Feb 15, 2012

Өрнөдийнхөн рациональ сэтгэлгээнээсээ уйджээ


...Эхлэлээс өрнөл хүртэл нэг хэвийн амьдрал дундаа бид хэчнээн хором, мөчийг туучин өнгөрдгийг хэн мэдлээ. Гэвч энэ зуур нэг агшин, энгийн харилцан яриа, санамсаргүй учралуудаас торж үлдсэн хэдхэн мөр бүх л бүтэн амьдралын үнэ цэнтэй дүйх хэмжээнд хүрч өндөлздөг нь гайхмаар. “Шинжлэх ухааны хөгжил, одоо цагийн сайн муу бүхий л үйл явдлуудын үр дүнд хүнд иррациональ сэтгэлгээ чухаг хэрэгтэй байсныг өрнөдийнхөн одоо л ойлгож эхэлж байна. Өдгөө бид тэдний соёл руу хуйларч байгаа нь буруу биш ч өөрийнхөө уураг тархиар аливааг бодож, боловсруулах нь түүнээс чухал гэдгийг сая явахдаа илүү хурц мэдэрлээ”. Бидний ярилцлагын дараа дээрх хоёр өгүүлбэр ой ухааны минь гүнд шингэж үлджээ. Бид гэдэг нь Шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн С.Дулам, Хэл бичгийн ухааны доктор Г.Нандинбилиг болон миний биеийг хэлж байгаа хэрэг. Одоо хэдийнэ талийж одсон цаг хугацааны турш бид ийн ярилцсан юм.
-Санхүүгийн хямралд өртөж, зээлжих зэрэглэлээ нэг шатаар бууруулсан францчууд бүх нийтээрээ бүсээ чангалахаар “тохирсон” хэрнээ хаа холын Монголоос хоёрын хоёр эрдэмтэн урьж аваачих нь тэдэнд чухам ямар хэрэгтэй байсан юм бол?
С.Д: -Соёлын торгон мөн чанар болох рациональ, иррациональ сэтгэлгээгээ алдаагүй нь монголчууд юм байна гэж тэд харжээ. Тиймээс энэ хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй гэсэн бодол төрсөн байна. Францчууд оюунлаг хүмүүс учраас шинэ мэдлэг, мэдээлэл хүлээж авахыг бүхнээс эрхэмлэдэг. Тэд нэгэн үе рациональ сэтгэлгээгээр бүхнийг тунгааж, хэрэггүй гэснээ хаяж, гээж явсаар тодорхой нэг хязгаарт хүрсэн хойноо тойрч явах гээд алдаа гаргасан зүйл байна уу хэмээн тэмтэрч эхэлсэн байх юм. Жишээ нь, бидний очсон Турын их сургуульд францын түүх, соёл, тэр дундаа идээ ундааны соёлыг тусгайлан судлах ЮНЕСКО-гийн түшиц тэнхим (Chaire UNESCO) байгуулсан байна. Энэ соёлын өвөө ЮНЕСКО-д саяхан бүртгүүлсэнтэй холбоотой юм байна л даа. Францын суут зохиолч Франсуа Раблегийн “Гаргантюа ба Пантагрюэль” зохиолд энэ орны идээ, ундааны соёлын талаар дэлгэрэнгүй гарч байдгийг уншигчид санаж байгаа байх. Тэдний хувьд монголчууд идээ, ундааныхаа соёлыг хэрхэн үздэг, таван өнгө идээ, ундаа гэдэг нь чухам юу вэ, тэр нь монголчуудын ураг төрлийг хэрхэн бэлгэддэг талаар ярихаар содон соргог сонсогдсон байх. Тараг бол эхийн тал, нагацын ургийг, айраг бол эцгийн тал, авгын ургийг бэлгэддэг гэхлээр тэдэнд гайхалтай санагдсан аж. Тахианы мөч, хонины хаа тэдний хувьд ураг төрлийн бэлгэдэлтэй ямар ч хамааралгүй. Лекцийн дараа нэгэн докторант залуу “Бид өөрсдийгөө энэ дэлхийн хамгийн соёлтой хүмүүс гэж итгэж явсан. Гэтэл таны лекцийг сонсоод монголын соёл биднийхээс илүү уран тансаг юм байна гэх сэтгэгдэл төрлөө” гэж хэлсэн.
