Jul 20, 2011

Өс хонзонгийн гарын авлага



Би хоёр дүүтэй. Нэг нь гурван настай, нөгөө нь дөнгөж ой гарч яваа дүү охидтойгоо наадмын өдрүүдэд хамт байж, хүүхдийн ертөнцөөр хэд хоног аялах үүрэг гүйцэтгэв. Ер бишийн дураараа, санаж бодох юмгүй, хөргөгчөө хоосолж, амттанд бялуурч, хамт тоглож, хүүхэлдэйн кино үзэх зуураа хэд хэдэн “нээлт” хийлээ. Харамсалтай нь энэ сайн мэдээ биш. Үнэндээ тоглоомыг нь өрөөд, зурагтын өмнө уячихдаг тэд маань юу үзэж, юу туршиж байгааг хараад эмзэглэхгүй байж чадсангүй ээ. Хүүхэд гэдэг цэвэрхэн цаас. Тэр цаасан дээр бид сайн сайхан бүхнийг л зурж үлдээхийг хүсдэг ч энэ нийгмийн бараан сүүдэр хүүхдийн ертөнцтэй харин ч үлэмж тунгаар хутгалдаж байгаа юм бишүү. Тэд барбигаа үе мөчөөр нь салгаж, хооронд нь зодолдуулж байгаа мэтээр наадаж, хамгийн эмгэнэлтэй нь үүнийгээ тэд өөрсөд дээрээ туршиж байгааг хүүхэд насанд тохох аргагүй. Тэд өөрсдөө үүнийг сэдсэн юм биш үздэг хүүхэлдэйн кино нь зааж өгдөг. Монголын телевизүүд нэг үеэ бодвол хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кинонд зориулах цаг нь ихэссэн нь сайшаалтай. Харин тэдгээр нь үнэхээр хүүхдэд зориулсан, тэдний нас сэтгэхүйд тохирсон байдаг уу гэдэг л эргэлзээтэй.
“Би чамайг буудна”
“Хөгжилтэй бөмбөлөгүүд”, “Маша, баавгай хоёр”, “Луут бөмбөг Z”, “Наруто” “Спонж Боб” зэрэг цуврал болон “Кун фу панда”, “Тоглоомын түүх”, “Алвин ба жирхнүүд”, “Wall E”, “Найман галзуу шөнө” зурагтаар хамгийн их гардаг хүүхэлдэйн кинонууд. Таны хүүхдүүдэд хамгийн ойр “багш” нь эд. Гэвч ихэнх нь хүүхдийн нас сэтгэхүйгээс хэтэрсэн, аллага хүчирхийлэл бүхий дүрслэлээр баялаг байдаг. “Наруто” зэргийг бол зүрх муутай том хүн үзэхэд ч эвгүй юм. Үүнээс болж хүүхдүүд “Наруто”-гийнх шиг сэлэм, зэвсэг нэхэж, үүгээрээ үзсэн харсан бүхнээ найздаа эсвэл дүүдээ турших болов. Асуудлын гол нь үүнд биш, хүүхэлдэйн кино үздэг хүүхдүүд туйлдашгүй өш хонзон авагч болон хүмүүжиж байна. “Би чамайг буудна”, “Надтай тоглохгүй бол чамайг ална шүү”, “Найзаа хоёулаа буудалцаж тоглох уу”... хүүхдийн өрөө рүүгээ шагайвал тэд ийм л харилцан яриа өрнүүлж суугаа даа.
“Өш хонзонгийн гарын авлага”
Саяхан Германы судлаачид хамгийн алдартай хүүхэлдэйн киноны нэг болох “Астерикс Обеликс хоёр” цувралын зөвхөн нэг ангид эрүүгийн гэмт хэрэгт хамаарах 704 үйлдэл гарч буйг тогтоожээ. Тэр дундаа Обеликсийн толгой руу Гаул 400 удаа цохидог аж. Тиймээс Германы хүүхдийн нийгэмлэг дээрх хүүхэлдэйн кино болон “Том Жерри”, “Скүүби Дүү”-г хүүхдэд үзүүлэхгүй байх санал гаргажээ. Кино шүүмжлэгч Томас Турнерийн хэлж буйгаар дээрх кинонууд буруу зүйл хийсэн хүнээс өшөөгөө авах, тэгэхдээ бүр хэрцгийгээр, болж өгвөл алах ёстой гэсэн мессежийг хүүхдэд өгч байгаа гэж үзжээ. Муу хүүхэд гэж байдаггүй, муу хүмүүжүүлэгч л гэж бий гэдэг. “Кун фу панда” хүүхэлдэйн кинонд багшийнхаа өөдөөс тэрсэлсэн ирвэсийг бүх насаар нь шоронд хорьж, улмаар түүнийг хороосноор амар сайхандаа жаргаж байх жишээтэй. Ирвэсийг алсан баатар По панда хүүхдүүдийн шүтээн болж байгаа гээд бод доо. Бас л тулаанч баатар, сайн үйлийн төлөө цус аллагууд үйлддэг Наруто Монголын хүүхдүүдийн дунд “од” болж байсан цаг саяхан.
