Dec 17, 2011

Баяртай Эми, сайн уу Аделе. “Чамайг даа” Муррей


“Биллбоард” сэтгүүлээс нэрлэсэн хөгжмийн ертөнцийн оны онцлох 20 үйл явдал.

Лэди Гагагийн 1000 дахь түрүү

“Биллбоард” сэтгүүл шилдэг дууны жагсаалт гаргаж эхэлснээс хойш 52 жил болжээ. Тэгвэл дуучин Лэди Гагагийн “Born this way” дуу 1000 дахь долоо хоногийн №1 дуугаар тодорч, түүхэн амжилтын эзэн боллоо. “Үүнийг миний карьер дахь хамгийн хүндэтгэлтэй, эрхэм зүйл гэж хэлэхгүй бол магадгүй би тэнэг болох байх” хэмээн Лэди Гага сэтгэгдлээ илэрхийлжээ. Энэ дууны видео клипийг ганцхан долоо хоногийн дотор 85 сая хүн үзсэн байна.

Гайхамшиг! Адель

Хэрэв хөгжмийн ертөнцийн долоон гайхамшгийг нэрлэх бол Английн поп дуучин Адель гарцаагүй хамгийн агуу нь болох байсан биз ээ. Үгүй ч байж болно. Ямартай ч 2011 он түүнийх байлаа. Тэрбээр “21” цомгоо хоёрдугаар сарын 22-нд Англид худалдаанд гаргаж, долоо хоногийн АНУ-д нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл тэр хэнд ч гүйцэгдсэнгүй. Шархалсан зүрхний шаналан, хайр, будаггүй үнэн мянга мянган зүрх сэтгэлийг эзэмдэж орхижээ. Түүний “21” цомог 13 долоо хоногийн турш Биллбоардыг тэргүүлсэн бол “Rolling in the deep” дуу нь найм, “Someone like you” нь таван долоо хоног шилдгийн жагсаалтын тэргүүнд бичигдсэн билээ. “21” цомогт багтсан “Set fire to the rain” дуу нь өнгөрсөн долоо хоногт уг жагсаалтын 21-т бичигдсэн бөгөөд Биллбоардын тэргүүлэх магадлал өндөр байгаа аж. “21” цомог дэлхий даяар нийт 13 сая хувь борлогджээ.

Мянганы хатагтай Queen B

Тавдугаар сарын 22-нд 7.9 сая үзэгчийн өмнө дуучин Бэйонсе ээжийнхээ гараас Биллбоардын Мянганы шилдэг уран бүтээлч шагнал гардав. Тэрбээр энэ үеэр “4” цомгийнхоо анхны сингль “Run the world (girls)” дуугаа тайзнаа амилуулсан бөгөөд дүрс бичлэгтэй уралдан бүжиглэж, олныг алмайруулсан билээ.

Дахиад л Лэди Гага

Тэрбээр ганцхан долоо хоногийн дотор нэг сая хувь цомог борлуулсан цорын ганц уран бүтээлч болов. Цомог анх худалдаанд гарсан өдрөө Амазон цахим худалдаагаар ердөө 99 центээр зарагдсан бөгөөд гайхалтай маркетинг байсан хэмээн шүүмжлэгчид ярьжээ.

The Voicevs American idol

Хөгжмийн ертөнцөд реалити шоу амилсан жил байлаа. Алдарт “American idol” нэвтрүүлэг Саймон, Паула, Рэнди нартайгаа салах ёс гүйцэтгэж Кара, Стивен Тэйлор, Женнифер Лопез нарын шинэхэн шүүгчидтэйгээр эргэн ирсэн ч урьдын амжилтандаа хүрч чадсангүй. Харин сул орон зайд Cee Lo Green, Кристина Агилера, Блэйк Шелтон, Адам Лэвинэ нарын харьцангуй залууд оддыг эгнээндээ нэгтгэсэн “Voice шоу эзэгнэв. Гэвч Саймоны “X Factor USA” нэвтрүүлэг NBC телевизээр цацагдаж эхэлмэгц дээрх хоёрт гэнэтийн бэлэг барьсан билээ.

J.Lo and Marc: Баяртай!

Холливудын үлгэр жишээ хосууд гэгддэг Марк Энтони, Женнифер Лопез нар долоон жилийн хамтын амьдралдаа цэг тавьж буйгаа зарласан нь хамгийн том дуулиан байлаа. Ийнхүү тэдний гурван настай Эмми, Макс нэртэй ихрүүд гэр бүлийн аз жаргалыг дутуу амсах болов.

“Клуб 27” + Эми Уайнхаус

Өөрийнхөөрөө өөрийгөө нээсэн, Английн дуучин Эми Уайнхаус 27 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж Жими Хэндрикс нартай хамт “Клуб 27”-д “элсэв”. Архи, хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж амиа алдсан түүний цогцосыг зургадугаар сарын 23-нд Лондон дахь гэрээс нь олжээ. Энэ явдлын дараа түүний “Back to black” цомог нь хөгжмийн чартуудад эргэн ирж, эцэг Уайнхаус нь түүний нэрэмжит буяны сан байгуулсан билээ. Сонирхуулахад, түүний олны хүртээл болж амжаагүй дуунуудыг багтаасан “Lioness: Hidden Treasures” шинэ цомог өнгөрсөн долоо хоногт Англид худалдаалагдаж эхэлсэн.

U2: “360” аялан тоглолт

Алдарт U2 хамтлагийн “360” аялан тоглолтын тасалбар дэлхий даяар 7 сая хувь худалдаалагдаж, нийт 736 сая ам.долларын ашиг олсон нь супер амжилт байлаа.

