(Фельетон)
“Тамхи үр удмыг тань сөнөөнө, зүрхний шигдээс үүсгэнэ, таван нас хорооно...” өөр юу ч билээ дээ. Энэ бүх сүрдүүлгийг сөрөн өнөө хэр хөх утаа баагиулж суугаа эр зоригийн тань өмнө мэхийн ёслоод, энэ гэгээн сайхан өдрийн мэндийг хүргэе. Ийм нялуун үгээр эхэлж, тамхи татах хоромоос тань хороож буйдаа хүлцэл өчихийн сацуу ноцтой мэдээ та бүхэндээ дуулгахаар яарсан сэтгэлийг минь ойлгоно гэж найднам (Эргэн тойронд чинь элдэв “тагнуул”, “Энд тамхи татахыг хоригло” гэсэн үзэл сурталгүй өгүүлбэр бүхий ухуулгын хуудас өлгөөгүй бол өнөөхөө асаачих, яадаг юм). Ганцхан бүтээгдэхүүнийг уйгагүй хэрэглэж, бүр мэргэжил болтол нь хөгжүүлсэн бидний хичээл зүтгэл, түүхийг уландаа гишгэж, тамхи татах эрхэнд минь аймшиггүйгээр халдах “Дэлхийн тамхигүй өдөр” гэх балай өдөр болох гэж байна. Тавдугаар сарын 31-ний тамын өдөр хаана хаана аа анхаарал, сэрэмж алдахгүйг хичээхийн хажуугаар өвөг дээдсийнхээ ариун нандин зан үйлийг дэг ёс дагуу нууцаар үйлдэх санаачилга бидний хэсэг нөхдөөс гаргав. (Айлтгүй, В.И.Путин, Б.Обама нар ч бидэнтэй нэгдсэн). Тамхи татах анхан шатны мэдэгдэхүүнгүй этгээдүүд их хэмжээний янжуурны иш хаясан өрөөнд биднийг өнжүүлж “эрүүлжүүлэх”, тамхины утаа туулайг хэрхэн үхүүлж буй зэрэг “+18”-тай кино бичлэг үзүүлэх төлөвлөгөө гаргасан сурагтай. Тиймийн тул олны хөлийн газраас хол, гэртээ ганц өдөр суусан нь дээр. Хүүхдээ саатуулангаа үзэж юу магад гээд, “Ну Погоди”-ийн CD явууллаа. Тэнд юу гардгийг та бид мэднэ, бие сэтгэлээрээ хамт байгаагийн бэлгэдэл гэж бодоорой.
Обама гэснээс манай клубын ТУЗ-ийн гишүүн, олон жил үнэнчээр утаа баагиулж яваа цаадах чинь тамхины эмчилгээнд явж буйгаа мэдэгдэж, тун ч хариуцлагагүй алхам хийсэн байна. Бид зохих ёсны шийтгэлийг үзүүлэхээр төлөвлөсөн байгаа учраас тайвшир, тамхиа нэг сорчих. Б.Обама багын л санаа муутай нөхөр байсныг бид мэднэ, аягүй бол олон жил нөхөрлөсөн бидний эсрэг кампанит ажил өрнүүлж магадгүй (Клубын зүгээс Б.Обамагийн татдаг нормыг өөрсдийн хувь дээр нэмэрлэх шийдвэр очсон гэж найдъя. Ягштал биелүүл!!!). Үүний сацуу клубын дүрмэн дэх зарим заалтыг шинэчилсэн найруулгын хамт Marlboro-ний ишэн дээр маш жижгээр бичиж тараасан байгаа. Улаанбаатарын утаа гэх гайхалаас болж (тамхинаас биш шүү) шинээр төрсөн хүүхдүүд (клубын ирээдүйн гишүүд болохыг анхаарна уу) эндэх тохиолдол ихсэж байна гэнэ. Бид тамхиндаа хайртай, гэхдээ бидний түүхийг бичилцэх ирээдүйгээ бэлдэхийн тулд өдөрт татах тамхины тоог найм болгож бууруулах хуулийн төслийг клубын тэргүүн дэмжсэн. Орон нутагт дахь салбарын гишүүд үүнд дургүйцэж, Сүхбаатарын талбай дээр адуу малаа туугаад ирчихсэн тууж байна. Туулайн баасыг тооцохгүй гэсэн нэмэлт оруулж байж арай гэж тайвшрууллаа. “Ийм балай шийдвэр гаргасан клубын ТУЗ-ийг тарах ёстой” гэсэн хачин балай лоозон бариад сүрдүүлж байна билээ. Тар гэсний зоргоор тарна ч гэж юу байхав, бүх гишүүдийн нэрийн өмнөөс бүгдийг зохицуулна аа, тайван бай.
Бас нэг зүйлийг дурдахгүй байж болохгүй нь. Юу гэхээр... юу билээ... за байз... ммм... Аа, тийм. Тамхи сорж байж л нэг юм саналаа. Ирж буй тавдугаар сарын 31-нийг тохиолдуулан үнсний сав хураах кампанит ажил энүүгээр өрнөсөн учраас захидалын цаасаа цоолсныг минь уучил. Цаас гэснээс, клубын зарим гишүүний хайнга байдлаас болж дутуу унтраасан тамхины цогноос гал гарч, байгаль орчин сүйдэж байна гэнэ. Мод байхгүй бол цаас юугаар хийх вэ, цаас үгүй бол тамхи юугаар ороох вэ гэсэн гаргалгааны дүнд клубын ирээдүйг бодож татах тамхины тоог тав болгож бууруулсан шүү. Таван хошуу мал гэсэн бэлгэдлийг бодож дээрх шийдвэрт хүрэв. Шинэчилэн найруулсан “Ну Погоди” хүүхэлдэйн тамхитай бүх хэсгийг хасаж орхисонд эмгэнэл илэрхийлж, нэг янжуур нэмсэн хэдий ч бидний эгнээний хүүхнүүдийн нас хорогдож байгаад үндэслэн гурвын зэргийг хасахаас аргагүйдэв. (Жендерийн тэгш байдал бидэнд тийм ч их нөлөө үзүүлэхгүй ч ирээдүйн тамхичдын эсэн мэнд бойжиход анхаарсан болно). Монголын ёс гурав гээд сэтгэлээ тайвшруул.
Бас дээр нь бидний халхавч болдог утааны улирал шувтарсан учраас зуны цагт тамхины зузаан манан тэнгэрт үүсэж, биднийг азаартуулаад байгаа учраас энэ бүхнийг харгалзан үзэж нэгийн зэрэг янжуурыг хориглосон болно. Тамхи үл татагчдын тоо жилээс жилд нэмэгдэж, Ойрхи Дорнодоос эхлээд бослого тэмцэл өрнүүлж эхэлсэн энэ үед азаартах шиг азаарны юм алга. Дээр нь муу Обама...
Өдрийн хоёр ширхэг янжуур дээр тогтож, гарын үсэг зурдгийн даваан дээр Японд газар хөдлөөтөхөв. Тэнд татах ч тамхигүй олон мянган гишүүд хэцүүдэж байгаад бид ч бас эмгэнэж, тусламжийн цуваа хөдөлгөхдөө та бүхний татах тамхинаас нэг нэгийг нийлүүлсэн болно. Тамхичид хүн чанартай, эв нэгдэлтэй байваас зохино гэж хэн гуайн хэлснийг сана. Түрүүн асаасан тамхи дуусгасан бол өнөөдрийн норм чинь дууслаа, клубын сайн сайхны төлөө тэнэг үйлдэл хийхгүй гэж найдъя.
Жич: “Тамхи таван нас хорооно” гэх цээр үгэнд бид өнөө хэр үнэмшдэггүйг та мэднэ. Гэсэн ч өнгөрсөн жил бидний эгнээнээс зургаан сая хүн хасагдсан байна. Яваандаа клубын гишүүдийн ирц ч бүрдэхгүй байж мэдэх нь. Клубынхээ сайн сайхны төлөө үлдсэн нэгийг хасахаас яах вэ. Хүн чанартай байх нь бидний хамгийн чухаг чанар. Японд үйлдвэрлэсэн сонсдог тамхи нэг хайрцгийг явууллаа. Үргэлжид тамхичдынхаа сайн сайхны төлөө, бидний яруу алдар бадрах болтугай.
Таныг хүндэтгэсэн “Тат, сор” клубын зөвлөл.
Маш нууц захиа тул уншаад устга!
<!--[if gte mso 9]>
chii chine anhnaasaa tatdaggui baisan baij yaaj baigaad orjixson ym omnogovi yavsan zurgiig chine niinhaa apparaadaas harsan chine ta bol mergejliin sorj bainalee
ReplyDeleteМиний аппартнаас харсан чинь гээч Начиаааан.. эххэ
ReplyDelete