Dec 23, 2013

When porn was chic


            Порно бизнест Dow Jones-ээс дутахгүй их мөнгө эргэлддэг. Жилд 800 сая хувь бүтээгдэхүүн худалдаж, 57 тэрбум доллар олдог гэхээр үүнээс өөрөөр жиших аргагүй. Мэдээж 800 залуу жилд сая ширхэг порно худалдаж авдаггүй гэж найдаж байна. Тэгэхээр үзэгчид ч бас энэ зах зээлийн тоглогчдыг гомдоолгүй, цаг үргэлж услан тэтгэж байдаг бололтой. Хэн ч үүнийг урлагт тооцдоггүйн дээр барагтай л бол кино урлагийн нэг хэсэг гэж үзэхээс зугатаж, “Насанд хүрэгчдэд зориулав” гэсэн үгээр халхална. Бие даасан вант улсын адил хувь статусаар шоу бизнестэй өнөөдрийг хүртэл зэргэцэн оршиж буй порно ертөнцийн тухай хэн ч дэвэргэн ярьдаггүй мөртлөө хэн ч үзэхээс буцдаггүй. Порно бол порно л гэж ойлгоно. Харин хэрэв та 1970-аад оны үед Америкт амьдарч байсан бол тун саяхан нээлтээ хийж, шуугиан тарьж буй порно киноны шүүмжийг Chicago Sun-Times, Los Angeles Times өдөрт тутмын сонин, Time, Newsweek зэрэг нөлөө бүхий сэтгүүлийн хуудсаас уншиж болох байв. Тэр үед порно ертөнц Холливудтай өрсөлдөхүйц дуулиантай, нэр хүндтэй байсан бөгөөд жүжигчид нь улаан хивснээ нүүр бардам алхаж, телевизээр ярилцлага өгч, Канн, Венецийн кино наадамд хүртэл оролцдог байж. “Тэр үе” гээд байгаа нь түүхэнд порно киноны алтан үе хэмээн үлдсэн (зарим нь порно чик гэнэ), 1970-аас 1980 он хүртэлх арван жилийг хэлж буй хэрэг. Хэрэв энэ тухай ярихаар хэрэг шулуудсан бол кино зохиолч, найруулагч Жерард Дамианог, түүний 1973 оны алдарт бүтээл, бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон порно кино Deep Throat-ийг, гол дүр бүтээсэн Линда Лавлейсийн дурдахаас аргагүй. Порно урлаг болоход, энэ чик байхад хамгийн их нөлөө тусгал үзүүлсэн нь дээр нэр дурдсан гурав болой.
Хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс нь хойш даруй арван жил өнгөрсөн ч Линдагийн нэр алдрыг гүйцэж түрүүлэх порно жүжигчин өнөөдрийг хүртэл төрөөгүй л байна. Тэр хатан хаан байсан. Тэр далаад оны эрчүүдийн өдрийн бодол, шөнийн зүүд байсан. Тэр өөрийн нь хэлснээр үе үеийн залуусын гар хангалгын гарын авлага болж байсан. Гэхдээ Линда Лавлейс порно бизнест ердөө 16 өдрийг өнгөрүүлсэн юм.