-Лекц сонсож буй хүмүүст гарал үүсэлтэй холбоотой ялгаа гарч эхлэхээр ямар нэгэн өөрчлөлт ажиглагдах юм уу?
С.Д: -Турын их сургууль 22000 оюутантай, байгалийн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн бүхий л салбарыг багтаасан том сургууль. Тэнд нь Нобелийн шагналт эрдэмтэд ч хичээл заадаг юм байна. Тус сургууль ЮНЕСКО-гийн түшиц тэнхим (Chaire UNESCO) гээчийг байгуулаад, францын идээ, ундааны соёлыг авцалдуулж судлахаар гадаадын профессоруудыг урьж хичээл заалгаж байгаа бөгөөд анхных нь бид боллоо. Үүнийг “Рабле сан”-гаас санхүүжүүлсэн. Тэгээд энэ түшиц тэнхмийнхээ гадаад гишүүн болгож байна гэж нэг мэргэжлийн зурагчин бүсгүй хуучин хотод өдөржин зураг авлаа. За, харин барахгүй ажил чинь тэр байна юм лээ дээ. Таван зуун зураг аваад, нэгийг л сонгох юм гэнэ. Тэр нь таван зуун еврогийн үнэтэй юм гэнэ. Топ моделийн зовлонг тэгэхэд л сайн ойлгосоон. Бид Турын их сургуулийн магистр, докторын түвшний оюутнуудад соёлын антропологи, бэлгэдэл зүйн цуврал лекцүүд уншлаа. Тэр дундаас тэдний нэлээд сонирхож буй зүйл нь монголчуудын идээ, ундааны соёл байсан. Бүр товчлоод хэлэх юм бол тэд бэлгэдэл зүйн учрыг ухаарах гэж урьд өмнөхөөс илүү эрмэлздэг болсон байна.
- Лекцээ тэгээд ямар хэлээр уншиж байв?
С.Д: - Франц хэлээр л уншилгүй, өөр ямар хэлээр унших вэ? Одоо чинь орчуулагчтай лекц уншдаг үе өнгөрсөн шүү дээ. Хүний хэлээр унших болохоор бэлтгэл их хэрэгтэй, ер нь зав зайгүй байсаар байгаад өнгөрсөн. Тэдний нэг удаагийн лекц нь гурван цаг үргэлжилдэг болохоор бүүр ч амаргүй.
- Франсуа Раблегийн их сургуулиас өөр газар лекц уншив уу?
С.Д: - Нэг нэгнээсээ дам сонссон юм байлгүй, Парисын ойролцоо байдаг Реймс хотын Урлаг, дизайны дээд сургууль урьж лекц уншуулсан, тэхдээ хоёрхон өдрийн дотор 12 цагийн лекц унших болоод ядарч байсан шүү. Яахав нэг шинэ хот үзэх хүсэлдээ хөтлөгдөөд зөвшөөрчихсөн юм.
-Тур бол Францын соёл, оюун санааны хар хайрцагны бодлого нь оршдог хот гэдэг. Бас бидний мэдэхээр Декарт, Рабле, Оноре де Бальзак, Пьер де Ронсар нарын төрсөн нутаг байх аа.
Г.Н: -Францын тусгаар тогтнол 800 гаруй жилийн түүхтэй бөгөөд тэд өөрсдийгөө өрнийн соёл иргэншлийн өлгий хэмээдэг. Орчин үеийн ардчилал, бүгд найрамдах ёс гэдгийг хувьсгалаар байгуулсан анхны улс шүү дээ. Энэ дотроо Тур хот нь байгалийн гоо сайхан, аялаг тухлаг байдлаараа гайхагдсан учраас Францын бүхий л үеийн хаадын орд, шилтгээн байдаг юм билээ. 16000 гаруй шилтгээн байдаг гэсэн шүү. Мөн Сэргэн мандлын үеийн агуу зохиолч Франсуа Рабле гарч ирснээр Латин хэлт соёлоос цэвэр франц хэлт уран зохиол үүсэх өлгий болсон газар хэмээдэг. Түүний зохиол гарснаас хойш л франц хэл утга зохиолын хэл болж бүрэлдсэн байдаг. Тур хот цэвэр франц хэл, аялгууны өлгий гэдэг утгаараа бидний сонирхлыг их татсан.
