Dec 31, 2011

2012.01.01

Оргилуун дарс ууж байсан хундага хоосон. Бялууны хайрцаг хогийн савны хажууд заларч, түрүүхэн өнгө өнгөөр солонгорч асан тэнгэр өнөөх л хуучин хэвэндээ. Өнө мөнхийн хар дээвэр. Өнгөрсөн он алдаа, оноо баяр хөөр бүхэнтэйгээ дурсамж болон үлдэж, удахгүй замхрах учир битүүлэг цаг хугацааны эргүүлэгт шилжинэ. Хүсэлд л амилах танил биш шинэ онд ямар учрал хүлээж байгаа нь ч таамаг мэт. Он солигдох мөчийн 00.00 цаг орчлонгийн хамгийн хоосон мөч байдаг.
Өвлийн өвгөнөөс бэлэг хүлээдэг хүүхэд нас холын холд үлджээ. Өвлийн өвгөн гэж байдаггүйг одоо би мэдсэн. Гэвч жаахан дүүгийнхээ мөрөөдлийг нугачихгүйн тулд гацуур модны дор тавих бэлэг бэлдэнэ. “Өвлийн өвгөнөөс...”. Худал үйл үйлдэхгүйгээр туйлын үнэн амьдрах боломжгүй гэдгийг өөртөө баталж буй минь энэ. Хүсэл биелүүлэгч бурхан байдаггүйг мэдэх хэрнээ оргилуун дарс тулгасны дараа нүдээ анин мөрөөдөж эхэлнэ. Өөрөөсөө эрэх аврал минь тэр юм болов уу даа. Маргааш өглөө нь хүслээс өөр юу ч үгүй, өнгөрсөн жилийн дурсамжаасаа хагацсан “нүцгэн” би сэрнэ.
Өнө мөнхөд ийм л байсан өглөө намайг угтах ч шинэ оны эхний нар, энэ цоо шинэ гэдэгт итгэхийг хүснэ. Биелээгүй, магадгүй хэзээ ч биелэхгүй мөрөөдлөө төсөөлөл дотроо жагсаасан хуучин өдөр. Өнгөрсөн жилийн энэ өдөр би юу хүсэж байлаа, түүнээс хэд нь биелсэн бол? Би юу алдаж, юуг шинээр нээсэн бэ? Гацуур модоо хураах цаг болжээ. Мөнхөд ногоон байх боломжгүй, энэ мод ч бас над шиг хиймэл юм чинь. Тийм ээ, цаг хугацаа гэж байдаггүй, над шиг л махан биеийн бодож олсон тэнэглэл биз. Нэг өдөр л үргэлж, дандаа, өнө мөнхөд давтагдаж байна. Тэр хуучин биш, шинэ ч бас биш. Зүгээр л нэг агшин аж. Азгүй өдөр, бүтэлгүй агшин, хүлээсэн, хоцорсон хором мөчүүд гэж байдаггүй. Энэ үргэлж давтагдаж байдаг, огтхон ч шинэ бөгөөд хуучин агшин биш учраас түүнд элдвийг нялзаах нь утгагүй хэрэг. Хэзээ эхэлснийг нь мэдэхгүй, хэзээ ч дуусахгүй цаг хугацаанд шинэ он, шинэ жил гэж байхгүй. Саяхан дүүрэн байсан оргилуун дарсны хоосон лонхыг хар даа.

2 comments:

  1. "Баярын тухай гунигт бодол" гэдэг гарчиг санаанд орж байх чинь.

    ReplyDelete
  2. hooson medremj torov. zgr l hooson

    ReplyDelete