           
Нью-Йоркийн Бронксийн жижиг тосгонд төрсөн, цагдаагийн офицер Жон Бормений ганц охин шаргал үст, хонгорхон Линда порно кино үзэх нь байтугай, сексийн талаар сурах бичиг дээрх зурагт хуудсаас өөрийг мэдэхгүй 16 насандаа сүсгээ даган Гэгээн Жон Баптистийн нэрэмжит Гэлэнмаа нарын сүмд элжээ. Найзууд нь түүнийг “ариун хатагтай” хэмээн хочилдог байсан бөгөөд үг дуу цөөтэй тэрбээр хаа явсан газраа библи сугавчилж, юуг ч үл тоон зөвхөн түүнийгээ шагайн өдрийг бардаг байсан гэдэг. Тэгсээр удалгүй эцэг нь тэтгэвэрт гарч тэднийх гэр бүлээрээ Флорида рүү нүүлээ. Линдагийн ээж хатуу, хахир хүн байсан бөгөөд ганц охиноо үргэлж цагдаж, 22.00 цагаас хойш гэртээ орж ирэхийг нь нүгэлд тооцно. Гэвч хамбатан ч сексийн хүслээ тэвчиж чаддаггүйг өөрийн нүдээр харж байсан Линда 19 нас хүрмэгц охин настайгаа салах ёс хийсэн бөгөөд азаар энэ явдал 22.00 цагаас өмнө дуусжээ. Гэлэнмаа нарын сүмийг охин настайгаа хамт орхисон Линда Лавлейс Нью-Йорк руу буцаж, компьютерийн сургуульд элсэн, үзэж туулах ёстой шоу, үдэшлэгийг гүйцээж явсаар Чак Трэйнортой танилцсан нь түүний амьдралд нэг сайн, нэлэнхүйдээ муу үр дагавар хамт авчирсан юм. Энэ учрал порно киноны алтан үетэй давхцан тохиосон бөгөөд Трэйнор түүнд амжилт муутайхан порно жүжигчин, найруулагч гэдгээ хэлээгүй ч Линдаг анх харахдаа л нүдэнд нь дурлалын бас бизнесийн оч гэрэлтсэн гэдгээ хожим хүлээн зөвшөөрсөн байдаг.
Порно киноны зах зээл тэгэхэд улайн цайм ил гарахгүй ч бас далд оролгүй өөрийн гольдролоор энгийн даруу хөвөрч байлаа. Харин 1960-аад оны сүүлээс феминизмийн хоёр дахь давалгаа өрнөж, сүсэгтнүүд, соёлын феминистүүд порно зах зээлийг тэмцлийнхээ бай болгон хэвлэлээр сүрдүүлж, гудамжинд жагсаж эхлэсэн. Энэ тэмцэл үнэхээр хүчтэй нөлөө үзүүлсэн, харамсалтай нь эерэг утгаараа. Нууц далд байсныг илчилж, олны хүртээл болгоход тэдний байгаа оноогүй тэмцэл ихээхэн тус дэм болсон юм. Үүнтэй зэргэцэн Билл Оскогийн Mona The Virgin Nymph, Вэйкфиьелд Пулын Boys in the sand (гей), Митчеллийн ах дүүсийн Behind the Green Door зэрэг хийцийн хувьд мэргэжлийн өндөр түвшний гэж үнэлэгдсэн порно шил даран нээлтээ хийн шуугиан тарьснаар насанд хүрэгчдийн кино ертөнцийн тогтсон хэв маяг ч задарч илүү нээлттэй, илүү урлаглаг болж эхэлсэн. Энд нэр дурдсан кинонуудын секс зураглалыг эс тооцвол Холливудын бүтээлээс дутах юм үгүйн дээр мэргэжлийн баг ажилладаг болж, хөтлөх үйл явдал бүр өөрийн гэсэн саундтрактай болтлоо дэвшснийг ч бас онцгой үйл явдал хэмээдэг. Видео хуурцаг гараагүй байсан учраас порнограф жижиг кино театруудаар дамжиж олонд хүрнэ. Тэдгээрийн суудлын тоо ч жирийтэл дүүрэх болж, үнэхээр энэ зах зээл гэнэтийн өөрчлөлтөд алхам алхмаар бэлтгэгдэж байлаа. 50 мянган долларын бага төсвөөр бүтсэн Мишелийн ах дүүгийн бүтээл Behind the Green Door хоёр долоо хоногийн дотор ашгаа нөхөж, нийтдээ 50 сая долларын орлого олж байсан гэдгээр тэр үеийн багцааг мэдэж болно. Мэдээж энэ баярт үйл явц порно зах зээлтэй холбоотой хүн бүрийг, тэр дундаа Чак Трейнорын дотрыг ч гижигдэж эхэлсэн.  