Францчуудад зохиолч, уран бүтээлчдийнхээ нэрээр гудамж, талбай үйлчилгээний газруудаа нэрлэх үзэгдэл нийтлэг байдаг. Харин биднийг Турт очиход Леонардо Да Винчийн нэртэй ресторан, байшин, барилга олон тааралдсан нь содон харагдаж байсан. Тэгсэн чинь энэ нутагт Леонардо Да Винчийн амьдралын сүүлчийн жилүүд өнгөрсөн юм билээ.
-Рациональ сэтгэлгээнээсээ уйдсан францчуудад түүх соёл, аман зохиолоо эргээд тэмтрэх, ямар нэг сэдэл төрүүлэх зүйл үлдэж үү. Энэ санаа таны “Хүмүүний сүйрэл” цуврал өгүүллээс ч цухалзаж байсан санагдана.
С.Д: -Рациональ сэтгэлгээ тэртээ тэргүй хүн төрөлхтөнд өгөх юмаа өгсөн ч, авах юмаа аваад арилчихжээ. Аваад арилсан тэр юман дотор нь иррациональ сэтгэлгээ, байх ёстой зүйл нь байсныг тэд анзаараад, дахин үгүйлж эхэлсэн байна. Монгол соёл бэлгэдлийн олон үелэл шатлалтай гэдгээрээ тэдний анхаарлыг гойд татаж байна. Гэтэл энэ нь тэдний соёлд бараг байхгүйтэй адил болжээ. Хэрэвзэеэ байвал дурсамж төдий, хааяа нэг “Библи”-ээсээ иш татаж юм яривал ярина. Язгуурынхаа үнэт зүйлийг мартаад, үүний орыг техник, технологи эзлээд хүн гээч амьтан машин болох янз руугаа оржээ, тэнд. Хүний оролцоогүй юмс олширч, ихэвчлэн машинтай харилцах болж. Бэлгэдэл, цээр ёс гээч нь энэ “машинжсан” нийгэм дотор хүмүүний мөн чанарыг хадгалах, үл мэдэгдэх “х, у” амин дэм байжээ гэдгийг би илүү сайн ойлгосон. Тэд биднээс юм дуулах гэж хүсээд, тэрхүү алдагдсан соёл руу нь бид дөхүүлж өгөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
Г.Н: -Дээр хэлсэнчлэн тэд мөнөөх рациональ сэтгэлгээнийхээ дагуу аман зохиолоо хайхрахгүй байсаар “алдагдсан иргэншил” (civilization perdu) болгочихсон. Өдгөө эргээд “Гаргантюа ба Пантагрюэль”-ээсээ л аман зохиолтой холбогдох зүйлсээ дурсан санагалзаж байдаг юм билээ. Рабле нь нутгийн аялгуу, аман соёл, грек, латин, итали хэлний хэлц хэллэг зэргээр франц хэлний найруулга болон үгсийн санг баяжуулж, өгүүлэлт зохиолын хэлийг бүтээсэн бол, яруу найрагч Пьер де Ронсар “Мичид” бүлгийн анд нарын хамт францын яруу найргийн хэлийг бүтээсэн гэдэг. Ийнхүү өгүүлэлт зохиол болоод, орчин үеийн яруу найргийн хэл нь хоёулаа Тур хот, тэндээс төрсөн зохиолчидтой холбоотой болохоор бас ч гэж соёл, түүхээсээ бүрмөсөн тасарчихаагүй дээрээ санагалзаж буй нь зүйн хэрэг. Францын гүний нутаг болох Турыг үе үеийн дайн тулааны үед хамгаалж үлддэг, хар хайрцагны бодлого нь эндээ байдаг бололтой, цэвэр франц хэл нь, цэвэр франц соёл, хаадын шилтгээн нь энэхүү өлгий нутагтаа байдаг юм билээ. Мөн Декартыг бид дурдахгүй өнгөрч болохгүй байх. Тэрбээр өмнө нь латин хэлээр бичдэг байсан философийг франц хэлээр анх бичсэн хүмүүсийн нэг. Харин Бальзакын хувьд түүнийг нутгийнхан “Наполеоны зэвсгийн хүчээр европыг эзлэх санаархлыг О.Бальзак бийр бэхийнхээ хүчээр биелүүлсэн хүн” гэлцдэг юм билээ.
