Jan 23, 2011

Нүцгэн


Далайн түвшнээс дээш 115 метрийн өндөрт Швейцарын Алетсчийн мөсөн гол дээр зогсоо нүв нүцгэн “нөхдүүд”-ийг хараад таньд ямар мэдрэмж төрж байгааг таах гээд үзэх үү. Ммм..., НҮЦГЭН гэдэг үг нэлээдгүй хүнийг ичээдэг гэдгийг мэднэ л дээ. Хачин, “солиотой”, нууц гэдэг ямар нэг сэжмээр холбоотой(Библид бас нэг хачин, эвгүйгээр тодорхойлсон байсан).
“Санаа”
Нүцгэн хүний зураг харж “таашаал” авдаг нөхдүүдийг “гаж донтон” гэсэн бүлэгт хамруулан ойлгодог хүмүүсийн нэг та мөн бол үнэнээ хэлье, би ч бас “тийм”. Гэхдээ яаран дүнгэлт хийхээс тань өмнө бас нэг үнэнээ өчье, энэ бүхэн Спенсер Туникийн санаа л даа. Дээрх “эвгүй нөхдүүд” бол хүн танаас болж байгаль сүйрч байна шүү гэдгийг дохиолж буй түүний “санаа”-нууд. Дулаарлын эсрэг гэрэл зургийн кампанит ажил эхлүүлснийх нь нэг хэсэг болох энэ бүтээл “хүн гуай та байгаль дээр нүцгэн ирсэн шиг ээ нүцгэн л буцах болно шүү” гэдгийг сануулах зорилготой. Зөвхөн энэ мессежийг таньд өгөх гэж сүүлийн 150 жилийн дотор урсгалынхаа 2/3-ыг алдсан Алетсчийн туниа муутай мөсөн голын хүйтэн цасан дээр 600 хүн зогсож байгаа нь энэ. Гэвч үүгээр зогссонгүй. Францын Бургундийн усан үзмийн талбайд ахиад л 713 этгээд нүцгэлэв. Учир нь дэлхийн дулаарал Францын дарсны үйлдвэрлэлд аюул учруулж байна. Саяхан бас бүсэлхийнээс доош хэсгээ бус нүүрээ навчаар халхалсан 3000 гаруй “Адам”, “Ева” Сурвейн ойд зогсож байсан. Амстердамд 2000, Барселонад 7000, Каракасын Саймон Боливарт 1557, Веннийн Ернст Хаппел цэнгэлдэхэд 2008 хүн... Өнгөрсөн гуравдугаар сард алдарт Сиднейн дуурийн театрийн өмнө Лэди Гага тэргүүтэй 5200 хүн сайн дураараа “санаа” болж зогссон (мөн л нүцгэн). Нүцгэн биенд дуртай Спенсер Туник гэгч нөхөр...
1988 онд Эмерсоны коллежийг урлаг судлалын баклавр зэрэгтэйгээр төгсөөд ажлын талбар дээр гарахдаа тэр ямар ажил хийж, юугаараа зоос олох тухай бодохын оронд нүцгэн зураг дарахыг л мөрөөддөг байж. Ганц, нэгийн зэргээр ч тогтохгүй, ертөнцийн бүх хүнийг нүцгэлчихмээр адын хүсэл л оргилох (өөрийнх нь хэлснээр) болсон нь тэр аж. Гэхдээ бидний бодож байгаа шиг гаж дон хэлбэрээр бус, дөнгөж төгссөн оюутан гэхэд түүний бодол дэндүү философилог байж. Анх 1994 онд АНУ-ын хил дээр асар зоригтой 57 нүцгэлэгчийн зураг авсан нь Америкийн “дэлхийн дээр зөвхөн бид” гэх үзлийг эсэргүүцсэн агуулгатай байв. Мэдээж, өөдөөс нь чулуу шидэхэд инээгээд зогсдог хэн байх вэ. Эхэндээ түүнийг ёстой л гаж донтон гэх нүдээр бүгд харцгааж. Гэвч юм үзэж нүд тайлсан Дублин, Буфалло, Монтреал, Сантиаго, Венн, Мехикод байдал тийм ч муу байсангүй. Илт дэмжихгүй юм аа гэхэд энэ чинь юу вэ гэж анхаарал хандуулах болов. 1997 онд Лайметонд цугласан нүсэр бүрэлдэхүүн, зураг авалт, уран бүтээл ёстой бут авсаан. Энэ чинь одоо хэн бэ?
XX зууны сүүлчээс гуч гаруй жилийн өмнө Нью-Йоркийн Миддлетаунд манай гаригийн хамгийн алдартай гэрэл зурагчдын нэг Спенсер Туникийн нялх дүр мэндэлжээ. Яг л өөрийнх нь уран бүтээлийн санаа шигээр нүв нүцгэн шүү (Нээрээ хүн бүр нүцгэн мэндэлдэг билүү). Өсвөр насандаа Лондон руу нүүж, Дульвичид суурьших зуураа Аллейнд анхан шатны боловсрол эзэмшсэн. Удалгүй бидний хэдийнэ мэдэх болсон сургуулийг төгсөж, хэдийн танил болсон замналаа эхлүүлсэн.