Линда Лавлейст хамаг сайхан үзүүлж, эцэг эхтэй нь анхны орон зоог барихдаа тун ёсорхог, бас шогч гэдгээ харуулснаар ядах юмгүй хайрт бүсгүйгээ өөрийн болгосон Чак Трейнор тэсгэл алдан Линдад хамаг үнэнээ найрсагаар илчилж, түүнийг порно бизнест хөл тавиач хэмээн шуудхан ятгаж эхлэв. “Энэ бол чи бид хоёрын орой бүр эдэлдэг л цэнгэл. Дэлгэцээр гарна гэдгээрээ л ялгаатай болохоос биш” гэнэ. Хачирхалтай  Линда Чакийг зовоолгүй, тэгсгээд зөвшөөрчихөв. Гэнэтийн хариу үйлдэлд нь цочирдох ч сөхөөгүй Чак эрдэнэсээ дагуулан порно киноны нэртэй продюссер, найруулагчидтай уулзаж эхэллээ. Үнэндээ өөлөх юм нэг ч үгүйн адил Линдад бусдаас ялгарах гойд зүйл бас туршлага байхгүй учраас Чакийн эрдэнэсийн цаад үнийг цэнийг хэн ч анзаарсангүй. Найруулагч Жерард Дамианотой уулзаад бас л бүтэлгүйтэж арга ядахдаа Чак Трейнор түүнд хувийн бичлэгээ үзүүлсэн байдаг. Ямар ч жүжиглэлт байхгүй цэвэр бас чадварлаг байдал нь Жерардын анхааралд өртөн, мань эрийн шинэ киноны гол дүрд чухам тохирч мэдэхээр байсанд дөрөөлөн, тэр эрсдэл гаргахаар шийдлээ. Харри Риймс, Карол Коннорс нарын шидээврийг хэдийнэ олоод байсан Жерард Дамиано шуудхан л зураг авалтаа эхлүүлснээр бүх цаг үеийн хамгийн алдартай порно кино Deep Throat хийгдэж эхлэв. Эхний сцениэс л Линдагийн ур чадвар тодрон гарч, кино багийн хүн бүрийг алмайруулсан бөгөөд Жерард Чак Трейнорт болон түүний үнэт эрдэнэст нь хязгааргүй талархаж байлаа.
Алдарт найруулагч Жерард Дамианогийн шинэхэн бүтээл Deep Throat-ийн нээлтэд оролцохоор Нью-Йоркийн Шинэ ертөнц кино театрт хүрэлцэн ирсэн зочид Линдагийн ямар бэлэг бэлдсэнийг тааварлаа ч үгүй бөгөөд, кино дууссаны дараа тайзнаа гарч ёслоход нь удтал алга нижигнүүлэн ташсаны чимээ нь Америкийн Кино академийн дээд шагнал Оскар гардсан жүжигчинд хүндэтгэл үзүүлж буйгаас дутах юмгүй байв. Энэ кино 22500 долларын төсвөөр бүтсэн атал нээлтээ хийснээс хойш долоон долоо хоног болоход хэдийнэ сая долларын орлого олж амжжээ. 1 Deep Throat тухайн үед Variety сэтгүүлээс гаргадаг байсан ашиг орлогоороо тэргүүлсэн киноны жагсаалтад зургаан сар дараалан эхний аравт багтан, нийтдээ 600 сая долларын цэвэр ашиг олсон гэдэг. “Оддын дайн”-аас ч их ашиг олсон гээд үзвэл тэр үеийн дуулиан, шуугианы талаар та ойр төсөөлөл авч мэдэх юм.
