Jan 22, 2011

“Хүн ер нь яах гэж ном уншдаг юм бэ?”

...гэж хэн нэгэн надаас асуухад яг таг хариулж чадаагүй юм даг. Өөрийн жишээн дээр бодож үзэхээр эхэндээ би унших ёстой, уншихгүй л бол хэн нэгнээс ямар нэг байдлаар хоцорчих юм шиг санагддагтаа л ном уншдаг байлаа. “Зуун жилийн ганцаардал”-ыг гурав дахин уншснаас хойш ном унших нь хэрэгцээ биш гэж үзээд уран зохиолд татагдаж, сонирхож унших эхлэл тавигдсан юм. Ингэлээ гээд дээрх асуултын хариу бүрэн дүүрэн гарч ирсэнгүй. “Ээ чи “Монте Кристо гүн”-ийг уншаагүй юм уу... “Анна Каренина”-г уншаагүй бол чи ном уншдаг гэж өөрийгөө хэлээд ч хэрэггүй...” иймэрхүү утга агуулгатай үг зөндөө л сонсож байлаа. Эхэндээ нээрээ ч эднийг уншихгүй юм бол болохгүй нь гэж үзээд оролдлогууд хийсэн л дээ. Үнэхээр хуурамч байсан. Энийг уншихгүй л бол болохгүй гэсэн бодол минь намайг тэр номын дотор ороход саад болоод үнэндээ юу ч ойлгоогүй. Тэгээд л мянга гаруй хуудастай тэр “нойр”-ыг орхисон доо. Борхесийг заавал унших ёстой гэж хэн ч надад хэлээгүй. Гэхдээ би уншсан, таалсан. Элдэв уран зөгнөлтийг эс тооцвол номонд бидний л мэдэх араншин, танил ертөнцийн тасарсан хэсгүүд байдаг. Тэгэхээр бид өөрсдийн мэддэг зүйлээ дахиад л уншиж цагаа үрдэг юм уу. Үгүй байх аа. Шинэ сэдэл, шинэ өнцөг, таашаал гэдэг зүйлстэй ямар нэг сэжмээр холбоотой. Аурелиано, Кираго, Парасэлсийн оронд байсан бол би ямар сэтгэл хөдлөл үзүүлэх бол, Йоханн Грезбахыг үнэн голдоо ортол үзэн ядах юм уу эсвэл Хосе Аркадио Буэндиатай цуг Москотег хамаг тэнхээгээрээ заамдан авах зэрэг надаас тэр бүр гарахгүй сэтгэл хөдлөлийг бодит болгон мэдрэх нь таалагддагтаа л би ном уншдаг байх. Хариулт нь олдохгүй байх тусмаа л дээрх асуулт үнэ цэнэтэй байна гэж үзээд орхие. “Хоёр хаан, хоёр хонгил”-ыг уншаад эхлэхээр л би шал өөр, дээд төрлийн хүн болчихдогт ямар ч нууц байхгүй. Цаанаа юу ч үгүй багийг хуулах гээд гар сарвайх нь ер нь утгагүй талдаа юм шүү дээ.
Харин “Үл мэдэх ба түүний нөхөд”, “Үүлэн бор”, “Зуун жилийн ганцаардал”, “Хөх жавар, “Хоёр хаан хоёр хонгил” эд миний амьдралд, хувь хүний үнэт зүйл бүрэлдэхэд хамгийн их нөлөөлсөн гэдгийг хэлэх байна.

1 comment:

  1. "Зуун жилийн ганцаардал", бас "Гэм зэм"-ийг уншаад үнэхээр шоконд орж билээ,,

    Ном гэдэг бол миний хувьд өөртэйгээ байж, өөртэйгээ ярилцах боломжийг бий болгож өгдөг цорын ганц зүйл дээ.

    ReplyDelete