Цахар хүү Дэлэхэй Өвөрмонголын хөдөө өссөн учраас багаасаа нутгийнхаа дуу хуурыг сонсож өсчээ. Ижий, аав нь ч дууч хүмүүс байж. Харин дуучин болохоор шулуудсаныхаа дараа Монгол туургатны бусад дуу хуурыг шимтэн сонирхож, аяыг нь сурч, үгийг нь цээжилж өссөн гэнэ. “Хэл, хэллэгийн багахан ялгаатай ч монгол ардын дуу Халимагт ч, Буриадад ч, манай Өвөрмонголд ч ижилхэн, сэтгэлд ойрхон байдаг. Хэрэв хүн дуунд донтдог бол би монгол туургатны олон янзын дуу хуурт үнэхээр донтсон. Тийм учраас би энд өөрийн нутгийнхаас гадна буриад дуу дуулахаар зэхсэн” хэмээн ярив. Морин хуур, хуучир, доомбор, арьсан бөмбөр, лимбээ зэхэн тайзнаа гарахад танхимд суусан хүмүүс алмайрсан. Тэр энэ бүх зэмсгийг ганцаараа тоглон, дуугаа сонирхуулсан юм.
“Монгол дуу хуураа сонсох сайхан шүү. Баялаг соёлын бахархал нь энэ” гэж Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвийн ажилтан Ч.Энхбат хэлж байна. Тэр тахилгад 15 жил дараалан ирж буй. Ёслолын дараа бид уулзах үеэр “Эндхийн (АНУ-ын) бүх үндэстэн өөрийн гэсэн онцлогтой, харахад илт байдаг. Манай монголчуудыг энд яаж таньдаг гээч. Бие биенээ үгүйсгэж л байвал тэр монгол хүн байдаг” хэмээгээд инээв. Оргүй ч үг бас биш байх гэж бодлоо. Манайхан нутаг, хошуу, үндэс, ясаараа талцах “дуртай”. “Хаа газар янз бүрийн үзэл бодолтой хүмүүс бий. Гэхдээ тэр үнэхээр монгол л бол Чингис хааны суу алдрын өмнө бөхийж, нэгдэж чаддаг. Энэ бол бидний оюун санаа, сэтгэл зүрхний холбоос. Тийм учраас би жил бүр энэ ёслолд ирэхдээ дуртай байдаг юм” гэлээ. Түүний ажиллуулдаг Өмнөд Монголын хүний эрхийн төв энд маш их нэр хүндтэй. Цагаан ордныхон, НҮБ-ын ажилтнуудтай тэд шууд л харилцдаг. “Guardian”, “Washington post”, “Reuters”, BBC зэрэг мэдээллийн агентлаг эндээс мэдээ солилцож, хамтран ажилладаг юм билээ. Өвөрмонголд хүний эрх зөрчсөн бүх мэдээлэл энэ байгууллагаар дамжиж дэлхийн нийтийн хүртээл болдог аж.
