык гэх орос үг Хавиэр Бардем гэх испани эрд л чухам зориулагдсан мэт зохиж буй тохиолдолд дуугүй өнгөрч яахин болох. Үлэмж бие, догшин төрх, ухаалаг харцтай Хавиэр Бардем кино урлагт дан ганц испани улсыг төлөөлөөд зогсохгүй жинхэнэ эр хүний хэв шинжит дүрийн биелэл болон оршиж буй нь чухам сайн хэрэг. Гэхдээ энэ сайн хэрэг биеллээ олохгүй байх магадлал муугүй их байсныг санах хэрэгтэй.
            Хавиэр бараг л кинон дунд мэндэлжээ. Учир нь түүний эмээ, өвөө, ээж, ах, эгч нь Испанийн нэрт жүжигчид байсан бол нагац ах нь кино зохиолч байж. Эцэг Хосе Карлос Доуссинаги нь уг нь бизнесмен байж, энэ гэр бүлд шинэ цус сэлбэсэн боловч удаан тэсээгүй. Хавиэрийг дөнгөж төрсний дараа гэрлэлтээ цуцлуулж, тэр ахиад л цэвэр цусны жүжигчдийн сүргийн нэг гишүүн хэвээр үлдсэн юм. Кино зураг авалтын талбай, кино театрын хооронд хүүхэд насаа өнгөрүүлсэн Хавиэр ихээ эрт энэ бүхнээс залхахдаа уран зураг сонирхож эхэлжээ. Азаар түүнд авъяас байлаа. Явсаар Мадридийн томоохон урлагийн сургуульд уран зургаар дөрвөн жил суралцаж, бараг л зураач болно гэдэгтээ итгэчихсэн байв. Энэ зуур тэр кино, жүжгийн туслах дүрүүдэд үе үе харагддаг байсан нь уран зургийн хэрэгсэл авах мөнгө олох ганц л зорилгын төлөө байж. Гэвч тэр сонирхогчийн түвшний зураач, мэргэжлийн жүжигчний “сүнс”-тэй байсан учраас нэгэнт зурагдсан хувь тавилантайгаа өөрийн эрхгүй эвлэрэв.
            Түүнд жүжигчнээр суралцах хэрэг байсангүй, дүрийн саналууд шууд л ирж байв. Эхэн үедээ тэр инээдмийн кинонд хүч сорилоо. Хавиэр Бардемын авъяас кино багийнхныхаа урмыг хугалж байгаагүй шиг олох мөнгө нь ч муугүй байв. Гэхдээ инээдмийн кино яагаад ч түүний төрөл биш байлаа. Хамгийн анхны уран сайхны кино JamonJamon испани даяар нэр хүнд оллоо. Сонирхолтой нь, тэр энэ кинонд өөрийн ээж Пилар Бардем, хожмын эхнэр Пенелопе Крузтэй хамтран тоглосон байдаг. Дотуур хувцасны моделийн дүр нь ч амьдралаас нь тэс ондоо зүйл байгаагүй. Тайчих клубт хэсэг зуур ажилласан түүх арвин намтрынх нь нэгээхэн хэсэгт байдаг юм.
            Тоглосон кинонуудаараа испани хэлт ертөнцөд алдар суу нь түгэж байсан ч хилийн чанадад тэр иргэн Хавиэр Бардемхэвээрээ л байлаа. Уг нь хэд хэдэн барууны кинонд тоглох санал ирсэн ч хэлний бэрхшээлээс болоод татгалзсаар байв. Тэгж явсаар2000 онд найруулагч Жулиан Шнабелийн “Before night falls” кинонд Жонни Дэппийн хамт тоглосон нь жинхэнэ “бомба” болсон юм. Кубийн нэрт яруу найрагч, зохиолч, бас ижил хүйстэн эр Рэйнальдо Аренасын намтраас сэдэвлэсэн энэхүү киноны дүрээр тэр дэлхийн бүхий л томоохон кино наадмуудад, тэр дундаа “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшсэн нь барууны кино урлагт нэрээ дархалсан хэрэг болов. Энэ үед тэр 31 настай байсан ч Испанийн кино урлагийн нэрийн хуудас болсон гэр бүлийнхнийхээ хэний ч хүрээгүй амжилтад хүрсэн юм. Энэ гэхдээ зөвхөн эхлэл байлаа.
            Үүнээс дөрвөн жилийн дарааАлехандро Аманебарын “Mar Adentro(Sea Inside) испани хэлт кинонд тоглосон нь түрүүнийхээс дутахааргүй амжилт дагуулав. Энэ кино мөн адил намтар бүтээл байсан бөгөөд Хавиэр Бардем энэ удаа үхэх эрхээ олж авахын төлөө 28 жил тэмцсэн Роман Санпедро болж хувирсан. Хоёр цаг үргэлжилсэн кинонд орноосоо ер босохгүйгээр дүрээ хэрхэн тултал гаргахын гайхамшгийг үлгэрлэсэн түүний жижиглэлт киноны амжилтаас давсан гэж олон шүүмжлэгч дуу алдаж байлаа. Ялангуяа, “Энэ олон жил ортойгоо хадагдаж, гунигаа хэмлэн хэвтэхдээ хэрхэн нулимсаа инээдээрээ илэрхийлэхийг төгс сурсан даа” хэмээн хэлдэг хэсэг хэдий хэдхэн секунд үргэлжлэх ч хамгийн төгс гүйцэтгэл байсан. Роман Санпедро төсөөлөл дотроо далай тэнгис, цэцэгт нуга, өндөр уулсын дээгүүр нисч явдагчлан тэр орноосоо огт хөдлөлгүйгээр хүн төрөлхтөнд бас нэг гайхалтай дүрийг зүрх сэтгэлд нь сийлсэн билээ. Тухайн жилийн Испанийн “Оскар” гэгдэх Гояа шагнал гардуулах ёслолд “Sea Inside” кино 15 төрөлд нэр дэвшиж, 14-ийг нь өөрийн болгосон шиг Хавиэр Бардем Алтан бөмбөрцөгөөс бусдаар оролцсон бүхий л кино наадмынаа шилдэг дүрийн шагналыг хамсан юм. Харин үүнээс гурван жилийн дараа тэр ах, дүү Коэний “No Countries for old man” кинонд зандалчин Антон Чигуарын дүрд тоглосныхоо дараа тэр кино урлагийн нөлөө бүхий шагналуудаас нэгийг ч үлдээгээгүй. Бүр Оскарыг ч орхиогүй бөгөөд уг шагналыг хүртсэн анхны испани хүн болж түүхэнд үлдсэн. Хэрэв удаах жил нь “Biutiful” кино хийгдээгүй бол “No Country for Old Man”-ийг түүний бүх цаг үеийн хамгийн сайн гүйцэтгэл гэж нэрлэх байлаа. Учир нь олон шүүмжлэгч энэ бүтээлээр ах, дүү Коэн болон Хавиэр Бардемийг оргилдоо хүрлээ хэмээн дуу алдацгаасан юм.
            “Biutiful”. Зүрх зүсэж, сэтгэл сэмлэсэн энэ киног манай нарны аймаг гэвэл нар нь Хавиэр Бардем байсан болохоор тэр. Өршөөгөөрэй Алехандро Инарриту, энэ гэхдээ үнэн. Угаас Алехандро Инарриту энэ киноныхоо зохиолыг Хавиэр Бардемийг гол дүр нь гэж төсөөлж байгаад бичсэн гэдэг. Учир нь энэ киноны гол дүрд жинхэнэ эцэг, жинхэнэ эр хүн хэрэгтэй байсан. Ийм дүрд Хавиэрээс өөр хэний нэрийг бодох билээ. Тиймдээ ч Хавиэр Бардем Уксбалын дүрд тоглоогүй, өөр доторх Уксбалыг л сэрээсэн юм. Нэрт кино шүүмжлэгч Рожер Эберт “Энэ кинонд намайг автуулсан цорын ганц хүн бол Хавиэр Бардем. Тэр энд жүжигчин байсангүй, тэр хүн байлаа...” хэмээн бичсэн байдаг. Хавиэр уг киноны зохиолыг уншаад бүтэн сарын турш хэнтэй ч ярилгүй, хүн төрөлхтнөөс зайгаа барьсан гэдэг. Сонирхолтой нь, энэ зуур тэр зохиолыг дахин уншаагүй бөгөөд зөвхөн өөрийгөө чагнаж байснаа ярьсан байдаг. Сарын дараа тэр Алехандро Инарриту дээр очоод “Хоёул урьд нь хэзээ ч авирч байгаагүй өндөр уулнаа мацах хэрэг гарлаа. Би бэлэн” хэмээгээд гарыг нь атгасан гэдэг. Эцэст нь, “Biutiful” киноны Уксбалын дүр кино урлагийн хамгийн оргил дүрүүдийн нэг бөгөөд ёстой жинхэнэ “хүрэл зүрх ч хайлам” хүний түүх болсон юм. Түүний энэ кинон дахь гүйцэтгэлийг зарим шүүмжлэгч “Өвгөн тэнгис хоёр”-ын өвгөний дүртэй эн зэргэцүүлэн бичиж байв. Германы суут найруулагч Вернер Хэрцог “Biutiful”-ийг кино-шүлэг гэсэн бол жүжигчин Шон Пэн Хавиэрийг “Last Tango in Paris” дахь Марлон Брандотой зүйрлэсэн байдаг.
            Шүүмжлэгчид түүнийг хамелеон гэнэ. Дүрээс дүрд хурдан шилждэг болохоор тэр. Хавчигдсан ижил хүйстэн яруу найрагч (Before Night Falls)-аас үхлээ хүлээсэн хэвтрийн өвчтөн (The Sea Inside), уран бүтээлч (Vicky Cristina Barcelona), зэн-зандалчин (No Country for Old Man) жинхэнэ эцэг, жинхэнэ эр хүнд (Biutiful) хувирч чадна. Удахгүй бид түүний далайчин (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales) төрхийг харна. Ругбийн тамирчин, металл хөгжимд дурлагч, AC/DC-ийн фэн гэдгээс нь ургаад тэр өөр ямар ч дүрээр эргээд ирэхийг тааварлах аргагүй.
            Хавиэр Бардем өөрийгөө жүжигчин гэж дуудуулах дургүй. “Намайг зүгээр л ажилчин гэж бай” хэмээн хэд хэдэн ярилцлагадаа хэлж байв. Харин кинонуудыг нь үзсэн хүмүүс түүнийг ажилчин ч гэхгүй, жүжигчин гэхгүй. Хэрэв хүн төрөлхтөн цөмөөрөө оросоор ярьдагсан бол “Мужык” л гэж хэлнэ дээ. Эр хүн