-Тур хот руу явахаасаа өмнө ямар “асуулт”-д хариу авахаар зэхсэн байсан бэ?
Г.Н: -Би уран зохиол заах аргын хичээл зааж, дунд сургуулийн сурах бичиг бичдэг учраас хичээлийн дидактик, сургалтын арга зүйтэй холбоотой зүйлсийг ажиглан харж, тэр чиглэлээр хүмүүстэй уулзахыг зорьсон. Тэндхийн их, дээд сургуулийн сургалт их чөлөөтэй, элдэв бүртгэл, хар данс байдаггүй хэрнээ лекцийн танхим нь үргэлж пиг дүүрэн байдаг. Зөвхөн оюутан ч гэлтгүй настай хүмүүс ч сонирхож, сууж байхыг харсан. Бүгд Wi-Fi ашиглан лекцийн туршид яригдаж байгаа зүйлсийг тэр дор нь “Google”-ээс хайж олоод, харьцуулж үзээд, асуулт асуух гээд гар нь гозолзоод л суудаг юм билээ. Хичээл дуусангуут монгол профессорын хичээл ийм ийм боллоо гээд декан, тэнхмийн эрхлэгчиддээ и-мэйл биччихдэг юм билээ. Тэхлээр бидний хэлдэгээр цээжний бангаар туугаад байж болохгүй юм билээ. Харин сүүлд нь сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзахдаа хичээл заалгасан оюутнууд маань монгол профессор урьсныг талархсан, сургуулийн вэбэд лекцийг нь дахин байршуулж өгөхийг хүссэн хүсэлтээ ирүүлснийг бидэнд дамжуулж өгсөн. Харин дунд сургуулийн сургалт нь хүүхэд бүрийн онцлогт тааруулахыг чухалчилдаг бөгөөд хүүхэд бүр өөрийнхөө түвшинд л мэдлэг олж авахыг илүүд үздэг нь анзаарагдсан. Жакыг Жантай юмуу, Батыг Доржтой заавал адилхан болгох гэхгүй, харьцуулж уралдуулахаас зайлсхийсэн хүүхдийг урамшуулан хөтөлсөн харилцаа нь онцгой санагдсан.
-Энэ бүх гайхамшиг дунд байгаа хүмүүс нь чухам ямар вэ. Тэд түүхээ яаж хадгалж үлдсэн нууц руу нь өнгийж үзэв үү, та?
Г.Н: -Тэндхийн шилтгээнүүдийг үзэж явахад XV, XVI, XVII зууных гэнэ. Шенонсо дахь хатдын шилтгээн, Амбуаз дахь хаадын шилтгээн гээд бүгд цэцэрлэгтэй, жирийн айлын хаус ч цонхон доороо сарнайн буттай. Бид ямар нэг байшингийн хажууд цемент л байх ёстой мэтээр ойлгодог байтал тэнд үгүй аж. Жишээ нь, Леонардо Да Винчийн шилтгээний гаднах цэцэрлэг сэргэн мандлын үеийнх гэж байсан. Тухайн үед эл цэцэрлэгийг яаж байгуулсан, яг тэр өнгө төрхөөр нь арчилж, хэв маягийг нь алдалгүйгээр өнөөдрийг хүргэсэн байна. Энгийн нэг цэцэрлэгийг ийн хадгалж байгаа юм чинь бусад зүйлийг хэрхэн нандигнадаг нь тодорхой. Тэд юм бүхнээ өөрчлөлгүйгээр тухайн цаг үеийн түүхийг харуулах зорилгоор хадгалж үлдээд, үүгээрээ жуулчдыг татаж байдаг. Тур хотод хэддүгээр зууных гэдгийг нь ч хэлж чадамгүй, нүхэн гэрүүд байхтай таарсан. Уулыг нүхлээд хаалга, цонх гаргачихсан, үүнд нь өдгөө ч хүмүүс амьдардаг төдийгүй Францын хамгийн үнэтэй ресторануудын нэг нь байж байх жишээтэй. Олон зууны өмнө жирийн хүний амьдарч байсан байшин сууц ч өдгөө жуулчдын заавал үзэх ёстой зүйл болон хувирсан байх юм.