Урлаг цуглуулагч
Түүний өмнө нүцгэлэхээр Мехикогийн Заколад 18000 “санаа” цугласан нь Туникийн тогтоосон дээд амжилт байв. Нүцгэлэх юу нь сайхан байдаг юм бол??? (Яагаад ч юм Кристина Агилерагийн “Beautiful дуу санаанд орж байх чинь)
“Хүн яг л эхээс төрснөөрөө амь, амьсгал, судсаар нь гүйх цусыг юу ч халхлаагүйгээр урлаг бүтээх нь хамгаас гайхалтай... Урлаг хаа ч тааралдаж болно, амьдралын нэг хоромыг хэрхэн өнгөрүүлж байгаа нь ч өөрөө урлаг мөн. Тиймээс л би урлаг цуглуулж яваа юм...” гэж нэг удаа хэлсэн байна билээ. “Би зураг авахуулагч хүнээс урлаг авч, хариуд нь урлаг өгдөг” ... “Юу гээч Туник, би өөрийгөө ямар олон хог новшийн дор хөглөрүүлж орхисноо нүцгэн байхдаа л мэдэрлээ” гэж хэн нэгэн түүнд хэлж л дээ. Үнэний ортой байгаа биз. Түүний тооцоогоор хагас сая гаруй хүн Спенсерийн өмнө “хог новшноосоо салжээ”.
“Чингис хаанаас их нүцгэн хүн харсан гэж үү”
The White hot” сэтгүүлийн редактор Жое Хеапс Нелсон, Спенсер Туниктай 2009 оны гуравдугаар сарын өглөө 19-ны өглөө “Челсиа” рестораны даруухан ширээнээ ийн хүүрнэжээ.
-Спенсер, чамайг дэлхийн хамгийн олон нүцгэн хүн харсан хүн гэж нэрлэж болох уу?
-Чингис хаанаас их гэж үү?
-Та олон хүний нүцгэн биеийг амьдад нь харсан гэдгээрээ түүнээс өөр л дөө.
-Би маш олон нүцгэн бие харсан, бараг хагас сая дөхөх байх шүү. Гэхдээ XX зуунаас хойш л доо. (инээв)
-Би таныг анх Нью-Йоркийн гудамжинд 20 нүцгэн хүний зураг авч байхад харж байсан санагдана. Тэр үед та одоогийнх шигээ нэрд гараагүй байсан л даа. Гэхдээ санаанаас минь одоо ч гардаггүй нь галт тэрэгний буудлын сигналаас зүүгдсэн бүсгүйн зураг...
-Тийм ээ, тэгэхэд би энэ ажлаа дөнгөж эхэлж байсан. Энэ яг зөв газар гээд XIV гудамжны энэ газрыг сонгочихоод өглөө бүр нар мандахаас, шингэх хүртэл нь өнцөгөө олох гэж хичээж билээ. Нью-Йоркийн нэг азтай өглөө л би зөв цагтаа, зөв зургаа авсан гэж боддог шүү.
-Би энэ газрыг мэдэх юм байна. Нью-Йоркийнхон их уйдамтгай улс. Та нэг л сэдвээр дагнадаг хэрнээ яаж өөрийгөө ч тэр, бусдыг ч тэр уйдаахгүй байж чаддаг юм бэ?
-Эллсуорт Келли, Нанси Рубинс, Барнет Ньюмэн, Ротко.
-Ингээд л болоо юу.
-Тийм ээ.
-Анхны зургийн аппаратаа одоо санадаг уу?
-Техникийн хөгжил биднийг салгасан ч гэлээ би хамгийн анхны “Пентакс 76”-гаа одоо ч санадаг. Тэр үед “Катскилл Маунтайн” зочид буудалд зураг авдаг байснаа яагаад ч юм уйтгартай санагдаж эхлэхээр нь аппаратаа үүрээд зүгээр гадуур л явж эхэлсэн.
-Хэзээ бид танаас хувцастай хүмүүсийн зураг хүлээж болох бол?
-Ммм, сонин асуулт байна. Яагаад гэвэл хариултыг нь би өөрөө ч мэдэхгүй. Одоогоор би эхнэртэйгээ хамт нэг ном гаргахаар ажиллаж байгаа. Сүүлийн 10 жилд нэг ч ном гаргаагүй учраас илүү хариуцлагатай хандаж байгаа л даа. Мэдээж, энэ номонд нэг ч бие халхлах зүйлс байхгүй. (инээв)

No comments:

Post a Comment