Киноны тухай эерэг шүүмж нөлөө бүхий хэвлэлүүдээр гарсны дотор Chicago Sun-Times-ийн Рожер Эберт хүртэл үзгээ элээж, магтаалын өгүүлбэр хэлхсэн байдаг. Учир нь Deep throat-ийн амжилтаас хойш порног кино урлагийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх болж, порно өөрөө чик хэмээх тодорхойлогдож эхэлсэн юм. Үүнийг дагаж хийгдсэн Sensations (1973), Devil in Miss Jones (1973), Alice in Wonderland X-Rated musical Fantasy (1976) ч шүүмжлэгчдийн болон үзэгчдийн урмыг хугалаагүй. Порно киноны гэнэтийн энэ тэсрэлт Холливудыг ч хөдөлгөөнд оруулж, найруулагчид кинондоо эротик зураглал, нүцгэлэх хэсгүүдээр чимж, цаг үетэйгээ хөл нийлүүлж байсан юм. Тэд Deep Throat тэргүүтэй порно болон, үүнээс арай өмнөхөн гарсан Бергманы Silence, Вильгот Шёманы I Am Curious Yellow-оос бүтээлчээр суралцах болов. Бас энэ зуур, сүүдрийг нь дагаж гей порно ч чамгүй цэцэглэсний дундаас Жо Гэйжийн ажилчин эрийн трилоги хамгийн алдартай нь байсан. Киноны нэрт шүүмжлэгч асан Рожер Эберт Kansas City Trucking Co. (1976), El Paso Wrecking Corp. (1978), L.A. Tool & Die (1979)-ийг тун чамбай хийцтэй хэмээн үнэлж, хэрэв үзэгчид эндээс гей болон порно гэсэн хоёр утгыг алгасан үзвэл дэлгэцийн шидээврийн тоонд орчих тун магадтай гэж байв. “Би амьдралдаа гуравхан гей порно үзсэн. Гэхдээ ажилчин эрийн трилоги бол бүх цаг үеийн хамгийн шилдэг гей порно гэдгийг бардам хэлэх байна” хэмээсэн удаа ч бас бий.
Тэрбээр далаад оны порныг хоёр ангилж авч үзсэн юм. Эхнийх нь, зөвхөн театрт гардаг, харьцангуй хөнгөн хэлбэрийн секс дүрслэлтэй, ихэвчлэн бага төсвөөр бүтдэг, драм, инээдмийн жанртай. Расс Мэйэрийн The Immortal Mr. Teas бол үүний сонгодог жишээ. Энэ төрлийнхөд сексийн деталь хэсгүүд цөөн ордгоос гадна энгийн порнод лесби зураглалууд оруулснаараа шинэлэг байсан. Хоёр дахийг зөвхөн нууц үдэшлэг, хааллтай партиний үеэр үзүүлдэг бөгөөд хард-кор төрлийн хэцүү зураглал ихтэй, ерөнхийдөө 10-20 минутаас хэтрэхгүй богино хэмжээтэй. Ийм төрлийн ихэнх кино дуугүй, жүжигчид нь нүүрээ халхалж элдэв баг зүүсэн байдаг аж. Тухайн үеийн хууль бус, хориотой бүхнийг хамж, шимж үзүүлдэг учраас кино театраар мэдээж гаргахгүй. Хэрэв хэсэг бүлэг тэнэг зоригтон эдгээрийг кино театруудаар гаргасан бол порно киноны алтан үе тэр дорхноо л эцэс болж, нийтийн дургүйцэл, хуулийн хоригтой тулах байлаа. Гэвч ийм зоригтон ганц л гарсан. 1 The Connection  хэмээх хард-кор киног театрт гаргасан нь хэтэрхий хүнд зураглал, геройн хэрэглэж буй хэсгээсээ болж шууд л хориглогдсон. Азаар хэрэг явдал цааш дэврэлгүй, тэгсхийгээд намжсан юм.