'Biutiful'

'No country for old man'

'The Sea Inside'

'Skyfall'

Jamon, Jamon

May 25, 2015

Томас Балмес: Энэ миний төсөөлсөн Монгол биш байна

'Babies' киноны найруулагч Thomas Balmes 

           
2010 онд нээлтээ хийж, тухайн жилийнхээ шилдэг баримтат киноны нэгээр шалгарсан алдарт “Babies” киноны найруулагч Томас Балместай Монголд ирээд байхад нь уулзлаа. Тэрбээр уг киноныхоо хоёр дахь ангийг удахгүй эхлүүлэхээр зорьж буй юм байна. Бид “Babies” киноны амжилт болоод өөрчлөгдөж буй дэлхий ертөнц дэх алаг үрсийн талаар ярилцлаа.

-Та 15 жилийн өмнө “Babies” киноны зураг авахаар энд ирж байсан. Энэ удаа юу таныг Монголд авчрав?
-Монголд хэзээ нэгэн цагт эргэн ирнэ гэдгээ мэддэг байсан. Тэр нь ч биелэж, энэ удаа баримтат киноны төслийн ажлаар ирлээ. Тэр зуур Баяраатайгаа (Баяржаргал, “Babies” киноны гол дүр) уулзлаа. Одоог хүртэл нутагтаа амьдарч байгаа, бас сургуульд орсон байна. Бас нэг шалтгаан нь, би “Babies” киноныхоо үргэлжлэлийг хийх гэж байгаа. Есдүгээр сараас зураг авалтаа албан ёсоор эхлэхээр төлөвлөсөн. 
-Кинонд Баяраа, Понижао (намиби охин) хоёр хөгжил дэвшлээс хол, байгальтай ойр аж төрдөг онгон зэлүүд ахуйн төлөөлөл болж сонгогдсон байх. Харин 15 жилийн дараа ирэхэд хэр их зүйл өөрчлөгдсөн байна вэ. Баяраагийн гэр бүл жишээ нь язгуур шинжээ бага багаар гээсэн байгаа болов уу?  
-Яг үнэндээ надад энд ирээд жаахан гунигтай санагдсан. Тэр хөдөө нутагтаа аж төрж буй хэвээр боловч бүх зүйл энэ хэдхэн жилийн хугацаанд маш их өөрчлөгдсөн байна. Монголын онцгой соёл, ахуй ч татарч байгааг ч анзаарлаа. Ерөнхий зургаар нь авч үзвэл миний анх сонгож байсан дөрвөн хүү болоод тэдний гэр бүл, орчин нөхцөл хоорондоо ялгарах юмгүй болж. 
-Та өөрөө энэ хугацаанд уран бүтээлч болоод хувь хүний хувьд яаж өөрчлөгдөв?
-15 жилийн өмнө бол арай залуу байж. Даяаршил, мэдээллийн түрэмгийллээс зугатах оролдлого зоригтой хийдэг байсан. Тэр хэрээр дэлхийгээр нэг аялсан. Харин одоо би гурван хүүгийн аав. Дээр нь “Babies” киноныхоо дөрвөн хүүхдийг өөрийн үрс шиг боддог. Илүү хариуцлагатай, тулхтай болж ирж байна л даа. Гэхдээ уран бүтээлээ орхиогүй. Энэ хугацаанд “Happiness”  гэж бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн.
-“Happiness” кино даяаршил, мэдээллийн түрэмгийлэл гээд буй эсрэг хариу болсон бүтээл шиг санагдсан. Улс, үндэстэнүүд нэг нь нөгөөгөөсөө онцгойрох юмгүй цул хавтгай болоход телевиз яаж нөлөөлж байгааг хүчтэй гаргасан байна билээ. Телевиз үнэхээр тийм хүчтэй зэвсэг мөн гэж үү?
'Happiness' movie poster 
-Мөн байлгүй яахав. “Happiness” киноны зураг авалтыг Бутанд хийж, есөн настай ламхайн амьдралын өөрчлөлтийг гурван жилийн турш дагасан. 1998 оныг хүртэл Бутаны тэр жижиг тосгонд интернэт, тэр байтугай телевиз байгаагүй. Тухайн жил анх удаа тэнд телевизийн суваг хүрч, түүнээс хойш тосгоныхны амьдрал хоромхон зуур өөрчлөгдсөн. Тун удалгүй хүчирхийлэл, хар тамхи гээд бүхий л муу муухай тэнд бууриа засаж эхэлсэн жишээтэй. Үүнд телевизийн гүйцэтгэсэн үүрэг маш их. Ер нь телевиз цөмийн зэвсгээс ч илүү хөнөөлт чанартай эд. Жишээ нь, хүүхдүүд сургуульдаа явахын өмнө, сургуулиасаа тарж ирээд телевиз л ширтэж өдрийг бардаг болсон. Хичээл дээр нь заадаг бүхнээс өнгө будаг, дуу шуум, сонирхол татах байдлаараа илүү учраас хүүхдүүд жинхэнэ “боловсрол”-ыг зурагтаас л авч байна. Гэтэл зурагтаар юу гардаг билээ? Миний бодлоор улс гүрнүүд боловсролд мөнгө хаяхын сацуу, телевизийн контентийг хүнд, хүүхдэд ээлтэй, хэрэгтэй байх тухайд анхаарах ёстой. Телевизүүд өөрийн эх орны, дотоод контент олшруулахыг төр, засгийн зүгээс дэмжих хэрэгтэй. Барууны телевизийн хүчирхийлэл ямар хүчтэй явж буйг харамсалтай нь ихэнх нь ойлгохгүй байна л даа.
-Та өөрөө медиа бүтээгдэхүүн хийдэг хэрнээ ингэж их эсрэгүүцэж буйг чинь гайхаж байна шүү.
-Би телевизийг үзэн яддаг. Гэхдээ энэ нь зөвхөн одоогийн, арилжааны телевизүүдийг хамруулж байна л даа. Миний багад телевиз гэдэг зүйл өөр байсан. Одоо бол энэ салбар цэвэр мөнгөнийх болсон учраас юу хэрэгтэйг биш юу хүний сонирхлыг татаж, мөнгөний урсгал нээх вэ гэдэгт анхаардаг. Харамсалтай үнэн гэвэл, телевизийн салбар хэр их хөгжих хэрээр дэлхий улам бохир, “заваан” болж байна. Үзэн яддаг гэсэн нь ийм учиртай. Манай гэрт зурагт байдаггүй. Үүний оронд манайд том дэлгэц, DVD тоглуулагч бий. Түүгээрээ хуучны, сайн кинонуудыг үздэг. Телевизээс чадах чинээгээрээ зугатаж буйн маань хамгийн том илрэл энэ. Би Хятадаар аялаж явахдаа 90 гарсан эмээтэй уулзсан. Тэр хүн амьдралынхаа турш телевиз гэдэг зүйлийг нэг ч удаа харж байгаагүй гэсэн нь надад онцгой санагдсан.
-Та мэдээллийн түрэмгийлэл, даяаршлийг тууштай эсэргүүцдэг хүн. Бас дэлхий хөгжих тусмаа улам бүр тамын газар болж байгаа тухай нэг ярилцлагадаа дурдсан байсан. Тэгвэл таныхаар дэлхийн хамгийн сайхан үе хэзээ байсан бэ? 
-Дэлхий II дайны дараах үе. Нэг том сөргөлдөөний ард гарсан хүмүүс зүгээр л тайван амьдрахаас илүүг хүсэхээ больсон. Тэр хэрээр амгалан байсан. Тэр үед телевиз, хэвлэл мэдээлэл ч өөр, одоогийнхоос хурд багатай, үйл явдал бүрийг алдахгүй авахыг хичээдэггүй байсан нь одоо бодоход эерэг зүйл байж. Сирид бөмбөг дэлбэрч, Иракт хэдэн зуун хүн алагдаж байгаа тухай өөрт ямар ч хэрэггүй мэдээллийг бид авдаггүй байсан. Одоо бол бүхий л зурагт үхэл, сүйрлийг бараг баярт үйл явдал шиг алдалгүй мэдээлдэг болж.
-Таны бүтээлүүдийн сэдэв өөр ч соёлын ялгаа, давтагдашгүй ахуй болон өөрчлөлтийг дагасан маягтай байдаг. Бас элдэв хурц өрнөлийн оронд бодит байдлыг үзэгчдэд өнгө будаг нэмэлгүй харуулдаг нь өнөөгийн кино урлагийн хэв маягийн эсрэг нь байна. Ер нь бодит байдлыг харуулах нь, баримтат кино хөгжихийн чухлыг та юу гэж хардаг вэ?