Леонардо Альпийн нурууг давж, илжигний нуруун дээр “Жоконда”, “Сент Анна”, “Сент Жан Батист” хөргүүдээ ачаад I Франсуа хааны урилгаар Францад ирж суурьшсан байна. Дэлхийн хүмүүс өнөөдөр “Жоконда”-г үзэх л гэж Францад ирдэг, Луврт очдогийг хэн бүхэн мэднэ. Тэгэхэд хааны гаргаж өгсөн Кло Люсе шилтгээн өдгөө ч тэр хэвээр байх бөгөөд дотор нь Леонардогийн ажлын өрөө, унтлагын өрөө, бичгийн ширээ цөм янзаараа байж байсан. Бүр АНУ-ын IBM компанийнхан очоод Леонардогийн хар зургуудыг ашиглан бүтээлүүдийг нь биежүүлж, тусгайлан үзүүлж байдагюм билээ.
-Та бүхэн өмнө нь Францад цөөнгүй удаа очиж байсан байх. Сэтгэл гэдэг хувирамтгай эд болохоор яг адилхан зүйлээс өөр өөр мэдрэмж авдаг байх. Сая тэндээс ямар шинэ санаа тээж ирсэн бэ?
Г.Н: -Уран зохиолын дидактикт юуг шинээр оруулбал дээр вэ, хүүхдэд урлаг, уран зохиолыг танин мэдүүлж, өөрөө мэдлэг бүтээлгэх дидактикийг сурах бичгээр нь дамжуулж, нэвтрүүлэх санаа төрсөн. Мөн хүн төрөлхтөн өөрсдийнхөө соёл, оюуны баялгийг яаж хөгжүүлдэг вэ, соёлын аж үйлдвэрлэл гэж юуг хэлдгийг ажиглах гэж оролдсон.
-Гадагшаа яваад ирэхэд эх орноо, дасал болсон бүхнээ өөр өнцгөөс харж эхэлдэг, тийм үү?
Г.Н: -Хүмүүсийн харилцааны онцлог чухал л даа. Францад бүхий л хүмүүс найрсаг харилцаан дунд оршдог. Гэтэл Орост ирэхэд орос авгай нарын дуу чангараад, илүү тушаах янзтай болж ирнэ. Харин Монголын нисэх дээр буухад түүнээс ч илүү аашилж, зандраад, биеэрээ түлхэлцээд эхэлж байгаа юм. Бид соёлтой харилцааг уран зохиолын хичээлээр дамжуулан хүүхдүүдэд заах хэрэгтэй юм байна. Манайхан уран зохиолын сургалтад “хүмүүжүүлэх” гэх үгнээс айж зугатаад “төлөвшүүлэх” гэдэг үгээр орлуулсан. Гэтэл төлөвшүүлэх гэдэг нь тэр хүнийг дахин бүтээх тухай асуудал. Францын сургалтад бол хүний харилцааг л чухалчилдаг байна. Тухайн хүүхэд хэн болох нь гэр бүлийн үнэт зүйлийн хүрээний асуудал болохоос биш түүнийг эвдээд бүхнийг адилхан болгох нь эцсийн зорилго биш юм.
-Тэгвэл одоо эсрэгээр нь харцгаая. Францын соёлд сөрөг, зарим талаараа биднийхээс дутуу зүйл ажиглагдав уу?
Г.Н: -Луар голын наана, цаана хуучин, шинэ Тур хот бий. Манайхтай адилаар байшингуудын хаалга нь хаашаа л бол хаашаа харсан байрлалтай. Анх очсон өдөр бүрхэг өдөр таараад, бид баруун зүүнээ ч ялгахаа больсон. Тэгээд нутгийн хүнээс хойт зүг хаана байгааг асуухад тэр мэдэхгүй гэсэн. Энд удаан жил амьдарсан хэрнээ зүг хаашаа байхыг өнөө хэр мэдэхгүй, бүр энэ тухай бодож ч байгаагүй тухайгаа хэлж, хойт зүг хаана байх нь нүүдэлчний юм уу, далайчинд хамаатай асуулт байх гэж билээ. Гэтэл монгол хүний хувьд зүгээ мэдэхгүй байх нь ухаан санаанд багтамгүй, байж боломгүй зүйл шүү дээ. Хөл толгойгоо алдснаас өөрцгүй. Тэгэхээр өөрсдөө төдийлэн анзаарахгүй байгаа олон чухал үнэт зүйл бидэнд их байгааг энэ төдийгээр хариулж болно.