Харин энэ зуур Линда Лавлейсийн дуулиан шуугиан намжаагүй байлаа. Шаргал үст, тачаангуй бүсгүйн дараачийн киног хүлээсэн үзэгчид Жерард Дамиано руу захидал бичиж, шар хэвлэлүүд ч ил, далдаар өдсөн нийтлэлүүд гаргаж эхлэв. Анхны киногоороо л алдрын оргилд хүрсэн Линда энэ бүхнээс хэдийнэ залхсан байсан бол их мөнгөний амтанд орсон Чак Трейнор эсрэгээр хөхин баясч, продюссер, найруулагчтай Линдагийн өмнөөс дур мэдэн уулзаж, шинэ киноны гэрээ үзэглэж явлаа. Чак өөрийгөө шууд л Линдагийн менежер хэмээн нэрлэж, киноноос олсон бүх ашгийг халаасласан. Хожим ил болсноор 600 сая долларын ашиг олсон Deep Throat-өөс гол дүрийн жүжигчин Линда Лавлейсийн гарт 1250 доллар л ирсэн гэдэг. Гэхдээ мөнгөндөө ч гол учир байгаагүй байх. Линда гэр бүлийн халуун дулаан амьсгал, тайван амьдралыг хүсэж байсан бол Чак порно бизнес, мөнгөний амтнаас салж чадсангүй. Тэгэх хүсэл ч төрж байсангүй. Чакийн ятгалгаар Линда Deep Throat киноны хоёрдугаар ангид  тоглосон амжилтгүй оролдлого байж, багахан хэмжээний л ашиг олсон.
Яван явсаар Линдагийн сураг алдарч эхлэхэд эсрэгээр порно бизнест Жон Холмесийн нэр чимээ шуугиан ихтэйгээр цуурайтаж байлаа. Линда Лавлейс порно ертөнцийн хатан хаан нь байсан бол Жон Холмес гарцаагүй хаан нь юм. Түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн Boogie Nights (1997)-ийн найруулагч Пол Томас Андерсон “Жон Холмес бол порно ертөнцийн Элвис Прэсли” хэмээ дүйцүүлэн жишсэн байдаг нь үнэний ортой ч байж мэднэ. Жон бэлгэ эрхтнийхээ хэмжээгээр алдарт хүрсэн. Тэр үеийн эрэгтэй порно жүжигчид дунд түүний энд хүрэх “зэвсэг”-тэй хүн нэг ч байгаагүй болохоор тэр.  
Жон Холмес сагсуу эр байлаа. “Миний эрхтний урт 89 см, өдөрт 100 удаа секс хийсэн ч цуцахгүй” гэж ярина. Энэ мэдээж дэгс боловч The Life and Times of John C Holmes баримтат кинонд дурдсанаар Sex Psycho (1970)-оос эхлээд Angels and Semen(1986) хүртэл буюу зодог тайлтлаа тэр 14000 мянган эмэгтэйтэй унтсан гэдэг нь ортой. Линдагаас бусад, тухайн цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй порно жүжигчид бүгд л Жон Холместой хамт нэг кинонд тоглосон байдаг. Анх нэг киноноос 3000 долларын цалин авдаг байсан ч хожим үүний ард хоёр тэг нэмэгдэх хүртэл тэр алдаршсан. Америкийн насанд хүрэгчдийн кино нийгэмлэгийн шагнал, “Порно Оскар”-аас тэр хамгийн олон шагнал хүртсэн эрэгтэй жүжигчдийн нэг ч болсон. Уг шагнал гардуулах ёслол порно киноны алтан үе дуусах хүртэл буюу 1986 он хүртэл арав гаруй жил болоод цуцлагдсан л даа.
Мөн Холмес кино урлагийн нэгэн том фигур байсныхаа хувьд Канн, Нью-Йоркийн кино наадмын улаан хивсэн дээгүүр ч мөрөө гаргаж байсан гэвэл итгэх хүн цөөн. Одоо бид итгэхгүй ч, порно жүжигчид тэгэхэд Холливудын жүжигчдээс дутахааргүй нэр хүндтэй байсан юм. Лассе Брауны Sensations, Макс Пекасын Dictionary of Sex зэрэг “Х ангилалын порно кино Нью-Йоркийн кино наадмын үеэр олны хүртээл болж байсан гээд бод л доо. Порно урлаг үнэхээр цэцэглэн мандаж байлаа. Харамсалтай нь, Линда сайн дураараа, Жон Холмес хар тамхинд донтож, бэлгийн чалх нь муудан энэ бизнесээс шахагдсан шиг порно ертөнцийн алтан үе удаан үргэлжлээгүй юм.