“Тува, Өвөрмонгол, Хазара, Буриад, Халимаг бол Монгол Улсын биеийн нэг хэсэг. Энэ бие бүрдэж, нэгэн цул болсон цагт бид дахиад хүчирхэг гүрэн болно. Дэлхий даяарчлагдаж, “хавтгай” болж байгаа тухай хаа сайгүй л ярьдаг. Үүнийг би буруу гэж боддог. Харин ч улс гүрэн бүр өөр өөрийн онцлогоороо ондоошиж байвал сайн. Монгол Улс “Би хэн бэ” гэх асуултын өмнө ирсэн гэж би бодож байна. Сүүлийн үед их гүрнүүдийн улс төрийн хавчлага илт мэдрэгдэх болсон учраас тэр байх. Өөрөөсөө энэ асуултыг асууж, яавал би бүрэн болох вэ гэдгээ эрэлхийлж байна” хэмээн тэрбээр ярилаа. Түүний аав багш, бас их хатуу хүн байж. “Аав биднийг монгол гэдгээрээ зөвхөн бахархаад зогсохгүй, Монголоо мэддэг байлгахын тулд их зүйл хийсэн. Жишээ нь, монголоор бичихдээ нэг л үсэг алдсан бол бүхнийг дахиад эхнээс нь бичүүлдэг байсан. “Хагас дутуу монгол” байж болохгүйг тэгэхэд ойлгож байлаа. Дунд сургуульд байхдаа ахаасаа “Тунгалаг Тамир”- ыг авч уншсанаа би хэзээ ч мартддаггүй. Би бүр гурван ч удаа уншсан” хэмээн догдлон ярьсан. Ухамсарт амьдралынхаа нэгээхэн хэсгийг Өвөрмонголчуудын төлөө зориулж яваа түүнээс “Таны өнөөдрийг хүртэл хийж буй ажлын эцсийн зорилго нь юу вэ. Яавал та “Одоо л нэг боллоо” гэж уужуу амьсгаа аваад, энэхүү тэмцлээ зогсоох бол?” хэмээн асуухад тэр хэсэг зуур бодолхийлснээ “Би өвөрмонголчуудынхаа оюун санааг бэлдэхийн тулд энэ бүхнийг хийж байна. Миний туйлын зорилго хоёр Монголыг нэгтгэх, эсвэл тэмцэлд уриалах биш. Хэрвээ энэ бүхний үнэ цэнийг мэдээгүй, хангалттай мэдээлэлжиж, оюун санаандаа тултал мэдрээг үй бол ямар ч тэмцэл зорилгодоо хүрэхгүй. Юунд түрүүнд улс төрийн биш, оюун санааны тусгаар тогтнолд хүрэх нь чухал. Монголчууд бие биенээ ойлгож, хүлээн зөвшөөрсөн тэр цагт л би уужуу амьсгаа авна даа” гэж хэлээд над руу инээмсэглэн харав. Хэдийгээр түүний зорилго биелэх болоогүй ч үргэлж бодож явдаг, сэтгэлийн үгээ уудалсандаа тэр баяртай байв.
Өнгөрсөн хавар Өвөрмонголд болдог Чингисийн тахилгыг нүдээр үзсэнтэй харьцуулбал Нью Жерсид болж буй энэ ёслол өөр, хэтэрхий жижигхэн ч байж мэднэ. Гэвч үүний утга агуулга тэр том ёслолоос дутах юм ер үгүй. Хүний газар ажиллаж, амьдарч байгаа элэг нэгтнүүд уулзан танилцаж, мэдээлэл солилцохоос гадна монгол хүн болж төрснөөрөө бахархана. “Америк дахь Чингисийн тахилга эндхийн Цагаан сар л гэсэн үг. Мөд уулзаагүй хүмүүс уулзаж, мэнд мэдэлцдэг болохоор тэр” хэмээн Монголын өв соёлын сангийн тэргүүн Д.Бямбахүү ярьсан. Тэрбээр энэ ёслолыг гурав дахь жилдээ зохион байгуулалцаж, хөтөлж буй юм. Энд арав гаруй жил ажиллахдаа ганц хүнд ахадсан гэмээр олон зүйл амжуулдгийнх нь огтолцох цэг нь ерөөсөө л Монгол байдаг. Америкт Монголтой холбоотой бүхий л арга хэмжээнд оролцож, зохион байгуулдаг нь бахархмаар. Тиймдээ ч энэ удаагийн ёслолд АНУ-ын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс дунд түүнийг танихгүй хүн тун цөөн. Бүгд л мэнд мэдэн, яриа дэлгэж байснаас нь анзаарсан хэрэг.