Гурван настай Т.Одончимэг маань дүү нь өөрийнх нь тоглоомыг булаасныг надад ирж мэдэгдэв. Асуудлыг зохицуулахын тулд би түүнд тоглоом булаах хэчнээн муу тухай лекц уншиж, ахиж тэгэж болохгүй гэдгийг хатуухан ойлгуулахын тулд загнаж үзэв. Хоёр талд уйлалдаж, дүүг нь загнасны дараа Т.Одноо сая нэг тайвширч, өрөө рүүгээ орж байна. Энэ ноцтой зүйл биш л дээ, хүүхдүүдийн хооронд байдаг л харилцаа. Гэхдээ үүний цаана өнөөх л өш хонзонгийн сэтгэл, дайсныг дарахын тулд юу ч хийсэн болно гэх “багш”-ийн зөвлөмж явж байгаа юм даа.
+25
Лалын шашинт орнууд, тэр дундаа Пакистан улс шашины агуулгатайгаас бусад хүүхэлдэйн кино гаргахыг хориглосон байдаг. Энэ нь хүүхдийн эрхэд халдаж байгаа хэрэг боловч үнэхээр л өнөө цагийн хүчирхийлэл дүүрэн хүүхэлдэйн кинонуудыг үзээгүй нь дээр ч юм шиг. Хүүхэлдэйн киноны дэлхийн томоохон суваг болох “Cartoon network” өнгөрсөн онд нэлээдгүй шүүмжлэлтэй тулгарсан. Эцэг эхчүүд энэ сувгийн нэвтрүүлдэг хүүхэлдэйн киног +25 ангилалд багтааж, хүүхдүүдэд булай бүхнийг харуулж байгааг эсэргүүцэж байв. Гэвч асуудал шийдэгдээгүйн улмаас эцэг эхчүүд хүүхдийн үзэж буй кинонд шалгалт явуулж, кабелиар дамжуулан хянах болсон. Харин манайд энэ асуудлыг зохицуулах газар байдаг уу. Хүүхэлдэйн киног ангилах байтугай, зурагтаар нэвтрүүлж байгаа садар самуун нэвтрүүлэг, аллага хүчирхийлэл бүхий киног хүүхэд үзэж болох, болохгүйг заасан тэмдэглэгээ байдаггүй. Өнгөрсөн жилээс л зарим суваг бөмбөлөгөөр ялгадаг болсон байна лээ. Гэхдээ энэ төгс шийдэл биш. Өнөөгийн хүүхэлдэйн киног хүүхдэд биш, +18 ангилалд оруулах зүйтэй бололтой.
Амар сайхандаа жаргахаас өмнө
Монголд хүүхэлдэйн кино хөгжөөгүй нь яамай даа гэж баярлах ёстой юм шиг. Гэсэн ч гаднын кинонууд Монголд чөлөөтэй нэвтэрч байгаа учраас ялгаа алга. Саяхан “Монгол ардын үлгэр” гэх хүүхэлдэйн киног дүү нартайгаа үзэв. “Долоон бор оготно”, “Үнэг, шаазгай хоёр” зэрэг үлгэрүүдийг дүрсжүүлэн бүтээсэн байна. Гэвч энд ч мөн сайхан зүйл алга. “Шар тос хулгайлсан дүүгээ зургаан ах нь зодсоор байгаад алчихжээ...”, “...дайснаа дарж амар сайхандаа жаргажээ” л гэнэ. Дүү нар маань эндээс чихэр булаасан нэгнийгээ алдаггүй юм аа гэхэд зодох ёстой юм байна гэдгээс өөр юу ухаарах вэ дээ. Ашиг олохын төлөө хэн ч юу ч хийж болно, үүнийг бид харин ирээдүйгээсээ нуух ёстой биш үү. Хүүхэд бол цав цагаан цаас. Харин тэр цаасан дээр бид юу бичих вэ?

No comments:

Post a Comment