Jay Z, Канье Уэст: “Watch the Throne

Тэдний хамтын бүтээл “Watch the Throne” цомог хип хопын ертөнцөд цахиур хагалж, Биллбоардын жагсаалтыг тэргүүлсэн. Уг цомогт багтсан “Otis”, “Niggas in Paris” зэрэг дуу нь ч дэлхий даяар олон сая хувь борлогдсон юм. Тэд тун удахгүй аялан тоглолт хийхээ мэдэгдсэн.

Sugarland”-ын үхэл дагуулсан тоглолт

Өнгөрсөн наймдугаар сарын 13-нд Индианаполист болсон Sugarland, Sara Bareilles нарын тоглолтын үеэр тайз нурж, долоон хүн амиа алдаж, 43 хүн бэртсэн нь хөгжмийн ертөнцийн хар толбо болон түүхэнд үлдлээ.

Кэти Пэрри Майклтай цуг

Дуучин Кэти Пэрригийн Missy Elliott-той хамтарсан “Last Friday night” дуу Биллбоардын жагсаалтыг тэргүүлсэн түүнийг түүхэн амжилтад хөтөллөө. Кэти Пэрригийн “Teenage dream” цомгийн тав дахь дуу уг жагсаалтыг тэргүүлсэн нь эмэгтэй уран бүтээлчдийн урьд тогтоогоогүй амжилт бөгөөд тэрбээр Michael Jackson-ий “Thriller” цомгийн амжилттай зэргэцэв. “Шүдний сойзоор микрофон хийгээд есөн настайдаа дуулдаг байснаа санаж байна. Энэ бол миний мөрөөдөж ч зүрхлэхгүй том амжилт байлаа” хэмээн Кэти Пэрри ярьжээ. Өдгөө түүний “One that got away” дуу нь Биллбоардын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж байгаа бөгөөд энэ дуу шилдгээр шалгарвал Майклын амжилтыг эвдэх юм.

Бэйонсегийн хэвлий дэх “Jay Z

Тэрбээр 2011 оны MTV Video music awards-ийн үеэр жирэмсэн болсноо зарлаж, шуугиан тарилаа. Уг тоглолтын үеэр Жэй Z-д зориулсан “Love on top дуугаа сонирхуулсны дараа уг мэдээ нэгэнт тодорхой болсон юм. “Хэвлийд минь бойжиж буй хайртай үрээ мэдрэх хамгийн сайхан завшаан” хэмээн ярьжээ.

Tyler, the Creator: “Welcome to F***ing future

Дуучин Tyler МТV VMA шагнал гардуулах ёслолоос Шилдэг шинэ залуу уран бүтээлчээр тодорсныхоо дараа ийн хэлсэн юм. “Welcome to Fucking future”.

Баяртай Стив

Хөгжмийн үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан Стив Жобсийн үхэл гэнэтийн бөгөөд итгэмээргүй мэдээ байлаа. “Apple” компанийг үндэслэгч энэ эрхэм технологийн ертөнцөд хувьсгал хийсэн төдийгүй хөгжмийн ертөнцөд ч нөлөө тусгалаа үзүүлсэн билээ.

Жастин Бибер аав “болсон” нь

Канадын поп од Жастин Бибер хараал зүхэл, алдар нэрийн оргилд зэрэг авирлаа. Mariah Yeater хэмээх эмэгтэй түүнээс хүүхэдтэй болсноо зарлаж, Жастинийг шүүхэд дуудсан юм. Хэрэв энэ мэдээ үнэн бол Жастин Бибер гурван сартай хүүгийн эцэг аж. Гэвч энэ нь батлагдаагүй бөгөөд дуучин Жастин Селена Гомез нарын хайрын романс үргэлжилж, уран бүтээлүүд нь ч дэлхий нийтийг байлдан дагуулсан хэвээрээ байгаа билээ.

“Чамайг даа” Муррей

Попын хаан Майкл Жексонд “үхлийн тийз” гардуулсан эмч Конрад Муррей дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлэв. Гэвч Майкл амьд байгаад, дэлхий ертөнцөд өгөх байсан гайхамшигтай харьцуулбал энэ юу ч биш хэмээн үзсэн шүтэн бишрэгчид нь эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн.



Төрийн дууллаа мартаж болохгүй

O say can you...” өнгөрсөн хоёрдугаар сард болсон Super Bowl тэмцээн дуучин Кристина Агилера АНУ-ын төрийн дууллыг дуулснаар эхлэх байв. Тэр дуулсан. Гэхдээ үгээ мартсан. Алдарт дуучны хувьд төдийгүй америкийн иргэн хүний хувьд тун ичгэвтэр байдалд орсон тэрбээр маргааш нь шүтэн бишрэгчдээсээ уучлалт хүссэн билээ.

Цахим од Ребека Блэйк

Kreayshawn, Lana Del Rey зэрэг Өмнөд Калифорнийн өсвөр насныхан хөгжмийн ертөнцөд цахиур хагалав. Гэвч хамгийн супер нь 14 настай, цахим од Ребека Блэйк байлаа.

Arcade Fire, Эсперанса Спалдин: “Юун Бибер?”

53 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол Эминем, Жастин Бибер нарынх болно хэмээн цөөнгүй хүн таамаглаж байлаа. Гэвч гол номинациудад тэдний горьдлого талаар болов. Эминем “Recovery” тодрох нь тодорхой гэж байсан Оны шилдэг цомгийн шагналыг ч “Arcade Fire”-ийн “Suburb” булаав. Тэгвэл шилдэг шинэ залуу дуучны шагнал Биберийнх гэж таамаглаж байсан ч эгшигт хайрцаг жааз дуучин Эсперанса Спалдины гарт очив. Жааз уран бүтээлч анх удаагаа энэ шагналын эзэн болсон нь энэ.

No comments:

Post a Comment