“Чингисийн тахилгад оролцож буй хүм үүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаад баяртай байдаг” хэмээн ярих тэрбээр “Монгол хүн болж төрснийх, үүнээс илүү баяртай байна гэж үгүй. Дэлхийгээр нэг тархсан монгол туургатнуудын төлөөлөл Америкт уулзаж, эзэн хаанаа гэх сэтгэлээр нэгдэн, тахилга зохион байгуулж, үүнд нь гар бие оролцоно гэдэг миний хувьд юу юунаас эрхэм” гэлээ. Түүний ажиллуулдаг Монголын өв соёлын сангийн байранд очиход ханаараа дүүрэн Монголын болон Чингис хааны зураг хадаж, манай улсын түүх, соёлын холбогдолтой ном, сэтгүүл тэвхийтэл хураасан нь бахдал төрүүлнэ. “Зарим хүн шоолж магадгүй л дээ. Гэхдээ Монголын зурагтай чихрийн цаас ч тааралдсан би авч хадгалдаг. Хүний нутагт олон жил амьдраад, эх орноо санаад эхлэхээр хүн өөрийн эрхгүй ийм болдог” хэмээн тэрбээр ярив. Монголоо санасан үедээ тэр ойролцоох амьтны хүрээлэн рүү очиж хонь, ямаа, тэмээ үзэнгээ аргал, хорголыг нь үнэртдэг гэсэн. Ингэж тэр эх орноо санасан сэтгэлээ амраадаг аж.
Тэрбээр сангийнхаа үйл ажиллагааг явуулахаас гадна Хазара, Өвөрмонгол, Буриадын хүний эрхийн хөдөлгөөнд оролцоно. Өнгөрсөн жил дэлхий дахинд шуугиан тарьсан Тарбозавр Батаарын хэргийн шүүх хурлын үеэр бусдыгаа урилан тэмцэж байснаа ч мөн ярив. Америкийн Монгол сургуульд соёлын хичээл заадаг байсан Монголын хөдөөгийн хүүхдүүд рүү ном явуулах аян өрнүүлж, 10000 орчмыг цуглуулаад буйгаа хэлсэн. Биед нь багтамг үй шахам эх оронч сэтгэл мэдрэгдэх түүн шиг хүмүүстэй Нью-Йоркт цөөнгүй таарсан. Ч.Энхбатын хэлсэн үгийн цаад учрыг ч сая ухаарав. Монголчууд олуулаа болох ёстой гэж бид ярьдаг, Монгол туургатнууд нэгдэх ёстой хэмээн тэд маань ярьдаг. Үнэндээ энэ санаан зоргоор бүтэх амар зүйл бишийг бидний хэн хэн маань ч мэднэ. Гэвч эхлээд оюун санаагаа раа, сэтгэлээрээ нэгдэж, ойлгосон бол энэ хэцүү биш. Бүр ёсоор болохгүй байлаа ч зовлон болохгүй байх. Монгол бичгээ хээ угалзын түвшинд хэрэглэж, эзэн Чингисээ дурдахын төдий л мэддэг, хүндэлдэг бол хэрэг тус юун.
Чингисийн тахилгын дараа тал талаас ирсэн монгол туургатнууд нэгдэн, тойрон бүжиг хийв. Гар гараасаа барин хатирч нэг, биелэж нэг үзэв. Танхимаар нэг монгол дуу, Монголоо гэсэн сэтгэл цуурайтаж Нью Жерсид өнгөрүүлсэн нэгэн өдрийн ард гарав. Дараа жил энд заавал очихсон. Дахиад энэ хүмүүстэй уулзаж, тэдний халуун дулаан үгийг сонсохсон. Монгол хүн байна гэдэг нэг хэрэг. Чингис хааны үр сад гэж цээжээ дэлдэх ч бас өөр хэрэг. Гэвч Монгол гэдгээ сэтгэл зүрхээрээ мэдрэх л хамгийн үнэн, хамгийн сайхан.
“Салхи биднийг хөтөлнө” цуврал сурвалжлагын маань нэгэн хэсэг ийн хөврөв. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрсөлд өн тэмцсээр. Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдаж байна. Яг л хүчит салхинд өөрийн эрхг үй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгс өж явна. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх шинэ цагийн нүүдлийг өртөөлж, шинэ сорилтыг нүдээр үзэхээр мэрийсэн дараачийн сурвалжлагаар дахин уулзъя.
No comments:
Post a Comment