-Энэ бүхний эхлэл рүү эргээд очъё. Рациональ сэтгэлгээнээсээ уйдаж эхэлсэн тэдний “алдаатай” соёл руу өдгөө бид бүр илүүгээр тэмүүлж байгааг та бүхэн юу гэж үзэж байна вэ?
С.Д: -Хүн төрөлхтний соёлд тэдний бүтээсэн бүхнийг бид ер үгүйсгэхгүй. Харин дагалдаж, хосолж явах ёстой зүйл нь тэдэнд дутсан байна гэсэн дүгнэлт би хувьдаа хийж байгаа юм. Хэдийгээр Франц улс, франц соёл иргэншил, урлаг, уран зохиол миний зүрх сэтгэлд эрхэм хүндтэй байр эзэлдэг ч би бүх зүйлд нь шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдрийг хүртэл явж ирсэн тэр рациональ буюу картезиан сэтгэлгээг нь би “Хүмүүний сүйрэл” цуврал бодролдоо хэдхэн хоногийн өмнө шүүмжилж бичсэн байсан. Тэгтэл харин тэр сэтгэгчийг төрүүлсэн нутагт нь “Би сэтгэж байгаа учраас оршиж байна” (лат. cogito, ergo sum) хэмээх бичигтэй хөшөөнд нь очдог байна шүү. Миний бодлоор би сэтгэж байхдаа төдийгүй, мэдэрч байхдаа ч оршин байдаг, тансаг билиг минь тасраагүй л бол оршин байдаг. Францын соёлд бидэнд хэрэгтэй зүйл их байна. Өнөөдөр бидний их юм болгоод байгаа ардчилалыг тэд сонгодог маягаар бүтээсэн. Өөр газрууд харин буруу тийшээ авч давхисан байж магадгүй. Хүний харилцааны асуудал бүр шийдэгдсэн. Бүх хүн бие биедээ баяр, хөөр, инээмсэглэл бэлэглэнэ гэсэн дадал зуршилтай байдаг. Гэвч бид аливааг өөрийнхөө бодол, сэтгэлгээ, уураг тархиар сээж, шүүн тунгааж хандах хэрэгтэй. Тэр үүднээс үзвэл, бэлгэдэлт сэтгэлгээ, тэр дундаа монгол бэлгэдэл зүй бол алдаж гээж болшгүй үнэт зүйл юм байна. Аналитик сэтгэлгээгээр үзэхэд ямар ч утга учиргүй юм шиг, хэрэггүй юм шиг санагдах тэр зүйл маань харин хүмүүнийг хүмүүн болгож, хүмүүнийг машин болгох, машины эд анги болгохоос сэргийлдэг зүйлс байсан юм билээ. Францчууд угийн оюунлаг хүмүүс болохоороо үүнийг ойлгон сэхээрсэн байна.