1980-аад оны сүүлч гэхэд порно зах зээл эргэлтийн цэгтээ хүрлээ. Энэ үед видео хуурцаг эрчээ авч, порног зөвхөн кино театраас үздэг нь улирч, хүмүүс гэр гэррүүгээ дөрвөлжин хуурцаг тэврэн холхих боллоо. “Найруулагч, продюссерүүд нэг л мэдэхэд видео хуурцагны талаар ярьж эхэлсэн. Үүний ачаар тэд урьдынхаас хэд дахин илүү мөнгө олох болсон ч порно урлагийн сүнсээ гээсэн. Порно чик байхаа больсон” хэмээн The Other Hollywood сэтгүүлийн Жак Боулвэйр бичсэн байдаг. Хуурцагаа олныг, бас хурдан борлуулахын тулд порно кинон дахь секс зураглалыг чинээнд нь тултал нэмж, чанар, үйл явдал зэргийг холоо таягдсан юм. Хоёр дахь хөндлөнгийн шалтгаан нь ДОХ байсан. Порно киноны алтан үеийн алдартай ихэнх жүжигчин, жишээ нь Чак Винсент, Вэйд Никольс, Тони Тэйлор энэ өвчнөөрнас эцэслэсэн. Харамсалтай “хаан” Чак Трейнорыг ч бас энэ шуурга тойроогүй. Тэрбээр 1988 онд ДОХ-оос болж, 43 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Насанд хүрэгчдийн кино шүүмжлэгчдийн Алдрын гудамжинд Чакийн од одоо ч гялалзаж байдаг бөгөөд 2008 онд XBIZ порно кино бүтээгчдийн шагнал гардуулах ёслолоос “хаан”-д хүндэтгэл үзүүлж lifetime achievement, шагналаа олгосон.
Харин “хатан хаан” Линда Лавлейс Чакаас зугатаж, порно бизнесээс бүрмөсөн холбоогоо тасалсан. Тэрбээр удалгүй феминистүүдтэй нэгдэж амьдралынхаа сүүлч хүртэл анти-порно хөдөлгөөний идэвхтэй гишүүн болсон юм. 1980 онд тэрбээр Ordeal нэртэй дурсамж номоо хэвлүүлсэн нь олон сая хувь борлогдсон бөгөөд энд порно бизнесийн бүхий л булхайг, тэр дундаа Чак Трейнорын атганд өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тухай голлон бичсэн байдаг. Мөн “Эмэгтэйчүүд порнографийн эсрэг” нийгэмлэг байгуулан идэвхитэй ажиллаж, 1986 онд Out of Bondage хоёр дахь дурсамжаа хэвлүүлсэн нь ч ихээхэн амжилт олсон юм. Тэр 2002 оны дөрөвдүгээр сарын 22-нд 53 насандаа амьсгал хураасан билээ. Саяхан буюу өнгөрсөн наймдугаар сард түүний амьдралаас сэдэвлэсэн Lovelace хэмээх кино нээлтээ хийсэн бөгөөд залуу жүжигчин Аманда Сэйфрид Линда Лавлейсийн дүрийг бүтээсэн байсан.
Ганцхан кино, 16-хан хоногт бүтээсэн бүхнийх нь дуулиан шуугиан өнөөдрийг хүртэл тасраагүй байтал амьдралынхаа сүүлийн мөч хүртэл  тэр порно киноны эсрэг тэмцэл өрнүүлсэн түүх нь парадокс түүх. Порно ч бас ийм л зүйл.  

No comments:

Post a Comment