-Би өөрийгөө баримтат киногоор дагнадаг гэж хэлэхгүй. “Happiness” жишээ нь уран сайхны кино байсан. Харин “Babies бол өөр л дөө. Тэнд ямар ч зохиол, тэр байтугай харилцан яриа ч гарахгүй. Энэ нь сул тал, сонирхолгүй санагдуулах гол хүчин зүйл мэт байж магадгүй ч “Babies киноны хувьд үр дүн эсрэгээрээ гарсан. Ямар ч харилцан яриагүй, зохиолгүй, цэвэр бодит байдал учраас дэлхий аль ч улсын иргэн, ямар нэг хэлний бэрхшээлгүйгээр зүрх сэтгэлээрээ мэдэрч, бүрэн дүүрэн ойлгох боломжтой болсон. Ер нь би киногоороо ямар нэг асуудал гарган ирж, түүнд хариулт өгч, үнэлж дүгнэж, цэгнэхийг зорьдоггүй. Бодит байдлыг дэлгэж, үзэгчид бодох, өөрөө ухаж ойлгох, улмаар үнэлэлт, дүгнэлт хийх эрхийг нь үлдээхийг хичээдэг.
-“Babies киног тухайн үед баруунд хэр хүлээж авсан бэ. Бид уг бүтээлийг кино театрт үзсэн, энэ кинонд монгол хүү тоглосон гэдгээс өөр мэдээлэл багатай байна.
-Америкт маш их амжилт олсон (нийт 543 кино театраар хүрч, дэлхий даяар 9.4 сая ам.долларын орлого олсон). Тухайн жилийнхээ шилдэг арван баримтат киноны нэгээр шалгарсан. Дашрамд, киног үзсэн бараг бүх хүн Баяраад хайртай болсон. Түүний эрх чөлөөтэй байдал, Монголын нууцлаг бөгөөд үзэсгэлэнтэй, өөрийн гэсэн үнэт зүйлтэй оршихуйтай нийлэхээр хайрлахгүй байхын аргагүй л дээ. Киноны Баяраагийн хэсгүүдэд даяаршсан нийгмийн хаанаас ч олж харахгүй ховор, нандин, өвөрмөц зүйлс гарч байсан болохоор тэр. Тийм учраас Баяраагийн хэсэг киноны дийлэнхийг эзэлсэн. Энэ киноны дараа Монголын зорих жуулчдын тоо бага ч болтугай өссөн байх гэж найдаж байгаа.   
-Киноны дараа хүмүүс танаас ямар асуулт хамгийн их тавьж байв?
-Аюулгүй байдал. Бараг бүх хүн надаас Баяраагийн аюулгүй байдлын тухай асууж байсан. Хүүхдээ хонь малын дунд зүгээр л орхичихож байгаа нь, шороон дээр мөлхөж буй нь, хэн нэгэн бүтэн өдөржин бөөцийлөхгүй байгааг барууны үзэгчид ойлгохгүй байх нь аргагүй. Тэд бол хүүхдээ ядаж л манежинд хэвтүүлнэ, хэн нэг нь байнга харгалзана. Ямар нэг эд зүйл, тоглоом шиг ханддаг шүү дээ. Баярааг орны хөлд уячихдаг хэсэгт хүн бүр гайхсан. Өнөөх нь бүтэн өдөржин орны хөлд уяуулчихаад гомдоллохгүй, бүр уйлах ч үгүй тэвчээртэй сууж тэр зуураа өөрөө өөрийгөө саатуулаад байгаа нь өвөрмөц харагдсан байх. Европт хүмүүс ингэх байтугай, ингэж орхих тухай бодол толгойд нь хэзээ ч орохгүй. Тэр дүр зураг эцэг эх нь хүүхдээ тоодоггүй, нэг ёсны шийтгэл шиг харагдсан байх. Гэтэл монгол эцэг, эх хал нь гаднаа, хайр дотроо гэсэн ухаанаар хүүхдээ хүмүүжүүлдгийг тэд мэдэхгүй болохоор аргагүй.
-Тэр асуултуудад та юу гэж хариулж байсан бэ. Анх зураг авч байхдаа тэдэн шиг гайхаж, нөгөө талаар цочирдож байв уу?
-“Киногоороо хүмүүсийг өөрчлөх гэж битгий хичээ” гэж оросын нэг найруулагч хэлсэн байдаг. Би гайхаагүй, айгаагүй, цочирдоогүй зүгээр л зургаа авч явсан. Гэхдээ тэр үед хэдийгээр дүр зураг, нөхцөл байдал аюулгүй, Баяраа маш олон эрсдэл дунд байгаа мэт харагдах хэрнээ би тэндээс ямар нэг аюул мэдрээгүй. Хонь, ямаатай нэг дор байгаа аюул мөн үү мөн. Гэхдээ миний бодлоор амьтан хүүхдийг өөрт нь аюул занал учруулна, энэ миний дайсан гэж боддоггүй байх. Жаахан хүүхэд угаасаа юуны ч дайсан байх боломжгүй шүү дээ. Энэ нь надад гайхалтай, сэтгэл хөдөлгөм санагдсан. Би жилийн ихэнхийг Парисын гадна, хөдөө тосгон дахь гэртээ өнгөрүүлдэг. Тэнд манайх гэрэл цахилгаан, интернэтгүй, энгийн нэг модон байшинд байдаг. Бас хэдэн үнээтэй. Гэхдээ энд нэг зүйл хэлэхэд, би хэдийгээр Баяраатай олон хоног хамт байсан ч гэсэн өөрийн хүүхдээ үнээ малын дэргэд зүгээр орхичихож чадахгүй юм билээ (инээв).
-Та киноныхоо хоёрдугаар ангийг хийх гэж байгаа гэсэн. Анхны киноны зураг авч байх үеийн Монгол, одоогийн Монгол хоёрын хооронд маш их зөрүү бий. Магадгүй Баяраа одоо Япон, Америк, Франц дахь нас чацуутнуудаасаа нэг их ялгаагүй орчинд өсөж буй. Тийм болохоор киноны дараачийн анги өмнө шигээ амжилт олохгүй байх вий гэсэн айдас бий юү?
-Нэг хэвэндээ байдаг зүйл гэж хаа байх билээ. Өөрчлөлт хүссэн, хүсээгүй явагдаж таарна. Энэ өөрчлөлт миний дараачийн киноны гол сэдэв болно. Би тэдний боловсрол, сургууль, боломжийн талаар хоёрдугаар ангидаа харуулна. Жишээ нь, Баяраа Баян Чандманийнхаа сургуульд сурч байгаа бол Хатти (америк хүү) монтессори сургуульд орсон. Мари (япон охин) гэр бүлээрээ Парист нүүж ирээд, манай хүүтэй нэг ангид сурч байгаа.
-Сонин тохиол байна шүү.
-Тийм ээ.
-Та нээрэн хэзээ нэгэн цагт энэ дөрвөн хүүхдийг хооронд нь уулзуулах уу?
-Энэ тухай бодсон л доо. Өдийг хүртэл тэд балчир хэвээр учраас боломж олдоогүй. Магадгүй хоёр дахь кинон дээр, эсвэл кино дууссаны дараа тэднийг уулзуулах байх.
-Эхний киногоороо та дараачийн бүтээлээ санхүүжүүлэх хэмжээний ашиг олж чадсан уу?
-Харамсалтай нь үгүй. Ер нь баримтат кинонд санхүүжилт олох арилжааны киноныхоос хэцүү байдаг. Гэхдээ энд, Монголоос ивээн тэтгэгч олдож магадгүй байгаа.
-Та хүүхдүүд болоод тэдний эцэг эхтэй хэр ойрхон холбоотой вэ?
-Гайгүй шүү. Хаттигийн эцэг эхтэй байнга мэйл бичдэг. Тэд Парист ирэхээрээ надтай уулзаж, манайд хоноод явдаг. Маригийн эцэг эх Парист нүүгээд ирсэн, тэр манай хүүтэй нэг ангид сурдаг болохоор бараг өдөр бүр уулздаг. Харин монгол дахь хамтран ажиллагчаараа дамжуулж Баяраатай холбоо барьдаг. Харамсалтай нь Понижаогийн гэр бүлтэй холбоо тасарсан. Тэр маань Африкийн хаа нэгтээ л байгаа байх. Гэхдээ заавал олно доо.
-Та эцэг хүний хувьд хүүхдүүдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
-Хүсэл мөрөөдлөө битгий гээгээсэй, түүнийгээ л дагаж амьдраасай гэж хүснэ. Тэдний ямар мэргэжилтэй болох нь надад хамаагүй. Гэхдээ хүсэл, мөрөөдлөө дагасан хүн хэзээ ч хазгай гишгэхгүй гэдгийг л би мэдэж байна.