Г.Н: -Бид өдгөө бас ч гэж аман зохиол, утга соёл дундаа амьдарч байна. Харин тэд үүнийгээ алдчихаад, нөгөө л Ф. Рабле, О.Бальзак гэх эрт үеийн суутнууддаа нялзаах маягтай байдаг. Эргэн тойрондоо буй бүхний амин сүнсийг мэдэрч, эд зүйлсдээ ч гэсэн энэ мэтээр хандах нь маш үнэт баялаг юм шүү дээ. Жишээ нь, Францын соёлд орон дээр малгай тавьж болохгүй гэсэн хорио цээр байнаа. Яагаад ингэдэг вэ гэхээр хэн ч мэдэхгүй. Гэтэл монгол соёлын хорио цээр бүхэн өөрийн гэсэн тайлал тайлбартай, үүнийг нь захын чавганц хэлж суудаг. Энэ нь бидний хувьд бахархал мөн. Бас тэнд байхдаа нэг сонирхолтой зүйл ажигласан. Францчууд оройн хоолон дээр соёл, урлаг, уран сайхны мэдлэгээ хуваалцсан өргөн яриа өрнүүлдэг. Хоол идэх нь гол биш, харин үүнд хэнийг урьж авчирвал өнөөдөр ямар сэдвээр ярилцаж, шинэ мэдээлэл авч, танин мэдэхүйгээ нээх вэ гэдэгт анхаардаг. Энэ нь маш сонирхолтой бөгөөд ярилцагчид нэг сэдэвт зохиол биччих гээд, том том нээлт хийчих гээд л байх жишээтэй. Монгол соёлд хууч хөөрөх ёс гэж бий. Айлд орж хууч хөөрнө гэдэг нь маш том соёл байжээ гэдгийг дахин мэдэрсэн. Энэ нь өөр хоорондоо мэдээлэл дамжуулах, үндэстний дотоод хэлхээгээ бэхжүүлэх үнэт зүйл байжээ. Би өөрөө энд аман зохиолыг арваад жил судалчихаад ухаараагүй зүйлээ айлын хоол идэж суугаад олж мэдэж байх юм даа (инээв).
-Сүүлийн үед монголчууд маань ёотон шиг санагддаг болоод байна. Юу руу ч үсэрч ороод уусахад бэлэн. Тэр нь кофе юу, байхуу юу, эсвэл зүгээр ус уу гэдэг нь төдийлэн хамаатай биш юм шиг.
С.Д: -Яг зөв хэллээ. Тэр ёотон чинь бусдыг амттай болгох авч өөрөө алга болчихно шүү дээ, цай, кофе нь л үлдэнэ. Чи өөрөө нэг бодгаль л юм бол, өөрийн гэсэн гаралтай, үндэс, угсаатай, соёлтой хүн мөн юм бол үүнийгээ алдвал хэн болох вэ?. Эдгээр чанараа агуулж байж л бусдын соёлын хэрэг тустайг шүүн авч, гээхийг нь бас гээж чадна. Өөрийн ямар ч бодгаль чанаргүй бол фермийн үнээнээс өөрцгүй. Хөхөнд нь аппарат зүүвэл сүүгээ саалгаж, өвс тавиад өгвөл идчихнэ. Өөрөөр гийгүүлж гавихгүй. Тэгэхээр юм юмыг дуурайж, “сармагчлах”-аасаа урьтаж өөр хэнбугай ч булаацалдахгүй гагц өмч болох уураг тархиндаа оюун бодлоо сайтар боловсруулж, энэ дотроо өөрийгөө бүтээх ёстой юм. Залуу байхад дуурайх тал маань давамгайлж байсан байх л даа, одоо аливааг илүү олон талаас нь харж, өөрийнхөө бодол сэтгэлгээ, үзэл саналыг бий болгохыг чухалчлах болжээ. Тэр нь илүү сонирхолтой. Хүн ямагт өөртэйгээ адил хүнийг биш, харин өөр хүнийг л анзаарч үзэх байх.
Г.Н: -Бид үнэхээр л дуурайх дуртай юм бол ядаж сайныг нь л сонгох хэрэгтэй. Жишээ нь Францын сэхээтэн айлуудад зурагт байдаг ч түүнийгээ асаах нь ховор. Зайлшгүй мэдээлэл авах цагтаа л хэдхэн хором асаадаг бөгөөд зар сурталчилгаа, элдэв мэдээллийн түрэмгийллээс өөрийгөө хамгаалж буй нь тэр. Гэтэл бид өөрийгөө ч, үр хүүхдүүдээ ч хамгаалж чадахгүй болж, улмаар хүсээгүй үедээ хүсээгүй мэдээллээр тархиа дүүргээд, үүнийхээ үр дүнд стресстэж, өөрийн мөн чанарыг үгүй хийж байна. Хүүхдээ ч энэ мэтээр багаас нь “устгачихаад”, ёстой л хаашаа ч үсэрч ороод уусч мэдэх “ёотон” бэлтгэж байна.

1 comment: