Dec 5, 2013

Нью-Йоркийг үз, тэгээд зугт #2


            Цагийн зөрүүнээс болж өглөөний нарыг бид Нью-Йоркийнхноос 12 цагийн урд хардаг ч хөгжлийн хувьд тэд биднээс бараг нэгэн зуунаар түрүүлснийг харахаар дутуу, гуцуугийн комплекс аяндаа л асаад ирэх. Гэвч гоё хувцасласан, хөөрхөн хүүхнийг энэ ухаантай, бүрэн хөгжиж, боловсорсон хүн шүү гэж дүгнэх аргагүйтэй адил хоёр хотыг зэргэцүүлэх жиших нь утгагүй ч юм шиг. Өөр өөрийн онцлог, үнэт зүйлсээс тодорсон өвөрмөц хэв шинж байж л таарна (Өндөр шилэн барилгуудыг нь алмайран ширтэж явах зуур ийм нэг тайлбар олоод сая нэг тайвшрав).
            Дэлхийн нийслэл гэдэг нь ч үнэн юм аа. Орос, хятад, солонгос, латинуудын дүүрэг гэхчлэнгээр улс гүрнүүд энд бууриа засаж, аргагүй л тухайн оронд очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц юм бүхэн байна. Манхэттэний Чайнатаунд хүрвэл өөрийгөө хаана ирснээ ахин нэг бодмоор. Хятад хоолны хурц үнэр сэнхийж, төмс лууван, шарсан хуурсан элдэв дээдийн хүнсээ мухлагийн гадуур эрийтэл өрсөн гудамжуудад нь байх хяяг, шошго бүхэн ханзаар бичигдэж. Англи хаягтай дэлгүүрийг нь “aplle, abidas” гэж төөрүүлснээр, эсвэл хямд, хамгийн чанартай хэмээн бичсэнээр нь хялбар ялгаж дөнгөнө. Барагтай л бол инээдэггүй, дүмбэгэр хүмүүс зөрөх нь ч Нью-Йоркийн бусад хэсгээс тэс өөр. Энд хятад сургуулиас эхлээд “China daily” хүртэл хятадыг сануулах бүхнийг олж болно. Энэ бол 100 мянга орчим хятад хүн амьдардаг нэгэн вант улс. Күинс дүүрэгт мөн хятад, солонгосууд их. Тийш метрогоор явбал сандалууд цөм ази хүмүүсээр дүүрнэ. Эцэст нь хүрээд буувал Нью-Йорк дахь Азийн вант улс өмнөөс тосно. Үүнээс гадна латинуудын тоо, нөлөө энд бүр ч их. Нью-Йорк дахь испани хэлээр ярьдаг хүмүүсийн тоо англи хэлээр ярьдгаас давахуйц түвшинд хүрсэн хэмээн “Time” сэтгүүлд бичсэн байна лээ. Ортой л санагдсан. Орос дүүргээс “молоко”-ноос эхлээд “барбарис” чихэр хүртэл олдож, энд хэвлэгддэг “Asahi Shimbun”-ий дугаараас япон ресторан, ойрын үеийн үзвэрийн талаар мэдэж дөнгөнө. “Авъяаслаг америкчууд”-ын сүүлийн шоунд түрүүлсэн япон бүжигчин Кеничи Эбинагийн ярицлага, тоглолтын зарыг эндээс олж харах жишээтэй. Харин Нью-Йоркт монголчууд харьцангуй цөөн, ихэнх нь Вашингтон, Сан Франциско зүг рүү байдаг учраас нутгийн юм үзэх, хүртэх боломж бага. Гэхдээ л орос банш, төвд бууз олоход зовлонгүй, ойрхон ч санагдана.
Элдэв шоу тоглолт, үзвэр энд тасарна гэж ер үгүй. Нойрыг чинь “хулгайлах” Нью-Йоркийн нэг шид нь энэ. Хэрэв барилга байшин үзэж, дэлгүүр хэсээд залхсан бол шоу ертөнцөд нь сэтгэлийг чинь сэргээж, хорхойг чинь хүргэх юмс зөндөө. Өнгөрсөн жил Каннын дээд шагнал хүртсэн “Blue is the warmest color ашгүй Америкт нээлтээ хийгээд удаагүй байсан. Хавраас хойш хорхой хүргэсэн Абделатиф Кешишийн эл кинотой энд таарсан нь Нью-Йоркт ирсэндээ сэтгэл дүүрэх нэг шалтгаан. Зул сарын баяр дөхснийг хэлэх үү, бродвэйн театрууд соруудаа хэдийнэ дэлгэж. “Дуурийн хий үзэгдэл” мюзиклийг тоглож эхэлсний 25 жилийн ой гээд хөл хөөр дүүрэн. Гэм нь тасалбар бараг хагас сарын өмнө дуусчихаж. Эндхийн шоу бизнесийн ертөнц үргэлж завгүй эрчилж байдаг учраас хэнийг ч хүлээхгүй гэдэг хатуу дүрэмтэй.
“Хакуна Матата”! Азаар “Арслан хаан” аль эрт нээлтээ хийсэн болохоор олдоц гайгүй. Анх нээлтээ хийснээс хойш нийт 5350 удаа тоглогдож буй “Арслан хаан”-тай дайралдсан бол үзэхгүй өнгөрөх алдас. “Нэг удаа л үз, насан туршдаа дурс” хэмээн зарлалын самбарын дор бичсэн нь сүртэй. “MoMA” гэсэн дөрөвхөн үсгээр нь дэлхийн хүн бүхэн мэдэх Орчин үеийн урлагийн музей, “P.S 1”, Метрополитан урлагийн музей гэсээр тэнд өнгөрүүлсэн цөөхөн хугацааны нэг нэг өдрийг “хулгайлсан” гайхалтай газрууд, ёстой л нэг удаа үзээд, насан туршдаа дурсан санах бүхнээ дурсвал одоо ч гэсэн тийшээ гүйчихмээр л болох. Дэлхийн хамгийн алдартай секс музейнүүдийн нэг энд бас бий. 87 дахь удаагийн Мэйсигийн парадыг холоос үзэж, хүүхэлдэйн дүрст сүрлэг том бөмбөлөгүүд тэнгэрт хөөрөхийг харж,  “Хар баасан гариг”-ийн хямдралаар амжиж худалдаа хийх гэж дэлгүүрийн үүдэнд шөнөжин дугаарлах хүмүүстэй таарч ёстой л үзэхээс ихийг үзэж, харахаас ихийг харсан.
Намайг очих үед Рокфеллерийн гаднах талбайд Нью-Йорк хотын сүлд модыг засаж байлаа. Уг нь эдний гадаа орон орны туг өндөрт мандсан байдаг аж. Харин сүлд мод засах хэсгийг хашсан учраас Монголын тугыг өөр тийш шилжүүлсэн байсан нь тоогүй. Улсынхаа тугийг хайж тэрүүгээр нэг юм болох зуур гадаа бороо орж, дэргэд мөсөн гулгуурт хүмүүс тэшихийг хараад гайхаж билээ. Нью-Йоркт гэнэтийн явдалтай таарах угаас гэнэтийн биш болохоор алмайрах сөхөөгүй дараачийн зогсоол руугаа явж одлоо. Есдүгээр сарын 11-ний халдлагад сүйдсэн Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийн буурин дээр “One world trade center” сүндэрлэжээ. 541 метрийн өндөр нүсэр барилгыг 3.9 тэрбум ам.долларын өртгөөр барьсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж буй юм билээ. Уй гашууг дарах, өс хонзонд хариу барих энэхүү барилгыг америкчууд “Эрх чөлөөний цамхаг” хэмээн нэрийдэж амжжээ.
Өндөр барилгуудаар нь өртөөлж, өрөө болгоноор нь шагайж явахад ядрахаа ч хэдийнэ умартан жирийлгэх зуур өөрийн мэдэлгүй л сэтгэл догдолж, өнгөний сайханд нь хууртаж орхино. Гэвч эндээс явахын өмнө нэг ах маань “Өндөр барилгуудын оройг нь биш, булан тохойг нь сайн хараарай” гэж захьсан нь хонх мэт жингэнэж байсныг бол ер мартаагүй. Өөр өөрөөсөө өрсөн гялалзах гэрэлт хөшигнийх нь завсраар харвал энэ бол дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг. Гэмт хэрэг, үхлийн тоогоор АНУ-даа ч, дэлхийд ч дээгүүрт жагсана. Бидний хувьд бол киноноос л харсан, заримдаа кинонд ч гардаггүй аймшигт хэргүүдийн тоолуур өдөр бүр гүйнэ. Гэвч Нью-Йоркийнхон энд дасал болсон ч юм уу, ер нь үзэхээс ихийг үзсэн гэдэг шиг баргийн юманд эндхийнхэн сатаарахгүй болтлоо хатуужсан мэт санагдсан. Орой телевизийн сувгууд тохирсон юм шиг нэг сануулгыг давтана. “22.00 цаг болж байна. Таны хүүхэд гэртээ байна уу, та хүүхдээ хаана явааг мэдэж байгаа юу?” гэнэ. Учир нь хүүхэд хулгайлах гэмт хэргийн тоо энд үлэмж их. Хүүхдүүд санаатай, санамсаргүйгээр гэмт хэрэг үйлдэх нь ч олон.
Намайг очихын өмнө Рокфеллерийн өмнөх талбайд зассан мөсөн гулгуурийн талбайд өсвөр насны хоёр хүү хүний хүрэм булаах гэж оролдоод, эцэст нь газар дээр нь буудсан хэрэг гарсан байсан. Бидний бол санаанд ч орохгүй явдал. Гэвч Нью-Йоркт таныг алмайруулан гайхашруулах “гэнэтийн бэлэг”-үүдийн сүүдэртэй тал нь энэ. Хурдан хөгжихийн хэрээр амьдралын энгийн зүйлсээс таашаал авах нь больж, хүний ой тоонд багтахгүй авир гаргаж байж л онцгойрно. Хэн нэгэн гудамжаар нүцгэн явахгүй л бол сонин биш болсон ийм хөгжил манайд бий болоосой гэж хүсэмгүй санагдсан (Times square”-ийн “нүцгэн ковбой”-чуудын орлого эрс буурч, хүн тоохоо больсон гэсэн). Эрх чөлөөнд нь тэмүүлж, дэнгийн эрвээхэй шиг шавсан үй олон цагаачид мөнгө олохын тулд уйгагүй зүтгэнэ. Гол нь энэ завгүй хэмнэлд уусчихаар эцэж, цуцталаа ажиллаж буйгаа ч анзаарах сөхөөгүй болдог юм билээ. Манайхан ч тэр, гаднынхан ч тэр өдөрт хоёр гурван ажил зэрэг хийж, сард багадаа 2500 ам.доллар олохгүй л бол энд тэсэх аргагүй. Хэн ч албадахгүй хэрнээ, соёлтойгоор тулгах олон цензурын нэг нь ийм. Утаатай ч гэсэн Улаанбаатарт маань бахдах сайхан олон бийг сануулсанд Нью-Йоркт талархмаар санагдсан.
Өөнтөгч нүдээр харж явсан ч энд дурсах сайхан бас зөндөө л байсан. Эндхийн хэмнэл яг л дасгалжуулагч шиг хүнийг өдөр бүр эрчилнэ. Хөдлөхгүй л бол, тэмцэхгүй л бол болохгүй өглөө бүр сануулна. Эд эсийг чинь, хүч чадлыг чинь тулааны цэрэг шиг үргэлж хөдөлгөөнтэй, амьд байлгана. Сонирхлыг чинь хөглөж, боломжид хөтлөх бүхнийг эндээс хүртэж болно.
Харин энд өөрийгөө алдалгүй хадгалах л хэцүү байх. Энд удвал дэлхийн иргэн болдог гэсэн. Гэвч энд удвал эрээвэр, хурааврын нэг болох юм шиг санагдсан. Энд ирэгсдийн ихэнх нь явах хүсэлгүй болчихдог. Эндээс яваад хаа ч хүрсэн тэр нь дутуу, гуцуу харагдаж эхэлдэг. “Нью-Йоркт дэлхий арай л хурдан эргэдэг” гэж олон хүний амнаас сонсож билээ. Энэ яг л дон шиг, эсвэл мансууруулах бодис мэт.
Тийм л учраас Нью-Йоркийг нэг удаа үз, тэгээд хурдан зугт.   

3 comments:

  1. Сонирхолтой юм бичжээ. Баярлалаа

    ReplyDelete
  2. Зугтаад хаа холдох ч билээ. Дэлхий өөрөө Нью-Иоркшиж байхад...

    ReplyDelete