May 13, 2015

Гая Бурдений өрөөсөн нүд


            ФрансинКресентийн удирдлаган дорх 1970-аад оны франц “Vogue” Диана Врийландын америк “Vogue”-оос илүү хээнцэр, бас эрх чөлөөтэй хэв маягтай байлаа. Врийландад сэтгүүлийн хуудаснаа зургийг хэрхэн байрших нь хамгийн чухал зүйл байсан бол Франсин гэрэл зураг хүчтэй, мэдрэмжтэй байхыг илүүд үзнэ. Хээнцэр, чамин байдал Врийландын нэрийн хуудас бол Франсин далд утга бүхий, зоримог, тэрслүү зургуудыг нийтлэх дуртай байв. Тэс өөр арга барил хэдий ч тэд хоёул сэтгүүлээ амжилттай зарж чадаж байлаа.
            “Vogue” хэвлэгдэж буй улсынхаа нэрээр нэрлэгддэг байсан ч Франц“Vogue” Парисынх хэмээгдэж байсан нь тохиолдын хэрэг биш. Францын загварын ертөнцийг Парис дангаараа төлөөлчих учраас тэр. Харин Франсинфранцын загварыг Парис “Vogue” л төлөөлөх ёстой хэмээн үзэж, улмаар санасандаа хүрсэн учраас тухайн үед бүх залуу охид, загварын ертөнцийнхөн сар тутмын эл сэтгүүлийг хэрэг гарган авч, шимтэн уншдаг болсон юм. Уншигчид Франсиний мэдрэмжийг бишрэхийн сацуу цөм нэг зүйлд ухаан алддаг байсан нь гэрэл зурагчин Гая Бурдений ажлууд. Түүний гэрэл зургууд ямар ч хувцсыг урлагийн цоо шинэ урсгалын илрэл шиг жигтэй, бас хээнцэр харуулж чаддаг байлаа. Гая Бурдений өвөрмөц зураг авалт, алдарт Хелмут Ньютоны хар цагаан зургуудтэр үеийн Парис “Vogue”-ийг дэлхийн загварын ертөнцийн хамгийн шилдэг сэтгүүл болгож чадсан юм.
            Эрин цагийн хамгийн алдартай, бас хамгийн тэрслүү хоёр гэрэл зурагчин парис “Vogue” сэтгүүлд нэгэн зэрэг ажиллаж байсан үеийг загварын ертөнцөд цунами, эсвэл хар салхи, эсвэл... ямар нэг хүчтэй зүйлтэй л жишихгүй бол тохирохгүй. Тэд хоёул бүтээлч, тэсрэлт хийхүйц хүчтэй зураг авалтууд хийдэг ч өөр хоорондоо хэзээ ч давтагдахгүй. Ньютоны хүүхнүүд хүчтэй төрхтэй, ихэвчлэн камер руу эгц ширтсэн, баярын жагсаалд алхаж буй цэрэг шиг жавхаатай байдаг бол Бурдений моделиуд хэт залуухан, маш өвөрмөц, тоглолт хийж болмоор царайтай байдаг. Тиймдээ ч Бурден тэднээр яаж л бол яаж “тоглодог” байсан бөгөөд өнөөдүүл нь ч хүслээрээ хүчирхийлүүлсэн аятай жаргалтай харагдана. Тэр албаар хэвийн хэмжээнээс хэтэрсэн нүүр будалт сонгож, тэр дундаа уруулыг илэрхий тод байлгахыг чухалдаг байсан нь моделиудыг хүн гэхээсээ хүүхэлдэй шиг, хүүхэлдэй гэхээсээ хүн шиг болгодог байв.
            Гая Бурдений өвөрмөц, жигтэй, мэргэжлийн, мэдрэмжтэй, хээнцэр, чамин гэсэн бүх тодотголыг багтаасан загварын гэрэл зургуудыг, улмаар өөрийг нь ойлгохын тулд тэр үеийн загварын сэтгүүлийн ертөнцийг эхлээд мэдэх хэрэгтэй. Тэрбээр 1960-1970 оны хооронд Парис “Vogue”-д ажилласан бөгөөд энэ нь дэлхий нийтийг хамарсан феминизмийн давалгаа дөнгөж эхэлж байсан үетэй давхацдаг. Тэгэхэд Гермайне Грийрийн дуулиант бүтээл “The Female Eunuch” дөнгөж хэвлэгдэж, феминизмийн бамбарт томоохон цучил өгөөд байлаа. Улмаар “Spare Rib”, “Cosmopolitan(тэд сэтгүүлээ радикаль гэдэг байсан ч тухайн үед феминизмийг илт сурталчилдаг байсан) тэргүүтэй феминист сэтгүүлүүд хувцас загварыг тэмцлийн чухал зэвсгээ болгон ашиглаж эхлэв. Харин Парис “Vogue” үүнд илүү хүчтэй, илүү шийдэмгий нөлөө үзүүлсэн бөгөөд тиймдээ ч орчин үеийн эмэгтэй хэн байх, юу өмсөх, яаж аяглахын гол судар болж байлаа.
Твигги, Жеан Шримптон зэрэг тухайн үеийн цуутай моделиудтай ажиллаж байсан гэрэл зурагчин Дэвид Бейли, Энтони Армстронг Жонес нар сайн боловч одоо ч гэсэн аль сэтгүүлээс харж болох тийм л зургуудыг хэдэн зуугаар нь “үйлдвэрлэж” байхад Гая Бурден цаг үеийн томоохон давалгааг төлөөлж, хувцас загвар тэмцэл, өөрчлөлтийг давхар илтгэсэн ажлуудаараа илт онцгойрсон юм. Шалаар нэг бялхсан цусан дээр нүүрээрээ харж унасан нүцгэн моделийн зургийг тэр үед зөвхөн Гая Бурден л дарж, Парис “Vogue” л хэвлэх зоригтой байлаа. Энэ цоо шинэ, хэний ч яваагүй зам байсан учраас Бурдений аюултай, аз туршсан, зарим талаар гаж ч гэж хэлж болмоор зургуудын үнэ цэнэ өнөөдөр ч өндөр хэвээр байгаа билээ.

Одоо та Гая Бурдений ажиллаж, амьдарч байсан цаг үеийн талаар бага ч атугай мэдэрсэн гэж үзээд түүний өөрийн тухай жаахан тодруулъя. 1928 онд Парист мэндэлсэн тэрбээр анх зурах авъяасаа илт товойлгож байсан бөгөөд Мэн Рэй, Мари Лауре Ноайллес, Жаки Фат, Парис “Vogue”-ийн эрхлэгч Эдмонде Чарльз Роу нарын гараар дамжсан нь өсөх ирээдүйтэй, чадварлаг уран бүтээлчийг зөв чигт нь залахад чухал нөлөөлжээ. Тэр зөв чиг нь загварын ертөнцийг хэлж буй болно. Гая Бурден тэднийг гонсойлгоогүй бөгөөд нэг их удалгүй Парисын томоохон брэндүүд болох “Issey Miyake, Claude Montana, Chanel, Emanuel Ungaro”-гийн загварын постерууд дээр ажиллаж, нэг ёсондоо багш нартаа шалгалт өгсөн бөгөөд байж болох хамгийн өндөр оноог хүртсэн байдаг. Харин тансаг зэрэглэлийн гуталны бренд “Charles Jourdan”-д зориулсан цуврал ажил нь түүнийг загварын ертөнцийнхний анхаарлын төвд аваачсан юм.
Гуталны өмнөх сурталчилгаануудтай харьцуулахад түүний гэрэл зургууд моделийн бараг л оролцоогүйгээр зөвхөн гутлыг онцолсон. Тэгэхдээ алхаж, хөдөлж байх үеийнх агшин хэрнээ эзнийх нь биеийг цоолоод авчихсан, бүр байг гэхэд гуталтай шилбэ, гуя л харагдах жишээтэй. Эсвэл гэмт хэргийн гэрэл зураг шиг, эсвэл тамлуулж яргалуулж байх үеийн садомазохист дүрслэлүүдийг харуулна. Эдгээр дүрслэл хүний анхаарлыг татах ч тэр гэрэл зургаараа дамжуулж бүтээгдэхүүн зарж буйгаа хэзээ ч мартдаггүй байв. Эхэн үед түүнд Америкийн гэмт хэргийн алдарт гэрэл зурагчин Вийгийгийн ажлууд ихээхэн нөлөөлсөн бөгөөд тэр дундаас хээнцэр дэгжин цогцос, хохирогчид бүхий сурталчилгааны ажлууд мэндэлсэн жишээтэй.
Эмэгтэйчүүдийг хүчирхийллийн золиос шиг харагдуулах загварын гэрэл зургууд тэр үеэс ихэд дэлгэрсэн ч хэн ч Гая Бурден шиг урлаг, гэмт хэрэг, хувцас загвар, гоо үзэсгэлэн, гаж санааг төгс хослуулж чадаагүй билээ. Загварын мэргэжилтнүүд Гая Бурдений зургуудыг тухайн агшинд эсвэл нэг хэсэг сэтгэгдэл төрүүлэхүйц биш, харсан хүн бүх л насан туршдаа тод санахаар ой ухаанд нь гүн үлдэхүйц хэмээн үнэлдэг нь ийм учиртай. 








Dec 22, 2014

Цэнхэр, усан цэнхэр, гүн хөх


Playlist: Гүн хөх. Don’t let me be misunderstood-Nina Simone, Isn’t it a pity-Nina Simone, Hurt-Johnny Cash, De cara a la Pared, Nobody knows –Elsaine, Stay with my heart-Sophie Zelmani, I can’t make you love me-Bon Iver, It must have been love-Roxette, Хүлээлт-Нандинцэцэг, Piece by Piece – Katie Melua, Blower’s Daughter – Damien Rice, Mad world-Gary Jules, Al otro lado del rio-Jorge Drexler.
Playlist: Усан цэнхэр. Caravan-Passenger, Somewhere in the memory-Home alone, Riots-A.R.Rahman, Let me be-Xavier Rudd, Bratya Grim-Leto, Bolero-Ravel, Hit the road jack-The Foxflies, My Way-Nina Simone, Simple as this-Jake Bugg. Gangsta Blues-Tanvi Shah.
Playlist: Цэнхэр. Dreamer-Sophie Zelmani, Best for Last-Adele, Baby-Fishmans, Top of The world-Carpenters, O…Saya-A.R.Rahman, Shy Boy-Katie Melua, Cheers Darlin’-Damien Rice, Les Etoiles-Melody Gardot, Сарантуяа-Хайрласан сэтгэл, Baby it’s cold outside-Dean Martin.

            Цасан ширхэг бүхэн өөр өөр талсттай, зарим нь хөвсгөр, зарим нь хатуу, зарим нь ердөө нүдэнд харагдах төдий өчүүхэн жижиг, ер нь л цөм давтагдашгүй хувь бодьгал атал хэдэн сая, живаагаараа буулаа ч тэдгээрийг бид цас л гэнэ. Нэр ч үгүй, би ч үгүй, бүр тэр гээд хэлчих тунхаглал ч үгүй зуурхан оршоод дуусна гэдэг хачин амирлангуй хэрэг ээ. Тэдэнд ер ертөнцийн үйл хэрэгтэй хутгалдах, өөрийгөө олох, буяны нүглийн заагийг таних, ухамсартайгаар орших, үйлийн үрийг ухах хэрэг үгүйеэ. Намрын анхны, өвлийн дунд сарын, эсвэл хамгийн сүүлийн цас болж буухад ялгаа байдаг болов уу? Аль нь хамгийн эрхэм хүндтэй үүрэг бол оо?
Ээ, би ахиад л дэмийрэх нь, Тэрэлж хүрэхээр алхаж явахад чинь цас орж таарлаа, яарч биш аядуу хөнгөн бууж байна, эргэн тойрны зүс хувирч, буух цасанд дарагдан амсхийж байна, амьсгалах агаар сэргэг, шинэхэн цасан дээр гишгэгч чиний явдлаас хөгжим эгшиглэж байна, үйлээ үзэн хэзээ ч олохгүй утгагүйг ухах хэрэг байна уу, яваад л байвал болоо биш үү? Үнэхээр энэ цас орж буйн учгийг энд, одоо ухах хэрэг гарсан юм бол, тэрийг чамаас өмнө найрагч эмэгтэй хамгийн сайхнаар хэлчихсэн шүү дээ, “Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч...”. Энэ мөр л, энэнээс илүү ер нь яах ч билээ.
Утсан дотор минь “Lemons”-ийн “Шөнө дунд цас орж байна” дуу бий, нээрээ. Гэхдээ  тэрийг ер нь нэг ч удаа утаснаасаа сонсож байгаагүй байх аа. Сайн зохиолыг ямар ч кино сэглэдэг шиг сайхан шүлгийн сайхныг алдахгүйгээр дуу бүтээнэ гэдэг бүтэхгүй хэрэг. Тэр шүлгүүд өөрийн аялгуу, өөрийн хоолой, өөрийн найралтай байдаг болохоор тэр. Миний утсан дээр огт сонсдоггүй, гэхдээ байж байх ёстой дуунууд хэд хэд бий, тэдний нэг, хөөрхий. Тэнд жилдээ нэг л сонсох, эсвэл намайг дурлах хүртэл, намайг хаягдах хүртэл, тэр зовлонгоо дааж чадахаа байгаад “үхэж үрэгдэх” үеийг л хүлээж байгаа дуунууд байдаг юм. Одоо сайхь тэд надтай хамт, үүргээ гүйцэтгэж явна. Сайхь тэд гэдэг нь миний “Гүн хөх” playlist дэх дуунууд. Дурлаж, хаягдаж, зовлондоо шигдсэн надтай ханилаад Тэрэлж хүртэлх замыг туулж буй нь энэ. Гарахаасаа өмнө би блогтоо ийн бичсэн. “Авч чадаагүй хэн нэгнийг алдах шиг хэцүү учрал байдаг гэж үү? Хараад л, бодоод л, мөрөөдөх бүрт илээд авмаар ойрхон хэрнээ, хүршгүй холын холд оршино. Хэрэв амссан бол, ядаж нэг удаа мэдэрсэн бол алдах надад хайран биш ээ. Харин хэзээ ч минийх байгаагүй чамайг хэн нэгнийх болохыг харах амаргүй юм. Миний амсаж чадахгүй жимс, миний хүрч чадахгүй гэрэл”. Ер нь нэг иймэрхүү л юм болсон гээд та бодчихоорой. Энэ бүхний дараа ажил, гэртээ ч очих сэтгэлийн тэнхэл хүрэлгүй хэсэг ганцаараа бүгэх гээд хэн ч намайг хүлээгээгүй амралтын газар руу хэнтэй ч биш ганцаараа яваа юм.
Уг нь миний өвлийн ичээ амралтын газрын хүйтэн өрөө биш, би ч тийшээ ийм эвдэрхий сэтгэгдэлтэйгээр явах ёсгүй юм л даа. Дотор минь нэг сайхан зураглал байдаг юм. Модот уулын энгэрт ганцхан хүнд зэгсэн тохирсон нэг дүнзэн байшин байх ёстой. Тэр байшингаа би Макондо гэж нэрлэнэ, тэнд залхуу явдалтай нэг нохой байх хэрэгтэй. Номын жижигхэн шүүгээ, кофений хайрцаг дүүрэн байх ёстой, аа бас лаа, гаанс дүнсэн тамхи, жаал зугаа идэх юм, хамгийн чухал нь тэнд ил гал, эвтэйхэн сандал хэрэгтэй. Үзэг цаас, хуучин муу пянз тоглуулагч минь, хэдэн пянз дээр нь миний “Цэнхэр” playlist байвал л бол оо. Тэгээд л юм бичээд суувал юутай аятай, гэвч миний одоо зорьж буй газар эдгээрийн аль нь ч байхгүй. Уг нь дээрх зүйлсийг олоход хэцүү биш, тийшээ нэг мөр явчих ч амархан. Гэвч юу намайг хүлээд, юу намайг мөрөөдлөө биелүүлэхэд саад болоод байдгийг би өөрөө ч мэдэхгүй. Буй биеэрээ биелээгүй мөрөөдлийн оршуулгын газар болчихоод гуньж явах шиг зүхмээр юм байдаггүй аж.
Тавлаж байгаа мэт энэ үед яг Нина Симоны “Isn’t it a pity” явж таарлаа. Золгүй надтай зовлонгоо хуваалцаж байгаа мэт энэ хоолойг нь ээ. Тэр ер нь ямар ч үед хажууд байж чадах итгэлт нөхөр шиг санагддаг. Үүний дараа би “Sinnerman” сонсох болно. Тэгээд баахан гунина. Хэсэгтээ юу ч сонсохгүй алхаад л байна. Овоо тавирч ирээд “My way”-ийг түүний хувилбараар сонсоно. Кофе, тамхи, ганцаардал шиг дээрх гурван дууг угсруулбал төгс зохицол болно. Яг л ийм цастай өдөр Нина Симонийн “Sinnerman”-ийг анх сонсож байлаа. Тэр арван минут, 22 хоромын хашгираан байсан. Гэхдээ тэр хашгираан дотор бүрэлдсэн хэлэгдээгүй үгс, дарж орхисон сэтгэгдлийг минь хамаад миний өмнөөс хамгийн чангаар гаргах шиг болсон.
Тэрэлж явж буй минь л үнэн гэвч одоо хаа яваагаа мэдэх юм алга. Зам, цас хоёр л намайг хөтөлнө. Уулс модод цөм цагаан төлөвт хувирчээ. Яагаад ч юм нэг л хиймэл санагдах нь хот газартай хэтэрхий ойрынх нь юм байлгүй. Таримал зүлэг, цэцэрлэгт хүрээлэнгээс ялгарах юу ч үгүй мэт. Эсвэл магадгүй олны хөлд тахиулсандаа тэр байх л даа. Чимээгүй нь л сайхан гэхээс өөр дурлах шалтаг алга. Цастайд зөрөх машины гэрэл яг л бүрхэг өдөр үүлний цаанаас үл ялиг шарлан харагдах нартай адилхан харагддаг юм байна. Цас болохоор аажмаар амирлан буй би, би болохоор салхины аясаар үл ялигхан найгах, цасанд дарагдсан ч бүхэлдээ бүрүүлчихээгүй, хатаж хоцорсон модны навч шиг санагдана. Одоо Хорхэ Дрекслэрийн “Al otro lado del rio” цасны төлөвт хувирчихлаа. Чихээр дамжаад дотор будраад эхэллээ. Ээ, би ингээд л амгалан болчихлоо. Хайж байсан бүхэн минь хаа нэгтээх нэг газар биш, харин хаа нэгтээ хүрэх зам л байж шүү дээ.
Буцахдаа би “Усан цэнхэр” playlist-ээ сонсоно. Хэрэв тэгэхэд дахиад цас орж таарвал би ширхэг болгонд нь нэр өгнө

Усан цэнхэр plalist 
https://www.youtube.com/playlist?list=PLhXGBjtRNz67VNh_cOPUrs3Ja32zZxMCj

Цэнхэр playlist
https://www.youtube.com/playlist?list=PLhXGBjtRNz65xKk53GWjEQlt3i9MdZzM7

Гүн хөх playlist 
https://www.youtube.com/playlist?list=PLhXGBjtRNz67kN9aO_tP_PXFbNhmUltyC

Dec 17, 2014

Захидал


         Б.Ганчимэг танаа  
           
         Сайн байна уу гэсэн сайхан монгол үгээр, амар байна уу гэсэн Ар Монгол ёсоор танд энэхүү захидал очих өдөр, унших цагийн мэндийг дэвшүүлье. Бас намрын мэнд!
        Захидлын энэ эхлэлийг би дөнгөж сая аав, ээжийнхээ хайрын захиаг хайр найргүй уншиж дуусгасныхаа дараахан олсон бөгөөд, хорвоо дээр 23 жил амьдрахдаа (хаха) ховорхон захиа бичсэнийхээ нэгийг танд зориулж буй нь энэ юм шүү. Таньтай ярилцлага хийхсэн гээд хэдэнтээ холбогдож, нэгэнтээ уулзах тохиол бүрдэхийн урд орой “Эгч рүүгээ асуултаа явуулчих юм уу?” гэж хэлсэнд тань сэтгэл дундуур хоцорсон нь энэхүү захидлыг бичихэд ихээхэн түлхэц болсныг нуух юун. Гэвч үүнтэй зэргэцээд юу чухам ингэхэд хүргэсэн болоод яагаад тийн хэлсний учрыг гадарлаж буй учраас цааш ургуулсангүй.
        Налаад л суухсан гэж таны гэгээхэн хүсдэг, гэвч үнэн хэрэгтээ өөрийг тань өөрөөр тань онгичуулж, орь дуу тавихыг чинь ч үл тоон сэмлэдэг, буй бүхнийг чинь шавхдаг, үртэс ч үлдэхгүйгээр үг болгон гаргахаас өөр аргагүйд хүргэдэг “увайгүй” намар ирээтэхлээ. Урагдаж дуусах, эсвэл ураад нэг мөр дуусгахын алинд та бэлэн байна? Өөрийн хүслээр биш ч гэлээ, намрын эхэн сарыг ганцаарханаа давсанд тань атаархаж байнашүү. Юу олов, юу чагнав гэдгийг тань асуухыг хүслээ, бас. Зуур харин Улаанбаатар зүсээ олжээ. Манай хотод ер нь намар л зохидог болов уу гэж бодоод байгаа. Зуны цовоо цолгиун яавч зохидоггүй, хавар нэг тиймхэн, өвлийн тухай бол дурсаад ч нэмэргүй. Харин намар л...Үзэхээс ихийг үзсэн энэ хот гял цял, гялгар чаминд үнэндээ дургүй шиг санагддаг. Саарал байшингуудынх нь хормойгоор шар навчис дэвсээтэй тэр жилийн намрууд, миний үзээгүй намрууд, танай үеийнхний дуртгалд хоцорсон тэр гоё зураглалуудыг хардагсан бол уу!
      Нээрэн, нөгөө Москвад очиж сурах юу болов. Дэрнийхээ цаана “хуучин дурлал”-уудаа өрчихөөд өдөржин, шөнөжин тэднийгээ мэрээд, зохиол болон цааснаа буух гэж яаран тонгочиж байгаа үгсийг яаж өдий болтол дарж зүрхэлнэм, яаж цаашид тогтоон барина гэж санав? Шинэ ажил, хэлж ирдэггүй бүхэн шалтгаан мөн, гэвч үнэндээ та өөрөө ч удаан барьж тэсэхгүй гэдгээ мэдэж байгаа байлгүй. Энэ бүхнийг “хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл” болгоход та хэтэрхий залуу байна шүү дээ гэж бөх зүрхэлээд энэ сэдвийг хаая J.
       Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ийн босгоор, өөрийн тань хэлсэнчлэн, өвдөг чичрэн орж байснаас чинь хойш 18 жил өнгөрсөн байна даг шүү. Гэрлийн хурдаар өнгөрүүлсэн жилүүдийнхээ тухай энд тэнд ярихдаа та өвдөг чичирч ороод, өвдөг чичрүүлэх болсон хоёрыгоо л дурссан байна билээ (хэргээр бяцхан дэгс нэмлээ шүү). Хэдхэн жилийн дараа “Ардын эрх”-ийн тэргүүн бичлэгийн шагналыг их хүн Л.Түдэв гуайн хамт авах хүртэл хүндэтгэл зүгээр нэг сулдаа ганхан жороолж байхад чинь ирээгүй нь лав. Юунд хүрсэнийг тань л бид мэдэх болохоос биш юуны төлөө, юуг туг болгоод, юугаа зольж, чухам юу олсныг тань огт мэдэхгүй. Нээлттэй юм шиг хэлэхээ хэлж, хяргахаа хяргаж, хайрлахаа хайрладаг атал дотроо бас хаалттай хаалга, хав дарсан дурсамжууд олонтой хүн шүү, та. Гэснээс олон хүн таныг “төмөр хатагтай” гэж боддог юм билээ. Мэдэж байна аа, би тийм биш шүү дээ гэж өөрийгөө өмөөрөөд хөхрөхийг тань. “Fuck you, сайд аа” гэж нийтлэлээ гарчиглаж байснаас авахуулаад шулуухан бичиж, “бомба” тэсэлдэг тань хэсэг нийтэд тийм сэтгэгдэл төрүүлдэг юм болов уу. Атал та ямар хүнб? Гэнэт нэг их гунина, нэлэнхүйдээ сэмэрнэ, амьдралыг өөртэйгөө, ойр тойрныхонтойгоо нийлүүлээд үзэн ядна, зүхнэ, тэгснээ тэнгэрт нисчихсэн явна, өөр чухам яадаг юм бүү мэд. Ийм төмөр л би үзээгүй, хувьдаа :P. Итгэнэ үү, байна уу өөрөө мэд.
            Намар та нэг ярилцлага өгөхдөө намайг ганц түлсэн шүү. “Эрх чөлөөнд” чинь атаархаж байна гээд л зүгээр хэлчихийн оронд “бэртэгчин” гэхдээ ч яахав дээ :P. Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд, өөр рүү минь мессеж бичээд байгаа юм аа, бас. Гэлээ ч шувуу бүхэнд үг заагаад, шуудан бүхэнд захиа дайгаад явахгүйг тань мэдэх учир “хайр”-аа илэрхийлэх хачирхалтай хэлбэрүүдийн чинь нэг гээд л бодчихсон, мөн үү? (хэхэ). Гэтэл би танд яаж дурлалаа илчилсэн. “Орхон дээр уулзъя”-г уншчихаад, даруйдаа мессеж бичиж сэтгэлээ нээгээгүй билүү? “Аав бид хоёр”, “Шар туяа”-г уншихчаад үүр шөнийн заагаар, бас бичээгүй билүү, би? Дашрамд эдгээр сайхан уянгын нийтлэлийн удаахууд хаачив. Энэ намар танаас их юм хүлээж буйгаа дайсан гэж ойлгоорой. Твиттерт бужигнуулсаар ийм гоё намрыг алдваас хайран шүү. Тэнд харин та “Би нэг л юманд баярлах юм. Миний дурсамжууд огт гэмтээгүйд...” гэсэн байна билээ. Гэмтээгүйгээс гадна та дотроо бүр уячихсан юм билээ. Тэрийгээ айраг шиг бүлээд л, иссэн сайхнаас нь амсуулдагт дуртай.
       Ярилцлагын “хатан хаан” гэх юм, таныг. Гэхдээ хүмүүсийн ийн нэрлэхээс илүү “Ярилцлагын туг миний ширээн дээр бий” гэж хэлсэн тань бардам бөгөөд “зэвүүн” санагдсан. Хүнийг нээх, таньж мэдэх ер нь хэцүү ажил үү? Хүнийг байтугай өөрийгөө танихаа болих үе танд олон уу? Гэтэл бас нээгээд дуусахгүй, уншаад дуусгамааргүй ном шиг харамламаар, хадгалмаар хүн байна уу, Тасралтгүйгээр хамгийн удаан ярилцаж чадах, хүсэх хүн чинь хэн бэ? Нээлгүй ерөөсөө нэвсийтэл нь нэг булан руу шидчихмээр хүнтэй олон таарав уу? Хэзээ та өөрийгөө том хүн боллоо гэж бодов? Эмэгтэй хүн байх хэцүү юү, эр хүн байсан бол гэж бодож байсан уу? Таныг бий болгосон гэр бүл, таны бий болгож яваа гэр бүл хоёрын хооронд хэр их ялгаа байна? гэхчлэн миний угсруулж буй шиг асуултын тэмдэг бариад л таньж, мэдэж, ойлгож явах сайхан ажил. Мэдэхгүй бүхэн, учраагүй гайхамшиг, уулзаагүй агуу сэтгэлтнүүд дуусдаггүйг нь бодохоор амьдрал ч бас муугүй эд шиг санагдаад байгаа. Яг энэ мөчид саваагүй хөдлөөд асуухад, ярилцлагчаасаа асууж болдоггүй асуулт гэж байх уу (жишээ нь би танаас “Та эмэгтэй хүнд дурлаж байсан уу” гэвэл ч юм уу), эсвэл асуучмаар болсон ч хэлээ хазаад өнгөрөх тохиол олон уу? Жич: Заавал хариулаарай тэр хаалтанд хийсэн хэсэгт.
Манай нэг найз өөрийнхөө юмыг байн дахин унших нь “гар хангалга”-ын нэг хэлбэр шүү гэж байсан удаатай. Та ер нь бичсэнээ эргэж уншдаг уу. Бас би нэг юмыг гайхаж бас, хүлээдэг. Миний адил 23-тай байгаагаа эргэж шагайвал ямархуу охин төсөөлөгдөх юм. Хамгийн чухал нь өдийг хүртэл явахдаа танхил залуу насныхаа аалиас алдсан нь олон уу, үлдээсэн нь их үү? Нэгэнт таниас явж одсон хамгийн үнэт чанар, хайрламаар нандин юм чинь юу байв, хэлээч. Тэрийгээ л ариглан гамнаарай гэж юуг онцлох нь надад сонин бөгөөд чухал байна. Өөрийн минь дотор дэлхий байтугай манай нарны аймаг бүхлээрээ багтаад байгаа нь насных биз, өнө үргэлж ийм байх боломжийг амьдрал хүнд олгодог юм байна уу, үгүй юм уу хариулаач.
Энд бас асуухад, эрийг юу (жинхэнэ) эр болгож, эмийг юу эм болгодог юм бэ? Таныг “хоёр хүйстэн” гэж боддогоо хэлж буйд минь өршөөгөөрэй (хэхэ). Яагаад ч юм танаас эр характер мэдрэгдээд байдаг. Дандаа (жаахан хэтрүүлэв) эрэгтэй найзуудтай, тэдэнтэйгээ ана мана үзэлцэж явах. Тийм байтал бас наалинхай нь дэндүү болчихно (заримдаа бүр жаахан хүүхэд шиг болчихдгыг энэ удаа орхилоо шүү) гээч.
Дуртай бас мөрөөдлийнхөө ажлыг хийж буй маань үнэн боловч ажил үргэлж, дандаа сайхан байдаггүй. Заримдаа хийж буй маань үйлдвэрлэлийн шинж чанартай болоод эхлэхээр яахаа мэдэхээ больчих юм. Та ийм үедээ яадаг вэ? гэж асуучихаад нэвсийсэн урт юм болохоос нь өмнө захиагаа өндөрлье.
Өөрийнхөө хамгийн бүтээлч байдаг шөнө дөлийн заагаар ийн бичлээ шүү, болгооно уу!
Таныг хүндэтгэсэн Ж.Тэгшжаргал


Ж.Тэгшжаргал танаа 

Сайн уу. Гараар бичсэн уртын урт захидал авах шиг сайхан зүйл хаа байх вэ. Тэр тусмаа өөрөөсөө 20 дүү залуугаас. Энэ үнэхээр аятайхан мэдрэмж юм аа.
Ноён Ж.Тэгшжаргал танд наргил шаргал намрын мэндийг хүргэн хариу захидал бичиж байна. Би захиа гэдэг зүйл хүмүүсийн харилцаанд жинхэнээсээ байдаг байсан тэр үед өссөн л дөө. Захиа авч, бас догдлон байж захиа бичих нь тэр үеийн миний гэгэлгэн амьдралын нэг хэсэг байсан ч гэж хэлж болно. Цэрэгт, оюутан залууд, ангийнхандаа гээд хичнээн олон захиа бичсэнээ мартжээ. Бичээд л бичээд л...бас шуудан ирэхийг хүлээж, захиа ирвэл тэр өдөржин нисчихдэг догдлуун амьтан явлаа. Залуу, ноёнтон та дуу хураагуургүй, өөд өөдөөсөө албажуу харан сууцгааж асуулт хариулт болох “онц биш” аргачлалыг тун өвөрмөц аргаар сольжээ. Надад таалагдаж байна.
Тийм ээ, намар ирчихлээ. Хаалгаар гараад явангуут нь санаж эхэлдэг амраг шиг, ирэхээр нь баярлаж, цааш алхах зам боогдох тусам шархлан шаналдаг яг л тийм нууц амраг шиг, минийх юм шиг, тэгсэн хэрнээ гарч одохдоо хүнийх гэдгээ хаалганы хатуу чимээтэй хамт тунхагладаг бусдын эр шиг зэвүүн намар хүрээд ирлээ. Би энэ зэвүүн намартай сүлэлдэн уусч, сэтгэл зүрхээ цөлмүүлээд цас нэвсийн орохоор ай, ашгүй чи явчихав уу гэж араас нь сэнсэртэл санаа алдах өдрөө хүлээж байна.
Урьд нь намраас навсайтал зүүгдэж байгаад ямар нэгэн юм авч үлдэхийг хүсдэг байснаа нуухгүй ээ. Гоё санаанууд, ядаж ганц хоёр шүлэгтэй хоцорвол олз гэж боддог байж дээ. Энэ намрыг харин тийм олзны төлөө үрэхгүй бололтой. Би илүү завгүй, илүү их ажилладаг, шуудхан хэлэхэд албаны маягийн зорилготой болчихлоо. Энийг би хүссэн гэж үү дээ гэмээр сонин, дасч өгөхгүй байгаа ч жаргалтай байна. Цэвэр утгаараа уншигчдын өмнө өөрөө хариуцлага хүлээдэг болон өөрчлөгдчихлөө, миний амьдрал. Гэвч чи үүнийг мэдэж байгаа болохоор ингээд орхилоо.
Москваг мөрөөддөг насан туршийн зовлон, зохиолч болохыг хүсдэг салж өгдөггүй шаналанг минь хөндөж намайг өвтгөхөөр шийдээ юу. Нээрээ та 23 тай, салхи шиг дураараа, сайхан эрх чөлөөтэй “амьтан”. Харин би 43 тай, хагас эрх чөлөө, хангал зоргоороо үеэ дуусгачихсан эмэгтэй. Та ч хатгахдаа сайн юм аа. Гэхдээ энэ чанар сэтгүүлч хүнд хэрэгтэй шүү.
Сэтгүүл зүйн их өргөөний хаалгаар өвдөг чичрүүлэн орж байсан үеэс хойш нээрээ олон жил өнгөрчээ. Одоо харин хүүхдүүдийн өвдөг чичирдэг эсэхийг би мэдэхгүй юм. Юуны туг болж явснаа, юугаа зольж, юу олсноо мэдэхгүй нь ээ. Цэгнэхэд эрт ч байж мэдэх юм.
Тийм ээ, миний дотор хаалттай нэг өрөө байгаа. Тэр өрөөндөө би мөрөөдлийн зохиолоо бичиж, мөрөөдлийн эртэйгээ амраглаж, мөрөөдлийн улирлуудаа гаднаа уячихаад мөн нохой тэжээж, цамц нэхэж, цонхоор ширтэж амьдардаг. Ганцаараа улаан дарс шимэж, галын үнэрт хөнжилдөө хөлбөрөн галзуурч, гар хангалаг...галзуу мөчүүдийг эдэлдэг. Тэгснээ ганиран уй гунигт автаж, гарч навчсын шуурганаар алхдаг. Өөр та юу хэлүүлэхийг хүсч байна. Өө, би энэ хотын хамгийн галзуу эмэгтэйн хариултыг өөрт тань бичиж чадаж байна уу.
Бусад албаны амьдрал, алдагдсан, бас ассаар байгаа миний мэргэжлийн орон зай, нэр хүнд...таны ишилсэн “Ярилцлагын туг миний ширээн дээр бий” гэж хэлсэн бардам үг...тэмцэж тэрсэж байдаг чанараа ч буцаамааргүй байна. Одоо тэгээд яах билээ, хонгор дүү минь.
Тийм ээ, өөрийгөө танихаа байх үе надад тохиолддог. Нээгээд дуусахгүй, уншаад дуусгамааргүй ном шиг харамламаар,хайрламаар хүн харин одоо надад алга. Нээх ч хэрэггүй, нэвсийтэл нь нэг булан руу шидчихмээр нөхдүүд тааралддаг. Өөрийгөө би том хүн болчихлоо гэж  21 жилийн өмнө ээж болохдоо бодсонсон. Ккк одоо охиноосоо ч гэнэн аашилж тэр “Том хүн” гэдэг арал руу очиж үзээ ч үгүй яваа юм шиг хааяа санагддаг.
Амьдрал бас ч гэж муугүй гэдэг үнэн шүү. Гэхдээ өвдөх хэцүү. Өвдөж, эмнэлгийн байшингаар явах муухай. Цаагуураа л халуун бүхнийг минь идэж байх шиг мэдрэмж төрөхийг анзаарсан. Ийм мэдрэмжтэй учрахгүйн тулд амьдралаа гамнаж, эрүүл мэндээ хайрлаж явах чухал шүү. Эгчирхэх нээрээ ийм зүгээр гэдгийг анзаараагүй юм байна.
Ярилцагчаасаа асууж болдоггүй асуулт гэж байдаг уу гэж та надаас асуужээ.Би хариулъя аа. Гагцхүү яаж эвгүйцүүлэхгүй, уран, амтлаг асуух вэ гэдэгт л бүх учир бий шүү дээ.
Чи надаас “Та эмэгтэй хүнд дурлаж байсан уу” гэж асуух тийм ч гаж юм биш. Зарим үед эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү барьж үзмээр сонирхолтой, бас илүү амтлаг харагдах үе бий юу...ч юм уу. Эсрэг хүйсний хүнээсээ авдаг тэр гоё таашаалыг ижил хүйстнээсээ авч болдог тэр амьдрал таны хувьд юу вэ....эсвэл та бэлгийн цөөнхийнхний талаар ямар бодолтой явдаг вэ....энэ мэт түмэн янзаар асууж болно шүү дээ. Залуу, ноёхой та үүнийг сайн мэдэж байгаа.
Амьдрал харамсалтай нь бүх боломжийг тааруухан хүмүүст илүү их олгоод байх шиг харагддаг. Гэхдээ би атаач хүн биш. Би зүдрэхээс нэг их халгадаггүй шүү. Энэ л миний дотоод хүчийг бүтээж байдаг байж магадгүй.
Ээ бурхан минь, та чинь бас ямар гээчийн юм асуух нь энэ вэ. Эрийг юу эр болгож, эмийг юу эм болгодог вэ гэнэ үү....Би хариулъя аа.
Эрийг хайрлах чадвар, хамт байгаа бүсгүйгээ уйлуулж, бас нулимстай инээлгэж, өөртөө шингээж, бас жаахан гажигтай болгочихоод гараас нь хөтөлсөөр өтлөх чанар нь эр болгодог. Энэ бүхэн байхад эм хүн эм байдаг. Бас нууцхан шивнэхэд эмийг үнэндээ юу ч болоогүй юм шиг араар тавьчихдаг ч бас юу ч болоогүй юм шиг амандаа дуу аялаад нөхрийнхөө цамцыг угааж зогсдог сийхгүй чанар нь эм байлгадаг юм ш дээ. Би жаахан фантазитай хариулж байгааг та мэдэрч байгаа биз дээ.
За, ингээд Залуу ноёнтон Ж.Тэгшжаргал танд бичсэн захиагаа өндөрлөе дөө. Танд эмэгтэй хүнийх шиг хорон атлаа гэгээн цагаан мэдрэмж, эр хүний шазруун тэсвэр аль аль нь байдаг шиг надад санагддаг. Охид одоохондоо тоглоход амархан санагдаж байж мэдэх юм. Харин жинхэнээсээ зүрхэнд чинь хадаас зоож чадах хүн энэ хорвоод эмэгтэй хүн л байдаг юм шүү...бардам танхай залуу насаа сайхан эдлээрэй. Өө, нэг асуулт байна. Салхи хаашаа та тийш ээ байж нээрээ чадаж байна уу даа.....ккк